ЭБЭХ-ний сайд асан, “Дархан цаазат” Д.Зоригт хаана явна?
ЭБЭХ-ний сайд асан, “Дархан цаазат” Д.Зоригт хаана явна вэ
Одоогоос нэг жилийн өмнө АТГ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байв. Оюутолгойн гэрээний тухайд гэвэл тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт яагаад огт шалгагдах ч үгүй байна вэ. Юу түүнийг амар тайван төдийгүй “Дархан цаазат мэт” байлгах болов. Олон нийт байтугай хууль, хяналтынхан ч түүний хаана, юу хийж явааг, энэ гэрээнд гол ач холбогдолтойг санахыг хүсэхгүй байна гэж үү.
Яг өнөөдрийн байдлаар Оюунтолгойн гэрээнд гарын үсэг зуралцсан, Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Дашдоржийн Зоригт “Алтай Холдинг групп” ХХК-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Мөн тэрбээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын зөвлөхөөр ажилладаг тус яаманд зөвлөхийн өрөөг эзэгнэдэг. Ойрын үед Олон улсын байгууллагад ажиллахаар тодорхой хүсэлтийг холбогдох албан тушаалтнуудад тавиад байгаа аж. Үүний өмнө Д.Зоригтыг “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн удирдлагын багт ажиллуулах гэж байна гэх мэдээлэл тархаж байсан ч төдийлөн газар аваагүй билээ.
“Алтай Холдинг” бол 1991 онд байгуулагдсан цагаасаа худалдаа үйлчилгээ, зочид буудал, харилцаа холбоо, мэдээлэл технологи тэр ч байтугай хэвлэл мэдээллийн салбарыг хүртэл эгнээндээ нэгтгэсэн нэгэн “вант улс”-ын дайтай “холдинг” юм. Хамгийн сүүлд БНСУ-ын Имарт компанитай хамтран ажиллахаар таван жилийн өмнө гэрээ хийж “Алтай Холдинг”-ийн ТУЗ-ийн дарга С.Бат-Очир, БНСУ-ын “Имарт” компанийн Гүйцэтгэх захирал Ли Габ Сү нар гарын үсэг зурж байв. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2016 оны арваннэгдүгээр сард аавынхаа ах С.Бат-Очироос “Алтай Холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн даргын ажлыг авсан С.Батболдын хүү Б.Баттүшиг “Скайтел” группийн ТУЗ-ийн дарга болсон юм.
Д.Зоригтын 461 дүгээр ангийн үүдээр ч шагайхгүйгээр, Оюутолгойн гэрээ гэж огт сонсоогүй өнгөрсний нууц нь Ерөнхий сайд асан С.Батболдын яг л гэр бүлийн гишүүн мэт амьдарч чаддаг хосгүй чадварт оршиж буй бололтой.
Тэдний хойч үе нь Сү.Батболдын хүү Б.Баттүшиг. Тэр яг л аавынхаа ид үеийг санагдуулдаг. Өнөөдөр түүний хашиж буй албан тушаал гэвэл Имарт их дэлгүүр, Скайтел группийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монгол Банкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, "Монголд Та Хэрэгтэй" ТББ-ын үүсгэн байгуулагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, 2020 оны Токиогийн олимпод оролцох Монголын баг тамирчдын ахлагч, мөн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зарлаад байгаа билээ.
Нэмж хэлэхэд Б.Баттүшиг аав С.Батболд, авга ах С.Бат-Очир, аавынхаа найз Д.Цогтбаатар ах нар шигээ оффшорчны жагсаалтад бүртгэлтэй. Харин тэдний гэр бүлийн сайн дурын гишүүн, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт оффшор дансгүй, 60 тэрбумын схемд хамааралгүй, МАНАН-д ч хамаагүй, өөгүй өндөг шиг нэгэн гэж байгаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 2017 оны аравдугаар сарын 26-нд “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Оффшортой холбоотой анхны сэжүүр Оюутолгойн гэрээг хийсэн, Оюутолгойтой холбоотой хүмүүсээс гарна гэдэгт итгэл төгс байна” гэж ярьсан нь архивт бий. Одоо хэр нь С.Баярын, С.Баярцогтын, Л.Гансүхийн, Д.Зоригтын болон Ц.Нямдоржийн, Ч.Хүрэлбаатарын, Б.Болор нарын хөрөнгийг монголчууд тоолж мэдэхээ больсон. Тэдгээрээс хэн нь албан тушаалд ахиж, хэн нь хоригдож саатуулагдсаныг ч мэднэ. Харин тэдгээрийн дундаас ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт л ямар ч гэм зэмгүйгээр, асар том холдингийн удирдаж “Ерөнхийлөгчийн сэнтий”-д заларч буй. Гэтэл иргэд түүнийг хэдийнэ хилийн чанадад амьдардаг байх, авчирч шалгаач гэж шаардсаар байгаа юм. Хууль хэнд үйлчилж, хэнд хээрийн салхи ч халдаадаггүйг эндээс харж болохоор байна.