Өнөөдөр өглөө сонгуулийн төв байгууллага буюу СЕХ-ноос 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэв. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээр улс төрийн нам, эвслүүд удтал хав дарсан “хөзрүүдээ” дэлгэж эхэллээ. Үүний нэг бол нам, эвслүүдийн энэ удаагийн сонгуульд оролцож байгаа уриа бол нэг ёсны “байлдааны туг” юм. Намуудын дэвшүүлсэн уриаг Энд дарж үзнэ үү.

Тухайлбал, Иргэний зориг ногоон нам “Зоригтой бай!” гэдэг уриаг дэвшүүлсэн нь шууд утгаараа энэ намыг анх байгуулах шалтгаан болсон С.Зориг агсны нэрийг зээлдсэн хэрэг юм. Сонгогчдын гар дээр очих тараах материал, сурталчилгааны лого буюу таних тэмдэг нь энэ хүний зураг байх болов уу. Гуравдагч хүчин гэгддэг Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/ “Өөрчилнө, цаг нь болсон!” гэдэг уриаг дэвшүүлжээ. Яг ямар өөрчлөлтийн тухай ярьж байгааг таах боломжгүй ч одоогийн эрх баригчдаас татгалзах санааг агуулсан нь тодорхой. Харин МАН-ын гишүүн асан Н.Номтойбаярын тэргүүлсэн Үндэсний эвсэл “Үндэстнээрээ баяжъя” уриаг дэвшүүлсэн нь Ардын намын анхны дарга Солийн Данзангийн “Баяжигтун” уриаг сэргээсэн явдал юм. Харамсалтай нь энэ хүн ингэж хэлснийхээ төлөө хэлмэгдэн цаазлуулсан билээ. Тэрээр “Монгол улс капитализмыг алгасч болохгүй” гэдэг үзэл санаатай байснаараа Ардын намын нууц эзэд болох Оросын коминтерний олз болсон юм.

Харин эрх барич МАН энэ удаа ч мөн үрд дүнг нь тооцоолох боломжгүй, барьцгүй, бултаж зугтсан уриа дэвшүүлсэн байна. “Ард түмний ялалт” гэдгийн цаана яг юуг ялах гэж байгаа, ялах ёстой дайсан нь хэн болох нь тодорхойгүй. Сүүлд зурагтаар үзүүлсэн “Ард түмэн ялах уу, авилгачид ялах уу?” гэдэг нэвтрүүлгээс үзвэл “авилгачдыг ялах” тухай байх нь гэж таамаглаж л болох юм. Харамсалтай нь намын дарга Л.Оюун-Эрдэнэ “Авилгатай тэмцэнэ гэдэг чинь намтайгаа, нөхөдтэйгээ тэмцэхийн нэр” гэсэн үгнээсээ буцаж, нөгөө л нүүрсний хулгай, ЖДҮ зээл, Хөгжлийн банкийг тоносон (ногоон автобусны хулгайг бол одоо болтол илрээгүй) УИХ, Засгийн газрын гишүүдээ бүгдийг нэр дэвшүүлсэн. Тэгэхээр ард түмний ялалт гэдэг нь шууд утгаараа Ардын намын ялалтыг л билэгдсэн үг бололтой.

Нөгөө талаас энэ бол 2021 онд болсон Оросын Төрийн думын сонгуульд Оросын коммунист намын авч орсон уриа. Тэд “Коммунистууд ялбал ард түмэн ялна” гэж сонгуульд ороод Думын 450 суудлаас есхөн суудал авсан билээ. Товчхондоо оросууд хүртэл коммунистуудаасаа жийрхэж эхэлсэн гэсэн үг. Монголд ч гэсэн “коммунизм руугаа буцчихгүй юмсан” гэдэг айдас нүүрлээд байгаа нь өнгөрсөн найман жилд эрх баригч намаас явуулсан бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдтэй шууд холбоотой. Төрийг данхайлгаж, төсвийн зардлыг нэмэгдүүлсэн, хувийн өмчийг хуульгүйгээр дээрэмддэг болсон, халамжийг хавтгайруулсан, хүний эрх, эрх чөлөөг дордуулсан, хэвлэлийн эрх чөлөөг хаасан гээд тоочоод байвал дуусахгүй. Ерөнхийдөө нэг нам төвтэй төр, төр төвтэй нийгмийн тогтолцоо руу эрчимтэй гулсаж байгаа. Коммунист нийгэм, коммунист дэглэм л ийм байдаг.  

Сонгуульд оролцох уриа буюу бодлого зорилт нь анхнаасаа тов тодорхой байсан цор ганц нам бол Ардчилсан нам. АН шинэ даргатай болсон цагаас эхлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдтэй уулзахдаа танилцуулж байсан, иргэдээс санал авсан “Бүтэн Монгол Бүрэн Ардчилал” хөтөлбөрөө сонгуулийн уриа болгож дэвшүүлсэн байна. Ямар ч гэнэтийн “сюрприз” байхгүй. Товчхондоо 2012 оны УИХ-ын сонгуулиар Н.Алтанхуяг даргатай АН-ын дэвшүүлсэн “Монгол хүн 2020” хөтөлбөрийн үргэлжлэл. Хэрвээ АН 2016 онд эв түнжинтэй шиг байж байгаад сонгуулийн хуулиа өөрчлөлгүй сонгуульдаа орсон бол их юмыг өөрчлөх байсан даа гэдэг харамсал өнөөдөр ч нийгмийн олонхид бий. Одоо энэ хариуцлага Л.Гантөмөр даргатай АН-ын нуруун дээр ирж байна.

Сануулахад МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээс бусад намын дарга нар намынхаа жагсаалтыг тэргүүлж сонгуульд орж байгаа. Жагсаалтыг тэргүүлнэ гэдэг нь улс орон даяар шүүгдэж, нийт ард түмний саналаар УИХ-д орж ирнэ гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгуультай адилхан. 2012 оны сонгуулиар АН-ын жагсаалт хамгийн их буюу нийт сонгогчийн 33 хувийн саналыг авсан боловч жагсаалтын эхний 10 хүн л УИХ-д орж ирж байлаа. Ийм л “чанга” шүүлт л дээ. Энэ удаагийн сонгуулиар ч гэсэн улс төрийн бүх намуудын удирдлага энэ сорилтыг сонгосон. Харин Л.Оюун-Эрдэнэ ганцаараа намаа, жагсаалтаа хаяад хуучин сонгогдсон тойрог луугаа зугтсан. 

Зугтах зугтахдаа зүүн тойрогт нэр дэвшихээр зоогдчихоод байсан Ж.Батсуурийг гэрийнх нь гадаа цагдаа, тагнуулынхныг тэр чигээр нь жагсааж, ах дүүгээр нь айлгаж ичээж байгаад нэрийг нь татуулсан. Сүхбаатарынхнаас асуугаад үзээрэй. АН-ын жагсаалт яагаад будилсан, Ж.Батсуурь гэнэт орж ирсэн шалтгаан ийм юм. Ардын намынхан намын даргаа тойргоос нэгээр гаргахын тулд ийм зүйл хийсэн гээд бод доо. Ж.Батсуурьтай өрсөлдвөл ард нь орчих гээд байсан учраас тэр. Улс орон даяар өрсөлдөх нь байтугай, мажоритари тойргоос гарч чадахгүйдээ хүртэл айсан, сандарсан, арчаагаа алдсан хүн л ийм юм хийнэ. Тэгээд сонгуулийн өмнө, өнгөрсөн гурван сарын хугацаанд Л.Оюун-Эрдэнийн хийсэн ганц зүйл нь өрсөлдөгч намаа харлуулах. Холын бодол зорилгогүй, ойрын шуналтай хүний л ажил даа.

Хажууд нь Л.Гантөмөр алдаа, оноогоо ах нарынхаа хийсэн гэм зэмтэй хамт үүрээд, орооолгуулахдаа оруулгуулж, зодуулахдаа зодуулаад жагсаалтыг тэргүүлж байна. Үүнийг хариуцлага гэдэг юм. Яагаад гэвэл АН хэзээ ч хариуцлагаас зугтаж, бултаж, бусдад буруугаа нааж яваагүй. Хариуцлагыг бол үүрсэн шиг үүрээд, туулсан шиг туулаад гардаг тийм л улс төрийн хүчин. Өнгөрсөн найман жил АН-ын хувьд тийм л он жилүүд байлаа. Харин одоо бол АН-ын хувьд цоо шинэ он цаг эхэлж байна. Л.Гантөмөр гэдэг хүн намын дарга болсондоо ч биш. Угаасаа цаг үе нь тэгж таарсан. Өнгөрсөн найман жил эзгүйрсэн орон зай, Ардын намын хийсэн ухралт буцалтууд АН-ыг улс төрийн тавцан дээр дахин гарч ирэхийг шаардаж байна. АМЖИЛТ ХҮСЬЕ!

inews.mn