Чернобылийн хохирогчид
“Хоёр дахин хүчижсэн хүсэл, шунал болдог. Хоёр дахин хүчижсэн шунал, тачаал болдог” гэж үг бий. Харин тачаал гэдэг барьж болдоггүй, гаргахгүй байж болдоггүй зүйл. Тэгээд тэр тачаалаа хаана гаргадаг вэ? Өөрийнхөө “фэйсбүүкт”. Худал хуурмагийнхаа булан тохойд. Эцэст нь юу болдог вэ? “Чернобылийн сүйрэл”.
/Нялхсын майлаан номын хэсгээс.../
...Хүн болгонд нэг нууцхан хүсэл байдаг. Хэрвээ надад дахин амьдрах боломж байсан бол… гэх. “Хэрвээ тийм бол би тийм мэргэжилтэй болоод, тэрнийг хаяад тэрэнтэй суугаад, тээр жил байгаа мөнгөөрөө доллар худалдаж аван хав дараад, хувьчлалын үед үйлдвэр заводын байгууламж хусаад, ахиухан хэмжээтэй газар өмчлөөд будаа болгох байлаа…” гэх зэрэг. Бөөн өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжууд.
Нууцхан биш ер нь бүх хүсэл, биелэгдэхээсээ хэрэгжихгүй нь их. Турах юмсан, онц сурах юмсан, англи хэлэнд ус цас болох юмсан, дэлхий даахгүй баян болоод дэнж хотойлгож үзэх юмсан, юмсан… юмсан. Хэзээ ч хэрэгждэггүй, тэрийгээ ч мэдэхийн дээдээр мэддэг мөртлөө хүсэхгүй байж бас чаддаггүй. Хүний мөнхийн зовлон. “Хоёр дахин хүчижсэн хүсэл, шунал болдог. Хоёр дахин хүчижсэн шунал, тачаал болдог” гэж үг бий. Харин тачаал гэдэг барьж болдоггүй, гаргахгүй байж болдоггүй зүйл. Тэгээд тэр тачаалаа хаана гаргадаг вэ? Өөрийнхөө “фэйсбүүкт”. Худал хуурмагийнхаа булан тохойд. Эцэст нь юу болдог вэ? “Чернобылийн сүйрэл”.
Саяхан Эйч Би Өүв сувгийн Чернобыль нэртэй богино цуврал киног үзлээ. Эхнээсээ авхуулаад дуустал үзэгчийг түгшээж, тавгүйтүүлдэг дарамттай кино. Хийц, найруулга, хөгжим нь үнэхээр “тасархай”. Яг л үзэгч хүнд өөрийнх нь гэр орон шатаж байгааг хараад юу ч хийж чадахгүй, дэмий л гаслахаас цаашгүй зогсож буй мэт мэдрэмжийг төрүүлнэ. Гол санаа нь худал хуурмаг юунд хүргэдгийг, тэр нь зайлшгүй үнэн бодит байдалтай тулхаар хэрхэн бут үсэрч байгаа тухай. Хоёрдугаар дайны оршил нь Халхын голын байлдаан байсан гэдэг шиг. Зөвлөлт гүрний мөхлийн эхлэл нь Чернобылийн сүйрэл ч юм шиг. Тэгвэл Зөвлөлтийн “по”-г юу түлхсэн бэ?
Хүйтэн дайны үед АНУлсын Ерөнхийлөгч дээр туслах нь их л сандарсан байдалтай орж ирэн “Ерөнхийлөгчөө, Ерөнхийлөгчөө… оросууд саран дээр буугаад сарыг бүхэлд нь улаанаар будчихлаа. Одоо яах вэ?” гэсэнд “Зүгээр, санаа зоволтгүй. Бид нар очоод дээр нь кока кола гээд биччихнэ” гэж хариулсан гэдэг. Тэгвэл тэр дэлхийг байтугай, сарыг хүртэл улаанаар будчихаж чадахуйц агуу их дайны ялагч, хүн төрөлхтний талыг өөрийн нөлөөнд атгадаг асан хүчирхэг гүрнийг юу сүйрүүлсэн бэ?
Хүнд суртал, авлига, зэр зэвсгээр хөөцөлдөж өөрийн иргэний эдийн засгийн чадавхаа бүрэн барсан, явцгүй худал үзэл суртал, биелэгдэшгүй зөвхөн цаасан дээр байдаг төлөвлөгөө… эдгээрт “суурилсан” Коммунизм гэх сарьдаг өндөр уулын “оргил” уруу чиглэсэн хий хоосон бэдрэлт. Хамгийн гол нь хаалттай, иргэд нь эрх чөлөөгүй, айдастай байдал. Тэрнээс болж л хүсэл зориггүй, итгэл найдвараа алдсан хүмүүс эрх чөлөө, нээлттэй байдлын салхи сэвэлзэх төдийд л ЗСБНХУ гэх аварга том сац суварга нуран унасан.
Төрийн үндсэн чиг үүрэг бол өөрийн зохион байгуулалтаар иргэдийнхээ хүсэл зоригийг хангах, хязгаарлах гэсэн хоёрдмол мөн чанартай. Нэг иргэн машинтай болохыг хүснэ. Нөгөө нь түүнийг хулгайчийн нүдээр харна. Нэг нь ажлаа солих өргөдөл өгнө, нөгөөдөх нь манай компаниас гараад хаа холдохыг чинь харна гэж занана. Нэг нь гадаадаар аялж байхад, нөгөө нь зорчих эрхээ шүүхээр хасуулна. Энэ мэтчилэн иргэдийн хүсэл зориг зөрчилдөнө. Харин энэ зөрчилдөөнийг төр л зохицуулна, хуулиар. Чи машинтай болмоор байна уу? Тэгвэл ажил хий, мөнгө ол. Гэхдээ хулгайлж болохгүй. Чи хүн “алмаар” байна уу? Тэгвэл сургуульд сураад эмч бол. (Б.Ринчен гуайн үг?) Эс тэгвэл шорон.
Энэ эсрэг тэсрэг үүргээ тэнцвэртэй хангаж байж төр тогтоно. Харин энэ тэнцвэрийг коммунистууд хэт алдсан юм. Яг л Чернобыль кинонд профессор Легасов шүүх хурал дээр цөмийн реакторт болдог процессийг тайлбарладаг шиг. ЗХУлсын төр хүний хүсэл зоригийг биелүүлэх үүргээсээ татгалзсан юм. Ингээд төрийн чиг үүрэг нь нэг туйл уруугаа бүрэн шилжсэн. Зөвхөн хязгаарлах туйл уруу. Ийнхүү СССР гэх "цөмийн реактор" дэлбэ үсэрсэн. Хэзээ ч тэгэх боломжгүй гэж үзэж байсан “шилдэг” реактор. Бид ч энэ реакторын дотор гинжин урвалд орж асан “цөмийн хаягдал” нь билээ. Одоо болтол хөрж, тогтворждоггүй ээ. Энэ нь юугаар илэрч байна вэ?
Түрүү жил хотын авто замыг бүсчлэн хуваах шийдвэр гаргаад иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран болих шиг боллоо. Нөгөө юм л бол хорьдог, хязгаарладаг төрийн барил хэвээрээ. Энэ л арга хэмжээг авахгүй бол “тэг зогсолт” хийхдээ тулсан гэж айлган сүрдүүлээд ч нэмэр болоогүй.
Учир нь ард иргэд тэрнийг чинь л “хүсээд” байна. Үргэлж ард түмний “зөв” байдаг. Миний машин явахгүй бол чинийх ч гэсэн. Лексус байна уу? Приус байна уу? Сайд байна уу? Саальчин байна уу? Ялгаагүй. Хэн ч, хаашаа ч явж чадахгүй хэдэн биеэ хараад, хараагаад таг зогсох. Нөгөө л коммунист тэгшитгэл. Хийснийхээ хэрээр гэдэг биз. Хэн ч, юу ч хийгээгүй, хаашаа ч яваагүй учир хэн ч, юу ч авахгүй. Үгээгүй хоосончуудын “засаглал”. Ард түмэн нь ч тэр, төр нь ч тэр хүсдэг юм нь, хардаг юм нь нөгөө л коммунизм… Солонго хэдий сайхан ч сохор хүнд хүртээлгүй гэдэг шиг. Түгжрэл хэдий муухай ч тээврийн хэрэгсэлгүй надад юуны хамаа. Хамаатай ч юм уу? “Улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно” гэдэг. Баахан улс төржчихлөө. Утгагүй тэнэг юм ч их бичлээ.
Гайгүй ухаалаг гэж бодож явдаг хүн, улс төр ярихаар л тэнэг харагдах нь цөөнгүй. Хүн болгонд нийгэмд нөлөөлөх, өөрийн хүсэл биелж байгаасай гэх эрмэлзэл байдаг тухай дээр бичсэн. Гэвч хүний нийгмийн хүсэл сонирхол зөвхөн хувь хүнээс шалтгаалдаггүй онцлогтой. Англи хэл сурмаар байгаа бол чи сурахад л хангалттай. Аа, харин Оюу толгойн гэрээг цуцлахад чи ганцаараа байгаад хүчрэхгүй (яг цуцлахыг хүсэж байгаа эсэх нь тун эргэлзээтэй). Ингээд өөрийн адын хүслээ биелүүлэх зорилгоор бусдыг өөртөө “элсүүлэх”… тэгэхийн тулд ард түмэнд таалагдах хэрэгтэй болдог.
“Хүүе хараач. Надаас тэнэг хүн байдаг юм байна” гэж олон нийт “кайф” авах дуртай юм болов уу? Эсхүл “Би энэ тэнэгийн яриаг ойлгож байгаа юм чинь, энэ муугаас ухаантай л байж таараа” гэсэн өөрийн “агуу их логик” гаргалгааг хийдэг юм болов уу? Ямар ч байсан, тэнэг хүмүүс олон нийтэд илүү их таалагддаг. Ингээд манай “аугаа их улс төрчдийн” нийгэмд таалагдах гэсэн хүсэл, өөрийг нь өөрөөсөө урвахад хүргэдэг. Бодит байдлыг таягдан хаяхад хүргэдэг. Эцэс сүүлд нь, өөрийгөө ч ойлгох аргагүй болж төөрөлддөг юм болов уу? тэд маань… Тэгээд тэр шунал нь, түүнийг жинхэнэ тэнэг болгож дуусдаг юм болов уу? Иймэрхүү тэнэгүүдийн тачаал их санасан газар есөн шөнө хоосны үлгэр болж төгсөх болтугай.
Зочин
pkxny
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
зочин
Намхай
Зочин
Jasmine
Loom
baatarhuu
Уйдсан өвгөн