MBA 10 хоногт

Бизнесийн удирдлагын магистр буюу MBA хөтөлбөрийг 10 хоногт багтаасан энэ сурах бичиг дэлхийн бүх түгээмэл хэлээр орчуулагджээ. Стивэн Силбигэрийг номоо бичиж байхад нь бичигдсэн номын 5 хувь нь хэвлэгддэг, хэвлэгдсэн номын 5 хувь нь л сайн борлогддог гэж сануулсан гэдэг. Номоо дуусгачихаад 20 хэвлэлийн газраар орсон ч бүгд хэвлэхээс татгалзсан юм байж. Харин Harper Collins хэвлэлийн газар MBA 10 хоногт номыг анх хэвлэснээсээ хойш жил бүр хэвлэдэг болжээ. 

Энэ номыг үнэл гэвэл шууд л тарган тав тавина. Маш сайн аян замын хөтөчтэй зүйрлэж болно. Та огт мэдэхгүй хотод очихдоо ийм замын хөтөч аваад гарвал хүссэн газраа төөрч будилахгүй олоод очно. Хотыг огт мэдэхгүй ч гэлээ хамгийн чухал газруудыг нь үлдээлгүй үзчихнэ гэсэн үг. Таныг шууд бизнесийн мангас болгохгүй ч энэ салбарын суурь мэдлэгийг салбар бүрээр нь хялбархан ойлгуулна. Мэдээж ном 10 бүлэгтэй. Бүлэг бүрийг нэг өдөрт уншихаар тооцсон байгаа. 1. Маркетинг, 2. Ёсзүй, 3. Нягтлан бодох бүртгэл, 4. Байгууллагын зан төлөв, 5. Тоон шинжилгээ, 6. Санхүү, 7. Үйл ажиллагааны менежмент, 8. Эдийн засаг, 9. Стратеги. Төгсгөлийн 10 дахь бүлэгт нь MBA-ийн бичил курсуудыг багтаасан. Бизнесийн удирдлагын ерөнхий мэдлэгийг сонирхдог хүмүүс үүнтэй дүйцэх ном олохгүй л болов уу. Тэгээд бүр монголоор шүү.

Хамгийн гол нь салбарын бүхий л мэдлэг, мэдээллийг маш сайн цэгцэлсэн. Гадаад үгээр хэлбэл төгс системчилсэн. Энэ салбартай эхнээс нь танилцахаар шийдсэн бол номыг уншаад 10 хоногт бүгдийг нь ойлгочихно гэвэл арай л дэгс хэрэг. Уншаад ойлгоход хэцүү гэсэн үг ерөөс биш, харин ч тун энгийн бичлэгтэй. Асар өргөн мэдлэг, мэдээлэл агуулсан учраас аван саван өөрийн болгоход төвөгтэй шүү л гэж хэлэх гэсэн юм. Гэлээ гээд шантрах хэрэггүй, 10 хоногоо байг гэхэд ядаж сарын дотор бизнесийн удирдлагын салбарыг бүхэлд нь ойлгоод авна. Цаашдаа энэ чиглэлээр суралцахад тань гол гарын авлага болно.


Эдийн засгийн салбарын оюутан эс бөгөөс эдийн засгийг сонирхдог бол энд тэндээс сонссон, уншсан эрээвэр хураавар зүйлсээ цэгцлэхэд онц тустай. Яг л нэр шигээ 10 хоногт л бүгдийг хялбархан ойлгуулна. Эдийн засгаар төгссөн бол мартсаныг тань сануулж, мэдлэгийг чинь сэргээнэ. Ямар нэг асуудал тулгарбал эргүүлээд сөхөхөд хамгийн сайн туслагч чинь болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бизнесийн удирдлагын ном түм бумаараа бий. Тэгэхдээ онцсайн гэвэл ганц нэг л байдаг. 

Номын зохиогч Стивэн Силбигэр өөрөө Виржинигийн их сургуулийн Дарденийг нягтлан бодохоор төгсөж, улмаар MBA хөтөлбөрийг дүүргэсэн юм байна. Стивэн Силбигэр үзсэн хөтөлбөрөө бусад сургуулийнхтай харьцуулж, бас сурлага сайтай оюутнуудын санал хүсэлтийг номдоо тусгасан учир шилдэг сурах бичиг болжээ. Стивэн багшлах чин хүсэлтэй юм байж. Энэ номоос тэр хүсэл мөрөөдөл нь шууд харагдана. Хүний цаг, мөнгийг хэмнэх талаар ярилтгүй. Оюутандаа хичээлээ ойлгуулчих юмсан гэж хичээдэг багшийн шилдэг бүтээл.