Хувиргалт уу, “Хувьсгал” уу?
-ҮХНӨ-д хэн дургүй байгаагийн төлөөлөл нь Д.Сарангэрэл, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар уу?-
Хэдүүлээ хоёрхон нам 30 жилийн доторх олон хулгайг өнөөдөр сөхөж, ухаж, сайн тал нь төлүүлж эхэлж байна. Эрх баригчид хэрхэн банкуудыг, сүүлдээ тусгай сангуудыг цөлмөж, түүний дунд МАН яаж баллаж байсныг сүүлийн өдрүүдэд хангалттай ярилаа. Эндээс ч, бусад судалгаанаас ч харахад парламентад ерөөсөө хоёр нам байж болохгүй, хоёр нам ээлжлээд Засгийн эрх барина гэсэн ойлголт ч байхгүй юм байна. Элдэв аман гэрээ, холбоо сүлбээний ч асуудал байдаг. Аль ч нам ялсан эрх ашгаа авч үлдээд байдаг том бүлгийг бид “гадарладаг” болчихсон. “МАНАН” бүлэглэл гэгчийг ярьж эхлэхээс бүр өмнө ч байсан. Энэ л улс орны хөгжлийн тушаа болж ирсэн байдаг. Үүнийг өөрчлөх ёстой. Үр дүнд нь МАН ялах, ялагдах бол дараагийн асуудал.
Хамгийн гол нь улс орон хөгжих үү, эс хөгжих үү гэдэг асуудал юм. Энэ чиг шугамыг л МАН-ын удирдлагаас баримталж, зориглож тэр ч байтугай өчигдөр болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас харахад парламентад гурваас дээш жил сонгогдсон олонхийн саналыг сөрж байж ҮХНӨ-ийг дэмжүүллээ. Дашрамд хэлэхэд, ямар өчүүхэн эрх ашигтай гурван гишүүн ямар учраас эсрэг санал өгснийг харсан биз дээ? Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Д.Сарангэрэл нар бол намаас ч, төрөөс ч хангалттай хайр хишиг, албан тушаал хүртэж байсан ч болж байгаа буюу болох гэж байгаа өөрчлөлтийг эсэргүүцсэн шалтгаан нь ердөө л сайдын суудлаасаа хагацаж байсан болон хагацах гэж байгаа мэдрэмж, “дурсамж” төдийхөн өчүүхэн эрх ашиг байлаа.
Гэтэл үүний цаана улс орноо “нам шиг улс биш”, “улс шиг улс” болгох том зорилт бий юмсан. Хоёр нам ээлжилж Засгийн эрхийг барьдаг энэ “наймааны” гэмээр тогтолцоог өөрчилж парламентад олон намыг оролцуулах боломжийг олгодог ганц нөхцөл нь мажоритори тогтолцоог өөрчилж холимог тогтолцоотой болох явдал. Гэтэл 76 гишүүнтэй парламентын хувьд холимог тогтолцоогоор сонгууль явуулаад амжилт олсонгүй. 2006-2008 оны үед буюу М.Энхболдын Засгийн газарт жижиг мажориториор сонгогдсон гишүүд парламентад орсон. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар гэгчид таван намын дарга орж суугаад бараг л парламентыг удирдаж эхэлсэн билээ. Энэ бол олон намын тогтолцоотой л бол сайн гэсэн ойлголтын алдааны том сургамж. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн тоо нэмэгдэхийн сацуу Засгийн газар нь парламентдаа шууд нөлөөлөх боломжгүй болсон тохиолдолд энэ холимог тогтолцоог нэвтрүүлэх ёстой юм байна гэдгийг энэ жишээ харуулсан гэсэн үг. Үүнийг засахын тулд 76-аас олон гишүүнтэй парламентад холимог тогтолцоог яаж нэвтрүүлэх вэ гэдгээ шинээр, зөвөөр бодож олох ёстой болсон. Энэ эрсдэлтэй “хувьсгалыг” эрх ашгаа, албан тушаалаа алдахаас айхгүй улстөрчид л хийдэг юм байна гэдгийг та бид харж байна.
Нийтлэлч миний бие гарчигтаа яагаад “Хувьсгал” гэдэг үг ашигласнаа тодруулбал, ҮХНӨ хийх шаардлага хэзээ, ямар үед үүсдэг вэ гэдгийг бодолцох ёстойг сануулах гэсэн юм. Хувьсгал хийгдсэн тохиолдолд уу, засаглал нь хөгжлөө чөдөрлөчихөөд байгаа тохиолдолд уу? Ямар ч байсан бид бодит бэрхшээл тулгарсан болоод л ҮХНӨ-ийг хийхээр болсон. Парламентын гишүүдийн тоог нэмж, “дархлаагаа” сайжруулах улс төрийн дотоод гадаад нөхцөл “баавгай, луу” хоёрын дунд зүдэрч яваа бидэнд тулгараад байгаа нь үнэн. Яаж ч хилээ хаасан, яаж ч шахалт үзүүлсэн “Парламент шийднэ” гэх эрхтэй байгаа нь томоохон эрсдлүүдийг хааж явдгийг бид тэр бүр анзаардаггүй. Гишүүний тооны асуудал бол дараагийн асуудал. Гэхдээ “марзганах” эрхгүй. Бас элдвийн бурханлиг бэлэгдэл мэтийг оруулж маазруулах эрхгүй. Тодорхой үндэслэлтэй байх ёстой. Сөрөхийн тулд сөрөөд байх биш агуулгын хувьд зорилтоо хангаж төлөөллийн ардчиллыг хөгжүүлэх, парламентыг бэхжүүлэх, судалгаа тооцоололд тулгуурласан байх учиртай. Энэ талаар хангалттай ярилаа, маргалаа. Одоогоор арайхийн дэмжигдээд байгаа 126 гэдэг тооны тухайд дараах тайлбарыг дурдаж тайлбарлаж болох юм.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулахдаа тухайн үед хуулийн төсөлд зааснаар Улсын Их Хурал 76 гишүүнээс бүрдэж, Улсын Их Хурлын нэг гишүүн нь 28000-30000 хүний буюу сонгуулийн насанд хүрсэн 14000-15000 орчим сонгогчийг төлөөлнө хэмээн тооцоолж байсан. Харин өнөөдрийн байдлаар манай улстай хүн амын тоо ойролцоо буюу 1,3- 4,2 сая хүн амтай дэлхийн бусад улсын парламентын гишүүдийн тоо нь 100-153 хооронд байгаа аж. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолын үндэслэл хэсэгт “...дэлхий нийтийн нийтлэг чиг хандлага, Үндсэн хуулиар баталгаажсан дээрх үзэл баримтлалын хүрээнд Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүний тоог нэмэх нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарах асуудал болно...” гэж дүгнэсэн байдаг.
Үндсэн хуулийн Цэцийн уг дүгнэлтээр “... Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хуулийг эцэслэн батлах босгыг өндөрсгөж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн зохицуулалтыг хөндөөгүй атлаа Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулж, тооны хязгаарлалт тогтоосон нь парламентын гишүүний чөлөөт мандатын агуулгыг үгүйсгэж, хяналт-тэнцлийн зарчмыг алдагдуулахуйц Үндсэн хуулийн дотоод зөрчил үүсгэсэн байна” гэж дүгнэснээр, Үндсэн хуулийн Цэцээс Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн гишүүнээр ажиллах боломжтой болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа юм.
Эндээс үзвэл, 2023 оны байдлаар Монгол Улсын хүн амын тоо 3.5 сая болсон, энэ нь 1992 оны Үндсэн хуулийг баталсан үеэс 1.4 сая гаруй хүн амаар нэмэгдсэн үзүүлэлт. Тэгэхээр хүн амын өсөлттэй уялдуулан иргэний төлөөллийг хангахын тулд гишүүдийн тоог нэмэгдүүлэх нийгмийн шаардлага үүссэн гэж үзэж бас болох талтай.
Энэхүү шаардлагын үүднээс 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийг батлахад баримталсан зарчмыг удирдлага болгон тооцож үзвэл манай улсын хувьд Улсын Их Хурлын гишүүдийн тоо 125-130 байх боломжтой гэж үздэг юм байна. Түүнчлэн Монгол Улсын хүн амын өсөлтийг урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг Алсын хараа-2050-тай харьцуулан авч үзвэл Үндэсний Статистикийн хорооноос гаргасан “Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоо 2020-2050” судалгаанаас харахад 2050 онд хүн амын өсөлт 5,003,938 болох боломжтой байх тоо мэдээг гаргасантай жишиж үзэхэд УИХ-ын гишүүдийн тоо 155 байх боломжтой.
Ингээд 152 гэдэг тоо гарч ирсэн боловч энэ тоог “эсэргүүцэх, дэмжих” гэдэг улс төр эсрэгцэж эхэлсэн нь инээдтэй байлаа. Нэг ёсондоо аль аль талдаа буулт хийгээд 127 гэдэг тоо гарч ирсэн ч 50:50 хувиар тооцоход амарчилж 126 гэдэг тоо гарч ирсэн юм даг уу даа. Гэхдээ дахин хэлэхэд энэ “хувиргалт” чухал биш олон жил ноёрхсон тогтолцоог өөрчлөх “хувьсгалын дайтай хувьсал” илүү том ач холбогдолтой билээ.