Олаф Шольцтай уулзсан үндэслэлээр Л.Оюун-Эрдэнийг огцруулъя!
Тэр үнэхээр хэгжүүн бас дориун ч байна. Хойноо дайнтай, урдаа хоригтой, бас болоогүй дэлхийн улс төр, гео-стратеги бүхэлдээ шинэ хуваарилалтад шилжиж буй онцгой цаг үед жижигхэн Монголын эрх ашигт гуравдагч хөршийн оролцоог эрэлхийлсэн дипломат бодлого хэрэгжүүлж байгаа нь түүнийг огцруулах бодитой үндэслэл.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулъя! Тийм санаачилга гаргаж, Төв талбайд акц зохион байгуулцгаая! Үндэслэл нь их энгийн. Бас тодорхой. 32 дахь Ерөнхий сайдын тамга атгасан өдрөөсөө "Ковид"-ын эсрэг вакцинжуулалтыг ТУГ-аа, тэргүүлэх зорилт болгосных нь төлөө. "Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" хэрэгжүүлж, цар тахлыг хохирол багатай даван туулсных нь хариуг ингэж өгцгөөе. Олон жил дуншсан, ойлгомжгүй явж ирсэн Оюу Толгойн гэрээг урагшуулж, дэлхийн зэсийн зах зээлийн өрөг дээрх эхний таван гол тоглогчийн түвшинд Монгол Улсыг зүй ёсоор хүргэх Гүний уурхайн бүтээн байгуулалтыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулах болзол тулгаж, ирээдүйд үүсэх ирээдүйд 22 тэрбум төгрөгийн өр үүсэх эрсдэлгүй болгосныг нь шүүе! Жингийн туухайн дээрх нүүрсний экспортын хэмжүүрт зэсийн үзүүлэх нөлөөллийг үлэмж нэмэгдүүлэхээр болсныг нь эсэргүүцье.
Монгол Улсын засаглалын өнгөрсөн 30 жилийн түүхэнд гарсан томоохон бодлогын баримт, бичиг, шийдвэрийн алдаа, оноог хамтад нь багцалж, уялдуулж, зангидаад "Шинэ Сэргэлтийн бодлого"-ыг боловсруулж, түүгээрээ залуурдаад явааг нь буруутгая. Бүр зогсооё, бусад шиг нь бүдгэрүүлье, Төрийн ой санамжаас арчицгаая. ОХУ, БНХАУ хэмээх хоёр гүрний дунд, Эрээн, Алтанбулаг гэсэн хоёрхон гарцтай Монгол Улсыг "Боомтын сэргэлт"-ийн хүрээнд хамгийн багадаа тав болгох том амбийцийг нь үгүйсгэж, унтраая. Энэ хооронд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг царцааж, "Эгийн гол"-ын төслөө ч таг мартацгаая. Боомтод эзэн сууж, улс дотор "Улс" байгуулж, мафимз болтлоо томорч, хүчирхэгжсэн цөөн хэсэг нь амар амгалан ажлаа хийцгээг, ашгаа ч олцгоог. Эрчим хүчний импортод зарцуулдаг 400 гаруй тэрбум төгрөгөө ч тоо ёсоор гадагшаа төвлөрүүлж байя.
Бусдын бараагүй, барж чадаагүй, барахыг ч хүсээгүй аалзны тор мэт хэрсэн авлига, ашиг сонирхлын сүлжээг хүний өөрийнгүй илчилж, тэмцэж буйг нь жигшицгээе! Хувь, хувьсгалынхан нь нийлж, нэгдэж, нягтарч нийгмийн бодит дайсан болж, байх ёстой мэт хулгайг сөрж зогсоод, хуулийн хайчинд оруулж буйг нь буруутгаж, улс төрийн дэвжээнээс шахаж гаргацгаая!
Тэр үнэхээр хэгжүүн бас дориун ч байна. Хойноо дайнтай, урдаа хоригтой, бас болоогүй дэлхийн улс төр, гео-стратеги бүхэлдээ шинэ хуваарилалтад шилжиж буй онцгой цаг үед жижигхэн Монголын эрх ашигт гуравдагч хөршийн оролцоог эрэлхийлсэн дипломат бодлого хэрэгжүүлж байгаа нь түүнийг огцруулах бодитой үндэслэл. Хоёр хөршийн төдийгүй Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нарын Монголыг чиглэсэн дараалсан айлчлалын араас зөрүүлээд хилийн дээс алхаж, албан томилолт хийж яваа нь Л.Оюун-Эрдэнийн буруу! Дотоод дахь тэмцлийнхээ хажуугаар гадагшаа чиглэсэн дипломат бодлого, гуравдагч хөршийн оролцоонд ач холбогдол өгч эхэлсэн нь хамгийн том алдаа, хариуцлага тооцох шалтгаан!
Хамгийн сүүлд буюу ердөө хоёр хоногийн өмнө ОХУ-д биш Германд айлчлаад ирлээ. Ерөнхий сайд болсноосоо хойш Европын орнууд дахь анхных, албан ёсных нь. 13 жилийн дараах Төрийн дээд хэмжээний албан ёсны айлчлалаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлд хүргэх талаар зарчмын хувьд тохиролцож, нягт хамтран ажиллахаар Ерөнхий сайд нар ярилцжээ. Тавантолгой болон Тавдугаар цахилгаан станцын төсөлд Герман улс хамтрахыг Монголын гүйцэтгэх засаглалын тэргүүний зүгээс хүссэн байна. Зэс боловсруулах, цахилгаан автомашин техник хэрэгслийн гол түүхий эд болох газрын ховор элементийг боловсруулах үйлдвэрлэлийн талаар ярилцаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэх тухайгаа ч харилцан илэрхийлж. Эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ойн инженер зэрэг 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон нь ч энд хамаарна. Өөрөөр хэлбэл, газрын ховор элементийн төслийг хамтран хэрэгжүүлж, хариуд нь 1000 инженер бэлтгэхээр хоёр тал тохиролцсон нь энэ.
Төдийгөөс өдий хүртэл 1990 оноос хойш илүү хамааралтай болсон, ОХУ, БНХАУ-ын тэг дунд нь зогсож, тэндээсээ давж чадахгүй явж ирсэн Монгол Улс ийнхүү тив дамнан алгасаж, яриа хэлэлцээ хийж, шинэ гарц хайж эхэлсэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ л буруутай. Ерөөсөө л хашаандаа байж, дотроо л сэтгэцгээе. Гэхдээ энд ганц үнэн бий. Тэр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй л болов уу. Итгэл үнэмшил, байр сууриндаа бат зогсох зориг нь байгаа цагт хэзээ ч зогсохгүй нь лав. Дайныг эсэргүүцэж, шүүмжилсэн НҮБ-ын санал хураалт бүрд Монгол Улс түдгэлзсэн санал өгч ирсэн нь өөрөө учиртай. Дипломат талаасаа төвийг сахиж, улс төр талаасаа мөнхийн хөрштэйгөө хийх харилцаагаа өнөөгийн түвшинд нь барих боловсон нүүдэл. Улсаа аваад нүүж чадахгүйгээс хойш ямар ч нөхцөлд хоёр хөрштэйгөө ижил түвшинд харилцах нь бидний, Монголын онцлог, геополитик талаасаа хамгийн боломжит хувилбар нь. Тэглээ гээд тэднээс хамааралтай байхын нэр гэвэл бас үгүй. Аль болох гуравдагч хөршийн оролцоо, хөрөнгө оруулалтыг татаж замаар гадагшаа гарах гарцаа нээх нь Ардчилсан Монголын ирээдүйд л хэрэгтэй.
UZEG.INFO