Цагаа түлхэж, цаг нөхнө!

“Поп”-ын салхинд туугдагсад

Хоржоонтой зохиолч, Финн эр Марти Ларни-гийн “Цаг бол алт гэж америкчууд ярих юм. Хараад байхад эдэнд цаг нь байна, алт нь алга” хэмээх афоризмыг цээжлээд капиталист ертөнцийг шоолж явсан үе ард хоцорчээ. Цагийг алт доллар болгохоо байг гэхэд ядахнаа төгрөг болгож сураад байтал Ковидын гай нөмрөөд хоёр дахь жилдээ орж байна. 

          Популизмын аянганд эдийн засгаа хэмх ниргүүлж яваа ч гэсэн бид хэрдээ хөөрхөн баялаг бүтээжээ. Хагас хорионд өнгөрөөсөн хоёр жилд бүүр ягдахдаа тулаагүйг бодоход хувь хүмүүс ч , улс нь ч хэрдээ л жаахан хурааж хумьсан юмтай байж. Хувийн хэвшилтэй болсны л гавъяа л даа. Эрдэнэтийн орлогоор нийслэлийнхний эрчим хүч, дулааны үнийг хагас жил гаруй хугацаанд чөлөөлсөн Засгийг магтаж байна. Үнэндээ бол Эрдэнэтийн 49 хувийг эх орондоо авчраад, төрдөө булаалгасан хувийн хэвшлийнхний л буян юм даа. Тэгээгүй бол Оросууд өөрийн хөрөнгө, орлогоо бидэнтэй зүгээр хуваалцаад суухыг нэг их хүснэ гэж үү?

         Та нарын санаанд“Тунгалаг тамир” киноны хэсэг, Итгэлтийн хураагдсан малаас авч “баяжаад” гурван үеэрээ үзээгүй юмаа үзэж, тогоо нэрэн архи зооглож суугаа Ням өвгөн бодогдож байна уу? Засгийн төлөөлөгч Эрдэнээ болохоор “Ардын засаг л танд өгч байгаа юм” гэж сурталчлаад, бас ч гэж хүн чанарын үлдэнгэртэй Ням өвгөн “Тийм нь тийм, гэхдээ л Итгэлтийн маань буян” гэж зөрүүдлээд сууж байдаг даа. Харин Итгэлтийн зарц явсан Галсан болохоор согтуу ирж агсам тавиад “Бодоод байхнээ, чи намайг дарлаж байсан байна” гээд шалчигнадаг.

    Тэр ардын засаг нь бол хэдэн өдрийн өмнө 100 жилийн ойгоо хийсэн энэ ардын засаг мөн. За бас бид нар өөрснөө хоёрдугаар ээлжийн Ням, Галсан нар мөн. Тийм учраас л шинэ Итгэлт нь Тамирын голыг мөсийг долоох шахаж олсон жаахан юмаа Засагтаа булаалгаж тараалгасаар яваа нь энэ болой. Монгол төрийг зээлж тараахаас гадна булааж тараах юмтай болгосон 30 жил!

    Хувийнхнаас хураасан, булаасан юмаа тарааж, олны хөлийг (бизнесийг) хумисаар Ковидын тахалыг нэг хэсэгтээ барьсан юм. Гэвч цаана нь алтаар үнэлэгдэх цаг хугацаагаа карантийнд булаалгасан хувийн хэвшлийнхэн хүчтэй шаардлага тавьж эхэлсэн. Нээлттэй нийгэмд төрдөө зааж зааварлах иргэд мундах биш. Тэр тусмаа, түүхэндээ анх удаа улстөрийн шийдвэрт нөлөөлөх чадамжтайгаа ухаарсан нүүдэлчид бүр гаажтай. Бид сонгуулийн өдөр хэн "их юм зүгээр өгнө" гэж амласанд нь саналаа өгчихөөд, үлдсэн хугацаанд “төрөө өөрснөө барих”  маягтай л явж ирлээ. Эсрэгээрээ байх учиртайг хэлээд ч яалаа, байлаа ч яалаа.

      Иймээс, олныг бужигнуулсан санаа бодлыг харж,олон түмний хуйлралыг өөр лүүгээ эргүүлэхийг улс төрчид бас хичээлээ. Популизм ялсан оронд өөр яах ч билээ. Ингээд, “нэг сайн хорьж аваад шинжилгээ авах ёстой” хэмээсэн том хуйлралыг дагаж нэг үзээд, “одоо бүгдийг суллах хэрэгтэй” гэсэн нөгөө нэг хуйлралыг дагуулан онц байдлынхаа дэглэмийг буурууллаа. Ер нь бол, харинтийн буруудвал түүнийг шаардагсад амаа хамхих, хориогоо цуцалсан нь буруудвал, түүнийг шаардагсад байгаагүй юм шиг арилах байсан. Яг л тэрчлэн болов. “поп-ын салхинд туугдагсад” болсон Засаглалын сүүдэртэй тал. Өнөөдөр, халдварын дэгдэлт, вакцинжуулалт хоёр зэрэгцэн уралдаж байна. 

    Дээр өгүүлсэнчлэн, хөл хориогоо цуцлахыг шаардагсад дуугаа хурааж, карантийнаа илүү удаан үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байсан хэсэг амилан давалгаалж эхэлсэн харагдана. Эцсийн дүндээ, мэргэн ардуудын хэн нь ч хариуцлага хүлээхгүй, хүлээдэг хүн болох гэж сүржигнээд ч тэгэх үндэс байхгүй. Засгийн газар л бүхнийг үүрнэ. Та нарынхаа шаардлагыг биелүүлж яваад ийм болчихлоо гэж гонгинох эрх тэдэнд үгүй. Уг нь ард түмний саналаар сонгогдсон төр, түүний байгуулсан Засгийн газрын санал шийдэл бол ард түмний санал өөрөө юм шүү дээ. 

   Төрийн ямар ч сайхан шийдвэрт иргэдийн 10-25 хүртэл хувь нь сэтгэл сэтгэл дундуур үлддэг гэдгийг судлаачид хэлдэг. Ухаандаа, хулгайг таслах, худал хэлэхийг болиулах шийдвэр засгаас гаргаж байна гэж бодъё. Тэгвэл хулгай хийчихээд баригдахаас айж суугаа, яг энэ мөчид “эс өгснийг авах үйл” бүтээж байгаа болон одоохондоо гар хумхиастай боловч дэл сул юм харагдвал дэлсчихээс сийхгүй хэсэг дургүйцэж л л таарна. Тэд нийлэхэд хүн амын 20 байтугаа хувьд дөхөх буйзаа. Худал хэлэхийн тухайд бол манай улс төрчдийн амны хишгийг арчсан шийдвэр болох тул төсөл хэвээрээ үлдэх байх. Гэвч тэдний хэн нь ч “Миний эрх ашгийг хөндөж байгаа тул ийм хууль хэрэггүй” гэж хэлэхгүй, түүний оронд ямар нэг эх оронсог, шударгасаг гаргалгаа сэднэ. Хууль нь зөвдүү боловч санаачлагч нь хужаагийн эрлийз гээд дайрдаг ч юм уу? Ер нь галзуу хүн, хүүхэд хоёр л үнэнээ шууд хэлдэг гэдэг дээ. Манай хулгайч, худалч нарын ихэнх нь насанд хүрсэн төдийгүй, ухаан санаа маш эрүүл байдаг онцлогтой.

Цагаа түлхэх вакцина

    Бид хоёр жил бизнесийн цагаа алдлаа. Бас Ковидоо ч алдлаа. Вакцинжуулалт бол “Ковид-19” цар тахлаас хүнээ аврах ганц аврал, найдвар.Тэгвэл алдагдсан цаг хугацаагаа яаж нөхөж, эдийн засгаа хэрхэн аврах вэ? Хэрхэн, бизнесийн салбарт өөрөө, өөрийгөө нөхөн төлжүүлэх бололцоо олгох вэ? 

 Цар тахлаар амиа алдахгүй байх баталгаа нь хүний биеийн дархлаа байдаг. Харин эдийн засаг дампуурахгүйн баталгаа нь бизнес өөрөө өөрийгөө нөхөн хөгжих бололцоо, бүтээмжийн өсөлт нь юм. Хөнгөлттэй зээл зэрэг нь ийм дархлаа бий болоход хэрэгтэй зүйлс болохоос дархлаа нь өөрөө биш. Гэхдээ, хүний бүтээмж бололцоог нэмэх нэгэн аргыг бид мэдэхгүй биш мэднэ. Тэр нь яг юу вэ?

 Хэдхэн хоногийн дараа, бидний зарим комьютер “алдаа” зааж явсан мөчлөг эхэлнэ. Ялангуяа, баруунаас авчраад нарийн тохиргоо хийгээгүй гар утас гэнэтхэн огноогоо буруу заагаад, нэг цагаар түрүүлээд унадаг байсан тэр явдлыг дурсаж байна. Манайхан үүнийг “цаг урагшлуулах” гэдэг бол англи хэлтнүүд “Өдрийн(нарны) гэрлийг аригласан цагийн хуваарь” (Daylight Saving Time) гэх маягтай хэлдэг.

 ХХ зуунд иргэншин Монголчууд өрнөдийн “Өдрийн гэрлийг аригласан цагийн хуваарь”-т эрт оржээ. ХХ зууны дунд үеэс БНМАУ-д ажил, сургууль эхлэх хугацааг хаварт нэг цагаар урагшлуулаад, намар нь буцаадаг байв. Өглөө 9.00-д ажил эхэлж байсныг урагшлуулан 8.00 болгох маягаар. Энэ нь монголчуудын хувьд цоо шинэ зүйл биш байлаа. Учир нь байгалийн цагаар амьдарч сурсан нүүдэлчид нар мандах жаргахаар баримжаалан цагаа зохицуулж ирсэн юм. Зун эрт босч, ажил үйлсээ эхлүүлнэ. Өвлийн "цаг"-аа мартаж чадахгүй унтаж байгаа нэгнээ “Үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрдэг” хэмээн ёжлон, хочилно. 

 Сүүлдээ 1980-аад оноос хагас жилийн турш “Зуны цагийн хуваарь”-т шилжих болсон нь “цагийн хуваарь өөрчлөн” бичиж хадах түвэгтэй ажлаас чөлөөлөв. Ажил, сургууль 9.00 цагтаа эхлэх боловч нэг цагаар эрт болж таарна. 

   Харин ардчиллын гучаад жилд энэ шилжилт алаг цоог байсан. Нэг ерөнхий сайд нь “зуны тоолол”-д шилжихэд дараагийнх нь гарч ирээд цуцалж, өвлийн горимоороо зусах шийдвэр гаргана. Өмнөх этгээдийнхээ алдааг засч байгаа хэрэг л дээ. Нэг удаа, говь нутгийн нэг малчны бие “зуны цагийн хуваарь”-т шилжснээс бол муудсан гэдэг ч билүү.Үнэхээр л “зуны цагийн хуваарь”-аас болоод бие нь муудсан бол малчин биш. Мянга мянган жил нарны цагаар явсан монгол хүний бие харин ч эсрэгээрээ,зуны цагт өвлийнх шигээ орой босоод байвал нозоорч өвчлөх магадлалтай. Хэрвээ тэр хүн малчин гэдэг нь үнэн бол нарны тусгал эрс өөрчлөгддөггүй Эквадор хавиас Монголд ирээд амьдарч байсан гадаадын харъяат болж таарна.

    Зуны цагийн хуваарьт шилжснээр, орой эрт ажил тарж, чөлөөт цаг нэмэгддэг гэдэг нь асуудлын зөвхөн нэг тал нь юм. Хамгийн гол нь үүр цайхаас, нар мандахын хооронд сэргэдэг өдрийн амьдралтай ухаант хүн-Хомосапиенсийн ой ухаан, биеийн хүч чадлын хамгийн сэргэг үе өглөө таардаг. Монголчуудч үүнийг ажиглаж мэдсэн тул “эрт босвол нэгийг үзнэ”, “өөдлөхөд санах сэрэх, уруудахад унтах идэх”, “Болжмор мэт эрт сэрж, адуу мэт орой унтаж яв” гэхчлэн сургасаар иржээ. Эрт боссноор малчин хүний ажлын цаг уртсахдаа биш, хамгийн сэргэг бүтээмжтэй үеэ ашиглахдаа юм. Хүний хамгийн өндөр бүтээмжтэй үеийг ашиглах боломжийг зуны цагийн хуваарь олгодог гэсэн үг. 

    Иймээс, цар тахлын үед алдагдсан боломжийг нөхөх, эдийн засагт өөрөө өөрийгөө төлжүүлэн сэргэх бололцоо олгох нэг “бяцхан” зам бол зуны цагийн хуваарьт шилжих явдал мөн санагдана.Хүн илүү эрчимтэй ажиллах оргил цагийг ашиглах замаар бүтээмжийг нэмэгдүүлж баймаажин улс орны амьдрал хэвийн хэмнэлдээ хурдан орно. Энэ бол эдийн засагтаа хийх хамгийн сайн, бас хамгийн амархан вакцин байх болно. Ер нь “...өдрөөс...өдөрт шилжих 0 цагт, улсын цаг давтамжийн албанаас өгөх тусгай дохиогоор... нэг цагаар урагшлуулсугай!” гэсэн хэдхэн үгтэй тогтоол гаргаад л туйлдсан эдийн засагтаа хөөрхөн вакцин хийх боломж тийм ч олон байдаг юм уу, үгүй ч юм уу? Зөв юм дандаа хэцүү байдаггүй юм шүү, Ерөнхий сайд аа.

   Олон түмэн ч харинтийнд хэвтсээр байгаад өглөөжин унтахаас бүрэн залхсан, хэн нэг нь ирээд эртхэн босгоод ажилд хөөгөөд өгөөсэй гэх хүслэнд автсан үе таарч байгааг ч хэлэх үү?

  Дашрамд тэмдэглэхэд, өвлийн богино өдөрт таарсан цагийн хуваарьтайгаа зусах нь нэхий дээлнээсээ жилийн турш салахгүй нозоорч амьдрахын нэгэн адил хөдөлмөрийн бүтээмжийг бууруулах нөлөөтэй байх магадтай юм аа.

2021.03.17