УИХ-ын энэ удаагийн сонгууль тун чиг хатуухан эхэлж байна. Эрх баригчдад ээлтэй, иргэд сонгогчдод халтай сонгууль болох нь тодорхой болов. Өнгөрөгч баасан гаригт СЕХ шийдвэр гаргаж МҮАН, Ногоон намын “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвшсэн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээс хасчээ. Ингэхдээ нэр дэвшигчийн талаар ЦЕГ-аас гаргаж өгсөн лавлагаа буюу “авилга албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн” гэдэг тодорхойлолт, Сонгуулийн тухай хуулийн 29.9 “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох” заалтыг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл, хуульд байхгүй үндэслэлээр нэр дэвшигчээс хасчээ.

Тодруулахад, Н.Номтойбаярыг Эрүүгийн хуулийн 23.5 буюу “албан тушаалдаа хайнга хандах” гэдэг зүйл ангиар ял шийтгэсэн. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 23-р бүлэг “Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-т багтдаг. Харин Сонгуулийн хуулийн 29.9-д заасан “авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн” гэдэгт Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэргүүд багтдаг. Эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль өгөх, авах, улсын нөөц, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт.

Гэтэл цагдаагийн байгууллага ямар шалтгаанаар Н.Номтойбаярыг “авилга, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн” гэж гүтгэснийг таах аргагүй юм. Учир нь тус байгууллага МАН-аас явуулсан, Сонгуулийн хуулийн 29.9-д заасан дээрх тодорхойлолтод Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтыг баримтлах вэ? гэдэг асуулгад албан бичгээр хариу өгөхдөө “Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан авилгын гэмт хэргүүд багтана” гэдэг хариулт өгсөн байна.  Харин “Үндэсний эвсэл” болон Н.Номтойбаярын асуудал дээр Эрүүгийн хуулийн огт өөр зүйл заалтыг хамаатуулсан нь санаандгүй алдаа биш байх. Үүнийг тайлбарлаж болох ганц зүйл нь эрх баригч МАН өрсөлдөгчөө замаасаа зайлуулахын тулд юу ч хийхээс буцахгүйд хүрчээ гэдэг ганцхан дүгнэлт. Тэгээд ч энэ анхных нь биш.

2020 оны сонгуулийн өмнө яг ийм зүйл болж байлаа. Тодруулбал, 2018 онд М.Энхболдыг МАН-ын бага хурлын шийдвэрээр УИХ-ын даргаас чөлөөлөх болоход “Энэ чинь Үндсэн хууль зөрчсөн асуудал шүү, МАН төрийн дээр, хуулийн дээр, бүр Үндсэн хуулийн дээр гарлаа” гэж хэлснийхээ төлөө намаасаа хөөгдсөн /нийт зургаан хүн хөөгдсөн/ Н.Номтойбаяр 2020 оны сонгуульд бие даан нэрээ дэвшүүлсэн. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн хойно Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарыг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон.

Тухайн үед МАН-ын хуульч Ү.Амарбатаас гадна УИХ-ын олон гишүүн эл явдлыг эсэргүүцэж, “Иргэдийн сонгох эрхэнд халдлаа, Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийг зөрчлөө” хэмээн мэдэгдэл хийж байв. Тэдний нэг УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ  удаагийн сонгуульд гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 20 гаруй хүн нэр дэвшсэн. Шүүх шударга ёсны зарчмаа зөрчлөө, бүрэн эрх нь хүчин төгөлдөр байгаа УИХ-ын гишүүн, нэр дэвшигчийг барьж хорилоо” хэмээн буруутгаж байв. Тухайн үеийн парламентын 50 хувь нь буюу 30 гаруй гишүүн ЖДҮХС-гаас 1-10 тэрбум төгрөгийн зээл авсан, тэднээс 20-ийг нь прокурорын байгууллага яллагдагчаар татчихсан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д хүсэлтээ ирүүлчихсэн, УИХ түүнийг нь хүлээж авахгүй гэдийж байсан цаг. Нэгэнт гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй учраас хэргийг мөрдөн шалгах ажиллагаа бүрэн зогсож, “шүүхийн шийдвэрээр гэм буруу нь тогтоогдоогүй” гэдэг үндэслэлээр бүгд нэр дэвшээд, сонгуульдаа ялаад, хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Ж.Эрдэнэбат хүртэл шоронгоос нэр дэвшээд сонгуульд ялж байлаа.

Ганцхан хүнийг шүүхээр оруулсан нь Н.Номтойбаяр. 2020 оны сонгуулийн дараа түүнд "нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасч, 5,5 жил хорих" ял оногдуулсан. Ингэхдээ ХЭДС-гаас сонгон шалгаруулалт зарлалгүйгээр 8 иргэн, 20 ААН-ид 3,9 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт салбарын сайдыг нь хамаатуулсан байдаг юм. УДШ хэргийг 2021 оны нэгдүгээр сард хянаж үзээд “уг хэргийг Н.Номтойбаяр зохион байгуулсан нь тогтоогдохгүй байна” гэж хэмээн дүгнэж, анхан болон давах шатны шүүхээс оногдуулсан ялыг хүчингүй болгож, “Орон нутаг, нийслэлийн онцгой хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан” гэдэг үндэслэлээр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 1 жил хорих ял оногдуулсан. Өмнө хэлсэнчлэн энэ зүйл анги нь Эрүүгийн хуульд заасан “Авилгын гэмт хэрэг”-т хамаардаггүй. Цагдаагийн байгууллага үүнийг албаар л биш бол андуурах ямар ч боломжгүй юм.

Зүгээр харьцуулаад үзээрэй л дээ. Н.Номтойбаярын гарын үсгээр олгосон гэж байгаа зээлийн хэмжээ 3,9 тэрбум төгрөг, зээл хүртсэн нь 28 иргэн, ААН. Нэг зээлдэгчид оногдож байгаа нь 130 орчим сая төгрөг. Харин манай гишүүд бол тэрбумаар нь хуссан даа. 2020 оны сонгуулийн өмнө болсон дээрх баривчилгааны үеэр сонгуульдоролцож байсан улс төрийн намууд, түүн дотор МАН өөрөө шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл хийж байсан бол өнөөдөр Н.Номтойбаяр дээр дуугарах нэг ч хүн алга. Хулгайчид хүчээ нэгтгэхээр юунд хүрдэгийн бас нэг тод жишээ юм даа.

Тиймээс энэ асуудал дээр УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн бүх намууд нүдээ хурцлах, байр сууриа нэгтгэх шаардлага зүй есоор үүсээд байна. Энэ бол нэг нам, эвсэл, нэг нэр дэвшигчийн асуудал биш. Нийт сонгогчийн эрх ашигтай холбоотой асуудал. Сонгуулийг хуулийн дагуу цэвэр, өрсөлдөөний шударга зарчмаар явуулахтай холбоотой асуудал. Ийм зүйл дээр манай сөрөг намууд "Нэг ч гэсэн өрсөлдөгч замаас зайллаа" гэж харвал жинхэнээсээ "нүд рүүгээ хуруугаа хийсэн" хэрэг болно. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад ингэж цагаандаа гарч, хуулийг уландаа гишгэж байгаа эрх баригч нам үлдсэн хугацаанд юу хийж болохыг төсөөлөх гээд үз дээ.

inews.mn