Гандан, засал, өргөл... ба бусад

Номын өглөг

Жил, жилийн, цагаан сарын дараа шашнаа санагалзах, бас шүүмжлэх хоёр урсгал зэрэг өрнөдөг. Энэ жил ч ялгаагүй өрнөж л байна. Өрнөж л байх нь хуран үйлдэхүй буй заа. 

    Шашинтай, уламжлалтай гэдгээ санаж байгаа хэсэг байна. Тэдний талаар өгүүлэх юун. Даяаршин ижилсэж байгаа хүний хорвоод биднийг Монгол байлгаад байгаа зүйл бол хэрүүлтэй уруултай наадам, цагаан сар, түүнд шингэсэн шашин суртахуун. 

  Харин нөгөө урсгалынхан шүүмжилж байна. Байх л зүйл. Тайлбар нь “Буддын сүм хийд мөлжиж байна” гэдэг социализмын үеийн үгтэй. Бусад шашин юм өгдөг байхад манай сүм хийд авч байна л гэнэ. Лам нар өглөг өгөхийн оронд өргөл авч байгаа нь буруу л гэнэ. Сүүлдээ байчихаад “Ганданд арваад касс ажиллаж байна. Цөөлөх хэрэгтэй" л гэнэ. Урт оочер үүсгэх гэсэн юм болов уу бүү мэд.

     Их төлөв лам нар өглөг буян үйлдэх талаар маруухан гэдэг шүүмж өрнөнө. Гадуур, өөр шашныхан ядарсан айлуудад будаа идээ тараагаад, хариуд нь өөртөө элсүүлээд байна гэж хэлдэг. Шашныхаа оршихуйд санаа зовсон хүний л үг байх.

         Дээрх шүүмжлэл гарсан шалтгааныг ярихын өмнөхэд гурван зүйлийг хамтдаа ойлгох хэрэгтэй болно. Юуны өмнө өөрийн шүтэж буй Буддын шашныхаа сургаалын гол санааг эргэцүүлэх ёстой. Юу гэхээр, Бурханы шашин бол мухар сүсэг бус харин танин мэдэхүйн замнал буюу гэгээрлийн зам гэдэг. Буддист байна гэхээр давын өмнө Бурхан багшийн заасан гэгээрлийн замыг сонгосон, үйлийн үрийг ухаарсан хүн. “Бурханы олон шавь нар” гэдэг хэллэгт сурагч, оюутны утга яах аргагүй байнам. 

   Эндээсээ ургаад, Буддистууд хамгийн том өглөг бол мэдлэг, тодорхой утгаараа ертөнцийн мөн чанарыг таньсан гэгээрлийг түгээх явдал болохыг тодорхойлсон. Лам хуврагуудаа ийм “супер” өглөгийн эзэн байхыг захисан. Мэдлэг нь эзнээ авардаг учраас мэдлэгээр өглөг түгээх үйл явцаа “амьтныг аврах” хэмээн тодорхойлжээ. Иймээс Буддын шавь нар эдийн өглөгөөс, эрдмийн өглөгийг чухалчилна. Гэхдээ энэ нь голоо цохисон харамч амьтан байгаарай гэсэн үг биш л байх. 

  Хоёрдугаарт, Бурхан багш “Би чиний үйлийн үрийг арилгахгүй. Чи өөрөө л өөрийгөө аварна. Харин би аврах замын чинь заана” гэдгээ хамгийн түрүүнд хэлдэг. Ийм учраас “Чиний зовлон, зовлонгийн чинь шалтгааныг арилгаад өгнө, Агаа нь” гэж ямар ч лам албан ёсоор хэлэхгүй. Харин сүсэгтний тоочсон зовлонгийн хариуд ном гүрэм уншуулахыг зөвлөдөг нь мөн чанартаа зовлонгоос хагацаах мэдлэг, танин мэдэхүйг л санал болгож байгаа хэрэг бололтой.

   Гуравдугаарт, Буддын сургаалыг хүний гачигдал зовлонг далимдуулан сургаж хэрэггүй, бэлэг сэлтээр татах аргаар номлож дэмий хэмээн хичээнгүйлэн захижээ. Гол нь цаад хүмүүн гачигдал зовлонгоо арилахаар номлолыг мартана, орхино. Өгсөн бэлгийг үрж дуусгаад номыг орхих, эсвэл шинэ бэлэг нэхэх тул үр дүнгүй гэж. Ийм учраас Буддын лам нар ядарсан айлуудаар хоол тараагаад “Манай шашинд орвол идээ будаа элбэг олдоно” гэж шалаад байдаггүй. Энэ нь ядарсан зүдэрсэн хүмүүст лам нар өглөг, хишиг түгээдэггүй гэсэн үг бас биш юм.

   Дөрөвдүгээрт, өөрийгөө магтуулах, гайхуулахын төлөөнөө хийж буй сайн үйлс нь мөн чанартаа хүмүүнлэгийн үйл биш гэж Буддизм сургадаг. Ухаандаа, сонгуулийн сурталчилгаа, түүгээр тараадаг бэлэг, одоо шуугиулаад байгаа “Гишүүний боов”(Тойргийнхоо ахмадуудын сэтгэлийг татахын тулд өгдөг тавгийг боов) зэргийг хэлээд байна аа даа. Цаана нь амьтанд туслах сэтгэл бус, харин өөрийгөө гайхуулах эго байгаа учраас тэр буян биш гэнэ. Харин сүүлийн үед манай олон хувраг, хутагт гэгээд хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцож, түүнийгээ “сайн үйлсийн сурталчилгаа, хамаг амьтанд өглөг буяны сэтгэл үүсгэсэн сэдэл” гэж тайлбарлах болсон. Зүйтэй, тиймүү?

    Одоо өргөлийн асуудалдаа орноо. Бүхий л шашин хандив дээр оршин тогтгодог. Зөвхөн өглөг тараадаг, өргөл огт авдаггүй шашин гэж үгүй, байх ч аргагүй.  Өглөг хишгээр дамжуулан өөрийн шашны номлох үйлийг тэтгэдэг өглөгийн эзэн цаана нь байгаа болоод л тэр. Өглөг буяны цаана хоёр хандлага байдгийн нэг хэсэг нь “өглөгийн хариуд биднийг дага” гэх санаатай байхад, нөгөө нь тэс өөр, ерөөсөө хүмүүнлэг байх нь манай шашны нүүр царай хэмээн үздэг нь ч байна. 

    Бурханы шашин ч өглөгийн эзний санхүүжилтээр оршино. Буддын гол судар номын нэгэн болох “Бодь мөрийн зэрэг”-т шашин оршихуйн нэгэн үндсийг өглөгийн эзэдтэй байх хэмээн тодорхойлжээ. 

Мэдлэг ба хоолны бартер

  Буддын шашин анхлан дэлгэрсэн умарт Энэтхэг тухайн үедээ цэцэглэн хөгжсөн, баян тансаг орон байжээ. Оюун санааны эрэл хайгуулд гарсан гүн ухаантнууд аглаг ойд бясалгал үйлдэн, ертөнцийн мөн чанар танин мэдэхийг эрмэлзэнэ. Философич, бясалгагчдийн олон хүрээлэн оршиж, хоорондоо мэтгэлцээн зохионо. Будда Шагжаамуни ч тэдний л нэг маягтайгаар гэгээрлийн замналынхаа гарааг эхэлснийг бид мэднэ. 

   Майкл Карритерсийн бичснээр, гүн ухаантан-даяанчид өөрсдийн ухаарсан, таньсан мэдлэгээ олон түмэнтэй байнга хуваалцана. Гэхдээ, танин мэдэхүйн хичээл, лекцүүд зохих төлбөртэй ажгуу. Тэр нь шалихгүй зүйлс, зөвхөн идэх уух хоол хүнс гол төлөв байна. Хоолоор бартертдсан танин мэдэхүй ч гэмээр юмуу? Нөгөө нэг “нефьтийг хүнсээр” гэдэг шиг “Хоолыг мэдлэгээр” гэсэн зарчим. Чухам эндээс бадар барин айлын үүд хэсэж, хүнсээ цуглуулах уламжлал үүсчээ. Тааламжтай сайхан цаг агаартай Энэтхэг нутгийн даяанчид их төлөв “хээрээр гэр, хэцээр дэр” хийхийн зэрэгцээ нүүдлийн хөдөлгөөнт хүрээлэн маягтай ажиллаж, нутаг нутаг дамжин “семинар-сургалт” хийж явах тул орон байрны асуудал тийм ч хурц байсангүй.

         Будда Шагжаамунийн сургаал эхэндээ хурц ухаант шавь нарынх нь ой тогтоомжид удаан хадгалагджээ. Хүний ой ухаан нь хязгааргүй багтаамжтай “хаард диск” мөн боловч эзэнтэйгээ хамт мэдээлэл нь арчигддаг сул талтай. Ингээд нэгэн цагт, Буддагийн шавь нар ой ухаандаа хадгалсан сургааль, номлолоо цаасан дээр буулгаж эхэлснээр түүнээ хадгалах номын сан, сүм хийд, архивын байгууламжийн хэрэгцээ гарав. Эхэндээ сувраганд хадгалаад, хожмын өдөр маргаан, хоёрдмол утгатай тулгарах үедээ ухан гаргаж уншин, эргэлзээгээ тайлж байсан ч гэдэг. (Суврага нь үүнээс ч өмнө байсан тахил шүтээний байгууламж ч байж мэднэ).

       Мөнөөх сувраг хэмээх номын “сэйф”хөгжсөөр, Бурхан багшийн номлол сургаалыг өдөр болгон харах боломжтэй эх үүсвэр бүхий номын сантай сүм хийдүүд болон тэлжээ. Харин сувраган номын сан нь шашны байгууламж, шүтлэгийн бүтээн байгуулалт болон үлдэв. Дотор нь анхны зориулалтыг бэлгэдэн ном судар, есөн эрдэнэ бүхий “зай” хийх болжээ. Манай хээр талаар цайран харагдах Бурхан шүтээний суврагуудыг тодорхой утгаар нь “Бурханы номын сан”, “Судрын шкаав”зэрэг танин мэдэхүйн орныг бэлгэдсэн шүтээн хэмээн ойлгож ч болно. Номд дор мөргөх, номын сан дор мөргөх нь хүн, хүний л сонголт. Гэгээрлийн ном сургаалийг дээдлэх, түүний түгэх орчин болсон шашны байгууламжийг хүндлэх, алин ч танин мэдэх, үйлийн үрийг ухаарах шалтгаан болж болно. 

 Харин “Очир огтлогч” сударт, Буддын сургаалаас мөрийн төдийг үнэнээр ухаарах буюу ухаарснаа бусдад ойлгуулбал хэн нэгэн амь биеэ Ганга мөрний элсний тоогоор шашны тул золиослосноос илүү тоолшгүй, хэмжээлшгүй буян хураах тухай өгүүлдэг билээ л.

“Засал” бол санхүүжүүлэлт

Бурханы шашин түгэн дэлгэрэхийн хэрээр цаг агаарын өөр өөр нөхцөлд тохирсон, өөр өөр өглөгийн эзэд хэрэгтэй болов. Уламжлалт “мэдлэгийг хоолоор” гэдэг солилцоо гологдоод эхэлжээ. Жишээлбэл, дэлхийн дээвэрт суугаа Төвд ламд хоолноос илүү дулаан гэр орон, дулаан хувцас чухал. Энэ үеэс шашнаа тогтмол санхүүжүүлэх шинэ менежмэнт эрэлхийлсэн бололтой. Тодорхой зан үйл, шашны ёслол болон нэр бүхий судар номыг судлах бясалгах процессийг санхүүжүүлэх багц гаргаж эхэлсэн байж болох талтай, өнөөгийн “тийм юманд тийм ном уншуул” гэдэг менежмэнт.

   Цаашлаад эдгээр багцаа, “сүрэг мал өсгөх”, “эрүүл энх байх”, “үхэр жилтний жилийн засал”-д зориулсан гэхчлэн илүү ойлгомжтой болгон хуваасан шиг байна. Нэг талаасаа сүсэгтнүүд өөрийн сайн сайхны төлөө ном судар уншуулж байгаа мэт боловч цаад утгаараа шашин номын тодорхой уншлага, мөргөлийн зан үйлийг санхүүжүүлж буй хэлбэр юм.

   Иргэн Дорж өөртөө учирсан гай зовлонгийн шалтгааныг таниж нимгэлэх хийгээд бусдын буян төлөөнөө “Алтангэрэл” судар уншуулна гэдэг сүсэгтний талын ойлголт. Шашин сүм хийд талаасаа бол лам хуврагууд “Алтангэрэл” судраа Доржийн санхүүжилтээр уншиж судласан үйл явц юм. Яг л сургалтын тэтгэлэг гаргалцах, танин мэдэхүйн хөтөлбөрт хандив өргөхтэй адил.

   Иймээс цагаан сарын дараа хийлгэдэг жилийн засалд зориулан айлтгадаг номууд бол сүм хийддээ хандив өргөх, шашнаа санхүүжүүлэх тал нутгийн арга юм. 

Загалмайн шашны сүм хийдүүд өөрийн тойрог, хүрээллийн сүсэгтнүүдийн өргөсөн хандиваар голлон санхүүждэг. Харин тал нутгийн нүүдэлчид тодорхой нэр бүхий ном судрыг уншиж бясалгах ажлыг “засал” нэрээр санхүүжүүлдэг. Нэг л юмны хоёр тал.

   Анх Энэтхэгт “хоолыг мэдлэгээр” зарчимтай явж байсан гэгээрлийн үйл хэрэг, “Тодорхой ном судрыг унших ажлыг санхүүжүүлсний хариуд миний төлөө, надад учирсан тодорхой зовлон гачаалыг сайнаар шийдэхийн төлөөх залбирал үйлдэх” гэсэн зарчим болсон байна.

   Хувь хувийн эрх ашиг нь илүү тод харагддаг, түүнээ ч илэрхийлэх дуртай нүүдэлчдийг “Нутаг орон, улс үндэстнээ шашинтай байлгахын тулд хандив өргө” гэж ятгахад амаргүй. Харин хувийн “мал сүргээ өсгөх”, “өөрөө урт наслах”, “мориноос ерөөсөө унахгүй” байхын төлөөнөө сүм хийдээ санхүүжүүлэх тухай яривал илүү сайн ойлгоно. 

   Үр дүнд нь сүм хийд нь оршин тогтнож, Бурханы ном сургааль дэлгэрч, лам хуврагууд гэгээрлийн үйлсээ хэвийн үргэлжлүүлнэ. Тэд шашин нь оршин тогтнох эдийн засгийн үндэс болсон өглөгийн эзний сайн сайхны төлөө, ялангуяа тусгайлан айлтгасан “проблем” нь нааштай шийдэгдэхийн төлөөнөө залбирна. 

   Тал нутгийн өргөл, шашнаа санхүүжүүлэх арга энэ. Зарим хүний боддогчлон “Буддизм Монголыг ийм болгосон” юм бол огт биш. Харин Буддизмыг авч үлдэх, сүм хийдээ санхүүжүүлэх Монголчуудын арга бол мөн. 

   Та жилийн заслаа хийлгэсэн бол өвөг дээдсийн уламжлалт шашнаа санхүүжүүлсэн, лам хуврагуудын тодорхой ном судар унших, бясалгах хөтөлбөрийг тэтгэсэн буян хураажээ. Таны өглөг буянаар Буддын шашин оршин тогтнох болно оо л гэсэн үг. Буян байна газар үр гарах нь зүй. Үүнээс илүү засал гэж юусан.

2022.02.08