Сонгууль ба “Сонгох ёслол” (Сонгууль VS Орос сонгууль)
ОХУ-д иймэрхүү “сонгууль” болоод өнгөрлөө. Ерөнхийлөгч В.И.Путин нь өөрийн бүрэн эрхийн хугацааг сунгах шийдвэрээ аль эрт гаргасан ба түүнээ бүх ард түмний оролцоотойгоор “аравнайлсан” нь энэ бөлгөө. Цаашдаа тэрбээр хэр удаан ерөнхийлөгч байхыг Оросын ард түмэн гэхээсээ илүү Владимир Путин хэмээх амьд бодгалийн биологийн нас л шийдэх ба тухай бүрт нь Орос орон даяар ийм ёслол болсоор байх болов уу?
Сонгууль ба “Сонгох ёслол”(Сонгууль ба Ороссонгууль)
Манай умард хөрш ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Мэдээж, Путин овогт Владимир ялах нигууртай байсан ба ялуулах ч гэж уг сонгуулийг хийсэн. Үүнийг дэлхий даяараа л мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, иргэдэд сонголт хийх боломж олгох гээгүй, нэгэнт хийгдсэн сонголтыг хүндэтгэн баталгаажуулах ёслолын арга хэмжээнд хүмүүсийг өргөнөөр оролцуулсан ёслол болоод өнгөрөв. (Владимир Путин гэснээс, Влади мир гэдгийг үгчилбэл “Ертөнцийг эзэмшигтүн” гэсэн утгатай нэр.Украйны Ерөнхийлөгч Зеленьскийн нэр ч бас адил. Нэр талаас нь харвал “Влади Мир”-ууд хоорондоо байлдаад, бараг л Game of thrones)
Сонгуулийн маргааш зарим орон Владимир Путинд баяр хүргэж, зарим нь эгдүүцэж байна. Яагаад ? Тухайлбал, барууныхан, нэг намын удирдах ёсон, коммунист дэглэмтэй орнууд удирдагчаа сонгоход гаргадаггүй уур уцаараа Орост гаргаад байгаа юм бэ? Умард Солонгосын удирдагч нь “тэр” боллоо гээд мэдээлдэг л болохоос, “хууль бус томилгоо болов” энээ тэрээ болдоггүй биз дээ?
Хятадын удирдагч Ши Зинпинийг үнэмлэхүй удирдагчийн эрхээ БХАТИХ, ХК-ын их хурлаар баталгаажуулан сунгахад дэлхий даяараа л түүнийг БНХАУ-ын тэргүүнээр хүлээн зөвшөөрдөг, баяр хүргэдэг. Америк ч юм уу, Англи бүүр ядахад Тайваны засгийн газар “Хятадын сонгууль хууль бус. Ши Зинпинь сонгогдсныг зөвшөөрөхгүй” гэж хэлдэггүй.
Тэгвэл, Кремлийн удирдагч эрх мэдлээ баталгаажуулан сунгахад яагаад барууны ертөнц, ардчилсан ёсны тулгуур улсууд яагаад сөрөг байр суурьтай байна вэ?
Орос орон учраас, тэд Украйн руу халдан довтолсон учраас онцгойлон ялгаварласан уу? Асуултын хариуг хамтдаа хайцгаая !
Ардчилал ба ардчилсан чөлөөт сонгууль нь хүн төрөлхтний үнэт зүйл. Америкчууд, барууны ертөнцийн төр ёсны амин сүнс нь ардчилал ба чөлөөт шударга сонгууль. Тэдний хувьд төр ёсны Иусус, Будда нь ардчилал.
Хэнри Киссенжер бээр Америк ба Хятадын засаглалын үнэт зүйлс хийгээд ялгааг сонирхолтой тодорхойлсон байдаг. Америкчууд “Ардчиллыг хүн төрөлхтний үнэт зүйл. Түүнийг ариглан хадгалахаас гадна хүн төрөлхтөнд түгээн өмчлүүлэх үүрэг Америкт ногдсон” гэж ойлгодог. Иймээс АНУ өөрийгөө ардчиллыг хамгаалан хөгжүүлэгч ба түгээн дэлгэрүүлж хүн төрөлхтнийг аврагч гэж хардаг. Харин Хятадууд өөрийн засаглал, хууль цаазыг зөвхөн өөртөө тохирсон бөгөөд бусад улс орон төдий л таарч тохирох зүйл биш гэж үздэг хэмээн тайлбарласан байдаг.
Сүм хийд хийгээд шүтээн бурханаа ариун байлгах нь санваартан хуврагуудын зорилго байдаг лугаа адил ардчиллын үнэт зүйлсийг ариглан хамгаалах нь Америк хийгээд барууны ертөнцийн үйл хэрэг болдог ажгуу.
Учир иймээс, ардчилсан сонгуулийг, ард түмний төр засгаа байгуулах эрхийг “хүүхэд нохойн доог” болгон харагдуулж, дурын дарангуйлагчийн эрхээ сунгах ёслолын хэмжээнд аваачих нь хүн төрөлхний үнэт зүйлд өгч буй салаавч гэж тэд үздэг.
Гэтэл зарим дэглэмийн удирдагчид “Та нар чинь ардчилсан сонгууль явуулаад ерөнхийлөгч сонгодог гэсэн бил үү? Би ч эндээ хөөрхөн ардчилаад болоод л байна. Яахав дээ, хөөрхий, ард түмнээ хүндэтгээд, ардчилсан сонгууль гэдгийг хийгээдэхсэн чинь дахиад л намайг 70-80 хувиар дэмжээд сонгочихлоо. Одоо яая гэхэв вэ. Ямар, ардчилахгүй байлтай ч биш” хэмээн хүн төрөлхтний үнэт зүйлсээр тохуурхах ажгуу.
ХХ зууны дэлхий ертөнц эсрэг тэсрэг хоёр ангид хуваагдаж байхад зөвхөн нэг хэсэг нь ардчилсан сонгууль явуулаад болдог байж. Социализмын задралын дараагаар бүгд ардчилсан болж тоглодог улс төр дэлгэрсэн юм.
Үүнээс үүдээд, ардчилсан байдалтай дарангуйлагч дэглэм оршиж, түүнийгээ “хаанаас нь ч харсан ардчилсан сонгууль”-иар баталгаажуулаад явж болдог болчихов. Ардчилалд гаднаас нь аюул учирдаг байсан бол одоо дотор нь оржээ. Хүн төрөлхтний үнэт зүйл дотроосоо өвчилж эхлэв. Ардчиллыг ардчиллаар устгадаг хорт хавдар ?!
Сонгогчдыг айлган дарамтлахаас эхлээд худалдан авах, хөрш орныхоо сонгуульд үзэл суртал болон мөнгөөр нөлөөлөх гээд ардчиллыг ардчилсан замаар мөхөөх технологиуд хөгжлөө. Эцсийн дүндээ, “Ардчилал чинь тийм хэрэгтэй зүйл мөн үү”, “Ардчилахаар бүх юм шударга болно гэсэн чинь хаана байна”, “Ардчилал хэрэгтэй юу” гэсэн эргэлзээ, ялангуяа постсоциалист ертөнцөд үүслээ. Энэ бол ардчилалд, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлд учирсан шинэ аюул.
Украйн руу дайн хийсэн Орос оронд сонгууль болсон учраас Барууны ертөнц ууртай байгаа юм биш. Үнэмлэхүй эрх мэдэлт ерөнхийлөгч нь хугацаагаа сунгасанд ингэтлээ жихүүрхсэн ч юм биш.
Харин, тэрбээр өөрийн хугацааг сунгах ёслолдоо барууны үнэт зүйлс болох Ардчилал, ардчилсан чөлөөт сонгуулийн нэрийг ашиглаж байгааг үл хүлцсэн хэрэг. Өөрөөр хэлбэл ардчиллын амин сүнс, үнэт зүйлээр нь тохуурхаж “Та нар намайг ардчилахгүй, шударга бус байна гэдэг бил үү? Хар л даа. Би ч ардчилсан сонгуулийг ном ёсоор нь хэд хэдэн өрсөлдөгчтэй хийгээд, нууцаар чөлөөтэй санал хураагаад ялчихлаа. Бүүр Украйнаас булаан эзлэсэн нутгийн иргэд хүртэл намайг дэмжээд байх юм. Ямрав дээ, жанжин минь” хэмээн тавласанд маш эгдүүцэж байна.
Хэрвээ манай өмнөд хөрш мал нядалгаандаа “Монгол Наадам”, нойльдоо орж хүндрэхийгээ “Монголын цагаан сар” гэж нэрлээд байвал бид аймаар уурлана биз дээ, яг түүн шиг. (Харин хойд хөршид ийм явдал болбол манайхан айсандаа “Ёстой гоё наадам юм байна. Мах идэх л гэж нааддаг биз дээ? Идсэн юм чинь бааж л таараа” гэх байх л даа.)
Дашрамд дурьдахад: ардчилал, угаасаа хүн төрөлхтний үнэт зүйл бол эцсийн дүндээ айдасгүй амьдрах л юм шүү дээ. Харамсалтай нь маш олон хүн айдасдаа ээнэгшиж, түүнээ хайрласаар байдаг.
ОХУ-д иймэрхүү “сонгууль” болоод өнгөрлөө. Ерөнхийлөгч В.И.Путин нь өөрийн бүрэн эрхийн хугацааг сунгах шийдвэрээ аль эрт гаргасан ба түүнээ бүх ард түмний оролцоотойгоор “аравнайлсан” нь энэ бөлгөө. Цаашдаа тэрбээр хэр удаан ерөнхийлөгч байхыг Оросын ард түмэн гэхээсээ илүү Владимир Путин хэмээх амьд бодгалийн биологийн нас л шийдэх ба тухай бүрт нь Орос орон даяар ийм ёслол болсоор байх болов уу?
Бидний хувьд ч иймэрхүү сонгуулиар тоглох нь шинэ юм биш. 1990 оноос өмнөх БНМАУ-д нэг намтай, тэр намаасаа нэр дэвшүүлсэн депутатыг батламжлах ёслолыг сонгууль, бүүр “ардчилсан сонгууль” гэж нэрлэдэг байсан. Ёслол төгөлдөр болгохын тулд цор ганц нэр дэвшигч нь уулзалт энэ тэр хийж хүртэл явдаг байлаа. Бүүр чамин нь, хүмүүс саналаа нууцаар гаргах ба битүү бүхээгт орж, ганц дэвшигчийн нэрийг дугуйлдаг байсан. Сонгогчид тэр ганц хүнийхээ нэрийг дэмжих процесс үнэхээр нууц, ямарч ажиглалтын камергүй болдогсон. Угаасаа ч санал хураах байранд тавъя гэхнээ камер байгаагүй цаг. Харин түүнийгээ олон нам, олон нэр дэвшигчтэй сонгууль мэт болгон жүжиглэдэггүй нь шударга гэмээр.
Харин өмнөд хөрш Хятадын хувьд бол тэд өөрийн дүрмээрээ тоглож байгаа бөгөөд барууны ардчиллын үнэт зүйлсээр тохуурхаагүй. Ши дарга нь ч, ХКН нь ч өөртөө тоглоомон өрсөлдөгч зохион жүжиглээгүй. Дүгнэлт нь: Ардчиллын эсрэг, ил тод ардчилалгүй байх нь заримдаа ардчилсан болж хорлохоос бага хөнөөлтэй ажгуу.
Ижил дэглэмтэй, хувь заяа нь Кремлиас хамааралтай, эсвэл барууны ертөнцөд дургүйцлээ илэрхийлэх шалтгаантай улс орнуудын төрийн тэргүүний зүгээс В.Путинд баяр хүргэж байна. Хятад улсын Ши дарга Путинд баяр хүргэсэн нь сонгуульд ялалт байгуулсан энээ тэрээд нь биш, харин “ёслол”-д нь хүндэтгэл үзүүлж, “манай дүрэм манайдаа, танай дүрэм танайдаа” хэмээх хятад ухаанаар хандсных болов уу?
Түлш эрчим хүч, дэд бүтцээрээ Оросоос хамааралтай боловч энүүхэндээ “ориг” ардчилалтай Монгол улсын хувьд иргэд нь дайны эсрэг, Засгийн газар нь Москваг аргадан дагах боловч сонгогчдоосоо их л “айсан байдал”-тай байдаг. Уламжлал ёсоор бол,Төрийн тэргүүн нь В.Путинд баяр хүргээд, иргэд нь сошлоор тэднийгээ бут аваад л, Засгийн газар нь үүнийгээ “хараат байдал”-тайгаа холбон барууныханд тайлбарлаад л явах болов уу?
Манай сонгууль ч удахгүй болно. Бидэнд орос маягийн ёслол-сонгуулийг давтах, эсвэл зайлсхийх хоёр зам байна. Яаж ч бодсон Монголчууд Хятадын замналыг давтахаас зайлсхийнэ. Х.Киссенжерийн хэлсэнчлэн, мянганы түүхтэй Хятадын төрийн үнэт зүйл хэвээрээ байх л юм бол тэд ч өөрийн онцлогтой засаглалыг бусдад санал болгохгүй биз ээ?
2024.03.20