Төр ба тогооч
Өнгөрсөн хагас сайнд нэг хуралд очлоо. Ёстой хачин хурал. Улс орон сүйрч байгааг ярьсангүй. Нэг ч дайсныг илрүүлсэнгүй. Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байхад ийм хурал болно гэж байх уу?
Өнгөрсөн хагас сайнд нэг хуралд очлоо. Ёстой хачин хурал. Улс орон сүйрч байгааг ярьсангүй. Нэг ч дайсныг илрүүлсэнгүй. Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байхад ийм хурал болно гэж байх уу?
Бодоод үз дээ, төрийн бус байгууллагын хурал атлаа төрийн нэг асуудал ярьсангүй тарав. Ингэдэг ТББ байхуу? Байна аа байна.
…Албан ёсны хөтөлбөр эхлэхээс өмнө хууч яриа өрнөнө. Урьд шөнө нь цаг урагшилсан учраас олон хүн баримжаа алдаж, эртэдсэн зарим нь хуучлах боломж гарсан хэрэг. Гэхдээ зуны цагийн хуваарь хичнээн гутамшигтай болох тухай, ухаантай төртэй улсууд цаг шилжүүлэхээ болиод жаргаж үхэж байгаа ерөөсөө ярьсангүй.
Эхлээд Тангадын Галсан гуайг бараадан үг чагнаж суув. Сүүлхэнд Пунцагийн Бадарч гуай шар, цагаанаараа намилзан буулаа. Цагаан гуай гэж хуучин долдугаар гуанзанд нэг хүн байсан тухай Т.Галсан гуай хуучлав. (Яагаад ийшээ орчив гэхээр, хуучин долдугаар гуанз байсан газарт орсон Алтай барбекъюд уулзалт хурал болсон юм) Ярианы өнгөнөөс харахад Цагаан гуай нь хятад хүн болтой юм. Гэвч түүнийг хужаа хувхайгаар нь дуудсангүй, зүгээр л хүнээр нь нэрлэх атлаа ёс шиг гуайлж байх юм.
Галсан баньдхайн хэлээр, Цагаан гуай их онцлогтой. Сайн таньдаг найдвартай хүндээ зээлээр үйлчилдэг байж. Манай алтан үеийн зохиолч найрагчид, Ц.Гайтав, Ч.Чимид, Б. Явуухулан тэргүүтэн түүнтэй их сүрхий түнш, байнгын үйлчлүүлэгч нь байсан аж. Тэднийг дотрыг мөнч олон удаа засч, дайлж цайлж явсан ба мөнгөгүй үед нь нэг дэвтэрт тэмдэглээд зээлээр үйлчилж байв гэнэ.
Хятад тогооч хортой архи өгч байсан тухай, зээл өгч байгаад элсүүлж хятадын тагнуул болгохоор санаархсан байж болох тухай ярих байтугаа, санах ч шинж алга.
Ерөөсөө улс төржсөнгүй, өдөөд ч улс төржсөнгүй. Манай ширээнд “Гаалийн” гэгдэх Баатар орж ирээд суулаа. Зайлуул, хамгийн сүүлд Шийлдэгдамбыг залгиад байгаа тэр эргүүлгийн анхны золиосуудын нэг. Хэвийн хүний ёсоор хэвийн амьдралаа эргэн орж ядаж яваа нэгэн. Манай ширээний нэг “нөхөр” над руу хандаж “Сүүлийн үед Баатар моодноос гарч, Батаар моодонд орсон” гэж чиний гаргасан яриа юу хэмээн надад тулгав. Хөөрхий Баатар царай нь сонин болоод тонгойв. Бид хоёрын хэнийг нь чадах гэсэн юм бол доо.
Гэтэл хуучны сийрэг толгой П.Бадарч
-Хуучин энд чинь долдугаар гуанз гэж байлаа. Долдугаар гуанзны бармен нь Цагаан гуай… гэж ирээд л найрсаг энгийн уур амьсгалыг сэргээлээ. Бадарч ахын нэмж ярьснаар бол Цагаан гуайд зээлийн хоёр дэвтэр байсан ба нэг нь зөвхөн яруу найрагч Ц.Гайтав гуайд хамаардаг байсан гэнэ.
Улс төрийн сэдэв гэдэг унтрах дургүй, бууцны түймэр шиг эд болтой. Мөнөөх нөхөр дахиад л улс төрийн сэдэв сөхөж, түмэн наст хээ Манжийн харгис урлаг бөгөөд Энх Амгалан хааныг түм наслуулах зорилгоор монголчуудад хүчээр тулгасэн айхавтар эд болох тухай аймаар яриа сэдсэн боловч хэнч уухайлсангүй тэгсгээд унтрав.
Улмаар бид монгол хүний наслалтын тухай ярилцав. Гэхдээ, Монгол хүн сүйд болж, нас нь богиносон, амьдрал нь ахархан болж байгааг шагшихын оронд манайхан урт насалж удаан жаргаж байгааг хөөрөлдөх нь тэр.
П.Бадарч, Долгорын Нямаа, Ш.Сүрэнжав нар үеийнхэн бөгөөд жил хагасын дараа 80 хүрнэ гэнэ. “Сайхан нас юм аа, амьдралын айдас арилчихдаг аж” хэмээн тэр ярилаа.
ХХ зуунд нэг ийм ёс байсан юм. Төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч, ер нь олонд алдартай хүнийг 50 нас хүрэхээр нь ямар нэгэн “баярын бичиг” гэдгийг зохих дээд газраас нь ирүүлдэг. Тэр нь ерийн нэгэн баярын бичиг, дипломоос ондоо. Уг хүний амьдрал, уран бүтээлийг ерөнхийд нь үнэлж хэлсэн утгатай бичиг байсан ба төвийн хэвлэлд түүний чухал хэсгийг гаргана. Энэ нь цаагуураа хийж бүтээх нас чинь үндсэндээ хэлбийчлээ. Та бүтээх туурвих чадалтай үедээ ийм амжилт гаргаж хэмээн урам хайрласан утгатай эд.
П.Бадарч гуайг 50 нас хүрэхэд нь Зохиолчдын хорооноос ийм баярын бичиг ирүүлж, дарга Д.Цэдэв хүлээн авч дайлсан ба нэгэнт хөгширч нүд муудсан тул хол ойрын юм харахад хэрэг болох утгаар хоёр нүдний дуран бэлэглэж байжээ.
Харин Бадарч гуай түүнээс хойш гучин жил нарны шилээр гангарч, нандин мэдрэмжтэй шүлгээрээ танхайрсаар ирж. Хоёр нүдний дуран хаа нэгтэй хаягдсан, хүүхдүүд л учрыг нь олсон байх гэнэ. Хэрвээ тэр үеийн “Утга зохиол,урлаг” сонины шарласан хуудсыг сөхвөл, яруу найрагч П.Бадарчийн 50 насны ойг тохиолдуулан Монголын Зохиолчдын эвлэлийн хорооноос ирүүлсэн баярын бичигт “Та… “Есөн эрдэнийн орон”, “Нулимст борхон болжмор”, “Ажваа хоньчин” зэрэг шүлгээрээ утга зохиолыг хөгжүүлж…” гэхчлэнгийн мөр зурайж байгаа нь лавтай. Харин “Нээрээ би тиймээ гэх шиг, нэр нь хүртэл тэмээ” зэрэг хожмын сайхан бүтээлүүд нь төрөөгүй байсан цаг.
Тэмээ гэснээс Тангадын Галсан гуай түүнийг цаашлуулж, манай Бадарч
зайлуул тэмээ мэдэхгүй амьтан байгаа юм. Наадмаар тэмээний хуушуур анх идэж үзээд… гэж ирээд л цаашлуулав. Галсан гуай ч үнэхээр тэмээ хариулж явсан, түүгээрээ аархах эрхтэй нэгэн.
П.Бадарч гуай хариуд нь “Манай энэ надад дургүй байдаг нь их учиртай. Баянхонгорын сүлд дуу “Хонгор нутаг”-ийн шүлгийг зохиочихлоо гээд туниад яваа царай нь энэ” хэмээн хариу барьж байна.
Удалгүй албан ёсны ажил эхэллээ. Манай baabar.mn буюу монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн агсан Ж.Октябрь гуайн найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнийг дурсахаар, нэрэмжит сан байгуулснаа хэлэхээр биднийг урьсан юм.
Ж.Октярь гуай бол сайн тогооч, нийтийн хоолны салбарын том зүтгэлтэн төдийгүй сайн нийтлэлч байсан. Зөвхөн хоолоо л бичнэ, сурталчилна. Монгол хүн хор идээд сүйрэх гэж байгаа тухай бичээд сүр бадруулж чадах ганц мэргэжилтэн байсан. Гэхдээ тэр зөв хоолловол эрүүл, зохистой идвэл энх байна хэмээн сурталчилдаг, энэ сэдвээрээ л бичдэг нэгэн. Шүлэг бичих, онигоо ярих бол бас нэг том хобби нь.
Бимэкс компанийн Ц.Батөлзий захирал сан байгуулагдсны зарыг хүргэн уулзалтыг нээлээ. Бурхан болоочийн гэргий Х.Сэлэнгэ улмаар Монголын тогооч нарын холбооны дарга үг хэллээ. Дүү нь гээд нэг хүн ахыгаа дурсаж, тээр жил талбайн хажуугийн 25 дугаар гуанзанд тогооч байхад нь баахан дайлуулснаа ярив. Ах нь дүүгийнхээ бор ходоодыг божийтол цатгаад, гарахад нь кассан дээр очин хоолных мөнгийг төлж байсан гэнэ.
Голлон зохион байгуулагчийн нэг Бимэксийн Ц.Батөлзий манай Ж.Октябрь гуай хоёр хэзээний л хоорондоо их сүрхий явсан улс. Харин бурхан болооч бол Монголын тогооч нарын холбоог байгуулсан удирдсан, олон улсын тавцанд гаргасан нэгэн.
Монголын тогооч нарын холбооны дарга гэж сонин залуу байв. Нэр нь М.Баасандорж гэдэг гэнэ. Юугаараа сонин байсан гэхээр нэг ч жагсаал дээр үзэгдээгүй, ямар ч цуглаан дээр харагдаагүй ядахнаа зурагтаар илтгэж, монгол хүн хор идэн сүйрч байгаа тухай ярьж, хөгшид хүүхэд айлгаагүй, тийм мөрөөрөө атлаа “Холбооны дарга” хүн байх юм. Сайн мууг мэдэхгүй, ямар ч байсан урдахь ажлаа хийдэг л хүн болтой юм.
Тэнд таарсан зохиолч найрагчдаас бусад нь худалдаа, нийтийн хоолны салбарын үе үеийн зүтгэлтнүүд бололтой. Нэг их үзсэн царайтай туранхай горзгор настан харагдав. Аа тийн, орбитын төмөр замын цаана байсан нэг худалдаа хангамжийн ямар ч билээ нэртэй газрын дарга байсан хүн яг мөөн. Наяад оны дундуур, ярилцлага авч байтал хонтоорын утас нь дуугараад, нэг хүнтэй баахан оросоор ярьснаа “…ын УСИБО-гийн дарга(Зөвлөлтийн ямар нэг байгууллагын хангамж үйлчилгээний талын газар) байгаа юм” хэмээн тайлбарлаж байсан тэр царай.
Эрүүл хүнс гэлээ гэгчээр Монголын тогооч нарын холбоо гэж эв эрүүл төрийн бус байгууллагын нэг байна. Үнэхээрийн төрийн бус. Ур чадвараа хамтарч дээшлүүлэх, монгол тогоочийн эрдмийг дэлхийд харуулах гэсэн нэг л зорилготой. Тэрийгээ гадагш нь яриад байхгүй. Дэлхийн тогооч нарын холбоонд ордог мэргэжлийн чансаагаараа тэндээ хүндтэй байртай. Гэхдээ монгол хүний нэрийг ингэж мандууллаа энэ тэр гэж ялархахгүй. Хайран монгол хоол мөхлийн ирмэгт ирлээ гэж жагсан элдэв өөр юм нэхэхгүй.
Сайн нөхрөө дурсах, сайхан үйлсийг нь өрнүүлэх сайн санааны жирийн нэгэн ажилд ийнхүү оролцлоо. Жив жирийн юманд, жирийн байдлаар оролцох яасан сайхан юм бэ гэж бодогдоод үүнийг бичлээ.
ХХ зууны наяад онд гучаадхан настай орлогч сайд болно гэдэг ховор явдал байлаа. БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн Яамны орлогч сайд Ж.Октябрь гэж гучаад насны ахтай будаг нь ханхалсан сурвалжлагч байхдаа уулзаж билээ. Тэр их зөв хүн байсан. Зөв хүний мөрөөр нь хүртэл зөв юмс чимээгүй өрнөх ажээ. Мөв мөрөөрөө яваа жирийн уулзалт цуглаан үзсэн чинь сэтгэл хачин болоод л “нээрээ манай улс хөгжих ч юм биш байгаа гэсэн юм хүртэл бодогддог байгаа…