Захиалга, наймаа...

Энэ удаагийн УИХ-ын зорилго бол “Үндсэн хууль”-ийг өөрчлөх гэж би харддаг, түүнээ ч бичиж л байсан, одоо тэр нь батлагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 2-т “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно...”, 69 дүгээр зүйлийн 1 дүгээрт “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална” гэж заасан байна.

2016 оны сонгуулийн үеэр, нэгхэн жилийн өмнө МАН-ынхан үзэн ядаж, шатааж байсан “хар машин” тэдэнд өөрсдөд нь үнэмлэхүй олон буюу 65 суудал “өгсөн” юм. Энэ бол улстөрийн бус хуульчилсан стандартын асуудал бөгөөд тэнэг мулгуу нь хамаагүй ¾нь нэг намаас бүрдсэн парламент л хэрэгтэй байсан юм. Тэд кноп болохоос ард түмэн биш. 

Хэдийгээр нөхцөл байдал ийнхүү таатай бүрдсэн ч бас алдаа гарсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн үйл явцыг эсрэг гарсан. Хэрэв Ерөнхийлөгч МАН-аас, дор хаяж МАХН-аас сонгогдсон бол энэ “өөрчлөлт” ногоон гэрлээр явчих байсан юм. Чухам иймээс өнөөдөртөө улаан гэрэл асаагүй ч шар гэрэл анивчиж байна...

Гэвч энэ хориг саадыг үл тоомсорлон МАН Үндсэн хуулийг өөрчлөх гэж улайран зүтгэж эхэллээ. Ингэхийн учир нь Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 2-т “Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ хоёр удаа авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний ¾-аас доошгүй санал авч эс чадвал уул төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэльэл дахин авч хэлэлцэхгүй”, 69-3-т “УИХ ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үл болно” гэж заажээ. Бүтэн нэг жил алдсанаас цаг тулчихаж.

Тиймээс УИХ үндсэн хуульд хуйвалдаанаар хийх өөрчлөлтөө энэ наадмаас өмнө батлахгүй л бол 65 МАНгуу хэргээ гаргахгүй. Энэ бол наймаалцаж олсон суудлынх нь төлбөр юм. 

Нөхцөл байдлыг харвал наадмаас өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах гэж улайрах шинжтэй байна. Монголчууд наадмаар өргөн уудам нутаг дэвсгэрээрээ нэг тараад алга болно, намар болоход мартчихна гэж тооцож байгаа бололтой. 

Харин энэд Үндсэн хуулийг өөрчлөхдөө “Үндсэн хууль”-ийг зөрчсөн асуудал нууц яваад байгаа нь “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар бүх ард түмнээс санал асуугаагүй”, санал асуулгын тухай хуулийг ч хэрэглэлгүй таг мартсан. Харин огт өөр “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль” гэгчийг засварлаад дайралтанд орсон.

Тиймээс хэрэв МАН дангаараа, гадны заавраар “Үндсэн хууль”-д өөрчлөлт оруулбал төрийн эрхийг хууль бусаар авснаас ялгаагүй ялт хэрэгт холбогдох болно гэдгийг сануулах ёстой!

Өөрчлөхийн төлөө байсан, гэхдээ!?

Хэрэв өөрчлөхдөө тулбал чухамдаа “Тэднийг өөрсдийг нь өөрчилье гэснээс тэднээр өөрчлөлт хийлгэе!” гэсэн манай нийгмийн захиалга байхгүй. Үүнд л асуудлын гол нь бий.

Иргэний улстөрийн хөдөлгөөнүүдийн анхны зорилго хувьсгал байсан. 7 сарын 1-ны хэрэг явдлаар хүндхэн хохирол үзсэнийхээ дараа хувьсгалын томъёоллыг зөөлрүүлж, “Хувьсгал бол Үндсэн хуулийг өөрчлөх явдал” гэсэн аядуу зорилт дэвшүүлсэн. Иргэд 5 хүний амь нэхдэг, МАН-аас... Түүний цаана хэдэн хүн шархдаж, хэдэн хүн хоригдсоныг хэн ч дурсдаггүй. 

Цуст Ерөнхий сайд С.Баяр “Иргэний нийгмийн байгууллага” гэгчдийг төрийн мөнгөөр тэтгээд Иргэний улстөрийн хөдөлгүүнүүдтэй зэрэгцүүлж асуудлуудыг жижиглэн хувааж тэдэнд оноосноор өөрчлөлт сарнисан. Нийгмийн пробемуудыг нэгтгэж, эцсийн зорилгод чиглүүлэх боломж алдагдсан ба “Оюу толгой”-н гэрээг эсэргүүцэх хүчин үгүй болж, өнөө Иргэний нийгмийн байгууллагууд нь Оюу толгойд ээлжээр айлчлан “дэмжин-тэмцдэг” болсон билээ.

Тухайн үед тагнуулын байгууллага нь эрх баригчид руу “өнгөт хувьсгал” хийх гэж байна гэсэн матаас өөд уруугүй зөөж байсан ч МАНАН-гийнханд Үндсэн хуулийг өөрчлөх санаа огт байгаагүй юм. Бүр 2016 оны сонгуулийн өмнө “Үндсэн хууль” өөрчлөхийг МАН бүх хэлбэрээр эсэргүүцэж байсан. Гэтэл гуравхан жилийн дараа өнөөдөр, 2019 онд гэв гэнэт өөрчдийн бэлдсэн өөрлөлтийг сэм хийхээр санаархаж эхэлжээ. Ингэх шалтгаан бий нь гадаад шахалт дарамт юм. Ахиад Үндсэн хуулийг өөрчилж чадах бүтэц, бүрэлдэхүүнтэй парламент байгуулагдах боломж харагдахгүй байна. Тиймээс энэ удаагийн парламент мухар сохроор захиалгыг биелүүлэхийг хичээж байна. “Гадаад захиалга” мөн эсэх талаар судлаач Д.Ганхуяг нэгэнт бичсэн тул нурших шаардлагагүй. Харин...

Өдгөө ад шоо болоод байгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэг алдарт эшлэл бий. “Риод охиноо өгсөн, одоо бүтэн болохгүйгээс хая цааш нь...” Ялгаатай нь Монгол Улсын Үндсэн хууль бол Оюутолгойн ХОГ биш. Хийх л гэж хийсэн гэрээ юу болгож байгааг бүгд л харж байна. Яг үүн шиг хийх л гэж хийсэн Үндсэн хуулийн засвар цаашдаа үүнээс дутахгүй хямрал дагуулах заль мэх агуулсан, хохирол сүйтгэл авчрах магадлалтай. Чухам ийм учраас заавал бүх нийтээр хэлэлцэх ёстой!

“Үндсэн хууль” бол Оюутолгойн гэрээ төдий биш. Энэ удаад охиноо биш ганц хүүгээ өгч явуулах гэж байна. Тэр хүүг минь “Ална уу, яана уу өөрөө мэд!” гэх эрх бидэнд байхгүй!

Оюу толгойн гэрээг хийгээд л үз, тэгээд баяжина гэсээр хийлгэсэн. Тэгээд одоо яаж байгаа билээ?

Хуульчид дураа татна уу!

Энэ удаагийн өөрчлөлт гээд байгаа зүйлүүд нь өөрчлөлт биш, засвар юм. Үндсэн хуулийг бодитоор хамгаалж байсан Б.Чимид агсан таалал төгссөний дараа “түүний шавь нар”, нэрийг нь баригчид түүний өвийг сүйтгэхийг хүсэж байгаа нь ядаж л ёсгүй үйлдэл. Багштайгаа зиндаархах, гавъяа алдрыг нь хэлтлэх бол ядаж л дорны ёсонд нүгэл. 

Тэд бүгд хуульчид бөгөөд эдгэршгүй засварлах үзэлтнүүд, засварыг хуульчид хийх юм гэнэ. Чухам тэднийг л үүнд оролцуулж огт болохгүй. Засварлах үзэл тэднээс л гардаг. Тэдэнд ийм эрх хэн ч олгоогүй. Чухамхүү энэ удаагийн засвар Үндсэн хуулийг бус “Чимидийг засварлах” санаархлаас хэтрэхгүй байна.

Хэрэв энэ засварлагчдаас хуульчдыг хасах юм бол яг эдгээр засварын төлөө үхэн гүйлдэх амьтан Монголд байхгүй. Хэрэв тэд энэ нийгмийг удирдан чиглүүлэх бурхнаас заяасан эрхтэй гэж үзэж байгаа бол эхлээд салбараа цэгцлэх, саваа цэвэрлэх хэрэгтэй юм! 

“Үндсэн хууль” бол нийгмийн гэрээ, энэ бол нэг салбарынхны хийдэг ажил ч биш. Тиймээс хэрэв өөрчлөх бол бүх нийтээр хэлэлцүүл, тэр хуулийнхаа дагуу. Энэ бол зөвхөн хуульчдын эрх ашиг биш бүх нийтийн эрх ашиг. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд “Хуульчид нэгдлээ” гэх мэдэгдэл нь өөрөө хуульчид бүх нийгмийн эсрэг бүлэглэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхгүй байна уу?

Тодруулж хэлье! Үндсэн хууль (конституция) бол хуульчдад огт падгүй эд. Хууль гэсэн үг орохоор л тэдэнд хамаатай болдог юм уу? 1992 онд тунхаггүй "Үндсэн хууль" зохиож баларсан. Үг хөөдөг боловсроогүй хуульчид нь энэ маягаараа физикийн хууль ч "зохиочих" санаартай байх. 

Энэ бол илүүтэй философичдод, бүр нийтэд хамаатай "нийгмийн гэрээ"! Тиймээс хуульчид өөрсдөө оролцоно, “би чадна” гэлцэхийн орон нийтийн санал асуулга, хэлэлцүүлэгт уриалах ёстой юм. Өвгөрч, зөнөсөн амбиц нь хууч болсон хэдэн хуульч өнгөрч одсон, өмнөх үеийнхээ алдрыг давж түүхэнд үлдэх гэж “баруунд төгссөн” шавь нараараа гаднаас дэмжүүлээд хийчихдэг юм бол энэ хогоор бид яах юм! Хуульч Ц.Нямдорж “Ашигт малтмалын хуульд” орон дотроо хоёрхон заалт өөрчлөөд л хийсэн гэрээний лай ланчгийг бид үүрч л байгаа биз дээ?

Хуульчид ойлгохгүй байх, гэхдээ яг нийгмийн зүй тогтлоор нийгэм солигдох бүрт бий болдог жам ёсны нугалаа завхралын өмнө ирээд байна, тийш хөтлөгчид нь хуульчид. Хагас боловсорсон ийм баруун, зүүний засварлах үзэл, түүний хор хохирлыг иргэд үүрдэг. Тэр жамаар одоо хэт барууны завхрал, засварыг тэд хүсээд байгаа юм биш үү?

Халхавч

Алдарт дордуулсан 7 өөрчлөлтийг засахын тулд Үндсэн хуулийг засах гэж байгаа гэх мэдээлэл нь нийтэд зориулсан манипуляци (төөрөгдүүлэх мэдээлэл) юм. Энэ удаагийн Үндсэн хуульд оруулах засвар бол үлгэрлэвээс “Дубайн гэрээ” лугаа адил зүйл юм. 

Үндсэн хууль өөрчилнө гэж байгаа хүмүүс яагаад өөрчлилж байгаа заалт бүрээ нийтээр хэлэлцүүлэхгүй байна вэ? Ердөө л цагт шахагдсаных уу?

Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгаа бол заалт биш зарчим л ярих шаардлагатай. Заалт ярина гэдэг бол ямар ч хүнийг заалтаар шахсаар байгаад гэмт хэрэгтэн болгож дөнгөдөг хуульчдын арга залинд автахаас өөр үр дүн үзүүлэхгүй л дээ.

2000 оны дордуулсан 7 өөрчлөлтийг толгой болгож засвараа зүтгүүлэх гэж байна. Үндсэн хуулийн 27.2-ийн засвараар УИХ-ын чуулган 50 цаг хуралддаг байсныг 75 болгож ажил ихээр хийлгэх болсон мэт сэтгэгдэл төрүүлсэн байна. Гэхдээ өнөө дордуулсан долоогоо 50 хувиар “ярьчихъя” гэх наймаа л харагдаж байна. 39.1-ийг заалтын засвараар УИХ-ын таван гишүүнийг Ерөнхий сайд гэж албан тушаал зааж байгаад бас тоо зааж байгаад ЗГ-т оруулах болсон байна. 

27.7 гэж заалт нэмээд Ерөнхий сайдыг томилох асуудлыг олон нийтээс нуухаар болсон байна.

22.2-т хийсэн засвараар Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай зөвшилцөн УИХ-ыг тараах санал гаргадаг байсныг арилгажээ. 

22.3 гэсэн заалт нэмсэн засвараар Ерөнхий сайд огцорсон тохиолдолд 30 хоногт дахин томилохгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараана гэж нэмжээ. Гэвч энэ заалт хэзээ ч хэрэглэгдэхгүй. Учир нь Ерөнхий сайдыг нууцаар томилох боломж нээлттэй үед.

39.2 дахь заалтаар (ганцхан) Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч тав хоногийн хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан байна. Гэхдээ өмнөх урт тайлбар нь муухай. Анзаарвал Засгийн газрыг байгуулах эрхийг хамгийн олон суудал авсан намд л олгосон байна. Өмнө нь хамгийн олон суудал авсан нам хэрэв ЗГ-аа байгуулж чадахгүй бол УИХ-ын олонхийг бүрдүүлж чадах бусад улстөрийн нам, эвсэл ЗГ-аа эмхэлж болох байсан юм. Энэ бол МАН, АН хоёрт, бүр нарийндаа МАН-д л илэрхий давуу эрх олгосон заалт юм. Үүнийг МАН-ын 64 батлах үүрэгтэй!

Гэтэл 39.2-т хийсэн засвараар Ерөнхий сайд нэгэнт томилогдсон бол бүтэц бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн болоод бие даан УИХ-д оруулахаар заажээ...

Ердөө эдгээр засваруудаас харахад намын дарга-Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөжүүлж, санхүү-олигарх бүлэглэлийн ивээлд орсон нэг намын ноёрхолд улс орныг оруулах, диктатур тогтоох эрмэлзэл үнэртэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг эртнээс “ордны хүрээнд” хэлэлцэх явцдаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан зарим заалтыг “арилгах” замаар наймаалцан тохиролцох санал тавьж байсан нь Үндсэн хуулийг ердийн наймааны хэрэгсэл гэж дорд үздэг хүмүүс энэ өөрчлөлтийг хийсний илрэл гэж би үзэж байна. 

Засварын гол концепци нь Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөтгөхөөс өөр юу ч биш. Парламент ба Ерөнхийлөгчийн оролцоог хязгаарлаж, түүгээр дамжсан иргэдийн хяналт, шахалтыг баллан арилгахыг оролдсон байна. Эвдрэн ялзарч буй ордны доторх төрийн дээд эрх мэдлийн хуваарилалтыг л анхаарсан нь олон нийтээс тасран салсны илрэл мөн. 

Энэ мэт засварыг 2020 оны 7 сарын 1 буюу “Цуст нэг”-нийг тэмдэглэн дагаж мөрдөхөөр заасан нь санамсаргүй үйлдэл үү, өдөлт үү, эсвэл турхиралт уу?

Үүний дээрээс Үндсэн хуульд байгаагүй намтай холбоотой хоёр шинэ заалт үургалуулсан байна. “19-1-1” хэмээх нэмэлтэд “Нам иргэдийн улстөрийн хүсэл зоригийг илэрхийлж, улс хэмжээнд үйл ажиллагаа явуулна” 19-1-2 “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болсон зориулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно” гэжээ.

Коммунизм буцан ирж байгаа юм биш үү?... 

(Үргэлжлэл бий)