Ойрын Орос
Монголд өрнөж буй нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явдлуудын тухай мэдээллийг орос хэлээр өргөнөөр бэлдэж, цацахгүйгээр ямар нэг хамтын ажиллагаа нь нийгмийн болон бизнесийн дэмжлэг авахгүй нь тодорхой юм.
Монгол улстай хамгийн ойрхон, эдийн засаг, түүхээрээ нягт холбоотой Оросын хамгийн том хот бол Иркутск (Эрхүү). 360 жилийн өмнө байгуулагдсан энэ хотод эдүгээ 588 мянган хүн амьдарч байна.Энэ хотоор 1890 онд дайрч аялсан А.П. Чехов “Эрхүү бол зүүн сибирийн нийслэл” гэж нэгэн захидалдаа анх бичжээ. Энд “Зүүн сибирийн газар зүйн нийгэмлэг” байгуулагдаж Сибирийн газар зүй, геологи, байгалийн баялагийн талаар бүх судалгаа, мэдээллийг цуглуулж байжээ.
Оросын хааны сүүлчийн Засгийн газар энд 1917-20 онд ажиллаж байжээ. Түүнийг тэргүүлж байсан Адмирал А.В. Колчакыг 1920 онд большевикууд буудан хороож, 94 жилийн дараа хөшөөг нь босгожээ. 1830-аад онд Цагаан хааны эсрэг боссон олон сэхээтнүүд (Декабристууд) цөллөгдөн ирснээс хойш Эрхүү үйлдвэрлэл, соёл иргэншлийн томоохон төв болон хөгжив.
Эрхүүд 1926 оноос монголын залуус анх ирж суралцсанаас хойш манай олон арван мянган боловсон хүчин бэлтгэгдсэн. Монголыг бараг зуун хувь түлш, шатахуунаар хангадаг Ангарскийн үйлдвэр бас энд байдаг учир, Орос Монголын худалдааны хамгийн том эргэлт эндээс эхтэй. Эрхүү өнөөдөр ч олон улсын харилцаанд идэвхтэй оролцож, Зүүн хойд Азийн эдийн засагт өөрийн байр сууриа олохыг эрэн хайж байна.
Өнгөрсөн долоо хоногт Эрхүүд зохион байгуулагдсан гурван ч үйл ажиллагаанд оролцсон ба монголд ямар тусгалтай болох талаар энд өгүүлэв.
Евразийн тухайд
Европ болон Ази тивийг нэгтгэсэн энэхүү нэр томьёо саяхан болтол зөвхөн байгалийн шинжлэх ухаанд хэрэглэгдэж ирсэн. Олон улсын эдийн засаг, улс төрийн харилцаа олон төвтөй болох хандлагыг дагаад, ялангуяа барууны орнууд Орост тавьж эхэлсэн хоригийн дараа хоёр тивийн орнуудын бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлага бий болсон. Тэгээд ч газар нутгийнх нь 77, хүн амынх нь 26 хувь нь Азид оршдог учир хоёр тивийн хамтын ажиллагаа нь Оросын хувьд онцгой ач холбогдолтой. “Еврази бол бидний хувьд шатрын самбар ч биш, геополитикийн талбай ч биш, энэ бол манай гэр, бид бүгдээрээ энэ гэртээ амар тайван, элбэг дэлбэг амьдрахыг хүсч байна” гэж Ерөнхийлөгч В.Путин 2017 оны 5-р сард Бээжинд “Нэг бүс, нэг зам” олон улсын хурал дээр хэлжээ.
“Большая Евразия” сэтгүүлийн редакциас энэ сарын 21-нд Эрхүү хотод зохион байгуулсан “Том Еврази ба Бүс ба зам” дугуй ширээний ярилцлагад Орос, Монгол, Хятадын төр, хувийн хэвшил, академийн төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцлаа. Гурван улсын хамтарсан эдийн засгийн том төслүүдийг Бүс ба зам, Том Еврази, Талын зам гэж тус бүрнээ нэрлэж байгаа ч, гол нь монголоор дамжуулах эдийн засгийн корридорыг байгуулах тухай юм.
Улаанбаатарт энэ оны 6-р сард болсон Монгол-Оросын санаачилга нэртэй чуулган дээр энэ төслийг эрчим хүч, байгалийн хий, авто болон төмөр зам, шилэн кабелийг нэгтгэсэн Супер корридор ч гэж нэрлэсэн билээ. Энэ том төслийг хэрэгжүүлэх нь аль хэр бодитой, хэн нь яаж хөрөнгө оруулаад яаж нөхөж авах тухай нарийвчилсан тооцоотой, ажил хэргийн яриа одоог хүртэл болоогүй байгааг талууд тэмдэглэж байлаа.
Монголоор дамжуулаад корридорууд барилаа гэхэд ямар ачаа зөөх тухай хэн ч мэдэхгүй, тэгвэл яаж хөрөнгө оруулалт хийх нь тодорхой биш, тэгээд ч Оросын бүс нутаг мөнгө гадагшаа шилжүүлэхэд Москвагаас зөвшөөрөл авдаг одоогийн нөхцөлд хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай тусгай хууль гаргахгүйгээр юу ч явахгүй гэж академич А.К.Тулаханов хэллээ.
Өнөөдөр Эрхүү нь хүлээн авсан жуулчны тоогоороо Москва, Санкт-Петербургийн дараа гуравт орох болжээ. Жуулчдын ихэнх нь Азиас, тэдний дийлэнх нь Хятадаас ажээ. Гэвч Хятадын жуулчид Оросын хямд үнэтэй онгоцоор нисч, хятад эзэнтэй зочид буудалд бууж, хоолны газарт ордог учир хотын эдийн засагт нэмэр болохгүй байгаа гэж иргэд гомдол гаргаж буй. Хулгайгаар мод бэлтгэхийг хязгаарлаж байгаа ч бүрэн зогсоож чадахгүй байна гэж хотын сонинуудад бичсэн байлаа.
Дашрамд хэлэхэд Эрхүүгээс дэлхийн аль ч хэсэгт нисэх нь Улаанбаатараас хоёр дахин хямд учир хоёр хотын хооронд нисдэг Аэро Монголын онгоц дүүрэн хүнтэй нисдэг болов.
Байкалын усны чуулган
Эрхүү мужийн захиргаа Байкалын олон улсын экологийн усны чуулганыг хоёр дахь жилдээ энэ сарын 20-21-нд зохион байгуулав. “Байгаль далай бол амьдралын булаг” уриатай энэ үйл ажиллагаа нь дэлхийн хамгийн цэнгэг устай Байгаль далайг хамгаалах хамгийн өгөөжтэй арга замын тухай ярилцах болно гэж мужийн амбан захирагч С.Левченко мэдэгдлээ.
Оролцогчид усны орчны экологийн чанар болон хүний эрүүл мэнд хоорондын холбооны тухай экологи, соёл, боловсрол, эко-залуу үе гэсэн дөрөв хэсэгт хуваагдан ярилцав. Чуулганд НҮБ-аас төлөөлөл, ус цэвэршүүлдэг гадаад, дотоодын олон компани оролцож бүтээгдэхүүнээ сурталчилж байлаа.
Байгаль далай дэлхийн цэвэр усны тавны нэгийг агуулдаг учир түүнийг арчилж хамгаалах нь мэдээж маш чухал. Эдүгээ Оросууд нуурыг хамгийн их бохирдуулж байсан целюлоз-цаасны үйлдвэрээ хаагаад таван жил болж байгаа ч, одоог хүртэл бохирдуулсан хогийг бүрэн цэвэрлэж дуусаагүй ажээ.
Монгол улс Байгаль далай руу цутгадаг Сэлэнгэ мөрний эх дээр, усан цахилгаан станц барих болсноос хойш Оросууд Байгаль далайг хамгаалах ажлыг олон улсын анхааралд оруулахаар идэвхтэй ажиллах болсон юм. Монгол улсад эрчим хүчний нийлүүлэлт хангалттай биш, хамгийн гол нь цахилгаан станцын үйл ажиллагааны зохицуулалтыг хийхэд Эгийн голын усан станц онцгой үүрэгтэй. Оросууд өөрсдөө ч Байгаль далайгаас гарч буй Ангар мөрөн дээрх усан станцуудаараа тэгж тохируулдаг. Нөгөө талаас Байгалиас 600 км зайд баригдах далан бол Байгаль далайг хамгаалахад чухал үүрэгтэй. Учир нь гантай, эсвэл үертэй жил Байгаль далайд очих усыг тогтмол түвшинд зохицуулах юм. Байгаль далайн орчинг үерийн усанд автуулахгүй байхын тулд эх дээр нь хэд хэдэн далан барих ёстой гэж Оросын эрдэмтэд үздэг ажээ.
Усаа ашиглан хөгжих, усаа хамгаалан үлдэх хоёрын хэврэг тэнцлийг Орос, Монгол хоёр улс эрчимтэй эрэлхийлж байна.
Монголын орон зай
Эрхүү болон Улаанбаатар түүхэн холбоотой. 1920 онд Д.Сүхбаатар тэргүүтэй монголчууд Эрхүүд очиж Зөвлөлтийн төлөөлөгчидтэй уулзаж зэвсгийн тусламж хүсч байжээ.
Дээр дурдсан супер корридорын дотроос хийн хоолой нь заавал Эрхүүгээр дамжих юм. Хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа сэргэх хандлагатай болж байна. Өнгөрсөн долоо хоногт Байкалын улсын их сургуулийн санаачилгаар эх сурвалжийн төв (ресурсный центр) байгуулагдаж анхны чуулга уулзалтаа зохиов. Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын бодлого болон экологийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, холбогдох мэдээ, баримт, мэдээллийн эх сурвалжийн санг байгуулах зорилготой энэ төслийг Оросын Засгийн газар дэмжиж, тодорхой санхүүжилт гаргаад эхэлжээ.
Энэ чуулган дээр хоёр улсын болон мужийн холбогдох төрийн байгууллага, их дээд сургуулиуд, соёл урлагийн болон хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож хамтын ажиллагааг сэргээхэд ямар ажил хийх тухайгаа дэлгэрэнгүй ярилцав. Юуны өмнө монголын залуусын орос хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд оросын сургуулиуд оролцох, 2019 онд Халх голын ялалтын 90 жилийн ойг тэмдэглэх, түүхийн кино бүтээх, соёл спортын үйл ажиллагаа, залуучуудын солилцоог дэмжих төслүүдийг эхлүүлэх ажээ.
Монгол улстай шууд холбоотой гурван чухал үйл ажиллагаа, агуулгынх нь тухай товчлон мэдээлэхэд ийм байна.
Хамгийн гол нь Монгол улсын тухай орос хэлээр мэдээлэл олдохгүй болсныг уулзсан хүн бүр хэлж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Монголд өрнөж буй нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явдлуудын тухай мэдээллийг орос хэлээр өргөнөөр бэлдэж, цацахгүйгээр ямар нэг хамтын ажиллагаа нь нийгмийн болон бизнесийн дэмжлэг авахгүй нь тодорхой юм.
Эрхүү - Улаанбааатар
2018.09.26
Зочин
Зочин
oros heleer medeeleh
oros hel surah
Сэр
Зочин
Gantulga
Зочин
???
???
???
zochin
Зочин