1.

Аль ч талаараа Ардын Намд нөлөөтэй УИХ-ын хоёр гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, сайн дураараа шалгуулах хүсэлтээ өгснөөр хаврын улс төрийг салхийг хагалж, суурийг цутгав. Нэг нь Ж.Мөнхбат, нөгөөх нь Т.Аюурсайхан. Ж.Мөнхбат нь Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын, Т.Аюурсайхан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албатай. МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр дүүргэсэн даруйдаа УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, парламентын спикерийн Шадар туслах болтлоо дэвшсэн нь Ж.Мөнхбатын намтрын эн тэргүүнд бичигддэг баримт, бас "чимэг" нь. Хувийн хэвшлээс улс төрийн замналыг сонгож, бүр Ерөнхийлөгч асан Н.Баганбандийн Зөвлөх, Шадар туслахаар ажилласан он жилүүд харин Т.Аюурсайханых.

2012 оны УИХ-ын, 2013 оны Ерөнхийлөгчийн гэсэн хоёр ч томоохон сонгуульд МАН улс төрийн татамид далаараа цэвэр тавиулж, дарааллан ялагдал амссан амаргүй цаг үед Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хүлээж авсан Ж.Мөнхбат Төв талбайд жагсаал зохион байгуулахаас эхлээд эрх баригч АН руу чиглэсэн акц болгоны автор, туг нь явлаа. Ардын Нам жагсаж чаддаггүй гэсэн яриа улс төр, нийгмийн ой санамжид олон жил хадагдсан ч генсек Ж.Мөнхбат нарын дэглэлттэй жагсаал бүхэн ямар нэгэн сэжмээр "Бай"-ндаа тусдаг байв. Харин М.Энхболдыг хоёр дахь удаагаа МАН-ын даргын тамга атгасан үеэс Шинэчлэлийн хороо гээчийг байгуулж, намынхаа удирдлагуудыг ганцаараа сөрж зогссон нь Т.Аюурсайхан. Үндсэндээ сөрөг хүчин доторх сөрөг хүчин нь тэр байлаа.

Уг мэргэшил нь улс төр судлаач юм болохоор Ж.Мөнхбатын зураглаж, хэрэгжүүлсэн акцууд тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн, 2016 оны сонгуульд МАН УИХ-д 65 суудлыг авч, дунд, доод шатанд ч үнэмлэхүй ялалт байгуулсан түүхтэй. Энэ хооронд Т.Аюурсайхан намынхаа Хяналтын ерөнхий хорооны дэд дарга болоод зогсохгүй ШӨТХГ-ын даргаар жил хэртээ ажиллаад буусан ч УИХ-ын гишүүн болж дэвшсэн юм. Нэг үгээр, Төрийн ордноос улстөрчийн замналаа эхлүүлсэн он жил нь ойролцоо, МАН-д нөлөө бүхий албан тушаалтнуудын дэргэд ажиллаж, бас "хүмүүжсэн"-ээрээ Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарт ижилхэн тал бий. Хоёулаа Ардын Нам дахь 1970-аад оны төлөөлөл болж яваа нь ч адилтгаж харах нэг шалтгаан. Гагцхүү "Эрдэнэс Тавантолгой", тэр дундаа нүүрсний хулгай хэмээх нийгэм, улс төрийн хүрээнд хамгийн их гал дуудсан агуулгаар бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, шалгуулахаа илэрхийлсэн он цаг хугацаа нь зүгээр ч нэг давхцал байсангүй. 2016-2022 оныг хүртэл "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан Д.Ариунболд, Б.Ганхуяг нарыг цагдан хорьсноос үүдэж, улс төр талаасаа холбоо хамаарал нь Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нартай шууд болон шууд бусаар холбогдож буйд асуудлын зангилаа оршиж байна.

2.

Ардчилсан Нам 2012 оны сонгуульд олонх биш олуулаа болж, Засгийн эрхэнд гарахад Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат сайд бололгүйгээр парламент дахь Бүлгийн даргын сэнтийд очиж байв. Улс төрийн уур амьсгал, эрх мэдлийн хуваарилалтаа бодсон ч хамгийн оновчтой шийдэл нь тэр байсан байх. Эл жишгээр 65 гишүүнтэй МАН-ын "бүдүүн бүлэг"-ийг зангидах боломж Ж.Мөнхбатад нээлттэй байсан ч Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар очсон нь 2016 он. Шалтгаан нь ердөө сар гаруйн хугацаанд хөдөлгөөнд оруулсан төрийн өмчит компанийн нэг нь "Эрдэнэс Тавантолгой" байж, Д.Ариунболдыг гүйцэтгэх захирлаар томилуулсан нь түрүүчээсээ ил болж байх шиг.

Сү.Батболдын Засгийн газрын үед тавьсан "Чалко"-гийн 350 сая ам.долларын зээлийг төлж барагдуулсан нь сайд асан Ж.Мөнхбатын, тухайн үеийн "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлагын багийн гавьяа гэж бичигдэн үлдсэн ч нүүрсний хулгайн шуугиантай холбогдуулж Д.Ариунболдыг цагдан хорьсон нь хуулийнхан олсны үзүүрээс атгасны л илрэл. Саяхныг хүртэл "Казино" гэсэн ганцхан пайзтай явсан Ж.Мөнхбат нүүрсний хэрэгт сэрдэгдсэн ч багагүй хугацааны дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураар чөлөөлөгдөх хүсэлтээ яаран хүргүүлсний ард ямар нэгэн шалтгаан байж л таараа. Олсны үзүүрээс лавшруулж атгах тусам, адаг сүүлд нь Ж.Мөнхбат гишүүн торойгоод гэгээн дүрээрээ гараад ирэхийг өнөөдөртөө үгүйсгэх аргагүй л юм. 

Улс төрд түүх давтагддаг гэгчээр УИХ-ын дарга асан М.Энхболдыг эрх мэдлийн оргилд хүрэхэд хоёр удаа сөрсөн хүн нь маргаангүй Т.Аюурсайхан. УИХ-ын гишүүнийхээ албан бланк дээр өөрийн эмхэлсэн "Мэргэжлийн" гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулах гарын үсэг цуглуулж, эцсийн зорилгоо биелүүлсэн тэрбээр өмнөх Засгийн газрынхаа томилгоотой Д.Ариунболдыг чөлөөлүүлж, найз Б.Ганхуягийг гүйцэтгэх захирал болгож байв. МАН-ын Бага хурлын гишүүн, Шинэчлэлийн хорооны дарга, "Эрдэнэс Тавантолгой"-н Тэргүүн дэд явсан Б.Ганхуяг гүйцэтгэх захирал болж дэвшсэн нь ийм л учиртай. Засгийн газраас зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Б.Ганхуягийг чөлөөлж, бүр цагдан хорьсноос хоёр сарын дараа итгэлт анд Т.Аюурсайхан нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ ийн хүргүүллээ. 

С.Баярын үед Тавантолгойн ордын 96 хувийг Төрд авах шийдвэр гарсан цаг үеэс, 2008 оноос буюу компанийн шавыг тавьж, шанг татахаас эхлээд 2022 оныг хүртэл гүйцэтгэх захирал болтлоо дэвшсэн нь Б.Ганхуягийн намтрын дийлэнх нь. Үүгээрээ "Эрдэнэс Тавантолгой" компанид сүүлийн 10 жилд болж өрнөсөн үйл явцыг цээжээрээ мэдэх, хэлэх цөөн хүний нэг нь мэдээж Б.Ганхуяг байх. Харин энэ хүртэл өсч, дэвшихэд нь улс төрийн хамаарал талаасаа Т.Аюурсайханы дэмжлэг, нөлөө байсан нь мэдээж. Гол нь улс төрийн өрөг дээр ил явсан тэдний нөхөрлөл, харилцан хамаарал хөшигний ард хэрхэн ашиг сонирхол болж буусныг хуулийн байгууллага мухарлана. Албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шүүхээс эцэслэж алх цохино.

3.

Хуульд зааснаар шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх хэн бүхэнд хориотой. Үүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ч хамаарна. Үүнийг хамгийн сайн мэдэх, хуульд захирагдах учиртай хүмүүс нь ч эдгээр гурван субъект. Гагцхүү Ерөнхий сайдын зүгээс "Одоо шүүхийг л харж байна, та нар ч бас нүд цавчилгүй хараарай" хэмээх байр суурийг ил тод хэлсээр удлаа. Хэд хэдэн удаагийн Засгийн газрын хуралдааны үеэр эл байр сууриа эргэн сануулах болжээ. Хөндлөнгийн нэгэнд Төрийн өндөр албан тушаалтан, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь шүүхэд нөлөөлж буй оролдлого мэт ойлгогдох ч Ерөнхий сайд ингэхээс өөр сонголт үлдээгүй бололтой. Нэг ёсондоо улстөрчдийн оролцоотой, ашиг сонирхлын зөрчилтэй, албан тушаалын хэргийг хуулийнхан мухарлаж, шүүхэд шилжүүлдэг ч эцсийн шатанд очоод замхардаг, эс бөгөөс ял завшуулаад өнгөрүүлдэг уламжлалт гэмээр ужгирсан системтэй Л.Оюун-Эрдэнэ эвлэрэхийг хүсээгүй нь байсхийгээд илэрхийлэх болсон байр сууриас нь тодорхой харагдаж бас ойлгогдоно.

Олон нийтэд ил болсон мэдээлэл нь гэвэл Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж, 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тэдгээрийн дунд лав энэ парламентад суугаа дөрвөн УИХ-ын гишүүний нэр дурайж байна. Нэг нь бие даагч, нөгөө гурав нь МАН-ынх. Араас нь нүүрсний хэрэгт холбогдуулж, Авлигатай тэмцэх газраас нэрийг нь зарласан долоон гишүүн одоогийн УИХ-д бас бий. Тав нь МАН, хоёр АН-ынх. Чөлөөгдөх хүсэлтээ хүргүүлсэн Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, сайд Т.Аюурсайхан нарыг нэмж тооцвол одоогийн байдлаар УИХ-ын 13 гишүүн хуулийн байгууллагын хаалга татаж, гэм буруутай эсэхээ шүүхээр дэнслүүлэх нь. 10 гишүүн нь МАН-аас сонгогдсон гэж үзвэл Ардын Намд асуудал байна аа л гэсэн үг.

"Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг" хэмээх Л.Оюун-Эрдэнийн үг ч ортой байжээ. Шүүхээс гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтнээр тооцож болохгүй нь үнэн ч УИХ-аас талаас Ж.Мөнхбат, Засгийн газрын түвшинд Т.Аюурсайхан нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, шалгуулахаар болсон нь нэг талаар зөв жишиг, нөгөө талаар халдашгүй бүрэн эрхийн ард нуугддаг, нуугдсан, нуугдсаар яваа буруу жишгийг халахад том дэм болох учиртай. Ганц үнэн гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд НЭГ БОДОЛ байна. Тэр ерөөсөө л намынхаа журмын нөхдөд биш хуулийнханд итгэж эхэлжээ. 

UZEG.INFO