Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сүүлд хийсэн томилгоо ар араасаа хэл ам дагуулж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш хоёр дахь удаагаа (МАН-ын дарга болсноосоо хойш анх удаа) бүрдүүлсэн шинэ танхим нь ар араасаа асуудал дагуулж эхэллээ. Нэр дэвшигдсэн цагаасаа л шүүмжлэлийн бай болж, Засгийн газартаа гал дуудаж орж ирсэн “Оргил”-ын Ж.Ганбаатар, “ЖДҮ” хочит Х.Болорчулуун нар дээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нэмэгдэв.

Сайд Г.Сайханбаяр ОХУ-аас Куриллын арлуудтай холбоотойгоор Япон Улсад сануулга өгөхөөр явуулж буй “Восток 2022” цэргийн хээрийн сургуулилтад монгол цэргүүдийг оролцуулсан явдал нь дэлхийн чихийг дэлдийлгэж, манай улсыг энхийг эрхэмлэгч улс орнуудын өмнө нүүр хийх газаргүй болгов. Зөвхөн “нүүр улайх” төдийгөөр өнгөрнө гэж үү? 

Энэ сарын 27-нд болох Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог үдэх (өнгөрөгч долдугаар сард намынхаа сонгуулийн үйл ажиллагаанд оролцож яваад алагдсан) төрийн оршуулгын ёслолд оролцохоор манай Засгийн газрын тэргүүн Японы Гадаад хэргийн сайдад хүсэлт тавьсан боловч нөгөө тал “Японы эсрэг явуулсан цэргийн сургуулилтад Монгол Улс нь ОХУ, Белорустай хамт оролцсон явдал нь манай улсыг өдөөн хатгасан шинжтэй байна” хэмээн мэдэгджээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Энэ сургуулилтанд оролцож байгаа Энэтхэгээс бусад орныг Украины эсрэг дайнд оролцож байгаад тооцно” гэдгээ мэдэгджээ. Юун нөгөө ардчилсан Монгол, Азийн ардчиллын баян бүрд. Энхийг эрхэмлэх гадаад бодлого энэ тэр ч хаачлаа. Хөрш улсаа эзлэн түрэмгийлэхээр явуулж буй дайны шууд холбоотон болоод явчихлаа.

Эх сурвалжийн мэдээллүүдээс үзвэл манай Гадаад харилцааны яам “Энэ удаагийн цэргийн сургуулилтад оролцож болохгүй шүү” (өмнө нь манай улсад хийсэн Орос, Монголын хамтарсан сургуулилтын дараа) гэдэг анхааруулгыг удаа дараа өгч байсан аж. Атал ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нь Батлан хамгаалахын сайдтай ярилцаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр зөвшөөрүүлдэг гэнэ ээ. Орост Элчин байсан, Гадаад хэргийн сайд асан зарим нөхөд ч гар бие оролцсон. УИХ, Засгийн газар нь энэ талаар юу ч мэдээгүй гэх. Мэдээгүй байх нэг хэрэг, мэдсэн атлаа мэдээгүй царайлах бас өөр хэрэг. Японы тал лав ийм тайлбарт үнэмшихгүй. Ядаж энэ ажиллагааг зохион байгуулсан нөхдийг даруй зайлуулж, хариуцлага хүлээлгэж байж хариу тайлбар хийх хэрэгтэй болно.


Г.Сайханбаярын хувьд 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар анх орж ирсэн. Сая Засгийн газарт үлдсэн шалтгаан нь ч бас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй шууд холбогддог. Түүнийг анх томилогдоход нь л “Ерөнхий цэргийн сургуульд хамт сурч байсан ангийн найзыгаа татлаа” гэдэг шуугиан гарч байсан ч анхнаасаа цэргийн мэргэжилтэй, армид 30 гаруй жил ажилласан өөрийн хүн (сүүлд томилогдохдоо БХЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан) гэдгээр нь салбарынхан чимээгүйхэн хүлээж авсан. 

Гэвч түүнийг томилогдсоноос хойш гарсан цэргийн гэмт хэрэг, хугацаат цэргийн алба хаагч нарын амь нас эрсэдсэн олон тохиолдлуудад мань эр ямар ч хариуцлага хүлээгээгүй. Тэр ч байтугай өнгөрсөн наадмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, таван хүнд генерал цол олгосны нэг нь Г.Сайханбаяр. Ингэхдээ бригадын генерал байсан хүнд хошууч генерал цол өгөх ёстой байтал цол алгасч дэслэгч генерал өгсөн гэдэг шүүмжлэл гарч л байсан. Үүнийгээ ч тухайн үедээ Ерөнхийлөгч нь ухамсарласан уу, долдугаар сарын 8-нд зарлиг гаргаж цол олгосон таван генералын тухай наадмын дараа 14-нд мэдээлж байх жишээтэй.

Монгол Улсыг дэлхийн нийтийн өмнө нүүр хийх газаргүй болгож байгаа удаах гэмтэн нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр гэдгийг өмнө хэлсэн. Цэргийн нэгдсэн дээд сургууль, МУИС-ийг дүүргэсэн эрх зүйч мэргэжилтэй энэ нөхөр 2008 оноос хойш гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан. Тэр тусмаа сүүлийн бүрэн эрхийн хугацаандаа УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог тэргүүлж ажилласан хүн. Энэ талаас нь харвал Монгол Улс өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гээд өмнөх ажилтайгаа холбоотой асуудлаар мэдлэггүй байх боломжгүй хүн. 

1994 онд УИХ-аар баталж, 2010 онд засч сайжруулсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.1-д “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ” гэсэн байгаа. 

Мөн “Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал юм. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна. Энэ хүрээнд олон тулгуурт гадаад бодлогыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг тууштай баримталж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжинэ” гэсэн байгаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол Үндсэн хуулийн дараа орох хүчин чадалтай баримт бичиг. УИХ өөрөө ч батлан гаргаж байгаа хууль, тогтоомжуудаа энэ үзэл баримтлалд нийцүүлэх үүрэгтэй. Гэтэл ҮАБЗ-ийн нэг гишүүн, түүний томилсон хүмүүс нь үндэсний аюулгүй байдлынхаа эсрэг ажиллаад, олон улсын тавцанд улс орноо ганцаардуулах бодлого явуулаад эхэлснийг юу гэж ойлгох вэ?

Дашрамд нэг зүйлийг сануулахад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр хуулиар олгогдоогүй эрх мэдлийг эзэмшдэг. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын дэгийг өөрчилсөн. А.Гансүх гэдэг хүний үеэс хэрэгжиж эхэлсэн тухай саяхан нийтэлсэн байна лээ. Ингэхэд, У.Хүрэлсүхийн томилсон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь хуулиас давсан эрх эдэлж, шийдвэр гаргаж байгаа бол У.Хүрэлсүхтэй л холбоотой. Х.Баттулгаас боллоо гэдэг асуудал байхгүй шүү.

inews.mn