Цахилгаангүй хөгжил гэж байхгүй. Монголын хүн амын 15 хувь нь цахилгаангүй, 70 хувь нь модон жорлонтой, гуравны нэг нь ядуу амьдарч байна.

Суурь шалтгааны нэг нь эрчим хүч хүрэлцээгүй, нийлүүлэлт найдваргүй байгаа явдал. Энэ тухайгаа монголын нийгэм нухацтай хэлэлцэж, өөрчлөхийн оронд улс төрчдийг даган хөөрч, тэдний хоосон амлалтанд хууртаж, сонгуулиас сонгуулийн хооронд талцан маргалдсаар 20 жилийг барав.

Манай улс нүүрс, нар, салхи зэрэг эрчим хүчний асар их нөөцтэй атлаа, хүн амаа эрчим хүчээр бүрэн найдвартай хангаж чадахгүй байж, Ази тивийг хангана гэж “хошгируулах” болсны цаана эрчмээ алдсан эрчим хүчний бодлого нуугдаж байна.

Эрчим хүчний нийлүүлэлт ба тариф

Эрчим хүчний салбар ийм байх нь төр засагт ашигтай, түмэн олонд хортой болохыг шинэ зуунтай уралдан энэ салбарыг хагас “задалснаас” (unbundling гэх) хойших үйл явдал харуулж байна. Нэгдсэн босоо удирдлагатай эрчим хүчний салбарыг задлан, олон улсын жишгээр эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх шатлалаар нь салгаж, тус тусад нь төрийн өмчийн хувьцаат компани болгов. Эрчим хүчний тухай хуулиа 2001 онд шинэчлэн Эрчим хүчний зохицуулах газар байгуулж, 10 жилийн дараа дахин өөрчилж энэ газрыг Эрчим хүчний зохицуулах хороо болгов. Хорооны үндсэн зорилго нь эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн тарифыг хянаж батлах, тэдний эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөл бүрдүүлэхэд орших аж. Тэгвэл яагаад 20 жилийн дараа энэ салбар хоцрогдсон, алдагдалтай, ямар ч өгөөжгүй, эзэнгүй айл шиг болчихов оо?

cce6384d32f8301f622a71dcecd083b5.pngМУ өнгөрсөн жилийн байдлаар 8.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэжээ. Хэрэглээний 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 20 хувийг гаднаас авлаа. Өөрийн нөөц байхгүй. Цахилгаан эрчим хүчний 5 станцын нас нь 32-57 жил, цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээний нас нь 30-60 жил болсон ч өвлийн оргил ачааллын үед бүгдийг нь бүрэн чадлаар нь “зүтгүүлж” байна.

1e352605882c946918ef95509d091dbe.png

Засгийн газар цахилгаан, дулааны станц, нүүрсний уурхайн хүчин чадлыг л нэмэхийг хичээхээс, үр ашгийг нь тоохоо ч больсон учраас өчүүхэн осол гарахад Монгол улсын 52,166 аж ахуйн нэгж, 633,071 айл өрх харанхуй болох, эсвэл хөлдөх эрсдэл тулгараад байна.

d891a70189a1fc28e7a8beded06479ce.png

Ийм байдалд хүргэсэн гол шалтгаан бол бодит бус үнэ, тариф. Цахилгаан эрчим хүчний үнэ өртгөөсөө 22 хувиар (дунджаар), дулааны үнэ өртгөөсөө 2-3 дахин доогуур байна. Айл өрхөд цахилгааны үнэ өртгөөс 0.32-3.0 дахин доогуур, өнгөрсөн жилд л гэхэд 62.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Цахилгаан, дулааны өвлийн төлбөр өрхийн орлогын 15 хувь 2005 онд байсан бол 2018 онд 6.2 хувь болжээ. Өнөөдөр дөрвөн хүнтэй айлын нэг хүн өдөрт цахилгаандаа 302 төгрөг төлдөг бол автобусаар нэг зорчиход 500 төгрөг, гар утсандаа 820 төгрөг төлж байна. Аж ахуйн нэгжүүд бусад оронтой харьцуулахад цахилгаандаа 4 дахин бага төлбөр төлж байна.

bd279108449b26de926f20b6c921eb2e.png


Бодит зардлаасаа ийм доогуур төлбөртэй олон жил явж ирсэн учир эрчим хүчний үйлдвэр, нүүрсний уурхайнуудын хооронд өр төлбөр үүсч, аль аль нь цаг үеэсээ хоцрогдож, хөрөнгө оруулалт, сэлбэг хэрэгслээ цагтаа базааж чадахгүй болжээ. Багануурын нүүрсний уурхай 2017 оны 3-р улирлын байдлаар 142 тэрбум төгрөгийн өртэй, 8.9 тэрбум төгрөгийн авлагатай байлаа. Шивээ-Овоогийн нүүрсний уурхай 103 тэрбум төгрөгийн өртэй, 5.8 тэрбум төгрөгийн авлагатай байв. Саяхан хоёулаа алдагдлыг төсвөөс хурдан төлөөчээ, өвлийн бэлтгэлээ хангамаар байна гээд Засгийн газраас гуйж сууна. Энэ салбарт ашгийн тухай ярьдаггүй учир, зөвхөн зардлаа өсгөх сонирхол ноёлож байна.

Одоо ДЦС-4-т 1500 хүн ажиллаж байна. Төсөөтэй хүчин чадалтай барууны компани 10 дахин бага хүнтэй. Ядаж байхад “Багануур” ХК-ийн уурхайн лицензийг “Алтайн гянт” ХХК-д 2012 онд “өгчихсөн”-ийг саяхан “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэв. “Алтайн гянт” нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг нийтийн мөнгөөр зувчуулсан “Mongolian Copper Corporation”-ийн харьяа “Монголын нүүрс” компанийн эзэн Ц.Пүрэвтүвшингийнх байжээ.

Үнийг чөлөөлж, хувьцааг нь борлуулах шаардлага

Энэ салбарыг эрсдлээс сэргийлэх, хүн амын эрчим хүчний хэрэгцээ шаардлагыг бүрэн, баталгаатай хангахын тулд бүтцийн босоогоос гадна хэвтээ задаргаа явуулах хэрэгтэй байна. Үүнд эрчим хүчний үйлдвэрлэлийн олон шинэ нийлүүлэгч, түгээгчтэй болох, дамжуулах компанидаа хөрөнгө оруулалт хийж, хүч чадлыг нь нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах шаардлагатай байна.

Тэгэхийн тулд юуны өмнө нүүрсний уурхай, цахилгаан станцуудын үйл ажиллагааг ашгаар нь хэмжих, үнийг зардлаа хасаад 10 хувийн ашигтай байхаар наад зах нь тооцох шаардлагатай. Мөн бүх компанийн хувьцааны 51 хувийг хөрөнгийн бирж дээр борлуулах, тэгэхдээ нэг эзэмшигч таваас илүү хувийг авахгүй байхаар зохицуулвал зардлын хяналтын тогтолцоо бүрдэнэ.

Зөвхөн ашигтай салбарт л хөрөнгө оруулагчид, шинэ тоглогчид орж ирдэг. Одоогоор шинэ станц байгуулах олон зөвшөөрөл байгаа ч, Оюу Толгой компанийн Таван толгойн станцаас бусад нь хэрэгжих боломжгүй аж. Тод жишээ нь, 20 жил ярьж, 10 удаа шавыг нь тавиад алга болсон 5-р цахилгаан станц. Хөрөнгө оруулагч нь, хөрөнгө нь бэлэн төсөлд төр засгийн түшмэд, тэдний холбоотой компаниуд оролцох гэж засаг солигдох бүрт намууд хоорондоо талцан байлдсаар энэ төсөл замхарсан.

Гашуун туршлагаасаа суралцаж, зах зээлийн үнэлгээнд шилжүүлж, эрчим хүчний салбараа, эдийн засгаа эрчимжүүлцгээе.

2019.10.16