С.Чинзориг: Ялсан атлаа ялагдчихаад сууж байгаа би нутагтаа очих халуун байхад ялагдсан атлаа шүүхийн шийдвэрээр ялагч болчихоод сууж байгаа улсуудад бүр л халуун байгаа болов уу


Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааны золиос болон үлдсэн С.Чинзориг манай сонины “Ярилцъя” буланд анх удаа уригдаж байна.  


-Та “Ярилцъя” булангийн маань зочноор анх удаа уригдаж байна. Яагаад ч юм бидэнд уулзаж ярилцах боломж гарсангүй. Өнөөдрийн хувьд таныг монголд танихгүй мэдэхгүй хүн ч байхгүй болох шиг боллоо. Өвөрхангай аймгийн сонгуулийн маргаан жил шахам хугацааны турш үргэлжилсээр АН-ын гишүүн Д.Зоригт тангаргаа өргөснөөр нэг талаар эцэслэн шийдэгдлээ.
-Тэглээ.

-Ажиглагчдын дийлэнх Д.Сумъяабазартай хамт таныг тангараг өргөнө гэж харж байлаа. Гэсэн ч АН-ын нэр дэвшигчийг тангараг өргүүллээ. Сонгогчдоос хамгийн олон санал авсан хүн парламентын гадна үлдэж, хамгийн бага санал авсан хүн гишүүн боллоо. Нөгөө талд нь шүүх хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг сонгуулийн хууль зөрчсөн гэж үзсэн учраас авсан саналын дарааллаар дор зогсч байсан хүмүүсийг тангараг өргүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. Шүүх та бүхнийг насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдгийг яг баримтаар тогтоосон юм уу. Мөн ашиглаагүй гэдгийг нотлох баримтаар тогтоосон уу. Яг энэ гогцоо маргаан миний ойлгосноор бүрхэг үлдэх шиг?
-УИХ-ын 2012 оны сонуульд Өвөрхангай аймгийн иргэд яг өөрсдийн итгэл үнэмшлээрээ, сэтгэлээрээ саналаа өгсөн гэж би хувьдаа хатуу ойлгодог. Учир нь Өвөрхангайнхан намайг мэдэхгүй биш мэднэ. 1986 оноос эхлээд л ажил амьдралаа энэ нутаг оронтой холбосон учраас ний нуугүй хэлэхэд надад сонгуулийн нүсэр сурталчилгаа явуулах, зардал гаргах, нэн ялангуяа хууль зөрчсөн үйлдэл хийх шаардлага анхнаасаа байгаагүй. Та ч гэсэн мэдэж л байгаа байх. 2008 оны УИХ-ын сонгуульд би бас оролцсон. Яг 2012 оных шигээ л 48 хувийн санал авсан. Гэхдээ өрсөлдөгчөөсөө 64 хүнээр дутуу байна гэсэн дүн гарсан. Нэгэнт дүн ингэж гарсан юм чинь гонгиноод яахав дээ гээд сонгогчдынхоо саналыг хүндэтгээд нэг ч үг хэлэлгүйгээр чимээгүй л явсан. Тийм ч учраас 2012 оны сонгуульд өрсөлдөхдөө би ялна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан. Өвөрхангайнхан ч гэсэн бид 2008 онд С.Чинзоригийг сонгосон шүү дээ. Яагаад бидний сонголт баталгаажсангүй вэ гэдэг асуудлыг их тавьж байсан. Тийм ч учраас 2012 онд бид С.Чинзоригийгоо сонгоноо гэсэн хүлээлт асар их байсан. Энэ нутгаасаа л ажил амьдралын гараагаа эхлэсэн. Бидний л өдий зэрэгт хүргэсэн бүтээгдэхүүн, бидний л тасархай, тарьж ургуулсан ургамал. Тийм учраас Төрдөө илгээж, хүчийг нь нутаг орныхоо төлөө ашиглах цаг нь болсон гэж тэд маань үздэг. Энэ нөхөр ч бидний итгэлийг даагаад явах хэмжээний хүн гэдгийг миний сүүлийн 20-оод жилийн амьдрал замналаас мэддэг болчихсон ийм л холбоотой улс юм. Хоёр талын ийм итгэлцэл тогтчихсон, бие биенээ таньсан, дэмжсэн сэтгэл байсан учраас Өвөрхангайнхан чин сэтгэлээрээ л саналаа өгсөн. Үнэхээр сэтгэлийнх нь угаас гарсан сонголт байлаа.  Нөгөө талаас 2012 онд Өвөрхангайнхан сонголтоо хийхдээ энэ Төрийг чинь бас тунгалагшуулах шаардлагатай юм байнаа, Төрд янз бүрийн аргаар гарчихсан энэ олигархиуд гээд байгаа хөрөнгөжсөн улсуудыг парламентаас зайлуулах шаардлагатай юм байнаа, ингэж байж Төр тунгалаг болж, нийгэмд шударга ёс тогтох юм байнаа гэсэн дүгнэлтийг аль эртнээс хийж эхлэсэн байсан. Тэдний сонголтын нэг том суурь өгөгдөхүүн энэ байсан. Түүнээс биш мөнгөөр, эд баялгаар, тараах юмаар өрсөлдөх юм бол Өвөрхангайд өрсөлдсөн АН-ын энэ хоёр хүнтэй би байтугай монголд өрсөлдөөд ялах хүн байхгүй шүү дээ. Үүнийг монголын олон түмэн бүгд мэдэж байгаа. Энэ бол бодит нөхцөл байдал. Тийм учраас Өвөрхангайн ард түмний сонголт чин сэтгэлийнх нь сонголт байсан. Харамсалтай нь хууль зөрчсөн гэх асуудал гаргаж ирсэн. Би энэ асуудлыг нь огт мэдээгүй. Сонгуулийн сурталчилгааны хугацаа маш богино байсан. Өдөрт нэг сум, зарим тохиолдолд хоёроос гурван сумын иргэдтэй уулзаж  явсан учраас сонгуулийн 22 хоногийн хугацаад 19 сумыг чадан ядан багтааж дуусгаж байгаа байхгүй юу. Ингээд л долдугаар сарын нэгэн болсон. Дүн гарсан. Тойргийн хороо Төмөрхүү бид хоёрыг олонхийн санал авсан байна, тийм учраас УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож түр үнэмлэхийг нь олгосугай гэсэн тогтоол гаргаж түр үнэмлэх олгосон. Сонгуулийн явцад би нэг зарчмыг хатуу барьж ажилласан. 2008 оны сонгуулийн нэг алдаа нь бид нягт баг болж ажиллаж чадаагүй байхгүй юу. Тийм учраас хамт нэр дэвшсэн хүндээ анхнаасаа зарчмаа тохирсон. За, Төмөрхүү минь чи залуу хүн. Ахыгаа дагаад л, намынхаа бодлогыг бариад л яс явна шүү. Хуулиас гадуур үйлдэл хийж болохгүй.  Залуу хүн болохоор рейтинг бага байна гэж яарч бачуурч болохгүй. Хоёулаа яг нэг баг болж, салшгүй нягт явна шүү. Өмнөх сонгуулийн алдаа бол тархай байсан. Хүн бүр тусдаа штаб байгуулсан учраас нэгдсэн бодлого алдагдсан. Тийм учраас хоёулаа энэ алдааг давтахгүй шүү, аймгийн намын хорооны дарга, аймгийн намын хорооны штаб удирдана, хоёулаа зангидсан гар шиг явнаа гэж ярьж тохироод л явсан.

-2008 онд чинь та нар хэн хэн явлаа?
-Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Г.Шийлэгдамба бид дөрөв дэвшсэн л дээ. 2012 онд бол бид нарийн ярьж тохироод л, аймгийн намын хорооны дарга нэгдсэн штабын дарга буюу, бид хоёрын ерөнхий менежерээр ажилласан.

-Ингэхэд Н.Төмөрхүү гэж хаанаас гарч ирсэн, хэн юм бэ. Нэг зүйл ажиглагдаад байдаг юм л даа.  Гэнэт л нисдэг тавган дээр суучихсан юм шиг залуучууд намууд руу дайрч орж ирээд бужигнуулдаг жишиг тогтож байна. Тэгээд аажим, өгсүүр зам туулж яваа, нэг үгээр жамаар нь алхаж яваа хүмүүст садаа болдог. Энэ яг эрх зүйн утгаараа шүүмжлэх бололцоогүй ч ёс суртахуун, дэг жаягийн хувьд буруу үзэгдэл шүү дээ.
-Би энэ тухайд юу хэлэхээ сайн мэдэхгүй байна. Намын бодлогын төвшний асуудал.

-Г.Батхүү олигархи л гэнэ. Бас л олон удаа Өвөрхангайгаас сонгогдож ажилласан. Пивоны үйлдвэрийнхээ шаарыг хүртэл ачаад л тийшээ давхиж байдаг хүн шүү дээ. Бас ч гэж юм хийсэн хүн байх. Ер нь бол Г.Батхүү, С.Чинзориг хоёр л гарна гэж ажиглагчид харж байсан. Гэтэл Н.Төмөрхүү гэдэг нөхөр ялчихлаа гэхээр арай л үнэмшилгүй буугаад байгаа юм л даа. Би нэг юмыг тодорхой асууя. Хууль зөрчиж сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх хүүхэд хаанаас гараад ирсэн юм бэ?

-Хүүхэд хаанаас гараад ирсэн юм бэ гэдгийг би өөрөө ч одоо болтол тодорхой сайн мэдэхгүй байгаа юм шүү дээ. Насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласан байна. Тойргийн хороо тэрийг нь нотолсон байна. Шүүх баталсан байна гэдэг асуудал л босгоод ирсэн.

-Тэр хоёр хүүхдийн нүүр царайг та харсан уу?

-Нүүр царайг нь ч хараагүй. Энэ асуудал шүүх дээр очоод Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр гарсны дараагаар, Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэр гарсны дараа бүр есдүгээр сард анх удаа тэр хоёр охины царайг харсан. Сонгуулийн хуулинд насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулахыг хориглоно гэсэн заалт бол байгаа. Гэхдээ яг энэ хоёр хүүхдийг МАН сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан юм уу, С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр сонуулийн сурталчилгаанд оролцуулсан юм уу. Оролцуулсан бол ямар хэлбэрээр оролцуулсан юм бэ гэдгийг хэн ч тогтоогоогүй. Гэрээ байхгүй. Мөнгө төгрөг өгсөн юм байхгүй. Аймгийн тойргийн хорооноос шүүхэд гаргаж өгсөн бичигт энэ хоёр хүүхэд насанд хүрээгүй нь үнэн байна. Гэхдээ МАН-аас ухуулагч болон шадар туслахаар ажиллахаар тойргийн хороонд бүртгүүлж үнэмлэх авсан ухуулагч, шадар туслагч нарын дотор нэр нь байхгүй хүүхдүүд байнаа гэсэн тийм бичиг шүүхэд очсон байдаг юм билээ.  Тэгсэн мөртлөө тойргийн хорооноос МАН-д очсон бичигт С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр эдгээр хүүхдүүдийг сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсан нь тогтоогдож байна. Тийм учраас МАН энэ хууль бус үйлдлээ таслан зогсоохыг мэдэгдэж байна гэсэн байдаг. Ийм сонин.

-Тойргийн хороо шүүхэд нэг өөр бичиг, МАН-д нэг өөр бичиг явуулжээ. Гэхдээ тэд тэр хоёр хүүхдийг насанд хүрээгүй гэдгийг  яаж тогтоосон юм бэ?  
-АН-ынхан насанд хүрээгүй хоёр хүүхдийг  МАН-ынхан сонгуулийн сурталчилгаанд оролцуулж байнаа гээд МАН гэсэн бичигтэй футболк өмссөн хоёр охины зургийг аваад доор нь регистрийн дугаарыг нь бичээд явуулсан байсан гэж байгаа юм. Регистрээр нь хөөгөөд үзэхээр насанд хүрээгүй нь тогтоогдож байнаа гээд тойргийн хороо МАН-д бичиг явуулсан байдаг. 

-Оюутан юм бол насанд хүрээгүй гэж юу яригдаад байна вэ?
-18 насанд хүрээгүй, сонгуулийн насанд хүрээгүй гэсэн үг.

-Нэгдүгээр курс төгссөн хавар гэж үзээд ч насанд хүрээгүй гэхэд маапаантай л юм байна.  
-Бүү мэд.

-Тэр хоёр хүүхдийг ер нь шалгуулахгүй яасан юм бэ?
-Миний бухимдаад байгаа асуудал бол анхнаасаа шүүх, хуулийн байгууллага бол нэг талд үйлчлээд явчихсан юм. Би түрүүн хэлсэн. Түр үнэмлэхээ авсан гэж. Түр үнэмлэхээ авсны маргааш буюу долдугаар сарын 2 нд Г.Батхүү, Д.Зоригт хоёр Хан-Уул дүүргийн шүүхэд С.Чинзориг, Н.Төмөрхүү  нар архи эд бараа тараасан байна. Насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан байна гээд гомдол гаргасан байдаг юм. Тийм өргөдөл өгөнгүүт нь маргааш нь буюу долдугаар сарын 3 нд нь Хан-Уул дүүргийн шүүгч Мөнхбаяр С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр насанд хүрээгүй хүүхэд сурталчилгаанд ажиллуусныг тогтоосугай гээд захирамж гаргачихсан. Үүнээс үүдээд л бид хоёрын бүрэн эрхийг батламжлуулах, ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх,  тангараг өргүүлэх бүх асуудлуудаас татаад аваад үлдчихсэн. Дараа нь наймдугаар сарын –20 нд нийслэлийн шүүх хянаад шүүхийн бус асуудлыг шийдсэн байна гээд хүчингүй болгочихсон.  Архи мархи тараасан уу, насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсан уу үгүй юу гэдгийг тогтоодог байгууллага нь шүүх бишээ гэж үзсэн. Цагдаагийн байгууллагын шалгаж тогтоож нотолсон баримтан дээр үндэслэж шүүх дүгнэлтээ гаргах ёстой гэж. Шүүх өөрөө нотолдог, тогтоодог байгууллага биш ээ гэж.    

-Угаасаа л цагдаа шалгаж тогтоох ёстой шүү дээ?
-Тийм процесс огт явуулалгүй шүүх захирамж гаргачихсан шүү дээ. Хоёр дахь зүйл, гуравдагч этгээд буюу С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын эрх ашгийг хөндөж байгаа асуудлыг хэлэлцэж байгаа атлаа иргэний хуулийн дагуу гуравдагч этгээд буюу С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрыг оролцуулалгүйгээр шийдвэр гаргасан нь буруу шийдвэр болжээ гэж нийслэлийн шүүх үзсэн. Ингээд бид хоёрын тангараг өргөх эрх нээгдсэн юм. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо бас энэ дээр нь нөгөө хоёр нь бас давж заалдах байлгүй гээд алгуурлаад суучихсан. Тэр хооронд нөгөө Г.Батхүү, Д.Зоригт хоёр нь Өвөрхангайн шүүхэд нөгөө насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласан, архи эд бараа тараасан гэдэг асуудлаар өргөдөл өгөөд аймгийн шүүх маргаан үүсгэчихсэн. Миний ойлгож байгаагаар бол давж заалдах шатны шүүх дээр явж байгаа ижил төстэй нэг хэргээр ахиж өөр аль нэг шүүх дээр хэрэг , маргаан үүсгэдэг асуудал уг нь хуулиараа хориотой юм билээ. Гэтэл Өвөрхангай аймгийн шүүх тэнд шийдвэр гаргачихсан. Шүүх ийм байна. За, яахав, шүүх ингээд шийдвэр гаргачихаж. Уг нь бол өөрөө мэдэж байгаа. Сонгуулийн тогтолцоо чинь өөрөө холимог тогтолцоо шүү дээ. Бүр ингээд гөрдөөд явлаа гэж бодьё. Тэгвэл нам нь ажиллуулсан бол ямар хариуцлага хүлээх юм. Нэр дэвшигч ажиллуулсан бол ямар хариуцлага хүлээх юм. Ялгаж салгах ёстой. Гэтэл аль нь ч тогтоогдоогүй. МАН ч тэр хүүхдүүдийг ажиллуулсан нь тогтоогдоогүй, С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр  ажиллуулсан нь ч тогтоогдоогүй.

-Ер нь бол тэр хоёр охиныг шалгаад л хэн юу амлаж сонгуульд ажиллуулав, яагаад ингэж будлианы бай болов, амьдралынхаа гарааг ингэж эхлэх нь хэр зүй зохистой юм бэ гэдгийг тодруулах ёстой шүү дээ. Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сурталчилгаанд АН гэсэн футболктой хоёр хүүхэн оруулж ирээд л тоглоход болохгүй гэх газаргүй харагдаж байна шүү дээ. 
 
-Ерөөсөө энэ бол МАН оролцуулсан юм уу, С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр оролцуулсан юм уу тогтоогоогүй. Магадгүй өөрийн чинь хэлснээр АН-ынхан тийм ажиллагаа зохион байгуулчихсан байхыг үгүйсгэхэд хэцүү. Хэн ч тогтоогоогүй байхад л шүүх ийм шийдвэр гаргаад явчихаж байгаа байхгүй юу.  Тэр хоёр хүүхдээс ерөөсөө шүүх ч мэдүүлэг тайлбар аваагүй. Цагдаа ч шалгаагүй. Сонгуулийн сурталчилгаанд оролцоогүй байхад оролцсон мэтээр л явчихсан. 
 
-Уг нь цагдаа шалгах ёстой шүү дээ?

-Аймгийн намын хороо цагдаад шалгуулна гэсэн юм билээ. Гэвч насанд хүрээгүй, мөн шүүхийн шийдвэр гарсан учраас болохгүй гээд цагдаа шалгахгүй хаачихсан. 

-Н.Төмөрхүү гэдэг хүн ер нь яагаад гомддоггүй, эрхээ хамгаалдаггүй хүн бэ?
-Н.Төмөрхүү бид хоёр бие биенээ сайн мэднэ. Түрүүн ч та юун залуу юм бэ гэж асууж байсан. Бид нэг намын гишүүд, сүүлийн гурван жил МАН-ын бага хурлын гишүүнээр ажиллаж байгаа. Үндсэн нутгаа, намаа гэсэн сэтгэлтэй л залуу. Арван хоёрдугаар сард тохироо гэж явагдсан даа. Хоёр намын хооронд. Одоо нэгэнт олонд ил болчихсон болохоор би ярьж байна.  Н.Алтанхуяг дээр манай намын дарга ороод ярьсан. Г.Батхүү ч  байсан юм билээ. Тэгээд намын дарга надад хэлэхдээ бол хоёр зүйл тохирлоо гэсэн. Нэгд, Өвөрхангай аймгийн тойргийг нэг нэгээр нь авъя гэдгийг тохирлоо гэж. Хоёрдугаарт нь,  Г.Батхүүг эхний ээлжинд  тангараг өргүүлье гэж. Тэгээд Г.Батхүүг тангараг өргөсний дараа ГБатхүүгээс хоёр гарын үсэг авнаа. С.Чинзоригийг шүүх дээр буруугүйг нь тогтооход татзалзах зүйлгүй гэсэн гарын үсэг Г.Батхүү өгнө гэж өрөө тохирсоон. Хоёрдугаарт, Г.Батхүүгийн нэхэмжлэлтэйгээр Н.Төмөрхүү дээр архи, эд зүйлс тараасан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэчихсэн Өвөрхангай аймгийн цагдаа дээр явж байгаа. Энэ  эрүүгийн хэрэг үүсгэснээсээ Г.Батхүү татгалзана гэсээн гэж манай намын дарга надтай утсаар ярьж хэлсэн. Тэгэхэд нь би хэлсэн. Г.Батхүүг үлдээж байгаад тангараг өргүүлэхгүй бол дараа нь гарын үсэг авна гэдэг худлаа болж магадгүй дээ. Г.Батхүүгээс ямар хувиасаа юм гуйж байгаа биш гэж би хэлсэн. Тэгээд би Г.Батхүүтэй ярьсан. Г.Батхүү надад за, хоёр том нам ярьж тохирч байхад С.Чинзоригоо чи битгий үймүүлэх гээд бай. Би дараагаар нь гарын үсгээ өгнө гэж хэлсэн. Н.Төмөрхүү ч бас уулзсан байсан. Тангаргаа өргөчхөөд эрүүгийн хэрэг үүсгүүлснээсээ татгалзана гэж хэлсэн гэж байгаа юм. Тэгээд Н.Төмөрхүү намын дарга руу ярихад “Тийм ээ, бид тохирсон учраас чи СЕХ-ны шйидвэрийг хүлээн зөвшөөрч байна гээд өргөдлөө өгчих гэсэн. Маргааш нь Н.Төмөрхүү шүүхийн болоод СЕХ-ны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэсэн өргөдлөө өгсөн.  Ингээд л Г.Батхүү тангаргаа өргөсөн. Хамгийн харамсалтай нь Г.Батхүү хэлсэн амнаасаа буцчихсан. Эр хүн уг нь хэлсэн амандаа л гэдэгсэн. Надад гарын үсэг өгдөггүй юм гэхэд  Н.Төмөрхүүг улс төрийн тоглоомноос гарч байгаа мэдэгдлийг нь хийлгүүлээд, СЕХ-ны шийдвэрийг хүлээн   зөвшөөрүүлээд гарын үсэг өгүүлсэн атлаа хэлсэн амандаа хүрээд эрүү үүсгэснээ татчих хэрэгтэй байсан юм. Тэр эрүүгийн хэргээ одоо хүртэл татаагүй. 20-иод хоногийн өмнө  хэрэг нь шүүхэд шилжсэн.Н. Төмөрхүү яагаад дуугуй байгаад байна вэ гэвэл залуу хүн учраас дарамтанд орсон байж магадгүй. Надтай хааяа уулзахаараа  ил гарах үнэхээр хэцүү байна. Бүх шатны шалгалт ирээд ажил хийлгэхгүй байна. Би ер нь мөрөөрөө бизнесээ хийгээд явах минь яав даа. Энэ улс төр гэдэг юм чинь ямар бохир байдаг юм бэ гэж ярьдаг. Далд асар их дарамт ирүүлээд байгаа байж магадгүй юм билээ. Залуу хүн болохоор жаахан шантарч ч байгаа байх. Бизнесийг нь нураачих гээд хэцүү байгаа бололтой.

-Өвөрхангайд анх ийм сонгуулийн маргаантай асуудал гарч байгаа биш шүү дээ. Өмнө нь одоогийн УИХ-ын дарга З.Энхболдыг жил хагасын дараа парламентад орж ирж байсан.  Ер нь бол шүүх аль нэг намын гарт л байдаг. Энэ тухайд үгүйсгэх аргагүй байр байдал нэгэнт Монголын хөрсөнд нутагшчихлаа. З.Энхболдын тэр үед бол шүүх танай намын гарт байсан байх. Одоо улс төрд өс хонзон авдаг жишиг тогтчихлоо. Таныг бас зөвхөн Г.Батхүү рүү л дайраад байх юм. Өөрийнхөө намд гомдоочээ гэх шүүмжлэл дагаж байгаа?

-Ер нь сонгуулийн маргаан анх гарч байгаа асуудал биш л дээ. 2004 онд Д.Сугар, З. Энхболд хоёрын хооронд ч гарч байсан. Мөн 2008 онд ч Д.Баяртсайхан С.Эрдэнэ хоёрын хооронд гарч байсан. Аль алинд нь манай нам засаг барьж байсан. Ерөнхийлөгч  нь манай намын угшилтй улсууд байсан. Гэхдээ манай намын хувьд шүүх засаглалыг ингэтлээ гартаа оруулж, ашиглаж  байгаагүй гэж би боддог. Бид л эрх барьж байна гэж эзэрхийлж байгаагүй. Ард түмний сонголт л эцсийн шийдвэр байдаг гэдэг үүднээс асуудалд хандаад л АН-ын З.Энхболд, С.Эрдэнэ хоёрын тангаргыг өгүүлж л байсан. Манай нам асуудалд голчтой, голтой хандаж байсан. Одоогийнх шиг ийм увайгүй үйдлүүдийг хийж байгаагүй. Нөгөө талаас энэ удаагийн сонгуулийн үр дүнд олон хүчин зүйл нөлөөлсөн . Увайгүй улстөрчдийн мөнгөнд худалдагдсан шүүх засаглал үнэхээр тогтчихжээ. Нөгөө талаасаа манай намын хувьд ч арчаагүй байгаа байдал бий. Би намд олон жил зүтгэж явна. 1986 оноос хойш л өдийг хүртэл явж байна. Манай намд алдсан оносон зүйл их бий. Хэдийгээр цөөнх болчихсон ,албан тушаалтнуудын хүчирхийлэл дор байгаа ч гэлээ чадах ядахаараа тэмцэж байгаа ч юм байна. Хүчинд автагдаад тохиролцоо хийсэн ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Уг нь бол ард түмний сонголтоор наймаалцах асуудал хэрхэвч байж болохгүй зүйл шүү дээ. арга буюу хүчинд автагдаад л тохироо хийх гэж хүртэл оролдсон байх. Тэгэхээр намдаа би гомдоод яахав. Тэр олон жил нам төрийн том ажил алба хашсан лидерүүд уриа лоозон бичиж бариад суулт хийнэ гэхэд хэний ч санаанд ороогүй л байх. Тэр бол бас улс төрийн нэлээн ийм зориг шаардсан акц шүү дээ. Тэгэхэд манай хэд тэгж хүртэл  тэмцсэн. Тухайн хувь хүмүүстээ бас л хүнд л байсан байх.

-Д.Зоригтыг тангарг өргөснөөс хойш Өвөрхангайд жагсаал цуглаан болсон. Энэ жагсаалд таны оролцоо бий юу. Цаг хугацааны хувьд тангараг өргөхөөс нь өмнө ийм алхам хийхгүй яасан юм ?
-Иргэд бол их ярьж байгаа. Ийм улс төрийн тэмцлийг та нар Г.Батхүүг тангараг өргөснөөс хойш тасралтгүй л ийх ёстой байсан шүү дээ гэж. Гэхдээ манай намаас улс төрийн акц ер нь хийхгүй байгаа. Тэр бүү хэл “С.Чинзоригоо чи заримдаа хурц зантай шүү, Одоохондоо нэгэнт хоёр нам тохиролцсон учраас элдэв бусын яриа гаргах хэрэггүй шүү. Хэрэв элдэв юм яривал нөгөөдүүл чинь ярьснаасаа ухарчих вий” гэж намын дарга хүртэл анхааруулж хэлсэн. Би ч мөн л итгээд чимээгүй байсан. Гэвч бид бүгдээрээ л гэнэдсэн.   Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа учраас ялангуяа засаг барьж байгаа ардчилсан хүчин сонгуулийн өмнө ийм түрэмгийлэл хийхгүй байлгүй гэж дотроо найдаж ч байлаа. Өвөрхангайд одоо явагдаж байгаа үйл ажиллагаа цэвэр иргэдийн  өөрсдийнх нь үүсгэл санаачилгаар л явагдаж байгаа зүйл. Миний оролцоо тэнд байхгүй. Би бол очоогүй. Бас л энэ нөхөр оччихсон явна. Яасан гомдож ханадаггүй нөхөр вэ гэх байх гээд ерөөсөө зүглээгүй. Телевизээр харсан. Сонгогчид өрсдийнхөө сонголтын төлөө нэлээд бухимдаж байх шиг байна лээ.

- “Хоёр намын хооронд тохиролцоо хийсэн, харж байгаарай гэсэн” гээд яриад байх юм. Чухам юунд найдаж байсан хэрэг вэ. Тохироо, гэрээ зэрэг бол зүгээр л цаас болоод удаж байна. Монголын “за” гэдэг нөгөө андгай чинь утгаа алдсан шүү дээ ?
- Хэлсэн ярьснаараа явах байх гэж бодсон. Парламентад аль аль нь олонх болоогүй, эвслийн засгийн газар төр барьж байгаа. Хүчтэй сөрөг хүчинтэй ажиллаж байгаа. Нөхцөл байдал бас ийм байгаа юм чнь хоорондоо зөвшилцөөд асуудлуудыг аваад явах боловуу гэсэн горьдлого ний нуугүй хэлэхэд байна шүү дээ. Гэвч үнэхээр зөвшилцөл ч гэж байхгүй болж. Итгэлцэл ч гэж алга болж.

-Ингэхэд та намаа солих тухай ер нь бодож байсан уу. Улстөрчид энэ талаар сонин сонин шийдлүүд хийдэг болсон шүү дээ?
-Би социализмын үеийн бүтээгдэхүүн.  Өөртөө тээж явдаг ёс суртахуун гэж нэг зүйлдээ  бол баригддаг. Хүн бол өөрийнхөө итгэл үнэмшилд бат л суудаг байх хэрэгтэй. Уг үзэл маань ийм хүн болохоор намаа солих тухай огт  бодож байгаагүй. Сонгогчдынхоо саналыг худалдаж наймаалцана гэсэн бодол бол бүр ч миний тархинд буудаггүй. Хэрвээ тийм бодол байсан бол Арвингаас дордоод байх юу байхав. Нэг удаа Арвиндчихаад амиа аргалвал аргалчихна ш дээ. (инээв) Яахав хувь хүний маань хувьд үнэхээр харамсалтай юу гэвэл харамсалтай байна. Нөгөө талаасаа ч соногчдынхоо өгсөн саналыг дээрэмдүүлчихээд унхайгүй царайлаад явж байх ямар л олиг байхав дээ. Гэхдээ бас ард түмнээсээ ийм их дэмжлэг хүлээж, ийм их итгэл найдварыг нь хүлээж яваагаа мэдэрч дотроо баяртай л явдаг.  

-Таныг иймэрхүү ч хүн  байх гэж бодож байсан юм. Хамгийн сүүлд төрд хашсан ажил тань юу вэ?

-Их сургууль төгсөөд,  Өвөрхангай аймгийн захиргаанаас л ажлын гараагаа эхэлснээс  хойш 2012 оны наймдугаар сар хүртэл Төрдөө зүтгэлээ.  Одоогоор ажилгүй байна. Улс төрийг хүмүүс бохир гэж ярьдаг. Би хувьдаа улс төр бохир биш. Бохир хүмүүс өөрсдөө улс төрийг бохирдуулж байна. Цаашдаа би ийм үзлийн эсрэг хатуу тэмцэнэ. Хүн чанар, жудаг, ёс суртахуунаа гээсэн улсууд улс төрийг бохирдуулж байна шүү дээ.

-Танай нам азгүйтлээр дүүрэн байна. Намын тань энэ сульдаа байдал юу бодогдуулах юм?

-Насаараа төр барьж байх ёстой юм шиг бодож явсан, алдсан оносон зүйл их бий. Энийг нуухгүй. Одоогийн хувьд яг сонгодог утгаараа цөөнхийн байх ёстой байр сууринаас үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа асуудлууд  байх нь байна.

-Энэ байдлаасаа гарахын тулд  удах юм биш үү?
-Манай намд нэг дутагдал бий. Фракциуд нь ил гарч үйл ажиллагаа явуулдаггүй. Бараг ил болгоод зарлачихмаар байгаа юм. АН бол ил тод шүү дээ. Манайх л зарладаггүй.  Далд үйл ажиллагаагаа явуулаад байдаг. Энэ бол их хортой зүйл. Өөр нэг дутагдал нь яг намынхаа төлөө, төрийнхөө төлөө чин сэтгэлээрээ явж байгаа хүмүүстээ тавих анхаарал нь сүүлийн жилүүдэд жаахан суларсан юм шиг санагддаг. Энэ сэдвээр  олон түмэнд их ч шүүмжлүүлдэг.

-Саяын  бага хурал ямархуу болов. Уур амьсгал нь хэр байв?
-Хурал харьцангуй  өөр болсон. Өөрсдийн бодлоороо л гишүүд асуудлуудад хандсан. Ажиглаж байхад сүүлийн жилүүдэд болж байгаагүй нээлттэй бага хурал болсон. Хайрцаглаагүй. Гишүүд ч гэсэн илүү чөлөөтэй, илүү өөрсдийнхөө үзэл бодлоор хандсан. Нээлттэй үгээ хэлцгээж  байсан.Би бол их өөр хурал боллоо гэж харсан. Энэ бол сайн зүйл шүү дээ. Одоо намын бага хурлыг ч цаашид өөрчлөх хэрэгтэй. Өвөрхангай аймгийн квотоор гэхэд ямар ч хамаагүй хэд гурван хүн сууж байх жишээтэй. Өвөрхангайхан танихгүй, би өөрөө ч танихгүй тийм нөхдүүд ч байж байх шиг. Намын удирдлагад гэхэд нийгэмд үнэ хүндгүй, элдвээр хэлэгддэг, хаа хамаагүй хүмүүс ч гэнэт гараад ирж байх шиг. Нам үндсэн хүмүүсээсээ улам холдчих юм биш биз дээ гэсэн болгоомжлол бол гишүүдэд бас төрөөд л байгаа юм шиг билээ.   

-Амьдрал ахуй хэр байна. Цаашид ямар төлөвлөгөөтэй байна даа?

-Би насаараа төрийн албанд ажилласан.Бусдын  адил л энгийн амьдралтай. Өвөрхангайчууддаа туслах юм сан, тэдний төлөө чадах бүнээ хийх юмсан  гэж л бодож явдаг хүн. Надад Г.Батхүү шиг хураасан хөрөнгө байхгүй. Эцэг эхээсээ тавуулаа заяасан ч одоо ганц эгчтэйгээ хоёулханаа л үлдлээ. Хоёр сайхан ах, ганц  дүүгээ алдчихлаа.  Амьдралын хатуу хөтүүг үзэж л яваа эр хүн. Ээж аав минь ажилчин гаралтай, ийм л энгийн амьдралтай хүн дээ. Цаашид яахав дээ, амьдрана шүү дээ. Төр, түмнийхээ буянд ажил амьдралаа залгуулсаар ирсэн. Бусдын жишгээр л амьдардаг. Овоож оцойсон бэл чинээ байхгүй ч үр хүүхдээ, гэр орноо аваад явчих хэмжээний л эгэл жирийн амьдралтай. Намынхаа ажилд идэвхитэй оролцоно. Ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа нэр дэвшигчийг дэмжиж хүчтэй ажиллах бодол байна.

-Та Г.Батхүүгийн ээж рүү урт наслахыг тань харнаа гэсэн утгатай мессеж явуулсан юм уу?
-Би тэгээгүй ээ. Юун заналхийлэх. Яахав дээ, би ер нь зовлонгоо ярьж үзээгүй.  Дотроо л тээж явдаг. Сая намар ээжийгээ алдлаа. Хүү нь төрийн эсрэг гэмт хэрэгтэн ч болчихсон юм шиг, хүү нь нэг л тийм болж бүтэхгүй хүн болчихсон юм шиг хэдэн сараар цоллуулахад миний ээжид ямар байх билээ. Сүүлдээ ээжийн минь нерв дийлэлгүй хэвтэрт орсон. Тэгээд би түр үнэмлэхээ авчихаа ээж дээрээ нэг их баяртай амьтан гүйж ирээд чихэнд нь “Хүү нь гэмт хэрэг хийгээгүй нь нотлогдлоо. Түр үнэмлэхээ авлаа” гэж хэлсэн.  Тэгэнгүүт “аан тийм үү” гэж хэлээд л амьсгал хураасан. Тэгээд би бодсон. Миний ээж энэ хүртэл зөвхөн хүүгээ л бодсоор байгаад гол нь тасрахгүй байсан юм болов уу даа. “Тийм үү” гэж хэлээд л амьсгал хураасан. Муу ээжийнхээ сэтгэлийг жаахан ч гэсэн амирлууллаа гэж би тэр үед бас бодож байсан. Насных нь эцэст төрийн эсрэг гэмт хэрэгтэн ч юм шиг цоллуулж, чихийг нь халууцуулж, сэтгэлийг нь зовоож байгаад нүд аниуллаа даа гэж нэг талаар өөртөө бас гомдсон. Нэг ах маань өвчнөөр бурхан болсон. Нэг ах маань цэргийн алба хааж байхдаа золгүй тохиолдлоор амь насаа алдсан. Ганц дүү маань ослоор өөд болсон. Тэгээд ээжийгээ алдчихаар хүн чинь хямрана биз дээ. Би Г.Батхүүгийн ээж Оюун гуайд өөрийнхөө дотор болж буй зовлонгоо ярих эрхтэй хүн гэж боддог. Тэгээд ээжийгээ алдчихаад сууж байхдаа мессеж бичсэн нь үнэн. “Би ингээд ээжийгээ алдчихлаа. Таны хүү бид хоёр өрсөлдөөд бас л хэцүү л юм болж байна. Гэхдээ энэ бүхэн яахав дээ. Та минь л урт наслаарай” гэж л бичсэн юм. Түүнийг л Г.Батхүү жаахан гуйвуулж ярьж. Надад харамсалтай байна. Хүний амьдралд юу чтохиолддог. Г.Батхүүгийн ээжид тэгж бичих хувийн холбоо түүх бас байдаг юм аа. Түүнийг өөрсдөө мэдэж байгаа. Би ерөөсөө сонгуулийн энэ маргаантай асуудлыг ээждээ хэлээгүй юм. Ээж маань элэгний хорт хавдартай байсан. Гурвын гурван хүүгээ цэл залуугаар нь алдчихаад энэ хорвоог ёстой яаж туулж явна даа гэмээр зовлон үзсэн хүн. Ээж маань намайг үхсэнээс үлдсэн ганц хүү минь, миний ганц шүтээн минь гэдэг. Би ээжийгээ бас миний ганц шүтээн минь л гэдэг. Ингэж л хоёр биенээ шүтээнээ болгож явдаг хоёр л доо. Аав маань 2003 онд бурхан болсон. Сонгуулийн тэр бүх маргаан янз бүрийн юмыг би ээжээсээ аминдаа нуугаад яваад байтал ээж бүгдийг мэдчихсэн байсан. Тэгээд манай эхнэр хүүхдүүдэд “Батхүү миний муу хүүг жаахан дээрэлхээд байгаа юм уу даа” гэж  хэлж байсан байна лээ. Би тэр үед нь мэдээгүй. Бурхан болсны нь дараа надад гэрийнхэн маань хэлсэн. Тэгээд би үнэндээ сэтгэл их хямарсан.  Дотроо Г.Батхүүг бас над руу утсаар ч болсон ярих болов уу, Оюун гуайг ярих болов уу гэж харж байсан. Оюун гуай бол миний ээж аавтай сайн танил, нэг довны л улс. Нутгийн улс болохоор ийм үед минь ярих болов уу, орж ирээд ганц маань хэлээд гарах болов уу, шүүх мүүх гэсэн хэрүүл уруулаа зогсоох болов уу гэж дотроо би харсан. Ийм л юм болсон. 

-Та ойрд Өвөрхангай явав уу. Нутгаараа очно биз дээ?
-Ойрд нутаг руугаа очоогүй байна. Нутагтаа очно гэхээр жаахан халуухан байнаа. Та бүхнийхээ өгсөн саналыг би баталгаажуулж чадсангүй, сонголтыг тань дээрэмдүүлчихлээ гээд очих үнэндээ халуун байна. Ялсан атлаа ялагдчихаад сууж байгаа би нутагтаа очих халуун байхад ялагдсан атлаа шүүхийн шийдвэрээр ялагч болчихоод парламентад ороод ирчихсэн сууж байгаа улсуудад бүр л халуун байгаа болов уу.

-Бүгдэд л халуун байна гэх юм. Тэгээд хэн нь очих болж байна вэ?

-Бид дөрвийн хэнд нь илүү халуун байх нь вэ. Очно доо. Би хувьдаа Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг нутагтаа очиход надаас илүү халуун байх болов уу л гэж бодох юм. Ичих булчирхайгүй болчихсон, ширэн нүүртэй болчихсон улсуудын нүүр эсвэл халах малахыг тоодоггүй юм болов уу. Би нэлээн дээр Г.Батхүүтэй таарсан юм. Тэгээд хэлсэн. Та одоо олон түмнийхээ сонголтыг ингэж уландаа гишгиж болохгүй шүү дээ. Таныг ямар  Өвөрхангайнхан сонгоогүй биш сонгож байсан шүү дээ. Хоёр удаа сонгосон шүү дээ. Өөрийг нь хоёр удаа сонгоод явуулж байсан ард түмнийхээ сонголтын эсрэг ингэж шороо цацаж болохгүй шүү дээ. Та одоо нутгийн ах хүү минь ямар нүүрээрээ Өвөрхангайд очих юм бэ гэсэн чинь надад сонин үг хэлсэн. Би тэр үгэнд нь нэг талаасаа харамсаж байгаа. Би одоо Өвөрхангай очихгүй ээ, Чинзоригоо. Эндээ сууж байгаад дараагийн сонгуулиар  квотонд ороод суучихна гэж байгаа юм. Би үнэхээр гайхсан. Өвөрхангайд очихгүй, Өвөрхангайнхны төлө ажиллахгүй юм бол энэ суудалд суухын төлөө хамаг байдгаа хаяж, ингэж нэр нүүрээ бартал зүтгэх хэрэг юу байсан юм бол. Манай хөгшчүүд хэлдэг биз дээ. Нэр хугархаар яс хугар гэж. Үнэхээр ойлгохгүй юм билээ.

-Д.Зоригттой ер нь та уулздаг уу. Хэр хүн юм бэ?
-Ер нь уулзаагүй. Хэр хүнийг нь ч  би мэдэхгүй. Дотно харьцаатай биш. Хөрөнгө мөнгө ихтэй л хүн юм гэсэн. Ерөнхийдөө Г.Батхүүгээ бодвол бас жаахан аядуу, нуруутай, голчтой маягийн хүн юм уу гэж би хардаг.

-Сая нам нь шахаад л оруулчихав уу даа. Уг нь өөр томоохон агентлаг, улсын үйлдвэрийн газар томилох яриа явж байсан. Нам нь тэр асуудал дээр нь хуурчихаад арга буюу сүүлд нь ийм юм хийх шиг л боллоо.
-Тиймэрхүү юм болсон байх магадлалтай л юм билээ.