Өдөр бүхэн нар манддаг
Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Оршихуй үнэхээр өгөөмөр ажээ. Хэчнээн олон өдрийг чи дэмий балай өнгөрүүлэв? Гэлээ ч чамаас нүүр буруулсангүй, дахин шинэ өдрийг бэлэглэж байна. Ямар их аз завшаан, амин шимийг үрэн таран хийв ? Гэвч оршихуй чамд итгэсээр шинэ боломжоо хайрлаж байна.
Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Оршихуй үнэхээр өгөөмөр ажээ. Хэчнээн олон өдрийг чи дэмий балай өнгөрүүлэв? Гэлээ ч чамаас нүүр буруулсангүй, дахин шинэ өдрийг бэлэглэж байна. Ямар их аз завшаан, амин шимийг үрэн таран хийв ? Гэвч оршихуй чамд итгэсээр шинэ боломжоо хайрлаж байна.
“Өнөөдөр би энэ боломжийг алдахгүй. Үнэхээр хангалттай. Өдрийн турш би сэргэлэн цовоо байна. Үйлдэл бүрээ сэхээрч, алхам бүрээ бясалгах болно. Өдөр тутмын ажил амьдрал минь өөрчлөгдөхгүй ч цоо шинэ агуулгаар баяжина. Би түүнийг ухамсраар цэнэглэх болно“ гэж өр зүрхний угаас шийдэгтүн. Шинэ өдөр тавтай морил. Өнөөдөр ч гэсэн гэгээрэх зол, хувирах боломж байна. Оршихуй надад үнэхээр найдаж байна. Ийнхүү гүн талархал, уужим санаа зоригоор шинэ өдрийг эхлээрэй.
Эхлэл, төгсгөл хоёрт хоёр үйлийг үйлд – Адиша
Орой унтахын өмнө бас л таларх. Энэ өдөр учирсан бүх юманд таларх. Сайн, муу, азтай, азгүй аль алинд нь баярлалаа гэж хэл. Учир нь тэр бүхнээс чи суралцаж, амьдралыг таньсан. Зөв талаас нь ойлгож чадвал тохиол бүхэн аз завшаан, хором бүр гэгээрэл тийш урсах урсгал билээ. Золгүй учралаас ч гэсэн үр шимийг хүрт. Үнэндээ амжилт бүтээлээс илүү золгүй учрал чамд сэргэг чанарыг соёрхдог. Жаргал гэмээнэ согтоож ирэхийн цагт Бурханыг хүн мартдаг. Зовлон гэмээнэ цочоож ирэхийн цагт Бурханыг сая санадаг бус уу? Жинхэнэ хувьтай хүн гэж жаргаж байхдаа ч сэрэмж алддаггүй, зовлон дунд ч сэхээ алдаггүй хүнийг хэлнэ.
“Айдсаас үүдсэн залбирал бол залбирал биш, замаа алдсан төөрөгдөл. Амьсгал бүр минь залбирал, агшин бүхэн мөргөл байхад хоосон ёслол үйлдэж суухын хэрэг надад алга” гэж нэгэн Сүфийн мистик хэлжээ. Сүфийн “залбирал” хэмээх үг Буддагийн “ухамсарлах” гэсэн үгтэй утга чанар нэг юм. Тийнхүү орой унтахын өмнө хамаг оршихуйд ахин талархсугай. Залбирагч хүний хувьд Бурхан тэнгэр бий. Бүх юмсыг түүний хувирал гэж мэдэрдэг. Харин бясалгагч хүний хувьд Бурхан тэнгэр байхгүй. Гэхдээ бүх юмсыг шүтэн барилдлагаар нь ариун гэгээн гэж ухамсарладаг.
Орой бүр унтахын өмнө өдрийн явдлаа цэгнэ. Ялангуяа ухамсар сэхээ, нигүүлсэх чадвараа алдсан тохиол бүрийг сана. Чингэхдээ гэмшиж харуусах хэрэггүй. Адиша чамайг гэмшиж наманчил гээгүй, зүгээр л эргэж сана гэсэн. Библид Есүс ахин дахин “Гэмшигтүн“ гэж хэлдэг. Энэ бол буруу орчуулга. Арамей хэлэнд уг үг нь “эргэж харах” гэсэн утга илэрхийлдэг. Өөр илүү, дутуу санаа байхгүй.
Нэг өдөр өнгөрлөө. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар. Ухамсраа алдсан тохиол бүрээ тунгаа. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно... Амьдрал бол цулгуй хоосон зотон. Хоосон хэвээр нь үүрч дүүрч явсаар үхвэл ямар утга байх вэ. Түүн дээр уран бүтээлээ туурви. Чамд уран бүтээл туурвих багаж хэрэгсэл, авъяас билиг, эрх чөлөө цөм өгөгдсөн. Гагцхүү уран бүтээл өгөгдөөгүй. Чи түүнийг өөрөө бүтээх учиртай. Бүтээгч болж гэмээнэ Бурхан лугаа нэгдэнэ.