Шилийн “сайн” нийтлэлч /2/
Хүчирхэг гүрэн, хүчирхэг корпорац, хүчирхэг бие хүмүүс хүн төрөлхтнийг ингэж л өөрийн identity-н тусламжтай ховсдон араасаа дагуулж, капитал хуримтлуулдаг. Энэ бол маш өндөр түвшний "гэрээ". Үл үзэгдэх "нано технологи". Гэтэл манайхан ийм "гэрээ" санаачлан хүн төрөлхтөнтэй байгуулах нь битгий хэл… хэдэн зууны өмнө соёл нь үүссэн сонгодог гэрээ болох цагаан дээр хараар бичсэн, тамга дарсан хэдэн хуудас цаасныхаа ч учрыг олж чадахгүй арав хорин жил хэмлэлдэх шинжтэй.
Өмнөх нь: http://baabar.mn/article/shiliin-sain-niitlelch-1
/Үргэлжлэл/
Саяхан клабхауст Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Ф.Фукуяамагийн Танигдахуй нэрт номын хэлэлцүүлэг өрнөв. Цоо шинэ ном учир уншиж амжаагүй ч… тэр өрөөнд яригдсан гол сэдэв нь гэвэл, улс орон бүрд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн өөрийн гэсэн identity байдаг гэнэ. Герман-машин, Франц-сүрчиг, Япон-чанар, Америк-мөрөөдөл, Итали-хувцас, Орос-водка… гэх зэрэг. Эдгээр зүйлсэд огт эргэлзэх хэрэггүй юм байх. Та герман машин унасан байхад хурд сааруулагч давахдаа тоормосоо гишгэх хэрэггүй, франц сүрчиг түрхдэг ганц бие хүн гэж байхгүй, орос водка хөнтөрсөн бол тасрахгүй байж балрах вий… гэсэн айдас тээх огт шаардлагагүй гэж хүн төрөлхтөн шууд ойлгодог гэнэ.
Би ч яахав, хувцас авахдаа заавал имэрч үздэг, АТМ-аас мөнгө зарлагадахдаа үргэлж тоолдог… амьгүй зүйлд "үл итгэгч" монгол "identity"-аараа орос водкаг нь шалгаж үзэж байгаад, тэр чигтээ даший шог болж орхиж. Цаашаа юу яригдсаныг санах юм үнэндээ алга. Ямар ч бай… Монгол үндэстэн юугаар дэлхийд танигддаг вэ, ер нь ирээдүйд яавал танигдах вэ гэсэн, их чухал яриа өрнөсөн юм шиг… бүдэг бадаг дурсамж бууж үлдсэн бололтой дог, сүүлийн кадруудад минь. Мэдээж Монгол Улс, Монгол хүн ертөнцөд хэрхэн танигдах вэ гэдэг нь миний толгойгоо зовоох асуудал биш. Тэр төр засаг, эрдэмтэн мэргэд, урлаг, спортынхон… шийдлийг нь олно биз. Надтай, надгүй.
Харин намайг ганц шаналгаж буй асуулт нь “Оросууд яаж нэрэхээрээ ийм сайн водка хийдэг байна? Франц конъяк, герман пиво… гэх зэрэг зүйлсийг яаж хийдэг байна аа? Болдог бол үйлдвэрт нь очоод “ажиллах” юмсан” гэсэн бодол л толгойг минь шарталт шиг ээрнэ. Мэдээж дэлхийн хаа сайгүй дарс исгэж байгаа. Бүүр манайд хүртэл монгол, орос холилдсон хэдэн давхар дээлтэй шинэ жилийн шампанск хүртэл гаргаад байхад. Гэтэл яагаад бүгд итали дарс гэж хошуурцгаана вэ? Мэдээж тэд л хамгийн сайн дарс исгэдэг болохоор.
Гэвч дарсны соёлын талаар түй ч мэдлэггүй, дарс компот хоёроо ялгахгүй мань мэт хүртэл дэлгүүр хоршоогоор сэлгүүцэн явахдаа… түмэн янзын сонголт байсаар атал нөгөө л гял цал, ганган хээнцэр, тэнгэрийн үнэтэй итали, франц уруу нь өөрийн эрхгүй хараа бэлчээж, гар сарвалзуулах нь… яг л их далайн хаа нэгтээ лусын дагинад ховсдуулан шүлсээ савируулан, тийчгэнэн цамнах, усан онгоцны шургаагт хүлээстэй Одиссей баатар шиг… хачин өрөвдмөөр дүр зураг. Тэр лонхон дотроос ямар нэг далдын хүч “намайг л уучих, намайг, намайг…“ гэж урин дуудах шиг. Хэзээ нэгэн цагт миний би, Дионис тэнгэрийн үнэнч сатир болохоо батлан тангараглаж гэрээ үзэглэсэн ч юм шиг. Үл үзэгдэх гэрээ…
Ер нь identity, брэнд нэр хүнд гэдэг нь тухайн улс, корпорацын нийт хүн төрөлхтөнтэй хийсэн "үл үзэгдэх гэрээ". Хэрвээ би машин авбал зөвхөн Бенз, БМВ, Тоёота унах үүрэгтэй юм шиг. Хэрвээ би хувцас өмсвөл ЭлВи, Армани хэдрэх номтой юм шиг. Хэрвээ би утас авбал заавал "хүний хазаад хаясан" алимыг барих ёстой юм шиг. Хэрвээ тэгж чадаагүй бол хүн болж төрсний хэргээ гаргаагүй ч юм шиг, хүнд өр зээлтэй ч юм шиг, хүлээсэн үүргээ умартсан ч юм шиг. Хачин тухгүй, таагүй мэдрэмжийг хүртэх нь зовлонтой. Яг л ертөнц бүхэлдээ намайг сорон мөлжихөөр үгсэж тохирсон юм шиг, өөрөөсөө бүрэн хараат утсан хүүхэлдэйгээ болгож дууссан ч юм шиг. Хэн нэгний миний далд ухамсартай хэлэлцсэн нууц хуйвалдаан хаа нэгтээ болсон ч юм шиг. Параной өвчтэй хүн мэт ийш тийшээ сортос сортос хийх нь… даан ч гачлантай.
Хүчирхэг гүрэн, хүчирхэг корпорац, хүчирхэг бие хүмүүс хүн төрөлхтнийг ингэж л өөрийн identity-н тусламжтай ховсдон араасаа дагуулж, капитал хуримтлуулдаг. Энэ бол маш өндөр түвшний "гэрээ". Үл үзэгдэх "нано технологи". Гэтэл манайхан ийм "гэрээ" санаачлан хүн төрөлхтөнтэй байгуулах нь битгий хэл… хэдэн зууны өмнө соёл нь үүссэн сонгодог гэрээ болох цагаан дээр хараар бичсэн, тамга дарсан хэдэн хуудас цаасныхаа ч учрыг олж чадахгүй арав хорин жил хэмлэлдэх шинжтэй. Оюу толгойн, Таван толгойн, Дубайн (?), 49-н… бүүр сүүлдээ аймаг хоорондын хамтран ажиллах, харилцан үл довтлолцох гэрээ ч гэх шиг. Ёстой чөтгөр бүү мэд. За энэ ч яахав, тэгж байгаад учир нь олдох биз. Бас л надтай, надгүй.
Гэрээ бол нийгмийн харилцааг тодорхой болгох үндсэн арга хэрэгсэл, иргэншсэн нийгэмд. Тэнд нийгмийн гишүүд нь харилцаанд оролцохдоо үргэлж гэрээ, хэлцэл байгуулдаг. Кинон дээр “хуульчаа дуудна…”, “өмгөөлөгчгүй бол юу ч ярихгүй…” гэдэг нь уран сайхны хэтрүүлэг биш. Тиймээс ч тэд өөрийн хүсэл сонирхлыг нийгмийн амьдралд хэрхэн хангах арга замаа тун прагматик, эрүүл ухаанд суурилан төсөөлж, төлөвлөж чаддаг. Тэр төсөөлөл, төлөвлөөгөө харилцан ашигтай, шударгаар хангахыг эрмэлздэг. Хэрвээ эцсийн дүнд аль нэг тал нь илт давуу байдал олж аван, өөрийн гэрээнд тусгагдсан эрх болон хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл шүүхээр шударга ёсыг тогтоолгодог.
Харин нүүдэлчдийн хувьд нэгэнт соёлын ийм уламжлал байхгүй учир, бид нийгмийн амьдралд харанхуйгаар оролцдог. Хэн нь хэнд, хэзээ хаана, юуг яаж… гэх бүх асуултын хариулт тодорхойгүй. Тэгээд зөвхөн аман хэлбэрээр. (Миний дайхыг үргээх найраар баахан хонь хурга, унага даага өгөхөөр амласан юм гэнэ лээ… одоо тэр мал хуй нь хаана ч яваа юм бүү мэд. Магадгүй чоно нохойн хоол болоо биз) Монгол хүн амны бэлгээр… тул, түүнээс гарах үр дүнгээ үргэлж өөдрөгөөр төсөөлдөг.
Мэдээж байнга санаснаар болно гэж юу байхав. (“Алив миний найз… надтай мөнгө нийлүүлээд энэ газар уруу нэг хөрөнгө оруулаач… сарын дараа л оруулсан мөнгөө хэд нугалчихна” гэж ам гардаг. Гэвч нөгөө найз нь сарын дараа “…чадвал хааяа эргэж байхыг бодоорой.” гэсэн утгатай зурвас 461-ээс дайлгадаг) Тэгээд үр дүн нь өөрийнх нь тэнгэрийн төсөөлөлд хүрэхгүй бол учиргүй уурлаж бухимддаг, үзэн ядаж хорсдог. “Би чамайг арай ч ийм хүн гэж бодсонгүй…” гэж гомдолдог. “Хэн байснаа санаарай…” гэж хоосон сүрдүүлдэг. “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөлөө…” гэж хий занадаг. Эцэст нь хохирсных нь хохь болоод л дуусдаг.
Ингэж л бидний нийгмийн харилцаа аз, эз хоёр дээр дэнжгэнэдэг. Ийм байхад тогтвортой байдал гэх зүйлийг мөрөөдөөд ч хэрэггүй, үр ашгийн талаар ярих ч утгагүй. Тэгээд бид нийтээрээ би би-ийнхээ “мал хуйг” буухиалан хулгайлалцдаг… зэрлэг барууны, ширэнгийн хууль л өөрсдөд нь зөвхөн үйлчилдэг "шилийн муу эрс" л болж үлдэж хоцордог.
Энэ л бидний дотроос нь гарч чадахгүй байгаа чөтгөрийн тойрог… Үүнээс гарахын тулд бид "гэрээ" байгуулж л сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аливаа нийгмийн харилцаанд оролцохоосоо өмнө түүнийхээ зорилго зорилт, хэрэгжүүлэх арга зарчим, ирээдүйд гарах үр дүнгийн талаарх бодит төсөөллийг нарийн тодорхойлохыг харилцан эрмэлзэх ёстой, алхам тутамдаа. Тэгж сурвал элдэв янзын явган хэрүүл, талцал хуваагдал, ялихгүй шалтагтай гоморхол, хонзогнол… зөөлөрч мэдэх юм гэж найдна.
Магадгүй би ч гэсэн, шинэ нийтлэлчийн "гэрээний төсөл" боловсруулах гэж оролдох ёстой юм болов уу? Таны бодол?
Зочин
Devilll
Гэрээ гэж
Уншаач
Эрдэнэбат
Зочин
Tugs
Зочин
zochin
иргэн
Зочин
Монгол ялна