Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжүүд хэрэгжиж эхэллээ
-ХОМ мэдүүлэхдээ хөрөнгийн зөвхөн орлогыг төдийгүй зарлагыг мэдүүлдэг байх төслийг боловсруулж байна-
“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын дүнг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмж гарсан. Үүнд, иргэний болон улс төрийн эрх, хариуцлага сэдвийн хүрээнд зургаан зөвлөмж гаргажээ. Юуны өмнө тайван жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг тогтолцоог халж урьдчилан мэдэгдэх журамд шилжих, энэ талаар холбогдох зохицуулалтыг хууль тогтоомжид тусгахыг зөвлөсөн байна. Мөн энэ хүрээнд иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө баталгаатай эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг асуудал ч багтсан. Гадаад улсад оршин суугаа иргэдийн сонгуульд санал өгөх боломжийг бүрдүүлж УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгах, гадаадад төрж өссөн монгол иргэдийн асуудлыг судлах зэрэг улс төрийн эрхээ эдлэх боломжид анхаарахыг зөвлөжээ.
“Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулж хэлэлцүүлэх шаардлагагүй” гэж зөвлөмжид зөвлөжээ
Парламентын ардчилал сэдвийн хүрээнд ямар зөвлөмж өгсөн нь хамгийн ихээр анхаарал татлаа. Үүнд 2019 оны ҮХНӨ-ийн дагуу батлан гаргах хуулиудыг хойшлуулахгүйгээр баталж, ҮХНӨ-ийн үр дүнг үзэхийг “нэгдүгээрт” зөвлөжээ. Мөн “Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулж хэлэлцүүлэх шаардлагагүй” гэж зөвлөсөн байна. УИХ-ын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулан явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, Улс төрийн намын хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалтыг ил тод, олон нийтийн хяналттай болгох, Улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж, “Бодлогын нам болгох” эрх зүйн орчныг бүрдүүлэх, Иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бүрдүүлэхийг тус тус зөвлөмжид онцолжээ.
Зөвлөмжийн бодит хэрэгжилт АТГ-аас ХОМ-ийн өөрчлөлтөөр эхэлж байна
Түүнчлэн хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагч хөрөнгө орлогоос гадна зарлагаа мэдүүлдэг байх зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгахыг Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжид заасан. УИХ-ын дарга саяхан АТГ-ын удирдлагатай уулзаж холбогдох хууль тогтоомжид оруулах саналуудаа боловсруулах, тусгах талаар ярилцсан. Үүнтэй холбогдуулан АТГ-аас ХОМ мэдүүлдэг төрийн албан хаагчдын зарлагыг үнэн зөв мэдүүлэх, хариуцлага хүлээлгэх, маягтаа өөрчлөх асуудлыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөлд тусган ажиллаж байна. Ингэснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах аж. Өнөөдрийн байдлаар ХОМ-ээр шинээр орон сууц, автомашин худалдаж авах зэрэг тодорхой зарлагын мэдээлэл авч байгаа боловч цаашид хөрөнгөө мэдүүлэхдээ тухайн жилд авсан хөрөнгийг нь зарлагаар тооцдог байх зэргээр үйлчилгээний зарлагын талаар мэдээлэл авдаг болох талаар холбогдох саналууд АТГ, УИХ-ын ХЗБХ зэрэг холбогдох байгууллагуудаас гарч Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөлд туссан. Энэ нь үндэсний хэмжээний Зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмж хэрэгжиж эхэлж байгаагийн эхний том үр дүн бөгөөд хэрэгжилтийн эхлэл юм.
Баялгийн сангийн удирдлагын баг нь мэргэжлийн бөгөөд улс төрөөс хараат бус байхаар хуульчлахыг зөвлөжээ
Нийгмийн тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд гурван зөвлөмж гаргасан байдаг. Үүнд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойгоор нэмэгдүүлэх эрх зүйн болон эдийн засгийн орчныг боловсронгуй болгохыг эн тэргүүнд зөвлөжээ. Он удаан жил яригдсаар байгаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн төсөв, хөрөнгийн удирдлагын ил тод байдлыг сайжруулах, ингэхдээ тус сангийн гурван талт удирдлагыг улс төрөөс хараат бус, олон нийтийн хяналтад ажиллах эрх зүйн зохицуулалтыг хийхийг зөвлөжээ. Мөн жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангахад чиглэсэн хууль, тогтоомжийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд гүйцэд хэрэгжүүлэхийг онцолсон байна.
Олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж буй эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах сэдвийн хүрээнд долоон зөвлөмж өгчээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын утга учир, гол цөм нь энэ сэдвийн хүрээнд өгсөн зөвлөмжтэй маш их хамааралтай байх. Тухайлбал, Баялгийн сангийн хуваарилалтыг орлогын тэгш бус байдлыг багасгах, ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн эрх зүйн орчныг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн бүрдүүлэх нь чухал. Үүнийг хийхийн тулд Баялгийн сангийн удирдлагын баг нь мэргэжлийн байх бөгөөд улс төрөөс хараат бус, олон нийтийн хяналтад ажиллахыг хуульд тусгахыг зөвлөжээ.
“Засгийн газар засаг захиргааны шинэчлэл хийх саналыг боловсруулж УИХ-аар шийдвэрлүүлэхийг зөвлөжээ
Нийгмийн захиалгат томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, Орон нутаг жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос сан бүрдүүлэх боломжийг нь нээж өгөхөд эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр дэмжихийг зөвлөжээ.
Хуульд заасан мөртлөө хэрэгжилт нь төдийлөн хангалтгүй явсаар байгаа Төв банкны хараат бус байдлын баталгааны талаар мөн холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвлөсөн байна. Сонирхолтой нь “Засгийн газар засаг захиргааны шинэчлэл хийх саналыг боловсруулж УИХ-д оруулж шийдвэрлүүлэхийг зөвлөмжид дурджээ. Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахын тулд орон нутагт оршин суугч болон шилжин суурьшигч иргэдэд тусгайлсан дэмжлэг үзүүлэх талаар зөвлөсөн нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа сэдэв мөн.