СТАЛИН

Дэлхийн хамгийн том орон өглөө болгон түүний нэрийг дуудан сэрж байлаа. Энэ нэр өдөр бүр радиогоор сонстож, дуун нь цуурайтаж, сонины хуудсанд дурайна. Энэ нэрийг хамгийн аугаа шагнал болгож үйлдвэр, хамтрал, гудамж, хотод олгоно. Цэргүүд энэ нэрийг дуудан үхэлтэй тулалдана. Дайны үед Сталинград цусанд умбаж, хөрс нь эргэсэн ч түүний нэрээр нэрлэгдсэн хот дайсанд бууж өгөөгүй юм. Зохион байгуулсан улс төрийн аллагынх нь золиос болсон хүмүүс түүний нэрийг дуудсаар үхэж байв. Хорих лагериудын хэдэн сая хоригдлууд голыг эргүүлж, туйлд хот босгож байхдаа өчнөөн зуун мянгаараа үрэгдэж байлаа – тэд энэ бүхнээ түүний хөргийн дор бүтээсэн юм. Түүний хүрэл болон гантиг хөшөө аугаа уудам орны хаа сайгүй.

Өөрийнхөө амьдралыг төдийгүй улс орны бүхий л түүхийг тэрээр үл нэвтрэх нууц болгож хувиргасан. Хамтрагчдаа дараалан устгасаар тэдний түүхэн мөрийг арилгасан. Архив устгаж мөрийг нь баллах ажлыг тэр өөрөө гардан удирдсан. Төртэй холбоотой өчүүхэн зүйлийг ч тэрээр аугаа нууц болгож чадсан. Архивыг тэрээр хамгаалалттай цайз болгож дөнгөжээ.

Өдгөө хэдийгээр хуучны чанд нууц бичиг баримтыг үзэх эрх нээгдсэн боловч дахиад л... нууцын өмнө туллаа!

Үүнийг тэрээр урьдчилан харжээ.

УТТ -ы нууц протоколын заримаас:

1920 он: <Хамгийн хариуцлагатай асуудлаарх УТТ-ны шийдвэрийг албан протоколд үл тэмдэглэх>.

1923 он: <УТТ-ны түрүүчийн тогтоолыг нотлох нь: гарсан шийдвэрээс өөр зүйлийг УТТ-ны протоколд тэмдэглэж болохгүй>.

1924 он: <ТХ -ы нарийн бичгийн дарга нарын газрын ажилтны ажлыг намын онц нууц хэрэг хэмээн тооцсугай>.

1927 он: <Онц нууцлах ажлыг хангах талаар арга хэмжээ авсугай>. 

Сталиныг үхсэний дараагаас хүмүүсийн айдас тавирч эцэг нь гэж янз бүрийн нэр гаргаж ирсний дотор жүүд худалдаачин ч багтаж байв. Гэхдээ л ихэвчлэн Яков Эгнаташвилиг нэрлэнэ. Энэ эр бол дарсны худалдаачин, дажгүй зодоонч. Кэкэ тэднийд бас ажиллаж байж. Эгнаташвили Сосогийн сургалтын зардлыг төлж байсан нь зүгээргүй байх. Сталин түүнийг дурсаж ууган хүүдээ Яков гэж нэр өгсөн гэцгээх юм билээ... Би тэр булиа баатрын зургийг харсан. Яав ч, үлбэгэр Сосотой адилгүй... Мэдээж Бесо Тифлисээс буцаж ирээд энэ бүх хов живийг сонсож таараа. Тиймдээ ч хөөрхий муу Сосог тэгтэл нь зоддог байсан ч юм бил үү? Эхнэрээ ч үхтэл нь зодно. Сталин өсөж том болсон хойноо гүрж хүн гэсэндээ нэрээ алдсан эмэгтэйг жигшихгүй байж чадахгүй. Ийм л учраас эхийгээ Москвад ганц ч уриагүй, захидал ч бичдэггүй байсан.

Нэгэн домог шиг яриагаар бол Чавчавазе мань Сосогийн найргийн ирээдүйд ихээхэн найдлага тавьдаг байжээ. Тэр байтугай <Энэ замаараа л урагшлаад байна шүү, хүү минь> гэж захисан гэдэг. Энэ яриа зөвхөн домог төдий зүйл биш байж магадгүй. 1907 онд хэвлэгдсэн Гүржийн шилдэг яруу найраг түүвэрт Сосогийн хуучин шүлгүүдээс багтжээ.

Харин тэр үед манай найрагч шал өөр шүлгээр оролдож байлаа.

Шүлэг гэдэг бяцхан Сосогийн сүүлчийн <ачлал> байлаа.

Энэ үед түүний шинэ нэр буй болсон юм. Найрагчийн хувьд тэрээр утга зохиолын баатрын нэрийг илүүд үзжээ. Коба – бага насных нь дуртай зохиолын баатар. Үүнийг зохиолч Казбег бичсэн юм. Коба бол баячуулыг хайр найргүй тонон дээрэмддэг гүрж Робин Гүүд л юм даа. ŠОрос дахь ганц хувьсгалч болох дээрэмчдийн ертөнцтэй хувьсгалчид холбогдох ёстойš гэж Нечаев санамсаргүй хэлээгүй байхаа.

Түүний хамгийн дуртай зохиолын нэр их хачин: Эцгээ хөнөөгч. Зөв ч байж болох, тэр Эцгийнхээ эсрэг боссон. Тэр үед л сэтгэлдээ эцгээ хөнөөжээ.

Шашны семинарын гарамгай сурагч Сосо одоо хувьсгалч Коба боллоо. Энэ нэр олон жил түүний цорын ганц хоч байсан билээ.

Таммерфорсод тэрээр анх удаа Ленинтэй уулзав. Энэ тухайгаа хөөрхий Коба их л гэнэнээр дүрсэлсэн байдаг: 

Ленин миний сэтгэлд аугаа аваргаар төсөөлөгддөг байлаа. Ердийн л нэг хүн байсан нь намайг ямар их гайхуулсан гэж санана... Аугаа хүмүүс уулзалтад үргэлж хожигддог гэсэн ойлголт бий... яагаад гэхээр хүмүүс түүнийг хүлээнгээ сэтгэлийн хөөрлөө дарах ёстой баймаар...

Гэтэл Ленин яг болзсон цагтаа ирж <ердийн төлөөлөгчидтэй ердийн яриа өрнүүлжээ>.

Ленин Кобаг үнэхээр гайхшируулсан. Тэгсэн мөртөө өөрөө... <Хуралд Коба дандаа хожигдож орж ирдэг байсан> хэмээн хувьсгалч эмэгтэй Ф.Кнунянц бичиж үлдээжээ.

<Хуралд тэр огт үг хэлээгүй. Ер нь өөрийгөө харуулсан юу ч хийгээгүй> гэж Троцкий тодорхойлжээ. Харин Ленин мань хүнийг дараагийн хурал болох Стокхольмд урив. Түүгээр барахгүй <юу ч хийгээгүй> Кобаг Лондонд болох их хуралд ч дуудлаа.

Европын нийслэлүүдээр орсон нь найрагч агсны сэтгэлийг хөдөлгөсөнгүй, тиймээс ч энэ тухайгаа хожим ганц ч дурсаж байгаагүй. Парист анх очсоноо Троцкий Кобагийн өмнөөс дурссан нь: <Паристай сайтар танилцана гэвэл бөөн явдал болох юм байна. Надад өөр юутай ч зэрэгцүүлэх аргагүй чухал ажил бий нь: хувьсгал!>.

Эд бүгдээрээ ийм этгээд хачин ааштай улс. Хувьсгалч хүүхэн Мариа Эссэн Швейцарын уулсаар Ленинтэй зугаалсан тухайгаа бичсэн байдаг. Сүмбэр уулын орой дээр хоёулхнаа – Ленин, залуухан бүсгүй. <Орой дээр гарсан чинь нүд алдам хорвоо өмнө цэлийнэ. Цасны цагаан өнгө ертөнцийг сүлнэ... би ч бүр догдолсондоо хөөрчихлөө... Шэкспир, Байроныг уянгалуулан уншмаар санагдана. Тэгээд Владимир Ильичийг харлаа – тэр суучихсан гүн бодолд дарагдана. Тэгснээ гэнэт “Энэ муу меньшевикууд биднийг бас хөөрхөн хорлоод байх юм аа” гэж авдаг байгаа>. Коба ч мөн ийм хүн учраас музей ч үзсэнгүй, гудамжаар ч тэнэсэнгүй... Энэ бол муусайн хөрөнгөтний нийслэл – ирээдүйд хувьсгалд хүрэх дамжих хуаран. Ленин Кобаг их хуралд аваачсан боловч цаадах нь өөрийгөө илэрхийлэх юу ч хийсэнгүй. Бүр тодруулж хэлбэл, заримдаа Лениний үнэхээр дургүйцдэг сэдвээр өөрийгөө илэрхийлнэ. 

Коба гадаадад очоод цагаач хувьсгалчдын эрх дураараа амьдралыг ажиглалаа, гуанзанд суун кофе уунгаа хувьсгалын тухай маргацгаана. 

Гэр орон, эхнэр хүүхдийнх нь байж байгаа нь ихэд хангалуун – гэтэл энэ мөнгийг өөр шиг нь алдуулууд Орост амиа золин олж байгаа шүү дээ. 

Эцэст нь түүнд Ленинтэй уулзах бололцоо гарсан юм. Тэд юу ярилцаа бол? Николай Валентинов болон өөрийнх нь сайн байдаг бусад хувьсгалчтай ярьсан яриагаа л өрнүүлээ болов уу. Валентинов ярилцсанаа тэмдэглэж үлдээсэн.

Коба өмнө зүгт тулалдана. Тэрээр Егоровын командалсан бүлэгт комиссараар ажиллаж байлаа. Будённыйн 1 дүгээр морин арми гол хүч нь аж. Тухачевскийн довтолгоог улам урагшлуулахын тулд Будённыйн морьтныг тийш татахыг Троцкий шаардах боллоо. Коба эрс татгалзав. Тэрээр хүний өмнөөс могой барихаа больжээ. Түүнд өөрийн гэх лут төлөвлөгөө бий. Тэрээр Львовыг эзэлж аваад тэндээсээ Тухачевскийн дийлэхгүй байгаа Варшавыг буулгаж цаашлаад Австриар дайран Герман орж тэндхийн хувьсгалыг дэмжихээр шийджээ. Үр дүн нь яасан гэхээр Тухачевскийн арми ч тэр, Коба, Егоров хоёрын хүчин ч тэр эргэж Орос руу шахагдлаа. Ленин Кобагийн үүнийг нь ч өршөөсөн юм.