Монголд үлдсэн өв – 70:27
70:27 гэдэг нь 70 жил, түүнээс хойшхи 27 жил гэсэн ухаантай.
70:27 гэдэг нь 70 жил, түүнээс хойшхи 27 жил гэсэн ухаантай. 1921 оны Ардын хувьсгалаас хойш 1991 онд СССР тарж бутрах хүртлэх социалист Монголын 70 жил; Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойшхи 27-28 жилийн Ардчилсан нээлттэй Монголыг тус тус нэг үе болгон харьцуулалт, харшуулалт хийсэн тайлбар маягаар эл өгүүллээ тэрлэлээ.
Гол нь үлдсэн ба үлдээсэн өвийг нь авч ярих гэсэн хэрэг. Оросууд 1921 онд нэн өрөвдөлтэй Монголыг хүлээн авсан ухааны суртлыг бидний үеийнхэн залхталаа сонссон. Архивт хадгалагдан буй кино дүрс, фото зургаас үзэхэд 1920-1930-аад оны монголчууд гэж дандаа хөх үдээршиг царайтай, нүд шүд нь гялалзсан, түнтгэр хар юмнууд харагддаг даа. Түүнтэй өнөөгийн монголчуудаа харьцуулж би хэлж байна.
1921 оноос тооцоод оросуудын хүчээр дэгжиж дээшилсэн 70 жилийг бүхэлд нь авч үзвэл тэр чигтээ дэвшил байсан гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Орчин цагийн ганц ч сургууль, эмнэлэг, ганц ч үйлдвэр байгаагүй улсыг (ганц ч гээд жагсаавал нэн олон салбар буй) орчин үеийн соёлжиж гэгээрсэн, үйлдвэрлэдэг, бүтээдэг улс орон болгож хувиргасныг нь магтаад бичээд баршгүй ээ.
Энд би арай өөр тайлбар хэлэх гэж байна. Социализм, капитализмын ялгаа зөрүү, сайн мууг бараг бүх насаараа заалгаж мэдсэн хэрнээ адил төстэй талыг нь бид мэддэггүй. Дундчуудад түшсэн нийгэм гэдгээрээ яг адил байдаг. Социализм нь хавтгайд нь тэгшитгээд дундчуудыг хүчээр буй болгодог (жишээ нь манай Монголд) бол капитализм нь дундчуудыг улам ихэсгэх замаар нийгмээ тэгшитгэн, нийтээр нь баяжуулдаг. Ингэж баяжиж ядуурах, дээшлэх доошлох нькапитализмд төдийлөн мэдрэгддэггүй, энэ нь савалдаг үйл явц биш юм. Харин Монгол мэтийн өнөөгийн шилжилтийн орнуудад яс маханд тултал мэдрэгдэж буй. Тэгээд энэ шилжилт нь Монголд дуусашгүй мэт сунжирна.
Түүхийг хялбаршуулан тайлбарлая. 1921-1950-иад оны Монгол бол үндсэндээ нүүдэлчин төрхөө хадгалж байсан тул энд би дэлгэрүүлэх гэхгүй. Энэ 30 жилд мэдэгдэм дэвшил гараагүй. Их хэлмэгдүүлэлт гээд ярьвал харин ч алдсан нь их. 1947 онд Монголд бэр болон ирсэн А.И. Филатова хатагтайн эхний сэтгэгдлээс эшлэе.
“Цэдэнбал, Филатова хоёр: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” номоос: “Хоёр 7 хоног би Цэдэнбалд хариу өгөхгүй эргэлзэж тээнэгэлзэж явлаа. Өөр улс оронд, тэгээд бүр Монголд очно гэдэг ч… тэнд заваан, яр тэмбүүтэй, аймшигтай гэжулс амьтан яриад л”. Монголын тухай А.И.Филатова хатагтайн анхны төсөөлөл нь энэ. Цаашаа: “Цонхных нь эсрэг талд хашааны ёроолд гуйлгачин, тахир дутуу, хэсүүлчид хөдөлгөөнгүй зогсоцгооно. Хааяа нүдээ арчин гар нь хөдөлж харагддаггүйсэн бол тэднийг олон баримлын цогцолбор гэж бодмоор. Хар үстэй эмэгтэйчүүд хүүхдээ хөхүүлж харагдана. Өдөржингөө хахирган дуугаар харийн хэлээр хашгиралдах. Монголчуудын ахуй байдал зэрлэг бүдүүлэг биш юм аа гэхэд этгээд хачирхалтай санагдаж байв. Бас ч үгүй дээгүүр албан тушаалтай явсан, соёлтой бүсгүй би Азийн хамгийн хоцрогдсон оронд ирсэн байлаа”, “Тэд хүн амьтнаас огт зоволгүй хаа тааралдсан газраа бие засахаар явган сууж, тэгээд сууж байхдаа хажуугаар нь өнгөрч яваа хүнтэй хэд гурван үг сольж байгаа үзэгдэнэ. Хүмүүс яг адуу, тэмээ, үхэр ичиж зовдоггүй нэгэн адил ичиж зовдоггүй ажээ. Тэнгэр минь, Настя чи хаашаа хүрч ирэх нь энэ вэ? Настягийн өмнө харийн, ойлгомжгүй нэгэн хэмийн амьдралын тухай кино эцэс төгсгөлгүй гарч байв” гэжээ. Бараг л харь гариг дээр А.И.Филатова буусан маягийн, нүдэнд нь заримдаа инээдэмтэй, заримдаа бүдүүлэг дүр зураг ээлжлээд үзэгдээд байсан юм шигээр тэр номд бичсэн байх юм.
Тэгэхлээр 1921 оноос хойш дэвшил гараагүй явсаар 1940-өөд оныг дуусгасан байгаа биз? Одоо миний бичих нэгэн үе бол энэ 70 жилийн алтан, оргил үеийн эхлэл нь. 1950-иад он бол Монголын социализмын байгуулалтын нэг үе шат, харин монголчууд болиргэншин хотжиж эхэлсэн түүхэн үе шатны яг эхлэл нь.Чухам тэр үед л нийтээрээ бөөснөөсөө салж, “Соёлын довтолгоо”-ноор анх удаа ор дэрний цагаан даавуунд унтаж, саван сойз хэрэглэж сурч, халуун усанд орохын ид шидийг амссан нь нууц биш ээ.
Биет жишээ нь би ба бидний үеийнхэн бэлээхэн байж байна. Мах-гурил-давс монголчуудын ганцхан хоол байсныг тэр үед халж, анх удаа хүнсний ногоо төмс, жимс жимсгэнэ нийтээрээ амсаж эхэлжээ.Гуйлгачин тэнүүлчин төрхөө гээж эхэлсэн энэ үеийг социализмын алтан үе гэх нь хаашаа юм, ерөөсөө аль 1950-иад он руу ухарч мөрөөдөх нь утгагүй. Гэхдээ л нуль дэвшил байсан. Хүүхэд, залуу, идэр насандаа түүнээс нь бид амсацгаасан бүхэл бүтэн шинэ, азтайүеийнхэн нь юм.
1960-аад онд би яг ухаан сууж юмны цаад наадхийг ялгаж байх үед нийслэлд маань орон сууцны анхны хорооллууд бий болж, монголчууд төрөл арилжиж эхэлсэн гэж үздэг. Хот орж ирсэн хөдөөний хүнд бол анхны сэтгэгдэл нь ямар ч байсан гэгээтэй байсан болов уу. Богдын ногоон орд, Төв музей, Дүрслэх урлагийн музей, “Элдэв-Очир”, “Ард” кино театр, Ленин клуб, дуурь, драмын театр, Хүүхэд залуучуудын төв парк, сүүлхнээр Хувьсгалын музей гээд үзэх үзвэр, сонирхох зүйл тэр үедбий болжээ. Чухам л “Азийн цагаан дагина” хэмээх нандин алдрыг нийслэл маань тэр үед хүртсэнийг үгүйсгэх санаа энд байхгүй.
Ахуй талаас нь нэлээд примитив байдлаар төсөөлж болж байна. Яг бодитой байсанюмыг л би дүрслэнэ. Бидний тэр үеийнхэн өмнөх 10 жилээсээ дээрдсэн, ядаж гар нүүрийнсавангаар үс гэзгээ, эдийн савангаар биеэ угааж хэвшсэн, шампунь үс ангижруулагчийн тухайд дээдсүүдэд ч ойлголт суугаагүй, харин Дорнод Европын ах дүү социалист орнуудаас анх удаа савласан жимс, чанамал, ногоо, салат ирж хүн ардын хоолны илчлэг нэмэгдэн, тэр хэрээр хотын хүүхдүүдийн царай цайж, бие нь өсгөлүүн болж иржээ. Биет жишээ нь мөн л бидний үеийнхэн байна.
Хэрэв бид социализмаа санагалзаж явдаг бол “Социализмын үед үүнээс өөр арга зам байгаагүй” хэмээх ганцхан дүгнэлтийг бид хэлэх гэсэн юм. А.И.Филатовагийн нүднээ буусан тэр харанхуй бүдүүлэг, залхуу дүр зургийг албан хүчээр халахыг зорьсныг би хэлж байна.
Хариуцлагын сахилга гэж нэг лут юм байсан гэж ирээд л манай ахмадууд улиглах дуртай. Дээр үеийн өндөр шаардлага гэдгийг 1980-аад эхээр сэргээж нэг үзсэн. Чойбалсангийн үед юм шиг байгаа юм, хүмүүсийг сүнсгүй айлгаж байснаа тэгээд нэрлэчихэж. “Дээр үеийн өндөр шаардлага” гэдгээр л монголчуудын харанхуй бүдүүлэг, заваан залхаг байдлыг албадаж халсан юм. Шууд хэлчихье. Дээр үеийн өндөр шаардлагын хүчээр л Монгол орон тэр үед хөгжиж дэвжсэн. Социализмын үед монголчууд язганатал хөдөлмөрлөж байсан бол тэр чинь хэдхэн хүчин зүйлээс хамаарч байсан юм. Тэр бол:
- Зөвлөлтийн мэргэжилтний асар их хүч. Үнэндээ бол зөвлөлтүүд монголчуудыг чихдэж чирч ажиллуулж байсан юм. Харин манайхны сурч үлдсэн нь нойл заана. Зөвлөлтүүд орхиод явахад л үндэсний үйлдвэрлэл нь шууд нурсан бэлээхэн жишээ байж байна.
- Нам, эвлэл, НАХЯ-ны маш том дарамтан дор хөдөлмөрлөхөөс өөр арга байгаагүй юм. Чухам тийм дарамтаар буцах мөргүй, гарах гарцгүй болгочихсон юм. Нам, эвлэл, НАХЯ-ны тогтолцоо нураад унахад л манайхан арван цагаан буяныхаа замаар орсон, тэр чигээрээ ардчиллын 28 дахь жилдээ шилжиж байна.
- Одон медаль, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, хүндэт жуухаар гайгүй ховсодсон, харамсалтай нь одоо ч ховсдолт үргэлжилж байгаа.
Ийм л гурван хүчин зүйл монголчуудыг социализмын үед түлхүүрдэж ажиллуулж байв. Нэг үгээр бол асар их үнэ өртгөөр бүтээн байгуулалт маань хөдөлж бүтэж байжээ. Ерөөсөө социализм гэдэг бол зовж зүдэрч, хөлс хүчээ өгч, амь насаа дэнчинд тавьж бүтээдэг, дараа нь түүнийхээ үр шим, аз жаргалыг (одон медаль, алдар цол гэх мэт) амсдаг нийгэм байсан мэт. Тэр сэтгэхүй нь одоо ч арилаагүй яваа монголчууд ардчилал, эрх чөлөө, зах зээлийн нийгэмд зовж зүдэрч шинэ нийгмээ байгуулахаар 28 дахь жилдээ зовж явна. Төр, засгийн толгойд гарч ирсэн болгон нь нуль стресс, ажлаар шавдуулсан, мөнгөний гачлан ярьсан, мөд дэлхий сөнөх гэж байгаа юм шиг адгасан тийм л нөхөд ирдэг, буцдаг, дараагийнх нь ирдэг.
Энд би ажил хийх ёсгүй гэж уриалах гээгүй юм шүү. Хэрэв тэр социализмаа Та санагалзаж байгаа бол монголчууд ид шидтэй, эрэмгий зоригтойдоо социализм байгуулж байсан юм биш. Тоталитари нийгмийн захиргаадалтын дарамтан дор, орос ах нараараа хайр найргүй гуядуулан байж өөдөлж байсан гэж би энгийн үгээр л хэлж байна.
Манай ахмад дипломатч Ц.Гомбосүрэн гуай, миний шавь судлаач Д.Мөнх-Очир бид гурав олон улсын асуудлаар 2007 онд төв ТВ-ээр уригдан харилцан ярилцаж байхад Гомбосүрэн гуай ёжтой атлаа нэг айхтар үг хэлдэг юм. Миний санаанаас ер гардаггүй. Юу гэхлээр монголчууд нэг хэсэгтээ гав дөнгөтэйгээ байхгүй бол болохгүй улс аа гэж.
Тэгэхлээр би нүднээ үл үзэгдэл гав дөнгийг нь дээр гурван хүчин зүйлээр нэрлэчихлээ. Тэр гурвын эхний хоёрыг нураасан үйл явц нь ардчилсан хувьсгал болж таарсан хэмээн олон хүн үздэг бол надад бас тайлбар байнаа.
Үлдээсэн өв гэж ярьвал энэ их ядуурал, мөнгөгүйтэл, агаарын бохирдол, бухимдлыг би нэрлэх гээгүй. “70” нь илүү дээр, “27” нь бүр дор байсан гэх гээгүй. Тэрхүү “70”-ыг хэн нэгэн гадны хорлон сүйтгэгч ирээд нураачихсан юм биш. Ардчилал өөрөө гэнэт хүрээд ирсэн юм биш. Даян дэлхийд коммунизм системийн хувьд дампуурч, ЗХУ-д ардчилал шинэчлэлийн цөн түрж эхлэхэд Монголд ардчилал, ил тод байдал халдварлан орж ирсний үр дагавар нь Цагаан морин жилийн хувьсгал. Эрх чөлөө, шударга ёсоо монголчууд олж авсан нь гол ололт.
Социализмаас татгалзаж, ардчилсан нийгмийг байгуулах болсны үндсэн шалтгаан юу байв? Социалист нийгэм хэдийгээр хөгжсөөр байсан ч эцсийн зорилгодоо хүрч чадалгүй гацаж зогссон байсан. Социализм энерциэрээ л нэг дороо эргэлдээд байснаас бүтээгч, бүтээлч нийгэм байж чадаагүй. Тиймээс ганц Монгол биш, тэр үеийн СССР, Дорнод Европ бүгдээрээ энэ замналаас татгалзсан. Бүр цаашлаад социалист нийгмийн мөн чанар, хувьсгалт хүчирхийлэл, их хэлмэгдүүлэлт, аллага таллага, хувьсгалт завхруулга, тахин шүтлэг гээд түүх ухаад байвал социализмаас татгалзах шалтгаан олдоно уу гэхээс багадахгүй.
Харин дэвшил юу гэвэл, монголчуудыг нүдэнд үл үзэгдэх гинжнээс нь сулласан. Сэтгэж бодсоныхоо төлөө, итгэл үнэмшлийнхээ төлөө ялтан болохгүй байх баталгааг өгсөн. Хувь хүн хөгжиж дэвжих хязгааргүй их боломжийг нээж өгсөн. Өмчийн эрхийг нь баталгаажуулсан. Ертөнцөд хөл тавих эрхийг нь чөлөөтэй тавьж өгсөн. Монгол шиг цөөхүүлээ мөртлөө ийм их нээлттэй, ертөнцөөр чөлөөтэй зугаалж, аялж, ажил бүтээж явдаг үндэстэн бас цөөхөн шүү. Гурван сая хүн дээрээ би авч ярьж байна. Ардчиллын жилүүдэд Ю.Цэдэнбалын үед барьж байгуулаагүй их хотыг босголоо. Мал сүргээ хэзээ ч 25 саяд хүргэж байгаагүй бөгөөд үүнийх нь төлөө малчид, нэгдэлчдийг малынх нь барьцаа болгочихоод байсан нүдэнд үл үзэгдэх боолын хөдөлмөрийг таягдан хаялаа. Одоо мал сүргийн тоо 60 саяас хол даваад байна.
Нийгэм-эдийн засгийн байгуулал, харилцаа огт өөр болсон учраас энэ 27 жилд зарим талаар ухралт байсныг би үгүйсгэх гээгүй. Шинэ нийгэм, шинэ орчин, шинэ шаардлага, энэ олон шинэ зүйлсийг угтаж өөрийгөө шинэчлэх, өөрийгөө бэлтгэх тал дээр алдаж оносон нь бий.
Хуучнаа санагалзах дон одоо ч хэвээрээ байгаа. Цэдэнбалын тостой үе–хоёр идэхгүй, хоосон хонохгүй, нийтээрээ тэгш байсан тэр үеийг ахмад хижээл насныхан, эмзэг ядуу давхарга нэг хэсэгтээ санагалзана. Гэхдээ л бид боолын, барьцааны, ангич нийгмийг задалж чадсан. Бүх хүнд эрх чөлөөг нь олголоо. Албадлагын хөдөлмөрийг халлаа. Одоо эзэн хичээвэл заяа хичээх цаг нь жинхэнээсээ ирлээ. Өргөн сонголт өмнө чинь байна. Сахилга бат алдарсан мэт ярьдаг бол ганц л тайлбар байна.Хуулийн хүрээнд л төлөвших ёстой. Эрх зүйт нийгэм гэдэг маань хуулийн дарангуйлал доорх шударга ёс, өргөн сонголт, зөв хөдөлмөр, хангалуун амьдрал шүү дээ. Тэр нь жигдэртлээ Монголд харин удах байх.
Хоёр иддэггүй, хоосон хонодоггүй хүмүүсээр социализм хахаж байсан бол одоо хэн бүтээсэн, шударгаар хөдөлмөрлөсөн, хэн гэгээрсэн, овсгоотой нь амьдралаа өөд татах бүрэн боломжтой.