Боомт, нүүрснээс давсан хүлээлт үүсэж, гадаад факторууд Монголыг сонирхолтой тоглогч болгож байна
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалд догдлох шалтгаан байна-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар тус улсад айлчлал хийхээр мордлоо. Тэрбээр Монголын талыг нүүрсээ биржээр буюу хилийн үнээр зараад байгааг эсэргүүцэн буулт хийхийг хүлээж суугаа Баяннуурынхан, амны үнээр ашиг хийж амташсан хоёр талын “нүүрс тээврийнхэнд” баяртай мэдээ дуулгах болов уу? Аль эсвэл Хятадын талын хууль хяналтын байгууллагынхнаас “Нүүрсний хулгайчуудынхаа нэрсийг баримттай нь” бариад ирэх болов уу? Бүр эсвэл “Энэ оросууд чинь сайн ах дээрээ оч гээд байна, яах вэ? Та нар алтан хөрш юм бол одоо ах бол” гэх ам асуух уу гэхчлэн олон сонирхолтой асуулт төрж байна л даа. Гэвч эхлээд албан ёсны мэдээллээс эхэлье.
Манай Ерөнхий сайдын хувьд энэ удаагийн айлчлал нь бүрэн эрхийнхээ хугацаанд БНХАУ-ын хоёр Ерөнхий сайдтай уулзаж байгаа нь энэ бөгөөд харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны хувьд сонгогдсоноосоо хойш гадаадын орнуудын Засгийн газрын тэргүүн нарыг хүлээн авч буй анхны айлчлалуудын нэг юм. Тэгэхээр Ван И-гээс өөр “үнэр, амт” мэдрэгдэх учиртай.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотод болох Дэлхийн эдийн засгийн форумын 14 дэх удаагийн “Зуны Давос” чуулганд оролцох гэж буй талаар Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж, мөн тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 20-нд мэдэгдэхдээ “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн айлчлалыг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үзэж буй бөгөөд хоёр орны улс төрийн итгэлцлийг улам гүнзгийрүүлж, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж, хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад тус дөхөм болно гэж найдаж байна” гэсэн юм. Тэрбээр Зуны Давосын энэ удаагийн форум “Дэлхийн эдийн засгийг хөдөлгөгч хүч” уриан дор болж олон орны төр засгийн тэргүүн, үндэстэн дамнасан корпораци, иргэний нийгэм, олон улсын байгууллагын удирдагчид, судлаачдын төлөөлөл болох 1500 гаруй манлайлагч оролцон гэж зарласны дотор Монголын Ерөнхий сайдаас гадна Карибын тэнгисийн бүс нутгийн гол орнуудын нэг, Барбадосын Ерөнхий сайд Мотли, Шинэ Зеландын Ерөнхий сайд Хипкинс, Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Тхан нарыг онцлон дурдсан.
Энэ жилийн Зуны Давосыг олон улсад танигдсан есөн удирдагч хамтран даргалах бөгөөд үүнд Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала, “Стандарт банк” группийн ерөнхийлөгч Нонкулулеко Нямбези, “Евразиан Ресурс” группийн гүйцэтгэх захирал Бенедикт Соботка нар багтжээ. Мөн форумыг нутагтаа зохион байгуулагч БНХАУ-ын талаас лити батерейны үйлдвэрлэгч “Contemporary Amperex Technology” Co.Ltd (CATL)-ын гүйцэтгэх захирал Робин Зень, Хятадын төрийн өмчийн сүлжээ корпорацын дарга Шин Баоан нар даргалахаар сонгогдсон байна. Хятад улс нэгэнт Францтай хамтран атомын цахилгаан станц байгуулах нь тодорхой болж, Монгол Улс тэрхүү хоёр их гүрний хамтарсан цөмийн эрчим хүчний төслийн түүхий эдийг нийлүүлэгч гол улсаар тодорч байгаагаас Хятадын Монголд хандах хандлага илүү найрсаг байх нь гэсэн ойрын өдрүүдийн төлөв байдалд үндэслэсэн таамаглалыг ажиглагчид дэвшүүлж байна.
Одоо хэдүүлээ нүүрсээ ярьцгаая. Гол асуудал боомтын сэргэлт, төмөр замын сэргэлтийн тухай яригдаж таарна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь 2022 оны хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд “Бээжин-2022” өвлийн олимпын үеэр өмнөд хөршид анх удаа айлчилсан. Энэ үеэр олон чухал асуудлыг шийдвэрлэсний дотор өнөөх Хятадын төрийн өмчит “Чайна Энержи”-ийн хүсээд байгаа нүүрсийг өгөх, өгөхдөө далд уурхайгаа бариулаад авах хэлэлцээ багтсан байдаг. Тухайлбал, 2022 оны 2 дугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газартай Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг харилцан тохиролцсоноор 16 жил гацсан төмөр замын холболтын асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдсэн юм. Мөн 2022 оны 8 дугаар сарын 8-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хилийн төмөр замын техникийн нөхцлийг тохиролцох санамж бичигт гарын үсэг зурсан. 2022 оны 9 дүгээр сарын 9-нд мөн 16 жилийн турш гацсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр зам бүрэн ашиглалтад орсон. 2023 оны 6 дугаар сарын 14-нд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын төслийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн гэхчлэн өмнөх айлчлалын үр дүн үргэлжилсээр өнөөдрийн айлчлалтай золгож байна.
Өнөөдрийн байдлаар Монголын нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн баяжмалын экспортын 55 хувийг нэвтрүүлдэг Гашуунсухайт боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой төмөр замаар холбох хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай шийдвэрлэх шаардлага тулгараад байна. Гол хүлээлт буюу Ханги-Мандал хилийн боомтыг төмөр замаар холбохын тулд Хятадын Засгийн газартай хэлэлцэж тохирох нь экспортыг нэмэгдүүлэх шийдэл бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын “Оргил” нь болж догдлол, хүлээлт үүсгээд байна.
Одоогоос 9 жилийн өмнө буюу 2014 оны 8 дугаар сарын 21-нд байгуулсан Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд “Талууд 1955 оны “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”, 2004 оны “Монгол, Хятадын хил, хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийг аль болох эрт шинэчлэн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулна. Талууд хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх арга хэмжээ авна. Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг олон улсын чанартай болгох, Баянхошуу-Өвдөг, Бургастай-Лаоемяо, Ханги-Мандал, Хавирга-Архашаат боомтуудыг байнгын ажиллагаатай болгох ажлыг идэвхжүүлнэ” хэмээн гэж тодорхой заасан байдаг.
Энэхүү зорилтыг идэвхтэй хэрэгжүүлэхийн тулд Монголын тал “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 25-нд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр замыг бүрэн ашиглалтад оруулаад байна. Энэхүү төмөр замыг БНХАУ-ын Мандал боомттой төмөр замаар холбосноор экспортын хэмжээ 20 сая тонноор нэмэгдэж, олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх Оюутолгойн Гүний уурхайн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжих нүүрс болон уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой болно.
Монголын тал 2023 оны 5 дугаар сарын 27-нд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн тунхаглалд тусгасан Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн БНХАУ-аас Монгол Улсад үзүүлсэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн Зээлийн тусгайлсан хэлэлцээрийг байгуулах нь манай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах улмаар улсын хэмжээнд эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах байгальд ээлтэй, шинэ эрчим хүчний технологийн төсөл гэдгээрээ чухал ач холбогдолтой. Хятадын эдийн засгийн экспорт, импортоо солонгоруулах бодлогын хүрээнд манайхаас худалдан авах уул уурхайн бүтээгдэхүүний импорт ирэх жилүүдэд бид хүссэн ч, эс хүссэн ч өснө. Хэрвээ манай Засгийн газар Хятадын талтай харилцан ойлголцож чадвал зөвхөн нүүрсний экспортоо л гэхэд 3 дахин өсгөх боломж бодитоор бий.
Хэтрүүлэггүйгээр, бодитойгоор үнэлж хэлэхэд Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаад өмнөх айлчлалаас хойш хийсэн ажилтай, урагшилсан ахицтайгаар, цаашдын хамтын ажиллагаагаа ярилцахаар очиж байгаагаараа нэр хүндтэй зочилж яваа юм. Нөгөөтэйгүүр, маргах аргагүй Монголын давуу тал гэвэл үнэхээр Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, геополитикийн чухал тоглогч болоод байгааг дэлхий дахинд ойрын үед өрнөөд байгаа үйл явдлуудаас анзаарахгүй байхын аргагүй. Энэ бол чамлах ёсгүй, бодитой үр дүн, үйл явц юм.
Монголд айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, удахгүй болох Олон улсын эмэгтэй сайд нарын чуулга уулзалт, ирэх намар айлчлах Ромын Папын айлчлал зэрэг нь Монголын бүс нутгийн нэр нөлөөг улам нэмэгдүүлж байна.