1911-1990 он
(I)

Газарзүйн хувьд хожмын Хятадын нутаг дэвсгэр дээр ноёрхож байсан Манж Чин улс илт өөрийнх нь эсрэг чиглэсэн, жинхэнэ зохион байгуулалттай хөдөлгөөн үнэхээрийн гараагүй атал 1911 онд бутран унасан юм. Чин гүрэн харийн булаан эзлэгчдийн улсад тооцогдож, манж нарыг өөрсдийг нь хятадууд юуны өмнө бусдын хүчээр амьдрагч, сорон мөлжигч дээд давхаргынхан гэж үзэж байв. Эрс хувьсан өөрчлөгдөж байсан Хятадад Чин улсын мөхөл янз бүрийн үр дагавар авчирсан. Тухайлбал Хятадын дотоодод эрчтэй өрнөсөн салан тусгаарлах хөдөлгөөн улс гүрнийхээ нэгдэл нягтралд ч бас эргэлзэхэд хүргэж байв. 

Үйл явдлын энэ өрнөл Манж гүрний умард хилийн тэртээх халх монголчуудыг цочроохуйц нөлөө үзүүлсэн байна. 1691 онд хуралдсан Долоон нуурын ноёдын чуулганаас хойш өөрсдийгөө Манжийн хааны ордныхны холбоотон гэж үзэх болсон халх монголчууд тохиромжтой энэ нөхцөл байдлыг Хятадаас бүрмөсөн тусгаарлахад ашигласан юм. Тэдний хувьд чингэх шалтгаан их байжээ. 

Соёлын хувьд эс нийцдэг нь

Хятадууд болон Хятадаас ихэд цэрвэн зай барьдаг нь нүүдэлчин монголчуудын сэтгэхүйд аль эртнээс бий болсон үзэгдэл юм. Энэ нь буурал түүхийн үеэс умардын тал нутагт амьдарч байсан нүүдэлчин овог аймгууд, тэдний өмнөд дэх суурин хятад тариачид болон гар урчуудаас үндсэн хүн ам нь бүрдсэн улс гүрнүүд хоорондоо далдуур байнга зөрчилдөн тэмцэлддэг байснаас болсон байх талтай. Гэхдээ хоёр тал бие биенээ соёлын хувьд таарч тохирохгүй гэж үздэг байсныг анзаарахгүй байж болохгүй. Газарзүйн өөр өөр орчинд нэг нь нүүдэллэж, нөгөө нь суурин амьдардаг, хооллох, хувцаслах нь өөр, амьжиргаагаа нэг нь мал маллан нүүдэллэж, нөгөө нь тариа тарин, гар урлал эрхэлж залгуулдаг, шашны өөр өөр ойлголт төсөөлөлтэй, өөр өөр зан заншилтай байв. Нүүдэлчид өөрийн гэсэн бичиг үсэг хэрэглэдэггүй шахам байсан бол хятадууд арвин их бичиг ном, ханз үсэг бүхий эртний соёлт ард түмэн байв. Тиймээс ч хятадууд монголчуудыг хэл, соёлыг нь мэдэх албагүй хоцрогдсон „зэрлэг бүдүүлгүүд“ гэж үздэг байжээ. Тэгэхлээр шал өөр хоёр соёл иргэншил хөгжлийн үлэмж өөр өөр түвшинд цэрэг төдийгүй соёлын хувьд сөргөлдөн оршиж байсан хэрэг. Тэрхүү „Соёл иргэншлүүдийн сөргөлдөөн“ („Crash of Civilizations“)-ийг Хятадын Их хэрэм өнөө хэр сануулан буй.

Уламжлалт амьдралын хэв маяг алдагдах аюул

Түүхэндээ соёлын хувьд ийн нийц муутай явж ирсний дээр хятадуудаас жийрхэж зэвүүцэх нь бараг уламжлал болсон монголчууд Чин улсын он жилүүдэд хятад худалдаачид, мөнгө хүүлэгчидтэй өдөр бүр шууд харьцан сөргөлдөж байсныхаа улмаас тэдэнд бүр ч дургүй болсон нь бодит баримт. Тэд чухам л аалз мэт арилжаа наймааны аварга тороор Ар Монголыг сүлжин хэрсэн байлаа. Монгол нүүдэлчидтэй ашигтай наймаа хийнэ гэдэг бичиг үсэг мэддэг, мөнгөний эдийн засгийн хүрээнд өсч өндийсөн тэр хятад худалдаачдад хүүхдийн тоглоом байж. Тийнхүү монголчууд хятад худалдааны пүүсүүдийн үйл ажиллагааны улмаас тэдний өрийн боолчлолд түргэн орж, асар их ядуурсан байлаа. Ингээд XIX зууны сүүлчээр хятад тариачдыг олноор нь Ар Монголд ирүүлэх арга хэмжээ авч эхэлмэгц хуучны дургүйцэл нь илэрхий дайсагнал, Хятадын эсрэг хийрхэл болж хувирсан байна. Ар Монголын монголчууд хамтдаа зовжзүдэрч ахуйдаа өөрсдийн хамтын мөн чанарыг таньж ухамсарлах болсон агаад үүнд ньолон зууны тэртээгээс ухамсарлах болсон өөрсдийнх нь соёлын мөн чанарбагагүй дэм өгчээ. Манжийн хааны ордныхон болон Манж улс үндсэндээ монголчуудын соёлын онцлог мөн чанарт хэзээ ч эргэлзэж тээнэгэлзэж байгаагүй бол хятадуудын үйл ажиллагаа нүүдэлчин амьдралынх нь хэв маяг, соёлынх нь мөн чанарт заналхийлж байх шиг байжээ. Юутай ч монголчууд ингэж үзэж байсныг бид эх сурвалжаас мэдэх юм. Монголын дэлхийн эзэнт гүрний үеийн аугаа их түүхээ ой тойндоо ортол ойлгож авсан эрх чөлөөг эрхэмлэгч монголчууд хятадуудын доромжлол басамжлалыг туйлын их мэдэрч байсан хэрэг. Сэтгэл санааны байдал, гутаж сэвтсэн нэр төр нь эцэстээ оновчтой ухаалаг шийдэл олж хил хягаарынх нь дотор хэл, соёлоороо тоогдож буйгаа мэдэрч амьдрах үндэсний төр улсаа байгуулах хүсэлд тэднийг хөтөлжээ. Үүнд нь монгол овогтнууд түүхээс улбаалан Орос юмуу Хятадад амьдарч байгааг ухамсарлаж, улмаар „нийт монголчуудын гал голомт“ болсон монгол төр улстай байх сонирхол бага бус үүрэггүйцэтгэсэн. Оросын талаас буриад, Хятадын талаас Барга, өвөр монголчуудын нутгаар хүрээлүүлсэн хараат бус „нийт монголчуудын гал голомт“-ыг бүтээн байгуулах нь эхлэл төдийгүй ирээдүйг харсан боломжтой хувилбар байлаа.

Салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо олсон нь

Халх болон Ар Монголын шарын шашны тэргүүн Жавзандамба хутагт 1911 онд монгол туургатнуудад хандан төр улсаа байгуулж, шарын шашнаа тэтгэн, гуравдагч этгээдийн аливаа дарангуйллаас салахыг уриалав. Түүнээс хойш удалгүй Ар Монголын хаан ширээнд заларч Богд хаан болсон Жавзандамба Оросын дэмжлэгт бас найдаж байжээ. Их гүрэн Оросын бүс нутгийн ашиг сонирхол хийгээд халх монголчууд болон Ар Монголд харъяалагдан амьдарч байсан бусад монгол овог аймгуудын үндэсний төр улсаа байгуулж, эрх чөлөөг олох хүсэл эрмэлзэл нэг цэгт огтлолцсон юм. Манж улсын задрал, түүний дараа шинээр эмхлэн байгуулагдсан Хятад улсын сул дорой байдал нь хоёр талын ашиг сонирхолд нийцсэн шийдэлд хүрэхэд таатай нөлөө үзүүлж буй мэт байв. Хоёр талын санаа сэдэл өөр өөр байсан нь ч энэ асуудлыг зогсоосонгүй. Монголчууд үндэсний төр улсаа байгуулах эрмэлзэлтэй байсан бол Орос улс Ар Монголыг Оросын ивээл хамгаалал дорхи, Сибирь, Байгалийн чанад дахь газар нутгийг нь Хятадын дайралтаас хамгаалах нэг маягийн „жийргэвч улс“ болгохыг хүсч байв.

Ингээд Богд хаан, түүний Засгийн газар шашин, төрийг хослуулсан хэмжээгүй эрхт засгийг байгуулсан агаад эн тэргүүний томоохон зорилт нь төрийнхөө тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг гадаад, дотоодод хангах явдал байжээ. Орос улс Ар Монголтой 1912 оны 10-р сард нэгэн хэлэлцээрийг байгуулж, түүгээрээ Ар Монголд монголчуудын өөрсдийн „бий болгосон автономит дэглэм“-ийн статус-квог де-факто болон де-юре хүлээн зөвшөөрч, гадаад хараат бус байдлаа хангахад нь туслав. 

Дотоод бүрэн эрхт байдлаа: 1. Өөртөө засах төрийн зохион байгуулалт (ноёдын захирсан аймаг, хошуу болгож хуваасан засаг захиргаа+ Засгийн газар + эзэн хаан), 2. Шарын шашин, 3. Нийтлэг соёлын мөн чанар гэсэн 3 тулгуур баганын тусламжтайгаар хангасан юм. 

Нийтлэг соёлын мөн чанар нь юунаас үүдэлтэй байв? Уг мөн чанар нь мянга гаруй жилийн тэртээгээс ярих болсон нийтлэг нэг хэл яриа, хуучны бөө мөргөл болон шарын (буддын) шашны итгэл үнэмшлийн элементүүдээр тэжээгдсэн шашны талаарх ойлголт төсөөлөл, үндсэндээ ижил төстэй ёс заншил, тэрчлэн цогцоор нь авч үзвэл мөн л нүүдлийн мал аж ахуй, „зах хязгааргүй“ тал нутагт эрх дураараа амьдрах амьдралынх нь нөлөөгөөр бат хэвшин тогтсон үнэт зүйлийн талаарх нийтлэг ойлголт төсөөлөл харилцан нөлөөлсний дүнд түүхэн урт удаан хугацаанд төлөвшжээ. Чухамдаа тэдний соёлын мөн чанар, нүүдэлчин амьдралынх нь хэв маяг харилцан үлэмж нөлөөлсний үр дүнд газарзүйн хувьд ихээхэн тархай бутархай хэдий ч нэгдмэл нэг монгол үндэстний зан төлөв төлөвшин тогтсон хэрэг юм. Түүний зэрэгцээ уугуул монголчууд хийгээд хожмын монгол овогтнуудын амьдран сууж байсан газар нутаг өмнөд талаар нь дамнан тогтсон цөл, хагас цөл зэрэг газарзүйн орчны онцлогийнхоо улмаас суурин ард түмнүүдийн соёлын болон бусад нөлөөнөөс удаан хугацаагаар тусгаарлагдаж байсан нь соёлын уг мөн чанар нь хэвшин тогтоход ихээхэн таатай нөлөө үзүүлснийг анхаарахгүй байж болохгүй.

Соёлын мөн чанараа хадгалж үлдэх явдал үндэсний төр улсаа байгуулах нэг гол шалтгаан болж байсан тул хятадуудыг Ар Монголоос гаргах нь Богд гэгээний Засгийн газрын эн тэргүүний зорилтуудын нэг байсан нь ойлгомжтой. Монголын орон нутагт ч сэтгэлийн асар их хөөрлөөр асуудалд хандаж байсныг Баруун Монголд Ховдын хязгаараас хятадуудыг хөөн гаргасан явдал тодорхой харуулдаг. Хятад байшин барилга, бичиг ном, ер нь л яаж ийгээд тэдний соёлыг санагдуулсан бүхнийг хайр найргүй устгаж байв. Мөн олон хятад хүн үхэж үрэгдэж, хятадуудыг зүйл бүрээр харгислаж байсныг мартах аргагүй. Гэхдээ тэрхүү „дургүйцэл“ нь Монголын амьдралд ууссан, монгол эмэгтэйчүүдтэй амьдардаг энгийн хятад иргэд бус, эн түрүүнд хөрөнгө бэлтэй хятадуудын эсрэг чиглэж байжээ. Богд хааны орд өргөө оршдог Нийслэл хүрээнд үйл явдал арай аядуу тайван өрнөж байв. 

Монголчуудын „ялгаа“

Харин үндэсний төр улсынхаа дэмэнд соёлын мөн чанараа хадгалж хөгжүүлэхийг эрмэлзэж байсан халх монголчууд жишээ нь умардын буриадууд юмуу өвөр монголчуудыг нийлүүлж, нэгтгэхийг үнэхээр зөнгөөрөө хүсч байсан уу гэвэл бас үгүй юм. Нэгтэйгүүр Богд хааны хувьд эрх мэдлээ хадгалах үүднээс буриад, „өвөр монгол“ үндсэрхэг үзэлтнүүдтэй нэг их сүжрээд байхыг хүсээгүй нь ойлгомжтой бол нөгөөтэйгүүр буриад болон „өвөр“ монголчуудыг „арай л монгол биш“, ямар ч гэсэн „өөр маягийн монгол“ гэж халх монголчууд өргөн олноороо санаа нэгтэй үзэж байв. Үнэхээр ч „ойн нүүдэлчин“ буриадуудыг оросжуулж, „талын нүүдэлчин“ өвөр монголчуудыг хятадчилсны улмаас монгол соёлынх нь мөн чанар ихэд алдагдсан ажээ. Үүнээс үүдэлтэй Ар Монголын монголчуудын тоомжиргүй хандлага тэдний хувьд нэг талаар жижиг мэт боловч давж гарахад бэрхтэй саад хашилт мэт санагдах болсон байна. Нөгөөтэйгүүр Бээжингийн Засгийн газрыг илүү их боломж олгоход бэлэн болоод байх үед нь Богд хаанд үнэнчээр зүтгэхээ илэрхийлсэн хүмүүс бол Хайсан зэрэг Өвөр Монголын ноёд байлаа. Халх монголчууд өвөр монголчуудын талаар эндүү ташаа бодол өвөрлөж явсныг үүгээрээ тэд баталсан юм. Гэхдээ баруун монголчууд Монголоороо туйлын их бахархдаг бол өөрсдийгөө „монголчуудын жинхэнэ гал голомт“ гэж үздэг (дэлхийн эзэнт гүрний эртний нийслэл Хархорум нутаг дэвсгэр дээр нь оршиж байсан) халх монголчууд хийгээд нийгмийн олон гажуудал, сэтгэл гонсгор байх болсныхоо улмаас “хувьсгалын оч бадармагц асахад бэлэн бялт”[1] -ыг дотроос нь олж болох зүүн монголчууд уужуу тайвнаар давуу байдлаа ухамсарлаж байсан зэрэг бага боловч содон ялгаа Гадаад Монголд амьдарч байсан баруун, халх, зүүн монголчуудын дунд ч байсан.

Төвдтэй тогтоосон шашны холбоо

Төвд гаралтай Богд хаан 1913 онд Далай ламтай бас гэрээ байгуулахыг оролдсон нь олон шалтгаантай байж болох юм. Гурав дахь этгээдийн ашиг сонирхол ч байсныг үгүйсгэмгүй. Гэхдээ уг гэрээгээр дамжуулан шууд бусаар Хятадын эсрэг холбоо байгуулж, эхний шатанд Ар Монгол, Төвдийн төрийн тусгаар тогтнолыг, улмаар шашин, төрийн эрхийг барьж буй өөрсдийг нь харилцан хүлээн зөвшөөрөх нь Богд хаан, Далай лам хоёрын аль алинд чухал ач холбогдолтой байсан. Орос, Англи улсууд ч бас эрх мэдэл олж авахаар тооцоолсон гарцаагүй шалтгаанаар энэ хүсэл эрмэлзэлд нь нааштай хандан сонирхож байв. 

Шашин монголчуудын соёлын мөн чанарын хувьд холбогч холбоос болж онцгой үүрэг гүйцэтгэж байсан төдийгүй олон зууны тэртээгээс Төвдтэй холбох гүүр болж байв. Монголчууд төвдүүдтэй шашнаар уламжлан оюун санааны хувьд асар их ойртсон байна. Төвдийн шашны ном судруудыг олон тоогоор нь монгол хэлэнд хөрвүүлж байсан бол эрдэмтэн лам нар монгол ном зохиолыг цаг хугацааны хувьд жаахан наана цаана ч төвд хэлэнд хөрвүүлж байжээ. Монгол хэл, оюуны соёл тийнхүү төвд хэлээр дамжуулан зарим нь самгарьдаар бичигдсэн бүтээлүүдээс уг нь гаралтай оюуны түлхэцийг авч байв. Монголын дэлхийн эзэнт гүрний үед бүс нутагтаа зүсэн зүйлийн хэлээр ярьдаг хүмүүст хэл (Lingua Franca) залгуулж байсан монгол хэл шашны судар ном орчуулах болсны үрээр хөгжиж, хийсвэрлэн бодох чадамжийн өндөр түвшинд хүрсэн нь шарын шашны сүм хийдүүдэд гүн ухааны ном хаялцахад багагүй ач холбогдол үзүүлж байсан. Ар Монгол дахь шарын шашны сүм хийдүүдийн өргөн цар хүрээтэй, бие биентэйгээ харилцан холбоотой сүлжээ оюун санааны хувьд өргөн агаад гүн нөлөө үзүүлж байв. Монголчуудын соёлын мөн чанарт энэ үйл явцын үзүүлсэн нөлөөг судлах ажил өнөө хэр хүлээгдсээр байна. 

Тэгвэл Хятад дахь Монголын Юань улсыг үндэслэн байгуулсан Хубилай хааны Бээжин дэх ордондоо орчуулуулсан хятад бүтээлүүд Бээжингийн ордноос цааш нөлөөлж чадаагүй юм. Уугуул нутгийнхаа монголчуудад ч оюун санааны гүн гүнзгий нөлөө үзүүлж чадаагүй. Хайдугийн аль 1268-69 онд байгуулж, монгол уугуул ёс заншлаа Хятадын нөлөөнөөс хамгаалахын ноёд тулд үндсэн Монгол нутгаа Юань гүрнээс хааж хамгаалж байсан Холбооны чингүүлэхгүй байхад санаа тавьж байж.[2]


(Үргэлжлэл бий)


[1] Owen Lattimore, Nomaden und Kommissare, Stuttgart 1964, 98 дахь тал.

[2] Rolf Trauzettel, Die Yüan-Dynastie, in Michael Weiers (Hrsg.), Die Mongolen. Beiträge zu ihrer Geschichte und Kultur, Darmstadt 1986, 230-231 дэх тал.