Монгол ба Япон ЖДҮ
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эрх бүхий албан тушаалтан зэрэг нийт 7 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр сая нэг эхэлжээ.
2019.11.19
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эрх бүхий албан тушаалтан зэрэг нийт 7 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр сая нэг эхэлжээ. Тэднийг эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийн гэр бүлийнхний аж ахуйн нэгжүүдэд дээрх сангаас маш бага хувийн хүүтэй зээл олгосон гэж буруутгаж байгаа. Тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хэргийг прокурорт буцаалаа.
Энэ долоо яаж ийгээд хөнгөхөн, эсвэл ор нэр шийтгүүлээд өнгөрөх биз. Бусад нь хаачив?
Миний хувьд тэднийг шийтгэхийн оронд ЖДҮ сангаас хэрхэн зээл авсныг шүүх хурлын явцад ил тод болгохыг илүүд үзнэ. Тухайлбал, тэд ЖДҮ сангийн хэнд хандсан, эсвэл Б.Батзориг сайдтай шууд ярьсан уу, цаадах нь юу гэж хариулсан буюу хэнд уламжилсан, сонгон шалгаруулалтын хурал дээр эхлээд хэн, дараа нь хэн юу хэлсэн, Х.Болорчулуун, Г.Солтан, Н.Учрал, О.Батнасан, Ж.Энхбаяр, Х.Нямбаатар гээд олон гишүүний зээлийн дүн ямар ид шидээр ижилхэн 950 сая байж таарсан, харин Н.Оюундарийн 800 саяыг хүртсэн хүүхэд ээжийнх нь хэлснээр “мэдээлэлд ойр” байж чадсаны нууц, харин 300 сая, 400 сая, 563 саятай арай жижиг ЖДҮ-чид анхнаасаа ийм даруухан төсөл бичсэн, магадгүй төсвөө тануулж “хохирсон” эсэхийг мэдэж авах юмсан.
2019.10.25.
Улсын Их Хурлын гишүүд хэтэрхий шударгаар буюу 950 саяар эв найртайгаар хувааж авцгаасан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудал яг жилийн өмнө монголын хамгийн том дуулиан байсан бол өнөөдөр “шалгагдаж байгаа” нэртэйгээр тэгэсхийгээд замхардаг ангилалд шилжив ээ. Анх төрийн түшээд болон сайд дарга нарын олон арван нэр дуулддаг байсан бол өнөөдөр гурав дөрөв болж цөөрсөн сураг байна. “Нэхүүл” нэртэй хөдөлгөөн хүртэл нэхэхээ больж, бусад нь амаа хамхижээ. Одоо Монгол улсад нэг л хүн тэдэнд ЖДҮ-г нь сануулах, сануулаад зогсохгүй магадлал бий. Гэхдээ зөвхөн үгэнд нь ороогүй тохиолдолд.
Өнгөрсөн хугацаанд ЖДҮ санг жаахан засварлаад 2019 оны шалгаруулалтыг үлгэр жишээ явуулжээ. Бүр зурагтаар шууд дамжуулсан гэж байгаа. Тэглээ гээд шударга болж чадах уу? Хөрөнгийн баталгаа бэлэн, өө сэвгүй баримт бичиг бүрдүүлж чадахаараа дараачийн ферм, бүхэл бүтэн уулын хөндийг хашаалсан тариалан, шинэ салбараа тэтгэх гэсэн компанийн эзэд тэртээ тэргүй авч таарна. Нөгөө яриад байдаг шинэ санаа, инноваци, стартап-ууд яагаад ч давж гарахгүй.
2019.07.25.
Наадмаас өмнө “Ядуусын хорооллын пуужин” нэртэй японы олон ангит киног “25-р суваг” телевизээр үзүүлж дууслаа. Цукуда (Tsukuda) нэртэй “жижиг дунд үйлдвэр” (яг тэгэж орчуулсан)-ийн тухай юм. Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн нь бүр жижиг – насосны хавхлага. Харахад орон сууцны усны хаалт сэлтээс жаахан том, чагтан хэлбэртэй алгын чинээ төмөр, бодоход, шатахуун урсаж өнгөрөхийг нээж хаах зориулалттай.
Японы анхны пуужингийн хөдөлгүүрийг Тэйкоку Хиви Индастриз (Teikoku Heavy Industries) гэдэг аварга том компани бие даан бүтээсэн ч ганцхан тэр хавхлагийг яаж ч оролдоод барсангүй. Харин гэр бүлийн Цукуда үйлдвэр хавхлага гээчийг үе дамжин хийж ирсэн учраас бусдыг дагуулахгүй төгс чаддаг болсон, бас патент авчихсан учраас Тэйкоку түүнтэй гэрээ байгуулж хийлгэнэ.
Цукуда яваандаа пуужингийн хавхлагаа улам жижигрүүлж оролдсоор байгаад хүний хиймэл зүрхний хавхлага хийж найдваргүйдээ тулаад байсан бяцхан хүүгийн амийг аварч байна. Аль аль нь шингэнээр ажилладаг мотор, насос учраас хавхлага том жижиг нь хамаагүй, гагцхүү төгс ажиллах учиртай.
Киноны нэрийг англиар “Downtown Rocket” гэжээ. Хачин санагдсан тул японыг сайн мэддэг Монголын телевизүүдийн холбооны захирал М.Уламбадрахаас асууж тодруулав. Пуужингийн хөдөлгүүрийн хамгийн чухал эд ангийг жирийн, жижигхэн үйлдвэрт хийжээ гэсэн санаа.
“Ядуусын хорооллын пуужин” бол япон ЖДҮ-гийн тухай кино юм. Том компанийн ард үй олон жижиг ханган нийлүүлэгч байдаг нь японы бизнес гэж хэлдэгээс өөр нэг онцлогийг энэ кинонд ёстой өнгөтөөр харуулжээ. Наанаа бие биендээ бөхөлзөж харагддаг дэндүү эелдэг тэд өөр хоорондоо тэгэж хатуу ширүүн зөрчилдөн тэмцэлддэг гэж хэн санахав. NASA-д ажиллаж байгаад ирсэн гэх нэгэн компанийн захирал “Цукуда”-гийн бизнесийг булаахаар баахан явуулга сэдэж, худал шалтгаар хоёр тэрбум иен нэхэмжлэхийн хажуугаар технологийн нууцыг нь хулгайлна. Тэгтэл бусдыг патентын хэргээр шүүхэд өгч мөнгө олдогоороо алдартай өөр нэг компани (яагаад ч юм “америкийн хөрөнгө оруулалттай” гэжээ) тракторын хөдөлгүүрийн хавхлага үйлдвэрлэдэг Гийр Гоост (Gear Ghost) хэмээх тракторийн коробканы эд анги хийдэг жижигхээн компанийг ээлжит байгаа болгож онилно. Энэ үеэр Гийр Гост-той хамтарч хэтдээ коробкийг бүтнээр нь үйлдвэрлэхээр хэлэлцэж байсан Цукуда энэхүү патентийн маргаанд арга буюу татагдан орно.
Японд хүн ам хөгширч хөдөө аж ахуйд ажиллах хүч хомсдон арваадхан жилийн дараа энэ салбар уналтанд орохыг олж харсан Тэйкоку тариалангийн робот буюу жолоочгүй трактор хийж, нөгөө дээш хөөргөх хиймэл дагуулаасаа удирдан ажиллуулдаг байх том төслийг сэджээ. Тэгэхдээ хавхлагийг Цукуда-д захиалахгүй, өөрөө үйлдвэрлэхээр шийдсэнээс ганц чаддаг юманд дээр нь түүнийг жийж өрсөлдөгч болон хувирч байна. Ядаж байхад Гийр Гоост-ийн эзэн гэнэт урваж өөр компанид худалдагдах ба Ноги хэмээх эрдэмтний бүтээсэн робот тракторын удирдлагын системийг хулгайлсан гэх мэт түүхүүд хөвөрнө.
Дараачийн үйл явдал бол Тэйкоку-гийн бүтээсэн Альфа ба нөгөө Гийр Гоост-той хамтарсан хэд хэдэн жижиг компанийн үйлдвэрлэсэн Дарвин (Darwin) нэртэй хоёр төрлийн робот тракторын өрсөлдөөн юм. Явж явж хоёулаа Ноги эрдэмтний бүтээлийг ашиглажээ. Нэг нь хулгайлсан, нөгөө нь Тейкоку өөртөө элсүүлсэн Ногийн жинхэнэ систем. Гэвч Тейкоку яаж ч хичээгээд автомат тракторынхаа коробкийг сайн хийж чадаагүй учраас арга буюу Цукада-д хандаж тусламж хүснэ. Зөвшөөрнө. Хэсэг хугацааны дараа газар тариалангийн техникийн том үзэсгэлэн яармаг дээр шийдвэрлэх тулаан өрнөж түүнийг үзэхээр ирсэн японы Ерөнхий сайд Darwin-ийг илт дэмжсэн хэрнээ Тэйкоку-д хандаж “жижиг дунд үйлдвэрүүдийг хамаагүй дээрэлхэж болохгүй шүү” гэж загначихаад яваад өгнө. Энэ мөчид Цукуда “жижиг дунд” хэрнээ том компанийн талд, ар талд зогсож таарна.
Аливаа киноны шүүмж үйл явдлын өрнөлөөс эхлээд дүрийн сонголт, найруулагчийн шийдэл, гол баатрын дотоод ертөнц, мэдрэмж, дүрслэл, магадгүй цаад философи гээд олон юмыг хамдаг байх. Миний хувьд гол дүр болох Цукуда захирал японы алдартай жүжигчин Абэ Хироши (Abe Hiroshi) тоглосон гэдгээс цааш сонирхоогүй бөгөөд японы үйлдвэр гэж ямар чанга болохыг бахдан үзлээ. Ганц нэг жишээ.
Өрсөлдөгчийнх нь хийсэн коробка Цукуда-гийн патент зөрчсөн эсэхийг олох гэж зуу гаруй моторыг эд анги болгоноор задлан нэгжиж бүхэл бүтэн үйлдвэрээрээ олон өдөр шөнө ажиллаад яах аргагүй хуулбарласныг хамгийн сүүлд илрүүлэх боловч өөр материалаар орлуулсан учраас зөрчөөгүй болж таарна. Хайран хэрнээ ер бусын нягт нямбай хөдөлмөр.
Нэгэн удаагийн туршилтан дээр Альфа трактор гэнэт зогссоны учрыг олох гэж Цукуда компанийн инженер, ажилчид хэдэн сарын турш оролдоно. Түүнийг миллиметр миллиметрээр нягталж есөн шидээр туршсаар байгаад өөрчлөлт оруулж болох 100 гаруй цэгийг олж тогтооно. Тэгээд өөрчилнө. Тэгснээ туршилтын үеэр нэг хачин чимээ сонсогдсон гэж ярилцаад шалтгааныг хайж гарна. Удаж удаж арааны нас нь хэт богино байгааг илрүүлж эргэлтийн үзүүлэлт 50 мянга байгааг хоёр дахин нэмэгдүүлэхийг яаж ч оролдоод чадахгүй.
Ерөөсөө арааны үзүүлэлт дээд хязгаартаа хүрсэн, асуудал гол төмөртөө байгааг ухаарцгааж түүнийг гулгамтгай байхаар өөрчилснөөр дээрх үзүүлэлтийг 108 мянгад хүргэж байна.
Дараа нь өрсөлдөгчид тус тусын тракторыг бэлэн болгож зах зээлд гаргана. Харин Ерөнхий сайдаар дэмжүүлсэн жижиг дунд үйлдвэрүүдийн “Дарвин” робот трактор шууд 600 ширхэг борлогдсон бол Тейкоку-гийн Алфа нь гучхан ширхэгээр хэтэрсэнгүй. Гэхдээ удалгүй Дарвин трактор энд тэндхийн ферм дээр гэнэт гацаж зогсох болсон нь Гиир Гост-ийн хулгайлсан систем хуучирсан, хамгийн гол нь коробкийн алдааг Цукуда шиг олж засч чадаагүйгээс болжээ.
Гийр Гоост-ийн тал Цукуда-гийн коробкийг дууриахыг оролдон задалж үзэхэд нь гол давуу тал болсон голд нь Цукуда аль хэдийнэ “зүү ч орох завсаргүй” патент авсан байдаг. Ингээд аргагүйн эрхэнд Цукуда-д хандахад хэд дахин гуйлгасны эцэст зөвшөөрнө.
Цукуда дараачийн алхмаа хийж шинэ маягийн коробка, хөдөлгүүр үйлдвэрлэхээр ажиллаж эхлэх зуур Тэйкоку түүнийг дахиад жийж пуужингийн насосны дахин дахин ашигладаг хавхлагыг өөрөө хийхээр шийддэг. Гэхдээ Цукуда бүр илүүг хийж чадахаа харуулснаар Тэйкоку ээлжит удаагаа бууж өгөх нь тэр.
“Ядуусын хорооллын пуужин”-гийн үндсэн санааг уг киноны дүрүүдийн хэлсэн “Пуужинд байдаг 240 мянган эд анги нэг бүр нь найдвартай байх ёстой”, “Зогсохгүй сайжруулаад байвал хэзээ нэгэн цагт шилдэг бүтээгдэхүүнтэй болно” гэх мэт үг өгүүлбэрүүд элдэв тайлбаргүйгээр яг илэрхийлнэ. Бүр том санаа гэвэл Цукуда бусдад улаан цайм хулхидуулсан хэрнээ ажилчиддаа хэлсэн нь “Бид ялагдлаа. Энэ бол бидний бүтээгдэхүүн дутуу байна гэсэн үг. Манай технологи цагийн аясаар хоцрогдож эхэлж байна. Ийм учраас ямар ч өрсөлдөгч бидэнтэй хамтрахыг хүсэхээр тийм чанартайг үйлдвэрлэх ёстой”.
Уг киноны орчуулга нь нэрнээсээ эхлээд жаахан сонин. Үйлдвэрлэлийн бослого, технологийн бослого, аж ахуйн бослого гэх мэтээр ярилцах биднийхээр бол хувьсгал гэсэн утга биз. Бүр илүү сонирхолтой нь япон инженер, ажилчдын амнаас гарч байгаа машин техникийн орос нэр томъёо юм. Хавхлагаас эхлээд насос, коробка, бүр свеча, боолт, гайк, цаашилбал нормалдах гээд хөвөрнө. Арай л амаржин, наклад, стачер, тормоз гэж сонсогдоогүй. Барууны техник технологи хаагуур тойроод манайд орж ирснийг эндээс анзаарч болно.
Монголын телевизүүдээр хэдэн арваараа зогсоо зайгүй эрээлжилдэг олон ангит кинонуудаас яагаад “Ядуусын хорооллын пуужин”-г онцолж нуршив аа гэвэл япон ЖДҮ гэж манайхаас ширүүн өрсөлдөөнтэй, үүгээрээ сургамжтай санагдсаных.
Тэнд ЖДҮ-г бойжуулах, дэмжих, хөгжүүлэхийн сан байдаг эсэхийг мэдэхгүй ч Цукуда лав 2-3 удаа дампуурлын ирмэг дээр ирж зогсоод харилцдаг банкиндаа хандаж зээл хүсэхэд цаадуул нь элдвээр хэлж даапаалаад хөөн явуулж байх юм. Тэнд манайхаас ялгаатай нь сайн бичсэн төсөл гэхээсээ илүү шинэ, бүр цоо шинэ технологи, бүтээл, бүтээгдэхүүнийг яаж ийгээд бий болгоод, бас түүнийхээ патентийг авч эзэмшсэнийхээ дараа зээл, хөрөнгө оруулалт ярьдаг ч юм шиг. “Блүүмбэрг” сувгийн “Сая долларын суутан” нэвтрүүлгийн бүтэн жилийн турш давтан гарч байгаа зарим нэг дугаарыг үзэхэд баруунд жижиг дунд бизнес нь том компани, сүлжээг дууриаж араас нь явдаггүй, харин дутуу үлдээсэн, гар хүрээгүйг нь олж хардаг, санаанд оромгүй шинийг бодож олдог, түүнийгээ борлогдоно гэдгийг бор зүрхээрээ нотолдог, бас зөвхөн өөрөө хийнэ гэхгүйгээр хөрөнгө оруулалт хайдаг, юм бол хувь нийлүүлээд хамтарч харагдах гэх мэтээр илүү өргөн хүрээтэй сэтгэж ажилладаг юм. Гэхдээ “Компани гэдэг бол ашгийн төлөө учраас яахаас ч буцахгүй. Хөрөнгө оруулалт авбал эрх чөлөөгөө алдана” гэж “Ядуусын хорооллын пуужин” дээр нэг нь дуугарсан шүү.
Акио Морита-гийн “Made in Japan” номонд тэрбээр 1970-аад оны дундуур Москвад айлчлах үеэрээ зөвлөлтийн электрон техникийн асуудал эрхэлсэн сайдад хандаж “танай урлаг соёл асар өндөр хөгжсөн, гайхамшигтай хөгжимчин, балетчидтай хэрнээ та нарын үйлдвэрлэсэн телевизэд тэр чинь яагаад харагдахгүй, ийм тааруу дизайнтай байна аа? “гэсэн асуултанд “тэр асуудлыг Соёлын яам хариуцна” маягийн хариулт сонсоод чихэндээ ч итгээгүй тухай дурссан байдаг. Бид ч гэсэн өөрсдөө шинээр технологи, менежментийг нэг их бий болгодоггүй, цоо шинэ санаа, бүтээгдэхүүн бараг гаргадаггүй учраас энэ талын яриа хөөрөө, үйл явдал ховор, бидний амьдралаас харагддаггүй, уран бүтээлд тусдаггүй, ингээд ололт амжилтууд маань Соёлын яам талдаа.
ккк
Наран
ЭЗЭН
Иргэн
Зочин