Бороог мэдрэхүй
Жаргалын богино нь амттай гэдэгчлэн зуны дэлгэр цаг хоёр, гуравхан сар байдаггүйсэн бол бидний тун цөөхөн нь энэ тансаг улирлыг мэдрэх байсан байх. Ямар азаар хүн мөнх биш амьдардаг юм бэ!
Зүүний үзүүр шиг нарийн дуслаар хөнгөн салхины аясаар зүсрэн шиврэх бороо тэнгэрт тааллаараа бүжиж буй туяхан бүсгүйн хөл бас гарыг санагдуулна. Түүнийг нь мэдрэх санаатай зуслангийн байшингийн нөмөрт бороонд албаар хагас норон сууж буй би хичээгээд хичээгээд тэрхүү борооны бүжигчин бүсгүйн гуа үзэсгэлэнг бүрэн мэдэрч, борооны хөнгөн бас зөөлөн, гэхдээ хааяа зэвүүн хурц жижиг дуслаар тасралтгүй бөмбөгдөн хэлж буй үгсийг нь бүрэн уншиж чадахгүй л байна.
Бороон гүнжтэй ойлголцож, бүр олигтойхон бас зоригтой норж ч чадахгүйг минь тавлах аятай бид хэдээр тэжээлгэсээр байгаад хөөрхөн бондойсон хоёр бор болжмор, гурван жижиг божин зурам үе үе өвсний араас гарч ирж харчихаад нуг нуг инээмэр аядаад буцаж сүүлээ гуядан үүр рүүгээ орох нь үнэн тоглоомтой.
Ойлгохгүй байгаа бол ойртоод өгье гэж буй бололтой урд уулын орой дээр хөшиглөж байсан манан улам өтгөрч, будан болоод гарын алга, нүүрний арьсан дээр бууж ирсэн нь бороонд зөвхөн норж мэддэг мангар залууг мэдэрч чаддаг мэдрэмжтэй залуу бол л доо чи одоо гэж буй бололтой.
Бороон гүнжийг мэдрээд хариу үйлдэл үзүүлж байна гэж төсөөлбөл шиврээ борооны хүч, эрч улам зөөлрөн мэдэхгүй бол залуу гуай одоо намайг мэдрэв үү гээд хальт эрхлэн, тэрхэн мөчид аальгүйтэх маягтай. Эсрэгээр бодохоор ааштай бүсгүй шиг бороо улам ширүүсч, тэр хэрээр байшингийн буланд тоссон 200-гийн поошиг руу ууртай ус садран урсахыг сонсоод үнэхээр би бороотой яриад байгаа ч юм шиг.
Илүү саргүй цагаан хулгана жилийн зуны адаг сар нэгэнт иржээ. Жаргалын богино нь амттай гэдэгчлэн зуны дэлгэр цаг хоёр, гуравхан сар байдаггүйсэн бол бидний тун цөөхөн нь энэ тансаг улирлыг мэдрэх байсан байх.
Ямар азаар хүн мөнх биш амьдардаг юм бэ!
Bayara
Б
Б