Д.Өлзийбаатар: Үндэстний аюултай байдлаас үндэсний аюулгүй байдал руу
Түүхч, доктор Д. Өлзийбаатартай би өмнө нь “61 р гудамжинд “ цуврал ярилцлага хийж байсныг уншигчид санаж байгаа байх.Саяхан тэрээр Иргэний танхимд, тусгаар тогтнолын 105 жилийн ойгоор илтгэл тавьжээ.
Түүхч, доктор Д. Өлзийбаатартай би өмнө нь “61-р гудамжинд" цуврал ярилцлага хийж байсныг уншигчид санаж байгаа байх.Саяхан тэрээр Иргэний танхимд, тусгаар тогтнолын 105 жилийн ойгоор илтгэл тавьжээ. Монголын түүх нь зөвхөн монгол угсаатны түүхээр хязгаарлагддаггүй бөгөөд Евразийн бүс нутагт оршин амьдарч байсан олон үндэстэн, угсаатны түүхтэй нягт уялдан сүлжилдсэн их түүх гэдгийг бид сайн мэднэ. Монголын нэгдсэн тулгар улсыг Их Чингис хаан байгуулсан тэртээх 1206 оноос өнөөг хүртлэх хугацаанд монголчууд, олон улс орныг үндэстний аюултай байдалд өртүүлж явсан төдийгүй өөрсдөө ч үндэстний аюултай байдалд орж, түүнээсээ ангижран үндэсний аюулгүй байдлыг бий болгохын төлөө хэдэн зуун жил дамнасан ихээхэн гарз хохиролтой тэмцэл хийж онож, алдаж явсан түүхтэй ард түмэн.
Энэ удаагийн илтгэлээрээ тэрээр, монголчуудын үндэстний аюлтай байдалд орсны шалтгаан, үе шат, үр дагавар түүнээс гарахын төлөөх тэмцлийн үе шат, үр дүнгийн талаар хэдэн санаа хөндсөнөө та бүхэнтэй хуваалцах гэж бид “61-р гудамжинд” энэ тухай ярихаар уулзлаа.
-Өлзий эхлээд хоёулаа Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ?гэдгээс яриагаа эхлэх үү...
Монгол улсын үндэсний язгуур ашиг сонирхолыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл байдал баталгаатай хангагдсан байхыг хэлнэ гэж МУ-ын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд тодорхойлсон байдаг.
-Тэгвэл дээрх ишлэлийн цөм Үндэсний язгуур ашиг сонирхол гэж юу вэ?
Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил гэж МУ-ын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд зааж өгсөн байдаг. Үүнийг л тойруулж өмнөх түүхэнд тохиолдсон зүйлийг базаж ярьсан хэрэг л дээ
-Үндэстний аюултай байдал гэж юу вэ?гэдгийг чи Үндэстэн оршин тогтнох гадаад, дотоод боломжоо алдах, улмаар үндэстний хувьд мөхөх аюулд өртөх гэж хэлсэн байсан тэгвэл Ямар нөхцөлд үндэстний аюулт байдал үүсэх вэ?
Дотоодод зөрчил үүсч түүнийгээ хүчирхийллэлээр шийдхээс өөр гарц олж чадахгүй болж, улс төрийн хагарал нь ужгирсан хямрал үүсгэж төрийн нэгдмэл байдлыг сулруулан, нийгмийн задрал хяналтгүй болж нийгмийг нэгэтгэх хүч сулрах. Гадаад орчин тааламжгүй болж хөрш зэргэлдээх улс орны зүгээс эзлэн түрэмгийлэх бодлого эрчимтэй хийгдэх үед түүнээс хамгаалах чадваргүй болох үед үндэстний аюултай байдал үүснэ гэж үзэж болох юм даа.
-Үндэстний аюултай байдлаас гарах боломж ямар нөхцөлд үүсдэг юм бэ?
Оршин амьдарч, тэсч үлдэхийн төлөө тэмцэх цаг болсноо танин мэдэж ухаарах, өмнөх түүхийн алдаанаасаа сургамж авч үндэсний нэгдлийг бүх талаар ханган гадаад, дотоод байдлаа бэхжүүлж үндэсний аюулгүй байдлыг тогтоож чадах боломж олсон үед учирч болох аюулаас сэргийлэх болон учирсан аюулаас гарч болно. Хамгийн гол нь буй болсон нөхцөл байдлаа ухаарч ойлгох явдал их чухал юм байна. Энэ дээр л их алдаж байсан юм шиг. Цаг үеэ тухай бүрд нь үнэлж цэгнэж байх, нэг үгээр бол гишгэсэн мөр бүрээ эргэж харж байх нь их чухал юм байна. Түүхэн гол сургамж нь энэ. Тухайн үед анзааралгүй хийсэн нэг буруу алхам хожим хэдэн зуун жил үргэлжилсэн уршигт үр дагаварыг бий болгодог аж.
Би илтгэлдээ, үндэсний аюулгүй байдлын энэ шинэ үзэл баримтлалыг үндэс болгон бидний туулж өнгөрүүлсэн түүхэн үйл явцад үндэсний аюулгүй байдал ямар тохиолдолд алдагдаж байсан юм, түүнээс ангижрахын тулд хэрхэн тэмцсэн бэ гэдгийг товч тайлбарлахыг оролдсон юм.
-Үндэстний аюултай байдалд орох үндсэн шалтгаан нь юу вэ гээд лекц үргэлжилсэн байсан. Ер нь энэ лекцыг бүхлээр нь цааш тавьчихсан дээр юм байна даа. Би үл мэдэгч болж асууж байснаас.
Монголчуудыг нэгэн тугийн дор нэгтгэж хүчирхэгжин мандах үндэс суурийг тавьсан агуу их Чингис хаан бол нийт Монгол туургатны эцэг, оройн дээд шүтээн билээ.
Их Чингис хааны байгуулж, мандуулсан Нэгдсэн Монгол улсын суурин дээр дэлхийн түүхийг тодорхойлсон Монголын их эзэнт гүрэн цогцлон босож, түүний үлдээсэн өв нь хожмын мянган жилийн үйл явдлын үндсэн хөрс, улс төр, цэрэг, эдийн засаг, гадаад харилцаа, худалдаа, соёл, нийгмийн байгуулал түүний дэг журмынх нь хэв загвар болсон гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөн бичиж байна.
Харин дэлхийн мянганы түүхийг бичихэд гүн гүнзгий нөлөөлсөн энэ ард түмэн хожим яагаад бууран доройтов, түүний үндсэн шалтгаан юунд оршиж байв гэдэг асуудалд олон эрдэмтэн судлаачид анхаарлаа хандуулж янз бүрийн санал, дүгнэлт дэвшүүлсээр байна. Олон зүйл шалтгаан бий хэдий ч дор өгүүлэх 2 үндсэн зөрчлөөс хэтийн сөрөг үр дагаварт үйл явдал өрнөсөн болов уу хэмээн үзэж байгаагаа та бүхэнд танилцуулья.
1.Чингис хаан, Хасар хоёрын зөрчил./1206-1636/
Монголчуудын дотоод байдлаа тогтворгүйдүүлэх, Их улсаа хүчгүйдүүлэх, хожим өрнөсөн хагарал, зөрчлийн уг үндэс нь Чингис хаан, түүний дүү Хасар хоёрын зөрчлөөс үүджээ гэж үзэж болохоор байдаг. “Монголын нэгдсэн тулгар улсыг байгуулсны дараа Их хааны эрх мэдлийг эсэргүүцсэн...явуулга гарч байсан бөгөөд үүнийг толгойлогчдын нэг нь Хасар, Бэлгүтэй нар байжээ” /Ш.Нацагдорж. Чингис хааны цадиг. УБ.1991. х.116/ гэснээс харахад нэгдсэн Монгол улс байгуулагдсанаар хаан ширээний төлөөх тэмцэл төгсгөл болоогүй, харин хожим хэнд нь ч эзэн эрх шилжих боломжтой хүчирхэгжсэн нэгэн бүлийн дотоодод үл эвлэрэх зөрчил, хагарал шинээр үүсчээ гэж үзэж болох юм.
Зөвхөн “Алтан ураг” буюу Чингис хааны үр сад л Их Монголын хаан сэнтийд залрах ёс хуульчлагдсан нь Хасарын угсааныхны зүгээс эзэн эрхийн төлөө мөчөөрхөн өрсөлдөх ужиг тэмцлийг төрийн хэмжээнд анхлан эхлүүлжээ.
Энэ зөрчил, тэмцэл 400 гаруй жил үргэлжилж нэн уршигт мөр үлдээсэн бөгөөд монголчуудын үндэсний аюулгүй байдал хэтдээ алдагдах үндсэн шалтгаан болсон.
Урхагтай энэ зөрчлийн нөлөө сүүдэр нь өнөө хэр арилаагүй баруун, зүүн монгол гэх талцалын илрэл дор байсаар байгааг бид мэднэ. Хэрэг дээрээ энэ зөрчил бол үндэстний эвлэршгүй зөрчил биш бөгөөд нэг эцэг, нэг эхийн үр хүүхдүүдийн эрх мэдлийн төлөө үүсэгсэн тэмцлийн л улбаа юм. Өнөө үеийн бид, түүхийн том дэвсгэр дээр үйл явдлыг харж энэ мэт нэгдмэл үндэстний дотрох жижиг талцлыг газар авхуулахгүй зогсоож байх шаардлагатайг энэ түүхэн сургамж харуулж байна.
Чингис хааны үр садын зөрчил./1241-1368/ оны хооронд үргэлжилсэн.
Их улс хямрах, эв нэгдлээ алдах, нэгдсэн төрийн удирдлага сулрах дараах нэгэн шалтгаан нь их дөрвөн хүүгийн хоорондын буюу Алтан ураг доторхи эрх мэдэл, нөлөөллөө тэлхийн төлөө тэмцэлдсэн тэмцэл, хагарал юм.
Энэ хагарал Цагаадай, Өгэдэйн талын ялагдал, Зүчи, Толуйн талын ялалтаар богино хугацаанд өндөрлөсөн ч Их Монгол улс задран сулрах үндсэн шалтгаан эндээс эхтэй болсон билээ.
Алтан ургийн дотоод зөрчил үүгээр дуусгавар болсонгүй. Хожим асар их хор хөнөөл монголчуудын түүхэнд авчирсан Аригбөх, Хубилай нарын тэмцэл Монгол үндэстний хэмжээнд аюултай байдал үүсгэх үүд хаалгыг бүр томоор нээсэн юм. Тэдний зөрчил хэрэг дээрээ үндсэн монголчуудыг хоёр хувааж үндэстний нэгдмэл, цул байдлыг алдагдуулсан юм.
Хубилайн байгуулсан Юан улс мөхсөнөөр монголчууд төрлөх газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, тусгаар оршихуйгаа алдаагүй ч дотоодын тэмцэл нь монголчуудыг хэтдээ оршин тогтнохын төлөө амь өрссөн тэмцэл хийдэг, үндэсний аюултай байдалд автсан ард түмэн болгон хувиргасан билээ.
Алтан ураг, Хасарын угсааны хоорондох зөрчил, тэмцэл 1368-1634 онд туйлдаа хүрэв. Асар их цус урсаж, төрийн их хаан сэнтий эрх ашгийн төлөөх тэмцлийн талбар болж, хааны буюу төрийн нэр хүнд үнэгүйдэв. Бид энэ үеийг түүхэндээ феодалын бутралын үе хэмээн нэрлэдэг. Монголын их хагарлын үе ч гэж болох юм. Энэ бол дээр миний өгүүлсэн ах дүү хоёрын хагарлаас л үүдэлтэй юмаа.
Лигдэн хаан 1634 онд нас барснаар Монголын төрийн нэгдмэл байдал алдагдаж, үндэстний хувьд нийгмийн дотоод зөрчлөө шийдвэрлэж чадахгүйд хүрсний улмаас хөрш Манж болон Мин улсын түрэмгийллийг эсэргүүцэн няцаах чадвахгүй болж үндэстний аюултай байдалд оров.
Энэ үеийн нэгэн гол сургамж нь дотоодын зөрчил тэмцлээ гадны оролцоотойгоор шийдвэрлэх гэж оролдоод, энэ оролдого нь алдаа болсонд оршино. Тухайн үед Монголын бие даасан эрх мэдэл бүхий хүчирхэг феодалууд өрсөлдөгчөө унагахын тулд Манж улстай ч, Мин улстай ч сүлбэлдэн найралдаж нэгэн биеийн ашгийг олж байсан ч урдаас төлөвлсөн харийнхны арга мэхэнд нь өөрсдөө орооцолдон нийтээрээ унаж байсан юм. Манж нар хэрэг дээрээ монголыг монголоор нь даруулах арга ажиллагааг чадварлаг зохион байгуулж, нэгдэж тэмцэх боломж олголгүй өөрийн эрхшээлд оруулсан билээ.
Үндэстний аюулт байдлын дараагийн үе нь 1636-оноос бүр 1911он хүртэл үргэлжилсэн байдаг.
Монголчууд дотоодын нэгдлээ хангаж чадаагүй үндсэн шалтгааны улмаас 1636 онд өмнөд хэсгээ, 1691 онд төв хэсгээ, 1755-58 онд баруун хэсгээ Манж улсад алдаж эрхшээлд нь орсон шүү дээ. Энэ үеэс л монголчууд умар зүгт Саян уул, Байгал нуур, өмнө зүгт Цагаан хэрэм, баруун зүгт Тэнгэр уул, Ил мөрөн , Дорно зүгт Хянганы нуруу хүрсэн үндсэн эх нутгийнхаа дэвсгэрт хэтдээ бие даан нэгдмэл орших боломжоо алдсан билээ. Ийм байдал үүсэх үндсэн шалтгаан нь бүх түвшинд үүсэн дотоодын эв эвдрэл, хагарал, зөрчил л байснаас биш гадны түрэмгийлэл байгаагүй юм шүү.
Бие даасан төр үгүй болж, бүхнийг хураагч хаан байхгүй болсноор үндсэн хоёр зөрчлийн шугам бүдгэрэн замхрав. Хаан ширээний төлөөх эрх ашгийн том зөрчил явцуу эрх ашгийн төлөөх ужгирсан жижиг зөрчил болон үндэстний дотоодод үлдэв. Энэ үеэс хааны нэрийн дор улс орон нэгдмэл байх үзэл санааны оронд шашны номын дор оюун санааны нэгдлээ хангах үзэл санаа түгэв. Ламын шашин Монгол даяар түгэн дэлгэрсэн нь хожим монголчууд нэгдмэл болон босч ирэхэд гол нөлөө үзүүлсэн юм. Ламын шашны сургааль дор оюун санаагаараа нэгдсэн монголчууд өмнөд болон хойд хөршөөсөө онцгойрон ялгарч чадсан билээ.
Үндэстний аюултай байдалд орсны үр дагавар
Монгол үндэстний тусгаар оршихуй алдагдан, бие даасан төр үгүй болж харь үндэстний бүрэлдэхүүнд орсон нь манай түүхэнд гарсан хамгийн эмгэнэлт сургамж юм. Үндэстэнд учирсан энэ аюултай байдал нь ямар үр дагавартай байв гэвэл.
-Үндэстний нэгдмэл байдал алдагдсан,
-Газар нутаг таслагдан хуваагдсан,
-Үндэстний улс төрийн нэгдсэн бодлого алдагдаж, цэргийн хүч чадал буурсан,
-Үндэстний адилтал аажим гээгдэж ондоошил хүчтэй болсон,
-Үндэстний аж ахуй, эдийн засгийн хөгжлийн боломж боомлигдон зогссон,
-Гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, шинжлэх ухаан техникийн хөгжлөөс хоцорсон,
-Үндэстний зан заншил, соёл, ёс уламжлал бүдгэрсэн,
-Шашин шүтлэг өөрчлөгдсөн,
-Үндэстний хүн амын удмын санд өөрчлөлт орж хүн амын тоо цөөрсөн,
-Үндэстэний цаашид орших эсэх нь эргэлзээтэй болсон.
5.Үндэстний аюулт байдлаас гарахыг оролдсон 1-р үе/1895-1911/
Монголчуудын Манжийн эрхшээлээс гарахыг эрмэлзэн тэмцэж эхэлсэн үе нь 1800-аад оны сүүлч 1900-аад оны эхэн үетэй холбогдоно. Энэ нь нанхиадын Мин улсыг хамтын хүчээр унагах холбоотон нь байсны хувьд Манж улстай тогтоосон хятад иргэдээс монгол нутгийг хамгаалах хэлцээ хэрэгжих боломжгүй болж эхэлсэнтэй шууд хамааралтай юм.
Манж Чин улс доройтсон нь.
Манж улс хятад газрыг бүхэлд нь эрхшээсний дараа хаалттай хөгжлийн бодлогыг баримтласан билээ. Гэтэл өрнөдөд өрнөсөн аж үйлдвэрийн хувьсгал Англи тэргүүтэй шинэ хөгжсөн орнуудад бараа бүтээгдэхүүнээ борлуулах том зах зээл, хямд түүхий эдийн эх булаг олохыг шаардсан байна. Өрнөдийнхөн 18 –р зууны сүүлч 19-р зууны эхнээс эхлэн Манж улстай харилцахыг оролдсон боловч тэднийг “барууны бүдүүлэгүүд” хэмээн дорд үзэж үл тоожээ. Иймд барууныхан колончлох бодлогоо хэрэгжүүлэхийн тулд дайн өдөөсөн бөгөөд Англичуудын эхлүүлсэн энэ дайныг түүхэнд “хар тамхины дайн” гэдэг. Хар тамхины 1-р дайн 1839-1842 онд болж Манжийн ялагдлаар төгсөв. Манж Чин улсын эрхшээл дэх хятадын газар нутагт энэ үеэс эхлэн гадаадын капитал чөлөөтэй нэвтрэх болов. Англичуудын хүчээр тулгасан хар тамхины наймаа, хэрэглээ нь хүн ардын эрүүл мэндэд нэн их хор учруулахын хажуугаар улс орных нь нийгэм, эдийн засагт хэмжээлшгүй их гарз хохирол авчирчээ. Хар тамхины хэрэглээ үндэстний ялзралыг бий болгов. Манж чин улсын хүн ам ядуурч, амьдралын түвшин нь доройтсоноор дотоод байдал тогтворгүй болж үндэстний аюултай байдал үүсэв. Гадаадын түрэмгийлэлтэй зэрэгцэн дотоодод нь газар сайгүй бослого хөдөлгөөн өрнөв. Түүхэнд “Тайпины хувьсгал” гэж нэрлэгддэг тариачны бослого 1850 онд эхлэж 15 жил үргэлжлэв. Манж Чин улсын дотоодын энэ тогтворгүй хямралт байдал нь барууныхан сайхан олз болж жижигхэн шалтаг гарган Англи, Франц хоёр улс нийлж 1856 онд хар тамхины 2-р дайныг эхлүүлжээ. Энэ дайн 1858 онд мөн л Манж Чин улсын ялагдлаар төгсөв. Сул дорой, үндэстний аюул нүүрлэсэн Манж Чин улсын нутаг дэвсгэрт Англи, Франц, Герман, Орос, Япон зэрэг орон чөлөөтэй эзэн суух болов. Өрнөдтэй хамт улс төрийн өөрчлөлт шинэчлэлийн үзэл санаа орж ирж реформист хөдөлгөөн өрнөн Английн үндсэн хуульт төр, европын парламент төрийн жишгээр улс төрийн шинэчлэл хийхийг уриалах болжээ. Мөн энэ үеэс Манжийн төрийн дээд эрх мэдэлд күнзийн сурталт хятад гаралтай түшмэд ноёлох болж үе залгамжилсан манж хааны сэнтий улс төрийн тоглоомын суудал болжээ. Манж Чин улсын төрийн бодлого үндсээрээ өөрчлөгдөж эхлэв.
Гадаадын эсрэг чиглэсэн түүхэнд “боксёрын” гэж нэрлэгддэг бослого 1899-1900 оны заагаар дэгдэж 1900 оны 8-р сард найман гүрний цэргийн хүчинд дарагдав. Бослогын дараа Манж Чин улс, дайнд оролцогч их гүрнүүдийн хооронд “боксёрын протокол” гэгчид гарын үсэг зурснаар албан ёсны хагас колонийн улс болон хувирав. Манж Чин улс сулран доройтов. Манж Чин гүрний үндэстний аюултай байдалд орсны үндсэн шалтгаан нь гадаад улс орнуудын колончлох бодлого, дотоодод нь үүссэн хямралт байдал байв. Яг энэ үетэй давхцуулан монголчууд үндэстний аюултай байдлаас гарах арга замыг эрэн хайж эхэлсэн юм.
Монголчууд тусгаар тогтносон нь.
Манж Чин улсын дотоодын таагүй байдлыг сайтар мэдэрсэн монголчууд Хаант орост элч төлөөлөгчөө нууцаар илгээн тэдний байр суурийг тандаж эхэлжээ. Энэ тухай Дилова хутагт Б.Жамсранжав “Ар Монголын улс төрийн дуртгал” номондоо тодорхой бичсэнээс гадна түүхч Л.Дэндэв, О.Батсайхан, Ж.Урангуа, Ш.Чимитдоржиев нар зохиол бүтээлдээ архивын баримт түшиглэн нотлон бичсэн.
Манжийн эзэн хаан 1901 оны 1-р сард “Шинэ засгийн бодлого” гэгчийг зарлан тунхаглав. Энэ шинэ засгийн бодлого гээч нь Монголын язгуур эрх ашгийг ноцтой хөндөж тусгаар тогтнож, үндэстний аюултай байдлаас гарахыг эрмэлзсэн монголчуудын шийдвэрийг эргэлт буцалтгүй болгосон байна.
Монголчууд ар, өвөргүй хөдлөж 8-р Богд Жабзундамбын ивээл, шашны тугын дор нэгдэн Манж Чин улсын эсрэг амжилттай тэмцэл өрнүүлсний дүнд цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу аргын 1911 оны 12-р сарын 29-нд Жибзундамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон барьсан хаанд өргөмжилж Олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдсаныг тунхаглажээ. Шинэ тогтсон Хаант улсын засгийн газрыг 5 яамтай байгуулж, засгийн тэргүүний үүргийг Дотоод яамны тэргүүн сайд чин зүтгэлт Цэрэнчимэд да лам гүйцэтгэхээр болов.
Монголчууд үндэстний аюултай байдлаас гарах эхний алхамаа амжилттай хийлээ.
6.Үндэстний аюулт байдлаас гарахыг оролдсон 2-р үе./1911-1919/.
Тусгаар тогтнолоо зарлаж бие даан оршихын төлөө монголчуудын хийсэн тэмцлийн хамгийн хүнд хэцүү, ихэвчлэн гарз хохирол амсч, ухралт буулт хийсэн үе нь энэ үе байсан юм. Энэ сэдэвд холбогдуулан хэд хэдэн үйл явцыг дор жагсаая.
-Орос, Японы нууц конвенц. 1912.6 сар. Монголыг ар, өвөр болгон нөлөөнийхөө хүрээг тогтсоны дээр өвөр Монголыг Бээжингийн уртрагаас баруун, зүүн тийш 2 хувааж ашиг сонирхолоо харилцан хүндэтгэхээр тохиров.
-Хаант Орос, Монголын хэлэлцээр. 1912.11 сар. Нийслэл Хүрээнд гарын үсэг зурсан энэ гэрээгээр Ар Монгол, Оросын нөлөөллийн бүс болов. Орос Монголыг де факто хүлээн зөвшөөрсөн нь монголчуудыг тайвшруулсан юм.
-Өвөр монголд хийж байсан монголчуудын цэргийн ажиллагааг зогсоов.
-Хаант Орос, ДИУ хоёр Бээжин,Петербургт “Бээжингийн тунхаг” гэж нэрлэгдсэн тунхаг бичигт гарын үсэг зурав. 1913.11сар. Энэ тунхаг бичгээр Монголын тусгаар орших эрхийг зөвхөн дотоод асуудлаа бие даан шийдэх эрх бүхий автономит улс болгож хягаарлав.
-Хаант Орос, Тагна-Урианхайг протекторат болгосноо зарлав. 1914 он.Энэ тухайд да лам Цэрэнчимэд “Монголыг гадаад, дотоод болгон хуваасан, Баргыг Манжуурт нэгтгэсэн зэргийг улс төрийн шалтгаантай гэж бодьё, гэтэл Урианхайг Монголоос салгачиж байгаа нь ёстой ойлгомжгүй байна” гэж хэлсэн юм.
-Хиагтын 3 улсын гэрээ. 1914.9-1915.7 сар. Энэ хэлэлцээрийн үр дүнд хаант Орос хамгийн их хожиж Монголын эрх ашиг хамгийн их хохирсон юм. Ар Монголыг Хятадын нэг хэсэг гэдгийг энэ гэрээгээр монголчуудад тулган хүлээлэгсэн.
-Орос оронд социалист хувьсгал ялав.1917.11сар. Ленин тэргүүтэй большевикууд засгийн эрхэнд гарсныхаа дараа урдын Хаант засгийн үед хийгдэж байсан гэрээ бичгүүд бүгд хүчингүй гэж зарлав. Үүнийг хятадын тал овжин ашиглаж Монголд цэрэг оруулж эхлэв.
-ДИУ-ын зүгээс арга заль, цэрэг зэвсгийн хүчээр сүрдүүлэн эрх баригчидаар өөрсдөөр нь бичиг үйлдүүлж Монголын автономи эрхийг цуцлав. 1919.11 сар. Үүгээр тусгаар тогтнолын төлөө хийсэн монголчуудын тэмцлийн эхний үе ялагдлаар төгсөв. Монголчуудад үндэстний аюулт байдал дахин нүүрлэв.
7.Үндэстний аюулт байдалд дахин орсон үе. /1919.11-1921.7/.
Монголд ДИУ-ын цэрэг, захиргааны дарангуйлал тогтож, үндэстний цаашдын оршин байх эсэх асуудал энэ үед ихээхэн эргэлзээтэй болсон юм. Монголчууд түүхэндээ анх удаа өмнөд хөрш хятад улсын эрхшээлд орсон нь энэхэн зурвас юм. Түүхчид энэ ялагдлыг манай түүхэнд тохиолдсон хамгийн шившигт үйл явдал, үндэстний гутамшиг хэмээн бичиж үлдээсэн билээ.
Монголчууд, хятадын эрхшээл ноёрхолд орж гал усны гашуун зовлонд учрав хэмээн түрхрэлдэн хэлэлцэх болж энд тэнд хэсэг бүлгээр цуглалдан уулзаж энэ байдлаас ангижрах арга, сэдэв эрэн сүвэгчлэх болж нийгэм тэр аяараа хятадын эсрэг үзэл санаан дор тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд нэгдэв. Энэ сэтгэхүй нийгмийн янз бүрийн давхрагын төлөөллийг эгнээндээ нэгтгэсэн улс төрийн хүчнүүдийг Монголын түүхийн тавцанд гаргаж ирсэн юм. Монголд улс төрийн нам, бүлэг үүсч тусгаар тогтнол үндэс, угсааныхаа нэгдэл, нийгмийн дэвшлийн төлөө чармайн зүтгэж эхэлсэн байна.
Улс төрийн эдгээр хүчнүүд 1919 оны сүүл үеэс бие биеийн санаа зорилгыг харилцан мэдэлцэж улмаар 1920 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал усны гашуун зовлонгоос гэтэлгэхийг хүссэн үгийг хадган дээр сүүгээр бичиж Хүрээний улаан сахиусанд өргөн уг хэрэгт няцалт буцалтгүй зүтгэхээ тангараг тавин илэрхийлжээ.
Хятадын түрэмгийллийг эсэргүүцсэн нийт үндэстний хөдөлгөөн Монгол оронд үүсэж хүрээгээ тэлэн идвэхжсэн нь Зөвлөлт Орос улсын Монголын талаар явуулах бодлогоо эргэн харахад хүргэсэн юм.
ЗОУ-ын тал Монголд автономит эрхийг хэвээр хадгалах нь стратегийн хувьд ач холбогдолтой бамбай бүс үүсэх сайн талтай тул Оросын үзэл санааны үүднээс дэмжих нь зүйтэй гэж үзэж байлаа.
1921 оны 3 дугаар сарын 18-нд Хиагтыг хятад цэргээс чөлөөлж, анхны ялалтаа байгуулсан монгол цэргүүд Улаан армийн анги нэгтгэлийн хамт 7 дугаар сарын 6-7-нд Нийслэл хүрээнд орж ирэхэд Богд хаант засгийн газрын биет төлөөлөгчид хадаг барин талархан угтав. Бодоо, Данзан, Сүхбаатар нар Богд хаанд бараалхан, үүргээ биелүүлээд ирснээ илтгэж, 1921 оны 7 дугаар сарын 10-нд өмнө байгуулагдсан засгийн газрыг татан буулгаж, яамдын тамгыг шинэ байгуулагдсан Ардын засгийн газар шилжүүлэн авах ёслол хийхэд Ерөнхий сайдыг хамаарагчийн хувиар Манзушир хутагт Цэрэндорж засаг төрийн эрхийг шинэ удирдагч нарт шилжүүлэх ажлыг удирджээ.
Энэ үед Монгол оронд үндэстний аюулт байдал нүүрлэсний гол шалтгаан нь гадаад улс орнуудын эрх ашгийн мөргөлдөөн, тэдний шахалт хавчилт, дотоодын талцал хуваагдал байлаа.
Дотоодын талцал хуваагдал нь шар, хар ихэс дээдсийн мөчөөрхөлцөл, угсаатан ба харц гаралтны зөрчил, ар, өвөр Монголын хуваагдалаар илэрч байв.
8.Үндэстний аюулт байдлаас гарахыг оролдсон 3-р үе./1921.7-1924.5/
Монгол оронд 1921 оны хувьсгал ялж Ардын засгийн газар тогтсоноор үндэстний аюулт байдлаас гарч үндэсний аюулгүй байдлыг тогтоон бэхжүүлэх таатай нөхцөл бүрэлдсэн билээ. Энэ үеийн удирдагчид тусгаар тогтнолоо баталгаажуулж үндэсний аюулгүй байдлаа гадаад, дотоодод бэхжүүлэх гол тулгуураа шинэ тутам байгуулагдсан ЗОУ хэмээн үзэж байлаа. Үүнээс ч өөр арга тэр үед байгаагүй юм.
Харин Зөвлөлт Хятадын харилцааны хүрээнд Монголын статус тодорхой биш байсны дээр Москва, Бээжингийн хооронд харилцаа тогтоох асуудал бас л түвэгтэй нөхцөлд болж байжээ.
Ийм үед Монголын тал ЗОУ-тай гэрээ хэлцэл хийж өөрийн орны статус, Урианхайн асуудал, хилийн шугам, буриадын асуудал, хятадтай харилцах асуудлыг хөндөн ярилцах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг илгээхээр төлөвлөсөн юм.
-Монгол, Зөвлөлтийн хэлэлцээ. 1921.11 сар. Хэдийгээр энэ гэрээ нь ЗОУ ба Монголын хооронд улс төрийн харилцаа тогтоосон анхны олон улсын гэрээ болсон ч гэлээ гэрээнд харилцан буулт хийсэн олон салаа утгатай заалт орсны дээр Монголын олон улсад хүлээн зөвшөөрөгдөх статусыг орхигдуулсан юм. Харин уг гэрээ байгуулагдсны дараа Монголын зүгээс Тува, Буриад, Өвөр Монголд үзүүлэх улс төрийн нөлөө үлэмж ихэссэн байна. Гэрээний энэ талыг харвал хэтдээ Монголын үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой түүхэн үйл явдал болсон байна.
-Л.Троцкий, Г.Чичерин, Чан Кайши нарын Москвагийн уулзалт. 1923 оны намар. Энэ уулзалт дээр Зөвлөлтийн тал Монголын автономийн асуудлыг хөндөхөд Чан Кайши эрс дургуйцсэн.
-Бээжинд суух ЗОУ-ын элчин төлөөлөгч Л.Караханы мэдэгдэл. 1924.2 сар. “Монголын тухай асуудал бол жижиг зүйл юм. Бид Монголыг Хятад ард улсын бүрэлдэхүүнд орох болно гэж үзэж байна.Монгол дахь хятадын эрх ашгийг бид хүлээн зөвшөөрнө”.
-ЗХУ, ДИУ-ын харилцааг зохицуулах ерөнхий зарчмын тухай гэрээ. Бээжин. 1924.5.31. Энэ гэрээний 5-р зүйлд “Гадаад Монголыг ДИУ-ын бүрэлдэхүүн хэсэг” гэж заав. Хоёр талын энэ гэрээг Монголын удирдагчид ЗХУ-ын зүгээс гаргасан урвалт, улс орны үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учирлаа гэж үзэв. Зөвлөлтийн талд итгэл алдарсан зөрөлдөөн Монголын удирдлагад үүсэхэд Б.Цэрэндорж прагматик бодлого баримтлаж ЗХУ-тай эв эвдрэлгүй асуудалд хандах нь зөв гэснээр асуудлыг хурцадхаас сэргийлж чадсан бөгөөд Зөвлөлт Хятадын гэрээг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн хэд хэдэн акцыг монголчууд энэ явдлын дараа хийсэн юм.
-Монголын тал Шинжааны удирдлагад хандаж Алтайн хязгаарыг Монголд эргүүлэн өгөхийг шаардав. Тэнд оргож очсон зарим өрхийг эргүүлэн авах зорилгоор монголын цэргийн отряд очиж хятадын хилийн харуултай хэд хэдэн удаа мөргөлдөөн үүсгэв. 1924.5-8 сар.
-Баргын Ардын хувьсгалт намын төлөөлөгчид Мэрсээгээр ахлуулан Улаанбаатарт ирж монголчуудын хамт баргад бослого зохион байгуулах асуудлыг ярив. 1924.10 сар.
-Улсын анхдугаар их хурал хуралдаж БНМАУ байгуулагдсаныг тунхаглаж Үндсэн хууль батлав.1924.11.26. Энэ үйл явдал бол бид тусгаар улс гэдгээ хөрш орнуудын тулгалт шахалтыг эс хайхран олон улсад мэдэгдсэн хэрэг болсон юм. БНМАУ-ыг тунхагласны үнэ цэн нь энд оршино. Үүгээр монголчууд үндэсний аюулгүй байдлаа хангах үйлсдээ бас нэг алхам урагш ахисан юм.
9.Үндэстний аюлтай байдлаас гарахыг оролдсон 4-р үе./1924.5-1945.10/.
Энэ үеийн монголчуудын оршин амьдрахын төлөө хийсэн тэмцэл хамгийн их гарз хохирол, гуниг эмгэнэл дагуулсан боловч үндэсний аюулгүй байдлаа БНМАУ-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд бий болгож чадсан үе гэж хэлж болно.
Ямар гол үйл явдлууд энэ үед болж өнгөрөв.
-Өвөр Монголд монголчуудын ажиллагаа идвэхжиж, буриадын Монгол руу нүүх их нүүдэл эрчимжив. 1924-29 он.
-Коминтерний төлөөлөгч Т.Рыскулов, Э.Ринчино. элчин А.Васильев нарыг Монголоос эргүүлэн татав. 1925.7 сар. Монголчууд бие даасан бодлого хэрэгжүүлэхийг оролдож хэд хэдэн арга хэмжээ авсан ба энэ үеэс Зөвлөлтийн нөлөө харьцангуй суларсан юм.
-Хятадад Үндэсний хувьсгалт нэгдсэн фронт задарч Чан Кайши хувьсгалын эсрэг эргэлт хийв.1927.4 сар. Монгол дахь хятадын нөлөө сулрав.
-Намын удирдлагад “баруунтан”, ”зүүнтэн” гэх бүлэглэлүүд үүссэн гэдгийг Коминтерн анхааруулж эхлэв.
-МАХН-ын 7-р Их хурал. 1928.12 сар. Коминтерний түлхээсээр “зүүнтэн” нам төрийн эрхэнд гарав.
- Зүүнтний засаглалын үе, нугалаа завхрал.1929-1932 он.
-“ЗСБНХУ ба БНМАУ-ын харилцааны үндсэн зарчмын тухай” гэсэн нууц гэрээ байгуулагдав. 1929.7
-Дүрвэх хөдөлгөөн эхлэв. 1930-1932 он.
-Засаг захиргааны өөрчлөлт хийв.1931 он.
Бага ястны зөвлөл гэдэг байгуулга Бага хурлын дэргэд байгуулагдав. 1931 он.
-Бослого. 1932 он.
-Япон манжуурт бэхжиж Манж Го улс байгуулав. 1932 он.
-“Лхүмбийн хэрэг” 1933 он.
-Шинэ эргэлтийн бодлого. 1933 он
-Монгол, Манж Гогийн хэлэлцээ эхлэв. 1935 он.
-“Гэндэн Дэмидийн хэрэг” ба улс төрийн хядлага. 1937 он,
-Халх голын байлдаан. 1939 он.
-МАХН-ын 10, Улсын 8-р Их хурал
-Дэлхийн 2-р дайн.
-Ялтын бага хурал.1945.2 сар.
-ЗХУ, Хятадын хэлэлцээр. 1945.6-8 сар.
- Монголчууд Японы эсрэг дайнд оролцож цагаан хэрэм хүрэв.1945.8 сар.
-Тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулга.1945.10.20. БНМАУ-ын иргэдийн дунд явуулсан улс төрийн энэ акц нь тус улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн эрхт тусгаар улс хэмээн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх үндсэн нөхцөл болов. Өөрөөр хэлбэл ЗХУ. ДИУ-ын хооронд байгуулсан 1924 оны гэрээний 5 дугаар заалт хүчингүй болсон хэрэг байв.
Энэ үеэс монголчуудын үндэстний аюулт байдал БНМАУ-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд арилж цаашдаа үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэн батжуулах шинэ үе шатанд шилжин орсон билээ.
Үндэстний дотоод дахь зөрчилт байдал үндэсний аюулгүй байдлаа хангах нэгдмэл зорилгоор солигдов.
Үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэн, батжуулах үйл ажиллагаа
-1945-1961,
-1961-1990,
-1990-одоо үе гэсэн цаг хугацааны орчил дунд өрнөсөн, өрнөж байгаа билээ.
Түүхээс ургасан гол сургамж нь, улс орны дотоодод эрх ашгийн эвлэршгүй зөрчилөөс үүдсэн хуваагдмал байдал гаргахгүй байх, үндэсний язгуур эрх ашигт ямар нэг хэмжээгээр харшилсан илрэл бүрийг тухай бүр ухааран ойлгож нэгдмэл бодлого, хамтын хүчин чармайлтаар даван туулж байх явдал ажээ.
“Хангай дэлхий хэвээр атал хүний явдал их хувирсан
Хойшхи мөрийг харж урагшлах замыг давшилтай.”
Д.Нацагдорж.
-Удахгүй бид тусгаар тогтнолын баяраа тэмдэглэх гэж буй тул эрхэм андын лекцыг бүтнээр нь орууллаа. Монгол улс мандан бадрах болтугай.