МАНЛАЙ
Алдарших нэрээ ч үлдээлгүй нуугаад Амиа өргөсөн баатруудын Алдар суут нууц түүхийг Алаг сүлдэндээ хадгалсаар...
Алхинчаас тагнуулч хүртэл
Монгол цэргийн түүхэнд алхинч, харгулсан, гай дар, манлай, хошууч, хайгуул зэрэг нэртэй цэргийн бүтэц байсан нь эртний Хүн гүрнээс эдүгээг хүртэл түүх сударт тэмдэглэгдэн үлджээ. Энэ бол цэргийн тагнуул, туршуулын бүтэц юм.
Дайснаа мэдэхгүй байлдах нь сүйрэлтэй адил. 2500 гаруй өмнө бичигдсэн Сүнзийн “Дайтах урлаг” номыг өнөөдөр дэлхий дахинаар бүр ч их уншиж, аливаа байгууллагын стратегийн үнэт “сурах бичиг” гэж үнэлдэг болжээ.
Дэлхийн агентлагуудын дарга нарын хурал жил бол болдог юм. Тэр үеэр Сүнзийн “Дайны урлаг”-ын тухай яриа өрнөв. Их өндөр үнэлж байна, манай нөхөд. Тэгээд нэг нь “Монцамэ”-гийн даргаас асууя, хөрш улсын хүн байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? гэж байна. “Бид наад “номыг” чинь 2500 жил ялсаар ирсэн юм, тиймээс бидний үнэлгээ бол хоёр талтай” л гэсэн. Бүгд толгой дохиж байсан.
Күнз, Мэнз, Сүнзийг эртнээс янз бүрийн хувилбараар л уншиж ирсэн, бид. Энэ номоос 2300 жилийн дараа Өрнөдөд Пруссын цэргийн онолч Карл Филипп Готтлиб фон Клаузевицын (1780-1831) “Дайны онол” ном гарсан юм. Хэрэв цэргийн түүхээр тооцвол Монголын орчин үеийн тагнуулын байгууллагын суурь нь бүр 1921.3. 21-нд Хиагт хотноо тавигдсан ба Ардын түр Засгийн газрыг байгуулахад бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар санаачлан цэргийн тагнуулын алба байгуулж, өөрөө биечлэн удирдаж байжээ. Ямар ч тохиодолд цэргийн тагнуулын үүрэг тун чухал, ялангуяа Хиагтыг чөлөөлөөд Хүрээ рүү давших бэлтгэл хангаж байгаа үед бүр ч чухал болохыг жанжин сайн мэдэж байсан хэрэг. Үүгээр манай цэргийн тагнуулынхан ойгоо тэмдэглэдэг ажээ...
Нууц товчоонд Найманыг дарахдаа туранхай агт Найманчуудад олзлуулсан тухай гардаг. Найманчууд Монголын агт туранхай тул алс ухарч агтыг нь эцээгээд байлдвал ялна гэж тогтдог. Найманы тагнуулыг Монголын сөрөх тагнуулынхан хуурч дөнгөсөн хэрэг, ингээд Монгол ялдаг.
Хожим Чингис хаан тэнгэр болохын өмнө эд баялаг, залгамжлагчийг бус чухамхүү эртний өст Алтан Улсыг мөхөөх дайны “Замын зураг” гэрээслэсэн байдаг. Үндсэндээ тагнуулын мэдээлэл ба Их хааны оюун ухаанаар шүүгдсэн стратеги. Бас л Монгол ялсан. Хүн ам, цэргийн тоогоор давуу дайсныг ялахын гайхамшгийг үзүүлсэн гэрээслэл. Энэ ч бас л тагнуулын гайхамшигт ажлын үр дүн. Ийм жишээ үй олныг бид дурдаж чадна.
Тэмүжин Хамаг Монголын хаанаар өргөмжлөгдсөнийхөө дараа 1189 оны үед тагнуулын ажил эрхлэх “туршуулч” хэмээх тушаалыг буй болгож, Монголын тулгар төрийн тагнуулын байгууллагын зохион байгуулалтын суурийг тавьжээ. Чингис хаанаас нэгдсэн Монгол Улсыг байгуулах зорилгоо биелүүлснийхээ дараа засаглалын тогтолцоогоо зохион байгуулахдаа тагнуулын ажлыг цэрэг, улс төр, эрүүгийн чиглэлээр төрөлжүүлж, улс төрийн гадаад тагнуулын үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэгжид, улс төрийн сөрөх тагнуулыг хишигтэнд, цэргийн тагнуулыг цэргийн бодлогын газарт, эрүүгийн чиглэлээр зохиох гүйцэтгэх ажлыг улсын дээд заргачийн эрх, үүрэгт хамааруулсан байна.
Энэ тогтолцоог Хубилай хаан 1271 онд өөрчилж, цэргийн болон улс төр, эрүүгийн чиглэлээр зохиох тагнуулын ажил, үүргийг Нууц бичгийн яаманд төвлөрүүлжээ.
Чингис хаан, түүнийг залгамжлагчид төрийн аюулгүй байдалд анхаарал тавьж байсны зэрэгцээ гадаад орнууд руу хийсэн аян дайны амжилт нь байлдах тухайн газар, орны тухай урьдчилсан судалгаа, тухай нутаг орны ард иргэдийн дунд өөрсдийг нь дэмжих, туслах хүчнийг буй болгох үйл ажиллагаанаас хамаарч байв. Мөн дэлхий дахиныг харасан мэдээллийн маш шуурхай сүлжээг Өгөдэй хааны үед байгуулжээ. Энэ нь уг ажлыг эрхэлдэг тагнуулын хүчтэй байгууллага байсныг гэрчилнэ.
Бүр хожуу XVII зууны үед Зүүн гарын Галдан бошгот хаан Манж чин улсын нийслэл Бээжинд 200 орчим хүнтэй суурин тагнуулчдыг ажиллуулж байсан мэдээ байдаг. Худалдаачдаар халхавч хийх нь мөн л Хорезмтэй дайн эхлүүлсэн тэр үед л байсан туршлага бөлгөө...
Бид ч тагнаад байсан юм биш, бусад улс гүрнүүд ч Монголыг тагнаж судлаж байсан. Харин тэр “тагнуулын мэдээллийн эмхэтгэлүүд” өдгөө бидний түүхийн чухал сурвалж болж хувирсан байна. Харин мэдээллээс таслагдах аюултай, ийм үндэстэн улс аливаа дайралт довтолгоонд сүйрвэл хэн ч мэдэхгүй өнгөрдөг. Үлгэрлэвээс Төвд лугаа адил. Гэвч Монголчуудыг дэлхийн түүх мартахгүй байв. Энэ бол Монголчууд дэлхий дахины бодлогод нөлөөлөхүйц хэвээр байсны баталгаа юм. Жак Уэдэрфорд “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Их эзэн Чингис хаан” номдоо бичсэнээр бүр хожим Испанийн хаан Колумбийн далайн аяныг санхүүжүүлэхдээ дэлхийг тойрч Энэтхэгийг олоод, Их хааны улсад очвол хаанд өргөн барих жуух бичиг өгч явуулж байсан нь мэдээлэл дутуугийнх. Тэр үед Монголд Даян хааны эрин эхэлж байсан. Жуухыг алтан уулын өвөрт буюу “Эльдорадо”-д хүргэж барих байсан, тэр нь Алтай...
Хүн гүрний тухай хамгийн тодорхой бичсэн хамгийн эртний Хятадын судар Сы Мачяны “Түүхэн тэмдэглэл” бол Хүн гүрнийг тагнах, Хүн гүрний цаад талд орших хүчирхэг холбоотон хайх, Хүнчүүдээс авч чадахаа байсан агтаа өөр улсаас авч сэлбэх, домгоор бол Кавказын нурууны байдаг эцэж цуцахыг үл мэдэх “Цусаар хөлөрдөг” адууг олж авчрах зорилготой Цин гүрний стратегийн санаархлыг харуулсан “тайлан” юм. Сы Мачян Цингийн хил гармагцаа Хүнчүүдэд олзлогдоод 10 гаруй жил болохдоо Хүнчүүдийг алгасалгүй ажиглан судалсан бөгөөд эндээс оргож Европыг хүртэл аялаад буцаж ирээд аавынхаа оронд Хан гүрний ордны түүхч болсон байдаг. Анхны хувилбартаа Хүнчүүдийг их магтсан нь У Ди хааны таалалд нийцээгүй тул өөрөө агтлуулсан намтар нь ч бий. Чухам тэр л У Ди хааны зарлигаар “Ху” буюу бүдүүлэг гэсэн нэрийг нүүдэлчдэд өгсөн нь мянган дамжин уламжлагдсан юм.
Хожуу бичсэн “Монгол татарын бүрэн тэмдэглэл” ч бас л тагнах, судлах зорилготой бүтээл агаад энэ бидний үед хадгалагдан ирснээс бид өөрийн түүхийг тэндээс сэргээж байна. Гагц Хятадууд ч биш, Марко Пологийн тэмдэглэл хожмын юм гэж үзэхэд Гильом де Рубрук, Плано Карпиний тэмдэглэлүүд ч өрнийн заламгайтнууд Монголын эзэнт гүрний талаар бодат мэдээлэл олж авах зорилготой илгээсэн тагнуул, туршуулын тайлан юм.
XIX зууны сүүлч, XX зууны эхээр гэв гэнэтхэн барууны аялагчид Монголд олноор ирдэг, томоохон экспедицүүдийг өрнийн гүрнүүд зохион байгуулдаг болсон билээ. Үүнээс өмнө христийн католик, үнэн алдартны лам нар мэдээлэл цуглуулж, түүнээ эмхэтгэж хэвлүүлэхийн зэрэгцээ архивладаг байжээ. Энэ ажлын нэг сонирхолтой үр дүн бол Фалладий Кафаров “Монголын Нууц товчоо” хөлгөн судрыг олж, орчуулж хэвлүүлсэн явдал юм. Генерал Пржевальский тахийг өөрийн нэрээр нэрлүүлж, Майский Богд Хаант Монгол Улсын хүн амын тооллогын материалыг хахуульдан авч, ахмад Козлов Ноён уулын Хүннүгийн булшийг малтаж, Эндрюсүлэг гүрвэлийн өндөг зөөж Монголын түүх, олдвор соёлыг дэлхийд хүргэхийн зэрэгцээ нэвт шувт тагнан судалж байсан.
Дани, Швед, Орос, Америкийн тагнуул, туршуул Монголын өнцөг булан бүрт хүрэхээр тэмүүлж, тэр тоолонд Монголын түүхийг бичиж, бас сайн муу нөлөө үзүүлж л байсан. Европын интервэнцийн үр дүнд оролцсон орнууд Чин гүрнийг хуваахад Ордос, Бор тохой Шведэд, Баруун Монгол Данид оногдсон байдаг. Богд Хаант Монголын Улсын цэрэг Өвөрмонголыг чөлөөлөх таван замын байлдаан хийх үед Швед Ларсон Ордосын чиглэлд давшсан Насанравжихыг Хятадын талд урвуулах ажлыг хийсэн хорлонтой түүх ч бий. Хаслунд Торгуудын шүтээн гэрийг тэр чигээр нь аваад явчихсан ч тохиолдол бий...Энэ бүгд гэгээн сайхан Шинжлэх ухааны нээлт хийх, Монголын ард түмнийг дэлхийд таниулах үүрэгтэй байгаагүй юм, гол нь тагнан турших, судлан шинжлэх явдал байлаа.
Бид ердөө л судалгааны идэвхгүй обьект болсон байв уу?
XIX-XX зуун: Монголчууд тагнасан нь
Чин гүрэн Хар тамхины дайнуудад сулран доройтож, Бээжинг алдсан Цыши хатан илжиг унаад Ланжоу руу зугтаж амиа хоохойлж байсан тэр цагт Монголчууд тусгаарлах санаагаа хэрэгжүүлэхээр хөдлөж эхэлсэн байдаг. Дорой буурай, хоцрогдон түгжигдсэн орон гагц тэнгэрийн тааллаар тусгаар тогтнолоо олсон бус, тэр таалал нь байгаад бас Монголчууд эрчимтэй ажилласны үр дүн, “тэнгэрээс тэр хүмүүсийг илгээсний” үр дүн бол манай тусгаар тогтнол билээ.
Тэр ажил тагнан турших, мэдээлэл цуглуулах, дэлхий ертөнцийн цагийн байдлыг шинжлэн судалж, мэдэхээс эхэлсэн билээ. Бүр 1895 онд Хүрээнээс Монголын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Цагаан хааны хотод очиж, Их Оросын зүгээс Монголын тусгаар тогтнолыг дэмжих эсэхийг тандах, санаагаа илэрхийлж байжээ. Хүрээнд Оросын консулын газар нээх,бэхжүүлэх консулаар Монголчуудад талтай хүн илгээх саналыг тавьж байсан тэр төлөөлөгчдийн дотор өнөө алдарт Шанзав Бадамдорж ч явсан.
Лам Д.Чагдаржав Орос, Польш, Итали, Франц, Энэтхэг орноор, “Япон” хэмээх А.Данзан Япон, Хятадаар, аграмба Н.Хаянхирваа Орос, Халимаг, Туркээр, Баргын Ц.Лувсанням лам Орос, Хятад, Төвдөөр, нэрт түүхч, манжич Б.Буянчуулган “Ар, Өвөрмонголчуудыг нэгтгэн хамгаалж авах талаар Орос улс ямар бодолтой байгаа”-г мэдэхээр Хаант Орост удаа дараа, Чин ван Л.Дашдэндэв Хятадаар, “Цагаан” хэмээх Данзан лам Ил тарвагатай, Шинжааны нутгуудаар олон жилээр явж, мэдээлэл цуглуулж байжээ.
Энэ үед гадаад тагнуулын ажил явуулахдаа бадарчлан явах, шашны томоохон хуралд оролцох, мөргөл үйлдэх, хийдэд шавилан суух зэрэг халхавчийг гол төлөв ашигладаг байжээ. Басхүү шашны халхавчаар мэдээлэл цуглуулах товчоо байгуулахыг ч оролдож байв. Үүний нэг гэрч нь өдгөө ч Санкт Питербургт байгаа “Гүнзэчойнэй” дацан агаад эндээс Их оросын нийслэлээс Монголын талаар бодлогыг шинжсэн мэдээллүүддийг байнга ирүүлж байсан гэдэг. Чухамхүү энэ дацанг байгуулахыг ихэд чармайсны нэгэн илрэл бол тус дацанг барих хөрөнгөний талыг Богдын ЗГ дангаараа гаргасан байдаг. Үлдсэн хөрөнгийг Халимаг, Буриад, Тува зэрэг монгол хэлт буддын шашинтнууд, бас Төвдүүд гаргажээ.
Чин гүрний төрийг түлхэн унагахын өмнөхөн Ханддорж Чин ван, XIII Далай лам, Юань Шикай нарын хоорондын хуйвалдааны тухайд ч судлан үзэх хэрэгтэй мэт. Чухамдаа Ханд вангийн Хүрээнээс мордсон Далай лам Бээжинд очоод Юань Шикайтай уулзсан байдаг. Түүний дараа Далай лам Эзэн Тайхуд (Цыши) Цэвээн тавьсан ба үүнээс 7 хоногийн дараа Эзэн Тайху үхэж, хоёр настай Пу И-г яаравчлан тоглоомын хаан болгосон байдаг. Юань Шикай төрийн эрхийг авч, Далай лам Сычуань руу гарсан ба харин Ханд вангийн хүү баригдан цаазлагдсан байна. Далай ламыг тэнд байхад хожим Финляндын Ерөнхийлөгч болсон хурандаа Маннергейм очиж уулзсан байдаг. Энэ түүхийг Далай ламыг дагасан төвдүүдийн шалтгаангүй хуйвалдаан, хааны ордны буруу шатаар явсан гэх мэт өнгөц тайлбараар тайлах аргагүй “түүхийн нууц” хэвээр байгаа юм. Ханддорж ван цаазлуулсан хүүгийнхээ толгойг аваад буцахдаа Монголыг тусгаарлах санаагаа тунхагласан байдаг нь Чингийн төрийн эсрэг хийсэн хуйвалдааны илрэл. Тэндээс Чин гүрэн мөхөж, Хятадад БН засаг тогтоод, Монгол тусгаар тогтнож, Олноо өргөгдсөн төрийг зарлаж, Төвд “хагас” тусгаарласан билээ.
Я.Коростовецийг мадалсан “Вэстфалийн гэрээ”-г Да лам Цэрэнчимэд чухам энэ шугамаар олж авсан бөгөөд тусгаар тогтнолын төлөө тэмцэж буй Монголчуудын ОУ-ын гэрээ, эрхийн актууд, тогтсон дэлхийн дэг журмын талаарх мэдээлэлжсэн байдал, гүнзгий мэдлэг нь Орос төдийгүй барууны олон тандуул, туршуулуудыг гайхшруулж байсныг олонтаа тэмдэглэн үлдсэн нь бий. Богд Хаант Улс яаж ийгээд Хаант Оростой Дундад улсаас хамааралгүй хоёр ч гэрээ байгуулсан нь олон улсад бие дааснаа нотлон харуулсан хэрэг байв. Төвд Оростой ийм гэрээ байгуулах гээд чадаагүй ч яг адил гэрээг Монголтой байгуулж, харилцан тусгаар тогтнолоо зөвшөөрсөн байдаг.
Ф.Оссендовскийн бичсэнээр Богд хааны ордон дорно дахины хамгийн нөлөө бүхий улстөрийн төвийн нэг болсон бөгөөд Умард зүгт Якут, өрнө зүгт Перс, Өмнө зүгт Хятадын хааны ордон, дорно зүгт Япон хүрсэн улстөрийн бодлого энд боловсорч байжээ. Бараг айдас түгээсэн домог тархаасан бичлэгээр Богдын ордон дахь багад нь хэлийг нь огтолсон эмч нар энэ орон зайд эрлэгийн элч болж байсан бөгөөд тэднийг үзэгдэх тоолонд гүрнүүдийн ордон дотор айдас хүйдэс нэвчдэг байж. Улс орондоо хэрэгтэй шийдвэр гаргуулахын тулд тэднийг илгээдэг байжээ. Харин гадаад тагнуулын мэдээг Баатар захирагч боловсруулж шууд хаанд өргөдөг байжээ. Аливаа тагнуулын мэдээлэл маш нууц байж гагц хаанд хүрдэг энэ тогтолцоо эртний уламжлалтай билээ.
1917 оны Октбярийн хувьсгалын дараа Оросын шинэ Засгийн газраас колонийн дарлал байгаа ард түмнүүдийн тусгаар тогтнох эрхийг хүлээн зөвшөөрөх, дэмжих тухай мэдэгдэл нь Монголчуудад 1915 оны Хиагтын гэрээг цуцлах аятай далим болон харагдсан ба чухам энэ мэдэгдлийн дараа Ерөнхий сайд, хан Намнансүрэн яаравчлан Эрхүүд очиж улаан хадаг барьж, шинэ засаг лугаа харилцаа тогтоох санал тавьсан байдаг.
Ерөнхий сайд, хан Намнансүрэн: “Оросын шинэ засгийн газраас хэрэв танай Монгол тусгаар тогтносон байдлаа бататгахын тулд тусламж эгээрэн хүсвээс уул хүсэлтийг хүлээн авна гэж тус улсад тусгайлан мэдэгдсэний дагуу” очсон гэжээ. Энэ талаар З.Шумяцкий хожим дурсан бичихдээ “1917 оны арван хоёрдугаар сард Монголын төлөөлөгчид Сибирийн улс төрийн төв Эрхүү хотын большевикуудын байгууллагын товчоонд очиж, Зөвлөлт засгийг талархаж байгаагаа илэрхийлэхийн хамт Хятадын дарлалаас хагацан ангижрах арга зам зааж туслахыг хүсч улаан хадаг өргөн барьсан” гэжээ. Энэ үгийг анзаарвал Монгол бичгийн найруулгын онцлогийг шинэ цагийн боловсролгүй хувьсгалч “шууд заавар, тусламж хүссэн” гэж ойлгосныг илтгэнэ. Хэрэв хуучин албан бичгийн ёсоор уншвал “Хятадын дарлалаас ангижирах арга зам зааж, туслахыг хүсэн барив” гэдэг нь “Танайх энэ талаар Монголд ашигтай ямарваа шийдвэр гаргавал хамтран ажиллахад бэлэн” гэсэн үг юм. Энэ ажиллагаа цаг хугацааны хувьд маш шуурхай Октбярийн хувьсгалаас хойш ганцхан сарын дотор хийгдсэнийг огнооноос харж болно. Энэ бичиг 1921 оны Ардын хувьсгалын “үрийг суулгасан” хэрэг байсан ч байж мэднэ. Үүнээс хойш Зөвлөлтийнхөн үргэлж “зааж, туслахыг” голлож эхэлсэн.
Ийнхүү үйл явцын өрнөлийн эцэст Монголын орчин үеийн тагнуулын байгууллагыг Засгийн газрын 1922 оны 7 сарын 3-ны өдрийн 28-р тогтоолоор “Дотоодыг хамгаалах газар” нэртэйгээр байгуулж, анхны даргаар нь Дашийн Балдандоржийг, хэлтсийн даргаар К.К.Баторуныг томилжээ. Энэ байгууллагыг Богд хаант Монгол Улсын тагнуулын ажлын өв уламжлал дээр тулгуурлан, ЗОУ-ын тусгай албаны загвар хэлбэрээр байгуулсан байдаг. Нууц явдлын хэлтэс бүхий “Үргэлж мэдээ хураах” тагнуулын, Гүйцэтгэх, Ерөнхий гэсэн 3 тасаг, 14 ажилтантай сөрөх тагнуулын эрх, үүрэгтэй байжээ.
Тусгаар тогтнолоо баталгаажуулахын төлөө...
Ардын хувьсгалын дараа тусгаар тогтнолоо бататган хамгаалах нь тэргүүн зэргийн зорилго болсон билээ. Үнэндээ Зөвлөлт ч Монголын араар Хятадтай улстөрийн эрх ашгийн үүднээс гуйвж дайвсан наймаа, тохиролцоо хийж, Монгол Улсын эрхийг үл тоомсорлож байсан явдал ч бий юм.
Дэлхийн хувьсгалын эрин, их дайны дараахь задралын ертөнцөд Монголчууд өөрийн ололтоо хадгалж үлдэхийг чармайхын зэрэгцээ довтолгоо бол сайн хамгаалалт гэдгийг бас ойлгож байжээ. Хэдий Зөвлөлтийн хараат улс гэгдэж байсан ч Урианхайн хязгаарыг Зөвлөлтөд алдахгүйн тулд сүрхий сөргөлдөж байв. Урианхайд томилж байсан “төлөөлөгчийг” дипломат элч биш, Төв засгаас томилогдсон амбан захирагч гэж гэж үзэж, тухайн орон нутаг дахь асуудлыг шийдэхэд гар дүрэн оролцож байв.
Хятадын дотоод үймээн, генералуудын эзэмшил болон хуваагдсан нь зарим талаар Монголд ашигтай нөхцөл үүсгэж байв. Зөвлөлтөд ч иргэний дайны дараах шархаа нөхөхөд хугацаа хэрэгтэй байсан тул хувьсгалын эхэн үед аядуу бодлого барьж байжээ. Романтик хувьсгалчид ба залуучуудын идэвх нь үндэстнээ нэгтгэх үзэл санааг дэвэргэж байв.
Тухайн үед манай тагнуулчид Алшаа, Баргад бас Өвөрмонгол, Шинжаанд идэвхтэй ажиллаж байжээ. 1928 онд Алшаад, 1929 онд Баргад Монголын тусгай төлөөлөгчдийн оролцоотой бослого хөдөлгөөн гарч, тухай бүрт Монголоос цэргээр дэмжихийг оролдож байсан түүх тэмдэглэгдэн үлджээ. Энэ үйл явцын цаана Монголын тагнуулч Мэрсэгийн нэр тодорч байдаг. Өвөр монголд хувьсгал хийх замаар тусгаарлаж, улмаар нэгтгэх талаар ил тод ярьж байсан ба зохиолч Буяннэмэх өөрийн биеэр энэ ажилд оролцох хүсэлтэйгээ илэрхийлж, бас оролцож ч байжээ. Хятадын дотоод хямрал ужгирахын хэрээр хурдан тэнхэрсэн Монголын Засгийн газар илэрхий идэвхтэй ажиллах болжээ. 1929 онд Баргад Мэрсээгийн зохион байгуулсан бослого, түүнийг дэмжсэн Монголын цэргийн ажиллагаа нь Хятадын Зүүн хойд мужийн захирагч гэгдсэн Жан Золин дангаараа Монголын асуудлыг шийдвэрлэж хүчрэхгүйг нотлон харуулсан билээ. Удалгүй Жан Золин ч галт тэрэгтэйгээ дэлбэрч үхэв. Зүүн этгээдэд Манжго Улс бий болсон нь Монголын гадаад тагнуулыг тэр зүгт идэвхжүүлжээ. Энэ үеэс Хятадын Төв Засгийн газар Монголын асуудалтай зууралдах тэнхэлгүй болсон юм.
Үүний зэрэгцээ Жа лам зэрэг дотоодын салан тусгаарлагчдыг дарах, гадны өдөөн хатгалгаар дэгдсэн бослого хөдөлгөөнийг дарах, дүрвэгчдийг буцаах, мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх зэргээр эдийн засгийн аюулгүй байдлаа хангах, гадагш гарч буй бараанд хяналт тавих зэргээр амсхийх завгүй ажиллаж байв. Энэ зуур Оросууд Монголыг дорно зүгт хийх хувьсгалын түшиц газар болгон Коминтерний мэдэлд шилжүүлсэн байдаг. Коммунист хувьсгалын экспорт, Монголын үндэсний нэгдлийн үзэл санаа үйл ажиллагааны зарим чиглэлд давхцаж байсан ч үзэл санааны хурц зөрчилд хүргэж байжээ. Тиймээс Дотоодыг хамгаалах газар үе үе цэвэрлэгээнд өртөж, нам, Засгийн газар дахь халаа сэлгээнд хамтдаа өртөж байв.
Бие даасан бодлого явуулахын тулд Оросын зөвлөхүүдийг цөөлөх, мэдээллийг цэргийн зөвлөл, коминтерний төлөөлөгчдөд биш шууд ЗГ-таа өгөх зэрэг өөрчлөлтийг хийсэн Ц.Дамбадоржийн ах, Дотоодыг хамгаалахын дарга Ц.Насанбат огцров. Бүр Богд хаант улсын үеийн олон улсын алдартай тагнуулч, эсперанто хэлтэй Н.Хаянхярвааг мөн л Дотоодыг хамгаалахын дарга байхдаа эмнэлэгт хэвтэж байхад нь Зөвлөлтийн НКВД-ийн зартай алуурчин Яков Блюмкин ортой нь давсгаар нь нэвт жадлан алсан түүх ч бий юм. Н.Хаянхярваа Зөвлөлтийн НКВД дотор хүчээ авч байсан Дорнын нийгэмлэгт маш их нөлөөтэй болсон байсныг Төвдөд илгээсэн экспедицийнхнээс Я.Блюмкин мэдэж авсан байна. Төвдийн экспедицийн 40 гаруй хүнээс Я.Блюмкин цор ганцаараа эргэн очсон ба бусдыг өөрийн гараар устгасан байдаг. Тэр аллагын эцсийн хүн нь алдарт Н.Хаянхярваа болсон юм.
Энэ мэтээр баруунтнуудыг Засгийн эрхнээс зайлуулсны дараа зүүнтний нугалаа гаарч улс орны дотоод байдал тогтворгүй болов. 1932 онд малчдыг хүчээр хамтралжуулах, тайж, лам нар болон баячуулын хөрөнгө хураах болон зөвлөлтжүүлэх бодлогыг эсэргүүцсэн Ардын зэвсэгт бослого гарч, түүнд нь орон нутгийн нам төрийн байгууллагын хаиуцлагатай ажилтнууд ч нэгдэв.Бослого тухайн үеийн засаг захиргааны хуваариар БНМАУ-ын баруун дөрвөн аймаг, өнөөгийнхөөр Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Увс аймгийг нутгийг хамарсан байна. Мөн үеэр 30 гаруй мянган хүн хилийн чанадад дүрвэн гарчээ. Бослогыг цэргийн хүчээр дарсан ба 1915 хүнийг алж, 38 хүнийг шархадуулжээ. Бослогын удирдагчийг шүүн цаазалсан юм. Гэвч энэ бүхний эцэст Комитерний нэр хүнд Монголд шалдаа буутал унасан ба Шмераль мэт өсөрхсөн коммунистууд “Монголчуудыг бүгдийг нь хядаад өргөн уудам газар нутгийг нь түшиц болгон ашиглах хэрэгтэй” гэж бичиж байв.
Орос-Японы зөрчлөөс үл хамааран Манжготой хилийн асуудлаа зохицуулах гэсэн Монголын ЗГ, Ерөнхий сайд П.Гэндэнгийн оролдлого нурж, тэрээр гэрийн хорионд орсноор Зүүн хязгаарт дайн гарах нь дамжиггүй болжээ. 1930-аад оны дундуур Монголын нам-засгийн удирдлагатай шууд ажиллах үүргийг И.Сталин гартаа авч, Коминтерний нөлөөг бууруулснаар Зөвлөлтийн НКВД Монголын асуудалд шууд оролцох болжээ.
Зөвлөлтийн Дотоодыг Хамгаалах Ардын Комиссариатын орлогч М.Фриновский, Батлан хамгаалахын орлогчийн хамт 1937 оны наймдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод ирсэн юм. Тэрээр „Заговор“ гэж томъёолсон хэрэгт холбогдуулан цаазлах ёстой Монголын 115 хvний нэрсийн жагсаалтыг ДЯЯ-ны сайд Чойбалсанд биечлэн гардуулжээ. Ийнхүү арми, нам, улс орныг хамарсан цуст цэвэрлэгээ эхэлж хүчээ авчээ.
1937 оны 10 дугаар сарын 2-нд Х.Чойбалсан, Д.Лувсаншарав, Г.Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй “Онцгой бүрэн эрхт комисс”-ыг байгуулсан юм. Онцгой комисс татан буугдталаа буюу 1939 оны 4 сарын 22-ныг хүртэл 25 785 улстөрийн хэргийг хэлэлцэж, 81,4 хувийг нь буюу 20 099 хүнийг цаазалж, 5 739 хүнд хорих ял оноожээ.
Дотоодыг Хамгаалах Газар яам болж, Ерөнхий сайдын орлогч Х.Чойбалсан “Онц бүрэн эрхт комисс”-той хамтад нь толгойлох болсноор Монголын нэгдүгээр хүн болон тодорчээ. Хэдийгээр Монгол даяар явагдсан цэвэрлэгээг Дотоодыг хамгаалах яам гардан хэрэгжүүлсэн гэгддэг ч тус яамныхан өөрсдөө ч цэвэрлэгээнд өргөн хүрээтэй хамрагдсан бөгөөд нийт ажилтны 80 орчим хувь нь өртжээ.
Японы өнгөлзлөгө бодит байдал болсон ба нэгэнт түрэмгийлэх зорилготой тул эсрэг этгээдийн эсрэг тагнан турших, хорлон сүйтгэх, хутган үймүүлэх ажлуудыг эрчимтэй явуулж эхэлсэн нь тодорхой юм. Энэ үед манай талаас сөрөх тагнуулын ажлыг өндөр түвшинд явуулахаас өөр аргагүй байдалд хүрсэн ба тэгж чадаж ч байжээ. Ялангуяа өмнө зүгт илгээсэн Дилов хутагтын үйл ажиллагаа маш үр дүнтэй байв. Манзушир хутагт ба Дилов хутагт хоёроос залуу, эрэмгий хутагтыг сонгож илгээсэн нь маш зөв сонголт болсныг хожмын олон үйл явдал баталсан билээ. Харин Манзушир хутагтыг цаазалсан юм. Ялангуяа Халх голын дайны үед авагдаж байсан манай гадаад тагнуулын мэдээний чанар, боловсруулалт, бодат байдал Зөвлөлтийнхөөс огтхон ч зөрдөггүй, зарим талаар илүү байжээ.
Үүний зэрэгцээ Зөвлөлтийн дэмжиж байсан шинэ тулгар ХКН-ыг дэмжих, зэр зэвсэгээр хангах, боловсон хүчнийг сургах, орогнуулах бэлдэхэд Монголыг ашиглаж байсан нь олон арван фото зураг, дурсамжаар батлагддаг. Анх 1929 оны 9 дүгээр сарын 1-нээс тухайн үеийн Монголын Үйлдвэрчний Ерөнхий Зөвлөлөөс хятад хэлээр гаргаж эхэлсэн “Ажилчны зам” сонины идэвхтэй уншигч ба материал нийлүүлэгчдийн дотор БНХАУ-ын Төрийн дууллыг зохиогч Сиан Син Хай байжээ. Өнөөдөр энэ сониныг 90 дэхь жилдээ “Мэнгү сяошибао” буюу “Монголын мэдээ” нэртэйгээр “Монцамэ” агентлагаас эрхлэн гаргаж байгаа ба БНХАУ руу чиглэсэн мэдээллийн гол цөмийг төвлөрүүлж байна. Дэн Сяопин 1927 онд Францаас Москвагаар дайрч нутаг буцахдаа Монголын говиор, тэмээгээр 27 хоног явж хүрсэн тухай дурсамжинд нь бичжээ.
Зүүн баруун хязгаарт...
Дэлхийн II дайн, Чөлөөлөх дайны дараа тагнуулын үйл ажиллагаа баруун зүгт идэвхжиж эхэлсэн байна. Зөвлөлтийнхөн хэсэг хугацаанд Гомидантай буфер Дорнод Туркестаны БНУ байгуулаад, Шинжааны сувгаар ХКН-д зэвсэг нийлүүлдэг, зарим чухал түүхий эд олборлодог байснаа коммунистууд БНХАУ-ыг байгуулмагц тоглоомын улсаа нурааж орхижээ. Харин үүнээс БНМАУ-ын маршал Х.Чойбалсан хонжоо харсан бололтой, Алтай аймгийн хасгийн босогч Оспаныг зэвсэглэж, сургагч, зөвлөх, тагнуулын мэдээгээр хангаж байв. Дорнод Туркестаныг тусгаарлах ажилд оролцогч Монголын торгууд хасаг тагнуул, туршуул, зөвлөхүүд Шинжаанаар хэрэн хөлхөж байв. Шинжааны хойд хэсэгт Монголчуудаас Зүүнгарын хаант улсын хүн амыг хядсаны дараа ижилээс нүүн ирсэн торгуудууд зонхилдог болсон байсан ба чухам ийм шалтгаанаар Монгол дахь гол түшиц газраар мөн торгуудууд нутагладаг Ховд аймгийн Булган сумыг сонгож авсан байв. Хэрэв Дорнод Туркестан цаашид улс болон оршин байх ахул маршал Урианхай 7 хошууны нутгийг бүтэн болгож, Алтайн цаадахь хамгийн үржил шимтэй нутгийг түүхэн үндэслэлээр буцааж авахыг бодож байсан бололтой байдаг. Чухам ийм шалтгаанаар тус нутгийн Оспанаар толгойлуулсан Хасгийн босогчдыг дэмжиж, бүр 1944 онд казах-урианхай нараас бүрдсэн Баян-Өлгий аймгийг Ховдоос салган байгуулсан байдаг.
Гэвч Зөвлөлтийн тусгай албаныхан Шинжааны удирдагчдыг тэр жил Япончууд Жан Золингийнхныг вагонтай нь дэлбэлдэг шиг нэг онгоцоор авч яваад сүйрүүлж орхисон байдаг. Дараагийн удирдагчид нь БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсон ба Оспан Гоминданы талд урваж дээрэм тонуул хийж, хязгаар нутгийг үймүүлэх болжээ. Хятадын коммунист арми Гоминданыхныг Америк зөвлөхүүдийн нь хамтаар Шинжаанаас шахан гаргасан ба хил орчмын нутгаа Монголын хилийн цэрэг цэвэрлэжээ. Оспан зугтаж яваад коммунистуудад баригдан цаазлуулсан байна.
Маршал Х.Чойбалсан Ховог сайр, баруун Цонжоос 2000 орчим торгуудуудыг нутагтаа оруулж авснаар дэмжлэгийнхээ хариуг аваад зогсохоос аргагүй болжээ. Харин тэр үед НҮБ-д Хятадыг төлөөлж байсан Тайваний төлөөлөгч “Монгол бол хөрш улсдаа халдан довтолсон түрэмгий улс” гэж шалтаглан элсүүлэхээс татгалзаж байсан ажээ. Чухамдаа чөлөөлөх дайн, баруун хилийн байлдаанаас маршал хэдэн мянган иргэнээ татан авсан хожоог л гаргаж авсан юм. БНМАУ-ын газар нутгийг их гүрнүүд 1911 оныхоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд цаг ямагт давшиж байсанмаршал Х.Чойбалсанд үүнээс цааш сөөм ч газар нэмж нэгтгэх хувь олдоогүй билээ. Маршал Х.Чойбалсан И.Сталиныг үхэхээс яг нэг жилийн өмнө таалал төгсөв. Өндөр гэгээнийг Энх-Амгалангаас жилийн хойно хөнөөсөн түүх давтагдсан мэт байв. Хэрэв ийм хүмүүсийг үлдээвэл юу болж болохыг хожим маршал Ю.Цэдэнбал харуулсан...
Дэлхийн II дайны дараа дэлхийн коммунист лагерь бий болоход Монголын тагнуулын байгууллага системийн дорно хязгаарын нүд чих болон хувирчээ. Коммунист систем нь яг хуучин Монголын эзэнт гүрний нутагтай давхацсан тэр хязгаарт оршин байсан юм. Коммунист лагерийн дотоод зөрчлийн үед БНМАУ Умард хөршийнхөө талд баттай зогсож байв.
Солонгосын хойгийн дайн, Вьетнамын дайны үед Монголын арми, зөвлөхүүд бүс нутагтаа нууц үүргийг гүйцэтгэж байсан ба үүнд тагнуулын байгууллагын идэвхтэй ажиллагаа чухал байсан нь дамжиггүй. Умард Солонгосын армийн Пусан хүрсэн анхны давшилтын төлөвлөлт ба удирдлагыг Монголын армийн зөвлөхүүдийн оролцоотой хэрэгжүүлсэн тухай мэдээллийг А.Столипин өөрийн “Москюа Бээжингийн завсар дахь Монгол” номдоо Шанхай дахь Хятадын тагнуулын байгууллагын архивын мэдээнд үндэслэн бичсэн байдаг.
Энх цагийн бүтээн байгуулалтад армийн боловсон хүчнийг дайчлан, армийн бие бүрэлдэхүүнийг цөөлж байхад харин Монголын НАХЯ улам өргөжиж, дотооддоо иргэдээ хянах, системийг хатуу гараар тогтвортой байлгах үүргийг гүйцэтгэж байв. “Сэхээтний төөрөгдөл”, “Намын эсрэг бүлэг”-ийг нухчин дарахад аюулаас хамгаалах байгууллага оролцож байсан. Хамгийн сүүлд Төмөр-Очир агсныг хөнөөсөн нууцлаг хэрэг ч “КГБ алхаар” үйлдэгдсэн байдаг ба Жалан-Аажавыг огцруулахад Төмөр-Очирын гэрээс НАХЯ-ныхан олсон мэдээлэл гол үндэслэл болсон байв. Гадаад тагнуулын байгууллага коммунист системийн доторх Аюулаас хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл солилцож байв. Ийнхүү 1990 оны дэлхий нийтийг хамарсан Ардчилсан өөрчлөлттэй нүүр тулжээ.
Монголд АРдчилсан хувьсгал ялахын өмнөхөн өдгөө дэлхий дахинаа өнгөт хувьсгалын эцэг гэгдсэн Стив Манн АНУ-аас БНМАУ-д ЭСЯ байгуулах ажлыг гардан гүйцэтгэж, түр хамаарагчаар ажиллаж байв. Түүний очсон газар бүрт өнгөт хувьсгал ялдаг. Харин үүнийг Монголын НАХЯ мэдэж байсан, АНУ-аас санхүүжилт орж байгааг ч хянаж байсан. Ардчилсан хувьсгалыг гардан хийсэн бүх хүмүүсийг бүхий л үйл хөдлөлийг нь нүд цавчилгүй ажиглаж байжээ. Гэвч Ардчилсан хувьсгал ялсан, үүнийг хожим яруу найрагч, төр-нийгмийн зүтгэлтэн Б.Лхагвасүрэн агсан “Торгон хувьсгал” хэмээн нэрийдсэн байдаг.
Үүнд Монголын тагнуулын байгууллагын ажиллагаа аядуу зөөлөн удирдагчдын шийдвэрүүдээс дутахгүй нө лөөтэй байсан юм. Гэвч энэ цагаас хойшхи үйл явц түүх болж амжаагүй байна...
Төр бол хүний нийгмийн зохион байгуулалтын түгээмэл хэлбэр юм. Төр, улс бий болсон цагаас үндэсний дотоод болон гадаад аюулгүй байдлыг хангах тогтолцоо зайлшгүй хамтдаа бий болсон байдаг. Энэ тогтолцоо өнөөг хүртэл төрт ёсны хамт төгөлдөржин хөгжсөөр иржээ. Яг энэ замаар замнасан Монголын тагнуулын байгууллага урт удаан түүхтэй. Энэ урт удаан түүхээс Монголын орчин үеийн тагнуулын байгууллагад 97 жил оногддог бөгөөд энэ ой 7 дугаар сарын 3-нд болно.
Мөн тул удахгүй “Хэро” энтертаймэнт студийн Монголын тагнуулын байгууллагын 97 жилийн ойд зориулан бүтээсэн баримтат кино танай дэлгэцнээ гарах болно!
Зочин
Равдан
оном
VNEN
Зочин
zochin