Стейкийг үхрийн шинэ нойтон махаар хийх нь зохимжтой. Хэрэв хөлдөөсөн мах байвал тасалгааны температурт хэдэн цагаар тавьж гэсгээнэ. Усанд байлгах буюу богино долгионы зууханд гэсгээх нь махны чанарт сөрөг нөлөө үзүүлнэ.

Стейкийг үхрийн нуруу, гуяны зузаан махтай хэсэг, мөн гуяны хажуу хэсгийн махаар хийдэг.

Хийх арга:


  • Хайруулын тавгаа жигд  маш нимгэн тослоно. Хоолны зориулалттай багсаар тосоо жигд түрхвэл илүү сайн.
  • Ингээд хайруулын тавгаа гар дээр тавьж  тосноос утаа суунаглатал  маш сайн халаана. Тосыг ингэж халаахгүй тохиолдолд махнаас шүүс ялгарч хайрагдас муу тогтох  бөгөөд үүнээс болж мах шүүслэг чанараа алдаж хатуурдаг.
  • Тосоо халаах завсар 2,5 см орчим зузаантай, ширхэгийг нь хөндлөн хувилж зүссэн  махан дээрээ давс, нунтаг хар повоор цацаж амт тохируулна.
  • Ингээд тос сайн халсан эсэхийг шалгана. Үүний тулд хайруулын тавгандаа багахан  ус дусаахад тэр даруйдаа ууршиж алга болох ёстой.
  • Цөцгийн тосыг хэсэглэн  зүсэж хайруулын тавганд  хиймэгцээ бэлтгэсэн махаа багтахаар нь өрж тавина. Өөрөөр хэлбэл тос, мах хоёрыг нэгэн зэрэг хийнэ гэсэн үг. Эс тэгвэл цөцгийн тос хайлж түлэгдэх аюултай.
  • Цөцгийн тосыг ургамлын тосоор орлуулж болно.
  • Ингээд нэг талаас нь 3 минут орчим шараад хавчаараар махыг  эргүүлнэ. Тос багассан тохиолдолд  нэмж хийж болно.

Дахин  3 минут шарсны дараа эргүүлж галаа багасгаж дунд зэрэг халаалт дээр тавьж махныхаа  тал бүрийг нь 5-10 мин шарна. Энэ нь well done буюу гүйцэд шарж болгосон  стэйкний хувьд шаардагдах хугацаа  юм. Харин голдоо шүүрхий (цустай стейк буюу англи нэрээр blue steak, шүүрхийдүү /rare/) стейк хийх бол цельсийн 38-48 хэмийн, дунд зэрэг /medium rare, medium well/ бол 52-63 хэм, дээр дурдсан гүйцэд болгосон /well done/ бол 74-өөс дээш хэмд шарж болгодог. Хэт халаасан тостой гадаргуу дээр шарах буюу хугацааг хэтрүүлбэл мах хатуурч шүүсгүй болно.

Мах шарж байх  хооронд өөр нэг хайруулын тавганд цэвэрлэж хэрчсэн сонгиноо хийж хуурч шаргал хүрэн хайрагдас тогттол шараад  махан  дээрээ  хийнэ. Эсвэл сонгиноо  тусад нь биш махан дээрээ хийж цуг болгож болно. Түүнчлэн сонгинотой хамт хуурч бэлтгэсэн мөөг байж болно.

МАХ ШАРАХАД УЧИР БИЙ

Шарахад зориулсан махыг урьдчилан давтаж зөөлрүүлдэг. Ингэж давтахдаа хувилж зүссэн махыг хүнсний зориулалтын зузаавтар уутанд хийж давтвал шүүс нь үсчихгүй.

Давтсан махыг шарахаас 1-2 цагийн өмнө цуу, ургамлын тосны холимгоор (үүндээ зуурсан гич хольж болно) тосолбол шарагдсаны дараа зөөлөн болдог.

Хэт хатуу  махыг  зөөлрүүлэхийн тулд цуу, усыг 1:1 харьцаагаар найруулж түүхий өндөг нэмсэн уусмалд хийж хөргөгчид 1-2 хоног байлгаад шарахаас хагас цагийн өмнө гаргаж хувилж зүсэх буюу хэрчээд дулааны боловсруулалтанд оруулна.

Махыг шарахаас өмнө хуурайштал сайн арчих хэрэгтэй. Ингэвэл хайрагдас сайн тогтож өнгө нь сайжирна.

Хэдэн хэдэн зүсэм махыг нэг дор шарах бол хайруул, тэвшин дээр өөр хооронд нь зайтай өрөх хэрэгтэй.

Махны  хоёр талд жигд шаргал хүрэн хайрагдас тогтсоноос хойш галаа багасгаж үргэлжлүүлэн шарж болгоно.

Шарж буй махыг эргүүлж тойруулахдаа зүү, сэрээ мэт үзүүртэй зүйлээр хатгаж цоолохоос болгоомжил.

Шарах шүүгээнд битүү хайрч буй махан дээр зөвхөн халуун ус, шөл цутгаж болно. Хүйтэн шингэн цутгавал мах хатуурна.

Махыг  шарахын өмнөхөн тос цутгавал амтлаг,зөөлөн, бас шүүслэг болно. Ингэж шарсан махыг болсон хойно нь давсаар амт тохируулна.

Шарах шүүгээн дотор аягатай ус тавибал шарагдаж буй мах түлэгдэж, түүхийрэх нь бага.

Урьчилан хүчтэй халаасан шарах шүүгээнд мах хийхдээ тосолсон буюу мөнгөлөг цаасаар бүтээвэл түлэгдэлтээс хамгаална.

Тарган, өөхтэй махыг сараалж тавиур дээр шарах нь тохиромжгүй.

Шувууны бүтэн махыг шарах шүүгээнд шарж болгохын тулд тэвшин дээр нуруу талаар нь тавина.

Шарах холимог тос нь дараах хольцтой бол илүү зохицно. Үүнд:

  • Наранцэцгийн тос-хонины өөхөн тос
  • Наранцэцгийн тос-гахайн өөхөн тос
  • Чидуны тос-тахианы өөхөн тос
  • Үхрийн өөхөн тос-гичний тос




ОЮУТАН, МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын зохион байгуулалт, хүний нөөц,  менежмент, маркетинг, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи сэдвээр бакалавр, магистрын дипломын  ажил бичиж  буй оюутан, магистрант нарт судалгааны арга зүй, мэргэжлийн  зөвлөгөө өгнө.

Утас 99182318

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз, хоолны  бизнес эрхлэгчид болон тогооч, сонирхогч хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгч, хоолны цэс зохиох, англи, орос хэлнээ  хөрвүүлэх, шинэ жор, технологи, хийх арга ажиллагааг нь зааж сургах, мэргэжлийн ном, гарын авлагаар хангана.

Утас 99867480, 99182318