Анархистуудын балгаар Монголын ардчилал ч онц байдалд орлоо
Монголчууд бид 1990 онд бүхэл бүтэн нийгмийн шилжилт хийхдээ ганц цонхны шил хагалаагүй ард түмэн.
Хамгийн харамсалтай нь энэ үйлдэлд АН шууд нэгдээгүй ч, ойлгомжгүй байр суурь, засгийн эрх барилцаж явсан 18 жилийн туршлагатайгаа үл дүйцэх ноён нуруу гаргаснаараа хүчирхийллийг улам дэвэргэлээ. Сонгуульд ялагдсандаа шаралхаж яваа иргэний хөдөлгөөн нэртэй сайн дурын уран сайханчдын босгосон хүчирхийллийн овоон дээр Монголын ардчиллын бэлэг тэмдэг болсон АН шаазгай болж суугаад 18 жилийн өмнө өөрсдийнхөө авчирсан ардчиллыг анархизмаар солиход үйлдлээрээ бус ч, үг хэлээрээ оролцлоо. Үнэхээр л АН-ын дарга Ц.Элбэгдоржийн хэлснээр Хонгорыг хордуулахад оролцсон гэх Дархан-Уулын Засаг дарга Д.Хаянхярваа Хонгорт зуун хувийн санал авсан нь үнэн л бол сонгуульд луйвар орсон байх сэжиг таамгийг нэмэгдүүлж байна. Уржигдрын жагсагчдын хувьд зөвхөн энэ удаагийн сонгуулийнх биш, давтан луйварт бухимдсан бухимдал тэсэрсэн ч байж болох. Тийм учраас АН болон жагсаал зохион байгуулсан, тэнд оролцсон хүмүүсийн улстөрийн тэмцлийг хүндэтгэж байна. Гэхдээ л ард түмэн бол сонгуульд ялагдсан нэгнийх нь уураа гаргаж, намын байр руу шиддэг чулуу биш. Төрийн цагдаа бол нүцгэн гараараа ялсан намын байрыг хамгаалдаг амьд бороохой ч биш билээ. Гэтэл ард түмний нэг хэсгээр “чулуу” хийн шидэлцэж байхад МАХН, АН-ын удирдлагууд хүчирхийллийг зогсоох талаар юу ч хийсэнгүй. 1990 онд олон нийтийн Төрийн ордон руу дайрсан эсэргүүцлийг С.Зориг, Ц.Элбэгдорж нар хориглож чадаж л байсан. 1998 онд С.Зоригийг алагдсаны маргааш хилэгнэсэн олон МАХН-ын байр руу дайрах гэхэд түүнийг Э.Бат-Үүл зогсоож чадаж л байв. Тэгвэл уржигдрын хувьд лидерийнхээ нэр хүндээр жагсагчдыг хязгаарлах үйлдлийг АН-ын дарга яагаад хийсэнгүй вэ. МАХН-ын байрны өмнөх хилэгнэлийг саармагжуулж чадах хүн бол уржигдрын хувьд С.Баяр биш, Ц.Элбэгдорж байлаа. МАХН-ын дарга яагаад Ерөнхий сайд байж тайван жагсаалыг хүчирхийлэл, гал түймэр болохоос нь өмнө тайвнаар дуусгахад төрийг ашигласангүй вэ. Тийм боломж нь уржигдрын хувьд Ц.Элбэгдоржид биш С.Баярт байсан баймаар. Гэтэл энэ өдөр МАХН-ын байрны өмнөх жагсаал битгий хэл Монголын төр бүхлээрээ эзгүй юм шиг л байв. Тэнд зөвхөн архи л бүгдийг захирлаа. Орой нь Ерөнхийлөгч онц байдал зарласан, бас л хожимдлоо. Ерөнхийлөгч энэ өдөр яагаад сонгуульд оролцсон нам, эвслийн удирдлагуудыг ширээний ард суулгаж, Үндсэн хуульд заасан эв нэгдлийг илэрхийлэгчийн үүргээ арай эртхэн гүйцэтгэсэнгүй вэ. Хожимдсон ч гэсэн онц байдлаар хүчирхийллийг намжаалаа. Гэхдээ онц байдалд эргэлзмээр зарим зүйл байна аа. МАХН-ын байрны өмнө болсон хүчирхийлэл бүхлээрээ, түүний шууд үр дүнгээрээ зарласан Онц байдал зарим талаараа Монголын ардчилалд аюул дуудлаа. Онц байдал нэрээр телевизүүдийг түр хаалаа. Энэ бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хязгаарласнаас ялгаагүй. Өнөөдөр ардчилсан Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг ганц телевиз төлөөлөхгүй. Хэвлэлийн эрх чөлөөгүй ардчилал гэж байдаггүй. Тийм учраас дөрөв хоногийн хугацаатай онц байдал нь Монгол Улс тийм хугацаагаар ардчилалгүй болж байгаатай л адил. Гэмт хэрэгтэн ч шүүхийн өмнө өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Жагсч үймээн самуун дэгдээж, эцэстээ баривчлагдсан тэдгээр хүмүүс хүчирхийлэл үйлдсэнээрээ буруутай. Ийм жишиг тогтоохгүйн тулд хуулийн хүрээнд хариуцлага тооцох ч ёстой. Гэхдээ тэдний улстөрийн тэмцлийн зорилго юуны төлөө байсныг олон нийтэд хүргэх чөлөөт хэвлэл дутаж байна.
Анархистуудын балгаар Монголын ардчилал үнэгүйдэх вий гэдэгт олон хүн санаа зовж байна. Ид жагсаалын үед сураггүй байсан атлаа тайван цагт гудамжаар хаа сайгүй эгнэх хуягт танк, зэвсэг агссан цэргүүдийн дүр зураг иргэдийг улам айдаст автуулж байгаа хандлага ч байна. Зарим талаараа ардчилалд тавьсан онц байдлыг далимдуулаад Киргиз, Казакстанд бараг нэг л өдөр ирсэн засаглалын шинэ хэлбэр цухалзах вий гэдэг түгшүүр бас нэгэн айдас нэмж байна.