МОНГОЛЧУУД ӨӨРСДИЙН ҮНДЭСНИЙ ТӨР УЛС ДОР МӨН ЧАНАРАА ТАНЬЖ УХАМСАРЛАХ БОЛСОН НЬ, 1911-1990 ОН
(2)
Наанатай цаанатай Монголын тусгаар тогтнол
Эцэст нь Ар Монгол Хиагтын тэгш бус гэрээгээр (1915) Хятадын эзэн эрхийн дор орших болсноо хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон бол Орос, Хятад улсууд хариуд нь „Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг болсон“ „Ар Монголын автономит“-ыг хүлээн зөвшөөрчээ. Ивээн хамгаалагч гүрэн нь Орос байсан болохоор Ар Монгол угтаа зөвшөөрөхийн аргагүй энэ зохицуулалтыг хүлээн авсан аж. Түүний ойлголтоор юутай ч энэхүү эзэн эрхийг тогтоож өгснөөр Манж Чин улсын үед хэзээ ч байгаагүй Ар Монголын талаар шаардлага тавих эрхийг Хятад эдлэх болсон ажээ. Ингээд эцэст нь 1917 оны октябрийн хувьсгалаар цорын ганц ивээн хамгаалагч гүрэн Оросыг алдсан нь Ар Монголын хувьд эмгэнэлтэй байлаа.
Дотоодын бүрэн эрхт байдал нь ч замхрах тийшээ хандав. Төрийн аппаратад лам нар зонхилж, Богд хаан хэмжээлшгүй эрхт эзний ёсоор ноёдынхоо үе залгамжлах эрхэд оролцохыг оролдох болсон нь тэдний доторх Хятадын талаас хээл хахууль авч авилгад идэгдсэн хэсгийн эсэргүүцлийг өдөөв. 1919 оны 11-р сард сайдууд, тэдний орлогч нар автономит эрхийг „сайн дураараа“ халах тухай баримт бичигт гарын үсэг зуржээ. Богд гэгээн өөрөө гарын үсэг зурахаас зайлсхийсэн байна. Эндээс Богд гэгээн төрийн тамгаараа баталгаажуулж өгөөгүй юм бол сайдууд, тэдний орлогч нар Хятадын талтай ер нь яаж эрх зүйн хувьд заавал биелүүлэх тохиролцоо хийсэн байж таарах вэ? гэсэн асуулт урган гарав. Юутай ч Богд хаан тэр үеийн ойлголтоор Ар Монголын хэмжээгүй эрхт хаан байсан. Халх монголчуудын ганц холбоотноо гэж үзэж байсан Манж Чин улсын хууль ёсны залгамжлагч болохоо Хятадын Бүгд Найрамдах Улс хэзээ ч мэдэгдэж байгаагүй гэдгийг ч анхаарсангүй.
Түүхэн гутамшиг амсч, өөрсдөө ч бас бүтэлгүйтсэнээ мэдрэх мэдрэмж монголчууд, юуны өмнө маш их үндсэрхэг үзэлтэй түшмэдүүдийн дунд газар авсан байна. Хариуцлагыг нь Хятад хүлээх ёстой гэж цаагуураа үзэх болсон нь эргээд далдуур Хятадыг эсэргүүцсэн хийрхэлийг нь улам хөөрөгдөх болов.
Тийм ч учраас цагаан гвардийн генерал фон Унгерн-Штернбергийг „Азийн морин дивиз“-ийнхээ хүчээр Ар Монголоос Хятадын цэргийг хөөн гаргахад монголчууд „хаалгаа дэлгэн“ угтжээ. Богд хааныг хаан ширээнд нь буцаан залахад мянга мянган монголчууд оролцов. Өөрөө ази хүн биш ч Унгерн-Штернберг „Азийг азичуудад нь“ гэсэн үзлийг тууштай хамгаалдгаа нууж хаадаггүй байв. Нармай Монголын үзэл Буриадаас монголчуудын дунд дэлгэрч эхэлж байсан болохоор тэдний хувьд энэ үзэл тийм ч танил бус байгаагүй. Энэ үзэл 1919 онд Буриадад гэнэт дэлгэрсэн нь санамсаргүй хэрэг биш байв. Япон энэ үзлийг ар хударгаар нь тэтгэн дэмжиж эхлээд байв. Уг санаа нь энэ үзлийг үндэс болгон зөвлөлтийнхнийг Зүүн Азид түрэн орохоос хамгаалахад туслах „монгол жийргэвч“-ийг бий болгох гэсэн хэрэг.1
Өөрийн үндэсний төр улс тийших шинэ зам
Тэр завсар Ар Монголд үндэсний үзэл монгол хүн амын бараг бүх давхаргыг хамраад байв. Гагцхүү өөрийн гэсэн үндэсний төр улсад л хэрэгжих боломжтой өөртөө засан тогтнож нэр төртэй амьдрах хүсэл эрмэлзэл байнга илрэн гарах болжээ. Ар Монголын монголчуудад ямар сонголт байв? Тэд Зөвлөлт Орос, Хятад хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болоод байлаа. Хятадыг бол ярихын ч хэрэг алга байв. Зөвлөлт Оросыг сонгоно гэдэг юуны өмнө хүн ард нь нүүдэллэн амьдардаг Азийн Монголын хувьд хэтдээ Азиас тодорхой хэмжээгээр нүүр буруулж, Европын соёл иргэншилд тал өгнө гэсэн үг байв. Энэ нь ирээдүйд соёлын мөн чанарыг нь алдагдуулж мэдэх соёлын гүн гүнзгий гажуудалд орохын шинж ч байж мэдэхээр байжээ. Гэвч үнэндээ Монголын үндэсний хувьсгалчдын хэн нь ч хэтдээ тийм юм болж болох талаар эргэцүүлэн бодсонгүй. Давын өмнө үндэсний төр улсаа тогтвортой бий болгох нь чухал байсан болохоор энэ асуудал хараахан босч ирээгүй байв. Харин Зөвлөлт Оросын большевикууд Ар Монголыг аль хэдийн янз бүрийн шалтгаанаар овоо хараандаа аваад байсан бөгөөд тэр нь Сибирийг хангах мах, түүхий эдийн зах зээлийг нь сонирхсон ялих шалихгүй шалтгаан, дэлхийн хувьсгал хийх агуу их зөгнөлдөө автан Хятадад дараачийн их хувьсгалыг өрнүүлэхийн тулд Ар Монголд бааз, холбогчийн үүргийг оноох гэсэн стратегийн шалтгаан байсан.
Ар Монголын үндэсний хувьсгалчидтай тэд хэл амаа түргэн ололцжээ. „Ар Монгол“ хэмээх үндэсний улс санаанд нь тун их нийцсэн байна. Ингээд юуны өмнө Монголын үндэсний хувьсгалчдад яагаад өөрсдийн замаар Оростой хамт замнах хэрэгтэй байгааг нь нарийн тайлбарлах хэрэгтэй байв?! Үүнд Оросын судлаач Иван М. Майский чухал үүрэг гүйцэтгэсэн. Майский Германд Мюнхений их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцсан бөгөөд Германд байхын л 1918-1930 онд гадаад хэргийн ардын комиссараар ажиллаж байсан өөрийн нутаг нэгт Г. В. Чичеринтэй холбоотой байв. Майский 1919 онд экспедици авч 16 сарын хугацаагаар Монголд аялсан байна. Экспедицийнхээ тайланг 1921 онд Эрхүүд „Орчин үеийн Монгол улс“ нэртэй ном болгон гаргажээ. Монголын түүхчдийн Зөвлөлтийн үеэс өдгөөг хүртэл (sic!) „монгол ардын хувьсгал“ хэмээн нэрлэж ирсэн Ар Монгол дахь үйл явдалтай уг ном цаг хугацааны хувьд давхцан хэвлэгдэж гарсан нь гайхалтай.
Томоохон хэмжээний дүн шинжилгээний зэрэгцээ бас „дүгнэлт“ гаргасан уг номынхоо „Монгол улсын ирээдүйг харахуй“ хэсэгт Майский: „Монгол Улс Хятадаас юу, Оросоос юу хүлээж болох вэ?“ гэсэн асуулт тавьсан байна. Монгол Улс Хятадыг баримталсан тохиолдолд „тун ойрын ирээдүйд ердөө л соёлын зогсонги байдал, эдийн засгийн сүйрэлд хүрнэ“ гэжээ. Тэгвэл Орос өмнөх жилүүдэд „Европын соёлын элементүүдийг оруулж ирсэн“ гэжээ. Одоо энэ үйл явцыг эрчимжүүлж, системчилсэн шинжтэй болгох хэрэгтэй ажээ. Орос улс бүр илүү „эдийн засгийн харилцааны шинэ, ухаалаг, зөв шудрага хэлбэрийг нэвтрүүлэх“ болно гэжээ. Майский: „Ийнхүү Оросын талыг баримтлах нь автономит Монгол Улсын хувьд соёлын үйл явц өрнөж, эдийн засагт нь ахиц дэвшил гарна гэсэн үг болно.“2 хэмээн онцолсон байна.
Монголчууд Хятадтай харьцаж нэгэнт тааруухан туршлага хуримтлуулсан агаад оросууд үндэсний мөн чанараа улам төлөвшүүлэхэд нь ямагт дэмжлэг үзүүлж ирсэн болохоор сонголт хийхэд тэдэнд үнэндээ тийм ч хэцүү байсангүй. Учир юун гэвэл оросууд бүхий л чухал, эсвэл ойлголцоход төвөгтэй асуудлыг „Оросын“ буриадуудаар соёлтой чадварлагаар зохицуулуулж байж.
Мэдээж Зөвлөлт Оросын бусад зөвлөхүүдийн нэг адил Майский энэ нөхцөлд монголчуудтай үзэл суртлын талаар ярилцах гэж огт оролдоогүй, харин Европын соёлын давуу тал, шинжлэх ухаан, эдийн засгийн дэвшил, эцэст нь бий болох чинээлэг байдлын
талаар л ярьж хэлж байсан нь анзаарагдана. Энэ нь санамсаргүй хэрэг байсангүй. Нэгтэйгүүр Зөвлөлт Орос улс, хожим нь Зөвлөлт Холбоот Улс анхны орчин үеийн улсын хувьд үндэсний төр улсын загвараас зай барьсан байв. Нөгөөтэйгүүр Шумяцкий Ленинд: „Бид Монголыг зөвлөлтжүүлэх талаар ямар нэгэн ажил хийхээс зайлсхийх нь тодорхой, учир юун гэвэл биднээс хорин зуунаар хоцорсон энэ оронд хөрөнгөтний ардчилал гэхэд л гайхалтай хувьсгалт ололт болохоор байна.“3 хэмээн бичсэн нь Монголын байдлыг бодитой үнэлсэн хэрэг байв. Тэрчлэн Ленинд илгээсэн бусад мэдээллүүдэд эхний ээлжинд монголчуудад үндэсний хувьсгалт хөдөлгөөн зохион байгуулж, Богд хааныг хэмжээт эрхт хаан болгох талаар зөвлөсөн тухай илтгэсэн байх4 бөгөөд тэр ч ёсоор болсон билээ.
Богд хаан шинээр хэмжээт эрхт хаан болсон ч төрийн хуучин оны цолоо хэвээр байлгасан төдийгүй 1921 оныг өөрийн засаглалын 11 дэх он хэмээн зарласан нь төр үргэлжлүүлэн барьж байгаагаа дотоод, гадаадад ойлгуулах гэсэн хэрэг байв. Монгол Улсын автономитыг устгасан нь ноёдын өөрсдийнх нь буруугаар „түүхэнд гарсан үйлдвэрийн хүнд осол“ болж үлджээ. Энэ талаар нэг их ярьж байгаагүй ч тэд монгол үндэснийхээ төр улсад өөрсдөө гар хүрсэн нь тодорхой байлаа. Хэдийгээр засгийн эрхэнд байсаар байсан ч тэдэнд тоотойхон хоног үлдсэн байв. Тэрхүү түүхэн чухал цаг үед ноёд улс төрийн ангийн хувьд үндсэндээ төр барьж эс чадахаа чухам өөрсдөө харуулсан юм. Тэднийг зохицуулах оролдлого хийх хэрэг зөвлөлтийнхөнд ер байсангүй. Ноёдын эдийн засгийн үндсийг аажим аажмаар таслахад л хангалттай байв. Хэн ч тэднийг өмгөөлж хамгаалах гэсэнгүй. Зөвлөлтийнхөн анхнаасаа төрийн дунд болон дээд шатны алба хаагчид, тэрчлэн цогтой эх орончид гэдгийг нь мэдэх болж, чухам тэр шалтгаанаар улс төрийн зорилгоо гүйцэлдүүлэхээр өөрсөддөө элсүүлэн авахыг оролдож байсан доод давхаргын төлөөлөгчдөд анхаарлаа хандуулж байв.
Майскийн номондоо бичсэнчлэн хуучин Япон шиг Европын шинжлэх ухаан, аж үйлдвэр, нийгмийн үлгэр дуурайллаар шинэчлэгдэж, улмаар шинээр хүчирхэгжих цаг Хятадад ирнэ гэж Зөвлөлт Орос үзэж байж. Энэ тохиолдолд Ар Монгол Зөвлөлт Оросын хувьд „төвийг сахисан бүс“-ийн үүрэг гүйцэтгэж болох ажээ. „(Ар Монголын, У.Б.Б.) Улс төрийн хүрээнд Оросын хувьд төрийн тусгаар тогтнолоо дорвитойхон баталгаажуулж авах нь дээд зэргийн чухал.“5 Энэ утгаараа тодорхой энэ асуудал дээр зөвлөлтийнхний тавьсан зорилго хаант Оросын аюулгүй байдлын бодлоготой дүйж байв.
Тиймээс зөвлөлтийнхөн Монголын төрд юуг ч зөнд нь орхиж азаа туршсангүй. Тэд бүхий л үйл явцыг соргогоор ажиглаж байхын тулд дээр дурьдсанчлан юуны өмнө „Оросын“ буриадуудыг ашиглаж байв. Тэр буриадууд нь боловсрол сайн эзэмшсэн, ер нь бол оросуудыг дэмждэг, яс угсааныхаа онцлогийн улмаас хэл яриа зэргээрээ энэ үүргийг гүйцэтгэхэд гойд тохирсон хүмүүс байв. Дутуу гуцуу ч гэлээ соёлын мөн чанар нь ижил байсан болохоор тэд халх монголчуудтай сүрхий мэдрэмж сайтай харилцаж чаддаг байв. Тиймээс буриадуудыг зүгээр ч нэг Монголын төрийн аппаратад „оруулж“ байгаагүй юм. Түүний нэг жишээ нь Майскийн экспедицийн орчуулагч Батхааны Эрдэнэ бөгөөд „ардын хувьсгал“-ын дараахан тэр „Ардын Засгийн газар“-ын нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Тэдгээр буриадууд зөвлөлтийнхний „харах нүд, сонсох чих“ болоод зогсохгүй, эрх зүйн хувьд эргэлзээтэй завсрын бүстэй харилцах дуу хоолой нь болж байсан агаад үе үе бас өөрсдийнхөө улс төрийн (монгол!) амбиц санаархлыг хэрэгжүүлэхийг оролддог байсан тул оросууд тэдэнд тодорхой нөхцөлд л итгэл болгоомжлон хүлээлгэдэг байжээ.
Соёлын мөн чанараа бататгасан нь
Зөвлөлтийнхөн дотооддоо оршин тогтнож байсан улс орныг жинхэнэ төрт улс болгох ажилд оров. Тэр үеийг хүртэл ноёдын үр ашиг муутай, дур зоргоороо захирч байсан засаг захиргааг өөрчлөн ажил хийдэг болгосноор шинээр батлагдсан хуулиудыг илүү олноор нь хэрэгжүүлдэг болж, санхүү, татварын тогтолцоог байгуулан, хүн амыг нарийвчилсан бүртгэлд хамруулж, тэднийг жинхэнэ татвар төлдөг иргэд болгосон байна. Бараг түүнтэй нэгэн зэрэг эрүүл мэнд, боловсролын тогтолцоог бүрдүүлж эхлэв. Тухайлбал 1923 онд Нийслэл хүрээнд анхны 12 бага сургуулийг 600 сурагчтай байгуулжээ.6
Ар Монголын монголчууд эрэгтэй, эмэгтэй ялгалгүй энэ маягаар анх удаагаа бие хүний мөн чанараа таньж ухамсарлах болсон юм. Төр улсынхаа оршин тогтнож байгааг иргэд нь аажим боловч байнга мэдрэх болов. Малчин хүн хуучин өөрийг нь эргэн тойрон хүрээлсэн, малынх нь бэлчээр байдаг сав нутгийнхаа хэмжээнд л сэтгэдэг байсан бол одоо Нийслэл хүрээ төвтэй Ар Монгол улсын иргэн монгол хүн гэдгээ улам бүр ухамсарлах болов. Нийслэл хүрээ гэх болсон хуучны Их хүрээ түүний хувьд Жавзандамбын хувилгаан дүрүүд буюу Богд хааны залардаг орд өргөө байсан бол одоо Ар Монголын цорын ганц жинхэнэ хот, улс төр, соёл, шашин, бас эдийн засгийн төв болжээ. Монголчуудын соёлын мөн чанар нь улам бүр төр улсын харъяат ард олны мөн чанарын шинжийг олж, 1924 онд хэмжээт эрхт хаант засгийг халж, Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ыг тунхагласнаас хойш бүр ч тод томруун илрэн харагдах болжээ.
Мөн чанарыг тэтгэгч хүчин зүйл болох олон нийтийн үйл ажиллагааны талбар бий болсон нь
Тэр үеийг хүртэл монголчуудын огт мэддэггүй байсан зохион байгуулалтын хэлбэр болох нам, залуучуудын эвлэл, эмэгтэйчүүдийн эвлэл бий болсон нь хожмын үйл явдлын өрнөл, суртал ухуулга, гуйвуулгыг эс тооцвол эхэн үедээ тодорхой дэвшил байсан. Тэдгээр байгууллага нь монголчуудыг төвлөрсөн зарчмаар босоо болон хэвтээ чиглэлд, улс орны хэмжээнд харилцан холбоо бүхий сүлжээнд хамруулан зохион байгуулж байсан агаад нам нь арай ч хараахан „санаа нэгт элитүүдийн клуб“ шиг байгаагүй, харин хожим Зөвлөлтийн жишгээр тийм болж хувирсан билээ. Асар уудам нутаг дэвсгэр дээр маш их тархай бутархай, голлон нүүдэллэн амьдарч байсан ард түмэн „ойртон нягтрав“. Нийгэм ч нэгдэн нягтарчээ. Ингээд Монголын нийгэмд олон нийтийн үйл ажиллагааны талбар бий болж, түүнд оролцож, хоорондоо зүйл бүрээр харилцах хүмүүсийн хүсэл сонирхол ч нэмэгдсэн байна. Түүний хамт нийгэм хамт олны дунд байх хэрэгцээ шаардлага бүр ч ихэссэн нь нүүдэлчин амьдралын нөхцөлд үнэхээрийн онцлог, шинэ сэргэг зүйл байлаа.
Шарын шашны сүм хийдийг бодвол идэвхтэй харилцаа, оролцоонд урин дуудсан энэ олон нийтийн үйл ажиллагааны талбар үүсэн бий болсны дүнд олон нийтийн хурал цуглаан зэргийг зохион байгуулах байр талбай бий болгох шаардлагатай болсон нь төдийлөн хотжиж амжаагүй байсан Монголын хувьд шинэ зүйл байв. Эсгий гэр ч олон нийтийн байр болж болдог нь тэр үед зарим нэг хүнд ер бусын санагдаж байсан нь лав. Мөн нийтийн хүртээл болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг тогтмол сонин хэвлэлүүд ч шинээр бий болсон олон нийтийн дунд чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Монгол Ардын Намын Төв Хороо 1923 оны 9-р сарын 18-нд „Төвийн сонин сэтгүүлийг тогтмол хэвлэн гаргах тухай“ тогтоол гаргажээ. Түүний дараачаас Ардын эрх, Үнэн зэрэг долоо хоног тутмын сонингууд 3 мянга орчим хувиар хэвлэгдэн гарах болов. Засгийн газрын үйл ажиллагаа, засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалт, нам, олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааны үрээр хэвлэн нийтлэх ажиллагаа, бичиг ном, сонин зэргийг монгол хэлээр нийтлэх ажил асар их хурдацтай нэмэгдсэн байна. Зөвлөлт Орос улс хэвлэлийн машин, цаас нийлүүлэх зэргээр логистик нөхцөлийг нь бүрдүүлж,
шаардлагатай техникийн боловсон хүчнийг нь сургаж өгч байв. Тэр үеийн мэдээ баримтаас үзвэл хожим ачаалж, бүр хэт их ачаалж өгсөн үзэл суртлын агуулгаас ангид ард түмний өргөн давхаргад чиглэж байсан шинэ олон нийт хийгээд харилцаа холбооны үйл ажиллагаа нь давын өмнө үндэсний төр улсаа бэхжүүлэх болон соёлын асуудлуудыг өргөн утгаар нь тойрон эргэлдэж байжээ. Улам олон хүн уншдаг, бичдэг болж эхлэв. 1927, 1928 оны тоо баримтаас үзэхэд 10,7 болон 12,4 хувь нь монгол бичгийг, 17,6 болон 21,3 хувь нь төвд бичгийн хэлийг эзэмшсэн байсан7 агаад төвд хэлийг ихэнх лам нар идэвхгүй эзэмшдэг байж. Өөрөөр хэлбэл тэд уншдаг ч уншсанаа ойлгодоггүй байсан юмсанж.
Бичиг ном нэн өргөн хүрээг хамарч, чанар нь сайжрав. Зөвхөн 1920-иод онд газарзүй, математикийн зэрэг чиглэлээр 800.000 орчим сурах бичиг хэвлэгдэн гарсан байна. 1921-1940 оны хооронд улс төр, эдийн засаг, хуулийн утга агуулга бүхий 400 орчим номыг нийт 650.000 хувиар хэвлэн гаргажээ. Юм уншдаг болж, шинээр бий болсон олон нийтийн үйл ажиллагааны талбарт харилцах хэрэгсэл болсон ярианы хэл түүний үрээр баяжсан нь тэр үеийн монгол хэлэнд үлэмж их нөлөө үзүүлсэн байна. Үгийн сан хөгжиж, нарийсан төгөлдөржиж, хэлний хэм хэмжээг тогтоох хэрэгцээ шаардлага ихэсчээ. Нөгөө талаар олон нийтийн харилцаанд оролцох болсноор хүмүүсийн хэлний чадвар ч сайжирсан. Энэ бүх үйл явц эцэстээ нэг л зүйлд, соёлын мөн чанар улам бэхжин батжихад хүргэсэн нь үндэсний эх оронч ухамсар улам дээшилснээр илэрлээ олсон билээ. Соёлын мөн чанар нь чанарын хувьд бэхжин батажсаны дүнд Орост амьдардаг буриудууд, өвөр монголчууд БНМАУ-д амьдардаг монголчуудааас соёлын хувьд холболтыг ямар нэгэн хэмжээгээр алдсан.
Соёл-эдийн засгийн хувьд зааглан тусгаарласан нь
өөрийн соёлын мөн чанарын угтвар нөхцөл болсон нь
Монгол улсын харъяат ард түмний соёлын мөн чанар нь Хятад улс, хятадууд болон Хятадын соёлоос заагтай тусдаа тодорхойлогдох ёстой гэдэг дээр Монголын олон нийтийн санаа бодол нийлж байв. Ийнхүү зааглан тусгаарлах нь ч гэсэн мөн чанарыг тэтгэсэн хэрэг байв. Большевикууд болон Коминтерн дэлхийн хувьсгал хийх төлөвлөгөөнд нь харшлаагүй тодорхой хүрээнд, тодорхой хил хязгаарын дотор энэ хандлагыг хүлээн зөвшөөрч, дэмжиж байлаа. Зөвлөлтийнхөн Монголын дотоодын тогтвортой байдлыг чухалчлан үзэж үлэмж сонирхож байсан тул дотоод бүрэн эрхийнх нь асуудал дээр монголчуудыг дэмжиж байсан. Түүнд нь Монголд дахин хүчтэй байр суурь эзлэх болсон Хятадын худалдааны пүүсүүд сөргөөр нөлөөлж байв. 1923 онд 1571 хятад худалдааны пүүс ажиллаж, урьдын адил боловсруулалгүй тэр чигээр нь Хятадын зах зээлд гаргадаг малын түүхий эд болон хүн амын өргөн хэрэглээний барааны худалдааг бараг тэр чигээр нь гартаа авчээ. Улаанбаатарт л гэхэд 1924 онд хотын хүн амын 40 орчим хувь нь хятадууд байсан нь монголчуудын нүдэнд тэвчихүйеэ бэрх үзэгдэл байж.8 Эмх журамгүй „мөнгөний зах зээл“-д хятад, мексик мөнгөн доллар, Хаант Оросын үеийн рубль, Хамбургийн мөнгө эргэлдэж байсан нь хятад худалдааны пүүсүүдийн арилжаа наймаанд үлэмж таатай нөлөө үзүүлж байв. Монгол Улсын Засгийн газар худалдааны пүүсүүдийн тоог цөөлж, арилжаа наймаа хийх зөвшөөрлийг нь цуцлах зэргээр эрхийг нь хязгаарлан, хятадуудын шинээр орж ирэх асуудлыг нарийн журамлах болов. Худалдааны пүүсүүдэд монголчуудын тавьсан өрийг зарлигаар хүчингүй болгож, тэдэнд өндөр албан татвар, гаалийн татвар ногдуулах болов. Улс төрийн шинэ ангийн хувьд „Хятад худалдааны пүүсүүдтэй хамтран ажиллах явдал“ ял шийтгэл оногдуулбал зохих хэрэг болж, түүний тусламжтайгаар „ардын дайснууд“, улс төрийн сөргөлдөгчид юмуу өрсөлдөгчдөө эгнэгт замаасаа зайлуулах болжээ. Тухайлбал МАН-ын тэргүүлэгч гишүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч С. Данзанг нэгэн заналт хятад худалдааны пүүстэй хамтран ажилласан, „Хятадын империалист хувьсгалын эсэргүү бүлгийн биет төлөөлөгч“ хэмээн буруутгасан байдаг. Түүнийг ямар ч шүүхийн тогтоолгүйгээр буудан хороосон байна.9
1924 оны 5-р сарын 20-ны үеэр (?) Богд хаан таалал төгсчээ. Түүний дараачаар Зөвлөлт Орос улсын Засгийн газар Хятадын Бүгд Найрамдах Улсын Засгийн газартай 1924 оны 5-р сарын 31-ний өдөр хэлэлцээр байгуулж, „Ар Монгол Хятадын Бүгд Найрамдах Улсын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох“-ыг хүлээн зөвшөөрөөд тэндэх „Хятадын бүрэн эрх“-ийг хүндэтгэх болсон байна.10 Монголын улс төрийн хүрээнийхэнд үүнийгээ дипломат арга мэх болгож арилжихад бэрх байв. Харин Монголын дотоод бүрэн эрхийг бататгаж, тус улсыг эдийн засгийн хувьд Хятадаас салгах хүчин чармайлтаа Зөвлөлт Орос улс эрчимжүүлсэн тэр хэрээр тэд тайвширсан аж. Тийнхүү Зөвлөлт Орос улсын Засгийн газар 1924 оны 4-р сарын 16-ны өдөр Монгол Улстай хамтарсан аж үйлдвэр-худалдааны банк „Монгол банк“-ыг байгуулахаар тогтсон нь удалгүй төв банкны эрхийг авсан. 1924 оны сүүлчээр хуралдсан Улсын анхдугаар их хурлын үеэр 11-р сарын 26-ны өдөр анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ-)-ыг тунхаглажээ. Үндсэн хуульд „гадаадын харгис шунахай этгээдүүдтэй сүлбэлдэж“ үүссэн бүх өрийг хүчингүй болгох тухай хэсэг орсон байв.11 1925 оноос үндэсний мөнгөн тэмдэгт „төгрөг“-ийг гаргаж, „Монгол банк“ 1927 оноос үндэсний хэмжээний бүх төлбөр тооцоог зөвхөн төгрөгөөр хийлгэх болов. Монголчуудын хувьд төрийнх нь далбаа, зоос, мөнгөн дэвсгэртүүд дээрх бэлгэ тэмдэг болсон соёмбо үсэг бүхий „төгрөг“ нь Хятадаас эдийн засгийн хувьд бүрмөсөн салан тусгаарласныг нь бэлгэдсэн төр улсынх нь мөн чанарын тодорхой таних тэмдэг болжээ. Цорын ганц арилжааны банк нь байсан Төв банкныхаа удирдлагын дор өөрийн үндэсний улсын мөнгөний зах зээлд орсноороо монголчууд Европын нийтлэг эдийн засгийн механизмтай холбогдсон юм. Ингээд монголчууд бүгд улам бүр зөвлөлт маягийн хэв шинжийг олох болсон таваар-мөнгөний харилцааны субъект ч, бас обьект ч болсон билээ. Сурч мэдсэнийх нь үр дүн ч багагүй гарч, юутай ч юмс гэнэт „мөнгөний үнэ цэнэтэй болдгийг“ ухаарсан агаад 1925-1927 онд монгол хэлнээ хөрвүүлсэн Карл Марксын „Капитал“-ын „Хөлсний хөдөлмөр ба капитал“ бүлгийг уншиж, ойлгосон хүн тэр байтугай ихийг ухаарсан буй.
Улсын анхдугаар их хурлын үеэр хэлэлцсэн асуудлуудын нэг нь нийслэл хот (тэр үеийг хүртэлх Нийслэл хүрээ = „Нийслэл-хийд“)-од нэр өгөх асуудал байв. Нэг төлөөлөгчийг нийслэлээ „Монгол Ардын Намын Бээжин“ гэж нэрлэе гэхэд нь Ерөнхий сайд наадах чинь хятад үг байна хэмээн эрс татгалзжээ. Тэгэхэд нь Коминтерны төлөөлөгч Рыскулов: „Чингис баатар дэлхийг эзэлсэн, улаан Баатар дарлагдсан, хүчин мөхөс ард түмэнд эрх чөлөө олгоно.“12 гэж хэлсэн байна. Тэгээд нийслэл хотоо „Улаанбаатар“ гэж нэрлэх болжээ. Тэр сацуу Ерөнхий сайд Цэрэндорж тэр үеийг хүртэл хэрэглэж байсан төвд, хятад цаг тооллын оронд европ (Грегорын) тооллыг хэрэглэх санал дэвшүүлжээ.13 Дараахан нь Засгийн газар „Монгол улсын аливаа хэмжих нэгжийн талаарх журам“-ыг баталсан байна. Энэ журмаар тэр үеийг хүртэл хэрэглэж байсан гол төлөв хятад хэмжих нэгжийг орос (европ) болгож хөрвүүлэхэд харьцуулах тогтмол хэмжигдэхүүнийг тогтоон өгч, сүүлчийнхэд нь шилжих чигийг гаргаж, хэмжүүрийн дүрмийг баталж өгчээ. Ялангуяа зарим бүлгийг нь 1926-1929 оны хооронд баталсан иргэний хуулийг хэрэгжүүлснээр Европын олон хэм хэмжээ төдийлөн нүдэнд үзэгдэж харагдахгүйгээр монголчуудын амьдралд, мөн иргэд хоорондын харилцаанд нэвтэрч, хэвшин тогтсон ажээ. Зөвлөлт Оросын зөвлөхүүд төслийг нь боловсруулж өгсөн засаг захиргааны шинэ тогтолцооны хэм хэмжээг ажил хэрэг болгох замаар энэ үйл явцыг нөхөн гүйцэлдүүлсэн.
Монгол улс „монголчуудын гал голомт“, Төвдийн түнш үү?
Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан Улсын анхдугаар их хурлын (1924 оны 11-р сарын 8-28) хуралдаанд Зөвлөлт Оросын Автономит Буриадын буриадууд, казахууд, төвдүүд, Зүүн Монголын Барга, Зүүн өмнөд Монголын Ордосын төлөөлөгчид мөн оролцсон байна. Тэд хэлсэн үгэндээ маш товчхон ч гэсэн БНМАУ-ын монголчууд болон өөрсдийн хоорондын харилцааны талаар санаа бодлоо илэрхийлжээ. Буриадын төлөөлөгч „монгол ах дүү нар“-таа „Буриад-Монголын ард түмэн“-ий нэрийн өмнөөс баяр хүргэсэн байна. Тэрээр юуны өмнө „Азид амьдардаг халх монголчууд болон буриад монголчууд“ „эрх чөлөөт төр улс“-аа байгуулсныг онцолжээ. Төвдийн төлөөлөгч монголчууд Алтан хааны үеэс Далай ламаар уламжлан шашныг тэтгэн дэмжиж ирснийг заажээ. Төвд монголчуудын үйл хэрэгт итгэж байна гэжээ. Хоёулаа буддын шашныг „наран мэт мандуулж“, „гадаад, дотоодын дайсан халдашгүй уул мэт“ байх хэрэгтэйг хэлсэн байна. Баргын төлөөлөгч „бидний монгол овогтнууд эрт дээр цагаас хагарч бутран, гадаадын харгисуудад мөлжигдөж ирсэн“-ийг дурьдсан байна. Барга Ар Монгол шиг Манжаас салж, тусгаар улсаа байгуулж эс чадсанд харамслаа илэрхийлжээ. Гэхдээ „Монгол ардын засгийн соёл, дэг журамд итгэлтэй байна“ гэжээ. Мөн „Хятадын гарт захирагдаж байгаа“ Ордос ч гэсэн „сэтгэл санаагаараа“ Бүгд Найрамдах Монгол Ард Улстай холбоотой байж, түүнээс үлгэр дуурайл авахыг хичээх болно гэж Ордосын төлөөлөгч хэлжээ.
Яагаад Буриад, Казах, Төвд, Барга, Ордосын буриадаас бусдынх нь төлөөлөгчид бүхэл бүтэн ард түмнээ бус, хувьсгалт жижиг бүлгүүдийг төлөөлж Улсын анхдугаар их хуралд оролцох болов? БНМАУ/МАХН анхнаасаа монгол үндэсний төр улсаа байгуулаад зогсохгүй, хагарч бутарсан монгол туургатан ард түмнүүдийг нэгтгэх зорилго тавьж, түүнийгээ урьдын адил их бага ямар нэг хэмжээгээр ил тод илэрхийлсээр байсан нь түүний гол шалтгаан байсан. Гэхдээ энэ санаа зорилго нь зөвхөн зүүн болон өмнөдийн Барга, Өвөр Монголд л чиглэж байсныг анзаарахгүй байж болохгүй. Буриадыг бүр 1921 онд „Буриад-Монголын Автономит муж“ байгуулах замаар „Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс“-ын бүрэлдэхүүнд, 1923 онд „Буриад-Монголын Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс“-ыг байгуулах замаар Зөвлөлт Орос улс, ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан байсан юм. Тэр тусмаа зөвлөлтийнхөн нутаг дэвсгэрийн асуудлаар буулт хийхийг зөвшөөрдөггүй байсан болохоор Монголын тэрхүү нэгтгэх үзэл баримтлалд Буриадыг авч үзэх аргагүй байв. Монголд ойр Урианхайд ч бас зөвлөлтийнхөн бүр 1921 онд „Бүгд Найрамдах Тагна-Тува Ард Улс“-ыг байгуулсан билээ. Ар Монголын удирдлагын умардад чиглэсэн нэгтгэх санаархал тэгсгээд замхарчээ.
Монголчуудын Барга, Өвөр Монголын талаарх санаа бодлыг юутай ч Коминтерн дэмжиж байсан агаад Хятадад дэлхийн хувьсгалыг өрнүүлэх төлөвлөгөөнийхөө логистик бааз болгоход нь Ар, Өвөр Монгол тэдэнд хэрэгтэй байв. Өнгөрсөн түүхийг сөхөх аваас Орос, Хятадын хувьсгалыг хооронд нь холбож өгөх үүргийг Коминтерн тийнхүү Монголд оноосон болох нь мэдэгдэнэ. Харин Монголын удирдлага арай илүү бие даасан байдалтайгаар энэ холбогчийн үүргийг гүйцэтгэхийг оролдож байж. Тэд Барга, Өвөр Монголтой үнэн хэрэгтээ ямархуу хэр хэмжээнд харилцаж байгаагаа Коминтернээс нууж байв. Мөн Гоминдантай анх харилцаж байхдаа ч гэсэн өөрийнхөө асуудлыг чухалчлахыг оролдож байж. Тэд Монгол Улсын тусгаар тогтнол, хараат бус байдлыг хүлээн зөвшөөрөхөд Гоминдан хэр бэлэн байгааг олж мэдэхийг хүсч байсан. Харин Коминтерн үүнийг нь олж мэдчихээд эцэст нь Баргын нутаг, Өвөр Монгол дахь улс төрийн үйл ажиллагааныхаа удирдлагыг гартаа авахаар шийдсэн байна. МАХН-ын удирдлагын үйл ажиллагааг зогсоов. Байдал ямар ноцтой болсныг ойлгог гэсэндээ Нармай Монголын үзэл санаа өвөрлөсөн гэсэн зэм хүртээв. Ийм хэл яриаг Улаанбаатар дахь МАХН-ын удирдлага аль хэдийнээ ойлгодог болсон байлаа. Москвагаас өгсөн зааврыг зөрчих аваас амь амьдралаараа дэнчин тавих болдог тэр цэгт нэгэнт хүрснээ тэд ойлгожээ.
Гэсэн ч Монголын удирдлага сонирхолтой зүйлийг олж мэдсэн байна. Монгол Улсын нэр нөлөө нэмэгдсэн байлаа. Уг нөлөөгөө улс төрийн хувьд ашиглан бараг дийлдэшгүй мэт санагдаж байсан зөвлөлтийнхөнд төвөг удаж эхэлсэн нь илт. Тэд өөрсөддөө улам итгэлтэй болж, үндэсний төр улсаараа бахархан, төр улсаа цааш нь тогтворжуулах ёстой гэдгийг ойлгож байв. Тогтвортой үндэсний төр улсын талаарх тэдний тэр үеийн ойлголтоор бол урьдын адил Монголд амьдарч буй хятадуудын тоог байнга цөөлж байх ёстой байв. Хятад гар урчууд, ажилчдаас татагалзах нь Монголд хэцүү байсан тул зөвлөлтийнхөн Монгол дахь орос, буриад ажилчдын тоог нэмэгдүүлжээ. 1933 оны үед Улаанбаатарт байсан хятадуудын тоо бүр 5.000 орчим болж цөөрчээ.14 1934 он гэхэд хятадуудаас хамаагүй олон орос, буриадууд цөөн тооны үйлдвэрийн газар болон тээврийн байгууллагад нь ажиллах болсон байна.15 Харин буриадуудтай тэртээ тэргүй, оросуудтай бол хуучин Орос, улмаар Зөвлөлт Холбоот Улсын Монголд гүйцэтгэсэн үүргээс улбаалан ойрын холбоотойгоо тэд мэдэрч байв.
Европод тэмүүлсэн нь
Зөвлөхүүд нь Монголд Европын техник, технологи, соёл, урлаг, шинжлэх ухаан, үнэт зүйлсийг нэвтрүүлэх талаар байн байн ярьдаг зөвлөлтийнхний үгэнд МАХН-ын удирдлага итгэж байв. Өөрсдийнх нь соёлын мөн чанарыг төлөвшүүлэхэд оюуны түлхэц хэрэгтэй байгааг тэд аль хэдийнээ ухаарсан байлаа. Зарим удирдах ажилтан нь энэ талаарх яриандаа юуны өмнө Германаас ихээхэн түлхэц авч, япончуудын соёлын мөн чанарыг бататгахын сацуу Японд эргэлзээгүй шинэчлэлийн хүч өгсөн Мэйжийн хувьсгалаас байн байн жишээ татдаг байв. 1925 онд МАХН намынхаа мөрийн хөтөлбөрт 10 жилийн хугацаанд латин цагаан толгойг туршилтын журмаар хэрэглэж, дараа нь тэр үеийг хүртэл хэрэглэж заншсан монгол бичгийн оронд нэвтрүүлэх зорилт тавьсан байна. Монголын удирдлага Герман, Франц, Итали улсуудыг овоо хараандаа авав. Тэр бүү хэл зарим нь өөрийн биеэр тийшээ аялсан ажээ. Германы тусламжтайгаар Улаанбаатарт төмрийн завод зэрэг анхны жижиг фабрикууд баригдав. Бас нөлөө үзүүлсэн нэг зүйл нь монгол залуучуудыг хэдэн жилийн хугацаагаар Герман, Францад сургасан явдал байсан нь дамжиггүй. 1929 онд буцаж ирснийхээ дараа юм хийж бүтээх гэсэн тэдний урам зориг эрч хүч ямар ч гэсэн нийслэл Улаанбаатар хотод мэдэгдэж мэдрэгдэж байсан ажээ. „Герман хэл, соёлыг сонирхохын зэрэгцээ ажиллаж байсан салбар бүртээ өөрсдөө германчуудын ажлын арга барилын үлгэр жишээ болж, Германд эзэмшсэн зүйлээ ажил, амьдралынхаа хэв маягаар сурталчлан, дэлгэрүүлэх хэлбэрийг бий болгосон нь тэдгээр залуучуудын нэг онцлог байв. Тэд байж болох бүхий л салбарт техникийн мэдлэгээ ашиглаж, Европын уран зохиолын төрөл зүйлийг монгол хэлээр дамжуулан утга төгөлдөр илэрхийлэн, улам хөгжүүлж, уран зургийн шинэ хэв маягийг бий болгож… нийслэлийн залуучуудын дунд европ хувцас өмсөх, унадаг дугуй, зургийн аппарат, бичгийн машин хэрэглэх зэрэг Барууны амьдралын хэв маягийг анх дэлгэрүүлсэн байна.“16 Тэрчлэн Монголын үндэсний зохиолч Д. Нацагдорж Германаас Брокхаусын нэвтэрхий толь авчран удаан хугацаагаар байнга хэрэглэж байсан байдаг.
Тэгэхлээр үзүүлсэн нөлөө нь янз бүр агаад илт зүйл бүрийн нөлөө үзүүлж байсан нь „германчууд“-ыг 1929 онд буцаж ирсний дараа зөвлөлтийнхөн хараа хяналтдаа авч, тэр бүү хэл хожим баривчлан хориулж байснаас харагдана. Харин манлайлагч залуу монголчуудын толгойд элдвийн юм эргэлдэж эхэлжээ. Сэтгэлийг нь эзэмдсэн санаа сэдлээ тэд янз бүрийн байдлаар олж авч байж. Залуучуудын эвлэлийн харъяанд 1929 онд байгуулагдсан „Бурхангүйчүүдийн эвлэл“-ийн зорилго улс төрийнх байсан нь лавтай ч гишүүд нь монгол хэлний зэрэгцээ арифметик, газарзүй, БНМАУ, МАХН-ын түүхийг заадаг зуны сургалтуудад бас хамрагддаг байв. Тэр үеийг хүртэл Монголд тэдгээр мэргэжлийг дөнгөж мэдэх төдий байжээ. 1930 онд 400 багшийг сургаж бэлтгэсэн бөгөөд тэд бичиг үсэгт тайлагдах зургаан сарын курсээр юуны өмнө монгол хэл зааж байв. Тэр жилдээ хүүхдүүдийн хичээлд хэрэглэх монгол хэлний анхны цагаан толгой хэвлэгдэн гарчээ.17 Энэ маягаар монгол хэлийг анх удаа системтэй өргөн хүрээнд заах болсон байна.
1930-аад оны үед А. С. Пушкин, Л. Н. Толстой, Н. В. Гоголь, И. С. Тургенев, А. Чехов нарын зохиол бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлсэн нь онцгой ач холбогдолтой. Тэрчлэн орос хэлээр дамжуулан Жюль Верн, Эдгар Алан По, мөн Боккаччиогийн „Декамарон“-ыг хүртэл монгол хэлэнд хөрвүүлсэн байна. Уран зохиолын ийм хэв маяг, үг хэллэгийг монгол хэлний хэрэглүүрийн тусламжтайгаар үзтэл ингэж буулгаж болж байсан нь үнэнхүү шинэлэг байв. Өөрсдийнх нь хэл эрт дээр үеэс хэлний зохих хэрэглэгдэхүүн бүхий номын хэл байсныг дан ганц энэ туршлага л гэхэд олон монголчуудад анх ойлгуулсан. Дээр нь бас эдгээр ном зохиол Европын сэтгэхүй, ажлын арга барилтай уншигчдаа илүүтэй танилцуулсан. 1935 он гэхэд 36в162 хүн бичиг үсэгт тайлагдсан байсан гэдэг, тэгэхлээр тэдэнд багагүй оюуны түлхэц өгсөн хэрэг.18 Орос, монгол хэл „хоорондоо харилцах“ болж, эхлээд оросоос-монгол хэлний чиглэлд холбогдох толь бичгүүд гарав. Тэр үед орос хэл сурсан Бямбын Ринчен зэрэг монголчуудын хувьд орос хэл эзэмших явдал урьд нь олж мэдсэн зөвхөн Азиас эх үндэстэй туршлагаас нь огт өөр цоо шинэ ертөнцийг байлдан дагуулсантай адил хэрэг байжээ. Ринчен „гайхаж алмайрсан нүднийх нь өмнө нэгэн сонирхолтой, шинэ, гайхалтай ертөнц нээгдэж ил гарсан.“19 тухай дурссан буй.
Анхны үндэсний түүх
1933 онд нам, төрийн удирдлагын томилсон комисс БНМАУ-ын анхны үндсэн хуулийг баталсны 10 жилийн ойг тохиолдуулан үндэсний түүхээ бичиж, нийтлүүлэх шийдвэр гаргажээ. Зохиогчид нь хүртэл шинэ элитэд ордог нэр төртэй хүмүүс байв: Эхний хоёр ботийг нь хуучин ерөнхий сайд байсан, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга А. Амар бичих болжээ. Харин 1934 онд монголчуудын уг гарлаас Чингис хааныг хүртэлх үеийн түүхийн тухай гардаг эхний ботийг нь л нийтэлсэн байна. Тэрээр уг ботийг хэвлэгдэхэд „Чингисийн 773 дахь он“ хэмээн огноолсон нь сонин. Шинжлэх Ухааны Хүрээлэн (Шинжлэх Ухааны Академийн өмнөх байгууллага)-гийн дарга Л. Дэндэв „Шашин, төрийг хослуулсан Монгол Улсын хаант засаг“ (1911-1919)-ийн түүхийг харуулсан 2 дахь ботийг бичсэн байна. Сайд Х. Чойбалсан, үйлдвэрчний байгууллагын тэргүүн Д. Лосол, ерөнхий сайдын орлогч Г. Дэмид нар хувьсгал (1921 оныг хэлжээ)-ын үеийн түүхийн талаарх гутгаар ботийг бичжээ. Үндэсний түүхийн талаасаа юуны өмнө Амарын бичсэн боть онц сонирхолтой байдаг. Амар түүндээ монголчууд аль VI-VII зууны үед түүхэнд мэдэгдэж байсан талаар бичээд түүнээс ч эрт үеийн түүхийн талаар таамаглах орон зай үлдээсэн байна. Монголчуудыг тэр үед бусад ард түмнээс илт давуу болгож төр, эрх зүй, цэрэг, аж төрөх ёсны чиглэлээр Чингис хааны соёл иргэншилд хийж бүтээж өгсөн үйлсийн талаар тэр гойд дэлгэрэнгүй бичжээ.20 Түүхийн баримтад тулгуурлан уншигчиддаа түүхэнд хийж бүтээснээрээ бахархах үндэсний бахархлыг төрүүлсэн бүтээл болсныг тухайн цаг үеийнхээ хувьд гайхмаар үзэл сурталч бус уг 3 ботийн агуулга харуулдаг. Тэр цаг үеийн байдал болон үндэсний ухамсар ихэд сэргэж байснаас үзэхүл бичиг үсэг мэддэг хүмүүсийн хүрээнд монголчуудын соёлын мөн чанар батжихад анхны энэ үндэсний түүх багагүй хувь нэмэр оруулсан бололтой. Үндэсний түүхэд орсон баримтууд нь сүрдүүлэг, басамжлал доромжлол (Хятад болон хятадуудтай холбоотой) зэрэг үндэсний домгийн нийтлэг элементүүдийг түүнээс ургуулан бодоход хүргэж байгаа нь сонин. Монголын түүх ч яв явсаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс үүсч бий болоход хүргэсэн нь мөн тийм элементийг сануулах агаад тэр нь төр улсаа сэргээн тогтоосон явдал нь болой.
Монгол дахь төрийн сталинист террор
Зөвлөлт төрийн террор ажиллагаа 1930-аад оны хоёрдугаар хагаст Монголд халин орж иржээ. Ингээд тус оронд нэг маягийн соёлын геноцид үйлдэхэд хүргэж, түүнд нь шинэ, хуучин элитүүд „хувьсгалын эсэргүү“, эсвэл „Японы тагнуул“ хэмээн буруутгагдаж бараг тэр чигээрээ хэлмэгдсэн юм. Хохирогчдын ихэнх нь боловсрол, сургалт, туршлагынхаа үр дүнд нийгмийн болон оюуны үлэмж их чадвар эзэмшсэн хүмүүс байв. Тэд шатлан захирах бүтэцтэй нийгмийн пирамидын орой, үндсэндээ тэр үед хэнээр ч орлуулахын аргагүй байсан нийгмийн соёлын ноён нуруу болж байсан билээ. Ноёд болон шарын шашны лам хуврагуудыг нийгмийн бүлгийнх нь хувьд бараг тэр чигээр нь устгасан. Мөн Монголын 700 орчим сүм хийдийн цөөн хэдээс бусдыг нь устгажээ. Түүний сацуу сүм хийдүүдийн номын санд хадгалагдаж байсан монгол, төвд судар номын ихэнх нь алга болсон. Арай залуу үеийнхэн террор ажиллагааны үр дүнг магад ч үгүй „түүхийн дарамт“ болон өөрсдийнх нь дургүй нэр хүндтэй хүмүүсээс салгасан явдал хэмээн үзсэн байж болох, харин тэгсэн эсэхийг хэзээ ч жинхэнээр нь тодруулж чадахгүй биз ээ. Нийгэм сэтгэлийн шарх олсон мэт сэтгэгдэл төрүүлж, хэдийгээр гүйцэтгэгчид нь өөрсдийнх нь хүмүүс байсан ч террор ажиллагаа зөвлөлтийнхнөөс эхлэлтэй гэж ойлгох явдал ч байв. Харин Зөвлөлтийн суртал ухуулга төрийн террор ажиллагааны улмаас нийгмийн сэтгэхүйд бий болсон айдас хүйдсийг Японы зүгээс бодитойгоор заналхийлж буй дайны аюулд хандуулахаа сайн мэдэж байлаа. Түүний зэрэгцээ нууцаар „Японы талд хүчин зүтгэсэн“ тэр олон „урвагчид“-ыг цаазлан хороох нь зөв байсан хэмээн монголчуудыг сэнхрүүлж байв. Зөвлөлтийн суртал ухуулгаар бол Монголын үндэсний төр улсад заналхийлж буй аюул нь Хятад биш, Япон байсан аж. Чингис хааны дурсгалыг Нармай Монголын үзэл санаа болон „Их Монголын төр улс“-ын үзэл баримтлалтай холбон сурталчилж байсан япончуудыг зөвлөлтийнхөн тэр үеийн Монголын нийгмийн сэтгэл зүйн байдлын улмаас бүр ч аюултайд тооцож байв. Энэ нь нэн ялангуяа төрийн террор ажиллагаа явуулж монголчуудын өшөө хорслыг сэдрээчихсэн байх вий хэмээн өөрсдөө ч айж байсантай нь бас холбоотой.
Үндэсний бахархлын шинэ хэмжээ далайц
Монголд бодлогоо ямагт олон чиглэлээр явуулж байсан Сталин террор ажиллагааг 1939 оны үед намжаав. Нэлээд хугацааны өмнөөс тэр Японы эсрэг хориглон хамгаалах байлдаанд бэлтгүүлэх болсон бөгөөд түүнийгээ Монголын зүүн хязгаараас явуулах бодолтой байжээ. 1939 онд Г. К. Жуковын командалсан Зөвлөлт-Монголын цэрэг Монголын дорнодын Халхын голд тэр цагийн цэргийн дэвшилтэт техникийн хамаг байдаг хүчээр Японы Квантуны армийн эсрэг хориглон хамгаалах байлдаан хийж, тэр тулалдаанд япончууд ялагдал хүлээсэн билээ. Япон 1941 онд Зөвлөлт Холбоот Улстай төвийг сахих гэрээ байгуулахаас өөр аргагүй болсон агаад уг гэрээ 1945 оныг хүртэл үйлчилж, дэлхийн 2-р дайны явцад Зөвлөлт Холбоот Улс төдийгүй АНУ-д ч ашигтай нөлөө үзүүлсэн юм. АНУ-ын дэд ерөнхийлөгч Г. А. Уэльс 1946 онд Халхын голын байлдааны тухай: „Тиймээс Зөвлөлт-Монголын гэрээ нь дэлхийн дайны энэ үед Америкийг хамгаалах цайзын үүрэг гүйцэтгэлээ. Өнгөрсөн хугацаанд Зөвлөлт, Монголын ард түмнүүдийн урт удаан хугацааны найрамдал бидэнд ашигтай нөлөө үзүүлсэн“21 гэж хэлж байв. Зөвлөлт Холбоот Улс Халхын голын байлдааны дүнд монголчуудад өөрсдийгөө „Монголын аврагч“ маягаар харуулах болов. Монголтой тогтоож, Халхын голд амьдрах чадвартайгаа харуулсан „нугарашгүй зэвсэг нэгт ахан дүүсийн холбоо“-ны талаар ярих болжээ. 1944 онд болсон Ялтын бага хурлын үеэр Сталин Ар Монголын статус-квог ялсан гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлсэн байна. Хэлэлцээний ширээнд Зөвлөлтийн шилдэг дипломатч И. M. Mайский ч бас сууж байсан агаад түүний дүн шинжилгээ хийж, алсыг харсан „Орчин үеийн Монгол Улс“ номтой монголчууд 1921 онд танилцсан байдаг.
1945 онд генерал И. А. Плиевийн командалсан Зөвлөлт, Монголын цэрэг Өвөр Монголын нутаг дэсгэрийн гүнд цөмрөн оржээ. Тэд маршал Р. Малиновскийн удирдсэн Өвөр Байгалийн фронттой хүч хавсран Японы Квантуны армийг бут цохих ёстой байв. Зөвлөлт-Монголын цэрэг Долоон нуур, Жэхэ, Хаалганыг эзэлсэн байна. Хаалганыг эзэлж авсны дараа Монгол Улсын Жанжин штабын төлөөлөгч генерал Г. Рэндоо хуучин Японы талыг баримталж байсан „Өвөр Монголын Засгийн газар“-ын гишүүдийг хүлээн авахад тэд Өвөр Монголыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэгтгэхийг хүссэн ажээ. Гэтэл тэр завсар Зөвлөлт-Монголын цэрэг Өвөр Монголд үлдвэл бий болох аюулыг ойлгосон Хятадын Гадаад яамны сайд Ван Си Зы Бүгд Найрамдах Монгол Ард Улсын талаарх Сталины бодолтой санаа нийлсэн байлаа. Ар Монголын талаарх Ялтын шийдвэрийг „Ар Монгол“-д энэ асуудлаар бүх ард түмний санал хураалт явуулсан нөхцөлд Хятад улс зөвшөөрөхөөр болжээ. Уг санал хураалтыг явуулсны дараа Хятадын Засгийн газар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг дипломат ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Мао Цэдуны Засгийн газар 1949 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг мөн дипломат ёсоор хүлээн зөвшөөрчээ.
Японы Квантуны арми бууж өгч, түүнд Монголын Ардын армийн анги нэгтгэлүүд хувь нэмрээ оруулснаар Монгол Улс дэлхийн 2-р дайнд ялагч улсуудын нэг болсон билээ. Монголын төр улс Монголын дэлхийн эзэнт гүрний үеэс хойш анх удаагаа „дэлхийн хувь заяа“-г шийдэхэд оролцов. Монголчуудын үндэсний бахархал шинэ хэмжээ далайцад хүрч, Москва түүнээс улс төрийн хонжоо олов.
Социализмыг бүтээн байгуулж, боловсрол, мэдлэг европжсон нь
Зөвлөлт Холбоот Улс 1940 онд хуралдсан намынх нь X их хурлаас МАХН-аар чанарын шинэ эхлэл социализмыг бүтээн байгуулах болсныг зарлуулав. Цаг хугацаа ч тохиромжтой байв. Зөвлөлт, Монголын цэрэг Халхын голд ялалт байгуулсан нь төрийн
террор ажиллагаанаас үүдэлтэй эмзэглэлийг хүмүүсийн сэтгэлээс авч хаясан ажээ. Төрийн террор ажиллагааны үр дүн зөвхөн өөрсдөдөө үнэнч, ашигтай залуу хүмүүсийг нийгмийн пирамидын оройд гаргаж тавих тохиромжтой нөхцөл байдлыг зөвлөлтийнхөнд бий болгож өгсөн байна. Дунд хугацааны стратеги нь Монголын нийгмийн залуу үед чиглэх болов. Тэдний зорилго төсөөлөл нь үндсэндээ Монголыг Азитай холбосон нөхцөл байдлаас нь оюун санааны хувьд гарган авч, Европын үнэт зүйлс, боловсрол, соёл, техник, технологи, Зөвлөлтийн (марксист-ленинист) үзэл суртлаар дамжуулан өөрсөндөө улам ойртуулахад оршиж байв. Үүний тулд Зөвлөлт Холбоот Улс Монголд анх удаа бүх хүүхдэд системтэй сургуулийн боловсрол олгох баталгааг бүрдүүлж, мөн үндэсний сэхээтнийг ойрын ирээдүйд бий болгох иж бүрэн стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай болсон ажээ. Энэ чиглэлд хийх эхний алхам нь тэр үеийг хүртэл хэрэглэж байсан монгол бичгийг халах явдал байв. Монголын тал энэ чухал асуудлыг эхлээд хамт шийдэлцэх, тэр бүү хэл нэг „алхам цаашлах“ гэжээ. 1941 оны 2-р сарын 21-нд МАХН-ын ТХ, Сайд нарын Зөвлөл „Латин үсгийг үндэс болгож шинэ монгол үсгийг зохион хэрэглэх“ тухай 17/13 тоот хамтарсан тогтоолыг батлав. МАХН-ын ТХ, Сайд нарын Зөвлөл дараахан нь түүнээсээ буцаж 1941 оны 3-р сарын 25-нд кирил үсгийг нэвтрүүлэх тухай 22/18 дугаар тогтоолыг баталсан байна. Уг тогтоолд „Тус орны соёл боловсролын цаашдын хөгжилт нь гагцхүү Зөвлөлт Холбоот Улсын ард түмэнтэй найрсаг холбоог бэхжүүлэх, түүний баялаг соёлыг эзэмших замаар явах болно“22 гэжээ.
Шинэ үсгийг 1941 оны хичээлийн жилээс зааж эхлэв. 1943 оноос хичээлд зориулсан монгол хэлний цагаан толгой кирил үсгээр гарсан. 1944 он гэхэд 8-12 насны 31822 сурагч энэ стандартын дагуу уг үсгийг сурах болсон байна.23 Зөвхөн 1940-1945 оны хооронд шинэ цагаан толгой, сурах бичиг нийт 683000 хувиар хэвлэгдэн гарчээ.24 Тэрхүү залуу үеийн сурагчдаас бараг нэг нь ч хуучин монгол үсгээр уншиж, бичиж чадахгүй болсон байлаа. Хуучин ном судрын ихэнхийг тэртээ тэргүй Монгол дахь Зөвлөлт төрийн террор ажиллагааны үеэр устгасан байсан. Хуучин язгуур үндсийнхээ нэг гол хэсгээс хүйн холбоогоо тийнхүү тасалж, нийгмийг шашингүйжүүлэх ажил эрчимжин үйл явдлын энэ өрнөлийг эргэлт буцалтгүй болгож байх мэт сэтгэгдэл төрүүлж байв.
1940 оны 12-р сард Сайд нарын Зөвлөл Монгол Улсын анхны их сургууль болох Улсын Их сургуулийг байгуулахаар шийдвэрлэж, тус их сургууль 1942 онд зөвлөлт, монгол багш нар, 150 оюутантайгаар сургалтын ажлаа явуулж эхэлжээ. 1942-1943 оны хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөөнд монгол, орос хэлний зэрэгцээгээр Марксизм/Ленинизм, ерөнхий байгалийн ухаан, мөн анатоми, гистологи, тэр ч байтугай латин хэл орсон байв.25 Орчин үеийн байгалийн ухаан энэ маягаар Монголд нэвтэрсэн юм. Дэлхийн дайны нөхцөлд аюулгүй байдлыг нь Монголд „байлган хамгаалж“ байсан Зөвлөлтийн гайхалтай чадварлаг эрдэмтэд хичээл заах явдал цөөнгүй гарч байсан. Дайны цагийн хүнд нөхцөлд ч дэлхийн уран зохиолоос орчуулах ажлыг үргэлжлүүлж байв. 1940-1960 онд орчуулсан гадаадын уран зохиолын 58 хувь нь Орос, Зөвлөлтийн сонгодог бүтээлүүд байсан юм. Үлдсэн 42 хувийнх нь дотор Мопассан, Арагон, Бальзак, Гёте, Драйзер, Гюго, Марк Твен, Стендал, Шекспирийн хамгийн алдартай бүтээлүүд ч байв. Монгол Улс 1955 онд сургуулийн насны хүүхдийг сургуульд заавал сургах болсон тэр үеэс сурах бичиг маш их хувиар хэвлэгдэх болжээ. Сурах бичиг нь сургуулийн хэрэгцээнээс халин гарч гэр бүлийн дотор уншдаг цорын ганц ном болох тохиолдол цөөн бус байсан аж.
Эх оронч ухамсар, түүхээ мэддэг болсон нь
Юуны өмнө залуу үеийнхэн үйл явдлын энэ өрнөл эцэг, эх, эмээ, өвөөгийнх нь үеийнхтэй харьцуулбал дэвшил, Монголын төр улс л өөрсдөд нь олгож чадах боломж гэдгийг
ухаарч байв. Тэд өөрсдөө иргэд нь болсон Бүгд Найрамдах Монгол Ард Улсад илүү их эх оронч сэтгэлээр ханддаг болж, түүнд нь түүхээ тодорхой мэдэж ой тойндоо шингээх болсон нь улам дэм өгч байв. Түүнд нь уугуул нутаг орондоо бичигдсэн цорын ганц түүх болох „Монголын нууц товчоо“ чухал ач холбогдол үзүүлсэн агаад түүнийг Ц. Дамдинсүрэн 1947 хуучин монгол бичгээр, 1957 онд кирилээр нийтлүүлжээ. Дамдинсүрэн уг түүхийг хүмүүсийн унших дадал зуршилд тохируулан засч сайжруулсан ажээ. Түүний үрээр уг түүх хүн амын өргөн давхаргад Чингис хаан, Өгөөдэй хааны талаар зохих мэдлэгийг олгосон төдийгүй улс үндэстний дотор үндэсний ухамсар, өөртөө итгэх итгэл бий болж төлөвшихөд тус дөхөм үзүүлсэн байна.
Энэ үйл явцад монголчуудын түүхийн талаарх сурах бичиг, нэг сэдэвт зохиол бүтээлүүд онцгой үүрэг гүйцэтгэсэн. 1954 онд Зөвлөлт, Монголын түүхчдийн хамтран бичсэн анхны „Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх“ орос, монголоор хэвлэгдэн гарчээ.26 Гарчгаас нь БНМАУ-ын түүхийн талаар голлон бичсэн юм шиг харагдавч уг номонд Монголын түүхийг бүхэлд нь авч үзсэн нь хожмын түүх бичлэгт нийтлэг үзэгдэл болсон юм. Түүнээс хоёр жилийн өмнө Москвад Персийн түүхч Рашид ад-Диний бичиж Чингис хааны амьдралын талаар дэлгэрэнгүй мэдээлсэн түүхэн бүтээлийн орчуулгын эхний хоёр боть хэвлэгдэн гарсан байна. 1955 онд Монголын түүхч Ц. Пунцагноров „Монголын автономит үеийн түүх“-ээ тухайн үедээ олонд тооцогдох 15000 хувиар хэвлүүлжээ. Сонирхолтой нь Хятадын түүхчдийн бүтээлийг ч бас харгалзан үзсэн Пунцагноровын бүтээл нь эх сурвалжийг ул суурьтай судалж, дүгнэлт гаргаснаараа дээр дурдсан „Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх“-ээс ялгарна. 1957 онд И. Я. Златкин Москвад „Монголын шинэ болон шинэхэн үеийн түүхийн тойм“-ыг хэвлүүлсэн нь мөн л монгол хэл дээр нийтлэгдсэн байна. Тэр үед энэ бүх түүхийн тоймууд жаахан албан ёсны түүх бичлэгийн шинжтэй байв. Өдгөө үзэл суртлын утга агуулгынх нь улмаас яаж ч үнэлж дүгнэдэг байлаа гэсэн дурьдсан түүхийн бүтээлүүд нь тэр үед уншигчиддаа Монголын түүхийн цар хэмжээ, цогц байдлын талаар ойлголт төсөөлөл өгч, юуны өмнө түүхээрээ бахархах бахархлыг төрүүлж байсан агаад түүнд нь Чингис хааны түүх хамгийн их ач холбогдолтой байсан нь дамжиггүй. Чингис хаан монгол туургатнуудыг нэгтгэж, асар том дэлхийн гүрнийг байгуулж, монголчуудыг дэлхийд таниулсан. Үүгээр нь монгол хүн бүхэн бахархаж байв. Бараг хүн бүр „Монголын нууц товчоо“-ны холбогдох хэсгийг уншсан буюу хүнээр уншуулсан байв. Монголын намын дарга Ю. Цэдэнбал хүртэл өөрөө их хааныг гайхан биширдэг байсныг Зөвлөлтийн дипломатч Ш. Г. Надировын тэмдэглэлээс бид мэднэ. Надиров: „Ю. Цэдэнбал Чингис хаан хэмээх нэрэнд гүн хүндэтгэлтэй хандаж, монгол овог аймгуудыг нэгтгэн нягтруулах, тэдний төвлөрсөн хүчирхэг төр улсыг байгуулахад гүйцэтгэсэн үүргийг нь өндөр үнэлдэг байсан. Олон талын авъяас төгөлдөр Их хаанд сэтгэл ихэд татагддагаа тэр нууж хаадаггүй байсан.“27 гэж бичсэн буй.
БНМАУ, Өвөр Монголд Чингис хаанд хүндэтгэл үзүүлэх болсон нь
Ийнхүү үнэлж хүндэтгэдгээ Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ын монголчууд Өвөр Монголын монголчуудтай хуваалцаж байв. Мао Цэдуний удирдсан Коммунист Нам Хятадад социализмыг бүтээн байгуулах болсноос хойш хоёр талын хооронд чанарын хувьд шинэ, онцгой харилцаа тогтсон байна. Монголын анхны бие даасан төр улсад социализмыг хэрхэн бүтээн байгуулж байгааг өвөр монголчууд гярхай ажиглаж байсан бол нөгөө талаас БНХАУ-ын Автономит муж Өвөр Монголын амьдрал, түүнд Хятад болон хятадууд ямар үүрэг гүйцэтгэж байгааг БНМАУ-ын монголчууд маш анхааралтай ажиглаж байв. БНМАУ-ын Хятадтай харилцах харилцаа 1950-иад оны үед ялангуяа хоёр орны нийгэм улс төрийн чиг хандлага ижил төстэй байснаас юутай ч өнгөн дээрээ маш их сайжирсан ажээ. Хятад улс Монголын бүтээн байгуулалтад ихээхэн
тусламж үзүүлж байв. 9000-10000 орчим хятад ажилчид, мэргэжилтнүүд зарим нь гэр бүлийн хамт хоёр талын хэлэлцээрийн үндсэн дээр Монголд байнга байх болсон. Үзэл суртал ижил төстэй байсан нь хүмүүсийг хооронд нь ойртуулсан аж. Харин Хятадын удирдлага Сталин (1953), түүний Монгол дахь төлөөний хүн Х. Чойбалсан (1952) нарыг нас барсны дараа Монголын удирдлагын доторх эрх мэдлийн төлөөх тэмцлийг ар хударгаар нь өөрийн эрх ашигт нийцүүлэн өдөөхийг оролдох болжээ. Хятадын удирдлага БНМАУ, Өвөр Монголын хооронд онцгой харилцаа бий болсныг мэдэж байсан тул Өвөр Монгол дахь үйл явдлын өрнөлд тусгайлан анхаарах болов. Тиймээс 1954-1956 оны хооронд Эзэн хороо хошуунд Чингис хааны томоохон онгон баригдаж, Их хааныг тусгайлан тайж тахих болсон нь Монголын талаарх Мао Цэдун, түүний удирдлагын санаанд бүрэн нийцэж байв. Мао Цэдун бол улс төрчийн хувьд хатуу тооцоотой прагматикч, гэхдээ бас хятад хүний хувьд Хятадын газар нутгийн талаарх уламжлалт ойлголт төсөөлөлд бүрэн автсан хүн байлаа. Энэ нь 1954 оны 7-р сард Н. С. Хрущевтэй уулзахдаа Монголын тусгаар тогтнолын асуудлыг хэлэлцэхийг дахин оролдоход нь илт харагдсан юм.
1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тохиов. Хэдийгээр Монголын олон нийтийн дунд ил тодоор ярьдаг хүн байгаагүй ч энэ ой нийт монголчуудад хамгийн их ач холбогдолтой болохыг нийтээрээ зөвшөөрч байлаа. Тэр утгаараа Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх тухай МАХН-ын Улс төрийн Товчооны 1962 оны 2-р сарын 8-ны өдрийн тогтоол урьдчилан тааварлаагүй гэнэтийн дохио болжээ. Харин төд удалгүй 1962 оны 5-р сарын эхээр Зөвлөлтийн нөлөө бүхий „Түүхийн асуудлууд“ (Вопросы Истории) сэтгүүлд монголчуудын аль 1921 оноос мэдэх болсон И. М. Майскийн өгүүлэл „Чингис хаан“ гарчигтай нийтлэгдсэн байна.28
Майский Чингис хааны түүхэн үүргийн талаар хоорондоо зөрчилдсөн элдэв үнэлэлт дүгнэлт гарч байгааг заагаад Их хааны талаар өөрөө марксист-ленинист үнэлэлт дүгнэлт өгч байгаагаа тодорхой илэрхийлсэн байв. Майский Чингисийг 1211 оноос сөрөг үүрэг гүйцэтгэх болсон гэжээ. Түүнийхээр бол „дуусахыг мэддэггүй булаан эзлэлт“ нь „сая сая хүний амь амьдралыг бусниулж“, „нөхөж баршгүй материаллаг болон соёлын үнэт зүйлсийг устгаж“, „нийгэм, эдийн засгийн хөгжлийг сааруулж“, тэр бүү хэл „өөрийн монгол төр улсын хөгжил“-д хор хохирол учруулсан ажээ. Майский тэр үед „хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үйл хэрэгт асар их хор хохирол учирсан“ хэмээн дүгнэсэн байна. Монголчууд „бат тогтвортой эзэнт гүрнийг бий болгон, Ази, Европд ноёрхлоо удаан тогтоож“29 ч ядахдаа чадаагүй хэмээн онцолсноос нь тэднийг зориудаар басамжилсан өнгө аяс цухалзана.
Чингис хааны түүхийг нэг талыг барин тайлбарлаж, „марксч-ленинч“-ээр бут авсан нь санамсаргүй явдал бус, тодорхой зорилго чиглэлтэй хэрэг байлаа. Монгол Улс болон Өвөр Монголд ойн баярт зохих ёсоор бэлтгэж байгааг хэн ч анзааралгүй өнгөрөөгүй. Зөвлөлт-Хятадын харилцаа үзэл суртлын санал зөрөлдөөний улмаас улам хүйтэрч байсан тэр цаг үед хятадууд ч бас өөрийнхөө түүхийн нэг хэсэг гэж үзэж асан хамтын монгол түүхээр нь дамжин Улаанбаатар, Хөх хот (Бээжин)-ын хооронд үл үзэгдэх гүүр тавигдах бий хэмээн Москва болгоомжилж байв. Улаанбаатарт Улсын номын сангийн байранд болсон ойн баярын хурлын үеэр гэнэтхэн улиг болсон ялихгүй зүйлийг улс төрийн дуулиан болгож дэвэргэн хөөрөгджээ. Эцэст нь Улаанбаатарт болсон бага хурлын үеэр „Оросын эсрэг санаа бодол“ илэрсэн талаар ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н. С. Хрущевын түвшинд хүртэл мэдээлсэн аж. Тус бага хурлыг хариуцаж байсан Улс төрийн товчооны гишүүн Д. Төмөр-Очирыг „үндсэрхэг үзэл“ гаргаж, „Монгол-Зөвлөлтийн найрамдлыг хорлон бусниулах“ ажиллагаа явуулсан хэмээн буруутгасан авч
Зөвлөлтийн тал үнэндээ түүнийг, мөн магад ч үгүй удирдлагын бусад зарим хүнийг Хятадад хэт ойртсон гэж үзсэн болов уу.
Харин 1962 оны 6-р сард Өвөр Монголын Хөх хот (БНХАУ)-од болсон бага хурлаар тодорхой байр суурь илэрхийлжээ. Түүгээр бол Чингис хааны бий болгосон хаант улс нь Юань улсын үндэс суурь болсон. Түүгээрээ Чингис Хятадын уламжлалаар Юань улсын анхны эзэн хаан Тайзу-д тооцогдож байв. Юань улс Хятадын түүхэнд газар нутгийнх нь хагарал бутралыг эцэс болгосон их гавъяатай. Үүнийг нь юутай ч Монголын түүхийг Хятадын түүхэнд хамаатуулах гэсэн оролдлого хэмээн Москва, албан ёсны Улаанбаатарын хоёрын аль аль нь таамаглаж байв.
1962 оны үйл явдал БНМАУ-ын түүхийн шинжлэх ухааныг олон жил гацаасан. Эх сурвалжийн судалгаа бараг хийгдэхээ больсон. Түүхч Ш. Нацагдорж 1963 онд арвин их эх сурвалжийн судалгаанд тулгуурласан „Халхын товч түүх“-ийг зориглон нийтлүүлсэн нь юутай ч ер бусын хэрэг байв. Уг бүтээлд XVI зуунаас 1911 оныг хүртэлх халх монголчуудын түүхийг тусгаар тогтносон монгол үндэсний төр улс байгуулагдахад хүргэснийх нь хувьд нэгд нэггүй нарийвчлан авч үзсэн байдаг. Зохиогчийн үзэж байснаар энэ үйл явцад халх монголчууд гол үүрэг гүйцэтгэсэн ажээ. Нацагдорж Хятадын архивын зэрэгцээгээр „Зөвлөлт Холбоот Улс болон Хятад Улсын удирдсан социалист орнуудын түүхчдийн Монголын түүхийн талаар хийсэн судалгааны ажил“-ыг ашигласан тухайгаа Өмнөтгөлд нь дурьдсан буй.30
Тэгвэл Ц. Дамдинсүрэн 1976 онд л „Монголын нууц товчоо“-г дахин хэвлүүлсэн мэт. Хяналтын байгууллагаар уг түүх орсон ч их олон тоогоор 16000 хувь хэвлэгдсэн нь МАХН-ын удирдлага түүнийг нийтлүүлэх зөвшөөрөл өгсөн гэсэн үг юм. Монголчуудын угсаа гарлаас социализмын үе (1966)-ийг хүртэлх үеийг хамарсан Монголын түүхийн талаарх „БНМАУ-ын түүх“-ийн 3 боть 1966-1969 онд хэвлэгдэн гарсныг албан ёсны түүх байдлаар ашиглаж байв. Энэ 3 боть түүхийг Монголын түүхчдийн баг бичсэн ч нийт дүрслэл нь ойролцоодуу Орос, Зөвлөлтийн үндэсний түүхийн шинжийг агуулжээ. Түүний сацуу төслийг нь Москвагийн Дорно дахины академийн институтын монголч эрдэмтэд дахин хянаж уншсан болохыг Өмнөх үгнээс нь мэдэж болно. Боть тус бүр 10000 хувь хэвлэгдсэн нь МАХН-ын удирдлага өргөн олны хүртээл болгох сонирхолтой байсныг илтгэнэ.
ЭЗХТЗ-д элсч Европ руу хийсэн алхам
БНМАУ 1962 оны 6-р сарын 7-ны өдөр анхны Европын бус социалист орон болж Эдийн Засгийн Харилцан туслах Зөвлөл (ЭЗХТЗ/Comecon)-д элсчээ. Яагаад тус улсыг ингэж онцгойлох болсныг Монголын удирдлага сайн мэдэж байв. Монголд үзүүлдэг Хятадын эдийн засгийн тусламж зогсож, Хятадтай тогтоосон эдийн засгийн харилцаагаа царцаасныг нь ЭЗХТЗ-ийн эдийн засгийн механизмаар нөхөх хэрэгтэй болсон аж. ЭЗХТЗ-д элссэнээр улс ардын аж ахуйн төлөвлөгөөг харилцан зохицуулах замаар тус орны эдийн засгийг Европын ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын эдийн засгийн эвсэлд алхам алхмаар нэгтгэх үйл явц Монголд эхэлсэн байна. Түүний хамт өргөн хүрээтэй аж үйлдвэржилт, хотжилтын үндэс суурь тавигдаж, 1971 оноос ЭЗХТЗ-ийн цогцолбор программыг хэрэгжүүлэх болсноор уг үйл явц эхэлсэн. 1963 оны 2-р сард батлагдсан иргэний хуулиар түүнд шаардлагатай эрх зүйн хэм хэмжээний жагсаалт хүчин төгөлдөр үйлчлэх болж, эдгээр үйл явц болон түүнтэй холбоотой Монголд урьд хожид үзэгдээгүй ноу хау, техник, технологи, мэдлэг дамжуулах үйл явцыг дагалдан амьдралд хэрэгжсэн байна. Энэ нь Европын стандарт нормыг авч эрчимтэй нэвтрүүлэх үйл явцтай нэгэн зэрэг явагдсаныг анзаарахгүй байж болохгүй. Европчлох үйл явц улам эрчимжив. Түүнийг дагалдан боловсрол олгох маш цогц үйл явц явагдав. 1963 оноос ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо нийт хүн амын 10 гаруй хувьд, 1975 оноос бүр 20 гаруй хувьд хүрчээ.31
Тэдний сургалт голлон Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн боловсруулж, стандартчилсан сурах бичиг, сургалтын төлөвлөгөөний үндсэн дээр явагдах болсон байна. Сургууль, их дээд сургуулийн сургалтад орос хэл улам их үүрэг гүйцэтгэх болжээ. Намын дарга Ю. Цэдэнбал их дээд сургуульд орос хэлний хичээл оруулахыг оролдож, намынхаа дотор хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад уг төслөө орхихоос өөр аргагүй болж байжээ. Улам олон монголчууд Зөвлөлт Холбоот Улс болон социалист бусад оронд суралцах болов. Тийнхүү олж авсан боловсрол, туршлагынхаа хүрээгээр тэд Монголын их, дээд сургууль төгсөгчдөөс ихэд ялгарч байв. Мэдлэг, техник, технологи дамжуулах болсноор монгол хэлэнд асар өндөр шаардлага тавигдах болов. Монголчуудын өмнө нэг бол орос хэлнээс зээлдсэн үгийг хэрэглэх, эсвэл монгол үг бүтээх сонголт тулгарчээ. Ингээд хоёр дахь хувилбарыг нь сонгосон байна. Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Нэр томъёоны комисс тийнхүү бүтээсэн үгсийн жагсаалтыг гаргасан байдаг. Гэвч амьдрал арай өөрөөр явагдав. Оросоос зээлдэж авсан үг хэллэг өдөр тутмын амьдралд нэлээд удаан хэрэглэгдсэн ч харь үгнээс үг хэллэг болон нийлмэл үг үүсгэх замаар яваандаа монгол Termini technici –р солигдсон байна. Өдгөө монгол хэлэнд тэр үед орос хэлнээс зээлдэж авсан үг хэллэг бараг хэрэглэгдэхээ болиод байгаа нь түүнээс хойш монгол хэл ямар хэмжээнд хөгжсөнийг харуулна.
Хятадын өмнөөс барих халхавч улс Монгол
Тэр зуур Зөвлөлт, Хятадын удирдлагын хоорондох үзэл суртлын маргаан цэргийн түвшинд хүртлээ даамжрах тийшээ хандан хурцаджээ. Хэдийгээр Улаанбаатар, Бээжингийн удирдлагууд дундынхаа хилийн шугамыг 1962 оны 12-р сарын 26-нд хоёр талын хилийн гэрээгээр бүрэн зохицуулж чадсан ч Зөвлөлт Холбоот Улс дараахан нь Монголыг „чиг шугаманд“ нь оруулсан агаад энэ нь Монгол Улс Хятадтай харилцаагаа царцаах ёстой гэсэн үг байв. Монгол-Зөвлөлтийн „Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай гэрээ“-нд 1966 оны 1-р сарын 12-нд, Зөвлөлтийн цэргийг БНМАУ-д байрлуулах тухай гэрээнд 1967 оны 3-р сарын 4-нд тус тус гарын үсэг зурсны дараа Зөвлөлтийн их хэмжээний цэрэг Монгол-Хятадын хилийн дагуу байрлах болсон юм. Монгол Улс Хятадтай хилийн маргаангүй байсан атлаа тийнхүү Зөвлөлт Холбоот Улсын халхавч улс болжээ. Хятадын соёлын хувьсгалын үед эсрэг талын суртал нэвтрүүлэг халхавч улс Монголд улам бүр анхаарлаа чиглүүлэх болов. Хятадын ухуулах хуудаснуудад хилийн гэрээг үл хүлээн зөвшөөрөх тухай санааг илэрхийлэх болсон байна. Улаанбаатарт амьдардаг хятадууд Хятадын улс төрийн бодлогын „тав дахь цуваа“ маягаар аяглах болсон хийгээд Бээжин дэх Монголын Элчин сайдын яаманд хийсэн халдлага, дундын хилээ хятадууд байн байн зөрчих болсон зэрэг нь монголчуудын Хятадаас эмээх хуучин айдас хүйдсийг сэдрээв. 1966-аас 1970 онд Өвөр Монголд гарсан бослого, улс төрийн сөрөг хөдөлгөөнүүдийг цэргийн хүчээр дарсан явдал түүнийг нь бүр ч дэвэргэжээ. Бүрэн бус мэдээгээр Өвөр Монголд 60000 орчим хүн хэлмэгдүүлэлтийн золиос болсон байдаг. БНМАУ-ын монголчууд өвөр монголчуудыг урьд нь ямраар ч үнэлж дүгнэдэг байлаа гэсэн улсынх нь хилийн чанх дэргэд хятадууд монголчуудыг алж хядаж байгааг хүч мөхөсдөн харж сэтгэл нь нэн эмзэглэж байв. Хятадад дургүйцсэн хийрхэлийн шинэ давалгаа урьд урьдаас илүү газар авав. Айдас хүйдэс, үзэн ядалт зэрэг сэтгэлийн элдэв хөөрөл хөдөлгөөн, түүхэндээ Хятадад хар буруу санаж ирсэн нь батлагдсан зэрэг нь далдуур онцгой үүрэг гүйцэтгэж байв. Зөвлөлт Холбоот Улс энэ хандлагыг ар хударгаар нь тэтгэн дэмжиж, залуурдаж байсан нь ойлгомжтой. Соёлын мөн чанараа тодорхойлоход нь онцгой их үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйл бол Хятадаас зааглан тусгаарлах явдал байв. Хятад нь зүгээр ч нэг дайсан биш, тэр үеийн ойлголтоор харийн, хачин жигтэй, тийм учраас хүлээн авахын аргагүй соёлтой аварга орон байсан. Монгол Улс Москвагийн стратегийн ашиг сонирхлын онцгой талбар болсон учраас ЭЗХТЗ-өөс бас эдийн засгийн өргөн хүрээтэй тусламж авах болсон агаад эдийн засгийн дэмжлэгийг нь алдчихгүйн тулд хөгжлийн тодорхой чиг хандлагуудыг нь ч мөн авч тогтвортой ашиглах хэрэгтэй болсон байна.
Гадаад бодлогын хөзөр болсон монголчуудын мөн чанар
Монгол Улс Москвагийн зохицуулалттай гадаад бодлого („Брежневийн номлол“)-ын хүрээнд улам их үүрэг гүйцэтгэх болов. Нэг талаас тус улсыг Африк, Азийн залуу үндэсний улсуудад, мөн эвсэлд үл нэгдсэн орнуудын хүрээнд капиталист биш хөгжлийн замаар амжилттай замнаж буйн үлгэр жишээ болгон сурталчилж байв. Нөгөө талаас тус улс Зөвлөлтийн зэвсэглэл хураах санаачлагын хүрээнд ч бас тодорхой үүрэг хүлээх болсон байна. Тийнхүү Улаанбаатар дахь Гандан хийдийн хамба лам 1969 онд энх тайвныг сахин хамгаалахын төлөөх Азийн буддистуудын байнгын байгууллага байгуулах санал дэвшүүлжээ. Тэрхүү 1970 онд байгуулагдсан байгууллагаас 1974 онд эцэст нь „Азийн Буддистуудын энх тайвны бага хурал“ (АБЭТБХ) төрөн гарсан. Гандан хийд үндэснийхээ АБЭТБХ-аар уламжлан Буриад, мөн Энэтхэг, Бангладеш, Япон, Малайз, Непал, Камбож, Вьетнамын буддистуудтай нягт холбоо тогтоов. Тус төвд хамгийн их зочлон ирдэг хүмүүсийн нэг нь 1987 оноос Энэтхэгийн элчин сайдаар ажиллахдаа Монголын шашны амьдралыг дахин сэргээхэд гол үүрэг гүйцэтгэсэн Бакула ренбучи байв. АБЭТБХ-ын түвшинд бас Далай ламтай холбоо тогтоосон. Далай ламыг АБЭТБХ-ын Ерөнхий чуулганд оролцохоор 1979 оны 6-р сард Монголд залран ирэхэд хүмүүс түүнийг харах гэж яаж чихэлдэж шахалдаж байсан нь Монголын амьдралыг шашнаас бүрэн тусгаарласан гэсэн үг худлаа байсныг харуулсан сануулга байсан билээ. Тэр үед Зөвлөлтийн нэг сэтгүүлч: „Бүр өглөө эрт гэр хорооллуудаас хүмүүс бөөн бөөнөөрөө нарийн давчуухан гудамжнууд руу цутгаж, өргөн гудамжинд урсгал болон нийлээд, хийдийн хана хэрмэнд тулан давалгаалж байлаа. Сул дорой настайчуудаа мөрөндөө суулган авчрах агаад тэд нулимс бүрхсэн талархалтай нүдээр эргэн тойрноо харна.“32 хэмээн бичсэн буй.
Монголчуудын гэр бүлд шарын шашин (буддизм) соёлынх нь мөн чанарын нэг хэсэг болж цаг хугацааг даван туулж гарсныг энэ явдал тод томруун илтгэн харуулсан билээ. Монголчууд хожим ч Далай ламтай ойрын холбоотой хэвээр байх болсон юм.
Хөгжил дэвшил
Бүгд Найрамдах Монгол Ард Улсад 1960-аад оноос 1980-аад оныг хүртэл монголчуудын соёлын мөн чанар урьд хожид байгаагүйгээр дэлгэрэн хөгжив. Боловсрол эзэмшин, түүхээ мэддэг болж, ой тойндоо шингээн, үндэсний түүхээрээ бахархах болж, орчин үеийн Монголын соёл, урлаг хөгжин дэлгэрч (уран зохиол, уран зураг, театр г. м.), монгол үндэсний төр улсынхаа төлөө эх орончоор тууштай зогсож, соёлын өвөө ухамсартайгаар хадгалан хамгаалж эхэлсэн зэрэг энэ бүх хүчин зүйл үндэсний хийгээд соёлын мөн чанарыг нь угсаа, соёлын хувьд нэгдмэл нэг байхын үлэмж давуу талыг эдлэх болсон төр улс дор бататгаж өгсөн билээ. Монгол Улсын огт эргэлзэлгүй дуу хоолойгоо нэгтгэсэн Зөвлөлтийн перестройка-гийн үед эрх чөлөөгөө улам ухамсарлах болсон нь үйл явдлын энэ өрнөлд хүч нэмсэн юм. Социалист хөгжлийнхөө шатанд монголчууд системд угаасаа байдаг бүхий л „үймээн бужигнаан“ дунд ч үндэсний төр улсаа хөгжүүлэн бэхжүүлж чадсан хэмээн бүхэлд нь дүгнэж болно. Зөвлөлт Холбоот Улс энэ үйл явцыг чухалчлан сонирхоод зогсохгүй Монголын ивээн хамгаалагч гүрэн болж байсан нь таатай нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Монгол мөн чанар, монголчуудын соёлын мөн чанар хэзээний байсаар ирсэн болохоор Монголын үндэсний залуу төр улсын дотор үндэстэн бий болох үйл явц харьцангуй хурдан явагдсан.
Үндэсний домог, ирээдүй өөд
Монголчууд 1989-1990 онд социалист системээс салж үндсэрхэг үзлийн дэврүүн сэтгэлд автаж асан эхэн үедээ өөрсдийн үндэсний домгийн элемент нэг бүрийн талаар сэтгэл догдлон хэлэлцдэг байв: 1. Гарал (=„Монголын нууц товчоо“-нд гардаг уг гарал); 2. Түүхэн элэнц хуланц (=Чингис хаан); 3. Гарал үүсэл (=Чингис хааны андгай тавьж анд бололцсон ёс, Чингис хаан төр улсаа байгуулсан нь); 4. Алтан цаг үе (=Монголын дэлхийн эзэнт гүрэн); 5. Заналхийлэл, басамжлал доромжлол (=ямагт Хятад болон хятадуудтай холбоотой); 6. Нутаг дэвсгэр (=Чингис хааны монголчуудад үлдээсэн); 7. Монголын төр улсыг сэргээн тогтоосон (=1921 оны Монгол „Ардын хувьсгал“-аар Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар Монгол улсыг үүсгэн байгуулсан, =Сталин Ялтын бага хурлын үеэр Хятадаар олон улсын эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрүүлсэн) 8. Монголын төр улсын шинэчлэлт (=1990 онд улс төрийн өөрчлөлт хийж ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн).
Монгол Улс бас „нийт монголчуудын гал голомт“ болохын хувьд хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн нөхцөлд үндэсний болон соёлын мөн чанараа хэрхэн хадгалж, цааш нь хөгжүүлбэл зохилтой вэ гэдгийг голлон хэлэлцэж байгаа юм байна гэж олон нийтийн тэдгээр хэлэлцүүлэгт оролцон ажиглаж байсан хүмүүст юун түрүүнд бодогдож байсан билээ.
1 Walther Heissig, Das gelbe Vorfeld. Die Mobilisierung der chinesischen Außenländer, (=Schriften zur Wehrgeopolitik, Band II), Heidelberg 1941, 27 дахь тал.
2 И. Майский, Современная Монголия, Иркутск 1921, 331 дахь тал.
3 Udo B. Barkmann, Geschichte der Mongolei (Монголын Түүх), Bonn 1999, S. 207 дахь тал.
4 Мөн тэнд, 205 дахь тал.
5 И. Майский, Современная Монголия, Иркутск 1921, 331 дахь тал.
6 А.Д. Симуков, Труды о Монголии, Том 1, (=Senri Ethnological Reports 66), Государсвненный Музей Этнологи, Oсака 2007, 266 дахь тал.
7 Мөн тэнд.
8 Монголын архивын материалаас үзэхэд 1924 онд хожмын Улаанбаатар 61.000 орчим оршин суугчтай байсны 14750 нь энгийн монгол иргэд, 20000 нь лам, 23919 нь хятадууд байжээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дөрөвдүгээр Их Хурал, Улаанбаатар 2010, 279 дэх талыг үзнэ үү.
9 № 43, Соглашение об общих принципах для уреголирования вопросов между Союзом ССР и Китайской Республикой (31.05.1924), in Советско-китайские отношения 1917-1957, =Сборник документов, Москва 1959, 83 дахь тал.
10 Мөн тэнд, 83 дахь тал.
11 Монгол Улсын Үндсэн Хууль, Улаанбаатар 2004, 42 дахь тал.
12 Мөн тэнд, 59 дэх тал.
13 Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Анхдугаар Их Хурал, Улаанбаатар 1984, 291 дэх тал.
14 А.Д. Симуков, Труды о Монголии, Том 1, =Senri Ethnological Reports 66, Государсвненный Музей Этнологи, Oсака 2007, 636 дахь тал.
15 Худалдаа ба аж үйлдвэрийн харьяа аж үйлдвэрийн газруудын нийт ажилчдын тоо яс угсаагар ялгарварлан гаргасан бүртгэл, in Монгол Ардын Хувьсгалт Намын IX Их Хурал, Улаанбаатар 1984, 84, 87 дахь тал.
16 Л. Оюунгэрэл, Монгол дахь Герман судлалын үүсэл, хөгжил, in У. Б. Баркманн, Л. Хайсандай, Монгол-Германы Харилцаа, Өнгөрсөн үе-Эдүгээ-Хэтийн Төлөв, Улаанбаатар 2004, 330 дахь тал.
17 Очерки Истории Культуры МНР, Улан-Удэ 1971, 46 дахь тал.
18 Амбагайт Ш. Шагдар, Монголын боловсролын түүхийн тойм, Улаанбаатар 2003, 57 дахь тал.
19 Б. Ринчэн, Үүрийн Туяа, Улаанбаатар 1970, 8 дахь тал.
20 А. Амар, Монголын Товч Түүх, =Монголын Түүхэн Сурвалж Бичгийн Цуврал, Улаанбаатар 2006 (A. Amar, Kurze Geschichte der Mongolei, =Serie Historischer Quellendokumente der Mongolei), 239 дэх тал.
21 H.A. Wallace, Soviet Asia Mission, New York 1946, 160 дахь тал.
22 Очерки Истории Культуры МНР, Улан-Удэ 1971 (Abriss der Geschichte der Kultur der MVR, Ulan-Ude 1971), 222 дахь тал.
23 Амбагайт Ш. Шагдар, Монголын боловсролын түүхийн тойм, Улаанбаатар 2003 2003 (Ambagajt Š. Šagdar, Abriss der Geschichte der Bildung der Mongolei, Ulaanbaatar 2003), 49-50 дахь тал.
24 БНМАУ-ын соёлын түүх, Улаанбаатар 1986 (Geschichte der Kultur der MVR, Ulaanbaatar 1986), 259 дэх тал.
25 Г. Загд, Монгол Улсын Их Сургуулийн Түүхээс, Улаанбаатар 1968 (G. Zagd, Aus der Geschichte der Mongolischen Staatsuniversität, Ulaanbaatar 1968), 67 дахь тал.
26 История Монгольской Народной Республикой, Москва 1954 (Geschichte der Mongolischen Volksrepublik, Moskau 1954).
27 Ш. Г. Надиров, Цэдэнбал 1984 год, Москва 1995 (Š. G. Nadirov, Cedenbal 1984, Moskau 1995), 30-31 дэх тал.
28 И. М. Майский, Чингис Хаан, in Вопросы Истории (I. M. Majskij, Čingis Chaan, in Fragen der Geschichte) 05.05.1962 (1962), 74-83 дахь тал.
29 Мөн тэнд, 83 дахь тал.
30 Ш. Нацагдорж, Халхын товч түүх, Улаанбаатар 1963 (Š. Nacagdorž, Kurze Geschichte der Chalch, Ulaanbaatar 1963), (Vorwort) II тал.
31 Амбагайт Ш. Шагдар, Монголын боловсролын түүхийн тойм, Улаанбаатар 2003 (Ambagajt Š. Šagdar, Abriss der Geschichte der Bildung der Mongolei, Ulaanbaatar 2003), 99 дэх тал.
32 L. Schinkarjow, Abschied von der Jurte, Leipzig 1988, S. 187; Udo B. Barkmann, Lamaismus in der Mongolei (Teil I), in Asien, Afrika, Lateinamerika 22(1994), 45-56 дахь тал.
Зочин
Дорж
баярлла
баярлла
Зочин
Зочин
Janchivdorj.N
Зочин