МиГ-29-ыг юу хөдөлгөв?
Оросын Холбооны Улс манайд МиГ-29УБ загварын сөнөөгч онгоц хоёрыг бэлэглэжээ.
Оросын Холбооны Улс манайд МиГ-29УБ загварын сөнөөгч онгоц хоёрыг бэлэглэжээ.
Бэлгийн хоёр 2019 оны 11-р сарын 15-нд Буянт-Ухаад газардаж 26-ны өдөр улс тунхагласны баяраар албан ёсоор хүлээлгэн өгсөн байна. УБ нь Улаанбаатар биш, учебно-боевой гэсэн үг. НАТО-гийн нэршлээр бол "Тулах цэг". Сургах, бас байлдах зориулалттай учраас сургагч ба нисгэгчийн хоёр суудалтай. Энэ удаад кабины хаалтыг өргөж сойсныг эс тооцвол хөдөлгөөнгүй зогсож харагдав. Нисгэж ид шидийг нь харуулсангүй. Монгол нисэгчид хараахан бэлтгэгдээгүй байх.
1990-ээд он хүртэл ЗХУ-аас манай Ардын армид дөч гаруй МиГ-15, МиГ-17, МиГ-21-ийг нийлүүлсэн боловч оросууд буцсаны дараа лав хоёр гурав нь Улаанбаатарын эргэн тойронд осолдонгуут бүх нислэгийг зогсоож, аажимдаа үлдсэн онгоцуудын хугацаа нь дуусч, сүүлдээ ачааны нэг хоёр онгоц, хэдхэн нисдэг тэргийг эс тооцвол Монгол Улс цэргийн нисдэг хүчингүй болох шахаад байв. Гэхдээ агаарын цэргийн командлал, агаарын цэргийн командлагч гэж үргэлж байсан. Санаж явбал гэгчээр одоо л нэг бүтэж байна. Зөвлөлтийн агаарын цэргийн 23-р армийн аэродром, нисэх буух зурвас энд тэндгүй үлдсэнийг ховхлоогүй, битүү зогсоолыг хувьчилж нураагаагүй бол ашиглахад бэлэн байх ёстой. Оросууд араас нь дахиад хэдэн сөнөөгч нэмж өгнө гэсэн тул бид удалгүй жинхэнэ агаарын цэргийн нисдэг хүчинтэй улс болно.
Эгзэгтэй асуулт бол манай онгоцууд хэнтэй яах зорилготой вэ? Агаарын хилээ гаднын халдлагаас хамгаална гэдэг чинь Орос, Хятадыг хардаад байгаа юм уу? Юутай ч хоёр хөршийг даваад ирэх хэн ч байхгүй. Харин манай нутаг дээгүүр нисч өнгөрдөг гадаадын онгоцуудад агаарын сахилга бат сахиулах, шаардлагатай бол албадан буулт хийлгэх, бүр устгахыг чадна гэсэн үг. Сахилгагүй нөхдүүд тэнгэрт ч олдоно. Ганц хоёроор нэмэгдээд л байгаа хувийн онгоц, бүр дронуудад хүртэл сахилга бат хэрэгтэй.
Миг-29-ыг Монгол руу юу хөдөлгөв? ОХУ гэнэтхэн 20 сая долларын онгоц хэд хэдийг бэлэглээд эхэлсний шалтгаан нь АНУ бүр илүү үнэтэй онгоц бэлэглэхээс өрссөн хэрэг биш биз? Хэрвээ америкийн цэргийн "ташаагаа тулсан" Ф-үүд ороод ирвэл монголын агаарын цэргийн нисэх онгоцны парк төдий бус хамаатай бүх техник, тоног төхөөрөмж, стандарт, харилцаа холбоо, шифрлэлт, аэродром, навигацийн нарийн ширийн, бүр нислэгийн "школ", нисэгчид өөрсдөө гээд бүх юм төрөл арилжина. Онгоцоо дагаад америк зааварлагч, америк засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, америк сум пуужин, энэ бүгдийг дагасан америк бүтэц, зохион байгуулалт дагаад орж ирнэ.
Одоохондоо АНУ-аас цэргийн тээврийн онгоц авах тухай яриа цухалздаг. Ямар ч байсан арав гаруй жилийн өмнөөс америкийн цэргийн том саарал C-130 онгоц монголын энхийг сахиулагчдыг аваачих, авчрах гэж Улаанбаатарт байнга бууж хөөрч байгаа.
Шинэ мэдээ.
Варшавын гэрээний үеэс хойш хэдэн арван МиГ-29-тэй байсан Польш улс хэд хэдэн ослын дараа нислэгийг зогсоогоод байснаа дахин ашиглаж эхлэхээ зарласан байна. Бас АНУ-аас 32 ширхэг F-35 худалдан авч зөвлөлтийн онгоцуудыг солихоор төлөвлөж байснаа больжээ. Хэтэрхий үнэтэй байсан бололтой.
ххх
Оросын ба америкийн хэнийх нь онгоц сайн бэ? Би яагаад ч юм энэ талаар сонирхож уншдаг.
Сая манайд бэлэглэсэн МиГ-29 бол ОХУ-аас гадна дэлхийн олон улс орны зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа 4 дэх үеийн онгоц. Хэрвээ анзаарсан бол хоёр хөдөлгүүртэй. Чухам эндээс ялгаа эхэлж байгаа юм.
Хоёр хөдөлгүүртэй байлдааны онгоцны давуу тал гэвэл хүчтэй, наад зах нь нэг хөдөлгүүр унтрахад нөгөө нь үлдэнэ. Муу нь гэвэл хүнд нүсэр, шатахууныг бол шатааж өгнө. Оросууд хангалттай хүчтэй хөдөлгүүр хийж чадаагүй учраас хосоор нь суулгадаг. Тэгвэл америкийн онгоцууд өндөр хүчин чадалтай ганц хөдөлгүүртэй учраас бүх талаараа хэмнэлттэй, тэнд харьцангуй хөнгөн онгоцууд давамгайлдаг. Иргэний онгоцны тухайд оросынх ихэнхдээ хоёр хос, эсвэл гурван хөдөлгүүртэй байжээ.
Оросууд ерөөсөө ямар ч төрлийн хөдөлгүүр талдаа хоцрогдонгуй, барууны автомашин, онгоцны хөдөлгүүр, цахилгаан станцын их хүчин чадалтай турбиныг голдуу дууриаж хуулбарлах замаар явж иржээ. Жижигхэн жишээ: ЗХУ-д Sony маягийн чихэвчний хөгжмийг олигтой хийж чаддаггүй шалтгаанаа жижигхэн сайн моторгүйгээр тайлбарлаж байв. Өнөө цагт компьютер, гар утасны мотор буюу процессор үйлдвэрлэлээр барууны орнууд, Япон, Тайвань, Хятадаас ч хоцрогдсоноо хүлээн зөвшөөрдөг.
Буцаад онгоцондоо орьё. ЗХУ, ОХУ-ын аль ч үед иргэний ба цэргийн онгоцны ерөнхий түвшин барууныхаас нэг их дутахгүй ч хамгийн эмзэг цэг нь хөдөлгүүр байсан, одоо ч хэвээрээ. Нэг мэдэхэд баруунаас бүрэн хамааралтай болсноо ухаарч сүүлийн арав гаруй жилийн турш энэ салбараа өөд татахыг оролдож ядаж байхад АНУ тэргүүтэй барууны орнууд хориг тавьжээ. Хөдөлгүүр бол хэдэн мянган эд анги төдий бус, хэдэн мянган хэмийн халууныг тэсвэрлэх шинэ материал, хайлшаас эхлээд түүнийг бий болгодог дээд зэргийн технологи, суурь машин, тоног төхөөрөмж гээд хэдхэн том улс чаддаг ажил ажээ.
Одоо ОХУ цоо шинээр бүтээн ихээхэн найдвар тавин ашиглаж эхэлсэн зорчигч тээврийн Супержет онгоцны хөдөлгүүрийг орос-франц хамтарсан компанид үйлдвэрлэсэн тул барууны хоригт орох эрсдэлтэй. Дараачийн MC-21 онгоц "цэвэр" оросын ПД-14 хөдөлгүүртэй байх ёстой ч туршиж дуусаагүй учраас америкийн Pratt & Whitney компанийн PW1000G хөдөлгүүртэйгээр эхний нислэгүүдээ үйлдэж байна. Дараа нь солих юм гэсэн. Дэлхий дээр нисэх онгоцны хөдөлгүүрээр тэргүүлдэг хоёр компанийн нэг нь Pratt & Whitney, нөгөө нь Их Британийн Rolls-Royce.
Цахилгаан станцын турбиныг хөдөлгүүрт хамааруулж болох. Бас л ер бусын өндөр технологийн бүтээгдэхүүн юм. Оросууд Крымд барьсан шинэ цахилгаан станцдаа германы Siemens-ийн турбиныг суурилуулсан нь хоригт орсон бүтээгдэхүүн байж олон улсын хэмжээний шуугиан дэгдсэн. 1990 оны хямралаас болж оросууд өөрсдөө ийм турбин хийх технологи, мэдлэг, үйлдвэрлэлээ бараг алдсан гэжээ. Турбин бол асар нарийн бөгөөд засвар үйлчилгээ нь тоймгүй өндөр зардалтай, Siemens-ийн арчилгаа, үйлчилгээний нэг мэргэжилтний цагийн хөлс тэрхүү цахилгаан станцын слесарийн бүтэн сарын цалинтай тэнцдэг.
Оросын 5 дахь үеийн Су-57 онгоц бас хоёр хөдөлгүүртэй. Тэгээд ч хөдөлгүүр бүрэн бэлэн болоогүй, 2023—2025 оноос наашгүй учраас өмнө үеийн хөдөлгүүртэйгээр нисч эхэлсэн байна.
Одоо хэдэн зураг. Орос, америк буюу барууны орнуудын элдэв хөдөлгүүрийн сайн муугийн харьцуулалтаа орхиж хүний оюун ухаан, технологийн нээлт, ур чадвараар бүтсэн хөдөлгүүр хэмээх бүтээлийг шагших гэсэн юм. Зөвхөн зураач, барималч, жүжигчин гээд урлаг соёлынхны хийснийг бүтээл гэдэггүй. Дэлхий дээр онгоцны хөдөлгүүр хийж чаддаг хэдэн улс байдаг нь манай нэг, хоёр, гуравдахь хөршүүд. Шинэ хөдөлгүүр зохион бүтээх нь олон жил үргэлжилдэг. Наад зах нь агаар, шатахуун холилдож тэсрэх хэдэн мянган градусыг тэсвэрлэх ёстой.
Энэ бол манайд бэлэглэсэн МиГ-29-ын РД-33 хөдөлгүүрийн нэг нь ↓
Энэ бол МС-21-т суулгаад байгаа Pratt & Whitney компанийн PW1400G хөдөлгүүр ↓
Харин энэ бол МС-21-т суулгахаар туршиж байгаа ОХУ-ын ПД-14 хөдөлгүүр ↓
Энэ завсарт хэлмээр нэг зүйл бол манай МИАТ-ын Агаарын хөлгийн засвар үйлчилгээний төвийн инженер, ажилчид Вoeing 737 болон Вoeing 767 онгоц, түүний дотор хөдөлгүүрүүдэд "хүнд" гэж үнэлсэн техник үйлчилгээг олон жилийн турш хийж байна. Гадрыг нь задлаад зогсохгүй их биенээс нь бүр салгаад сольж харагддаг ↓
Onom
tumur
tumur
BOK
ЗОЧИН
onom
onom
jj
Зочин
irgen
Зочин
баяр гүн
Зочин
dd
dd