ХХХ: ЮУ ЮУ ЯРИВ?
МАН-ын Их хурлын тухай юмнуудаа тэмдэглэчий. Дараа нь өөрөө харахад ч амар.
МАН-ын Их хурлын тухай юмнуудаа тэмдэглэчий. Дараа нь өөрөө харахад ч амар.
- Улсын эрхийг бүх түвшинд барьж байгаа намын хурлаар яригдсан, илтгэгдсэн үгүүд дээр өдийд салбар салбарын мэргэжилтнүүд үгээ уралдуулан шүүмжилж, сайшаасан юмуу муушаасан өгүүллүүд гарч байх ёстой атал нэг л нам жим байна. Сошл дээр л өөрийнх нь хүмүүс магтаж, өрөөлийн хүмүүс муулж шан пан гээд өнгөрлөө.
- Гэхдээ ер нь манайхан нийтээрээ улстөрөөс, албаны баригдмал үгс ярьсан зангиа бүхий бахим хүзүүтэй эрчүүдээс залхсан нь үнэн. Хоорондоо адилхан юм ярина. Ирээдүй цаг дээр ярина. Өөрсдийн бол зөвхөн сайн талыг, айлын бол зөвхөн муу талыг л ярина. Тиймдээ ч ХХХ Их хурлын хажууд бараг зэрэгцээд болсон, гудманд буй АН-ын аль талынх нь ч билээ хийсэн Үндэсний чуулган илүү сонирхол татах шиг болсон. Ямар бодлого ярихнав гэдэгтээ биш хэн хэн хэрэлдэхийг нь л харах гээд. Гэхдээ хэрүүл болоогүй болохоор тэгээд хаяцан :).
- АН зэрэгцсэн гэснээс, уг нь 12-р сарын 6-н бол АН-ын “өмчилсөн” өдөр. МАН 1921 он, наадмын өдрийг эрхшээгээд байхаар нь АН зөрүүлээд Чингис хаан, 13-р зуун, түүхэн 1206 оны бахархлыг өөртөө наасан нь энэ. Өдрүүдийг намуудад хэн ч албан ёсоор өгөөгүй, хуульчлаагүй ч гэсэн МАН заавал энэ өдрийг сонгож Их хурлаа хийсэн нь дээрэлхүү, бяралхуу л харагдсан.
- Энэ нь “no Naadam”-тай холбоотой байж мэднэ. Ардын хувьсгалын 100 жил байв. Шинэхэн Ерөнхийлөгч нь нээхээр бэлдэж, үгээ ч төсөллөж, намын брэндингээ арчиж зүлгэх, бахархах, таашаал авах, тэгш дүүрэн 100-гийн тоотой наадам байлаа. Ахиад ийм момент 100 жилийн дараа л ирнэ. Гэтэл Ардчилсан намын дөгөөж турхирсан “no Naadam” хөдөлгөөн үүнийг үгүй хийчихсэн юм. Хөдөлгөөн өөрөө дабл стандарт гэдэг малгайтай байсан. Эрх баригчид ч дабл стандартыг ёстой үзүүлээд өгсөн болохоор бухимдсан, цөхөрсөн хүмүүс аяндаа дэмжээд ирсэн л дээ. За энэ ч яахав.
- Дээр хэлсэн 1921 оныг өмчилсөн гэдэг дээр МАН бас арай хэтрүүлж байгаа. Монголын салбар болгон үүссэнийхээ 100 жилийг тэмдэглэж бариад. 101 жилийн өмнө Монгол гэж нэг харахын эцэсгүй газар, монголчууд нь homo sapiens ч болоогүй байсан бололтой байдаг.
- МАН хурлаараа үзэл санааны хүрээнд социал демократ баримжаатай байхаа зарлав. Ёжтой зарим улсууд “аан коммунист байхаа болино гэнэ ээ” гэлцсэн. Тэрхүү соцдек чиг баримжааныхаа хүрээнд төлөвлөсөн үйл ажиллагааныхаа программыг Шинэ сэргэлтийн бодлого гэж нэрлэв. Шинэ сэргэлтийн бодлого нь нийгмийн бүх сэдэв, салбарыг хамарсны дотор “Хүний эрхийг хамгаална” гэсэн нь яриа тарьлаа.
-Хүний эрхийг хамгаална гэнэ
-Айн, МАН уу?
-Гү харин тий
-Хүний эрхийг ээ?
- МАН хүний эрх ярьлаа гэнгүүт “шувуу хүртэл буруу дэвээд” гэдгэрхүү реакц хаа сайгүй гарлаа. Инээсэн, уурласан. Ардчилсан намын өдрийг битгий хэл өнгийг, байчихаад сэдвийг нь кармаалчихаж байгаа тул аргагүй. Гэхдээ том намууд хүний эрх, парламентат засаглал, ардчилал, чөлөөт эдийн засгийг үргэлж ярьж, зүлгэж байх нь маньд л ашигтай. Хэн нэгэн өмчлөх эрхгүй, өмчилж ч чадахгүй байна угаасаа. Өрсөлдөөний дундаас хэрэглэгчид хождог гэдэг. Бид сайжирч л байна.
- ХХХ гэдэг нь насанд хүрэгчдийн агуулгыг хэлдэг нтр гэсэн балай юм бичээд яахав.
- Хурлын үеэр генсек Д.Амарбаясгалан намын даргаасаа ч илүү ярианы сэдэв болж байлаа. Тэр болгон олны өмнө гараад байдаггүйтэй ч холбоотой байх
- Дарга нар ер нь хурлаараа зоримог юмнууд их ярьцгаасан. Парламентын дарга нь парламентат ёсыг бэхжүүлэх тухай илтгэсэн. Намын дарга нь хэлмэгдэгсдээс уучлал гуйсан. Дараа генсек нь авилга авсан гарыг намаасаа шууд хасна гэв.
- Мөн генсек, "...МАН бол дотоод ардчилалтай нам байна" гэж зарласан. Үүний өмнөхөн Намын дарга Л.Оюун-Эрдэнийг 99.71 хувийн саналаар сонгочихоод байв. Ардчилал ч заавал эсрэг тэсрэг саналтай байхын нэр ч биш байх л доо.
- МАН-ын удирдлага дан залуус байлаа. Дөчин нас бол улстөрд бүр нялх нас. Гэнгүүт хэдхэн хоногийн дараа АН-ын дэд даргаар Б.Гарамгайбаатар... гэсэн мэдээ гарсан нь нэг л эвгүй харагдаад болдгүй.
- Хуулиудын дотроос Хүний эрхийг зөрчсөн олон зуун зүйл заалтууд байна гэж хэлсэн нь яах аргагүй том дэвшил. Одоо тэрийгээ янзалж, ер нь хүний эрхийн тал дээр үйлдэл харуулахгүй бол тэгээд худлаа.
- Ямар сайндаа намын даргын уучлал гуйн мэхийснээс дутахгүй нэг зүйл нь Эгийн голын УЦС-ыг шууд барина гэсэн мэдэгдэл байлаа. Гэвч хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Байгаль нуурыг хамтран хамгаалья аа гэчихээд хүрээд ирсэн нь халхын цэргүүд яг дайрдгийн даваан дээр Арслан тайж Далай ламд мөргөчдөг сюжетийг эрхгүй санагдуулсан.
- Тэмдэглэлийн эхэнд хэлсэн юм бодогдоод салахгүй байна. Намын программд юу юу гэцэн байгааг сүр сүр үг хэллэггүйгээр харчихаж болох нимгэн нойтон хэвлэмэл, сошл контентуудыг намаас нь гаргаж болох уу. Мань мэтийн залхуучуулд зориулаад. Хаана хэнд хандах вэ. Салбар салбарын зүтгэлтнүүдэд захидал, мэйл бичиж “дэлгэрэнгүйг эндээс...” гэсэн зүүлт юмтай товч товхимолууд явуулаад хариу анализ, дүгнэлтүүд гаргуулах боломжтой юу. Нөгөөдүүл нь нам намайг анхаарч байна гэж зуйрганаад унахым болуу, хаа хаанаа амьдрал сайхан болчоогүй л байна. Эсвэл “та зүгээр шууд хэлээрэй, намаас таныг харж үзээд байгаа юм байхгүй шүү” гэдиймуу ккк. Энэ их санаа зовоогоод байгаа тул тэмдэглэлийн гарчгаа “ХХХ: юу юу ярив?” гээд өгчий :).
Болд
Зочин
Зочин
Ийм ухаалаг залуу атлаа
Зочин
Баатарван