Цэндийн Доржготов


ДЭЛХИЙ ДААХГҮЙ БАЯН

(худалдаанд гарч буй шинэ номын оршил төгсгөлийг толилуулъя)

Хувийн өмч нийтэд шилжмэгц хуурамч зан сэдрэв


Тоншуулын хэд. Шоолох гэж хорхойсох мунхаг талдаа ойрынх. Шашин шогд тааламжгүй ханддаг. “Муу хүн шооч мухар үхэр сэжээч” гэх ардын үг ч бий. Тэгэвч ухаарал өгдөөж, мэдрэхүй гижигдсэн, марташгүй сургамжтай уран шогоо хүн гэгч амьтан хаясангүй. Коммунизм сүндэрлэхэд саад бологчдыг Лениний онолоор сэнхрүүлэх яруу хөтөлбөртэй байлдагч армийнх нь орон тоог “Тоншуул”-ын бид тав нэмнэ. “Тоншуул”-ын захиалга зуу гаруй мянгад хүрч МАХН-ын санхүүд жил бүр 500 мянган төгрөг оруулж, тавуул захиалагчдын мөнгөөр буюу нүгэлгүй орлогоор гэдсээ тэжээснээ дурсахад таатай. Захиалга өссөн нь тоншуулын хэд сүрхийдээ бус. 70 жил дан ганц гоёчилсон магтаалд пологдсон ардууд ялзралыг хурц шүүмжлэл эмчилнэ гэж горьдоход хүрсэн юм. Шүүмжилдэг ганц хэвлэл нь “Тоншуул” учраас захиалга өсөв. “Тоншуул”-ын хэд гэгчид хошин шог гэх марзан юм бичих зурахаас цаашгүй, хэн ч тоодоггүй жижиг гарууд. Дотроо бол түүхэнд үлдэх уран бүтээлчид гээд цөм додигор. Нэг үгээр инээдэмтэй өчүүхэн амьтад. 

“Тоншуул”-ынхаа өрөөг дурсах сайхан. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ, Ц.Гайтав, Д.Пүрэвдорж, Ц.Доржпалам, Л.Гаваа нарын цэц мэргэнээрээ гангарч хөхрөлдөх тамхины өрөө нь “Тоншуул” байж. Цуурахад аюулгүй цэг Монголд өөр байгаагүй байх. 1960-аад оны дундуур зохиолч Б.Жамд агсан “Тоншуул”-ын хариуцлагатай н\б дарга байхдаа “Залуу шогчдын клуб” нээж Бавуугийн Лхагвасүрэн, И.Цэрэнжамц, Д.Пушкин, М.Цэдэв нар тодорч байжээ. Шагдайн Цэнд-Аюуш, С.Цогтбаяр, Ш.Бадамханд, Б.Ерэнтэй нарыгаа сургуулиа төгсмөгц татаад авчхав. Л.Өлзийбатыг яамнаас нь “Үнэн” сонин, бүр Төв хороогоор мундагдуулаад булаачлаа. Эрчим хүчний яам улаан дипломтой инженерээ шог зураач болгохгүй гэсэн хэрэг. Ж.Барамсай, С.Цогтсайхан, Т.Түвшин, Б.Баянзул, М.Дэмчиг, Ж.Саруулбуян, Ц.Намжилдорж, А.Бат-Эрдэнэ нарын залуус шог хошин зохиол зурагт хошуурч “Тоншуул”-д нэмэгдэх дайчид тодорлоо хэмээн олзуурхаж байсан минь саяхан мэт. Гэтэл дөч гаруй жил өнгөрчээ. Б.Цэнддоо гэгч жаал соц. орны шог сэтгүүлүүд, олон улсын уралдааны цомог үзээд манай өрөөнөөс салахаа болилоо. Тэр сургуулиа төгсөөд Л.Түдэвийн н\б дарга болсон уг нь том хүн л дээ.

“Тоншуул” ганцхан ажил эрхэлдэг байв. Тэр ажил нь дутагдал засах. Харамсалтай нь засаж чадсан дутагдал бараг байхгүй байх. Хүний мууг арилгах хэцүү юм билээ. Тэр ч бүү хэл би өөрийнхөө мууг ч засаж чадалгүй насыг элээв. Намайг нам засгийг магтаж амьдарчаад ардчиллынханд долигонож өнгөрсөн нийгмээ мууллаа гэж загнадаг комментч цөөнгүй. Би магтаж яваагүй. Социализмыг гоёчилсон бялдуучлалаас хол-шог хошин төрлөөр замнасан этгээд. Хэдэн цаасанд шунадаг ч гэх шиг юм жиргэнэ. Мөнгөний нөлөөнд автахгүй бичихэд тэтгэвэр минь хүрдэг. Энэ нь их тэтгэвэртэй гэсэн үг биш. Настай хүнд юу ч орохоо больдог аж.

Тийм л зоригтой зохиолч юм бол тэр үед нь шүүмжлээд Чойном шиг хэлмэгдэхгүй яагаав чи гэж ам асууна. Би Чойном шиг зориглоогүй хулчгар. Хад мөргөж үхэхээс айсан этгээд. Тэглээ ч “үзлээ худалдсан” нэг ч өгүүлбэр миний бүтээлүүдэд байхгүйг хэлье. Чойном шиг шоронд орж эрхээ хасуулж амиа алдсанаас айж явсан нь арай ахиуг бичнэ биз дээ. Тийм тооцоонд миний зориггүй зүрх хөтлөгдсөн юм. 

Монгол хүнээс аль ч нийгэмд салаагүй залхуу, залхаг, хуулиа сахидаггүй, дураараа дургигч-хүнд суртлын бул чулууд, матаач, худалч, хулгайчид эх орон ард олноо холгож буйг “Тоншуул”-д олон жил ажиллахаар хурц мэдэрч, мэргэжлийн гэмээр өвчин тусдаг юм билээ. Хөндүүр нь яваандаа сүрхий эмзэглүүлнэ. Тэглээ ч аймхай би гашуун үгнийхээ тунг тааруулж, эрсдэлээс тойрч явав. Ээж минь балчир насанд “аймхай хүн ухаантай байдаг юм гэнэ лээ шүү” гэж захьсан юм. Гэхдээ миний роман, тууж, өгүүллэгээс өнгөрөгч нийгэмд биеэ хэрхэн авч явсан минь төсөөлөгдөнө буй зээ.

Бид хэдийн уриа-бүгдээрээ зэрэг дайрцгаа!

-Та яагаад автобусанд тамхи татаж байна?

-Уучлаарай та сэргийлэгч үү?

-Би сэргийлэгч биш ээ.

-Тэгвэл та эргүүл үү?

-Үгүй ээ би эргүүл биш.

-Тэгвэл дарга уу?

-Дарга биш ээ.

-Тэгвэл ядаж ардын нөхөрлөлийн гишүүн үү?

-Огт биш шүү.

-Тэгээд чи хэн юм бэ?

-Би зүгээр жирийн иргэн.

-Жир иргэн мөртлөө чи яагаад бусдад шаардлага тавьж хэнхэглээд байна?

-Би тоншуулын сурвалжлагч.

-Тэгвэл шаардлага тавьсан сурвалжлагч яадгийг үзүүлээд өгье л дөө. Май, ингээд нармайг чинь чихчихье. Болов уу?

-Ёо ёо хамар хамар. Олон түмээн наадахь хулигаанаа бариад аваач. Юунаас нь айгаад байнаа? Ийм олон хүн ганц хулигааныг дийлнэ шүү дээ. Бүгд зэрэг дайр. Зэрэг дайрвал та нараас нэг нь ч хохирохгүй. Танхай этгээдийг нийлж бариад хашраа. Дайрцгаа. Нэг, хоёр, гурав аа... Та нар яагаад хөдөлсөнгүй вэ? Нөгөө танхай амьтан чинь автобуснаас буугаад явчлаа шүү дээ. Ёо ёо хамар хамар. Энэ зуур автобусанд явсан хүмүүс “Тэр балмад этгээдийг хэн автобуснаас гаргачваа? Тэр муу хулигааныг сайн хашраавал дахиад хүний хамар цөмлөхгүй. Манайхан хэзээ социализм байгуулж дуусах бол” гэж зэрэг зэрэг лекц уншив.

Эсэргүү үзэл “Тоншуул” хавьд гангараа байсан ч юм шиг. Европын соц. орны шог сэтгүүлийн зохиолч зураачид тэрслүү бүтээлийг амь хоорондоо үнэлдэг нь бидэнд халдсан тал бий. Далд тэрслүү утгатай зохиол зургийг сэм дээдэлдэг урамшуулагч манайд байсан юм шүү. Тэд голдуу надаас дүү томоогүй уран бүтээлч жаалууд. Би гэж архаг амьтан шог хошин ийм тийм байх ёстой гэж айлдана. Буруу хазгай ярьдаг орос хэл, зөвлөлт ромбоороо гайхуулж явсан цаг. Ерэнтэй Польшид хамт суралцаж байсан Батбаяр (Баабар)-гаа надад магтаж, түүний дисседент үзэл таныг дагуулахгүй гэж шар хөөргөлөө. Тэр тэрслүү оюутан миний зохиолыг далд утгатай гэдэг нэгэн болохыг Ерэнтэйгээс сонсоод ёргио зан минь огшиж, хор шар гялс замхрав. Ерэнтэйн эсэргүү үзэлтэй найзыг сэтгүүлдээ татах юмсан гэх бодол төрсөн нь мэдээж. Тийм шинэ хандлагатэй авъяаслаг залуус сэтгүүлийг маань хурцална гэх итгэл тээж явлаа. Харамсалтай нь социализмыг ил далд өөлж явсан залууст ардчиллын ач буян наалдаагүй. Томчуудын удам угсаа булагнаж, ардчиллын өгөөжийг хүртэв. “Хонхны дуу”-гаараа сэрээсэн цоглог хөөрхөн С.Цогтсайханаа би мартахгүй. Бид хайртай ах дүү-багш шавь явав. Үүрээр үстэй дээлээр дулаалсан Баабар анхны цуглаанд оролцох замдаа манайхыг дайрав. Ачигдвал дулаан дээл хэрэгтэй гэж аав нь зөвлөсөн гэнэ. Зарим дурсамж ийнхүү үл мартагдах аж.

Монголчууд ардчилал зах зээлд ороод хүн биш болчсон улс биш. Соц. нийгэмд ч Тоншуулын хэдэд ахадсан гажиг тоймгүй байв. Албан тушаал ахих, орон сууцанд орох өрсөлдөөнд арын хаалга дээгүүрээ хүчтэй. Алтан медальтай төгссөн малчны хүүхдийн Германд суралцах хуваарийг бүгд хурлын гишүүн булааж хүүхдэдээ өгөх энүүхэнд. Матарлах гэвэл “Малаа үхүүлээд байгаа ухамсар дорой өнгөрсөн нийгмийн үлдэгдлүүдийг үндсээр нь цэвэрлэж чадахгүй байж нам улсын хариуцлагатан өөд аслаа” гэж загнана. Бурангуй нийгмийн үлдэгдэл муусайн малчдыг бид бут авна. Гэвч ядмагт бяр гаргасандаа шогчид гутарна.

Хувийн малаа нийлүүлээд оноосон эзэнгүй дундын сүрэг болготол монжих заль коммунист онолоос илүүрхэв. Хоол муу байсан нь монгол хүн ерөөс хоол хийх чадваргүй төрсөндөө бус гуанз нь улсынх учраас тогтмол цалинтай тогооч нарт падлийгүйд хамаг гэм нуугдана. Лангуун дээрх мах ногоо сэжиг хүрэм бохир. Хямгадах хайрлах оноосон эзэнгүй өмч-хар буумаар үрэгдэнэ. Социализмыг гардан байгуулагч алдарт ажилчин анги шахуу төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд чанарыг орхиод тооны хойноос хөөцөлдөв. Дотоод үйлдвэрийн гологдол бараа борлохгүй агуулахдаа багтахаа больсонд Тоншуулын хэд бас зэмлүүлнэ. Дутагдал бас нийтийнх болсноор хариуцлага хүлээх эзэнгүй болов.

Юм ховор. 4-р дэлгүүрт сүү гарч байна, ажлаасаа сэм бултаад гялс амж. 1-р дэлгүүрт мах очергүй байна гэнэ гүйгээрэй гэж шивнэлдэнэ. Сайд нарын 10, мэргэжилтний 20, орос дэлгүүрийн үүдэнд золбин нохой шиг хөөгдөнө. Дэлгүүр гуанз ой гутам заваан. Лангуун дээр буртаг шороо болж хар ялаа бужигнасан сэжиг хүрэм мах байвал золын заяа. Хотын төвд хуруу дарам хэдхэн гуанзтай. Хоолны чанар найгүй. Ургамлын тос байсангүй. Хуршсан өөхөн тосны хиншүү хоолой хорсгоно. Ийм нөхцөлд гадаадын зочинд үйлчлэх мөн хэцүү сэн. 

Хичнээн шүүмжлээд нэмэргүй нь сүүлдээ “Тоншуул”-ынханд ойлгогдож, гарах гарц нь нийгмээ хувийн өмч рүү өөрчлөхөөс өөр замгүйг Япон мэтийн орны сургаар гадарласан билээ. Энэ нь “Тоншуул”-ын бид олон жил цалин хүртсэний хариуд “яавал дутагдал засрах вэ” гэж социалист гажиг бүхэнд анализ хийхийг оролдсоных байх. Шүүмжлэл ашиггүйдээ бус бид буруу юм шүүмжлээд байж. Өмч нийтэд шилжмэгц хүмүүс чармайхаа болиод залхуурч эхэлсэн. Хувийн өмч идэвх бадраадгийг ухаарсан ч тэгж тэрсэлдэх амиа хорлохтой дүйж байв.

Тэгтэл нэг өдөр юм асуухад дуугардаггүй худалдагч нар худалдан авагчдыг “Та энийг аваач. Ийм ч сайн, тийм ч чанартай” гээд долоочих нь холгүй болсон гэж байгаа. Яасан бэ гэсэн чинь тэд хувийнхаа барааг зарж буй нь тэр юмсанж. Худалдан авагчдыг татахын тулд лангуу, бараа өнгө орж гялалзав. Лангууны дэргэд дөнгөж эргэлдэх төдий “Та юу авах вэ?” гэж шалгаана. Инээмсэглэсэн худалдагч хиамнаасаа хутгаар нимгэн илээд амсуулна. Хорхой ааруулаа цөцгийнд дүрээд аманд үмхүүлчихнэ. Хоорондоо ойр хувийн гуанзныхан “Манайд орооч” гээд хаалган дээрээ хошуу дэвсэж өрсөлдөнө. Тэд ингэж хувирсанд “Тоншуул”-ын шүүмжлэл хэрэг болоогүй. “Тоншуул” шүүмжлэх ёсгүй юмаа шүүмжлээд, шүүмжлэх ёстой юмаа орхисон алдаа байж. Шүүмжлэл гагцхүү байгаа онох. Хулгай луйвраа сөхүүлсэн этгээд баярлана гэж хорвоод үгүй. Тэгэхээр хараал зүхэл-шог зохиолчийн хувьд бас нэг үнэлэмж юм.

Хуулийн засаглал даргын харшилтай. Ашигтай aллерги бас байдаг аж. Өндөр цалинтай дураараа дургигч, ажил чөдөрлөгч, ихэмсэг атлаа бүдүүлэг дарга нарыг шүүмжилж явсан өвөө тоншуулын хүсэлд “хуулийн засаглал”-д дарга цөөрөх учиртай нь яв цав нийцэв. Одооны хэллэгээр баялаг бүтээгч, бидний ярьж байснаар ариун цагаан хөдөлмөрөөр хөлжих гэсэн шударга оролдлого бүхнийг нам толгойтой төр засаг даашгүй татвар хүнд суртлаар хавчаад, дарга сэтэртэнд төсвөөс шомбодох, мөн авилга хулгуулах завшаан олгож, даргад хорхойсдог монгол хуучийг сэдрээчхэв. Даргаас давах бизнесгүй бидний үеийн ялзрал ийнхүү эргээд иржээ. Зах зээлийн өрсөлдөөнөөр монгол хүний гавалд бие даан баялаг бүтээх уран санаа уугьж эхэлмэгц мангуу төр засаг нь унтраагаад даргын бизнесийг асаачхав. Ингэсэн нөхцөлд яс мах цусандаа даргад донтой монголчууд урьдын бидний адил тийшээ сад тавилгүй яах билээ. Хөлс гаргаж баялаг бүтээх дургүй атлаа өндөр цалин хүртэхдээ монгол хүн нугасгүй юм чинь төр нь данхайхгүй яах вэ. Ингээд баялаг бүтээгчгүй “даргын Монгол” руугаа буцаад гулсав. Хувийн бизнес хөөж төр засгийн дарамт хавчилгад жаахан хуримтлалаа шатаасан боловсрол чадвартай азгүй залуусыг мөнгө идэх далд эрх дарх бүхий өндөр сэнтий даллан дуудлаа.

Ер нь монголчууд яагаад даргад дурладаг, Монголд яагаад данхар төр үүсдэг-өөдгүй новшнууд яагаад ямар ч саадгүй суга суга дэвшдэг нь мэдрэмжгүй массын гай. Монголд өөдгүй нь өөдтэйгөөсөө олон юм чинь дарга нар бохир гуанзны жоом шиг дорхноо үрждэг. Бидний үеийн карьер бол Хятадыг үзэн ядах, Зөвлөлтөд үнэнчээ нотлох байв. Нотолж чадвал унадаг унаа тусгай хангамж ойртоно. Дээр нь увсынх бол хаалтгүй. За тэгээд орос эхнэртэй бол гүйцээ. Захиргаадагч нүсэр аппарат хүн амаа мөлждөг. Монжоочид тийшээ тэмүүлэх нь зүй. Дарга нар аль ч нийгэмд хараал зүхлийн бай болдог шалтгаан ердөө энэ. БНМАУ-ын хот аймаг сум-нэгдэл сангийн аж ахуй бүрд дарга хэмээх хар мянган том жижиг “хувалз” үүрлэсэн нүсэр намын хороо, гүйцэтгэх захиргаад олон жил эзэрхийлсний эцэст хүнд сурталд живснээс хөгжөөгүй. 1990 оны ардчилал дарга нарын армийн ноёлох торгон оройг булгалж дөнгөсөн ч бие бүрэлдэхүүн хөндөгдөөгүй. Бүтэн үлдсэн нүсэр ялзарсан зовлого 30 жил ардчиллыг чөдөрлөв.

Устгаад байхад дийлдэхгүй ургадаг хогийн ургамлуудын үр тариан талбайд бүгдэг. Хогийн ургамал тарианы хоолыг булааж шимэхдээ-төсвийг башир аргаар ховдоглон сордог эрх баригч нам шиг увайгүй. Хогийн ургамал хоронд алзахгүй, галд шатахгүй тэсвэртэйн адил дарга нарын тавиулууд галзуу дархлаатай. Ямар ч сөрөг хүч, аудит, АТГ, цагдаа тагнуул, жагсаал суулт, өлсгөлөнд цочихгүй. Яагаад гэвэл тэд эрх баригчдын үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, хэтэвч нэгт тавиулууд. Тариан талбайг хогийн ургамлын үртэсгүй болтол цэвэрлэсэн ч хамхуул мэт зэрлэгүүд алсаас салхинд хөөгдөн дэгдэж ирээд боловсруулсан талбайд ойж бууж бүжиглэхдээ үрээ гүвчихнэ. Ялсан намын томчууд яг л хамхуул шиг хүнд суртлын нүсэр аппаратууд, төрийн өмчийн том том компаниудыг дамжиж үрээ цацдаг. 

Дэлхийн жишгээр төрийн нэг түшмэлд 126 үйлчлүүлэгч оногддог гэвэл манай нэг хурган дарга дөнгөж 18 ардад үйлчилнэ. 126:18=7. Гадаадын нэг түшмэл амжуулдаг ажлыг Монголын долоон дарга оромддог аж. Ажил хөөцөлдөгч гадаадад нэг түшмэлтэй уулзаад хэрэг нь бүтдэг бол Монголд долоон хувалз царайчилна. Гадаадын нэг даргын нормыг манайд шахааны долоон хувалзанд хувааж хөнгөлдгийг болиулбол зургаан хувалзны цалин хэмнэгдэнэ. Долоон хувалзнаас нэгийг үлдээгээд зургааг хасвал улсын хэмжээнд маш олон хувалз хасагдаж, тэдний бүх зардлыг багш эмч нарынхаа хүрдэггүй цалинд нэмэрлээч. Нэг түшмэлийн үүргийг долоон хувалзанд нялзаасан атлаа 30 сурагчийн нормтой багш 40-50 сурагчид хичээл заадгаас сурлагын чанарт нөлөөлдөг. Эмчийн өдөрт үзэх хүний тоо гадаадын жишгээс эрс олон. Гуравхан сая хүнтэй Монгол олон зуун сая бүр тэрбум хүн амтай аварга гүрнүүдтэй яамдынхаа тоогоор зиндаархаж, 200 гаруй мянган хувалз бүхий данхар бүтцүүдэд бяцхан төсвөө цацдаг. Швейцарь загвараар бол 13 мянган түшмэлээр Монгол ажлаа амжуулах гэнэ. Томчууд хий орон тоо гаргаж шахсан шүдтэй тулмуудаа цомхотгож, тэднийг нүгэлгүй орлогоор амьдрах бизнест хөлсийг дуслуулаач. Хувалзууд хуруугаа хөдөлгөж өөрийн оюуны чадвараар баяжвал эх орон ашиглах ёстой нэг нөөцөө хөгжил болгож буй нь тэр.

Татвар төлөгчдийн мөнгийг хуурайлж, хүн амаа хоосруулагч хүнд суртлын авилгажсан нүсэр аппаратыг цомхон чадварлаг болгохгүй бол Монгол модоо барина. Хууль үйлчилдэггүй дархан сэнтийнээс нь ажлын садаа-энэ олон даргыг хуу татаж гаргаад, хувиараа баялаг бүтээх орон зайг хууль эрхийн таатай орчноор хангаад, төрийн оролцоог хувийн хэвшлээс хөөн зайлуулбал тэд гялс баяжна. Дарга нарын дунд ухаантай, авьяаслаг, боловсрол мэргэжилтэй, амархан баяжих сүйхээтэй сэхээтэн олон бий. Даргамсаг ихэрхүү, бүдүүлэг дээрэнгүй авир нь ажил хэрэгч ялдам бизнесменд хувирна. Тэдний мэдлэг овсгоо хувийн бизнесээ түвэггүй цэцэглүүлнэ. Эх орондоо гай тарьж буй тэдний хүнд суртал-баялаг бүтээгч бизнест шилжиг. Тэд авлигачийн замаас гарч хүн амдаа баялаг бүтээгч буянтан болно. Тэд тэгж чадна. Бизнес хөөвөл ашиг нь даргынхаас эрс илүү орчин Монголд бүтээгээч! Дарга нарын арми баялаг бүтээгч-баячуудын армид хувирахыг үзэх юмсан.

Намын дарга нуугдах тусмаа хорлонтой. МАХН-ыг удирдан чиглүүлэгч гол хүч гэдэг ч бүх эрх мэдэл Ю.Цэдэнбалын атганд байв. Ардчилалд төрийн эрх-хүн амын гарт байх ёстой гэх онолтой ч сонгуульд ялсан намын дарга төр засгийг хөшигний араас хаанчилдаг. Бал даргаас ялгаа юу байна? Иргэн та сонгосон төлөөллөөрөө дамжуулаад эх орноо удирдаж байна гэж итгэдэг үү? Тэгвэл та бидний төлөөлөл 76 түшээ УИХ дахь намынхаа бүлгийн өмнө гөлөг. Бүлэг нь намынхаа даргын өмнө гөлөг. Намын дарга аймаар байгаа биз. Ард олны сонгосон Төр засгийг зайдлагч түүнийг зайлуулах арга олдоогүй л байна. Нам гэгч угтаа төрийн эрхэнд шунасан хуйвалдагч бүлэглэл шүү дээ. 

Малтмалын үнэ хадах мөчлөг азаар таарч өсөлт 17 хувьд хүрсэн ч өөдлөх байтугай бэл бэнчингүй гуриатсан. Яагаад? Төр засгийг атгах намын дарга гэгч хаан азаргалаад төсвөөрөө тоглодог. Хуйвалдагч нар булаацалдаад идчихдэг. Тавьсан өр нэхэгдэж, төлөх зоосгүй хувхайрснаар баян гүрнүүдийн өмнө сайртай өвдгөө сөхөрч сахалтай хошуугаа дэвсдэг. Хуулийн засаглалыг нулимдаг намын даргын далд дарангуйлалд 30 жил нийтээрээ ингэж нэрвэгдлээ. 

Аль ч намын дарга хэн гэгч байх нь-гишүүдийнх нь асуудал болохоос гишүүн бус энгүүний маньд хүртээлгүй. Гэвч төрийн эрхэнд гарсан намын дарга иргэн бүрд нөлөөтэй гайхалд хувирдаг. Тэр бээр намын гэх-хэрэг дээрээ өөрийн эрх мэдлээ дархалж, хувийн ашгаа базаадаг. Дэвших халагдах зөвхөн түүнээс шалтгаална. Тэр бас шүүхийн шийдвэр, бизнес, тендерт нөлөөлнө. Эндээс авилга үүсдэг бөгөөд хэлмэгдлийг нам, намын дарга толгойлж үйлддэг. Молхи миний төсөөлдөг намын дарга иймэрхүү. Түүх ч тиймэрхүү. Ардчилал чөлөөт зах зээлээр замнаад хөгжөөгүйд-бид цөм буруутай ч хоёр намын дарга бүр ч их нүгэлтэй. Нам дагавал амь гардаг байсан бол ХХI зуунд нам дагавал ам тостдог болжээ. 

Намын удирдах зөвлөл, ҮБХ ч гэнэ үү, бас УИХ дахь намын бүлэг цөм хуйвалдааны үүр. Авилгын хэмжээг хар. Тэд идэж гүйцлээ. Төр засгийн ноёлох торгон оройг эзлэсэн хулгайчид шүүх прокурорыг эрхэндээ оруулж, өрсөлдөгчдөө хилсээр намнаж, өөрсдийнхөө хулгайг ялнаас мулталдаг мэхэнд гаршив. 30 жил дээр дороо орсон уралцаанд аль ч нам 3 сая гаруй иргэнийхээ хань биш, өөрсдийн эрх мэдэл-мөнгөний төлөө зодолдогчид гэдгээ харуулав.

Намын дарга гишүүдийнхээ өмнө хариуцсан үүрэгтэй бол УИХ-ын гишүүд 76-уулаа нийлээд Монголын бүх ард түмэн-бүх сонгогчийнхоо өмнө хүлээсэн эрхэм үүрэгтэй. Үүнээс харахад нам төр хоёрын аль нь ахалмаар байна? Намыг би үгүйсгээгүй. Гагцхүү намууд дүрмийнхээ хүрээнд даналзаач. Намын даргын далд хэмжээгүй эрх дархыг хэлтлэх хүч бол төрөө жолоодуулахаар олны сонгосон төлөөллүүд. Тэд намынхаа даргад атгуулахгүй өөрийгөө сонгосон сонгогчдынхоо эрх ашгийг нэгд дээдэлбэл төр нам хоёул цэвэршиж буйр буйрин дээрээ бууна.

Намын даргыг ард түмэн сонгоогүй. Гишүүд нь сонгосон. Намын гишүүдээс ард түмэн хэд дахин олон бөгөөд Монгол улсын хувь заяаг даах хүч нь нэг намын гишүүд бус ард түмэн. 200 мянган гишүүний атаманы өмнө 3 саяулаа яагаад гөлөг болдог билээ? Нам толгойтой төрийг ард түмэн сонгох ёсгүй. Ард түмний төрөө сонгодог ардчилал төгс цэгцрэх өдий аж. Гурван сая иргэний сонголт буюу “төрийн эрх мэдэл” Монголд алга. Эрх баригч намын даргын өмнө УИХ гөлөг гэсэн үг.

Нарлагч парламент. Төрийн ордонд УИХ-ын гишүүд онолдож байхад орон сууц, айлуудын хашааны үүдэн дэх сандалд нарлагч хөгшид монгол хар ухаан гүйлгэж суудаг. Нарлагч хөгшдийн хар ухаанаас УИХ-ын бодлого 10-20 жил хоцордог гэвэл буруудах уу? Нарлагч хөгшдөд ойртвол элдэв эрэгцүүлэл төрдөг. 2000 онд тэтгэвэрт гараад нарлагчдын яриаг сонсоход яндангийн тоогоор утаа ихсэж буй тухай, “утаагүй зуух гэгч төрийн бодлого” шунахай бүлгийг цатгаж буй хуйвалдаан болох тухай, утаагүй түлш үйлдвэрлэнэ гэж Аморе Интернешнль компани 20 тэрбумыг тендер гэх арын хаалгаар авч хулхидаад хормой ч түлш өгөөгүй. 20 тэрбумаа төр засаг нэхэж төлүүлээгүй нь цаагуураа эрх мэдэлтний хуйвалдсан хулгай байв гэх хөгшдийн бухимдал намайг угтсанаар би “нарлагч параламент”-ын тоймч болсон билээ.

“Утаагүй гэгч зуух түлшинд хий дэмий үрдэг олон тэрбумаа хэдэн жил утаан дундаа гүрийж нөөцлөөд (тэртэй тэргүй үхэж буй хойно) нөөцөлсөн мөнгөөрөө сантехникийн шугам гэр хороолол руу тавивал ойртсон хоолойноос айлууд салаалаад хашаандаа оруулчихна. Халуун хүйтэн ус, халаалт, бохиртоо өрхүүдээс авах төлбөрөөр зардлаа яваандаа нөхөөд, хот хорт утаанаас үүрд сална” гэж 2000 оноос нарлагчид үглэсэн бол 20 жилийн дараа УИХ “утаанаас сайжруулсан түлш зуухаар бус орон сууцаар хангасан цагт сална” гэж онолдох нь нарлагчдаас 20 жил хоцорч яваа баримт мөн биз.

“Зээлүүдийг хугацаанд нь төлж чадах баялаг бүтээгчдэд олго. Бүтэлгүй муу компаниудад арын хаалгаар тараавал өрөнд унагана” гэж нарлагч буурай нар бувтнаад л суув. “Чингэвээс иргэд мэргэжил эзэмшиж үйлдвэр хөгжинө. Хулгайч нараас хохирлоо эн түрүү тоо ёсоор төлүүлж ав. Томчууд хулгайгаа улсын нууц гэдэг боллоо” гэж нарлагчид 10-20 жилийн тэртээгээс цуурсан. Тэгтэл УИХ саяхнаас хулгайгаа улсын нууц болгодог тухай ярьж эхлэв. “Иргэдийг ажилтай болго. Хавтгайрсан халамжаа хямгадаад хуримтлал базаа” гэж нарлах зуураа өвгөд эмгэд 20 жил шаагилдсаныг худал гэх үү. 

“Оюу толгой ордоо колончлогчдод зуун хувь өгөхгүй. Чингисийн Монгол дор хаяж 34 хувийг эзэмшихгүй бол хэний хүү болох вэ гэж саагалаад, түүндээ гаргах зоосгүйдээ хамтрагчаасаа зээл авч өрөнд унасан. Юу ч эзэмшилгүй нөөцийн төлбөрөө хангалттай аваад явахад илүү ашиг хүртэнэ” гэж нарлагч хөгшид дүйцэлдээд л суулаа. “Тэгсэн бол зардал нэмэгдлээ гэх хэрүүлгүй мулгуу бэлгүй улсад таарсан гэрээ болох байсан” гэх элит буурай нарлагчдын дунд цөөнгүй. Гэтэл УИХ-ын гишүүд “34 хувь алдаа байв” гээд зурагтынхаа өмнө ямагт суух хөгшдийг аашлав. Ингэхэд хэн нь түрүүлж, хэн нь хоцорч явна аа?! Үүднийхээ сандалд бөөгнөрөөд монгол хар ухаан гүйлгэж суугаа хөгшдийг баруун зүүний онолоор зэвсэглэсэн гишүүд долоон буудлын Должин эмээ, дугаар хорооны Дооёо өвөө гэдэг ч тэдний үглэснийг 10-20 жилийн дараа өөрсдийн шинэчлэл болгодог.

Манай эдийн засаг өссөнд барууныхан коммунист дарангуйллаас ардчилал чөлөөт зах зээл сонгосон ядуу Монгол азийн бас нэг бар болох нь гэж доргиосонд оросууд эгдүүцэв. 17 хувийн өсөлтөө УИХ өөрсдийнхөө ухаалаг жолоодлогын ач гэж онгирсон. Харин нарлагч хөгшид “Уурхайн төмөр замаа нарийн царигаар даруй тавьж, тээврийн зардлаа 4-5 дахин хямдруулж, нүүрсээ 2-3 дахин үнэ хүргэх-аманд орсон олзоо (нүүрсний экспортоор өрсөлдөгч оросуудад маллуулаад) хэлээрээ түлхэв” гэж цухалддаг. Үхэх дөхсөн нарлагчид өөрсдийгөө бодсондоо бус давшгүй өрөнд унасан үр удмаа өрөвдсөндөө бухимдаж буй нь тэр. Тариан талбайгаа технологийн дагуу нэн чанд боловсруулсан ч оготоргүй дусал бороо хайрлахгүй бол ургацаа алддаг. Зэс нүүрсний үнэ өсөх мөчлөг сохор азаар таарч хаяа хатгасан аварга захын хэрэглээ огцом дэвэрдэг завшаан бол Монголын хувьд тариан талбайд хур буухтай ижил хурмастын хишиг. 

“Бодлого боловсруулж байна” гээд пээдийх юм. Үхсэнээ бодоо вэ? Үлийгээ боловсруулаа вэ? Баялаг байна мал байна. Донгосолгүй нарлагч хөгшдийн үглээд буйг хэрэгжүүлбэл доллар багсайтал атгана. Сүйхээтэй төр засаг бол увсынхны “Аморе” компаниас 20 тэрбумаа нэхээд авчихсан. Хулгайч гишүүдээ эргүүлэн татсанаар парламент цэвэрших байв. Гэр хороолол руу 20 жилийн тэртээгээс сантехникийн сүлжээ аажмаар салбарлуулсан бол утаа өдгөө түүх болсон. Гадны хөрөнгө оруулалтаар баялгаа үржүүлээд зээлээ хүүтэй нь “баярлалаа” гээд хугацаанд нь төлсөн бол донорууд итгээд дахин дахин хөрөнгө оруулна. Нарлагч хөгшдийн үглэл ердөө энэ. Төрийн эрх үүрд барих гэж намаараа үхэн хатан тэмцэхдээ баялгаа ер гамнаагүй. Халдашгүй дархан эрхтэй хулгайчид өөрсдийгөө “эх орныхоо төлөө тархиа ширгэтэл чөмгөө дундартал зүтгэж явна” гэж туньсаар нарлагчдыг бөөнд нь цус харвуулах янзтай. Завилах нь жанжин, залгих нь мангас.

Хөгшид ухаанаар гишүүдээс мэдээж түрүүлээгүй. Түрүүлээгүйгээ нарлагч өтгөс мэдэхтэйгээ. Өөрөөр хэлбэл гишүүд нарлагч хөгшдөөс хоцроогүй. Гишүүд алба амины хоёр мөрийн хөтөлбөртэй. Амины хөтөлбөр нь хөгшдийн буйдарсан ухаарлаас тасархай. Харин албанынх нь хөтөлбөр зөнөг нарлагчдын сэтгэцээс 10-20 жил хоцорч явдаг гээд байна би. Хүн амынхаа ашиг тусад үйлчилдэг сэтгэл нь өчүүхэн. Дөрвөн жилд завшиж амжаагүйгээ найман жилд гүйцээх шунал нь галзуу. Нохой амаа долоогоод цадахгүй ноён хахууль аваад ханахгүй гэдэг. Идэж уусан шившгээ сонгуулиар далдлах гэж бүү хямраагаарай. Биеэ дэндүү магтвал хулгай луйврыг чинь сайн мэддэг хөгшид харвана шүү. Түүхэнд төрөөгүй мэргэн бодлого нээлээ л гэдэг. Тэр нь нарлагч хөгшдийн 10-20 жил бувтнасан үглэл байдаг.

Ядаж дуурайж сурахсан. Монголчууд таван хошуу малынхаа захад үе дамжин залхуурч эвшээгээд амар жимэр хэвтэж байтал ХIХ-ХХ зуунд хүн төрөлхтөний хөгжлийг дагахгүй бол бусдын хоол болох эрсдэл тулгарав. Европ хүн үржиж нутагтаа багтахаа болиод нүүдлийн царцаа шиг нүүгэлтэн бусад тивийг колончлоогүй бол монголчууд мал сүргийнхээ буянд байгалиа сэвтүүлж хөнөөл тарихгүй мөнхрөх байв. Гадны гайг цөөн буурай нүүдэлчид яалтай ч билээ.

Хэт олширсон хүн төрөлхтөн өлбөрч, олон зуун жил ядарч зүтгэсний хүчинд өдгөө хэрэгцээнийхээ бүтээгдэхүүнийг хүрэлцэхүйц үйлдвэрлээд сурчихаж. Нэг үгээр өлсгөлөн ядуурлаа давахын тулд онох алдахыг хослуулан зуу зуу жилийн гайхамшигт хөдөлмөрөөр амжилтад хүрч өндөр хөгжсөн европчуудыг магтууштай. Цөөн буурай манууст тийм сорил тулгарсангүй. Бөмбөрцгийн хүйтэн дээвэр дээрх хувь заяа минь тойруулчихаж. Тулгарсан бол давах эсэхийг шүүх утгагүй.

Монголчууд азтай улс. Бид асар их бэлэн туршлага дээр буучхав. Шинээр сэтгэх гэж тархиа гашилгах түвэг маньд учирсангүй. Сайн дуурайвал үсрэнгүй хөгжил шууд нутагших азхүү шовойв. Нээлт сэтгэж, шинэ нээлтээрээ брэнд бүтээх гэж хэдэн үеэрээ алдаж онож, бөөн ажил зарлага гарган мунгинаж хугацаа алдсанаас сайн дуурайвал хөгжлийн зуунуудыг товчлох хожоо заяажээ. Хот сүндэрлүүлэх, зам гүүр сунайлгах, ургацаа нэмэх, эрчимжсэн мал аж ахуй, жижиг дунд үйлдвэр эрхлэх бэлэн жор янз янзаараа байж байдаг. Дуурайж чадвал бүх юмны стандарт бичээстэй нь баршгүй бэлэн хоол. Төрийн тогтолцоо, олон ургальч үзэл, чөлөөт зах зээл, хуулийн засаглал, шилэн данс, зээл, бонд гэх мэт дөмөг хувилбарууд шалгарч тунаад ХХI зууны хоцрогдсон орнуудын өмнө ил болжээ. Ашгаа өсгөж, баяжих бэлэн жор лангуун дээрх бараа шиг алаглаж байна. Овсгоотой хөршүүд барууны технологиос будаа идээд азийн бар болцгоов.

Бид бэлэн стандартаар хүмүүний бүтээснийг дуурайлгаж үйлдээд хөгжлийн замаа товчлохгүй тэнэгтээд дэлхийн шившиг боллоо. МАН, АН хоёр төрийн эрх булаацалдан 30 жил хэрэлдэхдээ хөгжилд нэмэртэй юу ч дуурайж чадсангүй. Олноо хоосолж өөрсдөө баяжсан энд тэндхийн шааруудыг давтжээ. Эрх баригчид дуурайх чадвараа эх орондоо зориулсан бол эрдсээр арвин бид 30 жилд цойлсон. 

Уурхай ашиглаж үзээгүй малчид Булангийн орнуудын туршлагыг дуурайвал бэлэн байв. Тэдэнд нефть олборлох мэдлэг байсангүй. Тэд мэдлэггүйгээ тооцоод гадны чадварлаг багууд хөлсөлж, ордуудаа хэсэг хугацаанд удирдуулжээ. Өндөр мэргэжилтэй гадны багийг дагалдуулж өөрийн шилмэл боловсон хүчнийг сургахын зэрэгцээ гадаадын сургуулиудад ирээдүйд уурхайгаа удирдах гоц хүүхдүүдээ өртөг нарийлалгүй бэлдээд авч. Ингэснээр Булангийнхан үлгэрийн орон мэт баяжлаа. Бүх хүн ам бичиг үсэгтэй, сансарт иргэнээ нисгэсэн, дэлхийн хоёр дахь социалист улс гэж онгирдог монголчууд арабуудыг тоох гарууд биш. Ордынхоо нөөцөөр сагсуурахаас, олборлоход ямар зардал гарахыг ухаарахгүй. 20 жил сарлагтаад хувьцаа эзэмшигчдээ тараах зоос олоогүй нь булангийнхнаас ичиж үхмээр.

Бидний амин хүсэл-даргын сэнтийд насан турш заларсаар хөгжилд хүрэх. Язганатал хөдөлмөрлөж буй хятадуудыг дуурайх монголчуудад залхуутай. Тэгж хөгжсөнөөс таван хошуу малынхаа захад унтаж хэвтэх минь гэнэ. Умард хөршдөө урвахгүй, урд хөршдөө уусахгүй итгэлийг нь даагаад нөмөр нөөлгийг нь хөгжил болгох жим азаар заяажээ. Тийм бүдэг зөргөөр үсрэнгүй дүүлсэн жижиг буурай орны жишээ “будаа идвэл” байж л байна. Тэднийг дуурайгаад сурчих төрөлхийн монгол ухаан, төрөлхийн монгол авъяас, төрөлхийн монгол чадвар уг нь бий. Харин “төрөлхийн журамлаг зан, нэгдмэл зорилго” алга. 

Дуурайж сурах байтугай гаднаас авсан зээлээ “чулуу болгож” чадалгүй үрж өрөнд уначаад, хөнгөлөлттэй зээл өгсөн донороо шулагч гэж зүхээд, өөрсдийгөө эзэн Чингисийн эх оронч удам гэж хөндий цээжээ дэлддэг гээч. Ийм мунхаг “гар”-уудад дахин дахин зээл өгөх гүрэн, хөрөнгө оруулагч олдох уу? Бид мөнгөгүй гуриатсан болохоос тэд мөнгөгүй болоогүй. Бид гуйсан болохоос тэд гуйгаагүй. “Чингисийн удам өөрсдөө хөгж” гээд бүгд буруу харчвал бид гэмээ хэнд чихэх билээ. Хужаа нарт уу, гурав дахь хөршдөөн үү. Эсвэл ардчилалд уу. 

Юмхнаар юм хийх чадваргүйн дээр үрэлгэн сагсуу этгээдээс хол явахыг ажил хэрэгч хүн хичээдэг. Америк герман япон солонгос хятад технологиос сурах (дуурайх) нээлттэй. Технологийн гайхамшгаас нь хүртээд хөрөнгө оруулалтаар нь бэлжээд өндийхийг хичээхгүй түншлэх санаа өвөрлөж дэд бүтэцгүй цөлд зориглож ирсэн гадны ховорхон бизнес эрхлэгчдийг юун түрүү шулаачаар хочлож үзэн ядах нь монгол өөдгүй араншин бус коммунист суртахуун байх аа. 

Тайгын цаатантайгаа ижилсээд дэлхийн жуулчдын амьд үзмэр болох гээгүй бол бусдын хөгжсөн загварыг эзэмшихийн төлөө чармайхаас өөр зам алга. Өгсөн зээлээр нь үсрэнгүй хөгжөөд, зээлээ хугацаанд нь хүүтэй нь “баярлалаа” гээд тушаавал урам орсон донорууд цаашид дуртайяа хөрөнгө оруулж, хамтдаа хождог жишгийг Монголоос бусад орнууд дагах болжээ. Энэ жишгийг дуурайж өндийхөд минь дургүй эрчим хүчний орос магнатууд юу гэж шорддог гээч? “Гурав дахь хөрш гэдэг эдийн засгийн алуурчид. Тэдний хөрөнгө оруулалт, зээл дампууралд унагана. Зөөлөн Хятадаас холд. Их ойртвол уусна” гээд эрх мэдэл, мөнгөнд нугасгүй манай эрх баригчдыг далалсаар оосорлоод авчээ. Бөмбөрцгийн цараар хэмжвэл манай барилдаач охид хөвгүүд дэлхийн шилдгүүдийг айлгаж байна. Шүглийн дууны завсар, нарийнхан дүрмээр ана мана тэмцэлдэн ялж буй охид хөвгүүд минь баргар нийгэмд сэтгэл сэргээдэг. Дэлхийд төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот тугаа мандуулдаг. Тэд бусдын чадсаныг монгол хүн чадахыг дэлхийн дэвжээнд гал цогтой харуулдаг. Хамраа сөхөхөөс өөр чадваргүй эрх баригч-та нар шинээр зохиох гавалгүй бол ядаж дуурайж сураач.

Шог хошны гол багаж-хэтрүүлэг. Хэтрүүлэг хэрэглэх осолтой тоглоом. Хүнийг баясган хөгжөөх-оносон хэтрүүлэг болж чадаагүй тохиолдолд зохиолч өөрөө ухаалаг уншигчдын доог болно. Өөрөөр хэлбэл оноогүй хэтрүүлэг тэнэглэл болдог хатуу дүрэмтэй. Хэтрүүлэг заримдаа хүнийг инээлгэх байтугай хонзогнуулж орхино. Энэ нь хэтрүүлэг хэтэрсэн бус оноогүйн гай. Оносон хэтрүүлэг хэтэрдэггүй. Уран хэтрүүлэгт дурладаг гажгийг бурхан хүмүүст тараажээ. Уншигчдад бурхны түгээсэн “хэтрүүлэгт дуртай” тэрхүү төрмөл гажиг мохоо сэтгэхүйд дургүй, таашаал өгөх байтугай залхаадаг мулгуу хошигнолыг тэвчдэггүй. Уран хэтрүүлэгт ховдог-өлссөн тэрхүү төрмөл гажгийг оносон хэтрүүлэг хооллодог. Энэ нь хошин шог зохиолчийн зах зээл юм. Тэгтэл шинэ хуучны талцсан хэрүүл шог зохиолын уншигчгүй нийгэм буй болгосноор бидний зах зээл сөнөчлөө. Ёж егөөдлийн гашуунд зохиолч шунавал хүн гомдоож өөртөө дайсан үүсэгчих гээд байдаг. Тийм эрсдэл шог зохиолчид гардаг. Хошин зохиолч бусдын сул талыг хөгжилтэй наргиан маягаар хүүрнэдэг тул өөртөө дайсан үүсгэх нь бага. Зохиолч өөрийгөө шоолох маягаар галын цэгээс зай барих нь бий. Тэгэвч авъяасгүй бол санасны гарз юм билээ. Ичих мэдрэмжээ бөхөөхгүйн тулд хүмүүс хошигносоор ирсэнд би мэхийдэг.

Энэ жанрт байвал зохих эд эсүүд: гаж сэтгэлгээ, адармаатай сэдэв, адтай хэллэг, нөлөөт тольны тусгал мэт дүрслэл. Энэ нь уншигчийг хэвийн бус сэтгэхэд өдөх шидтэй. Хүн хорсоод инээдэггүй, баясаад инээдэг. Юугаар баясгах вэ? Хошин хэллэгээр, уран хэтрүүлэгтэй дүрслэлээр, үйл явдлын санаанд оромгүй огцом эргэлтээр уншигчийн инээдийг зад татах! “Уншигчийг баясгах афоризмгүй зохиол болох вий” гэж бичих явцдаа хяна. Оноогүй өгүүлбэр бүү тавь. Бичсэн үг болгоноо шалга. Энэ үг, энэ өгүүлбэр энэ зохиолд ямар үүрэг гүйцэтгэх агаад хөгжилтэй хэллэг, уран дүрслэл болж уу гэж байнга тунгаа. Уран хошны нэмэргүй, зүгээр нэг үлбэгэр өгүүлбэрийн орон тоо хошин зохиолд байдаггүй гээд хас. Тэгвэл гараас чинь чанартай бүтээл гарна. 

Зохиолдоо хошин шигтгээ гялтгануулахыг хүсэгч дүү нартаа амжилт хүсье. Хорвоод эдлэх өчүүхэн амьдралаа инээд баяслаар цэнгүүлж яваарай. Ашиг нь монголчууд ухаажна. Инээд бол ухаарал. Ийм хэдхэн шаардлагыг би өөрөө насан туршдаа эзэмшиж сураагүй учир та нарыг гүйцээгээрэй гэж өвөө нь захьж байна. Өвөө нь өөрийгөө сургаал айлдах том амьтан биш гэдгээ муухан мэднэ ээ. Түрүүчийнхээ үеийнхний өө сэвийг дараагийн үе засаад ахих учиртай. Цайлган инээд хоолойд тулсан хөнгөмсөг насандаа голдуу хошин юм бичжээ. Насжих тусам инээд холдох аж. Хошин мэдрэмж уугисаар унтардаг болтой.


Шог зохиолч хулгай хийхээр гарлаа

(2015-2024)



(Сүүлийн үед нийтийн бухимдлыг бадрааж, хэрүүл тэмцэл дэврээсэн том том хулгайг тэсэлгүй бичтэл хуучин нийтлэлээ давтчхав. Өөрөөр илэрхийлэх гэж оролдоод оролдоод шинээр сэтгэж чадсангүй. Зөнөг толгой хоцрогдоод тэр үү. Шинээр бичих гэхээр өмнө нь үглэсэн өгүүлбэр яагаад давтагдаад байна аа гэтэл миний аль эртнээс олонтаа шүүмжилсэн-бүхний мэдэх улиг болсон хулгай луйврууд огт засраагүй хэв хэвээрээ даварч яваад хамаг учир байж. “Шог зохиолч хулгай хийхээр гарлаа” гэх хуучин гарчгаа солих гээд ч чадсангүй. Утгын ялгаа гарахгүйгээс хойш солихын тулд солилтой ч биш. “Шог зохиолч УИХ-ын гишүүн болохоор гарлаа” гээд ч “хулгайч”, “гишүүн” хоёрт чанарын ялгаа байхгүй болсон юм чинь гарчгаа өөрчлөх илүүц. Тиймээс хуучнаар нь үлдээв).

Хүн яагаад хулгай хийдэггүй вэ? Шоронд орохоос айгаад. Шоронгүй болчвол бид хулгайлахыг үзүүлээд өгнө. Томчуудын хулгай баригдлаа ч шоронд ордоггүйд жөтөөрхсөн улныхан хулгай хийж шоронд орох нь олшров. УИХ-ын сэнтийд залрах өрсөлдөөнд баячуудаас эхлээд ядуус хүртэл хуйлардаг. Арга ч үгүй. Тэр сэнтийд авилга хулгай эрсдэлгүй. Хариуцлага хүлээх, ял эдлэх, эргүүлэн татагдах-өөрсдийнх нь зохиосон хуулиар гишүүдэд үйлчлэхгүй. Нэг үгээр халдашгүй байдлын дархан цаазтай сэнтий. Ийм ид шидтэй сэнтийн төлөө уралцахад ичих багадна. Амь эрсдэхгүй бол дээдийн заяа. УИХ-ын гишүүнийг-үйлдсэн гэмт хэргээр нь ялалбал шүүгч халагдана. Шүүгчийг гишүүдийн лоббигоор томилдог. Томилсон юм чинь халах эрх далдуур эдлэх ёстой-бичигдээгүй хуулийн дор бүгд бөхийдөг. 

Хойт насандаа бурхан болох гэж залбирч буй мухар сүсэгтэн, УИХ-д сонгогдох гэж өрсөлдөж яваа нэр дэвшигч хоёр харахад ижил. Гэвч бурхан болж төрөх магадлал хоосон чанарт тулаад юу болсон нь хэзээ ч мэдэгдэхгүй замхардаг бол гишүүн болсон эсэх санал хураалт дуусмагц шөнөөр зарлагдана. Бурхан болох уу, гишүүн болох уу гэвэл би л лав “бурхан болох эргэлзээтэй” гээд “гишүүн болъё” гэнэ. Шамбалд мэндлэхээс УИХ-д сонгогдох энэ насанд нүдэнд ил агаад баяжих ирээдүй бодиттой. УИХ-ын гишүүнд горилогч сонгуулийг татвар төлөгчдөөс цугларсан мөнгөнөөс хумслах өнцгөөс хардаг. Бурхан хулгайлах луйвардах эрхгүй, гишүүний хажууд жижиг гар. Буян бус нүгэл үйлдэж байж гишүүн болдог нь жаахан тийм. Гэлээ ч коммунист зуунд буян нүгэлээ дэнслэх биширлээ ор тас орхисон монголчууд бурхныг нулимаад гишүүний төлөө уралцав. Сонгуульд өрсөлдөнө гэж нохой л хуцаагүй. Хуцсан ч юм билүү. Нохойн хэл мэдэх биш. Эрх баригчид хулгайчаараа мөн ч их дуудуулах юм. Ичиж байгаа, царай нь улайж байгаа гишүүн сайд нэгийг ч шог зохиолч сүүлийн үед олж харсангүй. Томчуудын хулгай шилийн сайн эр шигээ домог болжээ. Энэ гангарааны төлөө дархан хулгайчид цүнх баригчдаа дагуулан өрсөлдөнө. Ждү, ХБ, БЗС, нүүрсний хулгайчид шил даран баригдаж шившгээ хутгасан ч айх ичих тэдэнд юу ч биш-шоронд орохгүй юм чинь.

Шог зохиолч бол нийгмийн бохирын слесарь. Түүхэнд шог зохиолч гэх гажиг этгээд тасраагүй бөгөөд тэд ихэс дээдэст ад үзэгдэж амь зуудаг. Монголд ч тийм байна. Даажинтай хувь заяандаа гомдох илүү зан. Тэд аль ч нийгэмд борвиороо бор навтас шаантаараа шар навтас цувуулсан борчууд явсан. Үлгэр домогт ч тэгж гардаг. Хорвоод тийм шоовдор хүмүүс төрөх учиртай агаад тэдний нэг-би. Хувь тавилангаар шог зохиолчид азгүй амьтад. Монгол хэдхэн шог зохиолчтой бөгөөд тэр хэд нь ямар ч орлогогүй нүдний булай. Нохойг сайн сойгоод үнэгэнд тавьдаг. Шог зохиолчдыг өлсгөж байгаад олигариудын хонгийг сэт татуулах бодлого яваад байна уу? Үгүй юм аа. Өдгөө хүн амын 20 хувь өлбөрч буй. Үрэлтээс дулаан ялгардаг атал ядуусын үрэлдээнээс хөрөлт үүсэв. Хог ухаж хуванцар түүгч хэт олширч шог зохиолчдыг хажиглан эгнээнээсээ хөөв. Сөрвөл зодох янзтай. Нанчилдахаас хошигнох өөр дүрэмтэй учир бид ялагдав.

Мал ичдэггүй хүн ичдэг. Буянт мал минь ичих мэдрэмжгүй ч ичмээр гэм огт үйлддэггүй. Ичих мэдрэмжтэй хүн гуайн зарим нь ичгүүртэй үйлдэл хийдэг ч нүүр нь улайдаггүй. Ширэн нүүртэй гудиггүй гөлгөрүүд эрх баригчдын дунд зөндөөн. Тэдний нэг тод жишээ-Женко. Хар буруу санаагаар төмөр замаа 10 гаруй жил гацааж, ерөнхий сайдын мэдэгдсэнээр манай руу урсах 80 их наядын ашиг хаасны уршгаар эх орон ядуураад буйд Женко гэмшсэн царайгүй “өөрийгөө магтах аян” өрнүүлж, тараасан тав арван цаасандаа алга тосогчдыг “сонгогчид намайг шүтэж байна” гэж өөрийгөө хэнэг ч үгүй рекламдаж, өөрийнхөө цолыг өөрөө дуудаж явав. Түүнд хууртдаг “мал” Хөвсгөл, Булган, Эрдэнэтээр дүүрэн байсныг тэр бээр олж харжээ. Уг нь УИХ-д шургаж ялаас мултрах горьдлого өвөрлөж явсан оргодол шүү дээ. Түүнд УИХ-аас өөр бүгэх нуувч үлдээгүй юм.

Азийн хөлдүү дээвэрт бүрэлдсэн ардчиллын “ураг” коммунист хатсан баасанд бузартаад хөгжлийн бэрхшээлтэй төрсөн агаад ухаан мэдрэл дэн дун бүдчинэ. Япон, өмнөд Солонгос, Сингапурыг харахаар ардчиллыг магтмаар Монголыг харахаар ардчиллыг зүхмээр. Мулгуу тархиар монголчилсон “ардчилал” гэгч жонхуу эх орноо хошин шог зохиолын уншигчгүй улс болгосноор бидний зах зээл сөнөчлөө. Шогчид яагаад уншигчгүй болсон бэ гэвэл нийгмийг ичдэггүй болгоод хаячхаж нөгөө монголжсон эрх чөлөө чинь. Ичих жигших мэдрэмжгүй орон яг л үхдэл шиг хүйтэн агаад аймшигтай. Төрийн гурван өндөрлөг хүртэл хулгайгаа үндэсний аюулгүй байдлын нууц гэж тунхагладаг болсноор Монгол улс тэмцэгчгүй, шог зохиол уншигчгүй болов. Зөрчилдөө идэгдсэн нийгэм дөжрөөд эмзэглэхээ больсноор авилга зоргоороо даамжрав. Жагсаад ч өлсөөд ч үр дүнгүй. Муу муухайг шоолно гэдэг вакцин байж. Ичдэггүй нийгэм хуйгаараа вирустэж, хошин жанр мөхөж, авъяас бөхөв. Ажил хийх ясны дургүй амаа ангайсан шүдтэй тулмууд халамж нэхэж жагсдагийг иргэний хөдөлгөөн гэлтэй ч биш. Гитлерийн хас сахиусаар сүрдүүлж булаалт хийдэг хон Хэрээдэй, Бээжин гэх мангар дээрэмчдийг эх орончид гэж мандуулалтай ч биш. 

Ардчиллыг зоргоороо туйлах диваажин гэж мангарласан 30 жилд хошигнох торгон авъяас үнэгүйдэж, сэжиг хүрэм бүдүүлэг хараал брэнд болов. Ой гутам зүхэж, ор тас гүжирдэгч од болжээ. Иргэд хараал уншаад хошин зохиолыг нулимах болж. Эрх баригчдын цавчаа хаяагаа хадардаг малын хулгай шигээ эртнийхээрээ тул бичихэд түвэггүй-ил. Тиймээс ухаан шаардах гүн утгатай, уран юмор тэрлэхээс улаан галзуу хараах-шулуун. Гэвч ингэж зоригжсон шүүмж ашиг тусаар нойлтов. Гүтгэлгийг мөшгөж, үнэнийг тогтоохоо болиод урсгалд нь хаяв-нөгөө монголжсон ардчилал. Шүүмжилсэн шүүмжлүүлсэн хоёр хэвлэлийн хурал дор бүрнээ хийснээр нэг бол хоёул буруутай, нөгөө бол хоёул буруугүй гээд замхарна. Бухын малтсан нуруундаа, буруу үйл эзэндээ гэдэг. Мянга шахам автобус худалдан авахаар банжсан татвар төлөгчдийн их мөнгөнөөс хусах замдаа МАН-ынхан олны өмнө балиартав. Тэд бултдаг ганц муу зальтай. Тэр нь яадаг вэ гэхээр дүнхүү ард түмнээ элэг барьж хулгайгаа улсын нууцад гудийх ч үгүй оруулна. Ардчиллагдаж буй иргэдийн сэрдлэг дүрэлзвэл айлган сүрдүүлэх коммунист зангаргаараа “үндэсний аюулгүй байдалд заналхийв” гээд ичих ч үгүй баривчилна.

Татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгуулсан тэрбум их наядын хулгай шил шилээ дарж илэрсэн ч арыг нь бат даагч нугаршгүй хамгаалалт гэх халдашгүй хоосон сүрээр ял завшина. Цагдаа, АТГ, прокурор, шүүхийн гол гол удирдлагыг лоббидож томилдгоороо бардамнаж, хууль нулимж ял завшдагаа “миний эсрэг сөрөөд хохь чинь шүү” гэх дохио болгож сүрдүүлнэ. Нүүрсний хулгайн нууц ноён шүүхийг базсандаа хөмсөг зангидаж хөмхий зууна. Иргэн шүгэлдээд, жагсаад, өлсөөд төр засаг тоохгүй, шатаж үхээд амины гарз. Гурван саяул доромжлуулж буйгаа бичвэл цатгалан троллуудад барууны гар хөл, хужаагаараа дуудуулна. Яах вэ? “Шударга төр засаг хайрла” гэж бурхандаа мөргөх үү, эсвэл сонгогчдоосоо олноо хувхайруулсан Женко мэтийн архаг хулгайчдаа дахин бүү сонго гэж гуйх уу.

Зах зээлд зүгээр суугаад өлбөрч үхнэ. Ганц удаа заяасан нэг насны амьдралд хүн шиг амьдаръя гэвэл цүнх баригч болмоор. Гэвч шүүмжлэх донтой шог зохиолчдоор нууцтай цүнхээ бариулдаг мангуу олигархи маньд олдсонгүй. Тэгээд ч цүнх барих аюултай. Эрдэнэс таван толгойн захирал асан Б.Ганхуягийг хар. Хүсэл болгон У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнийнх шиг бүтдэггүй. Тэр гурав ч гэсэн цаашид яагаач билээ. “Буух газраа мэдэж нис” гэдэг байх аа. Тэнгэрт илэн халигч Т.Аюурсайхан урхинд орсон элээ шиг нисэж чадахгүй нэвсэгнэж харагдана. Х.Баттулга яллагдагчаар татагдаад худал инээхээс өөр өчиггүй. В.Путин хүртэл Олон улсын шүүхийн гишүүн орнууд тойрч нисээд Женкод тусалдгаа юун сүр бадруулах манатай. Гэхдээ Михайлд олон бодол байгаа. Сул талтайгаа эвлэрдэггүй улсад шог зохиол эрэлттэй байдаг. Бугласан нуугдмал гэм илчилдэг зохиолчдынхоо угаадсыг жаахан өтгөсгөөд, уяаг ялимгүй уртасгаад хуцах чимээг өндөр хөгжилтэй гүрэн анирддаг. Тийм нугаршгүй зарчим-доголдлоо үтэр түргэн арилгах хүслийнх. Бузар булайг жигших ёс хаана жанжилж байна тэнд хошин зохиол цэцэглэдэг жамтай. 

Шог зохиолч гэрээсээ гарлаа. Гарч яах нь вэ гэх гээд байна уу? Шог зохиолч хулгай хийхээр одлоо. “Хошин авъяас гэх хийрхлээ хулгайч авъяасанд шилжүүлэх” том санаа төрөв. Авъяасаараа уралдаж амьдрахгүй бол зохиолчид үхэл юм байна. Улных атлаа хэмжээгээ мэдэхгүй онгирсон зохиолчийг шоолбол шоол. Бусдыг шоолсноор өөрт юу ч наалдалгүй ядуурч хоцров. Өөрөө шоолуулбал ухаан сууж магад. Том “гар”-ын хулгайчид баригдлаа ч шоронд орох бүү хэл атаархам тансагладаг “цэвэр монгол бизнест” шог зохиолчид авъяасаа сорихоор шийдэв. 

Уншигч та шог зохиолч нарынхаа хулгайд амжилт хүсэж залбираач. Уг нь бид олигархиудын хулгайны олзыг л хусмаар байна. Даанч баригдвал олигархиас томилолт авдаг шүүгчид олон сая цалингаасаа хагацахаас айгаад муусайн шогчдыг алж өгнө гэж бодохоос-хулгайд хурцалсан урт урт хумстай хуруунууд минь чичрээд горьгүй. Нэг ч хошин шог зохиолчийн хулгай баригдлаа гэж сошиал шуугиагүйг бодоход тэд хулгайгаа зүрхэлж эхлээгүй л яваа болтой. Хулгай хар мөртэй. Яршиг зүгээр харьдаг ч юм билүү. 

Мушгидаг өвчин. Суут жолоодогч нар аа. Олигархи удирдагч нар аа. Та нарыг “тэгнэ” гэхэд би “тэгэхгүй нь дээ” гэж мушгидаг хуучтай хүн. Мушгидаг зуршил надад нялх балчраас эмгэг болтлоо даамжирсан агаад эрх чөлөөт нийгэмд удам дамжсан мушгидаг эмгэгээ нуух айдас арилж гээд илчлэхээр зориглов. Буудуулсан ардын дайснуудыг өвөө маань гэмгүй хүмүүс байсан гэж мушгидаг байлаа. Аав маань бүх мал сүргээ нийлүүлээд идэж уух эдэлж хэрэглэх баялгаар бялхсан коммунизм байгуулахыг галзуу хүний солиорол гэж мушигдаг байв.

Тэгтэл яасан гээч. Гэмгүй хүмүүсээ ардын дайснууд гэж хилсээр яргалсан нь цагийн урсгалд нуух аргагүй илэрч, үнэнд гүйцэгдсэн нам засаг бултах гарцгүй тэвдэхдээ шороонд булаатай араг яснууд эчнээ цагаатгав. Нам засаг нэрээ цэвэрлэхээр “цагаатгал зөвхөн МАХН-д л байдаг нигүүсэл” гэж өөрсдөөрөө бахархаад хилсээр амиа алдсан хөөрхийст үнэн зүрхнээс гашуудалгүй хуурамч харамсал эсгээд мартав. 

Хайрлах өөрийн гэх оноосон эзэнгүй нэгдлийн сүрэг үрэгдэж, аминых бус улсын гэх аж ахуй шамшигдаж балрахын ирмэгт хувийн өмч болгож хямгадлаа. Аль эрт уулсаа дэрлэсэн аав өвөө хоёр зөв мушгаандаа урмын үг сонсох байтугай хуучны үлдэгдэл гэж нам засагт хавчигдсаар хорвоог орхисон. Гэвч тэд зөв мушигсан гэдэгтээ өчүүхэн ч эргэлзээгүй. Эгдүүтэй нь аав өвөө хоёрын мушгидаг далд эмгэг тасарсангүй. Надад удамшжээ. Мушгидаг өвчин намайг хар нялхаас сүүдэр мэт дагав. Мушгидаг нь буруутай юу мушгуулдаг нь буруутай юу хэлээд өгөөч. Би бодоод олдоггүй юм! 

Эрх баригчид үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолдоо ихээр эмзэглээд, уярч хайлаад эхэлбэл төсвөөс хусах гэж буй нь тэр шүү. Эх оронч үг нь нялуурах тусам хулгай нь томордог гэж би мушгидаг. Тэдний гоё гоё амлалтыг мушгиж, тэс хөндлөн гөжвөл хойч үедээ мөр бүтэн зохиолч үлдэх гээд байна. Буруу ишилсэн зөрүүд сүхэн толгойгоор эрх баригчдыг сөрвөл бурхны өмнө нүгэл багатай очих тийм “нохой ардчилал” үүсчээ. Нам толгойтой төр засгийн айлдварыг мушгаад буй намайг өршөө! Эрх баригчдыг магтаж, заасан зүгт нь дүйвээнээр сохор нохой мэт хуцаж давхивал хулгай луйварт үйлчилсэн нүгэлд зохиолч би уначих гээд байна. Гэлээ ч би удам дамжсан мушгигч эмгэгийг минь эмчлэх ариун ёс зүйн хаанчлал айсуйд итгэсэндээ элдэв тэрс юм бичихээ болихгүй үхэх хүн болтой. Энэ номондоо би архиваа ухахаас хэтэрсэнгүй уучлаарай. 

Талцуулдгаа хоёул зэрэг больё. Ардчиллаас хойш бид хоёр эвлэрсэнгүй. 30 жил маргав. Талцан хэрэлдэгч өгөр хоёрыг социалист капиталист эсрэг тэсрэг хоёр лагерь гэхэд хол зөрөхгүй. “Авилга-ардчиллын гай. Баян хоосны ялгаа-ардчиллаас үүссэн” гэхийг 100 хувь зөвшөөрч бууж өгөөд байхад тайвширдаггүй хонзогногч Монголд хэд байгааг тоолшгүй. Тэд мань мэтийн амыг тагласнаар санаа амрах реваншистүүд биш аж. Монголд соёолсон капитализмыг булшилсан цагт тэд тугаа мандуулах коммунист хожуулууд юм байна. Ардчиллын үнэт зүйлсийг дэмжихгүй байж чаддаггүй-би ч гэж би.



Монголчууд наанаа ардчиллаас салахын түүс царайлж зүхэвч цаагуураа ардчилал чөлөөт зах зээлээр тууштай замнаад буйд хорсохдоо надтай маргагчид юун түрүү тусгаар тогтнол олгосон орос ахаараа сүрдүүлнэ. Дэлхийн хоёр дахь социалист орон гэгдэж явснаараа онгирдог юм чааваас. Найрамдал-дружбадаа хир халдаахгүй. Сайд дарга нар тэргүүтэй 149 эх орончдыг маань зөвлөлтийн хуулиар Москвад буудсан нууц илэрсэнд дурамчхан царайлсан гээч! Улаан оросын тулгалтаар эх орондоо 40-50 мянган ямар ч гэмгүй ах дүүсээ яргалсныг харамсан дурсахад “40-50 нь ч юу ч вэ, үсрээд 20-30 мянга” гэж янзгүйрхана. 40-50 мянгыг 20-30 мянга болгож цөөрүүлснээр геноцит цайрах уу. Хэлмэгдэгчдийг өр зүрхэндээ өрөвдөн бичихэд зэвүүцдэг ялангуяа өсвөр үеийг ойлгохгүй юм. Үрэгдэгсдийн дунд өвөө нь, аав нь, магадгүй эмээ нь, ээж нь өртсөн ч бай хэлмэгдлийг улс төржүүллээ гэж уурладгийг яалтай. Зөнөг өвгөн балайрч буй бол хэлээрэй. Гомдохгүй. Зөв хариу олохын тулд би үжирсэн тархиа дайчлан цааш эргэцүүлнэ. Эргэцүүлэх-зохиолчийн зарчим.

Мануусын аймхай хулчигар зан бол өнгөрсөн зуунд зүрхээ зүсүүлснийх. Одоо ч бид дээрэлхүүлдгээ дэлхий дахин, ялангуяа баруунаас чанд нуудаг. Айдас арилах яагаа ч үгүйг В.Путин харуулж байна. Харанхуй бүдүүлэг бидний буруу ямагт болдгийн араас хэлмэгдэл хэтдэг. Энэ эмгэнэлээ бид “Ам бат бол амь бат” гээд цухуйлгадаггүй. Цухуйлгавал баларч байв. Ардчилал зах зээлд ортол “Хятад зөөлөн тэврэлт уусгана” гэх айдас нэмэгдэв. Эрсдэл бий юү? Бий! Арилжаа наймаа нэг мэдэхэд уусгачихсан байхыг үгүйсгэх аргагүй. Гарц бий юү? Байж л таарна. Тэр гарцыг олоод эвтэйхэн хожих-монголчуудын асуудал!

Гол нь би залуу үеэ коммунист халдвар авчих вий гэж юун түрүү сэргийлдэг. Нэг намын дураараа ноёрхогч алтан үеэ битүү өмөөрч шүд зуугчдад би ясны дургүй хүн. Коммунизм дампуурсанд бус гагцхүү ширээнээс ширгэдэгт буусандаа ардчилал чөлөөт зах зээлийг үзэн ядагч-дарга нарын хяхуу арилахгүй цартай. Ардчиллыг эхлүүлсэн залуус (өдгөө хэнз өвгөд) алдаа дутагдалд өртвөл дайсан дарагдаж буй мэт бөөн хөөр. Ардчиллыг зүхсээр хувьдаа байр, газар, малтай болсон. Хүүхдүүд нь баруунд мэргэжиж, нүд нь нээгдсэн ч эцэг эх нь коммунист удирдагчдын хожуулд мөргүүлсээр. “Одооны байж буйг хар, урьд мөн ч гоё байж” гээд шүүрс алдана. Коммунизм эргээд ирвэл гуяа алгадан баясах хөгшин залуу зөндөөн. Хувийн ямар ч өмчгүй, ямар ч эрх мэдэлгүй атлаа нийтийн өмчийн төлөө өлөн зэлэм шалдан нүцгэн зүтгэх-ясны коммунистууд юм уу тэд. 

Эсвэл Монголдоо л тусгай хангамж гэхээр шальгүй давуу талаа алдсанд 30 жил ардчилалд хорсов уу. Хуучнаа өмөөрөгч та нар ХХI зууны сэтгэлгээний тэсрэлтийг дагалгүй, хүн төрөлхтөний урсгалын эсрэг хойд Солонгос шиг сөрж чадах уу. 25 сая ажилсаг солонгос гурван сая залхаг монголтой адилгүй. Бид тэр замд орвол баларна. Юун балластик пуужин харваад Америкийг сандаргах. Гэвч тэдний орь ганцаар зөрүүдэлсэн жожиг ирээдүй бүүдийсээр. За больё-хадуурчлаа. Тэд ямартай ч баялгаа ашиглаж чадалгүй ядуурсан маниар заалгах улс биш. 

Хуучин нийгмээ хамгаалагч минь хугацаа нь дууссантай бүү зууралд. Урагдаж үжирсэн хувцсаа сольдог биз дээ. Би ардчиллыг өөгүй гэж сохроор шүтээгүй. Нэгдлийн ялтай сүрэг хариулсан эрх чөлөөгүй гишүүнээс, хэн ч үл халдах хувийн малтай, дуртай бизнесээрээ баяжих бүрэн эрхтэй малчин арай бололцоотой юм уу даа л гэж багцаалдаг. Би АН-ын гишүүн биш. Би ардчиллын хүн. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр социализмээ муулдаг өөдгүй төгцөг гэж намайг зүхэгч цөөнгүй. Намайг социализм тэжээсэн юм уу, ард түмэн тэжээсэн юм уу хэлээд өгөөч. Насны эцэст хараалгаж байснаас бичихээ больдог ч юм билүү гэж эргэлзэх нь бий. Гэвч коммунизмын нурамнаас оч олж, түймэр асаах хорон санаа өвөрлөгчдийн өдөлт ширүүсээд байвал би бичихээ болихгүй хүн болтой.

Хоцрогдсон мулгуу хүн-сүрэг хөгжлийн чөдөр. Хүн амын дийлэнх мунхаг тул тэднийг дөрөөлөгчид сонгуулиар дийлээд хуучин руугаа хөтлөв. Эрх чөлөөгүй нийгэм бэдэрч хаширсан золгүй олны бяцхан төлөөлөл-би буцаад нэг намын, нэг хүний дарангуйлалд үр хүүхдээ дарлууламгүй байна. Хувийн өмчгүй дахиад гуриатамгүй байна. Хуучин тогтолцоо өндөлзөөд байдаг. Та социализмээ сэм сэргээхээр уур бараад байх юм. Өнгөрсөн нийгмээ мууллаа гэж над руу давшилдгаа Та хуучнаа хүссэн өмхийрөлтэйгөө зэрэгцүүлээд нэг үзээч.

1950-аад онд зуу мянга орчим хүн ам, задгай жорлон, замбараагүй барьсан гэрүүдээс бүрдсэн, халаалтын шугамгүй, нүүрсний утаанд бүрэлзсэн нийслэл гэх хөөрхийлөлтэй тосгоноо “Азийн цагаан дагина” гэж хот үзээгүй нүүдэлчид хөөрсөн нь нэг бодлын өрөвдөлтэй. Харин өдгөө социализмын үед “Азийн цагаан дагина” гэгдэж байсан УЛААНБААТАР минь ардчиллын үед УТААНБААТАР болов гэдэг-сэтгэлгээний хоцрогдол уу, эсвэл хонзон авах улстөржилт үү.

Э.Бат-Үүл “Манжийн эрхшээлд байх үед Монголын төрийн зүтгэлтнүүдийг Манж, Бээжингийн захиалгаар толгойг нь авч байсан. Зөвлөлтийн нөлөөнд байх үед манай ерөнхий сайд, төрийн зүтгэлтнүүдийг зөвлөлтийн коммунистуудын захиалгаар егүүтгэж байлаа” гэж ярилцлага өгчээ. Москвад хэдийг, Бээжинд хэдийг цаазалсан юм бэ? Тэднийхээ тоо, овог нэрийг тодруулж хойноос нь залбиръя. Москвад буудсан 149-ийнхөө нэрийг сурах бичигт жагсааж, эх орон ард олныхоо төлөө оросуудад хилсээр буудуулсан хөөрхийсдөө хойч үеэ мөргүүлье. Манай хэн хэн гэгч хэдэн эх оронч Бээжинд цаазлуулсан юм бэ тогтооё. “Манжийн дарлал” гэх хоосон уншлага төдий маани мэгзэм явуургүй аж. Баримтжуулъя. Бээжинд цаазлуулсан эх орончдоо нэрээр нь байтугай тэднийхээ тоог мэдэхгүй яваа нь гутамшиг. Драмын театрын уран бүтээлчид манжууд хүүгийн нь толгойг царан дээр тавиад чин ван Ханддоржид өглөөний зоог болгон барьж буй жүжиг тавьжээ гэж шуугив. Үнэн бол ямар муухай харгислал бэ? Худлаа бол хөршөө тэгж гүжирдэх юун урлаг, бид өөрсдөө шившиг болно. Цөөн буурай ард түмнээ мөнхийн их хөршийнхөө эсрэг тэгж турхирах юуны цондон бэ. 

Дарангуйлагч тогтолцоог би яагаад сөрөөгүй вэ? Даргаасаа айгаад! Хамгийн наад захын, өөрөөр хэлбэл, миний даргаас эхлээд өөдөө шаталсан дарга нарын ноёлох оргилд Цэдэнбал, Цэдэнбалын цаана Кремль. Нэг үгээр миний дарга бол Цэдэнбал, миний дарга бол Кремль байв. Тэмцэх гарц байж уу? Айж явсны учир энэ. Тийм сүлжээнд татаастай хурган дарга нар дийлдэшгүй тийрэнд хувирна. Зөвлөлтөөр сүрдүүлж, Цэдэнбалаар гул барьсан дураараа дургигчдын зуунд олдсон ганц амьдрал минь таарчээ. Жагсаагүй шалтгаан минь ердөө энэ. 

Хүн төрөлхтөний замналаас арай дээр нь юм уу гээд 1990 онд хотлоороо сонгосон замналыг саатуулагч нарыг би бичдэг болохоос сайн ч муу ч амь зуусан нийгмээ муулахыг өмнөө барьдаггүй. Социализмээр зөнөг банхар болтлоо тэтгүүлчээд өнгөрснөө шүүмжлэв гэж намайг загнах хүн олширч сүрхий ширүүсэв. Би нийтийн өмчөөс хүртэх ёстой хувиа (бусдыг монжилгүй) тэнцүү халбагадсаар 1990 онтой золгосон тэжээвэр гөлөг л дөө. “Өнгөрсөн зууны алдааг энэ зууны сургамж болгоё” гэж бичдэг өвгөн. Алдаанаасаа сургамж авъя гэж уриалсан зохиол минь гай тарина гэж үү. Анд минь хуучин тогтолцоогоо ил далд хамгаалахаа чи хаячвал миний өнгөрснөө шүүмжлэх санаа аяндаа унтарна. Ер нь талцдаг чи бид хоёр хэрүүл тариад байна. Шүүмжлэхээ би цэглэе, өмөөрөхөө чи цэглэ. Хоёул хэн нэгнээ “түрүүлж боль” гэх шударга бус тул ханиндаа зэрэг больж, хойч үедээ түвэг удахаа зогсооё. Зөв үү? Юутай ч хоёул талцалгүй дөрөө харшуулаад ханиндаа найртай шогшъё анд минь, газар амархан хорогддог юм. Тэртэй тэргүй Далан давхарын нарлаг энгэр ойртож харагдана. 

Ардчилалд уриалсан хэдийгээ ард олон дагаагүй бус дагасан. Орос Хятадын завсар социалист лагерийн ёроолд хаягдсан ар монголчуудын 1996 оны сонголтод дэлхий дэлдийв. Даанч манай ардчилагчид энэ гайхамшгийг дахин заяахгүйгээр бузарласан даа. Албан тушаал, олз ашигт эрээ цээргүй тэмүүлсэн АН гэгч бүдүүлэг, бөөн дурын бүтэц ард түмнийг эргэж харахгүй болтол тараа таниулсан. Архаг коммунист сөрөг хүч УИХ дахь АН-ын боловсрол туршлагагүй онгироо олонхыг зажлахгүй залгиж байлаа. Дээд доод талдаа гэгээрэл маш их дутсанаас манай ардчилал ийнхүү шившиг болов.

Миний амжуулах гэж насан турш мөрөөдсөн нийтийг гэгээрүүлэх дэврүү зорилгын төлөө Баабар Цэнддоо хоёр зүтгэдэгт би баярладаг буурай. Өөрсдөд нь ашиггүй ч яваандаа хүн амд хүчтэй нөлөөлөх үйлс гээд. Гол нь мэдээгүйг мэдүүлэх гэж, мэхлэгдсэнийг тайлах гэж хараал зүхлийн бай болж яваа нь таалагддаг юм. Энэ зам бол миний насан турш бэдэрсэн харгуй. Гишүүн-сайдын сэнтийнээс унац нь ирээдүйд жинтэй тусна. Та хоёрыг ийм хүмүүс болно гэдгийг хар багаас чинь тантсандаа би урамтай явдаг. Та хоёрын ижил соён гэгээрүүлэгч ирээдүйд улам олширч, улам хүчжиж, та хоёрыг харааж зүхдэг, атаархдаг өчүүхэн амьтас хөгжлийн алхам бүрээс сугаран хаягдсаар цөөрөх тавилантай. Тиймээс энэ зам чинь зөв зам. Уран бүтээлч хүн алс холын хийсвэр үр дүнгээ л тооцох ёстой. Үр ашиг нь та хоёрт бус, та хоёроос хойш, хойч үеийнхний боловсролд тусна. Иргэд хүчирхэг болно. Энэ чинь жинхэнэ буян. Та хоёр үзэхгүй, эдлэхгүй ч цаг хугацааны эргэлтэд арвиждаг буян. Бидэнд гэгээрэл яасан их үгүйлэгдэнэ вэ. 

Баабар чи нуруугаар намхан ч ухаанаар Монголдоо шүү. Миний байгааг, бидний байгааг. Ах нь өөрөөсөө ичиж байна. Монголчууд өндөр улаан оросын мөрөн дээгүүр өлийж, дэлхийг чиний нүдээр харж, өөрсдийнхөө хэмжээг чиний дайтай багцаална гэдэгт ах нь итгэнэм. “Тоншуул”-ыг тойрон хүрээлэгч хошин мэдрэмж нь цалгисан хөгжилтэй дүү нартаа хайртай шүү өвөө нь. Хошин зохиол нүгэл эс үйлдэх ичимхий дархлааг сэрээх увидастай. 85 насны өндөрлөгөөс дүү нартаа хэлэх үг энэ. Олигархиуд хулгайгаа баригдахаар “байтлаа бүр хошин шог юм болгох нь ээ” гэж томорч, урлагийн энэ жанрыг доромжилдог болсон байна лээ. Миний хувьд хошин шог бол авъяасын тохуурхал гэсээр нүд аних буй зээ.

Дээрдэв үү дордов уу? Социализмын үед телевизээр олны өмнө гарсан хэн боловч “амьдрал ямар байна?” гэхэд “амьдрал маш сайн, бид жаргаж байна” гэж бахархдаг сан. “Манай улс хөгжиж байна уу?” гэхэд “дэлхийн хоёр дахь социалист орны иргэн бид капитализмыг алгасан харайлгаж явна” гэх. Өөр хариулт өгдөг иргэн байгаагүй. Нам засгаа тахин шүтнэ үү гэхээс муулах хүмүүжилгүй өв тэгш коммунист ухамсартай иргэд гэж магтагдаж явав аа хөөрхий. Тэгвэл ардчилал, зах зээлд зурагтаар олны өмнө гарсан хүн бүхэн “амьдрал ямар байна?” гэхэд “амьдрал аймшигтай байна” гэж халагладаг болжээ. Бүгд нэгэн дуугаар өлсгөлөнд нэрвэгдэж, эх орон элгээрээ хэвтлээ. Урьд социализмд ингэж ядуурч яваагүй гэж ам булаалдана.

Яг үнэндээ ямар байснаа ямар болчвоо? Албаар муулалгүй, албаар магталгүй үнэнээр нь дүгнэж болохгүй гэж үү. Уг нь тэнэг хүн тэг дундуур гэдэг сэн. Тэнэг толгой эзэндээ хэрэг болох нь ховор л доо. Амьдрал дээрдсэн үү, дордсон уу гэдгийг голоор нь буудахад чухамхүү тэг дундуур сажилдаг дүнхүү толгой л ономоор. Тэгтэл тэнэгээ гадарладаг мулгуу алдахаас хаширлаад тэг дундуур туудаг болохоос тэнэгээ мэдэхгүй усан тэнэгүүд туйлширдаг ажээ. Гол гайг бидний тэнэгээ мэдэрдэггүй мангуу толгой л тарьж байна. Лусаас заяасан гайхамшгаа талцаж булаацалдаад хөгжил болгож чадалгүй хоосров. Үүнд мулгуугаа мэддэггүй монгол толгой л буруутай. Хужаа, гурав дахь хөрш энэ тэрээс гайтлаа гэж биеэ өмөөрвөл мунхаг чинь гүнзгийрч буйн илрэл шүү.

Эхлээд социализмд идэж ууж байсан хүнсээ одоогийн хүнстэйгээ жишээд үз. Өмсөж явсан хувцсаа эдүгээ өмсөж буйтайгаа зэрэгцүүл. Хотод мах сүүн дээр хахалдсан очер-бөөн хэрүүл байсан. Бүх үнээгээ “сүүн завод”-д бөөгнүүлээд сүүг тугалд нь ч хөхүүлэхгүй гуд сааж улсад тушаана. Улсад тушаасан сүү масло хаачдаг байсныг бүү мэд. Лав л халуун зунаар хар цайтай малчдад түгээж байгаагүй. Нэгдлийн дарга гишүүддээ цохолтоор өгдөг эр сувай хоньгүй, бүгдийг хуу хамаад Орос руу туучихсан. Эмнэлэгт үзүүлэх тасалбар авахын тулд урьд орой нь очиж хонуутаар дугаарлана. Никельдсэн цагаан ор үзээд янхир төмөр ороо голж, дэлгүүрийн үүд сахиж, хүйтэнд гадаа хонох-амьдрал сайжирч буйн үзүүлэлт гэнэ. Унтах оргүй байгаа биш монголчууд социализмд дэндүү даварч байна гэж өөрсөддөө бурууг тохож нам засгаа хаацайлна. Хилийн дээс алхахыг Төв Хороо шийднэ. Гадаад явсан төлөөлөгч шамфун бохь мэтийн хог түүж ирээд авгай хүүхэд, ах дүүстээ тараагаад заримд нь хүртэхгүй нүүрээ улайлгана. 5 жилд нэг удаа тохиодог Зохиолчдын их хурлын төлөөлөгчөөр сонгогдвол дэлгүүрт тусгайлан оруулж хивс авах завшаан олдоно. Саравчтай бажгар цагаан малгай өмссөн гангачууд бусдын жөтөөг асааж, цагаан малгайн булаалт дэлгэрснээс үүдэж, “амины цагаан” нэршил үүсч байлаа. “Хөршийнх орос дэлгүүрээс масло авчихаж. Хүүхдүүд нь масло түрхсэн элсэн чихэртэй талх идэж байна. Тэгэхэд манай байж байгааг. Заваан талханд хүүхэд хоолшихгүй юм. Хамт сургууль төгссөн найз Москва яваад булган малгайгаар гангараад ирж. Зайтай хог амжаад Америк кино хүртэл хэдийг үзчихсэн байгаа юм даа” гэж жөтөөрхнө.

Жил бүр хэдэн саяар Оросын хил давдаг туувар зогссоноор 20 сая мал 70 сая болов. Зах зээлийн малчид нэгдлийн гишүүдээс дор амьдарч байна уу дээр амьдарч байна уу хар. Орон байр, дэлгүүрийн лангуу, очер дугаар, унаа, замаа харьцуул. Ажилсаг сортоотой хэсэг баяжив. Компани групптэй боссууд дунд хулгайч цөөнгүй. Гэхдээ бүгд хулгайч биш. Монголчууд дундаас өнгөтэй өөдтэй яваа үр хүүхэд минь тэд. Тэднийг зүхэгчид тэдний улсад тушаадаг татвараас хүртдэг. Ингээд амьдрал дээрдэж үү дордож уу гэдгээ дэнсэлье. Дордсон дээрдсэн юм алаглаж байх шиг. Дүн нуруугаар дээрдэж үү дордож уу? Өмнөх нийгмийнхэн өнөөгийнхнөөс сийлээтэй байж. “Хөгжил эрчтэй байна”, “амьдрал хангалуун-жаргаж явна” гэх хүлцэнгүй зангаар албан тушаал, ажлын байраа баталгаажуулна. Зарим сэргэлэн нөхөд тоталитар тогтолцоог магтан хэнхэглэж, тушаал дэвшиж цалингаа нэмүүлнэ. Одооныхон эрх чөлөөтэй гэх хийрхэлдээ сагаж хараал зүхэл жагсаал цуглаан өвөл зунгүй өрнүүлээд намуудаас юу ч олж долоохгүй. Тэмцэл нь ямар ч өгөөжгүй хоосон улстөржилт болж нэр нүүрээ барна. Хятад Зөвлөлт Монгол ер дэлхий нийтээрээ (өмнөд Солонгос хүртэл) жигд ядуу байлаа. ХХI зуунд технологийн гайхамшиг зарим оронд сад тавьж, бараа материал хаа сайгүй хөглөрч, ЗХУ толгойлсон социалист лагерь гэгч хаалттай импер нурсны ачаар хил хязгааргүй чөлөөт зах зээл улс гүрэн дамнаж тэлэв. Энэ бүхэн дэлхий нийтэд өсөлт авчирсан юм биш үү. 

Улсын ажил бүтвэл иргэн-миний амьдрал сайжирна. Төр засгийнхаа сэдсэн болгоныг унагах гэж хийрхдэгээ цэглэ. Хавтгайрч улиг болсон эсэргүүцлээ хумьж, оновчтой болгоод буруутнаас юун түрүү хохирлоо тоо ёсоор төлүүлэн авч заншъя. Бүхнийг харлуулсан гүжир дайралт том бага төслийг нурааж ядуурлыг нэрмэв. Бүтээх гэж хуруу хумсаа хуйхалж яваа зөв санаатай гишүүд сайдуудаа таньж, хөгшид-бид ядаж амаараа ч болохноо дэм өгвөл яасан юм бэ гэх гээд байна би. 

Социализмээ сангалзан бухимддаг хөгшид цөөнгүй. “Урьд бүх юм сайхан байв одоо бүх юм аймшиг боллоо” гэж гаслалдана. Үнэнээсээ гаслалдаж байна уу, эсвэл коммунизмын үлдэгдлүүд хонзогноод байна уу бүү мэд. Ямар ч атугай ардчиллын бүх юманд бухимддаг иргэд 3 сая хүн амын дийлэнх байгаа нь сонгуульд ямагт ялалт бэлэглэдэг бөөн хар хүч болжээ. Хүн амын олонх болсон ардчилал, чөлөөт зах зээлд бухимдагчдыг дөрөөлж УИХ-д залраад, ардчилалд бухимдагчдаас дараагийн сонгуульд дахин санал бөөндөхөөр шинэлэг бүхнийг гацааж суудаг гишүүд сэнтийдээ мөнхөрч баяжив. 

Хүн болгоныг хулгайч гэж хараасаар хулгайч хочгүй цэвэр иргэн Монголд алга болжээ. Социализмд хулгайч байсан нь мэдээж. Харин ардчилалд бүх хүн хулгайч цол зүүснээр жинхэнэ хулгайч ялгарахаа болив. Ерөнхийлөгч ерөнхий сайд Гандангийн хамба гээд бүгд ижил хулгайч хочтой болсноор халаасны хулгайч гардуулсан ч нүүрээ улайлгах илүү зан болжээ. Тэгэхээр хулгай нь нотлогдсон хулгайчаа л хулгайч гэж хочилъё. Аав ээжийн алаг үрийг “хулгайч” гэж гөрдөхийг цээрлэдэг ёсоо сэргээе. Тэгвэл жинхэнэ хулгайчдын оодрох орон зай хумигдана.

Хөгшид бидний яршиг адармаа мундахгүй. Бидний тархины атираа нугачаа бүхэнд өнгөрсөн зууны үзэл суртлын хар үүл хургасаар буй. 3 сая хүн амын суурь болсон эцэг эх, эмээ өвөө нарыг үр хүүхэд дагалдах нь жам. Энэ хариуцлагаа настанууд ухамсарлаж эрин зууны алхаатай хөл нийлүүлэх учиртай. Хэний ч дур хүслээс дээгүүр хорвоогийн жамыг мугуйдлан сөрөх мунхаглал. Үр удмаа буруу зүгт уруу татах нүгэл. Шинэ тархи толгойг дагацгаая. Хүн амын дийлэнх хуучин руугаа ил далд хургаж байхад Монголд ардчилал чөлөөт зах зээл гацах нь зүй. 

Амьдрал дээрдэв үү дордов уу? Худал муулах, худал магтах хоёул буруу. Дээрдсэн нь дордсоноосоо жин дарж байна гэж өвгөн би дүгнэдэг. Дээрдсэнээ нийтээр дэмнэвэл босоод ирнэ. Хоёр аварга хөршийхөө итгэлийг хүлээж чадсан цагт гурав дахь хөршүүдтэй лавхан түншилэх жим зурайхыг 1911 оноос эх орончид минь сүвэгчилж явсан түүхтэй. Хөгжлөө шуурхайлах тэр замд Монгол 1990 онд ороод дээрдсэн байх шүү.


Залбирал

(Их хаадын өлгий-төрсөн нутагтаа ус болон урсаж, үүл болон хөвнө)

Нэвсгэр нэмнээ мэт шал нойтон их хөвч нөмөрсөн хөглөгөр Хангайн хормойноос ус шүүрнэ. Бяцхан горхиуд том том бул чулуунд бүдчин дороо бухимдан цовхчих нь адтай яаруу. Уулсын суга бүрээс яаруу горхиуд газрын хэвгий рүү хүржигнэн буусаар хоорондоо нийлж, талд буусан хойноо бургасан шугуй зүсэн довтлох Орхон хэмээх гол болон үр шимээрээ амьтан ургамал бүхнийг тэтгэжээ. Орхон гол өргөсөж арвижих тусмаа урсгал нь мэдэгдэхээ больж, мандал дээгүүрх бэдэр арилж, толь мэт хөдөлгөөнгүй мэлтийнэ. Гэвч Орхонд орсон хайнагийн шараас зөвхөн хамрын нь хоёр нүх цухуйгаад хүчтэй урсгалд цохиулж, тэнхээ дутсандаа уруудаж даялсаар арай чамай цаад эрэгт нь гараад амьсгаагаа дарж хэсэг зуур амардаг байсан нь саяхан. Эдүгээ тийм арвин биш болжээ. 

Орхоны хоёр хөвөөг эмжсэн бургасан шугуйн зураа түүнийг хамгаалагч торгон цэрэг мэт ёслол төгөлдөр жагсана. Бургасан төгөлүүд Орхон түшээгээ бараадсаар түргэн урсгалыг нь гүйцэлгүй ээрэм хөндийн энд тэнд бөөн бөөнөөр цуварч хаягдсан нь эцэг эхээ алсад үдэх үр хүүхэд салж ядан хоцорчээ гэлтэй. Шугуй дотроо намагтай, намаг дотроо шумуул дэлэнч утаа униар адил суунаглана. Орхон гол тэр л их намаг, өргөн ногоон ширэг дундуураа, дэлэнч шумуулынхаа тэр л их утаа униар дундуур тэмүүлэн довтлохдоо нар салхины хуурайшлаас мөнхөд хаацайлагч бургасан шугуй хоёр хөвөөгөөр нь хүндэт харуулын цэрэг шиг жагсан үдэхийг анзаарсан янзгүй алс зорьсондоо яарч хурдална. Эгнэн жагсаж, гудаалан үдсэн бургасан шугуй хичнээн живаа дүнчүүр жил, хичнээн ус дундуураа урсгасныг хэмжишгүй. Гэвч ингэлээ гээд Орхон барагдах тавилангүй, өдөр шөнөгүй урссаар. 

Байгаль эхийн бодисын солилцооны жам хуулиар үдэж илгээсэн бүх усаа Орхон голын эх-Суварга хайрхан оготоргуйгаас нэхэж, хур бороо болгон сорж, үүний хүчинд уулын бяцхан горхиуд тамиржин, бие биетэйгээ нийлж, томрон томорсоор мөнх оршихын төлөө алсын алсад яаран довтолгоно. Орхон түшээ гүн минь, алсынхаа аянд яар даа яар! Та минь хүрэх газраа аль болох түргэн очоод, буцаж ирэхдээ газраар бус тэнгэрээр, ус биш үүл болон урсалгүй оготоргуйгаар нисэн хөвж ирээд Суварга хайрхандаа хөлбөрөн буутугай! Та минь хүрэх газраа ямар хурдаар очно, тийм хурдаар буцаж ирдэг бус уу. Орхон минь яар! Яаран довтол! Та явахдаа дэндүү арвин явлаа гэж бүү харамсаарай. Явахдаа хэдий чинээ арвин, хэдий чинээ хурдална, тэр тусмаа биднийг баярлуулдаг юм.

Орхон-Түшээ гүн танд төв Азийн өндөрлөгийн хөлдүү хүйтэн хад асгыг зөөлөн элгээрээ зүссээр санан санан мөлхөн мөлхөн цутгадаг их далай бий. Тэр далай таныг өдөр шөнөгүй харуулдаж буй. Яагаад гэвэл таныг очихгүй аваас тэр далай бидэнд илгээдэг хурын үүлээр дутна. Орхон таны яарах зөв өө. Яагаад гэвэл та түргэн эргэж ирэх гэж яардаг. Та яарсаар хөх тэнгэрээр хөвж ирдэг. Таныг эргэж ирэхгүй болчвол бид малгүй, тариагүй болж элсний нүүдэлд дарагдана.

Орхон таны тэнгэрээр хөвөн хөвсөөр ирж, хөлбөрөн буудаг нутаг тань манай Суварга хайрхан билээ. Суварга хайрханы ай савд нутагтай бид Орхон түшээ гүн таны хурмастаар заларч ирэхийг өдөр шөнөгүй хүлээж, тэнгэрийн хаяанаас цухуйх үүлсийг саравчлан харуулдаж суудаг учир буцахдаа таны яарахыг “зөв” гэнэм. Таны газраар зүтгэх тэнхээнд, тэнгэрээр нисэх жигүүрт хурд бат оршиг. Та манай Суварга хайрханд, манай тариан талбайд, манай малын бэлчээрт заларч бай! Таны буцах хурд таны ирэх хурд. Таны хурд бидний амьдралын охь манлай. 

Орхон та газрын уруу урсдаг ч гэлээ таны биднийг тэтгэх хүслэн ямагт Суварга хайрхны өндөрлөг өөд тэмүүлдэг. Түшээ гүн та газрын өөд зүтгэж, уулсын ам болгонд салаалан, салбарлан, айл гэр болгоныг унадаална. Та уул нуруудын суга нуга өөд өгсөж, ургамлын үндэс мэт олон горхи болон салбарлан салаалж мацсаар Монгол нутгийн уушиг-Хангайн цэнхэр нурууг минь амьсгалуулж байнам. Уснаас үүл, үүлнээс усанд хувирах ертөнцийн эргэлтэд Орхон голын ай савд үртэй болгон үржиж, үндэстэй бүхэн ургана. Их хаадын өлгий-Орхон Хөгшиний минь ай сав өршөө намайг.


Бүүвээ

Жороо халиун хазаар даран бөмбөлзөнө. Нов ногоон хүглэгэр хүглэгэр харганы чөлөөгөөр шаргал зам мурилзах ажээ. Цэлгэр хөндийг нил бүрхсэн битүү харгана хөхрөн униартна. Харганан шугуйгаас бод мал ч үл цухуйна. Тал дүүрэн хөглөрөгч нэлэмгэр ногоон шүхрүүдийн нөмөр бараадаж ааглаг нарийн ногоо багсайна. Амтат нарийн ургамал хөөсөн мал сүрэг ухаангүй агаад харгана завсраас гэнэт гарч ирсэн морьтноос цочин үргэх амой. Усан будгийн бийр шиг хоёр гоё чих гарын хөдөлгөөн даган хайчилж, хөл давирах төдий жороо халиун тэнгэрийн хаяа өөд тэмүүлнэ. Жороо морины уран дөрвөн хөл яралзаж, хязгааргүйг бахтай эвхэх авч, урт аяны пян даахгүй аргисан буурай нозоорно. Жороо халиуны бүүвээлэх дэмбэгнээ намираа бороо мэт зөөлхөн. Таанын үнэр нүд хорсом агаад урт урт нурууд хөврөн цэнхэртсээр алсран хоцорно.

Чингэтэл хоёр хон хэрээ морьтон руу гуагалан шунгав. Хоёр хэрээ өвгөний толгойг эвэр хошуугаараа шоншиж, улаан нүүрийг арвайж сарвайсан савраараа самардан алдаж эргэлдэхэд хүчит далавчны нь хүүгэх дэвээнд салхи үелзлээ. Өвгөний нүдийг бүр амьдаар нь ухахаар дайрлав. Хоёр хэрээний харгана дотор зассан нууц үүрэнд чимээ аниргүй жороолох халиун ажиг сэжиггүй тулчихсан аж. Нисэж хараахан сураагүй ангаахайнууд үүрэндээ айж сандарч бахиралдсан юмсанж. Ерэнтэй өвгөн толгойгоо тоншиж нүдээ ухахаар довтолсон хоёр хэрээг үргээхээр сарвалзав. 

Сандарч цочирдсондоо зүрх нь хөндүүрлэн оволзлоо. Ашгүй хоёр хэрээ дахиж довтолсонгүй. Нисээд арилжээ. Жороо халиун хаачив? “Ингэхэд би унтсан билүү, сэрүүн байсан билүү. Унтсан унтаагүй хоёроо ч ялгахаа байж. Дугхийгээгүй дээ. Би хаана байна аа. Хаана байгаагаа ч мэдэхээ больж. Эсвэл би үхчихсэн юм уу” гэж гайхшрав. Өндийх гэвэл нүд бүрэлзээд юу ч үл үзэгдэнэ. Толгой зэнхийнэ. Чих шүгэлдэнэ. Гар мэдээгүй. Өвдөг сөхчинө. 

Ерэнтэй гудамжинд явж байх шиг. Гадаа гарсан юм уу, гараагүй юм уу? Бас мэддэггүй. Бужигнах олон бүгд танихгүй хүмүүс. Ерэнтэй тэднийг ажиглалаа. Гоё гоё хувцастай жавхаалаг тэднээс нэг нь ч өвгөнийг тоож анзаарсангүй. Ерэнтэй “Намайг тэд огт танихгүй хойно юу гэж мэндлэх билээ. Гэхдээ би тэдний дунд яваа юм уу, үгүй юм уу? Хэрэв би тэдний дунд байхгүй бол тэд намайг яаж анзаарах билээ. Надтай дуугарах, ярих хүн нэг ч алга. Амьд байна уу, аль эсвэл сүнс минь олны дунд тэнээд явна уу? Зүүдлээд сэрэхгүй байгаагаас зайлахгүй”. 

Тэр бээр өөрийгөө үхээгүй, зүүдлээд сэрэхгүй байна гэж горьдно. Гэхдээ нэг л биш ээ. Нойрсож байгаа, сэрүүн байгаа, аль нь болохыг Ерэнтэй нягтлаад нягтлаад тогтоосонгүй. Багачууд шаагилдана. Цөм Ерэнтэйн гуч, зээнцэр. Ерэнтэй тэднийг танихаа больсон юм. Их хотын олон дотор яагаад Ерэнтэйн ганц боловч таньдаг хүн үзэгдэхгүй болчвоо. Өвгөний үе насныхан бүгд үгүй болоод өөр хүмүүс миегнээд байна уу. Танихгүй хойч үеийнхэн дотор Ерэнтэй ганцаараа үлд ч вүү. Хэдэн нас зооглосноо ч мэдэхээ больжээ. Үл таних шинэчүүлд Ерэнтэй насан турш шилж түүсэн үгээ сургамж болгон үлдээх гэж сүүлийн жилүүдэд олонтаа оролдсон. Нэг нь ч тоогоогүй. Түүний үгийг тэд сонсохын хувьд сонссон ч хэн нь ч анхаарал хандуулаагүй. Цөм далдуур тохуурхсан. Харамсалтай юу? Үгүй ээ гомдолтой!

Ерэнтэйг хүн гэж анзаарах хүмүүс эцсийн эцэст хаана байна? Тийм дотно танилууд нь Ерэнтэйн хувьд ертөнцөд үлдсэн үү. Ерөөс үлдээгүй юм уу. Үлдээгүй аваас Ерэнтэй хаачих билээ. Түүнийг амьд амьтан гэх хандлага дууссан аваас тийм орон зайг хорвоогоос хайгаад утгагүй. Дууссаныг буй болгож эс болно. Эхлэл төгсгөлийг хугацаа шийдэхдээ Ерэнтэйн хүслийг харгалзахгүй. Төрж буй мөчөө мэддэггүйтэйгээ адил үхэхээ бас мэддэггүй ажээ. Хараа муудсан нүдэнд үл таних бяцхан үрс бүртэлзэх авч яриа нь ойлгогдохгүй. Яагаад гэвэл дүлий чих сонсохгүй. Ерэнтэй “Би унтаж байна уу, сэрүүн байна уу” гэж тунгаасаар. Үүнийгээ гадарлах хувь заяа нэгэнт дуусчээ. Ерэнтэйг халамжлах ертөнцийн тэтгэмж барагдсан аж.

Орчлон дэлхий бүдгэрэн ойлгомжгүй манарч Ерэнтэйн мэдрэхүй дэн дун дуниарна. Жороо халиун усан будгийн бийр шиг чихээ солбиулан бөмбөрч гарлаа. Том том хүглэгэр ногоон харгана дундуур алтан шаргал зам мурилзан хөтлөв. Тэгтэл эргэн тойрон төрсөн нутгийн нь танил уул нурууд цэнхэртэн цэлэлзлээ. Энэ хорвоод танихаас эдгээр уул нурууд л Ерэнтэйд үлджээ. Уулс түүнийг ад үзэхгүй. Чимээгүйхэн өвөртөлнө. Нутгийн агаар цээж дүүрээд ирлээ. Нулимс хуралдаж, хамар шархирав. Төрсөн дэнж дээрээ түргэн очиж, ой санамжаа сэргээхээр өвгөн яарч өндөлзвөл сулрах жолооны аясаар жороо халиун уриалгахан жийгүүллээ.

Унтаад байна уу, эс бөгөөс үхчээд байна уу. Ерэнтэйн уураг тархи үүнийг ялгах мэдрэмжгүй хоосорчээ. Хүн харахад орон дээрээ тайван нойрсоод хэвтдэг. Гүн нойрсож, зүрх нь гүйцэд амраагүй учраас түүнд зүүрмэглээгүй мэт зовуурьтай. Уг нь унтахын хувьд унтсан. Гэхдээ гүйцэд дугжраагүй. Ухаангүй дугжирсны дүнд ханатлаа амарсан зүрх, бие мах бодь, уураг тархи сэргэж хүн унтаж олсон эрч хүчээ эдэлдэг. Бие хөнгөрдөг. Тэгж гүн амарч чадахгүй болохоор жороо морьтой давхиад буй ч юм шиг, хэвтэртээ элдэв янзаар хар дарж, элийрч балайрч шанална. Ерэнтэй байгаа байхгүй хоёроо баримжаалахаа болиод алиа алджээ.

Бурхан болсон гэргий нь сэнгэнэсэн исгэлэн айраг хоолой руу нь дусаах шиг. Айраг уу, оргилуун дарс уу. Ерэнтэй “Яасан сайхан юм бэ хонгор минь” гэж дуу алдав. Тэгж дуу алдаж чадсан уу, үгүй юү мөн л бүүр түүр. Гэргий, айраг, оргилуун дарс бодиттой юу хийсвэр үү. Эргэлзээтэй. Унтаж буй ч юм шиг. Сэрүүн ч юм шиг. Амьд ч юм шиг. Үхсэн ч юм шиг. Бие үл цалгиах жороо халиуны дэмбэлзээ адуучин удмын яс маханд шингээд эцсийн мөчид мөнх нойрсуулахаар бүүвээлж байх шиг. Төгсөх агшны ой тойнд жороо халиун хургаад холдохгүй байгаа нь их хувь заяа. Дэмийрэл. Таагдашгүй ер бус хүчирхийлэл. Мэдрэл мэдээний зугуухан хоосрол. Энэ бүх нууц хэдийд төгсөж Ерэнтэйг амраах бол. 

Жороо халиуны дэмбэлзэх зөөлөн бүүвээ бүдгэрч алсарсаар. Ерэнтэй өвгөн “Ёох ядарч байна унтах минь” гэж гүвтнэв. Тэгж гүвтнэснээ өөрөө мэдсэн үү, үгүй юү бүү мэд. Жороо халиуны дэмбэлзээнд бүүвээлэгдэн нялх хүүхэд нойрсох мэт үнэгчилсээр огт мэдрэлгүй ор хоосонд аав ээж шигээ залбирсаар монголоороо шингэх сэн. Ийм хүсэл бүүр түүрхэн.

Балчраас өвгөртлөө цаас цоохорлосон урт хугацаанд ялимгүй хошин мэдрэмж минь уугисаар унтарчээ. Бас хувьсаж явсан янзтай. Бичвэрүүдээ нийтлэгдсэн огноогоор эрэмбэлээд чацуутантайгаа ижил буруулахсаныг зүс дагуу руу нь гилснээр төрөлсөж сүрэглэх шиг. Хоногшуулъя гэсэн санаагаа оршил төгсгөлд давтаад ганц хоёрын гарчгийг өөрчлөв. Тэжээсэн мэргэжлээ ямар түвшинд хэр эзэмшлээ гэж үхэхийн өмнө тунгаадаг аж. Энэ бол гойд чанар бус насны эцэст хүн бүрт учирдаг жам ёсны жудаг. Гараас нь брак бус брэнд төрдөг хүн зонтой улс хөгжиж байна. Бичих зурах даруу мэргэжлээр би амьдарсан этгээд. Оргилд сүүтийх авъяасын зэрэглээг мацаж хүрсэн бэлээсээ дөнгөж төсөөлсөн. Ийм л юм бичиж, ийм л юм зурж амьдарчээ өвөө нь. Шоовдор мэргэжлээ Монголд бүү унтраасай, авъяаслаг залуус буухиалан асаагаасай гэж залбираад, энэ салбарт үлдээсэн мөрөө-өгсөх шатаар нэг ч атугай гишгүүр алхаж уу гэдгээ шалгуулахаар толилуулав.

Оршил: хувийн өмч нийтэд шилжмэгц хуурамч зан сэдрэв

Тэргүүн хэсэг: цайлган инээд цалгисан хөнгөмсөг насны наргиа

Дэд хэсэг: хэрсүүжих тусам хошигнол яргадаг

Гутгаар хэсэг: шооч араншин нас дагаж уярдаг

Дөтгөөр хэсэг: ёж егөө нулимсанд унтардаг

Тав дахь хэсэг: хонгилын мухарт ёлтойх гэгээ

Зургаа дахь хэсэг: үл алдрах итгэл

Долоо дахь хэсэг: түүх бол сургамж-багш бөгөөд залуурч-луужин

Төгсгөл: шог зохиолч хулгай хийхээр гарлаа