2009-08-19

Оршин суугчдын сайхан амьдрах хүсэл эрмэлзэл, хүч чадлыг хааж боох биш, нээж чиглүүлэх, дэгжин дэвшихэд нь саад болж байгаа бүхнийг арилган чөлөөлөх замаар л хот суурин хөгждөг байтал манайд иргэдийн оролцоогүйгээр асуудлыг нь шийдэх коммунист арга, оролдлого устан үгүй болоогүй, харин ч улам бүр хүчээ авч байна.

Хорвоогийн бүх л сайн сайхныг амлан байж сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчид өнгөрсөн нэг жилд юу өөрчилсөн нь бидний нүдэнд харагдахгүй байна. Хот, дүүргийн удирдлага улс төрийн намуудын найраанд хүлэгдсэн хэвээр. Улстөржсөний шагнал болгон албан тушаалын томилолт хийж, орон нутгийн удирдлагад харилцан наймаалцах хэлбэр ноёлон, тус тусын намаа төлөөлсөн дэд даргуудын тоо олшрохын хэрээр зардал өсч, шийдвэр сунжирсаар. Нийтийн эзэмшлийн хөрөнгийг нэг намыг дэмжигч бизнес сааж эхэлбэл өөр нэг бизнесийг нөгөө намдаа саахыг зөвшөөрөх, эсвэл ээлжлэх юм уу, бүр хамтарч саах зэргээр санаанд оромгүй гайхалтай арга хэлбэрээр, зөвшилцөх нэрээр хуйвалдах болжээ. Сүүлийн арваад жил улсын, эсвэл нийслэлийн өмч хөрөнгийг хэн, яаж хариуцаж, хэрхэн зарцуулж ирснийг эргээд нэг сайн хар даа.

Үр дүн гэвэл хотын өмнө тулгараад байгаа асуудлаас аль нь ч шийдэгдсэнгүй. Бид үер усанд автаж, бохир агаараар хордож, хогонд дарагдаж, ундны усаар гачигдаж, харанхуй гудамжинд бүдчиж, хүнсэндээ хордож, ер нь аюулгүй амьдрах боломж алхам алхмаар хумигдсаар байна. Улсын нийслэл Улаанбаатар хотжихын оронд хөдөөжиж, их замын дэргэд байдаг муухан “гэр гуанз” шиг болжээ.

Хотыг хөгжүүлэх алсыг харсан төлөвлөгөө, бодлого байсангүй, мөрдөх байтугай, мартчихсан хуучин зурагтай, дарга нар удирдсан болж, иргэд удирдуулсан болж аргацаасаар, сонгуулиар заримыг нь сольсон харагдавч, зарчмын хувьд ямар ч өөрчлөлт гарахгүй байна.

Товчхон хэлбэл “пиадлыг пиадлаар” сольсоор ирэв.

Хотжуулах үйл явцыг хурдасгаж чадах зарчмын томоохон хөдөлгөгч хүч бол гэр хорооллыг орон сууцжуулах. Гэр хорооллын 170 мянган айлын орон сууц барих ажил эдийн засаг, нийгэм, соёлын томоохон өөрчлөлт, их үсрэлт болно. Энэ төслийг гэр хороололд амьдарч байгаа өрх бүр хашааныхаа газрыг байраар солих замаар хийж болох талаар Монголын Иргэний холбоо санаачлан хотын удирдлагад хандаж, ард иргэдээ уриалж байсан. Газраа байраар солих энэхүү иргэдийнхээ санаачилгыг хотын түрүүчийн дарга “газраа гурван өрөө байраар солих” тухай сонгуулийн амлалт болгож, үүний ачаар Их Хурлын гишүүнээр сонгогдсоноос өөр юм хийгдсэнгүй. Дарга маань хэдэн сонгогчоо гурван өрөө байраар гийгүүлээд байгаа нь сонсогдохгүй л байна.

Гэр хороололд оршин суугчид гудамж хороогоороо хоршин нэгдэж хот, дүүргийн удирдлагатай хамтран орон сууц, сургууль, нийтийн үйлчилгээний газар барих төлөвлөгөө хийж болно. Орон сууцны хувьцаат компани байгуулж, өөрсдийн газрын хэмжээгээр хувьцаа эзэмшин, хэлэлцэн баталсан журмынхаа дагуу хэчнээн өрөөтэй байрыг, ямар байршил, хэдэн давхарт авахаа шийднэ. Үлдсэн байруудыг борлуулсан орлогоос хувь хүртэнэ. Ийм хорооллыг барих явцад олон хүн ажилтай, бас дараа нь байртай болох билээ.


Монголын архитекторууд, инженер, бусад мэргэжлийн хүмүүс энэ санаачилгыг мэдээж дэмжинэ. Бүх оролцогч талууд, түүний дотор хот өөрөө хувьцаа эзэмшсэн корпораци байх тул үр ашиггүй зардал багасч, нэгж талбайн үнэ дор хаяж гуравны нэгээр буурна.


Гэр хорооллыг хотжуулахад учирч байгаа хамгийн хэцүү асуудал болох газрын үнэлгээний зөрөөг шийдэх хамгийн хялбар арга бол хашаа, байшингийн эздийг барьж байгаа хорооллын хувьцаа эзэмшигч болгох хэлбэр юм. Бусад нь бол цаг хугацааны л асуудал. Ерөөсөө иргэдийн сайхан амьдрах шийдэл өөрсдийнх нь гарт байх ёстой.

“Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэдэгчлэн дарга нар нэмэр болж чадахгүй бол ядаж нэрмээс болохгүй байхсан.