Путинч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын мэдвэл зохих түүх!
"Би яагаад тусгаар тогтносон улсын Ерөнхий сайд байж өөр улсын шүүхээр яллуулж байгаа юм бэ...","...миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож тусгаар улс байгаасай хэмээн итгэдэг...Би улс орондоо хайртай...","...харин улаантнууд болон тэдний засагт угаасаа дургүй" хэмээн хэлж,сая сэтгэлээ нээсэн ажгуу.
Монголын ХХ зууны түүх бол монголчууд үндэсний эрх чөлөөгөө олж аваад түүнийг бататгасан замналын түүх юм. Энэ замнал, Монголын үндэсний эрх чөлөө нь явж явж монгол хүний эрх,эрх чөлөөн дээр үндэслэнэ гэдэг хөдлөшгүй үнэнийг нотлон харуулсан. Урвуугаараа, иргэний эрх,эрх чөлөө нь баталгаатай хангагдсан үед л Монгол жинхэнэ тусгаар тогтносон байж чадна, эс тэгвэл тусгаар тогтносон нэртэй тоглоомын улс төдийд орших нигууртай болохыг түүх нотлон харуулсан хэрэг.
Харин, Монголын ХХI зууны эхний 18 жилийн түүх, нэн ялангуяа баялгийн хараал туссан тэр цаг үеэс хойшх түүх, "данхар биш" төр л Монголд тохиромжтой гэдгийг хэлээд байна. Учир юу гэвэл,төрийн эрх мэдэл данхайн томрох тусам төрийн төлөөх гадна дотны хатгаастай улстөрийн тэмцэл ширүүсэж,улмаар төрт улсыг сүйдлэх хэмжээнд очиж байна.Төрийг томруулж болохгүй гэдгийг түүх маань анхааруулж байна!
Эдгээр түүхийг эхнээс нь мөшгөн толилуулъя.
1911 оны 10-р сард эхэлсэн Синьхайн хувьсгал 2 сар гарны дотор амжилт үзүүлэн Манжийн хаант улс унахад монголчууд, хятадуудын аль аль нь эрх чөлөөгөө олж авснаа мэдэгдэн, тус тусын улсын тусгаар тогтнолоо зарлан тунхагласан бөлгөө. Тэгээд,нэг өдөр зэрэгцэн,12-р сарын 29-нд монголчууд улсын хаанаа өргөмжлөн, хятадууд ерөнхийлөгчөө сонгон ёсолсон юм.
Гэтэл, адилхан эрх чөлөөгөө олж авсан хятадууд их үндэстэний дээрэнгүй үзэлдээ хөтлөгдөн бусгаж, Монгол Улсыг өөрийн нэг хэсэг хэмээн эргэн нэхэмжилж эхэлсэн. Хятадаас болгоомжилсон дэлхий бусад гүрнүүд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөнгүй.
Ямар сайндаа л тусгаар тогтнолоо зарлаад байсан Монгол улсын гадаад хэргийн сайд Чин ван Ханддорж, ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн нарыг хүлээж авах элчин сайд олдохгүй нүүрээ буруулцгааж байхав.
Энэ бол Оросын талын урилгаар 1913,1914 он дараалан тэднийг Петербургт очиход нь болсон хэрэг явдал. Хөөрхийс, оросуудаасаа нуугдан хувцсаа солиод, харанхуй болмогц элчин сайдуудын хаалга "балбаж" царай алдан явсан байдаг. Үүдээ нээчих элчин сайдын яам гараагүй.
Найдлага тавьж байсан Орос гүрэн нь хүртэл Монголд автономи эрх (Хятадын мэдэлд өөртөө засах эрх) олгон, Хятадаас хамгаалах завсарын бүс босгохоос илүү сонирхол байгаагүй аж.
Ийнхүү 1915 оны 7-р сард, Хиагтад жил орчим хэлэлцсэн Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээгээр Монгол Улсыг Хятадын мэдэлд автономи эрхтэй улс байхаар тогтсон.
Тэгэж байтлаа,1919 оны 11-р сарын 22-нд Хятадын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын автономи эрхийг цуцалсан юм. Ингэж цуцлахад Хятадаас өгөх шан харамжид шунасан Эрдэнэ ван Жамьяандорж, бэйс Сономдорж, бэйс Цэрэндорж, ачит ван Гончигдамба, бэйс Цогт-очир,ван Пунцагцэрэн зэрэг язгууртанууд багагүй үүрэг гүйцэтгэж,тэдний хүсэлтээр гамин цэрэг орж ирэн автономит засгийг устгах ажлыг сүр дуулиантай хийсэн билээ.
Автономит засгаа ичгүүртэйгээр устгуулахыг хараад бухимдсан бусад ноёд, лам нар, язгууртан, төрийн түшээд, харц ардууд зэрэг нийгмийн олон давхаргад эсэргүүцлийн бүлэглэл үүссэн.Тэдгээр бүлэглэлүүд дор дороо дугуйлан үүсгэж байв. Дугуйлангуудын зорилго нь хятадуудыг хөөн гаргах, Богд хаанаар удирдуулсан тусгаар улсыг байгуулах байлаа.
Дугуйлангууд, юуны өмнө ямар нэг их гүрний дэмжлэгүйгээр үндэсний эрх чөлөөг олж авах боломжгүй юм байна гэдгийг 1911 оны хувьсгалын бүтэлгүйтлээс ухаарсан байв. Тийм тул Монголын тусгаар тогтнох тэмцлийг дэмжихийг их гүрнүүдээс, өөр өөрийн шугамаар хүссэн. Нэг дугуйлан нь АНУ-аас,нөгөө дугуйлан нь Японоос, бас нэг нь Колчакийн Засгийн газраас, өөр нэг нь Зөвлөлт засаг гэх мэтчилэн. Тэдгээр уламжилсан хүсэлтүүдээс Зөвлөлт засаг л монголын ард түмний,үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжихээ дуулгасан байдаг юм.
Зөвлөлт засгийн дэмжлэг анхнаасаа орон гаран байлаа.Зөвлөлт засгаас Ардын хувьсгалыг дэмжихэд хүргэсэн уг шалтгаан нь Монголыг цагаантан оросуудын түшиц газар болохоос болгоомжилж байсан явдал билээ.
Барон Унгерний цэрэг Монголд орж ирсэн нь энэ болгоомжлол үндэстэй болохыг нотоллоо. Барон Унгерний хойноос улаан арми хөөн ирж тулалдсан. Улаан армийг дэмжихээр ардын арми байгуулагдсныг Сүхбаатар толгойлсон ажээ.
Монголчууд улаан армитай хамт 1921 оны 7-р сард хүрээнд орж ирэн Ардын хувьсгал ялж тусгаар тогтносноо мэдэгдэн зарласан. Гэтэл, Зөвлөлтүүд нэгэнт Барон Унгернийг дарж хэрэг бүтсэн тул хэмээн үзээд монголчуудын ар худрагаар Хятадын талд хандан "...Хүрээ,Хиагтыг хүлээн авна уу гэж Зөвлөлт засаг хүсэж байна" хэмээн дуулгаж байжээ.
Яадаг ч байсан, монголчууд 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал бүтэлгүйтсэн туршлагаа санан санан, ганцхан найдлага болоод байсан Зөвлөлт засагтай зууралдах стратегийг барьсан. Золоор,Зөвлөлт засагт, хожим нь Сталины ил цагаан хэлсэн "... цэрэг стратегийн байр сууринаас хэрэгтэй.." гэсэн ашиг сонирхол улам л нэмэгдэж байжээ.
Монголчууд бидний сонголт зөв байсан гэдгийг;1924 онд Үндсэн хуулиа батлан Бүгд Найрамдах Улсаа зарласан,1945 онд ард нийтийн санал асуулга явуулан тусгаар тогтнолоо Хятад болон бусад их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлсэн, 1961онд НҮБ-ийн гишүүнээр элссэн, 80-аад оны сүүл гэхэд 150 гаруй оронтой дипломат харилцаатай болсон зэрэг түүхэн үйл явдлууд гэрчилсэн юм. Гэхдээ үүнийхээ төлбөрт; монгол хүний эрх,эрх чөлөөг үгүй хийх, коммунист суртлыг хүлээн авч социализм байгуулах,40 мянга орчим иргэнээ хэлмэгдүүлэх,үндэсний өв,соёл,уламжлалаа сүйтгүүлэн устгуулах зэрэг маш их үнэ төлсөн билээ.
Тусгаар тогтнолоо де юре ч болтугай олохын тулд бүгдийг монголын эх орончид тэвчиж явсан нь Ерөнхий сайд А.Амар 1941 онд Орост баригдан очоод цаазлуулахдаа хэлсэн эцсийн үгнээс харагддаг. Тэр бээр "Би яагаад тусгаар тогтносон улсын Ерөнхий сайд байж өөр улсын шүүхээр яллуулж байгаа юм бэ...","...миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож тусгаар улс байгаасай хэмээн итгэдэг...Би улс орондоо хайртай...","...харин улаантнууд болон тэдний засагт угаасаа дургүй" хэмээн хэлж,сая сэтгэлээ нээсэн ажгуу.
Ардын хувьсгалаар байгуулагдсан БНМАУ-ын тусгаар тогтнол де юре (хүлээн зөвшөөрөгдсөн) үнэн боловч де факто (бодит бүрэн эрхгүй) тоглоомын улс байв. Үүнийг монголчууд бид он жилүүд өнгөрөхийн хирээр гадарлах болсон. Улмаар, иргэнийхээ эрх, эрх чөлөөг хангасан ардчилсан улс болохгүй бол тоглоомын улс төдий байх юм байна гэдгийг ухаарсан.Энэ ухаарлын үр дүнд л 1990 оны ардчилсан хувьсгал ялсан юм.аа
1990 оны ардчилсан хувьсгал тайван болсны гол учир шалтгаан нь үндэсний эрх чөлөөгөө жинхэнэ утгаар нь олж авч баталгаажуулах гэсэн чин хүсэл,төрийн эрх барьж буй ахмадууд, гудамжинд тэмцэж байсан залуучуудын хэн хэнд нь асаж байсанд оршино. Мөн,тэмцлийн шугамын хоёр талд зогсож байсан улстөрчдийн хэнд нь ч хувийн ашиг сонирхол,албан тушаал, эд баялгийн сувдаг шунал мэт хөгийн санаа байгаагүй юм.
Төрийн эрх мэдлээ шилжүүлэн өгч байгаа Ж.Батмөнх, Д.Содном тэргүүтэй Улс Төрийн Товчооны гишүүд эрх мэдлээсээ салахдаа, Цэдэнбалын тойрон хүрээлэгч гэдгээр мөрдөн шалгагдаж ял зэм хүртэнэ гэдгээ мэдэж байсан ч эрх мэдэлтэйгээ зууралдаагүй. Тэд Монголыг ардчилсан орон болж үндэсний эрх чөлөөгөө жинхэнээсээ тогтоон баталгаажуулахад саад хийхгүй гэсэндээ огцорсон.
Тэднээс төрийн албыг залгаж авсан Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн,Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид, Гадаад яамны сайд Ц.Гомбосүрэн гээд "тэнгэрийн цаг"-ийн элч нар шилжилтийн хүнд мөчид Монголын заяаг түшсэн юм.
Зөвлөлт Холбоот Улс гэдэг тэжээгчээ алдаад картын бараа, лаатайгаа үлдэж сүйрсэн эдийн засаг нь туйлдаад зүрх үхчихсэн биднийг сууж байхад сум бүрийг цахилгаанаар холбож, монголчуудаа бүгдийг нь телевизийн өргөн нэвтрүүлэг үзүүлдэг болгоно хэмээн зүтгэж байсан Бямбасүрэн гуайг хараад монголчууд зоригждог байлаа.
Ардчилсан хүчний залуус ч АТОЗ ( Ард Түмний Онц Зөвлөл) гэх нэртэй "хувьсгалт шүүх" байгуулж Цэдэнбалын тойрон хүрээлэгчид нэрийн дор тухайн үеийн нам, засгийн удирдлагыг егүүтгэх гэсэн санаархалыг тас эсэргүүцэж таслан зогсоосон юм.
Залуус ардчилсан хувьсгалыг хүчирхийллээр хийхгүй байх хатуу байр суурьтай байсан. Тоглоомын ч бай,ямар ч атугай тусгаар тогтнол нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улсыг авчирсан ахмад үедээ талархаж байлаа.Энэ тухай Баабарын "Бүү март" ном дээр тодорхой бичсэн бий. Бас, МАХН-ыг устгах тухай саналыг миний бие эрс эсэргүүцэж ирсний шалтгаан энэ болой.
1992 оны 1-р сарын 13 нд монголчууд бид шинэ Үндсэн хуулиа баталж ардчилсан хувьсгалын ололтоо бататгасан.Энэ Үндсэн хуулийн онцгой чухал зорилго нь үндэсний эрх чөлөөний дархлаа болох иргэнийхээ эрх чөлөөг баталгаажуулах явдал байсан.
Үндсэн хуулийн бичвэрийг анхааралтай харах юм бол эхлээд иргэндээ ноогдох эрх мэдэл буюу эдлэх эрх,эрх чөлөөг тоочин тогтоогоод,тэр бүгдийг хангах нь төрийн үндсэн үүрэг гэж заасан байдаг. Тэгээд ийм үүргийг хэрэгжүүлэх төр ямар бүтэц, зохион байгуулалт, эрх хэмжээтэй байхыг дараагийн бүлгүүдэд тусгасан буй.
Ардчилсан Үндсэн хуультай монголчууд бид эрх, эрх чөлөөгөө эдлэн үндэснийхээ эрх чөлөөг сэргээн мандууллаа. Монголын ард түмэн буруу ч бай,зөв ч бай, сайн ч бай, муу ч бай төр засгаа өөрсдөө байгуулдаг болсон. Төр нь өөрийг нь сонгож байгуулдаг ард түмнээсээ өөр хэнээс ч айхаа байж, дотоод, гадаад бодлогоо жинхэнээсээ бие даан явуулдаг болов.
Үүний нэгэн онцгой тод жишээ бол 800 жилийн дараа Европ, Азийн ихэс дээдэс Монголд цуглан АСЕМ-ийн чуулган хийсэн явдал юм.Миний бие АСЕМ-ийн арга хэмжээг үзэж суухдаа; чин ван Ханддорж,сайн ноён хан Намнансүрэн, Бодоо, Данзан, Сүхбаатар, Ерөнхий сайд А.Амар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид тэргүүтэй тэнгэрт хальсан олон мянган эх орончид маань үүнийг харсан болоосой хэмээн бодож суусаан.
Эрх чөлөөгөө олсон монголчууд;олон арван жил дарагдаад,эрийн гурван наадмаас бусад нь устахдаа дөхөөд байсан үндэсний өв,соёл,уламжлалааа сэргээн бадруулсан. Үүнийг бид наад зах нь зөвхөн Ардын хувьсгалын гэдэг нэртэй байсан Үндэсний их баяр наадмыг Хүннү болон Чингисийн төрт улсаар овоглон цэнгүүлдэг болсноос харж болно. Уламжлалт шашин номоо улам их дэлгэрүүлж байгаагаас харж болно. Монголын рок,поп,хип хоп урлаг дахь үндэсний хэв маягтай тэсрэлтээс ч харж болно.
Цааш нь номоор дүүрсэн номын сан,Туулийн хөндий дүүрэн монгол барилгачдын барьсан хороолол,шинэ технологоороо өрсөлдөн буй улсын ба хувийн эмнэлэгүүд, гудамжны тохой булан бүрд тосон үйлчлэх сүпэрмаркетууд, гудамж дүүрэн машин гээд л олсон ололтоо жагсаавал барагдахгүй. Ер нь л нийтлэлч Хашчулууны, монголчууд "...хамгийн аз жаргалтай амьдарч буй цаг үе бол сүүлийн 30 жил юм" хэмээсэн нь үнэний хувьтай.
Хэдий тийм боловч, ардчилсан Үндсэн хуулийн "бүх сүнс"-ийг амьдралд хэрэгжүүлэн амилуулах явдлыг "гурилдсан" нь бас үнэн. Жишээ нь одоо болтол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт иргэнийхээ эрх,эрх чөлөөний эсрэг шийдвэр гаргахгүй байхыг үүрэгдсэн байдлыг хуульчлаагүй шүү дээ! Ингэж гурилдсны нэг гор сүүлийн үед бизнес,өмчийн эрхийг эргэж нийгэмчилж эхэлснээр тодрох шив дээ.
Монгол баялгийн хараал хүрсэн удаах түүх 2000 он гараад эхэлсэн. Энэ бол Таван толгой тэргүүтэй нүүрсний ордууд үнэд орж эхэлсэн,Оюу толгойн асар нөөцийг Фрийдланд олж тогтоон Ерөнхий сайд Н.Энхбаяраас ашиглалтын эрхээ авсан тэр цаг үе билээ.
Тэр цагаас өмнө Монголын ардчилал шилжилтийн улс орнуудын дунд хамгийн амжилттай хөгжиж яваад нь тооцогдож байсан бөгөөд үүнийг олон улсын судлаачид баялгийн хараал тусаагүйгээс болж байна гэж нотолж байлаа. Үнэн!
Таван толгойн ашиглалтын лиценз аваад байсан Австралийн BHP (Би Эйч Пи) "ашиггүй юм байна" гээд гараад явчихсан,Оюу толгой орд хорвоод "мэндлээгүй" байлаа шүү дээ!
Уул уурхай үнэ цэнэгүй байх үед, уул уурхай эрхэлдэг бизнесменүүдээ бусад бизнесменүүд нь "тэнэгүүд" хэмээн гоочилдог байв. Тэр үед "МАК"-ийн Б.Нямтайшир гэр орноо барьцаанд алдахдаа тулсан "халтар царайт"байв. BHP-ийн хаяад явсан Таван толгойн ашиглалтын эрхийг шилжүүлээд авсан "Таван толгой" компанийн гүйцэтгэх захирал Цогтоо, хөрөнгө оруулагчдын үүд сахиж горьдлого тээсэн "халтар царайт" байв.
Тэгэхэд л монголчууд ардчиллаа үнэхээр амжилттай өсгөн торниулж байлаа. Судалгаа хийгээд үзэхэд иргэдийнх нь 90 орчим хувь нь ардчиллаа дэмжинэ. Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ельцин, малчин монголчууд бидний ардчиллын амжилтаар оросуудын шарыг малтаж сонгуульд ялсан.Ийм мундаг байж билээ, монголчууд бид!
Тэгэхэд би, бизнесийнхнийг улстөрд оруулж УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх гэж царай алдан гүйнэ.Тэд "Батүүлээ, бид бол бизнесээ л хийх хувь заяатай төрсөн,та нар л улстөрөө хий" гээд халгаадаггүй.Жишээ нь "Женко" компанийн захирал Х.Баттулга, "Фортун" грүппийн босс Н.Батбаяр нар гээд л бизнес эрхэлдэг журмын олон нөхөд маань надад ингэж хэлдэг байв шүү дээ.
Ийн байтал нэг л өдөр гайтай баялгийн хараал хүрээд ирсэн.Монголын газрын доорх баялаг үнэд ороод л явчихлаа.Таван толгойг орхин гараад явсан BHP амаа барин гасалж эхэлсэн.Фрийдландын илрүүлсэн Оюу толгойн орд "хаданд гарч" мань эр дороо тэрбумтан болоодохсон.
Монгол Улсын төсвийн орлого асар хурдтай өслөө.2000 онд 350 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй байтал,одоо18 их наяд болсон байгаа шүү. Төр 22 дахин томорч данхайсан хэрэг.
Ингэмэгц, монголын бизнесменүүд "нойрноосоо сэрж" гадна дотныхонтой сүлбэлдэн, газар доороо баялагтай,сангийнхаа дансанд наяд наядын орлоготой баян данхар төрийг хяналтандаа авахын төлөө тулалдаж эхэлсэн.
Улстөрчдийг уруу татах болов. Эрдэнэт мэт ганц нэг "саалийн үнээ"-г саадаг улстөрчдийн "жижигхэн шунал" томорч цадигаа алдсан.
Өнөөдөр,төрийн эрх мэдлийг олж аваад,цаанаа хувийн зорилгодоо ашиглахын төлөө тулаан улам бүр ширүүсэж байна!
Уул уурхайд шунадаг бизнесменүүд, шуналтай улстөрчидтэй нийлэн очоод төрийн өндөр албан тушаалыг дүүргээдэхсэн. Тэд ичихээ ч байсан. Хэн илүү,хэн дутуу идэж ууснаа Их хурлын индэр дээрээс ил цагаан ярьдаг болсон. Бие биенийхээ хошногыг ухалцаад л, олсон өмхий самхайгаа чулуудалцаад л, гүтгээд л, доромжлоод л, тэгснээ "уучлаарай" гэж мэлмэрцгээгээд л, тэгснээ "уулчлаарай гээгүй" гэж гүрийгээд л, галзуурцгаасан юм болов уу гэмээр. Улсын эдийн засаг нь венесүэл шок руу хөдөлж эхлээд байхад шүү дээ!
Цаагуураа эд баялгийн шуналд автаад улайран дэмийрчихсэн одоогийн УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нарт Төр хэмээх зүйл үнэхээр ахдаж байна. Төрийн индэр, танхимд төрийн хүний үг дуулдахаа больсон. Өнөөдөр төрийн түшээ нэр зүүсэн улстөрчид "байлдаж тоглодог бацаан(пацан)ууд" шиг "төр болж тоглож" байна даа.
Тэдний тэнэгтэх ч дүүрч. Сонгогчид нь сонгочихсон юм чинь. Хамгийн их сэтгэл шимшүүрлэж буй нь баялгийн хараал, монголчуудын зуу гаруй жил зүтгэж олсон үндэсний эрх чөлөөг устгах гэж байна!
Байгалийн баялгийн хараал ардчилсан төрт ёсыг нураадаг нь нэгэнт нотлогдсон баримт. Монголчууд ардчилсан төрт ёсоо алдах эрсдэлд туллаа.Ерөнхийлөгч ба түүний багийн зүгээс путинизмийг монголд импортлох "Единая Монголия" намыг байгуулах гэж байгаа нь энэ эрсдлийг улам их болгож байна. Ерөнхий сайд авторитаризмийн "хээрийн сургууль" хийж байгаа нь энэ эрсдлийг улам их болгож байна.
Путинизм бол баруун төвөөс бүр баруун талд байдаг үзэл санаа. Энэ бол үндэсний, нийгмийн,нийтийн гэх мэт тодотголтой язгуур эрх ашиг хэмээгчийн дор хувь хүний эрх чөлөөг хийж,иргэнийг төрийн эрэг шураг болгодог үзэл санаа.Төрийг левиафан буюу мангас болгодог үзэл санаа. Иргэнээ левиафанд гинжилдэг үзэл санаа.
Дээр миний тоочин мөшгөж та бүхэнд толилуулсан Монголын түүх, хувь монгол хүний эрх чөлөөгүйгээр үндэсний эрх чөлөө байдагүй гэдгийг нотолсон шүү дээ! Төрийн оролцоог хязгаарлахгүй бол баялгийн хараалд ардчилсан төрт ёс устана гэдгийг харуулаад байна шүү дээ!
Гэтэл, Ерөнхийлөгч Х.Баттулга,Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр яагаад төрийг левиафан (мангас) болгодог путинизмийн үзэл санааг импортлохоор улайраад байгаа юм бэ?
Орос орон, уугуул нутаг дээрээ суух олон үндэстэн, соёл, шашны механик нэгдэл болсон маш ээдрээтэй, түвэгтэй орон. Энэ орныг Петр I шиг модернизаци (орчин үежүүлэлт) хийх гэсэн маш хүнд зорилтоос үүдэлтэй, авторитари ёсонд тэмүүлсэн хандлагаас путинизм гаралтай юм. Магадгүй Орос оронд левиафан (мангас) хэрэгтэй байх.
Путинизм зөвхөн оросын онцлогтой феномен(үзэгдэл). Харин, Монголд тохирох феномен биш шүү дээ!
Путинч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр,үндэсний эрх чөлөөгөө олсон Монголын түүхийг мэдвэл зохино. Монгол өөр гэдгийг мэдэж том болцгоо! Путины бацаанууд байхаа больцгоо!
Зочин
Зочин
Зочин
Баярбат
Зочин
Иргэн
Хүн
Иш, Үзэл баримтлал минь
Зочин
Үзэл баримтлал
Энэ нийгэм бидний хүссэн нийгэм биш!
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
pmishig@yahoo.com
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Mmmm
Лувсан
БОЛДСҮХТУЛГА
БҮЛДСҮХТУЛГА
Зочин
зочин
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Seheeten
Зочин
Ардчилсан үзлийг дэмжигч
Зочин
Зочин
Баяраа
Зочин
Зочин
Зочин
аа
Zochin
Зочин
Зочин
Зочин
Altaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
иргэн
Зочин
Zuv zuv
shuvuu
Зочин
Зочин
Зочин
зочин
НЭХҮҮЛ
Өвгөн
Зочин
Зочин
Uul
Ts
Ts
Найз нь
Сонгогч
болдсүхтулга
Зочин
Зочин
Зочин