Победят коммунисты-Победит народ... 

Энэ бол 2021 оны Оросын Төрийн думын сонгуульд Оросын коммунист намын дэвшүүлсэн уриа. Коммунистууд ялбал ард түмэн ялна... 

Мэдээж коммунистууд ялж чадаагүй л дээ. Думын 450 гишүүний тал хувь буюу 225-ыг нь жагсаалтаар сонгоход Коммунист нам есхөн суудал авсан. Товчхондоо оросууд хүртэл коммунизм руугаа буцах бодолгүй байна аа л гэсэн үг. 

Гэтэл манай МАН /МАХН/ монголчуудыг өнгөрсөн зуун руу нь, коммунист дэглэм рүүгээ чирэх санаагаа ил тодоор хэрэгжүүлж эхэллээ. Санаа нь бол эртнээс л дээ, сачий нь хүрэх үү, үгүй юу л гэхээс. Бизнес эрхлэгчид, үндэсний хөрөнгөтнүүд, үйлдвэрлэгчидээ тонож дээрэмдэж, орон шоронгоор айлгаж ичээж, үйл ажиллагааг нь хориглож, зогсоож, өмчийг нийгэмчилж байгаа, иргэдээ айдас хүйдсээр удирдах гэсэн МАН-ын бодлого чинь угаасаа коммунист өнгөлзлөг мөн л дөө. Харин үүнийгээ арай ч ингэж ил шулуун зарлана гэж бодсонгүй. 

Энэ удаагийн сонгуульд эрх баригч намын дэвшүүлсэн уриа нь “Ард түмэн ялна”... Гурван жилийн өмнө сонгуульд ялагдсан Оросын коммунист намын уриаг өнөөдөр МАН ярьж яваа чинь өнгөрсөн зууны хориод онд Оросын коммунист намын Ар Хиагтад байгуулж өгсөн энэ нам одоог хүртэл "ах" нарынхаа савраас гарч чадаагүй байна аа л гэсэн үг. Дөнгөж саяхан, УИХ-ын ээлжит сонгуулийн яг өмнө Путины "хам хэрэгтэн" (Украины дайныг хэлж байна), “Европын сүүлчийн дарангуйлагч” гэгдсэн (Беларусийн анхны бөгөөд зургаан удаагийн Ерөнхийлөгч/) Лукашенког Монголд урьж, төрийн айлчлал хийлгэсэн явдал ч гэсэн. 

Ингэхэд ард түмэн ялахын тулд цаана нь ялагдах ёстой хэн нэгэн байх ёстой биз дээ, логикоор бодоход. Тэгвэл ард түмэн хэнийг ялах ёстой вэ? Ардын намыг уу, Ардчилсан намыг уу? Эсвэл бүр өнгөрсөн зууны эхээр Орост гарсан шиг пролетарийн хувьсгалыг давтаж, хөрөнгө чинээтэй нийгмийн элит хэсэг, баялаг бүтээгч нараа заазлах, өмч хөрөнгийг нь хураах бодлого уу? МАН лав өөртэйгээ дайтаагүй нь тодорхой. 

Харин ардчилсан үзэлтэй, хүний эрх, хувийн өмч, хуулийн засаглалын тухай ярьсан хүн болгонтой дайтаж байна. Мэдээллийн дайн хийж байна. Энэ бол улс үндэстнээ хагаралдуулсан, талцуулсан, хүчийг нь сулруулсан, харь орны өгөөш болгож хаяж өгсөн адгийн муухай үйлдэл. Иргэнээ хамгаалдаг ардчилсан төр ийм байдаггүй.

МАН өнгөрсөн 34 жилийн турш худлаа ярьсан. Сүүлийн 8 жил бүр их худлаа ярьсан. Хувийн өмчийг, хүний эрхийг хамгаална, хуулийн засаглалыг бэхжүүлнэ гэж ярих тоолондоо яг эсрэгээр нь хийсэн. Хууль, шүүхийг уландаа гишгэсэн, иргэдээ ингэж өмч хөрөнгө, үзэл бодлоор нь талцуулсан. Одоо бүр ил цагаандаа гарлаа. Орост хүртэл шахагдаж эхэлсэн коммунист намыг Монголд дахин байгуулах гэж байна. Байгуулах байтугай байсаар, оршсоор ирсэн юм байна. Алим модноосоо хол унадаггүй гэдэг шүү дээ. 

Жишээ нь, МАН-ын дарга нь Л.Оюун-Эрдэнэ яг мөн үү, биш үү? гээд асуувал бидний хэн маань ч баттай хэлж чадахгүй. Үнэн гэвэл сонгуулийн өмнө, энэ хаваржин МАН-аас явуулсан, одоо ч үргэлжилж байгаа улс төрийн хар пиар бол “Херо” Баатар буюу Л.Оюун-Эрдэнийн эцэг нэгтэй ах удирдаж, дүү нь гол дүрд тоглосон орос технологи гэдгийг бүгд л мэднэ. Ингэхэд бид өөрсдийн төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох гээд байна уу, эсвэл Оросын төрийн тавиулууд, "эрх хүлээн авагч" нарыг сонгох гээд байна уу гэдгээ дахиад нэг бодох ёстой болж дээ. 

inews.mn