Улаанбаатар хотын түүхийн төгсгөлийн төгсгөл
Үндэсний номын сан, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр ба Улсын драмын эрдмийн театр бол зүгээр нэг БСШУСЯ-ны эхний С үсгийн харьяа албан байгууллага төдий биш, XX зууны монголын сэргэн мандлын гэрч бөгөөд дүр төрхийг илэрхийлэх сүүлчийн гурван барилгад гар хүрвэл нийслэл Улаанбаатар хотын түүхийн төгсгөл төгсөх юм.
2001 оны эхээр Афганистаны талибуудын засгийн газрын Сайн үйлсийг түгээн дэлгэрүүлж ба буруугаас сэргийлэх асуудал эрхэлсэн сайд Абдул Валигийн тушаалаар Кабулаас зуу гаруй километрийн зайд орших Бамияны хөндийд сүрлэг хадан цохионд манай эриний VI зуунд ухаж гаргасан Бурхан буддагийн нэг нь 55 метр, нөгөө нь 37 метр өндөртэй хоёр хөшөөг устгах болсныг зарлав. Харьцуулахад Нью-Йорк дахь Эрх чөлөөний хөшөө дангаараа 46 метр.
Үүнийг дэлхий даяараа, тухайлбал, НҮБ, ЮНЕСКО, талибуудтай ижил шашинтай Саудын Арабаас эхлээд хөрш Иран, Пакистан хүртэл буруушааж, бас АНУ, Энэтхэг, мэдээж Далай лам хүртэл эсэргүүцээд зогсоож чадаагүй. Хөшөөг устгах ажиллагаа хориод хоног үргэлжилжээ. Эхлээд автомат буу, зенитээр шүршиж ихэд гэмтээсэн боловч нурсангүй тул хөшөөний суурь хэсэгт танк устгагч мина булж дэлбэлэхтэйгээ нэгэн зэрэг их буугаар буудаад бас болсонгүй. Сүүлд нь энд тэнд гарсан нүхнүүдэд бөмбөг шургуулан дэлбэлсэн ба бүр төгсгөлд нь хагас үлдсэн толгойг пуужингаар харваж гүйцээсэн ажээ. Ийнхүү 1500 жилийн турш энэ нутгийг дайрсан буруу зөв номтны элдэв сүйтгэлийг давж өдий хүрсэн түүхийн агуу дурсгал 21-р зууны соёлт хүн төрөлхтөний нүдэн дээр үгүй болов.
2019 оны 9-р сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд баахан дарга нар, архитекторчдийг цуглуулж хэдэн макет тойрон ярилцжээ. Тэгснээ ойрын үед шинээр барих Үндэсний урлагын их театрын барилгын макетийг арван жилийн хүүхэд ч ийм юм хийхгүй гэж загнасныхаа дараа Улсын төв номын сан, дуурь бүжиг ба драмын эрдмийн театр гурвын барилгыг аж ахуйн аргаар барьсан, мөөгөнцөрт идэгдсэн, муудсан учраас жүжигчид нь орох газаргүй болсон гэж оношлоод гэхдээ оронд нь яг тийм дүр төрхтэй, яг энэ дизайнаар нь шинэчилж барина, зураг төсөлд нь Засгийн газраас 1,2 тэрбум төгрөг гаргасан тухай дуулгах нь тэр. Хэдэн жилийн өмнө иймэрхүү битүү сураг чих дэлсээд замхарсан бол өнөөдөр хэдийнэ шийдчихсэн ажээ.
Үндэсний номын сан, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр ба Улсын драмын эрдмийн театр бол зүгээр нэг БСШУСЯ-ны эхний С үсгийн харьяа албан байгууллага төдий биш, XX зууны монголын сэргэн мандлын гэрч бөгөөд дүр төрхийг илэрхийлэх сүүлчийн гурван барилгад гар хүрвэл нийслэл Улаанбаатар хотын түүхийн төгсгөл төгсөх юм. Одоо бол энэ төгсгөл эхэлчихээд яваа. Ийм юманд нураагаад "яг тэр хэвээр" босгоно гэж байдаггүй ч манайд бол байлгадаг болсон. Өнөөдөр сүндэрлэж байгаа Сүхбаатарын хөшөө, Чойбалсангийн хөшөөнүүд бол яг үнэндээ жинхэнэ биш. XI зууны Киданы үеийн Хэрлэн барс хотын туурийн цамхагийг "яг тэр хэвээр" нь босгоод юу болж хувирсныг бид мэднэ.
Бамияны хөндийн хоёр Буддаг устгасны дараа дэлхий даяар "яг тэр хэвээр" сэргээн босгох тухай ярьж эхэлжээ. Арваад жил маргалдсаны эцэст ЮНЕСКО сэргээхгүй гэж шийдсэн. Үүний шалтгааныг тус байгууллагын ерөнхий захирлын орлогч, дэлхийд алдартай түүхэн барилга байгууламжийн эксперт Франческо Бандарин тайлбарлахдаа "Жинхэнэ материал нь алга болсон учраас яаж ч сэргээн босгоод мөн чанартаа хуурамч юм бий болно. Хүмүүст хуулбар биш, жинхэнэ дурсгал хэрэгтэй байдаг. Даанч жинхэнэ хөшөөнүүд одоо байхгүй болсон. Бид яаж ч харамсаад, тэднийг устгасан нь нэгэнт болж өнгөрсөн хэрэг" гэжээ.
Энэ гурван, бас өөр нэг барилгыг засч шинэчилж болох ч яагаад сольж болохгүйг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Ерөнхий сайд барилгын макетуудыг үзэх дундаа гэнэт хилэгнэж "Ажил хийвэл хий, хийхгүй бол больцгоо. Төрийн ордонд оруулж ирсэн Үндэсний урлагийн их театрын тэр макетаа хар. Арван жилийн хүүхэд ч ийм макет хийхгүй. Та нар Чингис хааны музей шиг ганц юм, хүн ойлгохоор юм хийгээд тавьж болохгүй байсан юм уу” хэмээн цамнасан нь анхаарал татлаа.
Хэргийн учир энд байх шиг. Урлагийн их театрын макет нэртэй хэдэн зүсмэл мод үнэхээр хөгийн байсан. Гэхдээ Чингэс хааны музейн макет сайн гэдэгтэй би санал нийлж чадахгүй нь. Харваас хэмхэрсэн хайрцаг шиг (яахав дээр нь нэг титэм шовойлгосон), бас энд тэнд нь нүхэлсэн сав. Би уран барилгачин биш хэдий ч Төрийн ордны урд цэцэрлэгт босгосон АСЕМ-ийн хөшөөг аймшгийн болсныг мэдээд байгаа. Улам бүр олон хүн надтай санал нийлдэг болсон. Хорт хавдрын эс яг ийм байдаг гэсэн. Энэ бол төрийн өндөр албан тушаалтан мэргэжлийн юм руу хошуу дүрэхлээр юу болдгийн нотолгоо. Харин одоо Чингэс хааныг музейн макетыг Ерөнхий сайд таалав бололтой. Тэгээд толгой түрүүгүй загнаад шавдуулсан болохоор цаадуул нь айгаад дуугарахгүй. Бодоод үз. Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаад оронд нь Чингис хааны музейг барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгахаар шийдчихсэн. Сарын өмнө буюу 8-р сарын 7-ны Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцох үүргийг сайд Ё.Баатарбилэгт даалгасны дагуу 400 сая төгрөгийн тендер зарлагдаад 9-р сарын 30-нд шалгаруулах юм. Тэртээ тэргүй өвөл хаяанд ирээд байхад ийнхүү адгаж яаруулахын нэг л учир бий. Одоохондоо бүдэг бадаг таамаг...
2013 онд Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг зогсоосноос хойш албан тушаалтнууд "буулгаад шинийг барих", ингэхдээ солонгосоос мөнгө зээлэх тухай ярьдаг бол бусад нь дуугарахдаа дүр төрхийг нь хэвээр үлдээн сэргээн засварлах талдаа байсан. Монголын архитекторчдын эвлэл бүр мэдэгдэл гаргасан удаатай.
"Нураагчдын" хэлдэг зүйл бол уг барилга хуучирч муудсан, дээврээс ус гоождог, газар хөдөлбөл тэсэхгүй гэх мэт. 1952-1956 оны үед Хөдөө аж ахуйн техникумын зориулалтаар баригдсан энэ барилга хуучирсан нь үнэн. Гэхдээ зэрэг шахам баригдсан, үндсэндээ яг ижил загварын Санхүүгийн техникум буюу одоогийн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг мянга мянган оюутан өдөржин дэвслээд барахгүй байна.
Нийслэлийн төвд байсан (одоо ч байгаа) Архивын ерөнхий газрын барилга 1959 онд ашиглалтанд оржээ. 2000-аад оноос хойш нурлаа, сүйрлээ хэмээн байн байн зарлахыг сонсох бүрийд маргааш өглөө хүртэл лав тэсэхгүй юм байна гэж бодогддог сон. Ашгүй 2016 онд Буянт-Ухаагийн дэнж дээр шинэ архив барьж тийшээ нүүж санаа амраав. Харин хуучин байрыг нь УИХ-ын гишүүн Н.Оюундарь авсан, миний мэдэхээс буулгаагүй, хүчитгэл энэ тэрийг хийгээгүй, зүгээр л нүүрэн талд нь хавтангууд зүүж будаг шунх түрхээд гоё болгосон. Өнөөдөр нэгдүгээр давхар нь тэр чигээрээ хэдэн төрлийн хоолны газрууд, паб, кафе болж 24 цагийн турш халуун хоол, хүйтэн пиво харшиж, дээд давхруудад компьютер тоглоомын газар, караоке, биллиард гээд түмэн залуус бужигнаж байхад нурах барихаа бүрмөсөн мартсан байна. Муулаад байгаа дээр үеийн барилгууд ийм л "ухаалаг".
Цэрэнхүү
#SaveUB#Дурсамжаа_хуваалцъя
Зочин
Бөхбат
зочин
Зочин
уншигч
Зочин
Бат
Ромео
olnii huseltiig hurgej baina
Зочин
цэрэнжав
Сээкээ
,,зочин,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,0000000000000000
...
...
Зочин
Муслим халх
bi
Зочин
ONOm