60 тэрбумын үргэлжлэл
МАН-ын дотоод тэмцэл дээрээсээ доош яг дарааллын дагуу л явж байна.
МАН-ын дотоод үрэвсэл
МАН-ын дотоод тэмцэл дээрээсээ доош яг дарааллын дагуу л явж байна. У.Хүрэлсүх ЗГ-аа авахад, ИТХ-ын даргыг сольж амжсан билээ. Харин төв намын даргаа авсан хүн хотын намын хороогоо авахгүй бол намдаа цаашид юу ч хийж чадахгүй нь тодорхой. Хотын намын хороо бол МА(Х)Н-д хэзээд хүчирхэг бүлэглэл байж ирсэн, бүр коммунизмын жилүүдэд хотын намын хороон дарга УТТ-ны гишүүн болдог байсан. Тэр ч байтугай ЗГ-ын зориулалтаар барьсан байшинг хотын намын хороо булаагаад авчихсан, яагаав нөгөө шатчихдаг...
Монголд ганцхан том хот бий, шилдэг хот шалгаруулахад ганцхан хоттой учраас шилдэг биш ч шалгарчихаж л байгаа биз? Энд Монголын хүн амын тэн хагас бий, ийм учраас хотын намын хороонд тулгуурласан бүлэглэл хүчирхэг байдаг. Гэхдээ МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд чухам энэ хотын бүлэглэлээс болж ялагдсан, хотод ялагдаад л улс даяар ялагдчихсан. Ялагдсан гол шалтгаан нь “60 тэрбумын хэрэг”!
60 тэрбумын хэрэгтэй хутгалдчихсан хотын намын удирдлага цаашид юу ч хийгээд, яаж ч ажиллаад 2020 онд намаа яг өмнөхийн адил татаж унагах нь тодорхой учраас МАН-ынхан тэднээс тахал туссан аятай ихээхэн сэжиглэж байна. Тиймээс өс хонзон, фракц бүлэглэл, наймаа тендерээс үл хамаарч хотын намын хороог шинэчилж чадаж гэмээ нь МАН 2020 онд нийслэлд ядаж тэнцүүлж чадна, хэрэв шинэчлэхгүй бол хотод үсгүй хусуулна. Хотод унавал улсад унана!
Тиймээс МАН-д яг сепсис аятай газар авч, халууныг нь өсгөж буй дотоод алалцаан бол коммунист маягаар хэлбэл... больё, намын дарга У.Хүрэлсүхийн дуртай хэллэгээр томъёолбол “Үхэх сэхэхийн тэмцэл мөн”. МАН ирэх сонгуульд ялангуяа хотод бол ямар ч найдваргүй болчихоод байгааг судалгаанууд нотлон харуулсаар байхад өөр яах ч билээ.
Буглаа
Өнөөдөр хотын намын хороотой зууралдаад байгаа хүмүүс бол 2016 оны сонгуулийн хамгийн увайгүй будлианыг зохион байгуулсан улс билээ. Тэд бол 60 тэрбумынхан. Төрийн эрхийг хуульд заагаагүй аргаар булаан авсан, төрийн албыг үнэ тохиролцож урьдчилж зарсан гэдэг улаандаа гарсан заваан ажил.
Нэгэн үе “аархаж” явсан энэ “дэд” бүлэглэлтэй 2020 оны сонгуульд орно гэдэг МАН “60 тэрбумын” сөрөг сурталчилгаан дороос өндийхгүй гэсэн үг билээ. Тэр тусмаа ямар ч хариуцлага хүлээхгүй яваад байгаа ердийн гэмт хэрэгтнүүд гэж нийтээрээ үзэж байхад... Үнэндээ шоронд байх улсаар сонгуулиа удирдуулна гэдэг ардчилсан сонгуульд амиа хорлохтой адил.
Ц.Сандуй “хариуцлагаа” хүлээж хотын намын даргын суудлаа өгөх мэдэгдлийг яаран хийснээс энэ будлиан эхтэй, нэг хоног тэсчихсэн бол одоо ч асуудалгүй сууж байж чадах байсан юм. Гэхдээ тэгээд суугаад байсан бол магадгүй хотын намын хороо маш амархан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчих байсан. Үндсэндээ энэ мэдэгдэл бол 60 тэрбумын хэргээ “улстөрийн хэллэгээр” хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. Шившиг дээр шившиг... Тэр “зөвшөөрөл” нь Ц.Сандуйгаар туг тахиад доорх бүтцийг нь хэвээр үлдээх улстөрийн уран мэх байсныг одоо л МАН-ынхан анзаарч байх шив. Ингээд хотын намд нь буглаа үүсчихэж...
Яагаад гэвэл тэр намаа зүгээр л хаяад явчихаагүй юм, харин өөрийн оронд “үүрэг гүйцэтгэгчээр” хотын мэрийг томилчихсон билээ. Энэ хурал хаана болсныг хотынхон байтугай МАН-ын удирдлагууд мэдээгүй гэдэг, хаана нь тодорхой л доо, “Энканто” саунд л биз!
Намын дарга Ерөнхий сайд байх тухай хуулийн заалт байдгаас хотын мэр хотын намын дарга байх тухай хууль байхгүй юм, дээр нь намынх нь дүрэмд “хотын намын дарга үүрэг гүйцэтгэгчтэй байх” тухай ямар ч заалт байхгүй билээ... Ингээд Су.Батболд Ц.Сандуйн өгсөн “үүргийг гүйцэтгэж” суудаг болжээ... Төсөөтэй юмс төсөөтэй юмсаа төрүүлдэг гэж энэ, хууль бусаар эхэлсэн л бол тэдэнд бүрэн хариуцлага тооцож чадахгүй бол хууль бусаар л засагласаар байх болно.
Үндсэндээ хагас жил хотын намын даргын сонгуулийг хүлээсэн Ерөнхий сайдын фракцынхан намын бага хурлын төлөөлөгчдийн тоонд 69 хүн нэмж оруулах тухай шийдвэрийн дараа тэсгэл алджээ! Энэ 69 хүн приусээр л хуучин удирдлагаа “дэмжчихнэ”. Ингээд МАН-ын түүхэнд ховор үзэгдэл ил цагаан гудамжны тэмцэл өрнөв.
Хатиг
Үнэндээ энэ асуудал нэг л өдөр гараад ирсэн юм биш л дээ! Су.Батболд нарын хувьд байдал эвгүйцэж эхэлснийг аль эрт мэдэрсэн юм. Хэрэв Су.Батболд Ц.Сандуйн өгсөн үүргийг гүйцэтгээд л байх юм бол хотын даргаа ч өгч салж мэдэх юм. Тиймээс айсандаа “Та нар энэ намын даргаа авбал ав, гэхдээ би хоёрхон жил болоод л өгье!” гэсэн байна.
Энэ үгийг нь дагадаг тэнэг байхгүй. Улстөрчид тэнэг биш, ухаантай ч увайгүйгээ тэнэгээр халхалдаг улс. Тэртэй тэргүй намын даргыг хоёр жилийн дараа хариуцлага тооцоод авч л таарна, Су.Батболдод байтугай М.Энхболдод хариуцлага тооцоод авсан юм. Тиймээс ялагдаж авах уу? Эсвэл одоо аваад гарцаагүй ялагдлаа засах уу? гэдэг асуултын хариуг олох тэмцэл л хотод нь өрнөөд байгаа хэрэг.
Үүнд УИХ-ын гишүүд хутгалдаж байгаа нь ч аргагүй, эцсийн эцэст тэдний дахин сонгогдох эсэхийг хот шийднэ. 2012 онд Э.Бат-Үүл хотын намаа авч тусгаарлаж, намын удирдлагуудаа шахаж жижигсгэсэн тойргоор оруулаад намаа галдчихсан түүх одоо МАН-д давтагдах гээд байгаа юм.
МАНАН-гийн аль ч жигүүрт хотын нам дийлдэхээ байж, хүчээр түрээ барьж, өөрийн явцуу эрх ашгаа төв намдаа тулган сүйтгэдэг жишиг тогтоод байгаа юм. Энэ нь аргагүй. Өргөн уудам нутагт тархсан орон нутгийн сулхан удирдлагатай намуудаас хотын нам илүү нэгдмэл цул бөгөөд бас мөнгөтэй билээ л.
Бодат байдалд МАН-д ч, АН-д ч төв нам нь орон нутгаа эмхлэхээ аядсаар хамаг хүч тамираа бардаг, харин хотын нам нь нам доторх нам болж санаачлагыг авдаг болсон байна. Намын их хуралд хотынхны квот, оролцоог нутаг дэвсгэрийн төлөөллөөр далимдуулж дарж авахаас бусад цагт хотын нам шийдвэрт маш хүчтэй нөлөөлж, үндсэндээ намын эрхийг төвлөрүүлэн барьдаг нь нууц биш юм. Тэд бүх зүйлд ойрхон байдаг.
Энэ утгаараа хотын МАН-ын хороо ирээдүйд МАН-ын аминд хүрэх буруу харсан толгойтой хатиг болж хувирсан бөгөөд түүнийг шахаж цэвэрлэх тэмцэл маш их өвтгөж байгаа юм. Харин шахуулахгүйн төлөөх сөрөг тэмцлийг өнөө алдарт “боловсролгүй атлаа төлөвлөгөөсөг” А.Ганбаатар нь толгойлж байвал яах вэ?
МАНАН.ub
Төв намаас шахалтанд орсон МАН-ын хотын намын хорооны “60 тэрбумын бүлэглэл” ИТХ-аар дамжуулан МАНАН үүсгэхийг оролдож байгаа нь ажиглагдаж байна.
Су.Батболд Э.Бат-Үүлтэй зөвшилцөх замаар АН-д буулт хийж, төв намаас ирэх дарамтаа суллахыг оролдож байна. Дээгүүр МАНАН замхарч эхэлтэл доогуур сүлбэлдэж эхэлсэн нь угаасаа энэ хоёр нам үндсээрээ ширэлдсэний гэрч...
Эмч нар ҮЭ-ийн холбоогоор дамжуулж Засгийн газарт цалин нэмэх шахалт үзүүлж эхэлсэнтэй зэрэгцүүлэн Э.Бат-Үүл хүмүүсээ турхиран талбайд гаргаж МАН-д дарамт учруулахыг оролдов. Үүний хариуд АН-ынхны жагсаалыг цагдаагийн хүчээр хөөн тараасанд эмч нарын хөдөлгөөнийг нухчин дарсан мэт ойлголтыг олон нийтэд өгч, төөрөлдүүлэв.
Энэ нь хот дахь МАНАН-д ашигтай бөгөөд харин МАН ба ЗГ-т тун ашиггүй акц болсон юм. МАН-ын намын бага хурал болтол ийм жүжиг үргэлжилсээр байх нь дамжиггүй.
Су.Батболд Ч.Сайханбилэг ба С.Баярцогттой дотно агаад тэдний фракцынхны садар наргиан наадам энэ нам дамнасан бүлэглэл үүсэх шалтгаан юм. Одоо С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар торны цаана жиргэж байна. Тэр фракцийнхан өөрсдөө парламентаас үсгүй хусагдсан, одоо зарим нь хошногоо цэвэрлүүлж хэвтээ билээ.
Тиймээс МАН яаж ийгээд хотын намаа салгаж авах нь стратегийн хувьд гарцаагүй алхам мөн. Тэр ч байтугай хотын нам ахиад 60 тэрбумыг босгож бүхнийг худалдан авах нь гэж хардаж байна.
Хотын газрын албаны дарга байхдаа Яармаг орчмыг хуу хамсан Ц.Сандуйн газрыг нийслэлийн ордоноор үнэд хүргэж, газраас нь ч, ордноос нь ч мөнгө зувчуулаад хүчирхэгжих вий гэж МАН ч, АН ч айж байгаа билээ.
Уг нь МАН-ынхан худал мужик зан гаргаад хэрэггүй л байгаа юм, прокурор 60 тэрбумын хэргийг сэргээгээд холбогдогчдыг татчихвал нийслэлийн МАН эзгүйрээд гарт нь ороод ирэх юм л даа... Ингэж чадахгүй бол яая гэх вэ? Ингээд л алалцаад, бүр АН-ыг ч чирээд бантангийн нутгуур хийгээд явж байвал сайн!
Лав МАН-ын үед тогтоох боломжгүй “шударга ёсны” төлөө хоосон цэцэрхэж байснаас ингэж будилсаар 60 тэрбумынхан сонгуульд хотын МАН-ыг авч ороод үнсээр хийсэх гарцаагүй ирээдүйг нь хүлээвэл “ашигтай”!
Зочин
Зочин
Зочин
ГОДИЛ
Зочин
болд
зочин
Бишрэлт
Зочин
Мананд төөрөгч
Зочин
Зочин
Ха ха
Оросын тролл Баатархуяг
мгл
сүх
Хаак
зочин
Baabar
Баас хvv
Жинхэнэ луйвар бол хуулиндаа шүү дээ
зочин
Зочин
Үзэл сурталч
Gan
хүн
Зочин