Нэгэн зүйл

Монгол Улс байнга төвийг сахих статусаа тунхаглах цаг үе нь мөн үү, арай түргэдэв үү,  эрх зүйн болон бодлогын үндэслэл гүйцэт үү гэх асуулт зарим нөхөд тавьдаг. Түүн дээрээ ч хатуу зогссоор буй. Хоёр хөрш юу гэхнэв гэсэн битүү айдас, болгоомжлолоо тэд аргумент болгодог. 

Үүнд эргэлзэхгүйн үүднээс Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн эл санаачилга, түүнийгээ илэрхийлсэн нийтлэлийг эргэж  сөхөж үзэхийг нөхдөд зөвлөж байна. “Юу гэвэл Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах тухай ярьж хэлэлцэхдээ бид юуны түрүүнд доорхи хүчин зүйлүүдийг бодолцох нь зүйтэй” гэж тэрээр бичихдээ гурван үндэслэл гаргаж ирсэн байна. Үүнд:

1)     Монгол Улс шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш төвийг сахих бодлогыг агуулгын хувьд идэвхтэй хэрэгжүүлж иржээ. Харин хэлбэрийн талд түүнийгээ тунхаглаагүй байгаа юм. Энэ бодлогоо хэлбэржүүлж, баталгаажуулах үйл явц нь манай улсын хувьд зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна;

2)     Манай улсын туулж ирсэн түүх, газар зүйн байршил, сонгож авсан замын онцлог, эрх ашигт төвийг сахих статусын зарчим, мөн чанар нийцэж байгаа юм. Уг бодлого нь тухайн оронд бусад улстай эрх тэгш, тэнцвэртэй харилцах боломж олгодог. Мөн бусад улс орон, олон улсын байгууллага ч тийм бодлогод хүндэтгэлтэй ханддаг;

3)     Олон улсын байдал, дэг журам цагийн эрхээр өөрчлөгдөж, шинэчлэгдэх нь бий. Харин төвийг сахих үйл ажиллагаа нь хамгийн тогтвортойд ордог. Учир нь уг статусыг хэрэгжүүлэгч улс оронд л тухайн бодлогоо засварлах, шинэчлэх, зогсоох онцгой бүрэн эрх хадгалагддаг гэжээ.


“Төвийг сахих бодлогыг агуулгын хувьд идэвхтэй хэрэгжүүлж иржээ” гэсэн дээр нь тогтож харахыг нөхдөд дахин зөвлөе.

Төвийг сахичихтай зэрэг манай гадаад бодлого хумигдаад, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа зогсоод, ахмад нэгэн дипломатчийн хэлснээр, манай улсын гадаад бодлогод өөрчлөлт орж, төвийг сахина гэдэг олон асуудлаас хөндийрнө гэсэн үг, манай Монгол хөгжиж байгаа орнуудын дунд явдаг, хөгжиж байгаа орнуудын эгнээнд явах нь бидэнд ашигтай, ийм асуудлаас хөндийрнө гэсэн үг, Монголыг зарчимгүй, туйлбаргүй гэж үзэх улс орнууд гарч ирж байна гэж байгаа бол яг тэгдэг үү гэсэн асуултыг бид Берн хотод ШХУ-ын ГХЯ-нд зочлон байхдаа тавьж, хариулт авлаа. Юу гэвэл төвийг сахиснаараа дэлхий нийтийн болон бүс нутгийн ноцтой хурц асуудлаас өөрийгөө татаад авчихаж байгаа хэрэг бус, харин ч эвсэл бүлгийн эрх ашиг, нэгдмэл байр суурь гэхгүйгээр өөрийн байр сууриа илэрхийлэх эрхээр бүрэн хангагдана гэлээ. НҮБ дахь санал шүүмжлэл, санал хураалт, тогтоол санаачлах, хамтран оролцох эрхийг нь төвийг сахисан улс дээр хязгаарлана гэсэн заалт НҮБ-ын Дүрэмд байхгүй. НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл, хороодод жил бүр яригддаг хэдэн зуун (400 гаруй тогтоол, шийдвэр) асуудал бүрт манай улс байр сууриа илэрхийлж идэвхи зааж байх нь орчин цагийн манай гадаад бодлогын гол, чухал зорилт огтоос биш юм. Хөгжиж буй орон бүрийн төлөө дуу хоолойгоо нэмэрлэнэ гэдэг бүтэшгүй зүйл. Энэ бүхэнд хүчээ тарамдуулахгүй, харин эе эвийг сахиулах, зуучлах чиглэлээр олон талт дипломат бодлогоо төлөвшүүлбэл зөв болов уу.  Ер нь энэ асуудалд “Хүйтэн дайн”-ы баригдмал сэтгэхүйгээр, НҮБ-ыг үзэл суртлын индэр болгон хэрүүл өрнүүлдэг тэр арга барилаар хандах бус ихээхэн уян хатан хандахыг зөвлөж байна.

Төвийг сахина гэдгийг бүх салбарт, бүх бодлого дээр төвийг сахих юм байна гэх хардлага манай улсад байгаа бол тэр нь огтоос үндэсгүй юм. Төвийг сахих нь манай гадаад бодлогын тулгын чулуу байх мэтээр дэгсдүүлж ойлгож болохгүй.

Швейцарийн туршлагаас: тэд идэвхтэй гадаад бодлого явуулдаг. Чингэхдээ улс гүрний хоорондын энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн тогтовортой байдлыг хангах, улмаар улс орнуудын хөгжилд нь эерэг нөлөө үзүүлэх зэрэгт нэн тэргүүнд ач холбогдол өгдөг. Эдийн засгийн идэвхтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих зэргээр дамжуулан төвийг сахих бодлогоо баталгаажуулдаг гэж тэд ярьж байна. Тэдний хувьд эдийн засгийн ба хөгжлийн тусламж үзүүлнэ гэдэг нь дэлхийн энх тайвныг бататгаж байгаа, цаашлаад төвийг сахих бодлогод нь нийцэж буй явдал. Энэ ч хүрээнд тус улс бүхий л салбарын хөрөнгө оруулалтыг дэмжсээр ирсэн, үүний нэг илрэл бол Швейцарийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагийн үйл ажиллагаа хэмээн бахархан ярьцгааж байна. ШХУ нь НҮБ-ын мандаттай болон мандатгүй энхийг сахиулах ажиллагаанд оролцдог, НАТО-гийн энхийн төлөө түншлэлд оролцдог, батлан хамгаалахын өргөн хамтын ажиллагаатай улсын хувьд энэ бодлого нь төвийг сахисан статуст нь огтхон ч саад болоогүй гэж тайлбарлаж, нотолж байна.

Нэгэн зүйл

Монгол Улс байнга төвийг сахихад эргэлзээ төрүүлэгчдэд Орос, Хятад гэсэн хоёр “муна, бороохой” байх шиг байна. Энэ хоёр юу гэхнэв, дэмжихгүй бол яанаа, эсэргүүцвэл бид өнгөрлөө, үүрд орхигдлоо гэх тайлбар дагалдаастай. Ийнхүү айлгаж сүрдүүлэх нь “Хүйтэн дайн”, Монгол-Зөвлөлтийн найрамдлын тостой үеийг эргэж санагдуулах шиг. Нөгөө талаас тэдгээр нөхөд Оросын өмнөөс болгоомжилж, Оросын төлөө санааширч байх шиг. Уг нь Монгол Улсынхаа нэрийн өмнөөс болгоомжлох ёстойсон.

Оросын зүгээс элдэв асуудал тавьж, хариу шаардах явдал тохиохыг үгүйсгэхгүй. Тэглээ гээд тэр бүхэнд нь бид хямрах албагүй. ОХУ нь эдүгээ олон улсын тавцанд өөрөө хүндхэн сорилттой тулгарч байна. “Путинтэй хамт нэг арга хэмжээнд оролцох нь барууныхны хувьд хэцүү асуудал болоод байна” хэмээн хятадын нэг ажиглагч бичиж байсан нь алхам тутам нотлогдож байна. Олон улсын тавцанд Оросын хөдлөх гишгэх болгон нь ямар нэг эрсдэл, эсвэл маргаан дагуулж, тал талаасаа шүүмжлүүлдэг боллоо.

Үндэсний эрх ашиг ба глобал хариуцлага хоёрынх нь харьцаа алдагдсан, мөрөөдөл стратеги хоёр нь хол зөрсөн ийм нөхцөлд Орос орон “холбоотон”-ы эрэлд явааг нь бид ойлгож байна. ОХУ бол дэлхийн бараг бүх бүс нутагтай хиллэж байгаа цорын ганц улс. Тэр хэрээрээ эргэн тойрондоо тогтвортой аюулгүй орчныг бүрдүүлэх учиртай. Тэгвэл тэр тогтвортой аюулгүй орчны бүрдэлд нь Монголын төвийг сахих бодлого чухал дэмжлэг болж өгнө хэмээн бид хариу тайлбарлах ёстой.

Оросын цэргийн стратегичид Монголыг элдвээр хардсаар ирсэн. Төв аймагт барьж байгуулж буй Хөшигтийн олон улсын нисэх онгоцны буудлыг японы хөрөнгөөр бариулж буй НАТО, Америкийн нисэх хүчний нөөц буудал мэтээр, жил бүр явагддаг “Хааны эрэлд” олон улсын цэргийн хээрийн сургуулийг АНУ, НАТО-гийн цэргийн сургуулилт мэтээр, Оюу Толгой дахь хөрөнгө оруулалтыг НАТО-гийн гишүүн орнууд хөрөнгөө байршуулсан мэтээр хардах явдал байсан, байгаа. Тэгвэл Монгол Улс төвийг сахиснаараа тэр бүх хардлагыг арилгах болно.

Холын түүх сөхөхгүйгээр оросууд өөрсдөө Монголоор төвийг сахиулах хүсэлтээ илэрхийлж байсан баримт байна. ОХУ-ын Төрийн Думын гишүүн доктор Алексей Арбатов “Орос: 90-ээд оны үндэсний аюулгүй байдал” сэдвээр өгүүлэл бичихдээ:  Монголын нейтралитет ба бүрэн эрхт байдал нь Оросын хувьд Ази дахь аюулгүй байдлынх нь үлэмж чухал хүчин зүйл болно (“МЭиМО” сэтгүүл 1994/8-9, 16-р талд) гэжээ. Тэрээр Монголд Хятад давамгайлах байр суурьтай болгочихгүйн тулд Монголоор төвийг сахиулах нь зөв гэсэн санаагаар тэгж бичиж байжээ. Алексей Арбатов бол СССР-ийн үед Кремлийн гадаад бодлогын гол зөвлөхийн нэг асан нэрт америк судлаач Георгий Арбатовын хүү бөгөөд Төрийн Думын гишүүн байхдаа бичсэн эл өгүүлэл нь ОХУ-ын албан ёсны байр суурийг тусгасан байх магадлалтайг дурдах нь зөв болов уу.

Оросын улс төрч ийнхүү бичсэн нь цаг үеийн давхцал талаасаа бол тухайн үед Монголд дангаараа төр барьж байсан эрх баригч МАХН нь төвч ёсны үзэл баримтлалыг номлодог буддын шашны гүн ухаан дахь Нагаржунайн онолыг баримтлахаа зааж, Нагаржунайн онолын ухаанаар улсаа удирдахаар оролдож байсан, тэрхүү төвч ёсны үзэл нь одоогийнхоор бол нейтралитет хэмээн ойлгогдож байсантай холбоотой. Америкийн холбоотон болгочихгүйн тулд Монголоор төвийг сахиулах тухай тухайн үеийн ОХУ-ын Төрийн Думын дэд дарга А.Д.Венгеровский Монголд айлчлахдаа хэлсэн ярьсан явдал бас бий юм.

Туркменистаныг төвийг сахиулаад Москвагийн нөлөөний хүрээ, хараа хяналтаас алдсан гашуун сургамжаараа Монголын төвийг сахих санаачилгад хандаж буй тал Оросын хувьд байх шиг байна. Яг Туркменистантай зүйрлүүлж үзэх нь дэмий цухалдал болно.  Туркменистан нь зөвхөн гадаад бодлогодоо бус хамтын ажиллагааны олон салбарт төвийг сахиж байгаа нь Монголынхоос өөр юм. Туркменистаны нейтралитет гэдэг нь тус улсын хувьд Үндэсний хоёр дахь том баяр, жил бүрийн 12 дугаар сарын 12-нд улс төр, үзэл суртлын өндөр хэмжээнд тэмдэглэдэг, төвийг сахихаа дотоод, гадаад бодлогынхоо үндэс хэмээн Үндсэн хуульт хуулиараа тунхагласан байдаг бол Монгол нь дайн зэвсэгт мөргөлдөөний үед төвийг сахина, энхийн цагт цэргийн эвсэл холбоонд элсэхгүй гэснээс бусдаар Туркменистанаас шал өмнөө бодлого томъёолж байгааг орос нөхөд ойлгох болов уу.

Нэгэн зүйл

Монголдоо анхных нь болох геополитикийн онолын судалгааны нэгэн сэдэвт бүтээл 2002 онд миний бие туурвисан юмсан. Энэ ном гурван удаа хэвлэгдсэн, хэвлэх тоолонд нэмж баяжуулаад эцэст нь PhD горилсон бүтээл болгон ШУА-д өргөн барьсан. Мартагдаад 10 гаран жил болсон энэ бүтээлийг маань саяхан судлаач нэгэн бээр сөхөж, түүнийг нь “Монгол HD TV” эшлэн авч зохиогч намайг ам асуух маягаар мэдээлэл болгон цацжээ. Юу гэвэл Д.Баярхүү гэдэг нөхөр үзэл бодлоосоо ухарчээ, тэрээр төвийг сахихыг эсэргүүцэж байснаа одоо дэмжигч болсон байна гээд миний номоос үг үсэг гээлгүй эшлэжээ.

Тэр нь “Төвийг сахих Швейцарь загвар Монголд тохирохгүй (Ранжан Гупта)” гэсэн гарчгаар хүснэгтэд дараахи гурван өгүүлбэр байгаа: Швейцарийн хөршүүд түүнд хандаж байсан шиг Монголын хоёр хөрш  Монголд тэгж хандаж  байгаагүй; Төвийг сахина гэдэг нь тэр улс төвийг сахих амлалтдаа зайлшгүй үнэнч байхын сацуу эргэн тойрных нь улсууд хууль тогтоомж, үзэл баримтлалаараа төвийг сахисныг нь хүндэтгэсэн байх учиртай; Тэгвэл тийм хүндэтгэлийг бүрэн эрхт улсынх нь хувьд Монголд хоёр хөрш нь хэзээ ч үзүүлж ирээгүй гэжээ.

Энэ бол 1998 онд энэтхэг эрдэмтэн Ранжан Гуптагийн анхааруулах зөвлөх байдлаар бидэнд хандаж хэлсэн, Монгол-Энэтхэгийн эрдмийн II бага хуралд түүний хэлэлцүүлсэн илтгэл дэх мөрүүд юм. Тэр хурал 1998 оны 12 дугаар сард Нью Делид зохиогдоход би оролцож, зохион байгуулалцаж, мөн илтгэл хэлэлцүүлж байсны хувьд, мөн надад энэ дүгнэлт нь маш чухал санагдсан тул би хожим номдоо эшлэн оруулж, хаалтанд зориуд тэр эрдэмтний нэрийг бичсэнийг маань миний амыг асуугчид анзаарсангүй юү, хэргээр мэдэн будилав уу.

Үнэндээ Р.Гупта доктор яг л зөв хэлжээ. Тэрээр Монголын хоёр хөршийг “өршөөлгүй” хэмээн тодотгож байв. Тэр бас яг зөв мэдэрчээ. Монголын гадаад бодлого ямар нэгэн хэмжээнд төвийг сахисан хандлагатай байна, хэтдээ төвийг сахихаа зарлах магадлалтай гэж тэрээр үзсэн  бололтой. Тийм учраас энд анхааруулга, зөвлөлгөө байдлаар бидэнд хандаж хэлсэн гэж орууллаа.