Хөх талын дуун
Нойрмог талыг хучсан хөх униар бол нүцгэлсэн тэнгэр юм. Тэнгэрлэг гоо үзэсгэлэнг амтлан мансуурсан хээр тал дэн дун дунайртана. Шувууд ч жиргэхгүй, навч сэржигнэхгүй тийм агшин. Энэ бол хээр тал, тэнгэр хоёр учралдан ханалцах торгон агшин.
Хөх талын дуун
Хөх талын булаг дээр
Хөөрхөн хоолой эгшиглэнэ ээ.
Дуунаас
Д.С
Хэн намайг гэрээс дуудан гаргасныг үл мэднэм. Гагцхүү хээр талд очсон хойно оо л гэрээс гарснаа мэдсэн бөлгөө. Хөх тал хөх тэнгэртэй тэврэлдэн зангирчээ. Тэнгэрээр алхах хүсэл биелсэн байхыг үзнэм.
Хамгийн том тэнгэр хээр талд л байдаг, очоод мэднэ. Салхийг хугалах ирмэггүй, сансарыг эсгэх үзүүргүй,торгомсог болоод энхрий ялдам хээр тал. Хээр тал нутагт тэнгэр өөрөө хайртай бөлгөө.Хээр талд жаргах гэж тэнгэр өөрөө бууж ирэх нь үзэгдэнэ. Талын цэцгэнд булхан амсхийхээр нөмгөлж эхлэх тэнгэр нэн үзэсгэлэнтэй. Хорвоогийн хамгийн сайхан үзэмж бол тайчиж байгаа тэнгэр юм. Сэр сэр хийх нь салхи бус аа, харин тэнгэрийн өмсгөл газарт унах чимээ тул чихнээ чимэгтэй болоод болоод сонсголонтой.
Хөх талын булаг дээр хөөрхөн хоолой эгшиглэнэ ээ.
Хөх зүү хөндлөн бариагүй[1] л болов уу,
Хөнгөн болов ч гунигийн сүүдэр унаагүй л боловуу,
Хөх талын булаг дээр тийм л хоолой эгшиглэнэ ээ.
Хээр тал баясан хөөрөөд дуулж эхлэх нь тэр. Хүний орчлонгийн үйлэнд хиртээгүй бүсгүй хүнээс л дуурьсах тийм энхэр, тийм булбарай хоолойгоор эгшиг өргөнө. Орчлонгийн зангираа алдуурахын зөн татах нь ган тайлагдах мэдрэмж мэт. Энэ л гайхамшигт тайллын төлөөнөө газар дэлхий гандан ангадаг мэт. Энэ л гайхамшигт учралын төлөөнөө газар тэнгэр хагацдаг мэт. Бурхан минь, гал өөрөө халууцахаараа яасхийн тэчъяадахыг, гол ус өөрөө цангахаараа хэрхэн байж ядахын нууцыг тэндээс л тайлав шүү.
Урин хаврын ногоо ургаж дуулаад байхад
Усны шувууд ирээд найрал дуулаад байхад
Унах навчны дуулиуд асгарч дуулаад буцахад ч
Унтаа л, унтаа л байсан эрх нялх аялгуу.
Сэм сэм салхи сэржигнэх нь тэнгэр тайчих чимээ. Хээр тал, хөх тэнгэрийн учрал чихэнд бус зүрхэнд сонсдов. Гоо үзэсгэлэнгийн тэнгэрс,чив чимээгүй, бүв бүрэнхийн дундуур рашааны дусал хайрлахаар сэм сэмээр дөхөн ирэх нь тодхон. Тэнгэрсийн угааль, рашааны сүрчээнд дотроосоо норох мэдрэмж. Биеийн гүнээс асгарах бороо, бодгалийн дотроос сүрчих рашааны думд оршихийн цагт тэнгэр ч гэж юусан, газар ч гэж хаана сан?
Хээр тал, хөх тэнгэр, хэн нэгэн
Хэрвээ чамд бодогдож байвал
Хээр тал гэж, тэнгэр гэж хаана оршдог болохыг
Хэн хэлнэ, хаана гэж заанам билээ.
Уус ус, хөх тэнгэрийн харна гэдэг
Ухаан бодол, сэтгэлийн гүнээ онгочиж ухаад
Уул ус, тэнгэр, горхийг тэндээсээ олоод
Урдаа асгаад гайхширч харахын нэр буюу
Тийм болохоор,хэзээ чжинхэнэ утгаараа тэнгэрийн доор нь зогсох боломжгүй, талын дээр орших аргагүй. Хөх тэнгэрийн хаана ч биш оршиж байга атулдаа л тэдний учралдаан дунд умбан орном билээ.
Унаж эргэсэн тэнгэр шиг
Хээр тал цэлийнэ
Урваж хөрвөсөн тал шиг
Цэнхэр тэнгэр өнгийнө
Хичээн зугатсан ч холдохгүй
Тэнгэрийн хаяа ард байна
Хичнээн давхисан ч ойртохгүй
Тэнгэрийн хаяа урд байна.
Нойрмог талыг хучсан хөх униар бол нүцгэлсэн тэнгэр юм. Тэнгэрлэг гоо үзэсгэлэнг амтлан мансуурсан хээр тал дэн дун дунайртана. Шувууд ч жиргэхгүй, навч сэржигнэхгүй тийм агшин. Энэ бол хээр тал, тэнгэр хоёр учралдан ханалцах торгон агшин. Тэгээд тэнгэр газар эвцэлдэн нөхцөхүйн аялгуу дуурьсана. Нүдээ нээвээс, цоо шинэ тэнгэр, орь нялх хээр тал мэндэлсэн байнам... Эй бүүвэй, эй бүүвэй.
Өчигдрийн тэнгэр танихгүй айлд хоносон мэт. Өчигдрийн хээр тал танихгүй хэвтэрт унтсан мэт.
Хөх булгийн тэнд нойрсож хүлээсэн аялгуу
Хөх сарын шинэдээр дурсах төдийд сэрмүү...
2019.11.06
[1] Хөх зүү хөндлөн барьж үзээгүй. Хуучирсан хэллэг. Оёдлын үйлд суралцаагүй буюу гэрийн ажилд тааруу бүсгүйчүүдийг заах үг байв. Харин дээрхи шүлэгт, хүний орчлонгийн үйлээс ангид оршихуйн утгаар хэрэглэв.