Америкийн нялуурлыг үл тоогч Либерман
Либерманы ярьснаар Израиль, Иран хоёр одоо пропорциональ тоглолт хийж байна, нэг үгээр одон бөмбөгийн тэмцээн шиг. Иран харвадаг, хариуд нь Израиль харвадаг, Иран хариуд нь, Израиль хариуд нь гэх мэт. Ээлжлэн бөмбөг оруулдаг шиг.
Америкийн нялуурлыг үл тоогч Либерман
Израилийн Батлан хамгаалахын сайд асан, урьд нь зөвлөлтийн иргэн явсан Авигдор Либерманы ярилцлагаас өмнөх нийтлэлд би эшлэсэн. “Иран бол радикал исламыг тахин шүтдэг радикал улс. Троцкийгоос авхуулаад Че Гевараг хүртэлх бүх хувьсгалчдын нэг адил тэд лалын хувьсгалаа экспортлохыг зорьдог. Бүхий л Ойрхи Дорнодод хэвийн, тэнцвэртэй дэглэмүүдийг Иран л түрэмгийлж хагалан бутаргадаг. Йеменийг хар даа. Ирак, Ливан, Сирид хагалан бутаргах ажиллагаа байнга явуулж байна” гээд Европыг маш гутрангиар хардагаа илэрхийлж, 1938 онд Гитлертэй байгуулсан Мюнхены хэлэлцээрээс Ирантай байгуулсан тэр хэлэлцээр огтхон ч ялгаа алга. Европчууд өөрсдийгөө хуурч байна гэж үздэгээ нуугаагүй.
Тэр тухай дахин өгүүлэх нь өнөөгийн хэрэг явдлыг ойлгоход дөхөмтэй. Дөнгөж өчигдөр израилийн ТВ-ийн 9-р сувгаар ярьж байхыг нь бүтэн үзлээ. Энэ нийтлэлийг бичих санаа сэдэл төрүүллээ. АНУ-ыг стратегийн ойрын холбоотон гэж нэрлэх мөртлөө тэр нялуурал, үл бүтэх шаардлага нөхцөлийг нь зад авч өглөө. Юм л бол битгий, бүү тэг, түрүүлж хөдөлж болохгүй, цаадуултай зохиц, дипломатын арга сүвэгчил гэж ятгадаг, тээг тавьдаг, тэгснээрээ Израильд ялагдал авчирдаг гэж шүүмжлэн ярьж байх юм.
Холоос жишээ татжээ. 1973 оны дайн. Египет, Сири нь хил дээрээ цэрэг бөөгнүүлээд агаарын цэргийн хүчнээ илт бэхжүүлээд онгоцны тоогоо нэмээд байна, өрсөөд урьдчилсан цохилт өгье гэсэн нисэх хүчний командлагчаа Ерөнхий сайд хатагтай Голда Меир няцаасан байгаа юм. “Би түрүүлж байлдахгүй гээд АНУ-ын ТНБД Х.Киссенжерт ам гарчихсан тул азнаж бай” хэмээн учирлажээ. АНУ нь Арабын орнуудад хандаад битгий байлдаач гээд учирлаад байж гэнэ. Гэтэл Арабын орнууд түрүүлж халдаад Израилийг нуман тулгуурт оруулж байсан түүхийг Либерман өчигдөр дурдав.
Үүнээс хойш Израиль Улс АНУ-ын анхааруулга (арабуудад хайр зарласан нялуурал нь) сануулгыг хоёр ч удаа үл тоогоод цохилт өгчихсөн, одоо харж байгаа биз дээ, бидний зөв болсон гэж ярив. Тэр нь Ирак (1981 оны “Опера” операц), Сирийн (2007 оны “Жимсний цэцэрлэг” операц) цөмийн байгууламжийг АНУ хориглoсоор байхад нь зөрөөд өрссөн агаарын цохилт өгөөд жагсаалаас гаргачихсан, хэрэв тэгээгүй бол цөмийн зэвсэгтэй Ирак, Сири хоёр ёстой түйвээж өгөх байсан гэж Либерман яриад Ираны цөмийн байгууламж, цэрэг-стратегийн гол чухал бүх объектод бүр максимально (maximally) цохилт яаралтай өгөх хэрэгтэй, хойшлуулж болохгүй гэж эрх баригчдадаа уриалав.
Либерманы ярьснаар Израиль, Иран хоёр одоо пропорциональ тоглолт хийж байна, нэг үгээр одон бөмбөгийн тэмцээн шиг. Иран харвадаг, хариуд нь Израиль харвадаг, Иран хариуд нь, Израиль хариуд нь гэх мэт. Ээлжлэн бөмбөг оруулдаг шиг. Үүнийгээ одоо болиод эцсийг нь үзсэн, дахиж хариу үзүүлэхгүй болтол нь максимально цохилт өгвөл таарна гэв.
Яг ийм maximally цохилтоор одоо ХАМАС, Хезболлаг нугаслах хэрэгтэй. Улс төрийн цэрэгжсэн тэр хоёр намын мөрийн хөтөлбөрт (Манифестэд нь Ислам Израилийг устгаагүй цагт Израиль оршсоор байна, үргэлжлэн оршсоор байх болно!) заасан, гишүүд нь тангараг өргөхдөө маани мэгзэм болгон уншдаг заалт болох Израиль Улсыг газрын хөрснөөс арчиж хаяна, жүүд хүн бүрийг алж устгана, Израилийг оршин тогтнуулахгүй гэдэг тэр заалтаасаа бүрэн татгалзтал нь энэ дайнаа үргэлжлүүлнэ, цэрэгжсэн хоёр намын цэрэг-улс төрийн бүх удирдагчдыг нь зүйл дуусгах хэрэгтэй, сүүлчийн цэргийг нь дуустал байлдах хэрэгтэй хэмээн Зөвлөлт Молдавын иргэн явсан А.Либерман заналтайяа ярьж харагдав.
Жиргээнээс ийм нэг пост олж аваад шэйрлэе гэж шийдлээ. “Палестинчуудад хоёр сонголт байсан. Тэд мэдлэг боловсрол эзэмшиж, еврейчүүдтэй өрсөлдөж дээр нь гарах. Нобелийн шагналыг еврейчүүдийн урд гарч хүртэх. Тэдэнд бүх боломж нь байсан уу байсан. Гэвч тэд тархиа ажиллуулах биш, зэвсэггүй еврей хүмүүсийг алаад цогцсыг нь тойроод бүжиглэх сонголт л хийсэн” гэжээ.
Төгсгөлд нь ХАМАС-ын нэг толгойлогч Абу Марзуктай хийсэн ярилцлагаас эшлэе. “Та нар цэрэг зэвсгийн зориулалттай 500 км хонгил барьжээ. Харин яагаад Газын энгийн иргэдэд зориулж бөмбөгнөөс хоргодох байр бариагүй юм бэ” гэхэд ингэж хариулжээ: –Бид энгийн иргэдэд санаа тавих ёсгүй, бидэнд падгүй, НҮБ тэдэнд санаа тавиг!