Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Дорноговь аймагт ажиллажээ. Тус бүс нутагт орших "Зөөвч-Овоо", "Дулаан-Уул"-ын орчимд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Орано” компанийн үйл ажиллагаатай танилцсан нь энэ. Хуучнаар “Арева” нэрээр олон нийтийн ой тоонд хоногшсон Францын хөрөнгө оруулалттай компанийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг эл нутагт 1997 оноос хайгуулын ажлыг эхлүүлж, өдгөө дотоод зохион байгуулалт, хувь нийлүүлэгчдийн шийдвэрээр өрх тусгаарлаж, “Орано” нэртэйгээр хайгуулын ажлаа үргэлжлүүлж байгаа юм. Зорилго нь тодорхой. Олон жил дуншиж, олон Засгийн газар, УИХ-ын бүрэн эрх, олон ч сонгуулийн цикл тойрсон уран тойрсон асуудлыг экспортын түвшинд аваачих гэрээ, хэлцлийг Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор зөвшөөрөх эсэх тухай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Францын Төрийн тэргүүн Э.Макрон манайд түүхэн айлчлал хийж, тодорхой тохиролцоонд хүрээд буцсан нь саяхан.

АНУ, Япон, Их Британи, Герман, Франц, Итали, Канад улсуудаас гадна Европын Холбоо багтдаг "Их Долоо"-гийн нэгдлийн ээлжит уулзалт өрнөсөн Хирошимагаас шууд Монголд газардсан Э.Макрон манайд хийсэн анхны бөгөөд түүхэн айлчлалынхаа үеэр тодорхой хэдэн мессежийг өгчихөөд буцсан. Нэн тэргүүнд Монгол Улс нүүрсний хэрэглээгээ аажмаар багасгаж, эрчим хүчний эх шинэ үүсвэрийг бий болгох чиглэлд хамтрах, энэ салбарын хараат байдлаас гарахад нь туслахаа мэдэгдсэн нь Оюу толгойгоос хойш “Гуравдагч хөрш”-ийн оролцоотой хөрөнгө оруулалтын нэн шинэхэн мессеж, бас агуулга байв. 

Бэсрэгхэн түүх сөхөхөд 1997-1998 онд Францын "Арева" компани Төвийн Азийн хоёр улсад төсөл хэрэгжүүлсний нэг нь Монгол. Нөгөөх нь Казахстан. Өнөөдөр Казахстан ураны нөөц бүхий өөрсдөд олдсон боломж, барьцаа ахиулж ирсний бодит жишээ нь цөмийн эрчим хүчний салбарт томоохон тоглогч болж, дэлхийн “ТОП-5”-ын энд хүрчээ. Харин хоёр толгойтой тугал гэх хоржин эсэргүүцэл, хардлага бүхий нийт гэхээсээ нэгжээд монголчуудын сэтгэхүй нь хашаан дотроосоо гарах боломжийг хазаарласаар хэдийнэ хэдэн аравныг үдсэнээр өнөөг хүрэв. Гагцхүү хүссэн ч, эс хүссэн ч Монгол Улс ураны олборлолт, түүгээр дамжсан экспортыг эхлүүлж, цөмийн эрчим хүчний технологийг дотооддоо нэвтрүүлэхгүйгээр, түүнд хүрэхгүйгээр одоогийн нөхцөл байдлаар хол явахгүй гэдгийг гүйцэтгэх засаглал нь хүлээн зөвшөөрсний баталгаа нь Хуулийн сайд Х.Нямбаатар “Орано” компанийн үйл ажиллагаатай танилцсанаар баталгаажав.

Францын Ерөнхийлөгч Э.Макроны айлчлалын үеэр тохиролцсон хоёр улсын Төрийн тэргүүний хамтарсан тунхаглал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын албан уулзалтаар тодорсон албан ярианы хэрэгжилтийг хангах нэн тэргүүний зорилт нь Х.Нямбаатар сайд "Бадрах Энержи" компанийн "Зөөвч-Очоо" төслийн хөрөнгө оруулалт хөрсөн дээр хэрхэн бууж буйтай танилцсанаар ийн гэрэл цохилоо. Тодорхой дурдвал "Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал"-ын 12 дугаар зүйлд ..."Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Бадрах Энержи ХХК”-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслөөр яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар байгуулах чиглэлээр ажиллана. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллана" гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэгт Сангийн болон БОАЖ-ын сайд тэргүүтэй Засгийн газрын хэд хэдэн гишүүн багтсан өргөн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан аж. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын экспортод жин дарж ирсэн нүүрс, зэстэй эн зэрэгцэх хэмжээний ашиг малтмал болох уран хэмээх нэн эртний "эчнээ танил"-тайгаа Монгол Улс эврэлэх гарц нь Францын Ерөнхийлөгчийн айлчлалын дараагаас баталгаажсан нь энэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ч Францын Төрийн тэргүүнд бараалхаж, эрчим хүчний хангамж, эдийн засгийн экспорт, хөрөнгө оруулалтын асуудал бол бусад улс орнуудаас туйлын өвөрмөц гэдгийг анхааралдаа авахыг хүссэн удаатай. Ямар ч байсан Монгол Улсын эдийн засагт гуравдагч орны хөрөнгө оруулалт нэн чухалд тооцогдож эхэлсэн энэ цаг үед Засгийн газраас “Орано" компанитай "Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсэг"-ийг байгуулж, тэр дагуу "Зөөвч-Овоо", "Дулаан-Уул"-ын уран олборлох уурхайн талбайд ажилласан нь бас нэгэн хаалгыг нээх нь.

Ажлын хэсгээс өгч буй албан ёсны мэдээллээр ураны ордод хийж буй хөрөнгө оруулалтын хүрээнд үйлдвэрийг ашиглалтад оруулснаар эхний жилд 750 тн, таван жилийн дараа жилд 2500 тн нунтаг олборлохоор төлөвлөжээ. Үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил хэдийнэ эхэлсэн учраас хэзээ ашиглалтад оруулах нь цаг хугацааны асуудал юм. Үндсэндээ Монголын Засгийн газар, Францын "Орано" компани хоорондын "Хөрөнгө оруулалтын гэрээ" хэдий хугацаанд тохиролцоонд хүрч албажина, төдий чинээ Монгол Улс уран экспортлох хугацаа наашилна гэсэн үг. Онцлоход цөмийн эрчим хүчний боловсруулалтаас ялгарсан хаягдлыг экпортлогч биш импортлогч орон бүрэн хариуцах учраас Монголд булшлах тухай ойлголт байхгүй. 

Нэг үгээр, Хуулийн сайдаар ахлуулсан Ажлын хэсгээс хөрөнгө оруулагч талтай харилцан уулзалт хийж, тохиролцсоны хүрээнд "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г боловсруулж, парламентад танилцуулснаар эцсийн шийдвэрийг тэндээс баталгаажуулж, зөвшөөрөл олгох юм. "Орано" компанийн тухайд "Дулаан-Уул" ордыг 2006 онд, харин "Зөөвч-Овоо"-г 2010 онд нээн илрүүлж илрүүлсэн байдаг. Энэ хүрээнд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хайгуулын нөөцөө баталгаажуулах ажлыг голчилж, туршилтын олборлолтоо эхлүүлэхэд бэлэн болжээ. Ингэхийн тулд "Хөрөнгө оруулалтын гэрээ"-нд тулгуурласан Засгийн газрын тусгай зөвшөөрөл хэрэгтэй. Тэр тохиолдолд жилдээ наанадаж 2500 тн шар нунтаг олборлох боломжтой. 

Лав уран олборлох нь асар хор хөнөөлтэй, малчин монголчуудын ахуй амьдралд урхагтай гэх олон жилийн ярианд "Эцсийн бүтээгдэхүүн гарч байгаа дамжлагыг харлаа, шар нунтгийг нь барьж үзлээ. Би шинжлэх ухаан, хамгийн нарийн мэргэжлийн багжинд итгэнэ. Энэ ажлыг гардан хийж, үйлдвэрт нь олон жил байгаа хүмүүс эрүүл саруул байна. Хор хөнөөл багатайг нь нарийн хэмждэг багжаар хэмжиж, нүдээрээ харлаа. Хоёрт, үйлдвэрлэл, уурхайн олборлолт нь бидний төсөөлснөөс өөр орчин байна. Нүсэр биш цомхон орчинд явагдах юм байна. Гэхдээ бид мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонсоно. Цаашид энэ үйлдвэрлэл манай улсад хэрэгтэй юу, уул уурхайн салбарт хөгжил авчрах уу, нийт эдийн засаг болоод бусад салбарт ямар үр дүн үзүүлэх вэ гэдгийг нэлээд өргөн хүрээнд ярьж, зөв мэдээллээр хангаж ажиллана. Цөмийн энергийн газар болон мэргэжилтнүүдийн саналыг сонсоно" гэдгийг Хуулийн сайд Х.Нямбаатар онцолжээ. 

Үргэлжлүүлэн "Засгийн газар нэг л зарчим баримтална. Тэр нь харилцан ашигтай байх зарчим. 2009 онд Оюу Толгой төслийн "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулахдаа алдаа, оноо гаргасан. Үүнийг одоо ч бүх шатандаа зөвшөөрдөг. Ураны төсөл нь Монгол Улсын хувьд "Гуравдагч хөрш"-ийн компанитай хийх томоохон "Хөрөнгө оруулалтын гэрээ"-нд тооцогдоно. Тиймээс Оюу Толгойд гаргасан алдаагаа давтахгүй, тийм эрх ч байхгүй. Харилцан ашигтай байх ёстой. Цаашлаад бүс нутагтаа, энэ салбартаа тэргүүлэгч тоглогч байх амбийцтайгаар Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар ажиллаж байна" гэжээ.

Ямар ч байсан гэрээ үзэглэсэн тохиолдолд олборлолт эхлүүлэхээс өмнө 450 сая ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засагт шилжих аж. Нийт олборлолтын хугацаанд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх урьдчилсан тооцоололтой. Оюу Толгой төслийн дэргэд уг хөрөнгө оруулалт нь бага мэт боловч эрчим хүчний салбарт үзүүлэх нөлөө нь үлэмж гэдгийг энд тодотгох нь зүйн хэрэг. Ганцхан портер машинд ачаад аваад явах хэмжээний бага оврын цөмийн реактораар 4-5 сая хүн амын эрчим хүчний хэрэгцээг дөмөгхөн хангах боломж нь энэ төсөл рүү шуурах, ойрын хугацаанд эхлүүлэх бодит шалтгаан. Хумсны толион чинээ уранаар хэдэн арван вагон нүүрс шатаасантай тэнцэх эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолж, дэлхийн чиг хандлага тийш зүглэж байхад Монгол Улс тойрох биш дайрах л хэрэгтэй. Хангалттай нөөц нь байна уу, байна. Бэлээхэн хөрөнгө оруулагч нь байна уу, бас л байна. 

Хирошимагаас шууд Улаанбаатарт ирсэн Францын Ерөнхийлөгчийн айлчлалын дараагаас дэлхийн томоохон хэвлэлийн агентлагууд "Монголын нүүрсний хараат байдлыг бууруулаад зогсохгүй Франц өөрийн реакторуудыг чухал түлшээр хангах боломжтой болгоно" хэмээн дүгнэж эхэлсэн нь зүгээр ч нэг таамаг биш. Эсрэгээрээ Монгол Улсын нүүрс, зэсээс гадна ураны олборлолтоор дэлхийд гарах хангалттай боломж бийг дүгнэсэн бодит үндэслэл. Бүрэн зураглаараа дэлхийн эрчим хүчний чиг хандлагыг атомын цахилгаан станц, түүнд шаардлагатай уран тодорхойлох болсон нь бидэнд шинэ хаалга нээгээд зогсохгүй, эрчим хүчний зовлонгоосоо ангижрах боломжийг олгох түүхэн цаг үедээ тулж ирсний дохио. 

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ч Монголын Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийг ирэх аравдугаар сард өөрийн улсдаа айлчлах урилга үлдээгээд буцсан нь учиртай. Ерөөс хоёр улсын тунхаглал, тэр дагуу Засгийн газрынх нь түвшинд хэрхэн ажил хэрэг болгосныг, үндсэндээ монголчууд ярьсан, тохирсноо яаж биелүүлдгийг тандах, магадгүй дүн тавих "гэрийн даалгавар"-ын үнэлгээ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Францад хийх албан ёсны айлчлалаар баталгаажина гэсэн үг. Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эрчим хүчний сэргэлт"-ийн бодлого хөрсөн дээр хэрхэн буух нь ураны олборлолтыг эхлүүлэх эсэх "Хөрөнгө оруулалтын гэрээ" боловсруулах чиг үүрэгтэй Хуулийн сайд Х.Нямбаатарын ахалсан Ажлын хэсгийн үр дүнгээс хамаарах нь. Ядаж л ганц портерийн ачаанд багтах хэмжээний жижигхэн цөмийн реактортой болчихоод Монгол Улсаа бүхэлд нь эрчим хүчээр хангаад сууж байх нь бидэнд л хэрэгтэй. Гэр хорооллын айл өрхүүд нь нүүрс, шахмал түлш хэрэглэхгүйгээр эрчим хүч, дулааны асуудлаа шийдвэрлэх нь Улаанбаатарчуудын уушгинд ч дэмтэй л юм.

UZEG.INFO