Монголын улс төрд явж чаддаг, буцаад ирж чаддаг хуруу дарам улстөрч бий. Тэдгээрийн нэг нь С.Баярцогт. Идэрхэн 23-хан насандаа Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутатаар сонгогдож, Ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж явсан тэрбээр 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Байгаль орчны сайдаар очихдоо л өөрийн орон зайг намдаа тогтоож байв. 2004 оны сонгуулийн үр дүнгээр тухайн үеийн МАХН, "Эх орон-Ардчилал" эвслийнхэн бараг эн тэнцүүхэн суудал авч, хэн нь эрх барих нь тодорхойгүй бас ойлгомжгүй цаг үед АН талаас зөвшилцлийн гол ажлыг нугалж, ширээний ард суусан хүн нь тэр. Ингэж тохиролцсоны үндсэнд Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болж, С.Баярцогтыг дэргэдээ авч, бүр Хэрэг эрхлэх газраа зангидуулж байлаа. Эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу Сангийн сайдаар очих боломж нь С.Баярцогтод, томилуулах бүрэн эрх нь Ц.Элбэгдоржид байсан ч хүний, өөрийн намын нийт 17 сайдыг нэг амаар, нэг цонхны бодлогоор залуурдах Ерөнхий сайдын алсын хараа нь тэр байв.

Засгийн газраа тогтвортой ажиллуулах гол хөшүүрэг нь зөвшилцлийг хадгалж, сануулах гол хүн нь Хэрэг эрхлэхийн даргаас өөр байгаагүй учраас. Ямар ч байсан Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар хоёр жил тогтвортой ажиллаж, Их эзэн Чингис хааны хөшөөт цогцолборыг барьж, Төрийн ордны өмнөх Бунханг нүүлгэж байлаа. Анхандаа "С.Баярцогтын балгас" болтлоо шүүмжлүүлж байсан бүтээн байгуулалт өдгөө нийт монголчуудын бахархал болоод л явж байна. Төрийн ёслол хүндэтгэлийн төв индэр болсоор нэгэн арвантай золгох гэж байна.

2008 онд МАН ялалт байгуулсан ч намын дарга С.Баярын шийдвэрээр сөрөг хүчинтэйгээ хамтарсан "Стандарт бус Засгийн газар"-ын Тэргүүн Шадар сайдад нь С.Баярцогтыг нэр дэвшүүлэхээр УИХ дахь АН-ын бүлгийнхэн тохирцгоосон гэдэг л юм. Хариуд нь Ерөнхий сайд С.Баяр С.Баярцогтыг дуудаж уулзаад Сангийн сайдын суудлыг санал болгосноор Оюу Толгойн гэрээ урагшилж, үзэглэгдсэн түүхтэй. 1990 оноос хойших гуравдагч хөршийн оролцоотой дэлхийн хэмжээний энтэй аварга төслийн хөрөнгө оруулалт тэгж л хөдөлсөн. 

Эдгээрийг хэн нэгэн, хэзээ нэгэн цагт хийх л байсан байх. Гагцхүү хувь заяаны тохиол уу? эсвэл цаг үеийнх нь шаардлага уу? хэлж мэдэхгүй юм, С.Баярцогтыг аль нэгэн албан тушаалд очих бүрд ямар нэг сэжмээр холбоотой явж ирсэн нь Монгол Төрийн ой санамжид ийн үлджээ. Сонирхолтой нь, 2016 оноос хойш парламентад Бүлэг байгуулах хэмжээний эрх мэдэлтэйгээс бусдаар бодлого нь, үнэт зүйл нь, Үндсэн дүрэмтэйгээ хамт гудамжинд гарсан Ардчилсан Нам дахин хуваарилалтад орж, сайд асан Л.Гантөмөрийг даргаараа сонгосныг Дээд шүүх бүртгэж орхилоо.

Ингэснээр 2020 оноос хойш хоёр талд, хоёр даргатай, бас хоёр тамгатай явж ирсэн АН нэг талдаа гарах нь. 1992 оноос хойшхи засаглалын тулах хоёр багана, тулах цэг болж ирсэн АН сая л нэг юм албан ёсны даргатай болсон нь мэдээж сайн. Дээд шүүхээр "виз"-ээ даруулсан Л.Гантөмөр ч УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд даргын хувиар оролцож, төгсгөлд нь хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл хийж, цаашдаа таван асуудалд төвлөрч ажиллахаа мэдэгдэв. Энэ хооронд "С.Эрдэнэ, Х.Баттулга хоёртой уулзалтууд хийж байна. Бүртгэгдсэн нам өөртөө тамгаа гаргаж авна. Бүтцээ баталж, зохион байгуулалтаа хийгээд явна. Бид хэн нэгнийг тойргийн гадна үлдээгээд цаашаа явах тухай ойлголт байхгүй гэдгийг дахин хэлье" гэдгийг онцлоно лээ.

Өөрөөр хэлбэл, гурван жилийн дараа албан ёсоор төлөөлөх даргатай болсон АН удахгүй шинэ бүтэц, зохион байгуулалтаар явах нь, сайд асан Л.Гантөмөрийн хэлснээр. Эндээс нэг асуулт гарч ирнэ. Тэр нь Л.Гантөмөр даргатай АН-ын албан ёсны генсек нь хэн байх вэ? Хэд хэдэн хүний нэр Л.Гантөмөрийн халаасанд яваа байж болох ч улс төрийн уур амьсгал, 2020 оноос хойш ужгирч ирсэн асуудлаа цэгцлэхэд хамгийн боломжит хувилбар нь С.Баярцогт л харагдаад байгаа юм.

Улс орны болон улс төрийн амаргүй цаг үеийн цикл бүрд зөвшилцлийн ширээний тэргүүн эгнээнд суудаг, ард нь гардаг туршлагаараа С.Баярцогтын энд хүрэх улстөрч өнөөдөртөө АН-д алга. Парламентын, Бүлгийн түвшинд ч яг түүн шиг бүх асуудлаар мэтгэлцэж, ойлголцолд хүрч чадах нэгэн хомс, туршлага дутна. "Бид цаашдаа эвдэрдэггүй, задардаггүй, хуваагддаггүй ардчилсан намыг бий болгоно" гэж Л.Гантөмөр даргын хэлсэн нь үнэн л юм бол С.Баярцогт шиг туршлагатай улстөрчдийнхөө толгойг ашиглах л хэрэгтэй. Ямартай ч С.Баярцогт АН-ын албан ёсны "ЭЗЭГТЭЙ" болох уу? гэсэн асуулт хүссэн ч эс хүссэн ч АН-ын шинэ бүтэц, зохион байгуулалттай зэрэгцээд хөврөх нь.

UZEG.INFO