2001 оны тавдугаар сарын 11-нд юм. Ерөнхийлөгч Н.Багабанди 118 дугаар тоот зарлиг гаргаж Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойг /2002 онд/, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг /2006 онд/ Монгол Улс даяар төр ёсны их баяр болгон тус тус ёслон тэмдэглэхийг чиглэл болгож байв. Ерөнхий сайд нь Н.Энхбаяр байсан үе. Удалгүй Н.Багабандийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж Төрийн тамга Н.Энхбаярт шилжихтэй зэрэгцэн Засгийн газрын 120 дугаар тогтоол гарч 2006 оныг бүхэлд нь "Их ойн жил" болгон зарлаж байлаа. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед. Тогтоолын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тэргүүтэй албаныхан Төрийн ордны чанх урд "дархалсан" Жанжин Д.Сүхбаатар, Маршал Х.Чойбалсан нарын бунхныг Алтан-Өлгий рүү нүүлгэн шилжүүлэхээс эхлээд хэд хэдэн томоохон ажлын өрнөл эндээс эхтэй. Ц.Элбэгдоржоос Ерөнхий сайдын тамга гардсан М.Энхболдын Засгийн үед ч энэ ажил үргэлжилсэн.

Анхандаа асар их эсэргүүцэл, эгдүүдэлтэй тулгарсан ч ингэж л нэгэн жарны турш улсын төв талбай, Төрийн ордноо тойруулан залж, шүншиглэсэн шарил бунхан бүхий уламжлалт хуучин сэтгэхүй Их Монгол Улсыг байгуулсны 800 жилийн ойн хүрээнд хэлбэр, агуулгаа бүрэн зураглалаараа шинэчилж, Их эзэн Чингис хааны хөшөө цогцолбор бүтсэн түүхтэй. Хоёр Ерөнхийлөгч, гурван Ерөнхий сайдын бодлого шийдвэр, залгамж чанарын үндсэнд "Чингис хаан" хэмээх үзлийг Төрийн түвшинд эргэн сэргээсэн хэрэг. Үндсэндээ нэгэнт цагт хаалттай, хязгаартай, хоригтой явсан Чингис хаанаараа омогшиж, бахархах сэдэл нийт монголчуудын сэтгэхүйнд дахин бичигдэж эхэлсэн нь энэ. 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш данц ганц "Ардчиллынхан" тугаа болгож, өмчирхөж ирсэн "Чингис" гэсэн үзэл нийт Монголын бэлгэдэл болсон нь ч энэ үеэс улбаатай. Хөрш зэргэлдээ, хоёрдогч, гуравдагч орны төр, засгийн тэргүүний дээд хэмжээний айлчлал бүрээр Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг жишиг тогтсон нь ОХУ, БНХАУ хэмээх их гүрний тэг дунд орших Монголыг өөр дүрээр илтгэж, харуулж, таниулах Төрийн хэмжээний албан ёсны сурталчилгаа болсон нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Ерөөсөө л Монгол хүн, Монгол сэтгэхүй, Монгол Улс оршин байгаа үндэс нь Их хаантайгаа салшгүй холбоотой гэсэн мессежийг тэр бүрд өгч ирсэн хэрэг.

Үүнтэй агаар нэг буюу үндэстнээрээ төдийгүй дэлхий нийтэд Эзэн богд хааныхаа тухай ойлголтыг шинэ түвшинд харах бас нэгэн хуудсыг бичих ээлжит сэдлийг Төрийн ордны баруун хойно Байгалийн түүхийн музейн буурин дээр бүтээн байгуулсан "Чингис хаан, хаад язгууртны музей" өгөх нь. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед буюу 2019 оны долдугаар сард гаргасан Засгийн газрын 280 дугаар тогтоолд "Монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай удирдагч, аугаа их Чингис хааны түүхэн үйл хэргийг мөнхжүүлэн алдаршуулах, нийтэд сурталчлан таниулах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд "Чингис хаан" музейг байгуулсугай" хэмээн тусгасан байдаг. Энэ дагуу өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, холбогдох үзмэр гадна, дотноос татаж төвлөрүүлснээр Монголын хаад язгууртны түүхийг үзүүлэх музей хаалгаа нээж байна. 

Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой тохиож буйтай холбогдуулж, Монголын төрөөс зохион байгуулж байгаа арга хэмжээний хамгийн том нь гэж хэлж болох энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн манай улсад хамаарахгүй. Учир нь, Чингис хааны түүх нь зөвхөн Монгол Улс бус дэлхийн түүх гэдэг. Нийт 20500 ам метр талбайтай, есөн давхар барилгын 40 хувийг үзүүлгийн танхим эзэлж буй нь ямар хэмжээний бүтээн байгуулалт болсныг илтгэнэ. Үндсэн агуулга, үзмэрийн ач холбогдол нь Чингис хаанд хамаарах ч Монголын нутагт анхны төрт улс байгуулагдсан Хүннүгээс эхлээд эзэнт гүрэн болтлоо томорсон Их Монгол болон Юань улсаар дамжиж, Алтан ургийн угсааны хаад язгууртнуудын түүхээр баяжуулсан нь музейн хамгийн гол онцлог. 

Үргэлжлүүлээд XX зууны эхэнд буюу 1911 онд Чингисийн угсааны алтан ургийн ноёд өнөөгийн Монгол Улсыг хэрхэн бидэнд үлдээсэн тухай түүхийг цогцоор нь харуулснаараа өвөрмөц. Бүх цаг үеийг хамарсан гэсэн үг. 11 мянга орчим үзмэр, дурсгал тавигдсан нь үүний илрэл. 93 хувь нь эх хувиараа гэхээр ямар хэмжээний ховор, үнэ цэнийг агуулсан гэдэг нь тодорхой. Нэмээд Улаанбаатарт байгаа музей, Шинжлэх ухааны байгууллагын харьяа хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд, Соёлын өв зэрэг бусад газрын сан хөмрөгт хадгалж буй нийт дурсгалын найман хувийг тэнд шингээжээ. 

Ийнхүү хоёр нийгмийн шилжилтийн үед, XX зууны төгсгөлтэй зэрэгцсэн ерэн оны ардчилалтай хамт Эзэн богд Чингис хаан, их хөлгөн "Нууц товчоо"-гоо сэргээсэн монголчууд, XXI зуунд хөшөө цогцолборыг нь сүндэрлүүлээд зогсохгүй, дэлхий нийтэд сурталчлан таниулахад томоохон түлхэц болохуйц ажлыг гурван жилийн хугацаанд дахин бүтээж босголоо.

Бид Их Хаанаараа бахархаж, омогшиж ирсэн ч үүх түүхийг өгүүлэх, үнэ цэнийг илтгэх, эд өлгийн ховор үзмэрийг ч энэ удаагийнх шиг багцалж чадсан нь үгүй. Энэ хооронд Чингис хаан тэргүүтэй цөөхөн хэдхэн суутнуудыг өв уламжлал, оршин байсныг илтгэл ховор, нандин олдворыг гаднын зарим нь өмчирхөж, тэдний нэрээр өөрсдийнхөө үнэлэмжийг дээшлүүлж ирсэн нь бишгүй. Гагцхүү тэрхүү ойлголтыг халах, цаашлаад Төв Ази төдийгүй дэлхий нийтэд Их Монгол Улсыг үндэслэгч Эзэн богд Чингис хаанд холбогдох хамгийн том дархлаа, Монголыг зорих төв цэг нь "Хаад язгууртны музей" байх нь. Ханат Монгол, Хагаан Чингисээ биширтүгэй! гэдгийг учиг энэ.

UZEG.INFO