Орос ялна...
Орос оронд Оросын ард түмэн ялна. Би оросын ард түмний талд байна. Оросын ард түмний талд байгаа учраас Украйныг хамтдаа өмөөрч байна. Ард түмнүүд хэзээ ч дайсагнадаггүй юм.
Орос ялна...
... Орос ялна, гэхдээ ард түмэн нь ялна.
Орос ялна, гэхдээ. Хаяа нийлсэн хөршөө эзлэх арга юу байна гэж хардаг түрэмгий Оросын удирдагчид нь биш. Хажуу айлынхаа хүнтэй нөхөрлөх учиртай тул “Украйнтай байлдах хэрэггүй” хэмээн жагсаж байгаа оросын ард түмэн нь ялах юм.
Орос ялна, гэхдээ. Ахан дүүстээ дайн зарласан милитарист удирдагч нар нь биш, харин дайныг эсэргүүцэн гудамжинд гараад эрх баригчдын бороохой болсон цагдаа нарт ачигдаж байгаа тэр ард түмэн ялна. Тэр ард түмэн хэзээ ч ялагдахгүй, алга болохгүй.
Орос ялна. Гэхдээ, улсдаа “номер нэг” байх нь багадаад дэлхийд алдартай “жолоодогч” байхын тулд ардынхаа үр хүүхдийг дайны талбар луу хөөж байгаа удирдагч нь биш. Харин, “Эх орноо хамгаалж, сайн яваад ирээрэй” гээд цэрэгт мордуулсан хүү нь даргынхаа тушаалаар хүний эх орон руу довтлоод үрэгдсэн бичлэгийг харж, “Дайн хэрэггүй” хэмээн цурхирч байгаа эхийн тал ялах юм. Үр хүүхэддээ сайн сайхныг хүссэн ээжүүд хэзээ ч ялагддаггүй.
Орос ялна. Гэхдээ, Монголчуудыг коммунист туршилт хийж болох хүнэн-туулай хэмээн хараад хөх инээд нь хүрсэн коммунистууд нь биш. Харин Монгол хүнийг эрүүлжүүлэх гэж хээрийн экпедицид нүүрээ сайрттал явсан орос эмчийн тал ялна. Монголын гучин мянган сэхээтнийг алах тушаал барьж ирсэн Зөвлөлтийн оросууд биш, Монгол улсад гучин мянган сэхээтэн, мэргэжлийн ажилчин сургаж явуулсан сэхээтэн-орос нь ялах юм.
Орос ялна, гэхдээ. Гэхдээ монголыг монголоор нь алуулж, монголыг монголынх нь эсрэг турхирч ирсэн жолоодогчийн гар хөл “онц бүрэн эрхт төлөөлөгч” нь биш. Харин Монгол хүний аврах анхны монгол эмчийг бэлтгэсэн, монгол орноо хөгжүүлэх ууган сэхээтнийг сургасан багш нарын тал ялах юм.
Орос ялна, гэхдээ. Монголын удирдагчдыг толгой дараалан Москвад аваачиж, Зөвлөлтийн эрүүгийн хуулиар шүүж алсан, энд нь хордуулсан удирдагчид нь биш. Харин тахлын голомтод үлдсэн өнчин Өвгөнбүргэд хүүг тэвэрч гаргаад аварсан Соболева эмчийн тал нь ялах юм. Харамсалтай нь тэд хэзээ ч эх орондоо эзэн нь байж чадаагүй юм. Одоо цаг нь ирсэн ч юм бил үү?
Орос ялна. Гэхдээ, Монголын алтан ургийн бичээсийн дагуу аллага явуулсан ЧК, КГБ түүний сүнс сүүдэр нь биш. Харин Чингис хааны хээр талд улсын университет байгуулж, шинжлэх ухааны лекц уншсан цөллөгийн профессорын тал ялна. Тэд эрдмийн хүрээлэнгээ нөхөр “Шариков”-т түйвээлгэж, эх орноо люмпэн пролетариудад алдсан ч гэсэн оюун тархиндаа авч үлдсэн эрдэм боловсролоо бидэнд зааж байсан юм. Тэр ялагдахгүй.
Монголчууд бид Сергей Королёв, Юрий Гагарин, Игорь Сикорский, Максим Горький, Андрей Сахаров, Михайл Булгаков, Сергей Рахманинов.. гээд тоолж дуусамгүй олон суутнаар Орос орныг төсөөлөн хүндэлдэг. Харамсалтай нь суутнууд нь хэзээ ч эх орондоо эзэн байгаагүй, харин “сод хоригдол”, “гайхамшигт дүрвэгч”, “үхсэн хойноо цагаадагч” явсаар хорвоог орхисон юм. Бидний хүндэлдэг хайрладаг тэр хүмүүсийн ялах цаг ирсэн. Бие нь алдарсан ч үзэл санаа нь эх орондоо нэвт шингэх цаг болсон. Орос ялна.
Орос бол аугаа ард түмэн. Аугаа сэхээтний ард түмэн. Гэхдээ тэд үеийн үед түрэмгий хаандаа, большевикууддаа, пролетариудаа, КГБ-чингүүддээ үргэлж ялагдаж байсан. Магадгүй, анх удаа ард түмэн нь ялах боломж гарсан нь энэ ч юм билүү?
Орос оронд Оросын ард түмэн ялна. Би оросын ард түмний талд байна. Оросын ард түмний талд байгаа учраас Украйны ард түмнийг хамтдаа өмөөрч байна. Ард түмнүүд хэзээ ч дайсагнадаггүй юм.
Төртэй биш, ард түмэнтэй нь тогтоосон нөхөрлөл үлддэг юм. Би Оросын талд байгаагийн учир энэ. Учир нь төр буцаж, ард түмэн үлддэг. Бид ч бас ард түмэн, тэд явж бид үлдэх юм. Ийм учраас БИД ЯЛНА.
2022.03.02