Бид заримдаа бөөнөөрөө сайхан хуушуурддаг даа, үүн шиг америкчууд бөөнөөрөө пиццаддаг байх нь. Даанч тэр пицца нь манайдаа бол тансаг хэрэглээ юмуу даа хайшайн. Манайхны хуушуурыг өөрсдийнхөө тансаг хэрэглээ болгосон тийм ядуу улс байдаг бол мөн гоёо. Хүүхдүүд нь хоорондоо “Чи хуушуур идэж үзсэн үү, би лав нэг удаа үзсэн” гэж онгирцгоогоол, залуучууд нь баярын өдрөөрөө хуушуур захиалж бааварладаг. Тэр улсын иргэд нь Монголд харлахыг мөрөөддөг. Ерөнхийлөгч нь манай цэвэрлэгчээс бага цалин авдаг. УИХ –ын гишүүд нь манайхаас тэнэг тийм улс байна гээд боддоо.

Тэгээд монголчууд хуучин уранхай турсикнуудаа тэр улс руу хандивладаг. Ерөөсөө асч өгдөггүй олооооон жил явсан фургоныг шууд л нөгөө улс руу хямдхан зарчихдаг. Нарантуул дээр тор зарж зогсдог залуу амралтаараа нөгөө ядуу улсад очиж хүүхэн эргүүлэнгүүт нь “мөнгөнд дуртай тэнэг новш баян Монхоолын доор орж хэвтлээ” гээд цуг яваа хүүхнийг нь гоочлоол.

Тэр улсын хүүхнүүд нь дандаа 90 60 90 бөгөөд нөхрүүд нь гэж долоо хоногийн хоёхон өдөр ажилладаг даанч орлогогүй гарууд байдаг болохоор Монголчууд очиж хямдхан мөртлөө гоё хүүхэн найрдаг. “Монгол хүнтэй зуучилж суулгана” гэсэн зар сонингуудаар нь гараал. Том од дуучин хүүхэн нь гэхэд л эрээнээс гахай зөөдөг манай нэг наймаачинтай суусандаа үнэнхүү жаргалтай сэтгэл хангалуун мишээдэг тийм улс байвал яана.

“Тэр Монгол улсыг хар, иргэддээ зүв зүгээр бөөн мөнгө өгжийна, зөв удирдагчтай зөв хуультай зөв улс чинь ингэж сайхан хөгждийн байна” гээд л хүмүүс нь бид нарт аймар атаархдаг.

Оюутнуудынх нь мөрөөдөл бол манай ШУТИС –д сурах, Их засаг ч юмуу. За ер нь улсынхаа хамгийн том сургуульд сурснаас Монголын хувийн жижиг сургуульд сурсан нь дээр гэж үзээд падвольд байрладаг манай нэг сургуулинцарлуу ээж аав нь охиноо явуулдаг. Ээж аавынхаа цуглуулсан хамаг байдгаар Монголд боловсрол эзэмшихээр ирж буй охин төв шуудангийн цагийг хараад “Ямар гоё юм бэ” гээд гайхаж ангайн зогсоол. Яаж зүгээр байхав баярын өдөр найзуудтайгаа хаан хуушуурт орж жаал тансагладаг. Улаанбаатарын гоё сайхныг шагшин гайхаж нэг таксины жолоочтой явалдаал. За тэгээд тэнгис өргөөд ороод киногоо үзэхээс өмнө тэндээ ухаан алдахымуу хайшайн.

Тэр улсын телевизээр нь манай “Би чамд хайртай - 2” гарангуут гудманд нэг ч хүн холхихгүй бүгд зурагтынхаа өмнө уйлж суугаал. Дуучин Болдод зориулж хөшөө босгоод, “Золбоо сар гарнаа” гэсэн бичигтэй майкаар гангарцгааж Сэрчмаагийн зурагтай дэвтэр дээр ихэнхи хүүхдүүд нь хичээлээ хийдэг.

Залуучууд нь ирж манай гуанзнуудын тавгийг угааж зуун тавин мянган төгрөгний цалин аваад, түүнийхээ талыг гэрлүүгээ явуулаал. Зарим нь хараар ажилланаа хөөрхий, тэгээд цагдаа нарт баригдаж эрүүлжүүлэхийн нааран дээр хэд хонохдоо их баярладаг.

Долоо хоног хатаж очсон Атар талхыг өөрсдийнхөө хийсэн бялуунаас илүүд үздэг, Улаанбаатарын агаарыг цэнгэг гээд цээж дүүрэнг амьсгалж таашаал авдаг, манай оюутнууд архины даруулгаа хийдэг алимны витафит бол тэнд зүгээр ганган охидуудынх нь гайхуулж уудаг умдаа, Монгол хоолны газар байгуулсан чинь хүмүүс нь хуйцаа, гуляшанд дуртай болоо д л, Монгол барааны гүйгдэхгүй хувцаснууд тэнд бол моод.

 Дундговийн нэг малчин залуу шууд тэр улсын хотын мээрийг нь шил архиар хахуульдаад энгийн нэг засварын газрын барилгыг булааж оронд нь айрган гэрээ барьж дотор нь Монголчууд хөлчүүрхэн дэмбээдээд л, урдуур хойгуур нь нөгөө улсын ядуу бацаанууд юм горьдож бүлтэлздэг.

“Оо ёстой Монгол бол миний мөрөөдлийн улс, чи Улаанбаатарт очиж үзсэн үү, хүмүүс нь ямар сайхан боловсон гээч, Монгол залуутай л суучих юмсан” гэж охидууд нь ярьцгаадаг. Суваг болгоноор нь Дамбий жаатай Монгол кино гараастай, фм болгоноор нь дуучин Болдбаатарын “зүүд эргэх нутаг” эгшиглээд л.


Ийм нэг улс байвал лайтай биз. Тэгсэн тэнд нь нэг солиотой залуу “Би Монголчуудад яснаасаа дургүй, Чингис хааныг үзэн ядаж байна” гээд орилж цамнаж байвал цоглог оо, Монгол руу хошуурдаггүй хэсэг бүлэг залуус байвал бас л дажгүй харагдана даа.