Ардын армид алба хашсан дурсгалт мөчийн дурсамж
МУИС-ийг төгсгөх хавар НАХЯ-ны боловсон хүчнээс дуудаж анкет авснаас өөрөөр үнэндээ цэргийн хүн болно гэсэн бодол миний толгойд хэзээ ч орж ирж байгаагүй. Хожмоо МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч, БХЯ-ны сайд болдог дэслэгч генерал Л.Моломжамц гуайгаас болоод гэх үү дээ, тэр яруу алдрын дайчин 3 жил 6 сарын түүх маань эхэлсэн юм даа.
МУИС-ийг төгсгөх хавар НАХЯ-ны боловсон хүчнээс дуудаж анкет авснаас өөрөөр үнэндээ цэргийн хүн болно гэсэн бодол миний толгойд хэзээ ч орж ирж байгаагүй. Хожмоо МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч, БХЯ-ны сайд болдог дэслэгч генерал Л.Моломжамц гуайгаас болоод гэх үү дээ, тэр яруу алдрын дайчин 3 жил 6 сарын түүх маань эхэлсэн юм даа.
1980 оны 6 дугаар сарын 25 шиг санагдана. Улс орон даяар ээлжит цэрэг татлага явагдаж байлаа. Би Радиогийн гадаад нэвтрүүлгийн Ерөнхий редакцийн хятад, монгол, хасаг хэлний нэвтрүүлгийн редакцид орчуулагчаар ажиллаж байв. Цэрэг татлагаас чөлөөлөгддөг дээд газрын тогтоолтой гэж дарга нар маань айлдсан болохоор цэрэгт явчихна чинээ даан ч санасангүй. Намын үзэл суртлын чухал байгууллагын ажилтнуудыг уг нь цэргийн дайчилгаанаас чөлөөлдөг тогтоол ч байх нь байсан юм билээ.
Зарлан дуудах хуудас гэж айхтар сүржин үгтэй, заналхийлэл бүхий бичгийг нэг хөгшин авгай надад авчирч өгөв. Би ч палхийгээд явчихлаа. Харин манай ажлынхан болохоор явж очоод “Тусгай сурвалжлагч”-ийнхаа үнэмлэхийг үзүүлэхлээр чөлөөлчихнө гээд тайтгаруулаад. Тийм л итгэлтэйгээр тэр үеийн Барилгачдын соёлын ордон, одоогийн СУИС-ийн байранд очиж комисслуулав аа. Харааны шилтэй гэхгүй л бол эрүүл мэндээр бүрэн тэнцлээ. Цэрэг татлагын явцтай танилцаж байгаа бололтой нэгэн генерал сууж байсан нь манайхны эртний танил, манай хөрш асан Молом генерал байсныг (Тэр үед БХЯ-ны газрын дарга) би анзаарсангүй. Намайг байцааж байцааж, хятад судлалын мэргэжлийг маань олзуурхаад, цэрэгт очоод офицер бол, армид чиний мэргэжил маш хэрэгтэй, армид жаргана, хангалт сайн гэж ятгасаар юу юугүй Таван толгой руу ачуулчихдаг байна шүү. Ер нь армид очоод их л үнэтэй хүн болох ухааны юм ярьсан шиг санагдана. Миний цааргалсаныг хэн ч тоосонгүй.
Эцэг эхдээ дуулгаагүй, гэр зусланд, хотын байрны түлхүүр, ажлын сейфний түлхүүр өөрт, хараажаар сэхээтэн, насаар хөгшдөх болов уу гэмээр нөхөр хэдэн согтуу бандитай хамт ачааны машинд сэгсчүүлсээр Таван толгойд очлоо. Тэнд дахин комисслуулаад гараад ирсэн би, толгойтой үсээ хусуулчихсан, гартаа хэдэн түлхүүр атгачихсан, чармай нүцгэн амьтан, хараажаар үнэтэй дэгжин гутал хувцасаа хураалгаад шатаалгахыг харж зогсох юу нь сайхан байв гэж дээ. Миний аавын Болгараас авчирсан дэгжин гоё гутал, Унгараас бэлгэнд ирсэн гоё гялгар костюм, дэгжин дотуур цамц бол тэр үедээ ховор эд л дээ. Шатаагдаагүй, харин тэр комиссын эмч нар, эсвэл офицеруудын хоол болсон байхыг хэн мэдлээ. Ер нь цэрэгт татагдаж байгаа залуус бол бараг бүгдээрээ уранхай ноорхой хувцастай, үсээ хусуулчихсан, ихэнхи нь согтуу хөлчүү очдог байсан үе юм уу даа.
Ингээд тэнд өдөржин өлсгөлөн байж байж, тавьж олгосон бахиалан гутал, цэрэг хувцас, пилоткон малгайг нь духлуулаад шөнө дөл болсон хойно алба хаах анги руугаа ачигдав. Улаанбаатар хотыг чиглэн хэсэг давхиснаа зүүн тийш эргэн уулаад өгсөн сэгсчүүлсээр баахан майхны гадаа ирж зогсов. Арваад шинэ цэрэг, би арай ахмад нь тэнд ачигдаж очжээ. Хоол унд ч дүүрчээ. Нэг ор зааж өгөөд унтууллаа. Өглөө нойрон дунд “Сэрээд”, “Өндийгөөд” гэх хахир дуу яг майхны дэргэдээс хадлаа. Бага дарга нар командалж байгаа нь тэр гэнээ. Өмд гутлаа өмсөөд цээж нүцгэн гарч нэг эгнээнд жагслаа. Жагсаалаар авч гүйсээр нэгэн жалганд очмогц “Тараад” команд өгөв. Цэргүүд жалгаар нэг тарж давсгаа юүлэх нь юүлж, зарим холхон сууж хүндэрч арагдав. Эргэж жагсаалаар гүйсээр майхандаа ирж хувцаслаад өглөөний үзлэгт жагсав. Ингэж миний цэрэг амьдрал эхэлсэн юм даа.
Тэнд цугласан 100 гаруй шинэ цэргийг ажваас би ч нэг их хөгшдөхгүй, надаас хөгшин, зарим нь бүр 30 хүрсэн болов уу гэмээр нөхөд ч нэлээдгүй байна. Тэдний ярианаас үзвэл дээд боловсролтой биднээр Ардын армийн 122-р анги дээр тусгай карантин бүрдүүлсэн нь тэр гэнээ. Тэдний нэлээд нь хөдөөнөөс зугтаж хот бараадахаар цэрэгт сайн дураараа ирсэн их эмч, багш нар байв. Харин “Жа”, бага дарга нар нь биднээс насаар дүү хуучин, хал цэргүүд, нэгэнтээ дээд боловсролтой цэрэг нь 100 хол давсан болохоор биднийг дэглэнэ зодно гэж юу байхав, сайндаа л наранд удаан зогсооно, хааяа хүйтэн бороонд цээж нүцгэн гүйлгэнэ, тэгээд даарлаа гэхлээр “Энэ чинь зун шүү дээ!” гэж тавлана. Эсвэл малгай даах уу гээд хөөрхөн тамлана. Тэр нь пилотка малгай өргүүлээд зогсоохыг хэлнэ. Гар нь цуцаад доошоо унаад болохгүй, тэгэхээр иймхэн жижиг малгай даахгүй ээ гэж тавлана.
Танихаас миний үеэл ах, рок попын алдартай зүтгэлтэн Б.Долгион, нэрт зохиолч Ч.Чимидийн ууган хүү хуульч Энхбаатар, дипломатч Цагаандоржийн хүү Ачитсайхан, хятад-япон судлаач эрдэмтэн Дүнгэряйчилын ууган хүү Алдар нар хамт байв. Тэднийг эргэж ирсэн бололтой нэг орой нүдэндээ шилтэй туранхай шар дэслэгч ирээд явж байхыг санаж байна. Тэр бол одоо бодох нээ өмнөх онд бидний замаар орсон С.Баяр (хожмын Ерөнхий сайд) байсан санж. Намын үзэл суртлын чухал байгууллагын ажилтнуудыг цэргийн дайчилгаанаас чөлөөлдөг нөгөө лут тогтоолын ачаар Долгион маань ч суллагдаад алга боллоо. Долгионы ярьснаас үзэхэд тэр тогтоол ч бус, нам-төрийн удирдагч Ю.Цэдэнбалын ам зарлигаар цэргээс чөлөөлөгдсөн юм билээ. “Новости Монголии” сонин Цэдэнбал даргын ширээний сонин байсан, Долгион тэр сонины нарийн ширийнийг хийдэг гол хүн нь, тус сонины зөвлөх мэргэжилтэн Асланян гэж нэг армян бусдад юм зааж өгөх дургүй, сонины макет хийх аргыг Долгион тэрнээс нууцаар сураад авчихсан, Долгион цэрэгт татагдчихаар сонин хэцүүдээд, Асланян аргаа бараад Цэдэнбалын туслахад “Сонин зогслоо!” гээд хэлчихэж. Ингээд яаралтай сулла гэсэн зарлиг буулгажээ
Намайг цэрэгт татагдаад явчихсан, арын ажил төрөл будаа болсныг эцэг эх минь хаанаас ч олж сонссон юм бүү мэд, хэд хоногоос намайг эрж сурсаар Толгойтын баруун салаан дахь манай карантин дээр очиж хэдэн түлхүүрийг минь авч билээ. Намайг мөд чөлөөлүүлнэ гэх битүү яриа Радио хавиар яригдсан гэж аав ээж минь ярьсан тул би Долгионыхоо араас мөд алга болно доо гэсэн гэгээн бодолтой хоцров. Миний тэр бодол миний тархинд 3 жил 6 сар баттай эргэлдсэн юм даа.
Намайг чөлөөлүүлэх бичиг үйлдээд БХЯ (сайд Ж.Авхиа) руу явуулах гэж байсныг би хожим олж сонссон. Тэр үеийн МРТУХ-ны дарга С.Пүрэвжав гэдэг хүн тэр бичигт гарын үсэг зурахынхаа өмнө миний шууд харьяалах даргыг дуудаж тодруулах гэсэн юм билээ. Гэтэл хятад, монгол, хасаг хэлний нэвтрүүлгийн редакцийн хариуцлагатай редактор Ч.Төмөр багш маань эзгүй, оронд нь гадаад нэвтрүүлгийн Ерөнхий редактор П.Сандуйжав дарга маань дээд дарга дээрээ ороод намайг баахан муулж муулж, ер нь цэрэгт явуулбал таарах нөхөр гэж ярьсан бололтой юм дуулддаг. Би ч би, хэрээ мэдэхгүй, гадаад нэвтрүүлгийн нэгэн зөвлөлгөөн дээр ажил сайжруулах санаатай санал шүүмжлэл тавьсаныг тэрээр их эмзэг хүлээн авсан нь тэр байжээ. Ингээд цэрэгт үүрд биш юм аа гэхэд нэг хэсэгтээ хадагдах нь тэр ээ.
Сар өнгөрсний дараа карантиныг хоёр хувааж дээд боловсролтой залуусыг тусад нь Офицеруудыг бэлтгэх түр курс болгон тэр үеийн Цэргийн ерөнхий дээд сургуулийн офицер, түрүүч нарын мэдэлд шилжүүлж, 122-р ангийн өвлийн байр руу нүүлгэв. Курсын захирал нь БХЯ-ны Боловсон хүчний газрын нэг дарга дэд хурандаа Норов, улс төрийн орлогч нь Армийн улс төрийн газрын байцаагч ахмад Очирбат, штабын дарга нь ЦЕДС-ийн ахмад Хасбаатар, багш нар нь ахмад Гүнчин, Чулуундорж, Дэмбэрэл, манай салааны захирагч ахлах түрүүч Баярсайхан гэж шижигнэсэн дарга нар иржээ. Бид тэнд 3 сар гаран ном үзлээ. Ухаандаа ЦЕДС-ийн 4 жилийн хөтөлбөрийг 3 сард шахаж заагаад салааны захирагч, сумангийн улс төрийн орлогчийн хэмжээнд бэлтгэх, нэг үгээр ЦЕДС-ийг эчнээ төгсгөх юм гэнэ лээ гэсэн яриатайгаар, маш шахуу программаар хичээллэв. Манай 2-р салаанаас тэр энэ гээд нэр заачих цэргийн лут дарга төрөөгүй, гэхдээ академи төгсгөж хурандаа болтлоо дэвшсэн Б.Баяржаргал, сүүлд бөөрний нэртэй мэс засалч болсон Төрийн шагналт, гавьяат эмч Д.Нямсүрэн, Сант хэмээх нэртэй сургуулийг үндэслэн байгуулж удирдсан Д.Зургаанжин гээд нэрлэвэл бас ч алдартнууд мэр сэр бий нь бий.
1980 оны 9 дүгээр сарын сүүлчээр байлдааны тугандаа тангараг өргөх ёслолоо хийж БХЯ-ны орлогч сайд дэслэгч генерал Ж.Ёндон ирж сургаалийн үг айлдаж үүрэг даалгавар өгдөг юм байна. 1982-1989 онд БХЯ-ыг толгойлсон хурандаа генерал энэ домогт эрийн тухай монголчуудад гэгээн дурсамж үлдсэн дээ. Тэрээр ингэж ярив: Өмнө зүгт харгис маоистууд империализмтэй хуйвалдаад манай эх оронд аюул учруулж, бид ч эх орны дуудлагаар чухал цаг үед нь дайчлагдан ирсэн маш хэрэгтэй хүмүүс гэв. Та нар энэ Чулуундорж шиг офицер болох хэрэгтэй хэмээн биет жишээ татав. Чулуундорж багш маань биеийн тамирч, гүргэр чанга, ёстой эр хүн шиг офицер. Турник дээр өлхөн суниачихдаг, модон морин дээр харайчихдаг, оператив-тактикийн мэдлэгтэй, автомашин, хуягт, танк жолоодчихдог, ер нь бүх талын мэдлэг чадвартай, эрүүл саруул биетэй офицер байхыг нам-засаг Та бүхнээс шаардаж байна хэмээн Ёндон сайд хэллээ.
Бүр сэрүү орсон хойно 10 дугаар сарын хуучдаар БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд хурандаа генерал Б.Цог гуайгаас дэслэгчийн мөрдөсөө гардан авч байлдагчийн амьдралаа үдэх ёслол хийв. Тэр өдрөө байлдагч хувцсаа хураалган 122-р ангийн агуулахаас офицерийн шинэ хувцас олж өмсөөд хот руу гэртээ харьж билээ. Тэр курсэд миний сурсан эрдэм гэхээр юм маруухан, цэргийн анхан шатны эрдэм сурсан байх, бидэнд курс төгссөн үнэмлэх, ямар нэг бичиг баримт өгөөгүйг бодвол албан бус ч юм шиг. Тэгсэн хэрнээ монтажтай, үдэлт төгсөлт гэж бөөн хөл хөөрцөг болсныг бодохул бидний хувьд нэгэн шатны сургууль хийж, боловсрол ахисан нь үнэн л юмдаг. Ингээд 100 гаруй шинэхэн дэслэгч эх орны өнцөг булан бүрт таран одлоо. Харамсалтай нь хөдөөнөөс зугтаж хот бараадахаар цэрэгт сайн дураараа ирсэн их эмч, багш нарыг бараг толгой дараалан Дорноговийн Зүүнбаянгийн гарнизон, алслагдсан бусад ангиуд руу хэргээр цөлж нэг ёсны шийтгэл хүлээлгэв. Энгэртээ ромботой 120 гаруй цэрэг 5 салаанд хуваагдан хичээлэлснээс МУИС төгсөгчид олонхи нь болж байв. Дэндүү харамсмаар сайхан мэргэжлүүд цэргээр орж замхарсан даа. Москвагийн ОУХДС-ийг олон улсын валют-санхүүгийн мэргэжлээр дүүргээд, Д.Салдан даргатай Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороонд ажиллаж байсан Х.Цэдэв найзыг маань яаж золигтуулсныг нь би мэдэх юм. БХЯ-ны боловсон хүчний дарга нар ирчихээд л, жагсаалын өмнүүр яваад л, манай Цэдэвийг ингэж байцааж байлаа: - Олон улсын валют-санхүү гэж юу байдаг юм? За, байз чамайг чинь яая даа гэж хэсэг азнаснаа “Чи энийг мэдэх үү?” гэж ирээд хэн нэгний маань өмссөн хувцаснаас чангаагаад хуруугаараа зааж байв. Хувцасны мэргэжил чинийхтэй ойролцоо юу гэсэн санаагаа дохио зангаагаар илэрхийлж байгаа ухаантай юм байж. Олон улсын валют-санхүүгийн мэргэжил, үйлчлэх алба хоёрыг ойролцоо гэж бодсон юм байлгүй тэр маань удалгүй орос зөвлөхүүдийн тавилга, хангалтыг хариуцахаар (БХЯ орос хэлийг нь ашиглаж байгаа нь тэр) 15-р хороололд нэг орцны хонгилд конторлодог болов. Тэгснээ “Чи энийг мэдэх үү?” гэдэг анхныхаа нөгөө “мэргэжлээрээ” дэвшээд ар талын албаны хувцасны хэлтэст очиж билээ. Ер нь эмч нараас бусад нь үндсэн мэргэжлээрээ ажилласан хүн бараг байхгүй. Тэдний нэг нь би байлаа...