Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуултай ярилцлаа.


-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн хүсэлтээр хоёр ч удаа өргөдлөө өгснийг ТУЗ нь хүлээж аваагүй. Та өөрөө ч нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, ном журмынх нь дагуу ажлаа хийх тухай мэдэгдсэн удаатай. Өмнөх ярилцлагын үеэр ч энэ тухай тодорхой тайлбарыг өгсөн. Гол нь Н.Мандуул гэдэг хүн цаашдаа Хөгжлийн банкны удирдлагаар ажиллах уу? гэсэн асуулт хөврөхтэй зэрэгцээд ШӨХТГ-ын даргаар очсон нь гэнэтийн шийдвэр байлаа. Үүнийг үлдсэн зээлээ төлүүлэхээс зайлсхийлээ гэж харах хэсэг байна. Зарим нь намын ээлжит даалгавараа авч энэ газарт ирлээ гэж байна. Хөгжлийн банкнаас ШӨХТГ руу ирэх шалтгаан нь юу байв? Яг ямар процесс болоод өнгөрөв гэдэгт хэлэх хариулт нь сонирхолтой байна?

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөх өргөдлийг ТУЗ нь хүлээж авахгүй удсан шүү дээ. Болсон процесс нь ийм л юм. Анхнаасаа асуудлаа ном журмынх нь дагуу явуулъя гэдэг зарчмын шаардлага тавьсан. "Ковид"-ын үеийн томилгоотой явж ирлээ. Хувь хүн талаасаа ч энерги шавхагдсан гэх үү дээ. Яах вэ, нээлттэй сонгон шалгаруулалтаа зарласан тохиолдолд эргэж өрсөлдөх үү? гэдгээ хараахан шийдээгүй явсан юм. Ямар ч байсан албан тушаалаа өгөхийн хувьд шийдвэрээ нэгэнт гаргасан. Хариуцсан ажлаа орхиод зугтаасан юм байхгүй. Чанаргүй ангилалд багтсан зээлийн дийлэнхийг төлүүллээ. Том мөнгөн дүнтэй тоотой хэдэн компани үлдсэн. Шүүхийн процессоо хүлээж байгаа асуудал. Хувь хүнээс шалтгаалах, хийх юм нь дууссан.

-Үндсэндээ Хөгжлийн банкны асуудал цэгцэрсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Гаднын эх үүсвэрээр 75 сая ам.долларын хэлцлийг эхлүүлсэн байсан, түүнийгээ дуусах шат руу оруулсан. Ингээд харахаар гадна талдаа ч асуудалгүй. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар очсон зорилго нь тодорхой. Нэгдүгээрт, чанаргүй ангилалд багтсан зээлийг төлүүлэх, гадна талдаа дефолт зарлахгүй, эргээд Засгийн газрыг ямар нэгэн эрсдэлд унагаахгүй байх байсан юм. Тэрхүү ажил маань ерөнхийдөө дууссан.

Тэгээд ч би цагдаа, хүний мууг үздэг хүн биш шүү дээ. Хоёрдугаарт, нэгэнт асуудлыг нь цэгцэлсэн болохоор одоо банк өөрөө банк шиг ажиллах ёстой. Хувь хүнийхээ тухайд шинэ зээл олгох менталитет байхгүй болчихож байгаа юм. Тиймээс эхний ээлжид ажлаа хүлээлгэж өгөөд түр хугацаанд завсарлага авъя, тархиа амраая гэсэн бодолтой байлаа. Дараа нь юу хийхээ ч шийдээгүй байхад Засгийн газраас надад үүрэг даалгавар өглөө гэж ойлгосон. Засгийн газрын түвшинд анхаарал тавих хэсэг учраас очиж ажиллах хэрэгтэй байна гэсэн. Мэдээж төр нь итгэл хүлээлгэж, үүрэг өгч байхад үгүй гэж хэлж чадахгүй шүү дээ.

-ШӨХТГ-ын даргаар томилох шийдвэр нь өөрөө гэнэтийнх байжээ?

-Гэнэтийнх байсаан, байсан.

-Хөгжлийн банкийг удирдаж байхдаа өр барагдуулах алба шиг ажилласан нь үнэн. Гэтэл одоо зөрүүлээд Төрийн нэрийн өмнөөс хувийн хэвшил, аж ахуйн нэгжид өндөр дүнтэй торгууль ногдуулдаг Улсын ерөнхий байцаагчийн эрх статустайгаар агентлаг удирдаж, бодлого зангидах нь?

-Ажлаа хүлээж авснаас хойш хэд хоног гүн рүү орж судаллаа. Концефцийн хувьд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь олон нийтийн боддогоос өөр юм билээ.

-Өөр гэдэг нь?

-Торгууль тавьдаг санкц нь зөвхөн нэг хэрэгсэл нь. Зорилго нь биш. Бизнес, зах зээл, эдийн засгийн холбоо, харилцааг илүү өрсөлдөөнтэй, чөлөөтэй байлгах нь гол зорилго нь. Зах зээл нь хэтэрхий "ширэнгийн хууль" шиг дүрмийн бус аргаар өрсөлдөхөөс сэргийлсэн, цэвэр тунгалаг орчинг нь хадгалж, бүрдүүлэх үүрэгтэй байгууллага. Үүнийг хийж, хэрэгжүүлэхийн тулд олон аргаар үзэж болно. Жишээ нь, нэг компанийг барьж аваад заавал торгох албагүй. "Танайх иймэрхүү юм хийгээд байх шиг байна. Шалгалтын явцад гарч ирлээ. Одоо наадахаа боль. Хуулийнхаа дагуу өрсөлд" гэх маягаар зөвлөн туслах функц байж болно. Бүр болохгүй бол торгууль ярина.

Манай эдийн засагт гарч байгаа асуудал нь зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос хойш хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх замаар бужигнаж ирсэн. Дундуур нь мэдээж зохицуулалт орно. Үр дүнд нь зохицуулалттай монополь салбар бий болсон. Харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун, авиа компаниуд зэрэг. Тус, тусдаа агентлаг болсон байх жишээтэй. Тусгай зөвшөөрлөө өгнө, тариф үнэ тогтооно. Бараг "Вант улс" шахуу. Эсрэгээрээ зарим хэсэг нь бүр хаягдсан. Жижиглэнгийн худалдааны салбарууд байна. Юу болж байгаа нь мэдэгдэхгүй. Гуравдахь хэсэг нь гэхэд төрөөс үнийн түр зуурын зохицуулалт хийх гэж үздэг. Мах, гурил, хүнсний ногоо зэрэг. Энэ дунд нь асар их гажуудал үүсдэг. Эргээд шударгаар өрсөлдөж, өсөн дэвжих бизнесүүдийн боломжийг хумьдаг. Түүнийг л манай байгууллага хянаж, тэгш гараанд аваачих Төрийн үүргээ биелүүлэх зорилготой. Түүнээс аль нэгийг нь торгож, түүн дээрээ шоу, акц хийх нь дараагийн асуудал. Зүгээр хэрэгсэл төдий. Өөрөөр хэлбэл, байгууллагын үндсэн зорилго нь тэс өөр.

-Торгууль ногдуулах нь нэг төрлийн хэрэгсэл гэж байна. Гэхдээ энэ газрын даргаар ирдэг хүмүүс ганцхан улс төрийн томилгоотой явж ирлээ. Тэр бүгдэд чөлөөт зах зээлийг бий болгох, тэнд шударга өрсөлдөөнийг тогтоох гэхээсээ танигдах "тайз" төдий ашиглах ойлголттой байдаг нь эсрэгээрээ ШӨХТГ-ыг улс төрийн шат ахих дамжаа гэж харах, бүр хардаг ойлголтыг бий болгочихлоо... Үндсэн зорилгоо биелүүлэхээс илүүтэй аль нэг аж ахуйн нэгжид торгууль ногдуулснаа бахархалтайгаар зарладаг уламжлал нь энэ байгууллагад тогтсон дүр төрх гэдгийг Та хүлээн зөвшөөрөх үү?

-Байгууллагын удирдлагын имиж нь тийм болчихоод байгаа нь мэдээж харамсалтай. Ажлаа хүлээж авсны дараагаас хүмүүс асууж байна. ШӨХТГ-ын даргаар ажилласан хүн сайд, УИХ-ын гишүүн болдог гээд ярьж байна. "Хэзээ дэвших юм" гэх нь ч бас байна. Би өөрөө эдийн засагч хүн. Санхүү, эдийн засагч гэсэн хосолсон мэргэжилтэй. ШӨХТГ-ын хариуцдаг асуудал нь өргөн хүрээтэй. Эдийн засгийн суурь асуудлын гүн рүү нь нэвтэрдэг. Байцаагчид нь тийм эрхтэй. Төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг хувь хүнийхээ өнцгөөс харахад нэг зүйл ажиглагддаг юм.

Макро түвшиндөө том бодлого гаргаад л байна. Монголбанк гэхэд зах зээл рүү нийлүүлэх мөнгөний хэмжээ, бодлогын хүүтэй холбоотой шийдвэрүүд гаргаж байна. Нөгөө талд нь төсвийн бодлогын хүрээнд алдагдлаа барина гэдэг. Зарим сектор руу хөнгөлөлттэй зээл олгож байна. Бүгдээрээ макро түвшин рүү чиглэсэн арга хэмжээ. Гэтэл микро эдийн засаг, зах зээлийн өрөг дээр тоглож байгаа компаниудын түвшинд эдгээр асуудал нь хэрхэн хэрэгжиж буй нь үндсэндээ хаягдсан гэж дүгнэдэг. Тэгэхээр айхтар хянаж, торгохоос илүүтэй макро түвшинд гаргасан бодлогын хэрэгжилт нь микро эдийн засагтаа зөв хэрэгжиж байна уу гэдэгт ажиллах ёстой юм.

Өнгөрсөн хугацаанд манай байгууллагад хэдэн дарга солигдов, бараг 9-10 байх. Өмнөх удирдлагуудаа мэдээж буруутгахгүй. Өөрсдийн үзэл бодол, зарчмын хүрээнд ажиллаж ирсэн болов уу. Харин миний хувьд тогтолцооны түвшинд суурь асуудал руу орох зорилго байна.

-Өмнөх дарга нарын үед хэд хэдэн аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан нь одоо шүүх дээр яваа байх. Банкны нэг хувийн шимтгэл, IPTV үйлчилгээ үзүүлэгч компаниуд, гурил үйлдвэрлэгч зэргээр. Лав "Алтан тариа" компанийн захирал нь ШӨХТГ-ын торгуулийг хүлээж зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж бүр гурилын үнээ нэмэхээ мэдэгдсэн удаатай?

-Зах зээлийн гажуудал байна гэж үзвэл заавал торгууль ногдуулахгүйгээр түүнийг арилгах олон хэрэгсэл ШӨХТГ-т бий гэж түрүүн хэлсэн. Одоогийн байдлаар агентлагийн хэмжээнд 30 гаруй хэрэгт холбогдох асуудал Захиргааны хэргийн шүүх дээр яваа. Үндэслэл муутай торгууль ногдуулбал шүүх дээр очоод ялагдана. Торгууль тавьсан даруйд мөнгөө төлчихгүй. Анхан, давах, бүр Дээд шүүх хүртэл явах асуудал гарна. Наанадаж хоёр жил үргэлжлэх процесс. Гэтэл энэ нь зах зээлийнхээ гажуудлыг засах үр дүнд хүрэхгүй байгаа юм шиг санагддаг юм. Үнэхээр хувийн хэвшилд асуудал байгаад гажуудлаа засахгүй гэж гөжүүдлээд байвал "хатуу гар"-аар үзэхээс өөр аргагүйд хүрч магадгүй. Гэхдээ тэр нь нэг л хэрэгсэл гэдгийг дахиж хэлэх нь зүйн хэрэг.

-Торгохоос бусад хэрэгслийг нь өнөөдрийг хүртэл яагаад хэрэгжүүлж ирээгүй юм бол? ШӨХТГ гэхээрээ өрсөлдөөн зохицуулах нэрийн дор Төрийн өмнөөс том дүнтэй торгууль ногдуулдаг "Мангас" байх гээд байдаг шалтгааныг нь судалж үзэв үү? Яагаад ингэж асуусан юм гэхээр Таны хувьд байгууллагынхаа суурь асуудал руу орох зорилготой гэсэн шүү дээ?

-Богино хугацаатай томилогдож ирдэгтэй холбоотой байж магадгүй. Би өөрийгөө улстөрч хүн байлаа гэж бодъё. Хугацаа нь богинохон. Тэрхүү хугацаанд улс төрийн зорилгоо биелүүлэх үү? гэдэг асуулт гарч ирнэ. Олон сонголт байсаар байхад улс төрийнх рүүгээ хүрэхэд хамгийн амархан нь юу байх вэ? Ийм байдлаас үүдэлтэй асуудалд хандаж ирснийг үгүйсгэхгүй. Институцийнх нь хувьд бэхжүүлэх, аливаа асуудлыг өргөнөөр харж, гүн рүү нь орох байдлаар ажиллуулахгүй явж ирсэн төр, засагтай нь холбоотой юм болов уу гэж бодож байна.

-Танин мэдэхүйн чанартай асуулт байж магадгүй. Манайд монополь байдлын тодорхойлолт нь ямар байдаг юм. Тэдгээрт хийх ШӨХТГ-ын шалгалт яг яаж явдаг вэ? Үргэлжлэх цаг хугацаа, процесс хэрхэн үргэлжилдэг юм?

-Хоёр төрөл байна. Нэг нь зүй ёсны монополь. Цаанаасаа тусгай зөвшөөрөлтэй, ямар нэгэн дэд бүтцийг дангаараа ашиглах эрхтэй. Жишээ нь, УБТЗ гэхэд хөндлөн төмөр замыг ганцаараа эзэмшдэг. Шинэ нисэх буудал байна. Нөгөөх нь давамгай байдалтай аж ахуйн нэгж. Зах зээлийн гуравны нэгээс дээш хэмжээнд нөлөөлж ажилладаг хэсэг нь. Үнэ нь буухад бусад нь дагаад буудаг, өсгөхөд адилхан хүнд байдалд оруулах хэмжээний тоглогчид. Зүй ёсны монополийн хувьд ойлгомжтой. Харин давамгайд нь бол шалгалт оруулна. Удирдамжийн дагуу байцаагчид очиж, зах зээлийн судалгаа хийнэ. Үнэхээр давамгай гэж үзвэл агентлагаас статус олгоно. Тийм статустай болчихоор үнэ тарифаа өөрчлөхдөө манайхаас зөвшөөрөл авах хуулийн зохицуулалттай.

Том хэмжээний статустай болсон нөхдүүд нэг өглөө босонгуутаа үнийг 30 хувь нэмэгдүүлье гээд шийдвэр гаргах чадамжгүй болно гэсэн үг. Гэхдээ тэр нь үндэслэлтэй байж болно. Яалт ч үгүй ханшийн өсөлтөөс шалтгаалсан бол түүнийг нь манайх нягтлаад зөвшөөрөх эсэхээ шийднэ.

-Үгсэн хуйвалдахын тухайд. Бид үгсэн хуйвалдлаа гэдгээ ил тод зарлахгүй ойлгомжтой?

-Манайхаас өөр улсад Өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын байцаагчид нь хэргийн мөрдөгч маягаар ажилладаг юм билээ. Нотлох баримт цуглуулна. Гүйцэтгэх ажиллагаа маягаар явсаар тогтооно. Ямарваа нэгэн шийдвэрийн ард тухайн газар нь шүүхдэж магадгүй учраас нотлох баримттай байж шийдвэрээ гаргадаг. Манайхан болохоор төсөв мөнгөний асуудлаас үүдэж тэдэн шиг ажиллаж чадахгүй нь мэдээж. Гэхдээ л өөрсдийн хэмжээнд, чадахаараа шалгалт явуулдаг.

Жишээ нь, нэг нь өртөг өндөртэй, нөгөөх нь бага байхад хоёулаа ижилхэн үнэтэй байвал үгсэн хуйвалдсан болно. Зарим нь өөр бусдадаа итгэхгүйгээр гэрээ байгуулж, гарын үсэг зурчихсан байж болно. Гэх мэтээр явна.

-Саяхан мах, гурилын компаниуд Төрөөс гурван хувийн хүүтэй олгосон зээлийн зарцуулалтад шалгалт оруулна гэсэн утгатай мэдэгдлийг хийсэн байна лээ? Мөнгөн дүн нь 90 гаруй тэрбум төгрөг гэсэн байсан?

-Ийм учиртай. Манайхаас шалгалтын ажиллагаа эхлүүлээд хэд хонож байна. Баримт, материалаа бүрдүүлээд яваа. Дараа нь түүндээ анализ хийнэ. Миний хувьд ойрын хугацаанд гаргуулахаар яаруулаад л байна. Гэхдээ цөөн орон тоогоор ажиллаж байгаа болохоор хүндрэл бий. Шалтгалтын зорилго нь зээлд хамрагдсан аж ахуйн нэгжийг айлгаж, торгоход чиглээгүй.

Монгол Улс өөрийн гэсэн хэв маяг, ахуйн онцлогтой. Намар, өвөлдөө мах бэлтгэлээ хийдэг. Хаврын мөчлөг дээр махны хомсдол үүсдэг. Гурилынх мөн адил. Монголчуудын хүнсний үндсэн хэрэглээ нь мах, гурил. Гэтэл нь ханш нь савлагаатай. Эрэлт, нийлүүлэлт нь хоорондоо зөрж байна л гэсэн үг. Энэхүү савлагааг аль болох тогтвортой байлгахын тулд авсан арга хэмжээ нь нөөцийн мах, гурилын үйлдвэрүүдэд өгдөг татаас. Тэгсэн юу болов, энэхүү схем үнэхээр ажиллаж байна уу? гэдэг асуулт гарч ирээд байгаа юм.

Энэ хавар бол ажилласангүй. Махны үнэ 30 хувиар өслөө. Гурил нь ч мөн адил. Эргээд орлого багатай хэсэгтээ хүндээр тусч байна. Инфляцийн өсөлт гэх зэргээр хүмүүсийн төдийлөн ойлгохгүй зүйл мэдээж биш. Одоо хар даа. Хотод махны үнээс болж иргэд бухимдалтай байна. Эсрэгээрээ гурилын үнэ хөдөө өссөн үзүүлэлттэй байна. Нөөцийн мах, гурилын үйлдвэрүүдэд өгдөг татаас зэрэг уг схем үнэхээр ажиллаж байна уу, үр дүнтэй байна уу? гэдэг л асуудал. 90 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэй өгчихсөн шүү дээ. Үр дүн нь хаана байна? гэсэн асуултад хариулт хэрэгтэй байгаа юм. Түүнийг гүн рүү нь орж гаргаж ирэх нь энэхүү шалгалтын гол зорилго. Тэрийгээ гаргаж ирсний дараа дүгнэлтээ гаргаад Засгийн газарт хүргүүлнэ. Схем дээр чинь ийм алдаа гарлаа, үүнийгээ засаачээ гэдэг байдлаар. Асуудлаа тодорхойлчихвол ирэх онд ийм асуудал үүсэхэд Засгийн газар нь илүү бэлтгэлтэй байна.

Өнгөрсөн жил гэхэд бараг арваннэгдүгээр сард махны компаниудад олгох зээл гарч эхэлсэн байгаа байхгүй юу? Ойлгомжгүй юмандаа одоо цэг тавьцгаая. Аль функцээ хэн нь хариуцахаа тодорхой болгох ёстой.

-Магадгүй олсны үзүүрээс татаад явахаар нөгөө талд нь Төр өөрөө зогсож байхыг үгүйсгэхгүй?

-Үнэн, үнэн. Миний зорилго тэр. Түүнээс аж ахуйн нэгжүүдийн мууг үзэх гээд байгаа юм байхгүй. Гол нь Төрийн ажиллаж байгаа мехазмын алдаа нь хаана байна? гэдэг оношийг тогтоох юм. Жишээ нь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь бодлогын хүрээнд баахан махны компанитай гэрээ байгуулчихсан. Түүндээ хяналт тавьдаг юм уу?, үгүй юм уу? Нөөцийн мах гэхэд 7.6 мянга байхаа, тн-ыг бэлдсэн гэсэн. Тэр нь үнэхээр тоогоороо байгаа юу? Түгээлт дээр нь нийслэл ажиллаж байгаа. Түгээж байгаа юм уу? Чанар нь үнэхээр хүмүүсийн хэрэгцээнд нийцэж байна уу?. Салбарын яамнаас нөөцлөхөөр гаргасан махны тоо нь зөв үү? гэх зэргээр.

Миний ойлгосноор өнгөрсөн жил махны компаниуд алдагдалд орсон байгаа юм. Хэтэрхий их мах бэлтгүүлчихсэн. Тэгсэн нь зуншлага сайхан, өвөл өнтэй болсон. Бэлтгэсэн мах нь борлогдоогүй, алдагдалд орсон тохиолдол байна лээ. Тэгэнгүүт энэ жил эрсдлээ тооцоод тоогоо багасгасан байхыг үгүйсгэхгүй. Үүнийг тогтоох ёстой. Өнгөрсөн өдрүүдэд хэд хэдэн уулзалт хийлээ. Яг тодорхой хариулттай юм алга. Өөрсдөө л газар дээр очиж, холбогдох юмыг нь нягталж байж гаргах байх. Төрийн шийдвэр гаргаад байгаа процессын зөв, бурууг мэдэх гээд байгаа юм.

-Хуулиар өөрсдөдөө олгосон эрх үүргийг хэрэгжүүлэх бус зөвхөн торгууль ногдуулж ирсэн нь энэ газрын нэн тэргүүнд хийх ёстой ажил мэдээж биш юм байна. Төрийг төлөөлж байгаа агентлагуудын уялдаа холбоо нь хаана очоод гажуудсаны оношийг тогтоох уг нь ШӨХТГ гэсэн том статустай байгууллагын бас нэг үүрэг юм байна гэж ойлголоо. Мэдсээр байж яагаад үүнийгээ хэрэгжүүлж яваагүй юм. Хоёрдугаарт, одоогийн бүтэц, хүний нөөц нь үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд төдийлөн хангалттай биш гэдгийг нэг бус удаа онцоллоо. Хүний нөөцийн дутагдал энэ байгууллагад үнэхээр байгаа хэрэг үү. Хүний нөөц дутагдалтай байгаа талаар ярьж байсан даргыг өнөөг хүртэл сонсоогүй учраас ингэж асуугаад байгаа юм?

-Ажиллах боломжийг нь өгөөгүй байх аа. Засгийн газар нь ч анхаарал тавьж ирээгүй. Одоо бол илүү ойлгож, анхаарал хандуулж эхэллээ. Олон асуудлын учгийг олж харах, шийдвэрлэх юм байна гэдэг тал руугаа явж байна. Ерөөсөө л өмнө нь бидэнд үлдсэн сургамжуудын үр дүнд аргагүйн эрхэнд анхаарал тавьж эхэлснийг үгүйсгэхгүй.

Олон нийт нэг л юмыг ойлгох хэрэгтэй. ШӨХТГ гэхээр үнэ өндөр байгааг тогтоодог газар биш. Зах зээлийн эдийн засаг нь цэвэр тунгалаг, зөв шударга ажиллаж байгаа эсэхийг нягталж, алдааг нь засах зохицуулалттай. Зах зээл өөрөө эрэлт, нийлүүлэлтэд тогтдог. 1990 онд сонгосон нийгмийн бүтэц нь тийм. 

-Эрэлт хаана үүснэ нийлүүлэлт тийшээ явна?

-Хамгийн гол нь, эрэлтийг өндөр болгоод нийлүүлэлтэд картел маягийн юм үүсгэдэг, нэг нөхөр давамгай байдлаараа дамжуулж хүчээр базаж, ханшийг өндөр болгох замаар дундаас нь марж, ашиг хийдэг байж болохгүй. Хэрвээ тийм бол байвал нийлүүлэлтийг задлах ёстой. Бусдынхаа зах зээлд орох боломжийг хаачихсан байвал задалж, болиулах үүрэгтэй. Зарим Төрийн байгууллагаас янз бүрийн шийдвэр гаргаснаар зах зээлийн сегментийг хаах, шинэ тоглогч орж ирэх орон зайг нь хумьж болно. 

Хэрвээ тийм асуудал үүсвэл тэр даруйд нь албан даалгавар хүргүүлж, цуцлах хүртэл нь ажиллах ёстой юм. Тэгж байж зах зээл нь өөрөө эрүүлжинэ. Хувийн хэвшил дээр дөрөөлсөн эдийн засгийн хөгжилд ч чухал.

-Ганцхан жишээ дурдахад Танай өмнөх удирдлагын үед үүссэн асуудлын талаар тодруулъя. IPTV үйлчилгээ эрхлэгчидтэй холбоотой торгуулийн асуудал яригдсаныг Та санаж байгаа байх. Үндэслэл нь орон сууц болон гэр хороололд IPTV үйлчилгээг нэвтрүүлэх өртөг нь өөр байгаа тухай. Уг нь орон сууцны айл болон гэр хорооллын өрхөд IPTV үйлчилгээг нэвтрүүлэхэд өртгийн хувьд ялгаатай. Тэнд дэд бүтцийн асуудал хөндөгдөнө. Ийм байхад ялгаатай өртгөөр үйлчилгээ үзүүлж байна гэх нь хэтэрхий өрөөсгөл биш үү?

-Наад асуудалтай чинь яалт ч үгүй санал нэг байна аа. 

-Ер нь аливаа нэгэн компанийн үйлчилгээ тухайн иргэнд таалагдахгүй болохоор Танайд гомдол гаргадаг. Тэр бүгдэд нь шалгалт оруулж, торгууль ногдуулах нь ШӨХТГ-ын үндсэн үүрэг мөн юм уу? Уг нь зах зээл нь байгаад тэнд нийлүүлэлт хийж байгаа компаниуд гэж байгаа шүү дээ. Эрэлт байгаа цагт нийлүүлэлт байж л таарна?

-Манайд ойлгомжгүй болчихоод байгаа нэг зүйл нь үнэ тарифын асуудал нь Харилцаа холбооны зохицуулах хороонд харьяалагддаг. Шийдвэр гаргах түвшинд зөрчил үүсдэг шалтгаан энэ. Цэвэр эдийн засгийн агуулгаас харах нь манай үүрэг. Шаардлага тавьж болно. Нөгөө талдаа үнэ тариф зохицуулах, тусгай зөвшөөрөл олгох эрхийг хуулиар аль 2015 онд салгачихсан юм билээ. Бусад зохицуулалттай салбарт ч тийм.

-Танай агентлаг байгаагийн үндсэн шалтгаан Өрсөлдөөний тухай хуулийг хангуулах. Бодлого тодорхойлж байгаа хүний хувьд хуультайгаа хэр уншиж, танилцсан байдаг юм. Хуулийн хэрэгжилт нь өөрөө манайд хэр бодитой байдаг юм?

-Хуулийн хэрэгжилтийн хүрээнд манай агентлагийн цар хүрээ нь үлэмж их юм билээ, уг нь. Эдийн засгийн агуулга талаас нь харсан хууль. Энэ хүрээнд манайд хүний нөөц нь байх ёстой. Хоёрдугаарт, ажиллах арга барил нь эдийн засаг тал руугаа харах ёстой юм. Судлаад үзэхээр онолын түвшинд маргахаар асуудал ч гарч ирж байна. Тодорхой жишээнд үндэслэхээр олон зүйлийг бодох ёстой. 

АНУ, Германд тэгдэг гэж сохороор харах биш Монгол Улсын хөгжлийн түвшингөө харах учиртай. Зах зээлийн онцлогоо харж байж практикал шийдвэр гаргах ёстой юм билээ. Ингээд ярихаар яалт ч үгүй хүний нөөцийн асуудлыг хөндөж таарна.

-Таны байр сууриас харахад Н.Мандуул гэдэг хүн ШӨХТГ-ын даргаар ажиллах цаг хугацаанд энэхүү агентлаг эдийн засгийн суурь ойлголт руу илүү чиглэх юм байна. Ерөөсөө л чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох тал руугаа явах юм байна. Түүнээс шалгалт хийдэг, тэгээд торгууль ногдуулж, түүнийгээ зарлахаас энэ байгууллага аль болох татгалзах нь. Ерөнхий сайд өөрөө ч хэлсэн байгаа шүү дээ. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, хясан боогдуулахгүй. Аль болох дэмжих талаас нь ажиллана аа гэж?

-Миний хувьд хувийн хэвшил, бизнесийн байгууллагынхандаа уриалмаар байгаа юм. Өрсөлдөөнийг хясан боогдуулсан Төрийн шийдвэр байвал манайд мэдэгдээрэй гэж. Тэр тохиолдолд цэвэр эдийн засгийн утгаар харна. Төрийн шийдвэр өөрөө захиргааны шинж чанартай явдаг. Процессын асуудал нь явж байгаад л тас гээд шийдвэр нь гардаг. 

Уг нь тэр бүгдэд “тоормоз” татах нь бидний, манай байгууллагын үүрэг. Наадах чинь хувийн хэвшилд хэтэрхий халтай байна аа, болохгүй шүү гэх ёстой юм. Зарчмын хувьд ийм байна, тэгэхээр наадахаа хүчингүй болго гэсэн асуудлыг хөндөж байх учиртай юм. Нөгөө талдаа Төрийн ямар ч оролцоогүй байхад дүрэмгүй зодооноор томорсон хэсэг байна. Тэгчихээд давуу байдлаа ашиглаж жижгүүдээ нугаслаж болохгүй. Энэ маань эргээд зах зээлийн гажуудал үүсгэнэ. Тэрэнд хяналт тавих бидний үүрэг. Төрийн “тоормоз”-ыг татаж байгаа шиг хэт томорсон аж ахуйн нэгжид хяналт, шаардлагаа тавина. Зөрчлийг арилгуулна. Хэт монополийг задлах, орон зайг нь бусдад нь хуваарилуулж, шүүхээр шийдүүлэх нь ч бидний үүрэг. 

-Гэж ярихаар олон жишээ дурдаж болохоор байна. Наад зах нь толгой компани нь банктай, үйлдвэртэй, сүлжээ дэлгүүр, хоолны газартай. Бүр сүүлдээ хорхог, боодог руу хүртэл орж байгаа нь зах зээлийн чөлөөт өрсөлдөөний боомилох, охин компаниудаараа дамжуулж бусдаас давуу бүр монополь байдлыг үүсгэдэг хэлбэр мөн биз дээ?

-Иймэрхүү том хэмжээний судалгааг нэлээд үндэслэлтэй хийх ёстой. Эдийн засагч хүний хувьд харах агуулга байна. Зөвхөн нэг зах зээлийг онилоод тэр нь давамгай байдалтай байна уу? гэдгийг харах биш өөр, өөр зах зээлд, тэгэхдээ уг холбоосоороо тухайн этгээдийг давамгай байдалд аваачсан байгаа эсэхийг судлах хэрэгтэй. Ганц групп компанийг онилж байгаадаа биш. Суурь утгаар нь харвал тийм. Нэлээд хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажил.

Улсын Их Дэлгүүрээр жишээ татахад олон асуудал хөндөгддөг. Хувьцаат компани мөртлөө менежментийн ихэнх хувийг нь эзэмшчихээд зардлаа өгсөх байдлаар өөрийнхөө хамаарал бүхий хуулийн этгээд рүү ашгаа сордог, хувьцаа эзэмшигчдэдээ ашиг тараадаг нь түгээмэл байна. Яваандаа тийшээ орно. Тэгэхийн тулд эдийн засгийн цар хүрээ, агуулгатай харж байж, онолын хувьд зөв үндэслэл тавих нь чухал.

-Зөвхөн цементийн нийлүүлэлт дээр ярихад “Хөтөл” гээд дотоодын томоохон нийлүүлэгч үйлдвэр нь Төрийн мэдэлд байна. Хууль бусаар хувьчилсан нь нэг асуудал. Гол нь Төр өөрөө хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх, зах зээлийн өртгөөс доогуур үнэлгээгээр монополь тогтоох үндэслэл тэнд үүсэхгүй гэх баталгаа өнөөдөртөө алга... Шийдвэр гаргах талаасаа Төрөөс дэмжлэгтэй гэх мэтээр?

-Тэгж бол болохгүй. 

-Өрсөлдөөнийг зохицуулдаг гол агентлагийн даргын хувьд тэнд монополь үүсгэхгүйгээр Төрийн шийдвэрийг хазаарлах нь Таны үндсэн үүрэг гэж хэлэх гээд байгаа юм?

-Хөгжлийн банканд байхдаа Л.Наранбаатар захиралтай ажил хэргийн шугамаар олон уулзсан. Гол санаа нь төрд буцааж авсандаа ч биш юм. Хувьчлал нь хууль бус байсныг хүчингүй болгох замаар Төр нь буцааж авсан асуудал. Цаашдын зорилго нь IPO хийж, хувьд шижлүүлэх болов уу. Тэгэхийн тулд өр ширний асуудлаа эхлээд шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Тэрийгээ цэгцлэхгүйгээр өртэй компанид хэн ч хөрөнгө оруулж, авахгүй. Төрийн өөрийн үүрэг нь эхлээд юмаа цэгцлэх асуудал тэнд бий гэсэн үг. Ямар ч бизнесийн зарчим нь тийм. Өр төлбөрийн асуудлаас эхлээд компанийн чадамжийг нь харна. Үүнийг тооцохгүйгээр авлаа гэхэд шүүх дээр очоод унавал эсрэгээрээ өр төлбөрт орно. 

-“Хөтөл”-ийн асуудал тийм юм байж. Та “Эмийн мафи”-тай тэмцэнэ гэж мэдэгдсэн байна лээ? Энэхүү нэршилд яг ямар төлөөлөл нь багтаж байгаа юм. Яг хэнийг хэлээд байгаа юм. Эсвэл бас нэг бодож олсон нэршил үү?

-Намайг даргаар ирэхээс өмнө Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хамтарсан шалгалт хийж, хэд хэдэн дүгнэлт гаргасан юм билээ. Түүнд нь ШӨХТГ голлож ажилласан. Эмийн бизнес нь өөрөө гурван төрөл байна. Нэгдүгээрт, эм үйлдвэрлэгч компани. Нөгөө талд нь импортлогч буюу ханган нийлүүлэгч. Гурав дахь нь жижиглэнгээр иргэдэд зардаг эмийн сангууд. 

Уг асуудлаар судалгаа хийгээд үзэхээр эм ханган нийлүүлэгч хэсэг нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлж болохгүй гэсэн хуулийн заалттай. Гэтэл өөр хоорондоо харилцаа хамаарал бүхий этгээдүүд байж таарах гээд байгаа юм. Тусгай зөвшөөрөл олгох статустай агентлаг нь аль алинд эрх өгөөд яваад байна гэсэн үг. Үүнийг ашиг сонирхол гэж үзэх үү? Цааш явахаар гаднаас бөөнөөр нь эм импортлох замаар жижиглэнгийн худалдаагаа удирдаад байвал үнэ тарифыг яаж ч хөдөлгөх эрх нь нээлттэй болно. Үнэ тарифын асуудалд хариуцсан агентлаг нь хяналт тавьдаг байх. Гол нь түүнийгээ үнэхээр тавьж чадаж байна уу?

Яагаад эмийн тариф сүүлийн үед өсөөд байгаа юм. Хөнгөлттэй эмийн жагсаалт гэж байна. Зарим нь яагаад ороод, бусад нь ордоггүй юм. Уг нь ижил төрлийн үйлчилгээтэй эм, хэрэгсэл. Тэгэхээр үүнийг дагасан олон асуулт гарч ирнэ. ШӨХТГ-аас судалгаа эхлүүлээд явж байна. 

Лав хариуцсан агентлаг нь холбогдох мэдээллээ гаргаж өгөхгүй сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Ямар ч байсан албан шаардлага хүргүүлчихээд сууж байна. Холбогдох мэдээллийг авсны дараа тусгай зөвшөөрөл давхардуулж олгосон асуудлыг тодорхойлж, шаардлага хүргүүлнэ. 

Эмийн үнэ өслөө л гээд яриад байдаг. Шаардлагатай арга хэмжээ авсан нь үгүй. Эм гэдэг чинь өвчин зовлонтой хэсэг нь ямар ч сонголтгүй авдаг асуудал.

-Хатуухан хэлэхэд амь тулсан үед сонголтгүй авдаг чухал хэрэгцээ нь эм...?

-Өөр сонголт байдаггүй. Эмчийн бичсэн жорын дагуу эмийн санд очдог. 10 биш хоёрхон сонголттой. Тэнд үнэ ямар байхаас үл хамаарч авахаас өөр сонголтгүй. Маш эзмэг салбар. Хоёрдугаарт, чанарын тухай. Импортоор оруулж ирж байгаа бүх эмийн асуудалд лабораторийн шинжилгээ хийж чадаж байна уу? зэргээр олон асуулт байна. 

-Зах зээлийн зарчим, агуулга нь чөлөөт байгаа мөртлөө тэнд нь шударга өрсөлдөөн явж байгаа эсэхэд шударга зарчим үйлчилж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийе гэхээр мэдээллээ гаргаж өгдөггүй байдал газар авчээ гэж ойлголоо, зөв үү. Уг нь бүх эрх үүрэг нь хуулиараа Танайд байдаг юм байна шүү дээ?

-Байгаа, байгаа. Гэхдээ үнэ тарифад хяналт тавих эрхгүй. Шалгалт оруулсны хүчинд тодорхой зөрчлийг нь гаргаж тавина. Холбогдох шаардлагаа тавина. Тэгэхийн тулд хугацаа ир ордог талтай. Хариуцсан агентлаг хооронд үл ойлголцол үүсдэг. Танайд хамаагүй гээд халгаахгүй. Банкны салбарт шалгалт оруулах гэхээр Төв банктайгаа харьцана гэх зэргээр.

-Уг нь үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол яагаад үүсэв гэдгийг олж тогтоох, оношийг илрүүлэх нь Танай байгууллагын үүрэг байх?

-Тийм ээ. 

-Монополь гэж үзсэн хувийн хэвшил, аж ахуйн нэгжийг онилж аваад ШӨХТГ-ын дарга гэсэн статус дор хувь улстөрчийн хандлага, үзэмжээр цаашдаа энэ газрын үйл ажиллагаа явахгүй юм байна гэж ойлголоо. Өөрсдөд нь олгосон хуулийн эрх үүрэг, хамрах хүрээгээр хязгаарлагдах юм байна?

-Бусад хөгжилтэй улс орны жишээг харахаар Шударга худалдааны хороо гэж нэрлэдэг юм билээ. Том бүтэцтэй. Зах зээлийнхээ дүрмийг сахиулдаг. Том дүнтэй тавьсан торгууль нь шүүхэд очиход шийдвэрт нь хүндэтгэлтэй ханддаг байх жишээтэй. Алдартай нэг кэйс байна. 

1900 онд байх аа. АНУ-ын төмөр замтай холбоотой монополийг задалсан байдаг. Уг нь зах зээлийнх нь талаас бодож шийдвэр гаргах хэрэгтэй юм билээ. Төмөр замын хувьд хаана нь зүй ёсны монополь байх ёстой юм. Хаана нь өрсөлдөөн байх ёстой вэ? гэдгээ тодорхойлох нь чухал. Миний ойлголтоор төмөр зам нь өөрөө зүй ёсны монополь. Түүн дээгүүр хийх тээвэр нь өрсөлдөөнтэй байвал илүү чөлөөт зах зээл рүү шилжинэ. Зүй ёсны монополь болсон тохиолдолд үнэ тарифын асуудалд Төрийн зүгээс хяналтаа тавиад харилцан зөвлөмж өгөөд явах нь зүйд нийцнэ гэсэн үг. Салбар бүрийн өөрийн онцлогыг харах ёстой гэсэн үг. 

-Ямар ч байсан эдийн засаг, тэр дундаа зах зээлийн чөлөөт өрсөлдөөн тал руугаа энэ байгууллагын үйл ажиллагаа чиглэж, бодлого тодорхойлогдох юм байна?

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах функц гэж манайд бий. Өдөртөө 30-40 гомдол хүлээж авдаг. Манайх шиг жижиг бүтэцтэй байгууллагын хамаг цаг, энергийг авдаг бүтэц маягийн. Тэгэхээр одоогийнхоос илүү олон улсын жишиг рүү нь шилжүүлэхийн тулд ТББ-тай хамтрах шаардлагатай. Хэрэглэгчээс ирсэн гомдлыг ТББ нь хүлээж авч, шийдвэрлэдэг. Бусдаар зөрлчийн хэрэг шийдэх асуудлыг агентлаг өөрөө шийддэг байдлаар явах төлөвлөгөө байна. 

-Дарга нь ганцаараа тодроод байдаг болохоос ШӨХТГ-ын хүний нөөцийн бодлого, чадавх нь ямар байдаг вэ. Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс тоо мэддэг, ойлгодог хүн ажиллах ёстой ч юм шиг?

-Тийм ээ, нэмээд хуульч байх ёстой. Бусад агентлаг шиг Төрийн албан хаагчийн статусаар явдаг. Мэдээж олон жил ажиллаад туршлагатай хүмүүс байна. Миний хийх байгаа нь агентлагийнхаа институцийн тогтолцоо, ажилладаг арга барилыг сууриар нь өөрчлөх санаа байна. Өмнөхөөс нь арай өөрөөр, гэхдээ илүү чадавхид суурилсан байдлаар.

-Ярилцсанд баярлалаа.

UZEG.INFO