БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН АЛБА

Түүхийн судалгаа,ил байгаа архивын мэдээгээр Монголчуудын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт бээр тагнуулын сүлжээ,хожмоо Олноо өргөгдсөн Монгол улсын тагнуулын албыг идэвхтэй ажиллуулж байсан нь тодорхой бөгөөд энэ алба стратегийн тагнуулын үйл ажиллагаа,сөрөх тагнуул,орон нутгийн тагнуул,сүм хийдийн болон орон нутгийн ноёдын сүлжээг ашиглан тактикийн тагнуулын ажил эрхэлж байсан ажээ.

1934 оны тавдугаар сарын 24-нд БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газрын дарга асан Намжилын Хаянхярвааг Японы тагнуулын хэрэгт сэжиглэн байцаахад тэрбээр:

Олноо өргөгдсөний 2-р оноос (1912) эхлэн эзэн хаан Жавзандамба хутагт, Шанзудба Бадамдорж, Чин ван лам Дашдэндэв нар сүм хийдийн дотор тагнуулын байгуулалт хийж, Да амбан Магсар бэйс нар харчуудын дунд тагнуулын ажил зохион байгуулж байсан. Богдын дэргэд шадар байсан Баатар захирагч тагнуулын ажилд товчлогчийн чанартай оролцож, гадаадаас ирсэн тагнуулын мэдээ сэлтийг Богд хаанд өгдөг байсан... Зөвхөн Баатар захирагч бүх мэдээг гараараа бичиж Жавзандамбад өгдөг журамтай байсан хэмээн мэдүүлсэн байдаг. Энэхүү мэдүүлгээс Олноо өргөгдсөн Монгол улсын тагнуулын байгууллагын гадаад болон сөрөх тагнуулын сүлжээ хэрхэн ажиллаж байсныг ерөнхийд нь зураглаж болохоор байна.

Эндээс бид Монголын түүхэнд судлагдаагүй орхигдсон нэгэн сэдэв бол нутаг орон даяар тархсан сүм, хийдийн сүлжээ, түүнийг түшиглэсэн тактикийн тагнуулын алба, бадарчин лам нарын дүрээр халхавчилсан хөдөлгөөнт тагнуулын алба, Бээжинд Манжийн хааны дэргэд алба хашиж байсан монгол угсааны ноёдод тулгуурласан стратегийн тагнуулын сүлжээ, хязгаарын байдлыг танддаг орон нутгийн тагнуулын алба, гадаадын тагнуулыг эсэргүүцэн тагнах зорилготой сөрөх тагнуулын сүлжээ зэрэг нарийвчлан судлалгүй орхисон болон нийтэд хүрээгүй олон сэдэв байгааг харж болно. Энэ талаар энд тэнд эмхлэлгүй орхигдсон мэдээллүүдийг нэгтгэн, бага ч атугай дүгнэлт таамаг гаргахыг чармайв. 

Энд дурдагдах олон мэдээлэл ТЕГ-ын тусгай архивын баримтад хамаарах тул зөвхөн тэнд ажилласан судлаачдын ярилцлага, Тагнуулын албаны 100 жилийн ойд зориулсан цуврал баримтат кино зэргээс иш татахаас өөрөөр нууцын архивд хандах эрх хязгаарлагдмал, ихэнхдээ эх сурвалж болгоход учир дутагдалтай нээлттэй эх үүсвэрийг ашигласан болохыг эрхэм уншигчид эрхбиш ойлгох буй заа. Мөн тагнуулын үйл ажиллагаатай холбоотой гэрэл зургийн баримт ч олдох боломж хомс байсныг өршөөнө биз ээ.

Монголчуудын тагнуулын ажиллагаа тусгаар улсаа зарлахаас нэлээд өмнө эхэлсэн байх аж. XIX зууны хоёрдугаар хагасаас эхлэн Хар тамхины дайнд удаа дараа ялагдсан Манж Дайчин гүрний сүр хүч ихээр буурч, империалист их гүрнүүд Манжийг нөлөөний бүс болгон хуваахаар улайрч, улмаар манжийн төр ганхаж эхэлснийг гярхай анзаарч, тусгаар улсаа зарлавал гадаад их гүрнүүд хэрхэн хандах, тэдний сонирхол зорилгыг тандан мэдэх тагнуулын ажил зохион байгуулж байжээ. 

Энэ үед гадаад улс орнуудын нөхцөл байдал, Монголын талаарх тэдний байр суурийг тандах, тэдгээр орнуудын удирдлагатай холбоо тогтоох боломжийг судлах зорилгоор зарим хүмүүсийг гадаад улс орнууд руу бадарчин лам болон худалдаачдын дүрээр илгээсэн аж. Энэ тухай ТЕГ-ын архивын ахлах судлаач, докторант Б.Эрдэнэбилэгийн илтгэлд:

Хүрээний лам Д.Чагдаржав Орос, Польш, Итали, Франц, Энэтхэг орноор, япон хэмээх А.Данзан Япон, Хятад, Гандан хийдийн аграмба лам Н.Хаянхирваа Орос, Халимаг, Туркт, барга лам Ц.Лувсанням Орос, Хятад, Төвөд, нэрт түүхч, манжич Б.Буянчуулган Хаант Орост удаа дараа, чин ван лам Л.Дашдэндэв Хятадад, “Цагаан” хэмээх хочтой лам Данзан Ил Тарвагатай болон Шинжааны нутгуудаар хэдэн жилээр явж байжээ. Тэд ихэвчлэн тэнүүлч бадарчингийн халхавчийг хэрэглэж байжээ. гэсэн байна. 

Зарим тодорхой мэдээ, хувь хүмүүсийн тухай баримтыг сийрүүлвээс бас ч эргэцүүлэхээр баримтууд байна.

1900 онд Богд гэгээний зарлигаар Да лам Бадамдорж, сойвон Цэрэн-Осор нар Орост очиж, Орос-Хятадын банкнаас 100,000 рубль шашны хэрэгцээнд зээлж авах хүсэлт тавьжээ.Тэднийг Оросын ихэс дээдэстэй холбох үүргийг их гүн Э.Э.Ухтомский гүйцэтгэжээ. Оросын Сангийн яам энэ хүсэлтийг судалж байх зуур Монголын төлөөлөгчид янз бүрийн хүмүүстэй танилцан, Орос орны байдлыг тандаж байв. Юуны өмнө Петербургийн их сургуулийг төгсөөд Сангийн яаманд ажиллаж буй монголч эрдэмтэн В.Котвичтой танилцсан байна. Котвичоос тэд зээлийн асуудлаа лавлахын хажуугаар Орос улсын төрийн байгуулал, гадаад 30,000 рублиэр олгох болсон тухай Богдын төлөөлөгч нарт дуулгасанд тэд “Гэгээнтнээс асууж байж шийдье” гээд авалгүй буцсан нь Оросуудын гайхлыг төрүүлэв. Үнэн чанартаа, Богдын төлөөлөгчид зээл авахаар очсон бус, Орос орны тухайн үеийн байдал, нөлөө чадал, сүр хүчийг тандаж, Монголын талын тавих хүсэлтэд хэрхэн хандахыг туршиж явсан хэрэг байсан бололтой. Товчхондоо Да лам Бадамдорж Оросын байр суурийг тандах стратегийн тандалт хийж явжээ. Харин эхийн угсаа талаасаа Бат хааны удамд тооцогдож байсан, 1890-1905 онд Манжуурын төмөр замын ТУЗ-ийн дарга, 1896-1910 онд Орос-Хятадын банкны Удирдлагын Зөвлөлийн дарга байсан Э.Э.Ухтомскийтай Да ламыг хэн холбосон бэ гэх асуудал өнөө хэр тодорхойгүй үлджээ.

Бээжинд Манжийн төрийн чиг хандлага, байр байдлын талаар стратегийн шинжтэй мэдээллийг Сэцэн Чин ван Наянт, Эрдэнэ жонон ван Ширнэндамдин тэргүүтэй ноёд болон Өмнөд Монголоос гаралтай Гүнсэнноров зэрэг ноёдоор дамжуулан олж авдаг байжээ. Эдний хэн нь үнэхээр үүрэг гүйцэтгэгч тагнуул байсан, хэн нь монголчуудаа гэсэн сэтгэлийн дуудлагаар мэдээ, мэдээллээр хангаж байсныг тодорхой хэлэхэд бэрхтэй юм.

Сэцэн чин ван Наянт нь Манжийн хааны ордны дотоод хэргийн сайдааражиллаж байсан цагаасаа Хүрээний ихэс, дээдсийг Манжийн төрийн дотоод байдлын тухай дэлгэрэнгүй мэдээллээр хангаж байсан аж. Тухайн цагтаа Монгол улсын тусгаар тогтнолыг тунхаглахад тэрбээр Хүрээнд захидал илгээж, туйлын баяр талархалтай буйгаа уламжлаад, хятад манж нарын дунд үүнийгээ илээр илэрхийлэх боломжгүй байгаагаа дурдсан байх аж.1911 онд Монголын тагнуулын албаны Хайлаар дахь төлөөлөгчөөс галт бөмбөг шидэхдээ гавшгай хэдэн хятад туршуул Богд болон түүний ойрын сайд, ноёдыг хороох зорилготойгоор Хүрээ рүү мордсоныгмэдээлсэн баримт ч хадгалагдан үлдсэн байх ажээ. Тэрхүү хятад тагнуулуудыг Богд хааны тагнуулын албаны захирагч Ч.Баатар, Маймаачин хот дахь сөрөх тагнуулын албаны дарга Балданцэрэн гүн нар туршин тогтоож, Шадивлингийн хийдийн тагнуулын сургуулийн сурагчдын тусламжтайгаар баривчилсан мэдээ байгаа юм.Энэхүү мэдээллийг Бээжингээс Наянт ван илгээсэн байж болзошгүй хэмээн ТЕГ-ын 100 жилийн ойд зориулан гаргасан Сэцэн чин ван Наянт баримтат кинонд өгүүлжээ. 

Мөн Их Хүрээний гавж лам Намжилын Хаянхирваа 1900 онд Орос орныг зорьж, Халимагийн хийдэд гурван жил орчим шавилан суужээ. Нэрт эрдэмтэн Бямбын Ринчен Хаянхирваагаар эсперанто хэл заалгасан тухайгаа: “Би Хаянхирваагаар багшлуулж, эсперанто хэл сурсан. Хаянхирвааг би 1923 оноос танина. Автономит Буриад улс байгуулагдсаны баярт төлөөлөгчөөр хамт явж, Улаан-Үд орсон. Намайг 1927 онд Судар Бичгийн хүрээлэнд ирж ажиллахад Дотоодыг Хамгаалах газрын даргаар ажиллаж байсан. Чингээд намайг “эсперанто хэл сурч үз. Маш хялбархан хэл” гэхэд нь заалгасан... Хаянхирваа өөрөө энэ хэлийг сурсан тухайгаа ярихдаа: “Бадарчлан явж, Оросын халимаг ястнаар явсан. Тэгэхэд Монголын Богдын шавь хэмээн маш их хүндэтгэдэг байсан. Хуралд нь хурж, шавилан сууж байтал дайн үймээн болж, олон лам нар дайжин Английн цэргийн усан онгоцонд сууж Стамбул орсон. Нэгэн турк хүнтэй танилцаж, дагаж ажил хийж мөнгө олж байсан. Тэр хүн дагуулж, эсперанто хэлний нэг жилийн сургуульд суралцуулсан. Тэгээд эсперанто хэлтэй жуулчид буудалладаг буудлын газар ачаа буулгах, ачих, үйлчлэх ажилд орж ажиллаж байсан гэж ярьдаг байсан” хэмээн өгүүлжээ. 1927 онд Н.Хаянхирваагаас Америкийн эсперанточдад зориулан бичсэн захидлын талаар хожим судлаач М.Саруул-Эрдэнэ нийтэлсэн бөгөөд уг захидлыг бичих үед Н.Хаянхирваа Ардын Засгийн газрын Дотоодыг хамгаалах газрын дарга байсныг тэрээр онцолжээ. Захидлыг Америкт хүргэсэн хүн Н.Рерих байсан хэмээн таамагласан байна. Уг захидлаар дамжуулан Монголын удирдагчид болон Монголын тусгай алба АНУ-тай харилцах арга саам, сэжүүр хайж, эсперанточид нараар дамжуулах боломж бололцоо бий эсэхийг тандсан байж болзошгүй юм. Н.Рерихийн Шамбалын орны хайгуул болон Монголын тагнуулч Н.Хаянхирваагийн оролцооны талаар эрхэм уншигч та энэхүү номын “Шамбалын эрэлд буюу Монголоор дамжуулан хувьсгал хийх оролдлого” бүлгээс уншиж болно.